Ерөнхийлөгчийг “буудуулсанд” хэн буруутай вэ?
-Бүх ард түмнээсээ сонгогдсон, бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд МАХН-аас нэр дэвшигчийг эвгүй ярианд орооцолдуулсан
Олон нийт багагүй хугацаанд нүд, чих тавьж, таамаг уралдуулан хүлээсэн асуудал өнгөрсөн баасан гаригт шийдэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөх эрхмүүд тодорсон. Энэ үйл явдал нэр дэвшигчдийг олны анхаарлын төвд аваачаад байтал Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд МАХН-аас нэр дэвшигч маргааш нь гэнэтхэн өмнөд хөршийг зорьсон нь ил болов. Асуултын тэмдгийн араас дахиад асуултын тэмдэг тавьсан энэ үйл явдал олны анхааралд хүч нэмсэн нь ойлгомжтой. Мэдээллийн технологи эрчимтэй хөгжсөн, хэвлэл мэдээллийн салбарт үүнийг дагасан хурд буй болсон цаг үе тул Ерөнхийлөгч онгоцонд суугаад нисэхийг нүдээр харсан хүмүүсийн мэдээлэл дорхноо тарсан хэрэг. Хэвлэл мэдээллийнхэн энэхүү мэдээллийн мөрөөр ажилласны нэг нь “Ардын эрх” сонин, “News.mn” мэдээллийн цахим сайт, бид.
Бид болоогүй зүйлийг болсон гэж мэдээлээгүй, яагаад гэвэл Ерөнхийлөгч Бээжин явсан нь үнэн. Бас түүнийг ийн гадагш явсан нь буруу гэж огт дүгнээгүй, гүтгээгүй. Итгэхгүй бол мэдээллийг дахин уншиж болно. Манай сайтад ороод Улстөр гэдэг цэсийг дар. Тэнд тэр мэдээ оруулсан цаг минуттайгаа, уншсан хүний тоотойгоо байж байгаа. Мэдээж Ерөнхийлөгч ийм үед гэнэт явсан нь ямар учиртай юм бол гээд иргэд, олон нийт янз бүрийн таамаг дэвшүүлсэн. Тэд ингэх ч эрхтэй. Хажуугаар нь бас бидний монголчуудын ихэнхэд байдаг элдэв хов яриа, санаанд багтамгүй хэрэг явдалд дурлах төрөлхийн оёг сэдэрч, "бие нь муудсан, буудуулсан" гэх зэрэг цуурхал тархсан. NEWS.MN энэ бүхнийг мэдээндээ зөвхөн иш татсан. Өөрөөр хэлбэл, ийм хэл яриа гарчээ гэж л бичсэн. Бид Ерөнхийлөгчийн бие муудсан, буудуулсан гэж мэдээлээгүй. /Мэдээг уншихыг дахин санал болгож байна/ Үүгээр ч зогсохгүй “Ерөнхийлөгчийн шадар туслах, холбогдох албаны хүмүүс тэдгээр таамаглалыг үгүйсгэж байна, ар гэрийн гачигдлаар гадагш явсан гэж хэллээ” хэмээн цагаан дээр хараар бичсэн. Сэтгүүл зүйн “бүтээл” бий болдог технолог, зарчмийг бид тухайн мэдээллийг тодруулан бичих явцдаа мөрдлөг болгосон.
Энэ бүхнийг өгүүлэхийн учир бол МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуулийн менежер, хэвлэлийн төлөөлөгч нар даваа гаригт гэнэтхэн гарч ирээд “сөрөг хүчнүүд хар PR-иа хийж эхэллээ” гэсэн мэдэгдэл хийхдээ “Ардын эрх” сонин, “News.mn” сайтыг иш татаж, улс төрийн өрсөлдөөний соёл, ёс зүй зэрэг зүйлийг биднээс нэхэж, шаардсанд байгаа юм.
Тэд өөрсдөө биднээс шаардаад байгаа улс төрийн өрсөлдөөний соёл, ёс зүйтэй бол тэдгээр мэдээллийг цаг зав гаргаж дахин уншихыг зөвлөж байна.Эцсийн дүнд бүх ард түмнээсээ сонгогдсон, бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд МАХН-аас нэр дэвшигчийг "бие нь муудсан, буудуулсан” гэх зэрэг эвгүй ярианд орооцолдуулсан гол буруутан нь үнэндээ мэдэгдэл хийгээд байгаа менежер, хэвлэлийн төлөөлөгч нь юм гээд шууд хэлчихье. Төрийн тэргүүний гадаадад хийх айлчлал, ажлын томилолт урьдаас төлөвлөгдөж, түүний хөтөлбөр, бүрэлдэхүүн, зорилго сэлт нь нийтэд мэдээлэгдэж заншсан тул загвараас арай өөр энэ удаагийн алхам үнэхээр л ямар учиртай юм бол гэх асуулт дагуулсан. Тэр хүн бол жирийн иргэн биш Монгол Улсын Ерөнхийлөгч учир дээрх асуултууд гарсан хэрэг. Харин үүнд тайлбар өгөх үүрэг хэнийх вэ? Биднийг хариулт хайж байхад хэвлэлийн төлөөлөгч Төмөрбаатар та хаана байсан бэ? Бямба гаригт эрхэм хэвлэлийн төлөөлөгчтэй энэ асуудлаар холбоо барьж тодруулахаар түүний 9191 74.. дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Дараагийн арга хэмжээ болгож МАХН-ын хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдсонд Ерөнхийлөгч гадагш явсан гэдэг мэдээлэл бодитойг хэлээд “яагаад явсан, хэзээ ирэх, олны яриад байгаа шиг бие нь муудсан” эсэхэд хариулт өгөх албаны эх сурвалж биш гэдгээ учирласан. Харин бид ням гаригт маш олон дамжлага даван байж түүний туслахтай холбогдсоноор Ерөнхийлөгчийн бие, эрүүл мэндэд ямар ч асуудал үүсээгүй болохыг, ээжийгээ эргэхээр явсныг, улмаар ням гаригийн орой Улаанбаатарт ирэхийг нь мэдсэн. Үүнийгээ мэдээлсэн.
Ерөнхийлөгчид юу тохиолдсоныг мэдээгүй олон нийт “яагаад” гэсэн асуултад хариу хайж байсан учраас бид холбогдох эх сурвалжтай холбогдож, хэлсэн тайлбарыг нь дамжуулсан. Үүргээ гүйцэтгэсэн.
Харин эрхэм төлөөлөгч, менежер нар байх ёстой газраа, байх ёстой цагтаа байгаагүй байж, үйл явдал нэгэнт өнгөрсөн хойно хэвлэлийн бага хурал хийлгэж, “Ерөнхийлөгч ч бас хүн шүү дээ...” гэж хоолой зангируулах нь чадваргүй ажилтны дүр төрх бус уу. Хэвлэлийн төлөөлөгч томилохдоо иймэрхүү нөхцөл байдал үүсэхэд албаны, эндүү ташаагүй мэдээллийг, хамгийн гол нь шуурхай, цаг тухайд нь өг гэж үүрэг өгөөгүй гэж үү. Хэвлэлүүд Ерөнхийлөгчийг хүн бус гэж бичээгүй бас гадаадад явсан нь буруу ч гэж дүгнээгүй. Тэд сэдвээсээ “жаахан” гажсан хэвлэлийн хурал хийлгэж, өрсөлдөгчдөө буруутгах шалтаг болгожээ. Ийм байдлаараа эрхэм менежерүүд нэр дэвшигчээ эвгүй байдалд л оруулахаас эсрэг талынхандаа хасах оноо өгнө гэж найдвал худлаа байх.
МАХН нэр дэвшигчдээ штаб байгуулж өгөөд, менежерийг нь томилохдоо үүсч болох бүхий л нөхцөл байдалд хамт байж, сонгуулийг нь зохион байгуул гэснээс “өнгөрсөн борооны хойноос цув нөмөр” гээгүй биз. Менежерийн “Ээжийгээ өвдөхөд хүү нь яагаад эргэж очиж болохгүй гэж” гэдэг бичил ярилцлага нь түүний улс төрийн амьдралыг мэддэг хүрээнийхний дунд хөөрхөн "шог гараа" болж байгааг бас дуулгая. Өөрсдийн гаргасан алдааг хүнд “наах” гэж оролдох нь наанадаж соёлгүй, цаашилбал увайгүй хэрэг.
Бид сүүлийн үед Монголын нийгэм, төр засгийн байгууллагууд ташраараа “өвчлөөд” байгаа мэдэгдэл, эсэргүүцэл үйлдвэрлэх донд хүлээцтэй ханддаг боловч эрхэм менежер, төлөөлөгч нарын сүржигнэл хэрээс хэтэрч, өдөр тутмын хэвлэл, телевиз болгоны гол мэдээ болсонд хариу өгөх нь зүйтэй гэж үзлээ.