Гавьяат эдийн засагч, иргэн Б.Мэдрээтэй би өмнө нь нэг удаа хөлбөмбөгийн талаар ярилцаж байсан юм. Харин энэ удаа олны дунд удаан яригдаж, зарим хэсгийг маань түгшээж эхэлсэн нэгэн том сэдвээр хөөрөлдөхөөр урьсан юм. Яагаад иргэн Мэдрээг заавал сонгосон юм гэдэг бас шалтгаантай. Яг доорх сэдвээр залуугаас “Ард нэгтгэл”-ийн Ч.Ганхуяг ахмадаас Б.Мэдрээ хоёр л эрх чөлөөтэй ярьчих хоёр юм. Асуултаас бэргэдэг, хэл үгэнд орооцолдох, ямар нэг юмаа алдахаас айх зан тэдэнд байдаггүй. Ингээд Б.Мэдрээгийн сонирхолтой ярианд анхаарлаа хандуулна уу. 



-Юуны өмнө тантай ахин уулзаж байгаадаа таатай байна. Ноён Б.Мэдрээгээс ч  асуух зүйлс их байна даа. Гэвч өнөөдөр ганц л асуудлын талаар  ярилцъя.

-Тэгье. Гэхдээ тэр нь ямар сэдэв юм бол доо. Хоёрдугаарт би зүгээр л иргэн Б.Мэдрээгийн хувьд яримаар байна.

-Тэр бололгүй яахав. Тэгэхээр иргэн Б.Мэдрээ, өнөөдөр танаас би  Гадаадын банкны салбар (ГБС)– ыг Монголд оруулж ирэх эсэх тухай эдүгээ олон нийтийн төдийлөн сайн ойлголтгүй байгаа сэдвийн талаар ярилцах гэсэн юм. Ер нь та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Энэ асуудал бол маш чухал асуудал. Үүнийг нийтээрээ хэлэлцэж байж шийдэх зүйл яах аргагүй мөн. “Бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг шиг“ дотроо сайн хэлэлцэж тогтож, долоо хэмжиж нэг огтолж байж гаргах шийдвэр” гэж л би боддог.

Ганц юмнаас болж бүгдийг эрсдэлд орууламгүй, эрсдэлтэй зүйлээс зайлсхийх нь зүйтэй. Ер нь болгоомж бол аюулгүйн эхний алхам.

Мэргэдийн хэллэгээр бол “Болгоомж бол зөв шийдлийн ээж, болгоомжтой нэг нь ивээгдэнэ” гэж хэлсэн байдаг.

-Гадны банк орж ирэх нь үнэхээр тийм аюултай явдал уу?

-Гадны банкны салбар орж ирэх нь бидний Монголчуудын эдийн засаг, санхүү, үндэсний аюулгүй байдалд зайлшгүй ямар нэг нөлөө үзүүлэх болно. Тэр тусмаа хөрш улсын банкны салбар орж ирэх нь бодлогын чанартай, богино хугацаанд биш гэхэд урт хугацаанд бидэнд тийм таатай биш нөхцөл байдлыг бий болгох боломжтой зүйл гэдгийг эхлээд бид санаж явах нь зүйтэй.

Таагүй үр дагаврыг дурдаж, байнга санаж явах нь зүйтэй. Энэ нь нэгд,өнөөдөр үндэсний банкууд маань том хэмжээнд өрсөлдөх чадвартай биш байгаа. Хоёрт, хүчтэй, хөрөнгө мөнгө ихтэй гадаадын банкны салбар бодлогын шинж чанартай зээл олгодог болохоор “сорчлох ажиллагаа” шууд явагдана. Энэ нь манай улсын жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжинэ гэхээс илүүтэй тухайн улсын санхүүжилтээр босч үйл ажиллагаа явуулж байгаа том хэмжээтэй аж ахуйн нэгжүүд дээр төвлөрч дэмжихийг хэлнэ.

-Гуравдугаарт ?

-Гуравт уу, дотоодод ажилгүйдэл нэмэгдэх шалтгаан шууд нэгээр нэмэгдэнэ. Дөрөвт гэвэл, сая дурдсан бүх зүйлсийг эргэж засах боломжгүй, нэгэнт хожимдсон байх болно.

Манай улс гэлтгүй дэлхий даяар л эдийн засгийн хямралтай байна. Яг ийм үед уян хатан, илүү шинэлэг юм хийх гэж байна гээд хэт шийдэмгий, болчимгүй үйлдэл гаргахгүй, харин ч болгоомжтой, сэрэмжтэй байх ёстой шүү дээ.

-Тэгэхээр таны хэлж байгаагаар манай улс гадаадын банк оруулж ирэхэд бэлэн биш гэсэн үг үү?

-Тийм. Бэлэн биш байгаа. Яаж бэлэн байх юм. Юуны урьдаар Монгол Улс нь диверсификаци гэдэг дээ, олон тулгууртай, өнгө солонгорсон эдийн засгийн оновчтой суурь бүтцийг бий болгочихоод, тэгээд иймэрхүү эрсдэлтэй зүйлсийг авч үзэх нь зөв л дөө.

Уян хатан, олон талтай бодлого гэдэгт нь манай салбарт бол банк, санхүүгийн аюулгүй байдлыг баталгаажуулах бодьтой бодлого хэрэгжүүлэх асуудал шүү дээ.

Зөв зүйтэй бодлогыг боловсруулахын тулд эхлээд банкны салбарын хууль, эрх зүйн баримт бичиг  боловсруулж, батлах хүмүүс  мэргэжлийн байх хэрэгтэй. Миний харж байгаагаар банктай холбоотой хууль нь мэдлэггүй хүмүүсээр бэлтгэгдэж батлагдаж байгаа нь бидний хамгийн том асуудал юм уу даа. Мэдлэггүй, учир утгагүй бол тэгээд бүх юм аюултай.

Төв банкны үе үеийн чадваргүй мэргэжилтэн, түшмэд, захирлууд, Ерөнхийлөгчид нь, тухай тухайн үеийнхээ УИХ–ын холбогдох гишүүдтэй хамтарч  Монгол улсын банктай холбоотой хуулийг үнэхээр дутуу дулимаг хийж аргацаасаар ирсэн байдаг.

Тэгэхээр би хувьдаа нэн түрүүний гол асуудлаа олж харахгүй, эсвэл бодолцохгүй байна л гэж хэлнэ. Жишээ нь, олон тооны арилжааны банк буюу 14 –н банк нэг сектортижил бизнес хийж өрсөлдөж, аль алийгаа хоосруулж, хүчээ тарамдуулж байгааг бодлогоор зохицуулж, хориглох тал дээр манай Төр огт ач холбогдол өгдөггүй.

“Нэг хонинд долоон малчин” гэмээр юм л болж байгаа. Өнөөдрийн бидний банкны салбарын нүүр царай нь мэдлэггүй улстөрчид, бодлого тодорхойлогчид буюу удирдагчдын маань толины тусгал. Таны хөндсөн энэ Гадаадын банкны салбар гэдэг сэдвийг би  айхтар барьж авч, тодруулж яриад байгаагийн учир нь эхлээд бид гадны банкны Төлөөлөгчийн газрыг оруулах, салбарыг нь оруулж ирэх, эсвэл охин компанийн хэлбэрээр үйл ажиллагааг нь дотоодод эхлүүлэх гэдгийн ялгааг сайн ойлгож авах хэрэгтэй.

-Төлөөлөгчийн газрууд манайд мэр сэр үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ төлөөлөгчийн газар гэж яг юу юм гэдгийг та манай уншигчдад тайлбарлаад өгөхгүй юу?

-Төлөөлөгчийн газар нь толгой банкныхаа нэрийн өмнөөс арилжаа, зээлийн үйл ажиллагаа явуулахгүй, харин тодорхой судалгааны шинжтэй, тэгээд төв рүүгээ мэдээлэл илгээх үйл ажиллагаан дээр төвлөрдөг.

-Бараг л тагнуулын үйл ажиллагаа гэж харж ч болмоор юм байна.

-За, Ганаа минь тэгж ч айхтар мушгиад яахав. Гэхдээ л таны доторх хардлагыг би хүндэтгэж байна. (инээв)

-Та юунд шоолно вэ. Манайд элдэв нэртэй халхавч маягийн газрууд олон шүү дээ. За, одоо салбар банк гэдэг нь яг ямар эрх хэмжээтэй, ямар үйл ажиллагаа явуулдаг юм гэдгийг тайлбарлана уу. Хүн бүр банкны тухайд нарийн ойлголтгүй шүү дээ.

-Салбар банк гэдэг нь Монголд байрлаж байгаа ч шууд гадаад дахь толгой банкныхаа дүрмийн сан, санхүүгийн нөөцөөр өрсөлддөг баг бүрэлдэхүүн юм. Өөрөөр хэлбэл,манай улсын хууль тогтоомжийн дагуу бус өөрийн улсынхаа холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Шууд утгаараа бидэнд осолтой хэлбэр юм.

-Усыг маань ууна, харин ёсыг маань дагахгүй юм байна. 

-Яг.

-Түрүүн та охин компани хэлбэрээр ажиллаж болдог тухай цухас дурьдаад өнгөрсөн. Тэр хэлбэр нь ямархуу юм бол. Өнөөгийн олон нийт юм болгоныг эсэргүүцэж хуйлардаг нэг онцлогтой болчихоод байгаа шүү дээ. Тийм болохоор нэг бүрчлэн мэргэжлийн хүний амаар тайлбарлуулж авмаар байна шүү дээ.

-Нэгэнт энэ сэдвээр ярья гэсэн болохоор тань би бараг лекц маягийн юм уншаад уналаа шүү. Таны зөв. Ширхэг ширхэгээр нь шүүж үзэх ёстой. Гадаадын банкны охин компани хэлбэрээр орж ирэх гэдэг нь дүрмийн сангаа толгой банкнаасаа тусгаарлаж, манай орны хууль эрх зүйн орчинд өрсөлддөг, бүртгэгдсэн орныхоо хууль тогтоомжоор бүрэн зохицуулагддаг хэлбэр юм.  Тэгэхээр бидэнд аль нь эрсдэл багатай вэ гэдэг асуултын хариу эхний байдлаар тодорхой хариулагдаж байгаа байх. Манайд гадны банкнаас охин компани аргаар байгуулагдсан 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай банкууд гэвэл “Чингис хаан”, “Кредит” зэрэг банкууд юм. Ингэж охин компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулахад ч төрийн өмчлөлтэй банк уу, хувийн өмчлөлтэй банк уу, бүр цаашлаад хөрш улсынх байх уу, гуравдагч улсынх байх уугээд олон зүйлсийг хоршуулж бодолцох ёстой. Зэс, нүүрс, цайр, төмөр, гутал, хувцас, талх тариа, хүнсний ногоо гээд өөр аж ахуй, үйлдвэрийн хөрөнгө оруулагчид тэр зүйлээ хийхээс биш бусад салбарын хувийн хэвшлийн ажилд оролцох, нөлөөлөх боломжгүй. Зүгээр татвараа төлөөд л чөлөөт зах зээл юу шаардана түүний горимоор явдаг.

Харин банк бол зах зээл дээр үйл ажиллагаа явуулж, оролцож байгаа ямар л салбар байна, тэдгээрт мөнгөний эх үүсвэр, зээл, худалдааны санхүүжилт гээд олон зүйлс дээр дэмжих үү, үгүй юу, хэр өрсөлдөхүйц байх вэ гэдэгт нь шууд нөлөө үзүүлэх бодлогын бизнес хийх хүчин зүйл болж байдаг. Жишээ нь, уул уурхай, газар тариалан, барилга, зам, гүүр гээд манай эдийн засгийн улирлаас хамааралтай байдлаас шалтгаалаад цаг алдаж болдоггүй, өнөөдөр шийдэхгүй бол шууд жил алддаг бизнест төрөөс олгодог зөвшөөрөл, гэрээ хэлцэл, бэлтгэл ажил, бараа материал татан авалт, ханган нийлүүлэлт бүгд шууд банкнаас хамааралтай. Банкныхан бид нийтлэг эрх ашгаа бодолцож нэг дээвэр дор байгаа харилцагч иргэдээ цаг үргэлж шууд бусаар дэмжиж байдгийг мартаж болохгүй. Дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, зээл гээд ямар нэг асуудал байлаа ч яаж ийгээд аль болох нааштайгаар шийдээд л явдаг.

Банк хэн нэгэнд хатуу шаардлага тавиад, зээлийг ганц долоо хоног хүлээлгээд олгоход л дотоодын аж ахуйн бизнесийн үйл ажиллагааны горим алдагдаж, төлөвлөсөн ажилд нь эрсдэл үүсдэг. Энэ бол банк нь аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн эх үүсвэр, хамтын ажиллагаа үзүүлж байгаа бус чөдөр болдгийн жишээ.

Газар тариалан, барилга, уул уурхай гээд улирлын чанартай салбарын аж ахуйн нэгжүүдийн бизнес циклийг 2-3 жил чөдөрлөж төвөг удахад л бүх зүйл ганхана. Барьцаагаа алдахаас эхлээд л бүх зүйлс ар араасаа ханарна. Сүүлийн гурван жил гаруй хугацаанд хэрэгжсэн орон сууцны санхүүжилтын цаана найман хувийн зээлээр орон сууцтай болж чадсан 90,000 орчим өрх бий. Иргэд үнэндээ энэ том ажлын маш чухал ач холбогдлыг мартаад байдаг. Үүнд, барилгын салбар дахь мэргэжлийн болоод бусад үйлчилгээ, барилгын материал, электрон бараа, мебель тавилгаас эхлээд л худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа нь найман хувийн зээл гэдэг том хүчин зүйл дээр босч өндийж, амьсгалж байна. Бид төрийн бодлогоор нэгнийгээ дэмжих том, шинэ орон зайг бий болгосон.

-Дэлхий нийтэд санхүү, зээлийн үйлчилгээний хүрэлцээ гэдэг үзүүлэлт маш чухал. Хүмүүс зээл авах бололцоо байна уу, үгүй юу гэдэг шалгуур үзүүлэлтийн талаар та юу хэлэх вэ?

-Монгол улс энэ үзүүлэлтээр бол маш сайн шүү дээ. Өнөөдөр зээлгүй иргэн, аж ахуйн нэгжийг Та олох гээд үзээрэй. Зээлийн хүртээмж сайн, бололцоотой байгааг өнөөдөр Та бид өдөр тутамдаа “зээлгүй хүн алга гээд зовж байна” гээд сөрөг талаас нь хараад байдаг нь харамсалтай. Даанч манай улсад зээлийн хүү өндөр, хугацаа нь богино гэсэн том асуудал байдаг нь бас үнэн. Төрийн бодлогоор энэ асуудлыг тодорхой хугацаанд түргэн шийдвэрлэх шийдэл бол хангалттай байгаа.

-Өнөөгийн УИХ, Монгол банкнаас хийчихэж болмоор алхам юу байна?

-УИХ, Монголбанкнаас хурдан шийдэж болох зүйл бол арилжааны банкууд иргэдэд төлж байгаа хугацаатай хадгаламжийн жилийн 15–18% - ийн хүүг 10% хүртэл буулгах, зарим төрлийн харилцах дансанд банкууд 8% хүртэл хүү төлдөг явдлыг байхгүй болгох гээд хийх зүйлс энүүхэнд байна.Дэлхий даяар ямар нэг улс харилцах дансанд хүү төлөхийг зөвшөөрдгийг миний бие мэдэхгүй юм байна.
Манай банкууд өөр хоорондоо өрсөлдөхдөө шинэ технологи, цоо шинэ зүйлээр бус ойр зуурын үндсэн үйлчилгээ болоод арга барилаар л өрсөлдөж байгаа. Үйлчилгээ болоод стратегийн арга барил ядмаг, сонголт бага байх тусам өрсөлдөж байгаа хэдхэн зүйл дээрээ улайраад харилцагчдыг хангах гэдэг дээр хэт халуурсан байгаа. Өнгөц харахад энэ нь харилцагчиддаа сайхан юм шиг атлаа нийгэм дэх үр нөлөө нь харамсалтай, тун эвгүй юм. Жишээ нь,цалингийн зээл гэхэд 36– 48 сарын хугацаатай. Тэгэхээр та бид сарынхаа цалинг банкнаас  авчихаад, дараа сар нь ажиллаад л зээлээ төлөөд л амьдарч байна. Үр дүнд нь ажил олгогч цалингаар ажилтнаа хөшүүрэгдэх, хөдөлгөх боломж шууд багасч байгаа. Ажилтан маань ажиллаад цалин авахгүй байгаа юм шиг тийм л мэдрэмжтэй байна.

-Үнэхээр тийм шүү. Цалин ямар нэг баяр төрүүлэхээ больжээ.

-Судалгаагаар бол гадны банкууд цалингийн зээлийг зургаан сараас илүү хугацаатай олгодоггүй. Хатуу шаардлага тавьж эхлэхэд л  зээлдэгчид барьцаа хөрөнгө болоод аж ахуйгаа алдахад хүрнэ.

Өнөөдөр Монгол улсад мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль-д зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг банк, санхүүгийн байгууллагад барьцаалж болдог.

-Барьцаалагч банк нь барьцаалсан тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэг үүрэг хүлээдэггүй юм билээ ш дээ.

-Харин тийм. Бидэнд ийм хууль байгаа цагт түүний зарим нэг заалтын дагуу Гадаадын банкууд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалах боломж шууд нээлттэй. Тийм байгаа биз.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль-д заасны дагуу зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ бүрэн төлөөгүй, барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар аль нэг этгээд худалдан аваагүй бол тухайн эд хөрөнгийг банк төлбөрт тооцон авч, банкны захиран зарцуулах эрхэд шууд шилжүүлэх боломжтой.

Модун Шаньюгийн хэлсэнчлэн “газар бол улсын үндэс” гэдэг дээ, та бидний үнэ цэнэ нь шууд үнэлж боломгүй огт ондоо амин чухал хөрөнгө гэж юм байна. Өнөөдрийг хүртэл үндэсний компаниуд, банкууд төлөвшиж, томроогүй байхад нь газар, лиценз гэсэнтэр та бидний амин чухал зүйлсийг барьцаалах эрхтэй гадны банкийг оруулахыг манай улс хойшлуулсаар ирсэн нь нэг талаар төрийн зөв бодлого гэж би хардаг юм шүү. “Гүүр хүрээгүй бол гол гатлахгүй ээ” гэж Англи хэлц үг байдаг. Эхлээд нөхцөл бүрдсэн цагт, бэлэн болсон цагт л үйлдэл хийх нь зөв. Гадаадын банкны салбарыг оруулах бол бодлогын асуудал юм шүү. Туршиж үздэг зүйл биш,больж, сольдог ч зүйл биш. Урт хугацааны асуудал мөн.Иргэн бүрийн хувийн аж ахуй гэлтгүй их хэмжээний зээл авсан том хэмжээтэй төсөл, бизнесийн барьцаа хөрөнгө гадаадын банкны захиран зарцуулах эрхэд шууд шилжих бололцоо нээлттэй байна. Гадаадын банкны хувьд хураагаад авсан зүйлээ цааш нь өөрийн улсын компани, эсвэл иргэнд ямар үнээр шилжүүлэх нь тус банкны бүрэн эрх болно шүү дээ.

-Монгол улсын Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийг ч барьцаалах бололцоо нээлттэй гэсэн үг юм байна.

-Нээлттэйгээр барах уу. Та бидний Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай өнөөгийн хуулиар ч тэр гадаадын банк нь зээлийн барьцааны шаардлагаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Цаашилбал, гадаадын банк Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхлэхтэй холбоотойгоор иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн байдал, нууцлал, хүртээмжтэй байх зэрэг мөн ч олон асуудал гарч ирнэ. “Зээлийн мэдээллийн тухай хууль”-д зааснаар гадаадын банк нь Монголд үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд зээлдэгч иргэн, хуулийн этгээдийн зээлийн мэдээлэл, зээлийн лавлагааг онлайн болон бичгээрхүлээж авах бүрэн эрхтэй болно. Тус хуулийн 6-р зүйлд “зээлийн мэдээлэл” гэдэгт яг юу байдгийг заасан байгаа.

-Яг энэ эрсдлийн талаар эдийн засагч, банкир Ч.Ганхуяг миний ярилцлагад уригдах үедээ тун тодорхой анхааруулж байсан. Ноцтой санагдсан?

-Зээлдэгчтэй холбоотой бүхий л мэдээллийг авах бүрэн боломжтой болно гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл,санхүүгийн салбарын аюулгүй байдал, Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийн аюулгүй байдал хөндөгдөх эрсдэл шууд нэмэгдэнэ. Хэрэв банк, түүний ажилтнууд шударга бус үйлдэл хийхээр шийдвэл харилцагчдын талаарх мэдээллийг өөрт ашигтай ямар ч байдлаар эргэлдүүлж ашиглаж болно. Монголчууд бид нэг дээвэр дор амьдарч байгаа хүмүүс.  Бид ёс зүй, хүн чанараа алдаж болохгүй, тийм сонголт бидэнд угаасаа байхгүй. Харин гадны иргэн хүн яахыг би хувьдаа хэлж мэдэхгүй.

Манай улсын хуулинд шууд захирагдахгүй хойно гадны иргэн, хувь хүний үйлдэлд үзүүлэх арга хэмжээ хүчгүйдэнэ л гэдэг тодорхой.

Товчхондоо гадны банк нь тодорхой зорилтот үйл ажиллагаа явуулахад бидэнд шууд эрсдэлтэй.Тэгэхээр бид гадны банк, ямар нэг зээлдүүлэгч, хөрөнгийн эх үүсвэр гэж зүтгэхээс илүү эхлээд байгаа байдлаа бодитойгоор эргэж харах нь зүйтэй.

Монгол улсын ямар ч байгууллага ажилтнууддаа яаж боломжийн цалин олгох, зээлийн хүүг яаж бууруулах вэ гэдэг дээр боломжит бүх талаас нь бодож, ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй байна. Үнэндээ шууд төрийн бодлого үгүйлэгдэж байна. 1990 оноос хойш зээлийн хүүг бууруулах, банкны салбараа санхүүгийн талаар дэмжсэн дорвитой, учир утгатай бодлого муу байсан гэж би санаа зовохгүй хэлмээр байна.  Хэрэв энэ хэвээрээ удвал та бидний боловсролын түвшин муу, хандлага буруу байгаа цагт дотоодын банкуудаа баяжиж байна, мөнгө хүүлэгчид, ард түмнээ тоногсод гэж ханддаг популист хандлага алга болохгүй. Үнэндээ дотоодын банкуудыг активтай нь харьцуулбал, жилийн 1.5–2% - ийн ашигтай, өөрийн хөрөнгөтэй нь харьцуулбал, жилийн 9-10%- ийн ашигтай ажилладаг.

1990 оноос хойш манай шийдвэр гаргадаг байгууллагууд дотоодынхоо банкуудын үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэх, зээлийн хүүгийн өртгийг өсгөх тал дээр л чамгүй арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх. Энэ бол тун харамсалтай явдал.

-Гадны банкны зорилттой үйл ажиллагаа гэж та хэллээ. Яг юу гэсэн үг болохыг нэмж жаахан тодруулахгүй юу?

-Бид өнөөдөр буурай хөгжилтэй орон байж болно. Дээр нь эдийн засгийн хямралд орсон байгаа. Үүнийг нь дөрөөлж, Монгол улсын ашигтай шимтэй гэсэн зүйлсийг зээлээр дамжуулаад эзэмшигчдээс нь авах, та бидний эдийн засгийг мөнгө болоод зээлийн хомсдолоор ганхуулах, зээлдэгчдэд бодлоготой, ялгаатай хандахгэж шууд хэлж болно. Зүгээр л алтны лицензтэй ижил хоёр компанийн үзүүлэлт ижил байлаа ч аль нэгийг нь зээлээр дэмжихээс л босох сэхэх нь эхэлнэ шүү дээ.

Мөн “амыг нь мөнгөөр таглах” явдал гарч эхэлбэл яах вэ бид? Өнөөдөр зүүн Европын зарим орны хүмүүс зээлээ шийдвэрлүүлэхийн тулд Лондон, Парис явдаг шиг манайхан Бээжин явдаг болж ч магад.

“Өнгөрсөн нь одоогийн сургамж” гэдэг биз дээ. Үгүйсгэх боломжгүй нөхцөл байдал шүү. Зүүн Европын орнууд банкуудаа барууныханд алдсан нь бидний өмнө нь хэзээ ч туршиж байгаагүй зүйл болох Гадаадын банкны салбар оруулж ирэхэд гарах эрсдэлийг урьдчилж ойлгож авах тод жишээ яах аргагүй мөн шүү дээ.

-Яагаад Бээжин явах гэж, банк нь өөрөө шийдвэрээ эндээ гаргах юм биш үү?

-Бээжин гэж жишээлж авч хэлсэн юм. Чухам Бээжин явах уу, Лондон явах уу гэдэг нь банк хаанахын өмчлөл, харъяалалтай байхаас болно. Хуучин социалист байсан орнуудын дийлэнх нь өөрийн үндэсний арилжааны банк гэсэн зүйлгүй болсон байгаа.

Өөр улс орнууд банкуудыг нь худалдаад авчихсан. Үндэсний гэх банкгүй болсон тэдгээр улсын иргэд нь банкаа бусдад өгсөндөө харамсдаг, эргэж буцах тал дээр яахаа мэдэхгүй мухардалд орсон байдаг. Би Унгар, Болгар, Чех зэрэг улсад албан ажлаар очоод тэндэхийн банкируудтай ярилцдаг. Тэр явцдаа үүнийг олж мэдсэн, харсан. Манай банкны салбарын мэргэжилтнүүд зүүн Европт очсон бол мөн л олж харсан байх учиртай. Хямрал болохоор барууны банкууд нь зээл олгохоо зогсоочихдог. Ямар сайндаа хэдхэн жилийн өмнө Унгар улсын тухайн үеийн Засгийн газар барууны орнуудад авсан зээл, хүүгээ төлөхгүй гэж ёс зүйгүй үйлдэл хүртэл хийж байхав дээ.

Бид үүнтэй адил тэнэг үйлдэл гаргах вий гэдгээ маш болгоомжтой тооцоолох хэрэгтэй. Нэгэнт зээл өгсөн юм бол банкууд зээлээ, хүүтэй нь буцааж авч л таарна. Олон улсад баталгаажсан, мөрддөг дүрэм журам гэж бий. Тийм байдалд улс орноо хүргэж болохгүй.

“Муу муухай бүхэн мөнгөнөөс болдог” л доо. Иргэд, аж ахуйн нэгж мөнгө, зээлээс болж өөр хоорондоо итгэлцэл алдаж, шүүх цагдаа болдог, хүн амины хэрэг хүртэл гарч байгааг та бид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр харж байна. Хөршүүд, тэр бүү хэл ах дүүс, хамаатан садан хоорондоо нэг нь мөнгө төгрөгөө нэхнэ, нөгөө нь өгөхгүй, өглөгтэй нь баярхаж дээрэлхэж байна гэж зүхнэ, нэг нь нөгөөгөө ядуу зүдүүгээрээ түрүү барилаа гэж доромжилно, үл илтгэлцэл, үзэн ядалт дуусахгүй.Та бидний барьцаа хөрөнгийн дийлэнх нь бидний амин чухал зүйл болох орон гэр, машин, байгаа ганц нэг эд хөрөнгийн зөвшөөрөл, лиценз байдаг.

Та бидний хурааж босгосон эд хөрөнгө харьцангуй бага, чадамж хангалтгүй байгаа шүү дээ. Та бид улсын хэмжээнд хөршүүдтэйгээ “Эрдэнэт”,” Улаанбаатар төмөр зам” гэсэн улиг болсон хэдхэн асуудлыг эс тооцвол өөр ямар нэг бизнес, аж ахуйн хэрүүл ярьдаггүй, төр нь төрийнхөө түвшний асуудлыг л ярьдаг энхтайванч, найрамдалт харилцаатай байгаа. Үүнийгээ хэзээ ч мартаж болохгүй. Бид үүндээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Ялангуяа, хөрш улсын банкны салбарыг оруулж ирээд цагийн явцад хүндрэлтэй асуудал үүсвэл үр дагавар нь маш онцгүй байх болно. Иргэд эргээд “Төр гадны мөнгө хүүлэгчдийн аманд иргэдээ, улсаа өглөө” гэсэн үзэн ядалт нийгэмд үүсгэвэл яах вэ. Хөрш том хоёр улстай хэт наалдах, хэт зайгаа барихгүй байх гэдэг та бидний иргэн бүрт байдаг ёстой уян хатан байх ойлголт, энэ нь өөрөө Монголчуудын үнэ цэнэтэй зүйл яах аргагүй мөн.

Ямар нэг зүйл дээр иргэдийн хандлагыг сөргөөр эргүүлэх нь бид найрамдалт харилцааны өнгө төрхөө алдах нэг эрсдэл мөн үү гэвэл мөн. Өнөөдөр “аваагүй байхад авгай сайхан”гэдэг шиг Хятадын төрийн банкийг оруулаад л ажил жигдрээд, амьдрал дэвжээд аятайхан улс орон болно гэсэн үг зарим хувь хүний амнаас гарч эхэлж байна.

Гадны банк оруулж болно. Гэхдээ эхлээд Та бид үүнд бэлэн болсон байх хэрэгтэй байна.Зохицуулалт,хязгаарлалт, учир утгатайболзол, нөхцөлөө хууль, журам, гэрээндээ тусгаж өгөх ёстой.

-Энэ асуудал дээр манай улс ямар орны жишгийг дагавал зүйтэй вэ. Бидэнд үлгэр болох ямар нэг бодит жишээ хэрэгтэй байна шүү дээ?

-Улс орон бүр өнөөдрийн иргэн хувь хүн бүр болоод улсын хэмжээний чадамж буюу потенциал, эдийн засгийн багтаамж, соёл, угаасаа өнөөдөр боломжтой байгаа газарзүйн байршил гээд олон зүйлээс шалтгаалаад ялгаатай хариу үйлдэл үзүүлдэг байх. Тэгэхээр одоо яг энэ улсыг жишиг болго доо гэж хэлж чадахгүй. Гадаадын банк орж ирээд ямар өөрчлөлт гарсан, ямар нөлөө үзүүлсэн, ямар зохицуулалтыг хийж байсан гээд бодит туршлагыг ухаж судалж үзэх нь зөв.  Бидний эн тэргүүний найдвар бол банкны салбарын туршлагатай судлаачдаас эхлээд их дээд сургуулийн профессорууд гээд байна шүү дээ. Судалгаан дээр үндэслэсэн санаа бодлыг нь судлах нь чухал. Цуглуулсан, санал солилцсон хүмүүс дунд сонирхолтой судалгаанууд чамгүй л байна лээ. Гадаадын банкуудын үйл ажиллагааны зорилго, арга барил, хамрах хүрээ харилцан адилгүй байна.

Зүүн Европын орнуудад гадаадын банкууд тухайн улсын дотоодын банкуудын дүрмийн санд хөрөнгө оруулах, худалдаж авах, нэгдэх замаар нэвтэрсэн тохиолдол давамгайлдаг бол Зүүн Азийн орнуудад охин компани, салбар байгуулах замаар үйл ажиллагаа явуулах нь хэвшил болсон байна лээ.  БНСУ-ын жишээг авч үзвэл, гадны банкны салбар орж ирсэнээр өрсөлдөөн нэмэгдэж, дотоодын банкуудын зардлын үр ашигтай байдал илт сайжирсан байгаа. Харамсалтай нь, ААН-үүд дэх зээл олголт хандлага жижиг, дунд ААН-үүдэд илүү хүндрэлтэй болсон байна лээ. Энэтхэг, Индонезид энэ үзэгдэл бүр хүчтэй илэрч байна. Өөрчлөлт дотоодынх нь том банкуудын ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлж, мөн жижиг, дунд гэхээс илүүтэй том байгууллагуудад зээл олгох нь бүр хэтийдсэн байна лээ.

Тэгэхээр ямар орны замаар явах гэхээс илүү өнөөдөр байгаа хууль тогтоомжоо эхлээд гадны банкийг хүлээж авахад хожим аль аль талдаа асуудал үүсэхгүй байхаар зөв зүйтэй шинэчлэх нь чухал.

Улс орнуудад замын хөдөлгөөн нь баруун гарын, эсвэл зүүн гарын дүрэмтэй байдаг гэдэг шиг, бид үнэхээр л зүүн гарын дүрэм мөрддөг машин асар олон тоогоор хүлээж авах гэж байгаа бол замын хөдөлгөөнийн дүрмээ эхлээд өөрчлөх хэрэгтэй. Одоогийн Мьянмар улсад Төв банк нь гадны банк орж ирж салбараа байгуулахыг зөвшөөрсөн байгаа. Сонирхоод үзэх юм бол тус улс цөөн тооны гол болзлоо хүлээн зөвшөөрүүлсэн байдаг.Нэгд, улс орон даяар ердөө ганцхан салбар банк үйл ажиллагаа явуулна, ингэснээр цаг хугацаа гэдэг зүйл хязгаартай болохоор тухайн гадны банкны үйл ажиллагаа ханасан хэмжээнд, тодорхой хязгаарт баригдаж байна гэсэн үг. Хоёрт, гадны банкны салбар Мьянмарын жижиглэнгийн салбарт оролцохгүй, гагцхүү том бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалтыг хийнэ.

Энэ нь Мьянмарын өөрийн үндэсний бодлоготой нийцсэн болж таарч байгаа. Гуравт, валютаар зээл олгож болно, харин үндэсний мөнгөн тэмдэгтээр зээл олгож болохгүй. Дөрөвт, Мьянмарын өөрийнх нь Төв банкинд 20 тэрбум ам.долларыг жилийн 1% хүртэл хүүтэй, 30-40 – н жилийн хугацаатай зээлдүүлсэн цагт зөвшөөрнө.

Мьянмарын Төв банк нь энэхүү зээлсэн мөнгийг өөрийн рейтингээр дотоодынхоо арилжааны банкууддаа хуваарилан(дотоодын банкуудаа санхүүгийн хувьд хөл дээр нь зогсоох зорилгоор) зээлдүүлнэ гэсэн болзол тавьсан байдаг. Мьянмарын энэ жишээг харахад алсаа бодсон зөв байж ч болно,буруу ч байж болно. Үүнийг цаг хугацаа харуулна.

Та бид одоо зөв, буруу гэж цаг алдахын оронд эртхэн манай улсад ашигтай хувилбараар нь, үндэсний аюулгүй байдалд харшлахгүй байхаар гадны банкуудтай зөв зүйтэй, илэн далангуй хэлэлцэх чадамжтай, бэлэн байх хэрэгтэй байна. Харамсалтай нь, бид өнөөдөр дотоодынхоо банкуудыг цаг алдалгүй хувьчлаад, гадаадын төрийн өмчит банкийг шууд урьж залах хандлагатай байна. Тус хандлага өөр хоорондоо огт зохицохгүй.



-Тэгээд гадны банк оруулах уу яах вэ? Хүмүүс юу юугүй өнөөдөртөө бага хүүтэй зээл авахаа л бодно шүү дээ.

-Бид бэлтгэх хэрэгтэй. Эхлээд нөхцөл, зохицуулалт, хязгаарлалт, хийх тохиролцоо гээд бүх нөхцөлөө учир утгатай тавихаар бүх бэлтгэлээ базаасан баймаар байна. Бага хэмжээний тооцоолол, жижиг судалгаагаар, олон нийтийн хандлагаар, зөвхөн өнөөдөр бизнес эрхлэх аж байдлаа шууд голоо болгоод элдэв цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр ном хаялцаад, нэгнийгээ хамаагүй уриалаад, олон нийтээрээ хямраад байж болохгүй. Иймэрхүү мэргэжлийн бус байдал дээр дөрөөлөөд биднийг эргээд юу ч үгүй идэхэд энүүхэнд шүү. Бага хүүтэй зээл гэснээс хүмүүсийн яриад байгаа шиг гадаадын хөрөнгө оруулагчид бага хүүтэй зээл олгохгүй байгаа. Гадаадын 63,7% -ийн хөрөнгө оруулалттай ХААН банк, 77,9%- ийн хөрөнгө оруулалттай ХасБанкны зээлийн хүү нь дотоодын, үндэсний хөрөнгө оруулалттай банкуудынхтай адил байгаа. Манай улсад гадаадын банк орж ирсэнээр дунд болоод урт хугацаанд зээлийн хүү өнөөгийнхөөс 4-5 – н нэгж хувиар буурч, хөгжиж буй орнуудын дундаж түвшин болох 13.3% руу орох боломжтой гэсэн таамаглалыг зарим мэргэжилтнүүд тооцоолж гаргаж ирж байна.  Гадаадын банкууд эрсдэл багатай том ААН-д зээл олгох нь баталгаатай байх болно. Үр дүнд нь жижиг, дунд ААН-ийн зээлийн хүү буурна гэж найдалтгүй. Манай судлаачдын авсан жишээнээс харвал, Энэтхэгийн хувьд гадаадын банкуудаас олгосон нийт зээлийн 80%нь аж үйлдвэр болон том ААН-үүдэд хуваарилагдсан байна лээ. Нийт зээл нь Энэтхэг улсад өндөр ашигтай ажилладаг ААН-үүдийн 10% дээр эерэгээр нөлөөлсөн бол бусдынх нь зээл авах боломж үнэндээ 8% буурсан байна. Үүнийг дагаад дотоодынх нь банкуудаас жижиг ААН-үүдэд олгох зээл буурсан байдаг.

-Гадаадын том банкууд өөр улс оронд салбараа ажиллуулахад өөрсдөд нь тийм ашигтай байдаг юм уу?

-Ашигтай болохоор нь шинэ зах зээл эрэлхийлнэ биз дээ. Эвий зайлуул, энэ ядуу зүдүү Монголд иргэд нь бизнес хийхэд бага хүүтэй, хоёр улсын сайн харилцааг бататгаад шинэ салбараа нээе дээ гээд орж ирж байна гэж бодвол эндүүрэл.

-Та хошин хүн шүү. Инээд хүргэчих юм.

-Үнэнийг л хэлж байна. Ямар ч банк олгосон зээлээ олж авахаа тооцож байж орж ирнэ. Өөрөөр хэлбэл, зээлээ эргэж авч чадахгүй зүгээр суугаад байхгүйгээ мэдэж байгаа учраас орж ирэх гээд байгаа юм.

Хялбар тайлбарлах юм бол ямар нэг банк гэдэг нь өөрийн гэлтгүй харилцагчид, хөрөнгө оруулагчид, санхүүгийн зах зээлд оролцогчдоос хадгаламж, харилцах данс, бонд зэргээр хөрөнгө мөнгө цуглуулна. Ямар нэг төлбөрийг түргэн гүйцэтгэхэд шаардагдах буюу байгаа хөрөнгийнхөө 40 орчим хувийг нь бэлэн хадгалж, 60 орчим хувийг нь өөрт ашигтай байхаар хүүтэй зээлдүүлнэ. Тиймээс 100 хувь зээлд мөнгөө гаргахгүй. Харилцагчдын нэг нь өнөөдөр ч, маргааш ч ирээд авч магадгүй мөнгөнд төлж байгаа хүүгээ олоод, өөрийнхөө үйл ажиллагаагаа санхүүжүүлээд, ажилтнуудаа  цалин хөлстэй байлгаад, тэднээрээ хүмүүсийн хөрөнгө мөнгийг бүрэн бүтэн бариулж, санхүүгийн зуучлал хийдэг.

Мөнгөний илүүдэлтэй нэг нь банкинд мөнгөө хадгалуулж хүү авна, мөнгө хэрэгцээтэй нөгөө нь зээл авч ажлаа бизнесээ бүтээгээд ашигласан хугацааныхаа хүүг нэмж төлнө. Тус хоёрын дунд зуучилж өгсөн банк нь үйл ажиллагааныхаа зардлыг давуулж ашиг олдог гуравдагч тал биз дээ. Энэ жишгийн дагуу зээлийн хүүг банк зүгээр тогтоохгүй, зах зээлийн хандлагад баригдана.

Банкны зээлийн хүүг тогтоодог олон хүчин зүйл байдгийн эн тэргүүний чухал хүчин зүйл нь тухайн орны нийт эдийн засгийн эрсдэл юм. Нэмэгдээд эдийн засгийн тогтвортой байдал, инфляцийн түвшин, санхүүгийн эх үүсвэрийн хүрэлцээ, санхүүгийн зуучлалын зардал, татан төвлөрүүлж буй хөрөнгө буюу эх үүсвэрийн өртөг, Төв банкны бодлогын хүү зэрэг хүчин зүйлс зээлийн хүүнд нөлөөлнө. Гадаадын ямар ч банк энэ л зарчмаар зээлийн хүүгээ тогтооно.

Манай улсын нийт эдийн засгийн эрсдэл буураагүй, эдийн засгийн дархлаа тогтож амжаагүй байгаа үед гадаадын ямар банкийг оруулж ирэхээс үл хамаарч зээлийн хүү хүссэн хэмжээнд буурах боломж хязгаарлагдмал байгаа.

-Манай банкууд өөрсдөө зээлийн хүүгээ бууруулж болдоггүй юм уу?

-Дөнгөж сая миний хэлсэн зүйлийг анхааралтай сонсвол зээлийн хүү нь банкаар биш зах зээлийн зарчмаар тогтоно. Бодит байдал дээр манай орон хадгаламж, мөнгөн хуримтлал багатай, байгаа жаахан хөрөнгийн эх үүсвэрийн маань хугацаа богино, банкууд болон хадгаламж зээлийн хоршоод дунд өрсөлдөөн их учир хүүг бага байлгах бололцоогүй болж байгаа юм. Зээлийн хүүг тодорхой хэмжээнд бууруулах талаар банкууд хамтарч хөдөлнө гэвэл бололцоот ажил бий. Тухайлбал, АТМ, карт уншигч машин, гар утсаар хийдэг төлбөр тооцоо, олон улсад төлбөр тооцоог шуурхай дамжуулдаг Свифт сүлжээ, Зээлийн мэдээллийн сан зэргийг банкууд дундаа хамтран ашиглах дээр хүч төвлөрүүлбэл, давхардсан зардлыг мэдэгдэхүйц багасгаж чадна. Олон улсад төлбөр тооцоог шуурхай дамжуулдаг Свифт сүлжээг л гэхэд банк бүр тус тусдаа жилийн өндөр төлбөр, хураамжийг гаднын байгууллагад төлж ашиглаж байхаар дундаа ашигламаар. Хойд хөрш Орос ийм банк дундын Свифт бюро буюу товчоог байгуулж ажиллуулаад зардлаа хэмнээд болж л  байна.

Бидний Монголчууд хоорондоо хэлэлцэж хамтарч ажиллаж чадахгүй байгаа учир иймэрхүү бололцоот шийдэл гарч ирэхгүй байна. Оросод энэ асуудлыг Төв банк нь удирдаад, зохион байгуулаад хийлгэж байна. Юуг яаж хийх менежментийн зарим нэг зүйлсийг хуулийн хүрээнд шийдчихэж болмоор.

-Ийм ажлуудыг ядахдаа хамтраад хийчих боломжийг мунхагаасаа болж үгүй хийчих нь хэцүү юм даа.

-Дээр нь зээл төлүүлэлт хүнд, удаашралтай, өртөг өндөртэй байгаа гээд банкнаас шалтгаалахгүй хүчин зүйлс зээлийн хүүнд нөлөөлж байгаа. Хэрэв гадаадын зарим нэг улс шиг зээлээ жижиг сажиг чирэгдэл, зардалгүй, хугацаа багатай төлүүлэх боломжийг бид өөрсдөө бий болговол хүү тодорхой хэмжээгээр буурах боломж ч бий. Эдгээр илүү уян хатан шийдлийг эс тооцвол манай дотоодын банкууд зээлийн хүүг бага байлгах тал дээр сүүлийн 20 гаруй жил боломжтой бүх хүчээ дайчилсан байгаа. Хүүгээ бага байлгах өрсөлдөөнөөр банкууд өөрсдийнхөө хэмжээнд асуудлыг шийдэж ирсэнээс бус төр, засаг дорвитой дэмжлэг үзүүлээгүй. ОХУ-ын жишээг харахад манай банкууд шиг хамтарч ажиллаж чадахгүй байгаа хэсэг дээр нь Төв банк нь явж очоод шийдвэрээ гаргаад, эцсийн дүндээ иргэдэд ашигтай байх зохицуулалт хийгээд болоод байдаг. Манай хэд болохоор дотроо цаг, хөдөлмөр зараад бага багаар ч болов шийдэх боломжтой зүйлсийг хичээхгүй атлаа гаднаас банк оруулах талаар ярьж байгаа нь буруу. Бид нэг улс түмэн гэдэг дээр мэдрэмж, хүсэл эрмэлзэл байхгүйнх юм болов уу даа.

-Та Гадаадын банкны салбар байгуулахаас татгалзах тал дээр багагүй ярьлаа. Яг салбараа Монгол улсад байгуулах хүсэлт гаргаад байгаа “Bank of China” манай улсад үйл ажиллагаа явуулбал,үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд яг бодитой аюултай гэсэн хариулт байна уу?

-Эхлээд яагаад заавал хөрш орны төрийн өмчит том банкны салбарыг ажиллуул гээд том шийдэл санаачилж байгаад би гайхаж байна. Жишээлбэл,Хятад улсын Төрийн өмчийн Industrial and Commercial bank (ICBC), Agricultural bank, Construction bank гэсэн гурван өөр банк өргөдлөө өгөхөөр хүлээгээд сууж байгааг ажил төрлийн шугамаар олж мэдсэн. Шууд үндэсний хэмжээний эн тэргүүний том банкийг нь оруулах сонирхолтой хүмүүс нь дотоодод ямар ч аюулгүй, санаа зовох зүйлгүй гэдгээ олон түмэндээ тайлбарлаж, нотлох байлгүй дээ.

“Bank of China” нь дэлхийн топ  таван банкны нэг нь. Тус банк нийт 2.7 их наяд ам.доллар буюу манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс мөнгөн дүнгээр 217 дахин их актив хөрөнгөтэй. Хятад улсын төрийн өмчит банк шүү дээ. “Мөнгө их байх тусам зарц нь их болно” гэдэг мэргэн үгийг бүү март! Төрийн банк байнаа гэдэг нь түүний бодлого, үйл ажиллагаа, ашиг, үр дүнд нь төр нь сонирхолтой байж, шаардлага гарвал нөлөөлж, эрх ашгийг нь хамгаалах боломжтой гэсэн үг.

Өнөөдөр манай улсад Хятадын “Bank of China”-аас гадна Сэргээн босголтын банк, Японы Токио Мицубиши банк болон Сумитомо Мицуй банк, Голландын ING банкууд салбараа бус зөвхөн “Төлөөлөгчийн газар” -аа ажиллуулж байна. Эдгээрээс сонголт уул нь байгаа.

Зөвхөн Европын Сэргээн босголтын банк гэхэд 2010-2016 оны 9–р сарын 30–ны байдлаар Төлөөлөгчийн газраараа дамжуулж Монголд 83-н төсөлд 1.4 тэрбум еврогийн буюу 3.8 их наяд төгрөгийн зээл санхүүжилт,  хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Үүнтэй адилхан Хятадын “Bank of China” өөрийн төлөөлөгчийн газраараа дамжуулж зээл олгож болно шүү дээ.

-Ер нь бол орж ирэхээсээ  өмнө л төрийн хэмжээнд шахалт үзүүлж байгааг учир мэдэх хүмүүс эрхбиш харж л байгаа биз. Өөрсдийн төрийн Банкны салбараа өөр нэг тусгаар улсын газар нутаг дээр байгуулахаар шийдэж, энэ санаархлаараа бидний дунд өнөөдөр  ийм хүнд асуудал үүсгэж самууруулж байгаа хүмүүсийг дараа нь бид хазаарлаж чадах уу?

-Хэцүү асуулт. “Ядуус шилж сонгодоггүй” гэдэг дээ. Өнөөдөр баян, хүчирхэг Хятад улс хүссэнээрээ тулгаж, үүнд нь Монгол улс чадлаараа тийчилж бултаж байна. Тэгвэл үүнтэй адил яагаад Японы, Европын холбоо ч юм уу, АНУ– ын төр ийм маягаар манай улсад банкныхаа салбарыг байгуулахаар шахалт үзүүлэхгүй байгаа юм бол гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна. Та бид өнгөрсөн түүхээ эргэж харвал, 1921 онд Ардын Хувьсгал ялсны дараа Гадаадын капиталыг шахан зайлуулснаар эдийн засгийн бодлогынхоо бие даасан байдлыг бий болгосон. Тус үйл явдлын ач холбогдол өнөөдөр ч бидэнд өндөр. Бид гэнэ гэнэ ийм харалган, ухаан муутай байж болохгүй дээ. Товчхондоо, манай улс өөрийн банкны салбарт хөрш том орны Төрийн өмчит банкны ноёрхлыг зүгээр хүлээж авах нь бусад салбартай шууд харьцуулах боломжгүй хүнд үр дагавартай, үндэсний эдийн засгийн бодлогоо өөрөө удирдах уу, эсвэл хараат болох уу гэдгээ муугаар шийдэх гэж байгаа хувилбар юм. Ямартай ч анхаарах зүйл гэвэл хөрш улсууд нэгэндээ өөрийн банкийг байгуулж ажиллах нь оновчтой бус юм. Учир нь банкнаас өөр хүний өмч хөрөнгийг хуулийн дор барьцаалдаг бизнес гэж байдаггүй. Тэр барьцаанд нь газар, үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, ашигт малтмалын орд гээд юу ч байж болно.

Ер нь хөрш орнууд түүхийн аль ч үед нөлөөгөө тэлэх, ашиг сонирхолоо тулгах сонирхолтой байсан,үүнээс үүдсэн маргаантай байсаар ирсэн гэдгийг санавал зохино доо, манайхан.

Тажик улс өнгөрсөн 2016 онд газар нутгаасаа тасдаж Хятад улсад өрөндөө өгсөн дөө. Алдаа бол алдаа. Нэгэнт алдаа гаргасан бол сөөмийг аваад эргээд бээрийг өгнө. Ийм үйл явдал манай Монгол улсад тохиолдох боломжтой. “Өнгөрсөн хойно мэргэн болох шиг амархан зүйл байхгүй”гэдэг нь болох байх даа. Хятад улс өөрийн төрийн өмчит банкаар дамжуулж Монгол улсад өөрийн бодлогоо хүндрэлгүй нэвтрүүлэх, манай дотоод актив хөрөнгүүдийг ямар нэг хязгаарлалт байхгүй худалдан авч, манай улсыг эрсдэлд хүргэхгүй гэдгийг өнөөдөр та бидний хэн нэг нь баталж чадах уу?

Шууд үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэдгийг бол та бидний хэн нь ч ойлгож байна.

Эдийн засгийн аюулгүй байдал гэдэг нь нэгэнт буруу залсан цагт эргүүлж засах боломжгүй болохоор л аливаа улс үндэсний аюулгүй байдлын нэг үзүүлэлт, хүчин зүйл болдог шүү дээ.

Хятадын “Bank of China” салбараа байгуулж, өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр дотоодын иргэн, аж ахуйн нэгжүүдэд хангалттай хэмжээгээр зээл олгох боломжтой ч, Хятад улсын төрийн ямар ч бодлого манайд саадгүй хэрэгжинэ.  Мөн сануулахад, стратегийн ач холбогдолтой гэж тооцож байгаа манай дотоодын банкууд үнэндээ өрсөлдөж сайжрах бус, тэр аяараа татан буугдах эрсдэлтэй байна. Дагаад бид эдийн засгийн хувьд хуваагдмал тодорхойгүй байдалд орох эрсдэлтэй.

Хятадын “Bank of China” монгол дахь төлөөлөгч нь Монголд ажиллаж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай 6,000 гаруй аж ахуйн нэгжийг дэмжин ажиллах байр сууриа Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тодорхой илэрхийлсэн шүү дээ. Энэ байр сууриа илэрхийлэхдээ ямар нэг дипломат, манж зан гаргаагүйг анзаарсан баймаар. Харьцангуй хямд гэх хүүтэй санхүүжилт авах зорилгоор монголын аж ахуйн нэгж, байгууллагууд Хятадын “Bank of China” –аас зээл авах, хятадын хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах, улмаар 100 хувь үндэсний гэх том аж ахуйн нэгж, байгууллагууд “үгүй болох”, түүнчлэн, Хятадын хөрөнгө оруулалт оролцоотой хэдэн мянган компанид төрийнх нь банк шууд үйлчилж эхлэхэд бидний өнөөгийн зах зээлд монополь байдал бий болж, манай улсын эдийн засаг Монголын болоод Хятадын хамааралтай гэсэн хуваагдмал бүтэцтэй болохыг үгүйсгэх аргагүй.

-Гадаадын том банкууд гадаад улс оронд өөрийн банкны салбараа нээж ажиллуулахаас гарах хүнд ноцтой асуудлууд нь бидэнд илүү тусах боломжтой гэдэг дээр л хаа хаанаа анхаарлаа хандуулахгүй байгаа нь гайхаш төрүүлэх юм.

-Магадлал дэндүү өндөр юм даа. Манай улс ямар улс билээ, хөгжил нь ямар билээ. Та бидний хувь хүний мэргэжлийн боловсрол, чадамж дэлхийн хэмжээнд ямар билээ. АНУ, Япон, Герман, Англи, Франц зэрэг та бидэндээ үлгэр жишээ хөгжилтэй улсын банкуудынх нь хөгжил, эдийн засгийн багтаамж, чадамж, эрсдэл даах чадавх, хүний нөөц, газарзүйн байрлал нь ямар билээ дээ. Харьцуулах ямар ч боломжгүй.

Зүгээр Иран улс гэхэд л 15-н улстай хил залгаж байгаа. Туркменистан, Афганистан, Пакистан, Ирак, Турк, Азербайжан, Армен гээд долоон улстай газраар, Казакстан, Энэтхэг, Оман, Арабын Эмират, Катар, Саудын Араб, Кувейт, Орос гээд 8 – н улстай далай, тэнгисээр шууд холбогдож байна. Гадаадын Банкны Салбар нь дотоодын банкуудтай өрсөлдөх нөхцөл, боломжийн хувьд ч олон арав дахин давуу гэдэгтэй маргаад хэрэггүй.  Гадаадын банкны салбар байгуулагдсанаар манай банкны салбар дахь хөрөнгө өсч, санхүүгийн хэрэгцээ, хүртээмж болон урт хугацааны санхүүжилтийг нэмэгдүүлсэнээр эдийн засагт шууд болон дам эерэг нөлөө гаралгүй яахав, үүнтэй бол маргалтгүй.

Гэвч эдийн засгийн бодит өсөлт, жишээлбэл, бидний дотоодын хэрэгцээг хангах “Нефть нэрэх үйлдвэр”, “Ган бүтээгдэхүүний үйлдвэр”, “Шил, шилэн бүтээгдэхүүний үйлдвэр”, “Зэс хайлуулах үйлдвэр” гээд зорьж яваа салбаруудыг маань гадны банк маань хэрхэн дэмжих бол гэдэг их сонирхолтой, хариултыг нь таах боломжгүй юм.

Өнөөдрийг хүртэл бид газрын тостой атлаа нефть нэрэх үйлдвэргүй байгаа нь хачирхалтай.Тийм үйлдвэрийг барихад Хятадын “Bank of China” хараат байдал нь алга болчихно гээд хөрөнгө оруулалт хийх юм боловуу даа? Монголчууд нефтээ түүхийгээр нь Хятад руу гаргаж байх нь тэдэнд ашигтай бус уу? Гэх мэт бодох юм хичнээн их.

-Гэхдээ гадны банк салбараа Монгол улсад нээснээр ойрын хугацаанд манай эдийн засагт шууд тусах эерэг нөлөө байгаа нь бас үнэн, тийм үү?

-Үгүй. Би хувьдаа манай улсын эдийн засагт таагүй нөхцөл удахгүй үүснэ гэдэгт итгэлтэй байна.Тухайлбал, Банкны тогтолцоонд нэн даруй хэт давамгайлах болно. Манай банкуудын зээлийн хүү олон улсын жишгээс харьцангуй өндөр болохоор гадаадын банкны салбарын хувьд энэ нь маш том давуу тал байх болно. Манай өнөөдрийн зээлийн хүүнээс бага хүүг санал болгох нь ойлгомжтой. Дотоодын банкууд энэ тохиолдолд үнэхээр өрсөлдөж чадахгүй учир зах зээлээс нэн даруй шахагдаж, үндэсний гэх арилжааны банкууд байхгүй болно.

Тэгэхээр аж ахуйн үйл ажиллагаа сайн юм шиг мөртөө бидний эдийн засгийн аюулгүй байдал доголдоно. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал эмзэг болно. Гадаадын банкны салбар дотоодын санхүүгийн зах зээлд нэвтэрснээр төгрөг болоод гадаад валют гэлтгүй зээлийн хүү буураад гадаад валютын ханш тогтвортой болох ч ямар нэг шалтгаанаар, жишээлбэл, улс төрийн шалтгаанаар Монгол улс дахь үйл ажиллагаагаа түр болон бүрмөсөн зогсоовол бид тогтворгүй байдалд орох аюултай.

Нэмээд дотоодын банкуудыг сулруулна.Банк хоорондын өрсөлдөөн нэмэгдэж, дотоодын банкууд шигшигдэж, одоо байгаа арилжааны банкууд нэгдэх замаар цөөн тооны банктай болно. Монгол улс цөөн тооны арилжааны банктай байх ёстой л доо. Малайз улс гэхэд 30 сая хүн амтай атлаа гуравхан арилжааны банктай байх жишээтэй. Өрсөлдөх чадвар өндөртэй банкууд бий болж болно. Эсрэгээрээ тодорхой зах зээлийн хэсэгт төвлөрсөн цөөн тооны банк, банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч идэвхгүй бусад банкууд болж үлдэх эрсдэлтэй.

Гадаадын банк нь ашиг өндөртэй зах зээлийг сорчлох буюу зах зээлийн “өрмийг хамаад хусмыг үлдээх” бодлого явуулах хандлага гаргахыг үгүйсгэх аргагүй.  Бид банкны болоод том компаниудынхаа зах зээлийг алдаж эхэлбэл, эхлээд дотоодын банкуудын ашигтай ажиллагаанд, дараа нь санхүүгийн чадавхид сөрөг үр дүнтэй болж таарна.  Бас төрийн Мөнгө- зээлийн бодлого хүчгүйдэнэ. Гадны банк  нь манай улсын Монголбанктай харьцуулашгүй давуу талтай шүү дээ. Манай улсын мөнгөний нийлүүлэлтэд хангалттай нөлөөлөх санхүүгийн эх үүсвэртэй. Хятадын “Bank of China”-ийн санхүүгийн чадавхид Монголбанкны мөнгө, зээлийн бодлогын арга хэрэгсэл яаж ч нөлөөлж чадахгүй байдалд хүрвэл Монгол улсын эдийн засгийн тусгаар байдал бүрэн байхгүй болно гээд ойлгож болно. Ёстой хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай гээч нь болно.

Эцэст нь, дахин сануулахад, санхүүжилтийн ялгавартай бодлого баримтлах магадлал хэзээ ч бий. Төрийн өмчтэй Хятадын “Bank of China” -ийн салбар нь Хятад улсын хилийн чанад дахь эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах, стратегийн ач холбогдолтой бүс нутагт улсынхаа худалдаа, бизнесийн бодлогыг дэмжих нь мэдээжийн шүү дээ. Эрхзүйн хувьд ашгийн төлөө боловч “Bank of China” нь төрийн өмчит хуулийн нэгжийн хувьд салбарынх нь үйл ажиллагаа Монгол улсын эдийн засгийн хөгжлийн бодлоготой нийцэхээс илүүтэй Хятад улсын эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдэнэ.

Хятадын төрийн өмчтэй  “Bank of China”-ийн салбар нь Монгол улс дахь Хятад улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн санхүүгийн үйлчилгээ явуулах нь монголын үндэсний аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө. 

-Эдийн засаг, санхүү зэрэгт үзүүлэх нөлөөллийг зохицуулах илүү өндөр арга зам байхгүй юу?

-Энэ тал дээр зарим нэг тооцоо, судалгаа хийгдэж, манай эдийн засаг, санхүү, үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдлийг хэрхэн эртнээс зохицуулах боломжтой талаарх хэд хэдэн саналыг уншсан. Эхний байдлаар бид хууль эрх зүйн орчинг бэлтгэсэн байх шаардлагатай гэдгийг бүгд шахуу ойлгож байгаа.  Давхар татварын эрхзүйн зохицуулалтын хүрээнд аливаа гадаадын банк нь Монгол улсад банкны үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд зөвхөн “Охин компани” буюу хуулийн этгээдийн хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх гэсэн зарчмыг баримтлах нь өнөөдөр бидний хувьд зөв шийдэл байх.

Үүн дээр нэмээд банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг орж ирэх гээд байгаа гадаадын банкны эрхлэх үйл ажиллагаанд оновчтой тохируулсан байх ёстой. Үүнд,зээлийн хязгаарлалт, хувь нийлүүлсэн хөрөнгийн дээд хязгаар гэх мэт зүйлсийг хэлж байгаа юм.

Мөн гадаадын болон дотоодын банкуудын эрх ашгийг тэнцвэржүүлсэн зарчмыг гаргахдаа бид өөрийн улсын онцлог, нийгэм-эдийн засгийн нөхцөлтэй уялдуулж, гадаадын банкны үйл ажиллагааг аль болох төрөлжүүлсэн байдлаар хүлээж авах шаардлагаа тавих нь зүйтэй.

Түрүүн хэлсэнчлэн, гадаадын банкууд ихэвчлэн томоохон төсөл, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийдэг тул тэднийг жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн мэдээллээр хангаж, ААН-үүдийн үйл ажиллагааг зогсолтгүй дэмжих бодлого төрөөс баримтлах шаардлагатай.

Гадаадын банкны салбарыг нутагтаа оруулсан ямар ч орны жишээнээс харахад гадаадын хөрөнгийн урсгал сайжирч, ханш тогтворжиж, орлого нэмэгдэж эхлэх үе гарч ирнэ. Энэ тохиолдолд төсвийн бодлого тэлэх хандлага бий болно. Зэрэгцээд нэн даруй улсын нөөц санд хуримтлал бий болгох, эдийн засгийн тогтвортой бодит өсөлтийг дэмжих, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, гадаад өрийн дарамтыг бууруулах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай.

Санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөг сая олон янзаар  ярьсан. Гадаадын банкуудын дотоодын зах зээлд эзлэх хувь хэмжээг тодорхой түвшинд хязгаарлах бодлого баримтлах мөн шаардлагатай.

Банкуудын зээлийн нөхцөл, шаардлага суларч, салбарын хэмжээнд чанаргүй зээл өсөх үзэгдэл гарч болзошгүй. Гадаадын банкуудын үйл ажиллагааны төрөлжилтийг үйл ажиллагаа эрхлэх хугацаатай нь уялдуулан тогтоох, тодорхой хугацааны дараа дотоодын банкуудын өрсөлдөх чадвар сайжирсан гэж үзэхэд гадаадын банкуудын үйл ажиллагааны төрөлжилтийг сулруулах гээд идэвхтэй, байнгын идэвхтэй байх хэрэгтэй гэж харж байна.

-Гадаадын банкны салбар байгуулагдсанаар нийгэмд үзүүлэх нөлөө байх уу?

-Манай улсын арилжааны банкууд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, боловсон хүчний цомхотгол явуулах, эсвэл бүр зах зээлээс шахагдаж үүдээ барьна. Үүнээс ажилгүйдэл бий болно. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг мөн чухал асуудал.

Өнөөдөр Оросод хүнсний ногоог хятадууд тарьж байгааг хараарай. Алслагдсан бүс нутгийн иргэдийн амьжиргаанд шууд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж тооцоолсон байгаа. Уул нь бид, Хятад улсыг мах, хүнсний ногоо, жимсээр өөрийн хэмжээндээ хангах сайхан боломж бий биз дээ. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч төдий идэвхгүй арилжааны банкууд бий болно. Бизнесийн бус улс төр, эдийн засгийн дарамт үзүүлдэг болж болно. Яаж вэ гэвэл Оюутолгойн валютын арилжааг хараарай. Яг л тэгж. Зээлийн хүү, төгрөгийн ханшид нөлөөлөх гээд. Индонез, Тайландад болсон үймээнийг санаарай. Яг тиймэрхүү, нийгэмд тогтворгүй байдал байнга үүсгэх бололцоотой.

Гадаадын банк Монгол улсын санхүүгийн зах зээлд нэвтэрснээр бизнесэд чиглэсэн зээлийн үйлчилгээний зардал буурч, хүртээмж нь дээшлэх үү гэдэг асуудал түрүүн жишээ авсан шиг тодорхойгүй байгаа.

Мөн Монголын том компаниудын зах зээлээс шахагдсан арилжааны банкууд хоорондоо нэгдэх, эсвэл ирээдүйд эдийн засгийн ашиг авчирах магадлалтай тусгай зөвшөөрөл эзэмшигч төдий идэвхгүй байдалд шилжих магадлалтай. Ийм байдал цаашид даамжирвал банкны төдийгүй бизнесийн зах зээлийн тодорхой хувийг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид алдахад хүрч, улмаар иргэдийн амьжиргаа муудна.

-Манай улсын Төв банк буюу Монголбанк нь Хятад улсын Төв банк буюу Хятадын Ардын банк (ХАБ –People’s Bank of China)- тай своп хэлцэл байгуулсан. Үүнээс улбаалж ямар үр дагавар гарах бол?

-Таны асуултыг өөр үгээр сийрүүлбэл надаас “төгрөг - юанийн солилцоо, арилжаа, хэлцлийн өглөг” - ийг Монгол улс юугаар яаж төлөх вэ гэж хэлбэл илүү хялбар ойлгогдоно.  Анх 2011онд Монголбанк ба Хятадын Ардын Банкны хооронд үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцлийг хоёр орны гадаад худалдааг дэмжиж тогтвортой байлгах, Монголын банкууд, аж ахуйн нэгжүүдийн юаниар төлбөрийг түргэн бөгөөд хялбар гүйцэтгэх чадамжийг өсгөх, гадаад секторын эрсдлийг бууруулах зорилгоор таван тэрбум юанийн хэмжээтэй, гурван жилийн хугацаатай байгуулсан. Хэлцлийн хэмжээг 2012 онд 10 тэрбум, 2014 онд 15 тэрбум юань болгон нэмэгдүүлж, гурван жилээр сунгасан.

Энэ нь Хятадын ардын банк нь бусад орны Төв банкуудтай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох нийт своп хэлцлийн 0.47%- тай тэнцэж байгаа.
Монгол Улсын нийт гадаад өрийн статистикаас үзэхэд 2016 оны эхний хагас жилийн байдлаар своп хэлцлийн ашигласан хэмжээ 1,6 тэрбум ам.доллартай тэнцэхээр буюу 11 орчим тэрбум юань байна. Энэ1,6 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрсэн своп дээрх юанийн өглөгийг хэзээ, ямар орлогоос, ямар хуваарь, шат дараатай хэрхэн төлөх вэ? гэсэн асуулт тодорхой хариу нэхсээр байна.

Хэрэв Монголд Хятадын “Bank of China”-ийн салбар нээгдээд, за цааш нь Хятад улсын төрийн өмчтэй гурван том банк зөвшөөрлөө хүлээгээд сууж байгааг харахад Хятадын Засгийн газар нь төгрөг-юанийн своп хэлцлийн өнөөгийн байдлыг ашиглаад “Bank of China”-ийнхаа салбараар дамжуулж Монголын зах зээл дээр дураараа тоглох аюултай байна.Тухайлбал, ийм байна. Нэгд, эдийн засагт байх мөнгөний нийлүүлэлтийг тухайн орны Төв банк нь шийдвэрлэж, зохицуулдаг. Гэтэл хөрш орны Төв банк нь одоогийн 3.3 их наяд, цаашлаад үүнээс ч илүү дүнгээр төгрөг татан авах шахалтыг Монголбанкинд үзүүлэх, татаж авсан мөнгөө хэзээ хэрхэнэдийн засагт оруулах талаар шийдвэрээ гаргах эрхтэй хоёр Төв банк зэрэгцэж зогсох эрсдэлтэй. “Мөнгө мөнгөө дуудаж, Баян нь улам баяжина” гэдэг нь болно.

Хоёрт, Монгол дахь “Bank of China” –ын салбар нь Хятадын ардын банкны зохицуулалтаа, бусад нь Монголынхоо Төв банкны зохицуулалтыг дагах нэгдмэл бодлого, зохицуулалт гээч нь утгагүй болно.

Гуравт, “Bank of China” салбараараа дамжуулаад гэнэт их хэмжээний мөнгө таталт, эсвэл огцом мөнгөний нийлүүлэлт хийгдсэнээр инфляци үүсэх, төгрөгийн худалдан авах, бусад валюттай харьцах чадвар, цалин, тэтгэврийн үнэлэмж унахаас эхлээд тооцоолоогүй бөгөөд тоогүй олон хүндрэл гарна.

Мөн, хэрэв Монголбанк төгрөг өгөхөөс татгалзана гэвэл Хятадын ардын банк своп хэлцлийн хугацааг 2020оноос цааш сунгахаас татгалзаад,хариу болгож 1.6 тэрбум ам.доллартай тэнцэх 11 тэрбум юанийг эргүүлж төлөхийг Монголбанкнаас шаардана.

Монгол улсын эдийн засагт Монголбанкнаас өөр төгрөг нийлүүлдэг Хятадын төрийн өмчит субьект бий болсноор бие даасан, хараат бус мөнгө-зээл, төсөв, санхүүгийн бодлого хэрэгжих боломжгүй болж, эдийн засгийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хүндрэл учирна. Ингэснээр гадаадын капиталыг шахан зайлуулсан 1924 оны амжилт, эдийн засаг, мөнгө, санхүүгийн хараат бус байдлаа хялбархан туух аюултай тул Гадаадын банкны салбар буву ГБС гэж товчилж хэлээд байгаа нэршлийг би зүгээр л Гадаадын Капитал (ГК) гэж л хараад байгаа. Шууд гадаадын капитал, гадаад хөрөнгө оруулалт гэдэг ялгаатай хоёр асуудал.

Гадаадын хөрөнгө оруулалт бол тухайн улсынх нь мөнгө, санхүү, эдийн засгийн бодлогод нь нөлөөгөө тогтоохгүйг, өөрийн орны төр засгийг ямар нэг дэмжлэг, бодлого, өрсөлдөөн, үл ойлголцолд татан оруулахгүй, хөрөнгөө оруулсан орныхоо хууль тогтоомжийн хүрээнд л эргээд өгөөжөө хүртээд явахыг хэлнэ.

Дээр миний олон давтаж яриад байгаа зүйлс ийм хүрээнд багтахгүй, нэгэнт эхэлвэл зогсохгүй. Бид нэг удаа гадаадын капиталыг шахан зайлуулахдаа ч дангаараа бол чадахгүй л байсан.

Аж Үйлдвэр, Худалдааны банкийг 1924 онд хуучин ЗХУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулан ажиллуулж байгаад1954 онд Монгол Улсад үнэ төлбөргүй шилжүүлж өгсөн шүү дээ.

Тэр үед манай төрийн удирдлага болоод ард олны хувьсгалч, дайчин, алсыг харж мөрөөдсөн, бодитой бодлого хэрэгжиж байсан. Өнөөдөр бол бид хийж чадахааргүй хүнд, эрсдэлтэй зүйл тул онцгой анхаарал тавих учиртай.

-Бидний яриа нилээн сунжирлаа. Гэхдээ л энэ сэдвийг хөндөж нэг ярилцлага хиймээр санагдаад байсан хүслээ биелүүллээ.

-Та бидний ярьсан асуудал зөвхөн хэдэн банкны асуудал биш урд маань байгаа бүх л юмны тусгаар, бие даасан байдалтай хамаатай гэдгийг олон давтаж хэллээ дээ, сая. Өнөөдөр банкинд ажиллаж байгаа, банкинд хөрөнгө оруулсан цөөн хэдэн хүний асуудал биш.

Та бидний зарим нь өөрөө өөрийгөө болгоод, ямар нэг ажил хийгээд амьдраад явчихна, миний насны хүмүүст хамаа байна уу гээд яваад байж болмоор. Гэхдээ “жижигхэн гэмээр юмнаас асар том уршиг үүсэх аюултай” гэдгийг та мэднэ. Иймэрхүү зүйлсийн талаар та бидэнд эртний ном зохиолоос эхлээд шинэ үеийн уран сайхны кино хүртэл байнга л сануулж анхааруулжбайдаг шүү. Залуус, ялангуяа сайн мэдэх байх даа, “Трой” гээд домог дээр суурилсан Холливудын нэг адал явдалтай, сонирхолтой кино байдаг шүү дээ. “Трой” улсын ханхүү Парис нь Спарта улсын хааны эхнэрийг булаан авдаг ахуйн гэмээр явдал гардаг даа. Гэтэл тэр асуудлаас болоод “Трой” -д ганц ширхэг аварга том модон адууны хийц орж ирээд бүхэл бүтэн улс түүх соёлтойгоо тэр чигээрээ алга болдог доо.

Банк санхүү, эдийн засгийн ухаанаар сурч боловсорч буй оюутан залуус, их, дээд сургуулийн профессорууд, Монголбанк, арилжааны банкуудын удирдлагууд, Их Хурлын гишүүд, бусад институци нь ГБС Монголд орж ирвэл яах вэ гэдгийг байж болох бүх талаас нь тооцоолж, гарах боломжит бүх эрсдлийг бодолцож, ултай суурьтай судалгаа хийж, цаашид ямар гадаадын банкийг оруулж ирэх, ямар зохицуулалт, хязгаарлалт хийхээ эргэлзээгүй шийдсэн баймаар байна.

 Эцэст нь, Монголчууд бид “Аргыг нь олбол арсланг ч дийлнэ” гэдэг шиг өөдрөг, туйлбартай, ухаалаг, алсын хараатай байх хэрэгтэй.

Өнөөдрийн бидний, олон нийтийн унтууцсан, эргэлзсэн байдал юунаас үүдэлтэй вэ гэвэл Та бидэн дунд тэр аяараа“Мөнгөгүй бол сүйрэл, мөнгөгүй бол юуг ч бүтээхгүй” гэсэн хандлага хэт хүчээ авсанаас болж байна.