Энэ удаагийн сонгууль бие даагч олонтойгоороо онцлогтой болж байна. Жирийн бичээч миний хувьд ч гэсэн эрхэлсэн тодорхой ажилгүй, элдэв нам, улс төрийн хүчинд зүтгээгүй, ёстой л “биеэ даасан” анхны минь сонгууль болж байгаа нь энэ. Тэр, энэ намынх гэлтгүй хэд хэдэн хүнийг улс төрийн хоёр том хүчний аль алиныг нь дэмжиж үг хэлээ бичгээр өгүүлсэн “нүгэл” ч бий, “буян” ч бий. Аливаа юманд эрэмбэ, ранг гэж байдаг. Би baabar.mn сайтынхаа “асс”-ууд болох, байнга хүндэтгэж шимтэн уншдаг Баабар, Цэнддоо ах нар болон өөрийн шүтээн болсон Б.Ганчимэг, Л.Мөнхбаясгалан, Г.Отгонбаяр нарыгаа хэзээ ч гүйцэхгүй. Надад тэр өгөгдөл, боломж нь заяагаагүй. Тиймээс эгнээндээ ороод гэлдэрч яваа минь энэ. Сонгуулийн маргааш амьдрал үргэлжилнэ гэдэг миний хувьд энэ. Ингээд олныг үл нуршин жирийн сонгогчийн хувьд УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийн санал хураалтын өмнөх сүүлчийн бичиглэлээ хүргэе.

Миний харж байгаагаар сүүлийн хэд хоногт гол өрсөлдөөн МАН болон АН, тэр тусмаа АН-ын “Шонхор” фракцийн хооронд өрнөөд сурталчилгааны хаалттай золгож байх шиг байна. “Шонхор”-уудад шонхордуулчихлаа гэсэн АН-ын гишүүн ч цөөнгүй таарав. Үүнийг батлах мэт “Тулалдаанд шонхорууд л...” гэлцэж эхэллээ. Энэ бол дайн үзсэн оросуудаас гаралтай үг гэдгийг энэ киног үзсэн хэн бүхэн мэднэ. Харин монголчууд дайн байлдаанд ч, хувьсгалд ч МАН-тай л орж үзсэн, бас ялж үзсэн.

Өмнөх сонгуулиар сөрөг хүчин болсны хувьд МАН-ынхан өнгөрсөн дөрвөн жилд “Ардчилал”-ыг мэдрүүлж, хадгалж сонгуультай золголоо. Энэ нь сонгуульд нэр дэвшигчээ тодруулахад ч тод харагдсан. Тодруулбал,энэ удаад МАН-ын сонгуулийн бүх ажлыг залуучууд нь нуруундаа үүрлээ. Ахмад гишүүд нь ч үүнд сэтгэл хангалуун, залуу үеэрээ удирдуулаад намбатайхан сууж байв. Он цагийн үе булаалдахаа больж залуусаараа хэн хаана “суух”, юу ярьж суух чиглэлээ хүртэл аваад намынхаа хувь заяаны жолоог залуустаа итгэж атгуулсан нь ардчилал биш гэж үү. Нэр дэвшээгүй үлдсэн гишүүдээс хэн нь ч гомдоллосонгүй, намын шийдвэрийг санал нэгтэй хүлээн авлаа. Тэр ч байтугай орхиод явсан экс гишүүдээ эргэн ирэхэд алгаа дэлгээд угтлаа, нэр дэвшүүллээ. Эвтэй байхдаа хүчтэй байдаг нь үнэн л бол энэ чанар одоо батлагдах учиртай.
 
Харин АН-ын хувьд дотоод зөрчил нь туйлдаа хүрч, өрссөлдөгчөө гүтгэн доромжилж, хуучин бохир технологио IT , online хэлбэрээр шинэчилж эвлүүлэг, бичлэгийн шалбаагт умбацгаав. Тэдний сонгуулийн ажлын бүх санаачилга намын хууччуулынхаа гарт байсан төдийгүй дээрх үйлдлүүдээрээ “сэтгэлгээний тураалтай”, тактикийн алдаатай ажиллагааг нэлээд гаргасан. Үүндээ хууль, хяналтын байгууллагуудыг ч татан оролцуулж албан тушаалын эрх мэдлээр далайлгаж буйг нь олон нийт харж, Ардчилсан намаас ардчилал хайж эмгэнэж суулаа.

Тэд МАН-ынхан өр л ярьж сонгуулийн сурталчилгаагаа хийлээ гэцгээж байна. Аргагүй шүү дээ, ард түмнээ аваръя гэвэл эхлээд хүзүүнд нь угласан дүүжлүүрийн олсыг мултлах гэж хичээхгүй яах юм бэ. Өр бол дэлхийг хөдөлгөгч хүч гэж зах зээлийн нөхцөлд үздэг гэж тайлбарлаж болох ч юунд, яаж зарцуулав гэдэг дэндүү эмгэнэлтэй. Ингэж хариуцлагагүйгээр цацаж болдог байсан бол, богино хугацаанд өндөр хүүтэй зээлээр авсан мөнгөөр зам тавьж болдог байсан бол олонтаа ингэж тэнэглэх боломж байсан. Тэр тусмаа эдийн засгийн өсөлт 17.3 хувьтай байхад бүр ч боломжтой байсан бус уу.

АН-ынхан эрх барьсан хугацаандаа улс орны эдийн засгийн өсөлтийн графикийг ямар гээч “цацраг”-аар боомилж чагталчихаад байгаагаа мэдэхгүй байна гэж үү. Хэрчим байсан бол төгсгөл нь харагдахсан. Шулуун болгох гэж оролдож “Чалко”-гийн өрийг ярьдаг ч ард түмэн МАН-ын Засгийн газар 17.3 хувийн өсөлттэй эдийн засаг хүлээлгэн өгснийг мэдэж байгаа. Энэ өсөлтийн 3 хувь гэж ярьж буй ч нарийндаа 0.1 хувийн ирээдүй тосч байна. Өрний маань гэх үү, өргөмжилж өхөөрдсөнөөр нь “өглөг”-ийн маань хэмжээг харчихаад хөрөнгө оруулагчид дайжиж байна.

Сонгогчид айж байна. Сонгуулийн өмнө бараг өдөр тутам буурч байсан ам.долларын ханш сонгуулийн маргаашаас хэрхэн гэрлийн хурдаар өсөх бол. “Сайн хувьцаа”-г өгч дуусахад ямар савлагаа үүсч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хэд дахин өсөх бол гэдгээс ч айж байна. Тиймээс улс төрийн хариуцлагаа энэ сонголтоороо хүлээлгэх гэж байна. Гэхдээ ард түмэн хэзээ ч тэнэг байдаггүй болохоор өр тавьсан гол эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцож албан тушаалаар дулдуйдан хүссэнээ хийж болдоггүйг хатуу сануулна уу гэхээс Ардчилсан намын гэх гишүүн болгоныг “өр бэлэглэгч” гээд эсэргүүцээд байхгүйгээ сайн мэдэж байгаа. Ялангуяа эдийн засгийг боомилогч өрнөөс салгаж өгөх амлалт өгөөд байгаа МАН-ынхныг олонх биш гэхэд “арай олуулаа” болгох байх аа. Өөрөө л өрнөөс гаргачихсан мэт ярьдаг Н.Энхбаяргүйгээр их өрөө яаж дардагийг хамтдаа харцгаая л даа. Өрийг дарахын тулд бүсээ чангалах тухай ярьдаг. Гэхдээ олон жил бидний бүсийг чангалж сулласан тулхтай хүчний хувьд арай хүнлэг байх болов уу гэж найдаж байна.

Улс төр, улс төрийн сонгууль гэдэг эдийн засгийн дайсан. Улстөрчдийн ялалт, ялагдал нэг л өдрийн явдал. Үүр цайхад л өөрсдийнх нь хувьд “үхэх сэхэхээ” үздэг гэлцдэг. Харин ард иргэдэд эдийн засаг л чухал. Тэр үед өрийн асуудлаар хариуцлага тооцох хэдэн хүн энэ парламентад орж ирэх бол. Хариуцлага тооцох ёстой тэр хүмүүс ер нь Монголоос олдох болов уу гэдэгт ч эргэлзэх боллоо. Тиймээс миний хувьд саналаа Монгол Ардын Намаас нэр дэвшигчид өгнө. Н.Энхбаяргүй МАН-аар их өрийг даруулж үзмээр байна. Улс орноо, ард түмнийг аварч чаддаг эсэхийг нь хармаар байна.