Дөнгөж 1991 онд Монгол улс Төв банк гээч юмтай болж банкны тогтолцоог хоёр шаттай болгосон билээ. Үүнээс өмнө төгрөгийг зохицуулах, арилжаа хийх банкууд холилдчихсон байсан юм. Тэгээд ч социализм нь зах зээлээс гадуур байдаг болохоор ханш, инфляци, арбитражийн гүйлгээ, хувьцаа, бирж, маркэтинг, реклам, диллэр, брокэр, тэрбайтугай зээл, зээлийн хүү гэсэн энгийн харилцаа үгүй байсан болохоор энэ талаар хэн ч мэддэггүй шахам байв. Перестройкийн хүчээр анхны ухагдахуун орж ирсэн учир Монголын банкинд буй бага зэргийн волютийн нөөцийг хөдөлгөж байх хэрэгтэй юм гэж ойлгожээ. Ингээд 1988 онд Улс төрийн товчооны шийдвэрээр Монголын банкийг арбитражийн гүйлгээ хийж байхыг тушаасан байна.

Энэ хорвоод мөнх ханштай юм гэж үгүй. Банкууд нөөцөө аль нэг хатуу валют, эрдэнэс, алт, урлагийн бүтээл маягаар хадгалах ба ханшны хөдөлгөөнөөс болж үүнийхээ хэлбэр дүрсийг байнга өөрчилж байдаг. Үүнийг биржээр дамжуулж хийнэ, тухайн валютийн бусад валют болон алт зэрэгтэй харьцах ханшийг бирж тогтоодог. Ханш харгалзан нөөцөө хувиргах үйлдлийг арбитражийн гүйлгээ, товчоор дилерийн наймаа гэх ба гүйцэтгэгч хүн болон инстүүцийг дилер гэж нэрлэдэг. Дилер гэж наймаалцагч гэсэн англи үг, казинод хөзэр хуваарилагчийг ч бас тэгэж нэрлэнэ.

Ингээд монголчууд анх удаа дилер “тоглолоо”. Тухайн үедээ телетайп хэмээх хоцрогдсон техникээр биржтэй холбогдоно. Ханш бараг секунд тутам өөрчлөгддөг атал телетайпаар хэдэн арван мянган км-ын холоос дилердэнэ гэдэг аз туршсан хэрэг. Байгаа төвшин л тэр. Эхэндээ ашиг олов. Дилерүүд ч зуу зуун доллароор шагнуулав. Улс төрийн товчоо ч ихэд магтлаа. Монгол улс гадаад валютийн бүх харилцаагаа Зөвлөлтийн гадаад банк болох “Москва народный банк” гэдгээр дамжуулж гүйцэтгэдэг байв. 1990 он гэхэд ЗХУ дампуурч нөөцөд байсан хоёр мянган тонн алт нь газрын гаваар орсон гэдэг. Монголын өчүүхэн нөөц ч Москва народныйгаар ороод алга болжээ. Монголын банкинд байсан 4 тонн орчим бохир алтыг Лондонд цэвэршүүлэх үйлдэл энэ үетэй давхцсан байна. Мэдээж дөрвөн естэй болгож цэвэршүүлээд нэр хүндтэй банкны баталгаа авахгүй бол алтыг цэвэр, сааз, маниат, шижир гэсэн монгол хэмжүүрээр хэн ч авахгүй.

Алт цэвэршүүлсэн, банк арбитражийн гүйлгээ хийж алдсан хоёрыг нийлүүлж байгаад “алт диллерийн хэрэг” гээч юмыг буй болголоо. Мэдээж буруутныг хайж таарна. Улс даяар бужигнасан даа. Үүнд хошуу нэмээгүй хүн гэвэл хэлд ороогүй нялхас л байсан байх. Үнэндээ энэ нь туршлагагүй байдал, техникийн хоцрогдол, ардчилалын өмнөх социалист төрийн шийдвэр зэрэг байсан боловч дөнгөж шинээр гарч ирсэн ардчилсан хүчинд бүх бурууг тохох хөдөлгөөн өрнөлөө. Тэр дундаа шадар сайд Да.Ганболдод бүгдийг нь үүрүүлэв. Тухайн үеийн Сангийн сайд ховч хүүхэд шиг нэмж хачирлаж байгаад Ардын их хурлын индэр дээрээс баахан гүтгэлэг матаас хэлж байсныг санаж байна.

Алт дилерийн хэрэг бүх ард түмний шүүмжлэлийн бай боллоо. Шилжилтийн хурц хүнд үе эхэлж дэлгүүрт давснаас өөр юмгүй болсон бодит шалтгааныг тэр чигээр нь банкны дилерийн гүйлгээ рүү чихэв. Ард түмэнд арбитражийн гүйлгээг мөрийтэй тоглоом, хөзрийн муушиг маягаар ойлгуулж, шинэ ардчилагчид ширээ тойрч суугаад улсын мөнгөөр мөрийтэй тоглосон дүр төрх буй болголоо. “Чингис хаанаас хойч үедээ үлдээсэн 4 тонн алтыг ардчиллын бацаанууд мөрийтэй муушиг тоглоод алдчихлаа” гэж заралсан хүн УИХ-ын гишүүнээр үг дуугүй сонгогдов. Ер нь үүгээр далимдуулж дэвшиж дээдлэн эрх мэдэл нэр төр горилогчид гудамжинд ч багтах зайгүй болж байлаа. “Дилер их тоглож, дойлуур их хожив уу” гэсэн хэлц тэр үед цагаан сарын золголтын мэндчилгээ болж байв.

Хийрхэл ашгаа өгч МАХН 70 суудал авч төрийн эрхийг дагнав. Сонгогчдын ойлголтонд тохируулж хийрхсэн хэрэг. Хор холбогдол гэвэл Монголын арилжааны банкууд байтугай Төв банк 2000 он хүртэл айгаад арбитражийн гүйлгээ хийгээгүй юм. Харин 1995 онд гипер инфляци 360 хувь хүрэхэд хүмүүс гар дахь мөнгөө арилжин төгрөгөөс зайлсхийж доллар, юань болгож байснаар иргэд дилерчид болсон. Өдгөө банк байтугай хувь хүмүүс дилер хийхгүй бол доллартай харьцуулахад өдөрт 100 төгрөгөөр унаж байгаа төгрөгийг яалтай ч билээ.

1997 он хүртэл арван хэдэн төрийн банк байгуулагдсаны ганц нэг нь л хувийнх байлаа. Тэр үед нийлбэрээрээ 100 орчим сая доллар найдваргүй тооцогдож банкууд онхолдож байсан боловч нэгийг нь ч дампууруулалгүй нөгөөд нь ачиж бөөгнүүлэх арга хэмжээ авч байв. Төрийн банкуудын удирдлага олгож буй зээлийнхээ 10 хувийг өөртөө шагнал болгон авилгадах нь норм хэмжээ болсон байв. Ил тодоор шүү дээ. Төрийнх, өөрөөр хэлбэл эзэнгүй болохоор аргагүй. Өдгөө хувийн банкинд очоод “Надад зээл олгооч, 10 хувиар нь чамайг шагнана шүү” гээд хэлээд үз дээ! Үүнийг зогсоож банкуудыг албадан дампууруулах арга хэмжээг Азийн хөгжлийн банктай хамтарч хийсэн. Заримыг нь хувийн банкинд нийлүүлж хариуцлагыг нь үүрүүлэх арга хэмжээ автал үүнийг улс төрийн томоохон тоглолт болгон хийрхүүллээ. Арваад тэрбум төгрөгийг нь удирдлагууд нь идээд хоосруулчихсан банкыг хувийн банкинд нийлүүлж хариуцлагыг нь үүрүүлэх гэтэл энэ нь сонгуулийн өмнөх тоглолт болж хувирав. Асар их мөнгийг хуйгаар нь дээрэмчдэд бэлэглэх гэж оролдсон болж таарав. Улмаар санхүүгийн реформ гардаж хийсэн хүмүүс өөрснөө шөнөөр мөнгийг бэлнээр нь ачааны машинд ачин гэр рүүгээ зөөсөн гэдгийг УИХ-ын ёс зүйн хороо батлав. Тэр үед улсын нийт нөөц ердөө 50 сая доллар байсны тэн хагасыг нь машинаар ачин алга болгосон болж таарлаа. Суртал нэвтрүүлэг амжилттай болж дараагийн сонгуульд МАХН УИХ-ын бараг бүх суудлыг авлаа. Үүнд мөн Зориг гишүүний амь насанд халдсан асуудал хавсарсан ба “эд өөрснөө алсан, эдний гараас төрийн эрхийг салгахаас нааш эзэн нь олдохгүй” хэмээн суртчилж байсан эрхэмүүд өнөө ч төрийн том алба хашсаар яваа. Харин сонгууль өнгөрөөд банк дампууруулсан, өөрснөө хулгай хийсэн, хувийнханд тараасан зэрэг зайлшгүй эрүүгийн томоохон гэмт хэрэгт орох ёстой асуудлаар эрх баригчид цаашид ганц ч үг унагасангүй. Олон машин бэлэн төгрөг хулгай хийхийг нүдээр харсан Шаравдорж гишүүнээс энэ тухай сурвалжлагч асуухад “Энэ бол ёс зүйн асуудал юм. Би шинэ их хуралд ёс зүй хариуцахаа больсон” гэж тайлбарлаж билээ.     

Офшор гэдэг нь гадаадын компани болон хүмүүст бизнесийн тусгай хөнгөлөлт үзүүлдэг бүс нутаг. Европын олон жижиг, дунд улс болоод Кариб орчмын олон арал өөрийгөө офшор бүс болгон заралсан. Эд өөртөө хөрөнгө татахын тулд хоорондоо ширүүн өрсөлддөгөөс Кайманы арал их алдартай. Британид хамаардаг энэ арал ердөө 50 мянган хүн амтай, харин ДНБ нэг хүнд 50 мянган доллар ноогддогоороо дэлхийн хамгийн баян газар аж. Тэнд 100 мянган компани бүртгэлтэйн 500 том банк, 800 даатгалын компани багтана. Арлын нийт орлогын 75 хувийг валютийн урсгал хангана. Энэ аралд нар, далайгаас өөр юм байхгүй учир бүх юмаа 100 хувь гаднаас импортлоно. Бараг ганц экспорт нь аварга загас гэнэ.

Лихтенштайн, Сингапур, Панам, Монако, Мальт, Кипр зэрэг улсаа офшор болгон заралсан орон нэлээд. Эдгээр офшор бүст бүртгэлтэй аж ахуйн нэгжийг офшор компани гэдэг. Монголд хөрөнгө оруулж буй болон оруулах гэж байсан өрнийн компаниуд бүгд офшор. Учир нь тэд Монголд татвараа бүрэн төлнө, харин бүртгүүлсэн офшор бүс нь татваргүй, эсвэл хөнгөлттэй учир давхар татвараас зайлсхийнэ. Энэ бизнес эртнээс буй болсон, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны үйлдэл. Хувь хүмүүс ч офшор банк болон даатгалд мөнгөө хадгалуулдагийг хэн ч гэмт хэрэг гэж үздэггүй, дэлхий даяар тогтсон ердийн харилцаа.

Офшор бүст хөрөнгө бүртгүүлсэн, офшор банкинд мөнгө хадгалуулсан нь бөөн шуугиан дэгдээдэг явдал ховор бус. Учир нь зарим офшор бүст хөрөнгөө нуусан эрүүгийн болон улс төрийн хэрэг гардаг. Гэхдээ ийм үйлдэл аль ч банкинд тохиолддог боловч офшорыг илүү товойлгодог. Хөрөнгө нуусан, мөнгө угаасан хэрэг жишээ нь Швейцарийн банкуудад нэг бус удаа гарч илэрч байлаа. Дэлхийд терроризм газар авснаас хойш офшор банкуудыг шалгах нь их болсон. Өдгөө 100 сая доллароос дээш гүйлгээг НҮБ хүртэл бүртгэдэг, үгүйдээ л бүртгэх гэж чармайдаг болсон. Энэ хяналтаас болоод офшор дансанд буй хөрөнгөө бүртгүүлээгүй нуун дарагдуулсан улс төрчид илрэх нь их болжээ. Офшор дансанд мөнгөтэйдээ бус, тэнд буйгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй учраас л Исландын Ерөнхий сайд бөөн шуугианд өртөн огцорсон билээ.

Офшорын гэмт хэрэг гээч юм сая сонгуулийн өмнө Монголд дэгдлээ. Үүнийг хөрөнгө мөнгө хулгай хийгээд аваачаад нуучихдаг авдар савны маягаар ойлгуулав. Худал үнэн нь мэдэгдэхгүй офшорчдын жагсаалт гарган шоронд хийхийг шаардах уралдаан улс даяар өрнөв. Зарим нь тэднийг цаазаар авахыг шаардаж сонгуулийн сунгаанд манлайлж байлаа. Нэгэнт офшор бол гэмт хэрэг болох нь батлагдсан тул тийш нь зохиомол нэр оруулж гүтгэх явдал жинхэнэ моод болов. Хамаатан садан, найз, нутаг нэгтэн, танил гээд аль нэг нэр дэвшигчтэй холбон гутаах шалтаг маш олон. Интернэтээс Эрдэнийн Бат-Үүлтэй холбоотой 29 нэрс олсноос 7-ыг нь шигшин улс даяар зарлаж ард түмний шившиг болгов. Хэргийн мөрөөр хөөвөл түрэг хүмүүсийн дунд Орхон, Онон, Эрдэнэ, Туул, Уул гэсэн түрэг-монгол нэрс тун элбэг байдаг учир эднийг эвлүүлж Эрдэнийн Бат Үүл болгох нь тун хялбар аж. Офшор данстай байхыг хориглох хууль санаачлана, тийм хүмүүсийг шүүхээр оруулалгүй шууд буудна хэмээн нэр дэвшигчид амлах нь сонгуулийн барианд сайн орох нэг том үндэс гэж ойлгожээ. Ингээд тэртээх алт дилерийн хэргийн шуугиан шиг сайхан үр дүн гарлаа. Мэдээж мөнөөх л алт дилерийн хэрэг шиг, мөнөөх л банкны реформ шиг сонгуулийн дараа энэ асуудал нам чимээгүй болов. Үнэхээр л эдгээр нь цаазын ял сонсохуйц хүнд гэмт хэрэг байсан юм бол, үүнээс болоод улс орон модоо барьсан юм бол яагаад хэнийг ч шоронд хатааж шонд дүүжилдэггүй юм бол?

Одоо улс орныг сүүлийн дөрвөн жилийн дотор сүйрүүлсэн бүлэг этгээдийн тухай шуугиад эхэллээ. Хасах нөөцтэй гэнэ, өр нь улсын төсвийн 10 жилийнхээс давсан гэнэ, улсын төсөв 75 хувийн алдагдалтай гэнэ. Аль ч улс орон, компани тэрбайтугай айл, хувь хүн зээл авч бизнес хийдэг. Дэлхийд хамгийн өндөр зээлийн өртэй нь баян АНУ. Ингэж мөнгө эргэлддэг. Монгол улсын Засгийн газар арай тав хүрэхгүй тэрбум долларын өртэй. Цаашид ч гадна дотноос зээл авч байх болно. Одоо ингээд дэлхий даяар “модоо барьсан, хэзээ ч өрөө төлж чадахаасаа өнгөрсөн” гэж албан ёсоор заралчихаад “зээл өгөөч” гээд гүйвэл юм олдох уу?

Монгол банкны Ерөнхийлөгчийн “ил гаргаж” тавиад уйлагнасан тоо нь миний сүүлийн хэдэн жил хэлж бичиж анхааруулж байсан тоотой бүрэн мөргөж байна. Гэвч бивээр хөндлөнгийн шинжээч учир нийгэмд цочрол үзүүлж чадаагүй. Харин хариуцагч нь албан ёсоор заралсны дараа төгрөгийн доллартой харьцах ханш өдөрт 100 төгрөгөөр унаж эхэллээ. 1929 оны их хямрал чухам ийм заралсан бодлогогүй алхамаас үүдэлтэй. Америкийн Холбооны банк хэд хэдэн банкийг дампуурсан болохыг заралсан. Гол шалтгаан нь Холбооны нөөцийн Ерөнхийлөгч Строн урд жил нь нас барсан тул онгорхой суудал руу нь тэмүүлэгчид хоорондоо өрсөлдөн нийгмийн өмнө шудрагаа гайхуулалцжээ. Кино театрт гал гарвал шууд чангаар орилон зарлаж болдоггүй, тэгвэл хаалган дээр бүгд шахцалдан цөмөөрөө угаартаж үхдэг. Мөнгөний бодлого яг үүнтэй адил учир хариуцсан хүн албан ёсоор цуурч болохгүй. 1929 оны АНУ-ын хямрал гадагш тэлэн дэлхийг хамарч улмаар дэлхийн дайнд түлхснийг бодвол Монгол банкны уйлагнаан арай ч нарны аймгийг хямраахгүй биз, гэхдээ Монголыг гуйвуулах чадалтай.

Монголын зах зээлд цочрол үүсгэсэн саяын чарлааны цаад шалтгаан нь хямралын буруутныг хайж илрүүлэн өөрсдөөсөө зайлуулах зорилготой байснаараа дээр өгүүлсэн алт дилерээс офшор хүртлэх шуугиантай төстэй юм. Уул уурхайн гэнэтийн дэлбэрэлтээс Монгол улс асар их мөнгө олж гэнэт баяжсан нь үнэн. Олсон болгоноо хайр найргүй тараан жорлон усалсан нь үнэн. Ингээд ДНБ-ий өсөлт 17 хувь хүрч дэлхийд тэргүүлсэн нь үнэн. Ингэснээ тэр дороо ядууран “хасах нөөцтэй” болж ДНБ-ий өсөлт бараг нойл болсон нь үнэн. Одоо хямарчихаад байгаа нь үнэн.

Харин буруутныг хайвал төрийн эрх мэдлийг атгаж шийдвэр гаргаж байсан голлох хоёр нам юм. Хэн нь хэнийгээ ч хэлэх эрхгүй. Хамтарч хийсэн нүглээсээ хамтарч гарахыг бодно уу гэхээс биенээ буруутгаад хаачих ч билээ. АН-ын удирдлагуудын хийсэн алдаа завхрал, тэр байтугай хулгай авилга, шамшигдуулал хэдэн шуудай болно, энэ тухай би бишгүйдээ л нэг бичиж анхааруулсан. Тэгэхээр МАН гэж нэг ариухан ухаалаг эх оронч тодроно гэж үү? Энэ хоёр намын удирдлага, голлон шийдвэр гаргагсад нэг үед төрж, нэг орчинд хүмүүжиж өссөн нэг тогооны бүтээгдэхүүнүүд шүү дээ. Нэгэнд нь муучууд, нөгөөд нь шилдэгүүд цугларсан гэх нотолгоо олдох уу?

Сая Канадад Дэлхийн нийгмийн их хурал болж Монголыг муугийн жишээ болгон онцоллоо. Нийгмийн халамжид дэлхийн улс орнууд ДНБ-ийхээ 1,4 хувиа зарцуулдаг атал Монгол сүүлийн хэдэн жил хоёр дахин ихийг тараажээ. Гэнэт олдсон мөнгөөрөө туйлж өгсөн тэргүүний орон бол Монгол. Гэнэт Кувейт шиг баяжсанаа тэр дороо Бангла Дэш шиг ядуурсан хачин орон бол Монгол. Баяжаад эхлэнгүүтээ хөөрөлд автан мөнгө өгдөг гадаадын хөрөнгө оруулагчдаа хуйгаар нь хөөж гаргаад “хасах нөөцтэй” болсон орон гэвэл Монгол. Одоо эдэнд итгэж хөрөнгө оруулах газар олдохоо больсон. Цаана чинь Канадад болж буй хуралд Монгол хэмээх сонирхолтой гажиг орны тухай ингэж ярьж илтгэж хачирхацгааж байна.

Үүнд АН буруутай, буруутай. Би л лав дөрвөн жил энэ тухай ярьж “АН-ын эсрэг тууштай тэмцсэн” хэрэгт орчихоод байна. Гэвч “хүүхэд төрүүлсний, хурим хийсний” шагнал мөнгийг хэн санаачиллаа? Алтны 68 хувийн татварыг хэн санаачлан хэрэгжүүллээ (Хэдийгээр олон нүгэлтэй ч хөөрхий муу нэрт Портуун биш шүү)? 2012 оны сонгуулийн өмнө Чалкогоос 300 сая доллар, Эрдэнэтээс 75 сая доллар зээлж аваад хавтгайд нь тараасан эзэн хэн бэ? Банк, уул уурхай, холбоо, боловсролын салбар дахь Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлан хориглох 2012 оны хаврын алдарт хуулийг санаачлан зүтгүүлж батлуулсан нэр бүхий гурван этгээд одоо ч УИХ-д сууж байгаа нь худлаа гэж үү? Одоогийн хямрал дөрвөн жилийн өмнө эхэлсэн юм биш, арван жил үргэлжлэн урхагшсан зүйл. Худлаа гэж үү?

2012.8.16