Жил жилийн хавар их хотын ч, сэтгэлийн минь ч дундуур урсан ирдэг Туул. Ирэх нь, урсах нь аяндаа сэтгэл аргадан тайтга­руулдаг тойром тоонотын гол минь. Гэвч, энэ жил ирээгүй л байна. Өвөлжин  нам гүмд ав­таад,  айсуй хаврын уя­сууд ирж ядах шиг байдаг Туул энэ жил эргэлт бу­цалт­гүй хулжсан эрмэг хүлэг шиг алга бол­жээ гэмээр. Яармагаас Сонги­нын гүүр хүртэл хаа од­сон нь мэдэгдэхгүй хуу­рай сайр үзүүлээд хатан Туул алга.

Харин үүнийг нь мэр­гэжлийн хүмүүс “Хүний оролцоо гэхээсээ дэл­хийн дулааралтай хол­бон ойлговол таарна.

Дэлхийн дулаарлаас болж бай­дал улам бүр муудах болсон. Туул гол жилийн энэ улиралд шургаж алга болдог. Тэр нь болж байна” гэх нь тайван амгалан байгаарай гэсэн янзтай. Үнэхээр Туул төрхөм, гэр хоёрынхоо хооронд гүйж, үнэ хүндээ барсан хүүхэн шиг ирж нэг баярлуулж, зугтаж нэг айлгадаг ааштай юмсан билүү дээ. Тиймгүй л билээ. Хан Богдын хормойд, хатан Туулын хөвөөнд мэндэлсэн хэмээн манай хотынхон өөрийм­сөн ярих дуртай. Тэгж ч онцлохоос аргагүй байх. Тэгвэл хотынхон дундаа Сансарын, эсвэл хороол­лын гэгдэх хүмүүсээс илүү 120 мянгатын ягаан, цагаан байшин­гуудын дунд тоглож, усанд сэлбэл Туулдаа, салхинд гарвал Зайсан толгой, их зугаалгаар явбал Залаа­тын сэвшээнд гэзгээ намируулж асан надад Туул юу юунаас ойрхон санагддаг аа.

Би Туул дээр “унасан” хүн. Намрын сэрүүн өвлийн жавраар солигдож, Туул мөхөөлдөслөн зайрмагтах цагт 120 мянгатын цагаан байрны жижигхэн нэгэн өрөөнд би хүн болон мэндэлсэн юм. Түргэний эмч гэрт орж ирэн­гүүтээ л “Наад хүүхдийн чинь толгой цухуйчихсан байна шүү дээ” гэж сандчин өгүүлсэн гэдэг. Төрөх хугацаанаасаа хамаагүй өмнө, бас дээрээс нь эмнэлгийн ариун бус орчинд төрсөн намайг хүн болно гэж тэр эмч огтхон ч найдаагүй бололтой юм билээ. Арван­нэгдү­гээр сар гарчихаад байхад доод давхрын айлын эгчийн есөн хүүх­дийг боосон сэмэрхий нимгэн өлгийнд боож аваад л гарсан гэдэг. Эмээ намайг эвийлэхдээ “Хүн болох дуртайдаа хүн болсон юм” гэж ирээд л үнсдэгсэн. Үнэхээр ч гэртээ төрсөн “бохир” хүүхэд гэд­гээрээ тухайн цагийн эмнэлэгт хуруу дарам цөөхөн инкубаторт ч орох эрхгүй шоовдорлогдсон на­майг хамгийн анх Туулын тунгалаг­хан агаар илбэн үнссэн болохоор би хүний хорвоод үлдсэн ч юм бил үү, есийн есийн хүүхэд дамжин ирсэн өлгийд боолгуулсан учраас ч мэнд хоцорсон юм бил үү. Ямар­тай ч хүн болох болохгүйн алтан зааг дээр Туулын сэрүүн амьсгал надтай хамт байжээ. Миний төрсөн орон зайн ай савд Туул урсдаг.  Миний сэтгэлийн дундуур Туул урсдаг. Иймийн л учир тийм л байдаг биз дээ. Туул амилах хав­рын цагт, Туул нойрсох намрын сүүлээр сэтгэл минь сонихноор догдолдог юм. Тэгээд л нутаг орон­доо хүлээн суугаа ээждээ очих мэт Туулдаа очмоор санагдана.



Туулын хөвөөнд би буй болсон юм. Хүнд төрсөн нутгийн уул, тог­лож, ууж өссөн гол ус нь ойрхон байдаг. Хотын унаган надад ч Туултай сүлэлдсэн дурсамж их. Туултай холбоотой олон олон дурсамж, хаврын бороо намайг сургаж, намайг буй болгосон билээ. Багаасаа л би их усны хөвөөнд сууж чимээ чагнан, урсгал харж суух дуртай байсан. Гэхдээ эмээ маань Туул гол руу ганцаараа явахыг хэзээ ч зөвшөөрдөггүй байлаа. “Ганцаараа явах бол Бааст голд оч” л гэнэ. Харин Туул руу явахдаа бэлдэж, бэлтгэж байгаад явна. Бааст гол буюу Дунд гол руу 120 мянгат, 19 дүгээр хорооллын хүүх­дүүд дуртай үедээ очиж, усаар нь тоглож, шавраар нь шидэлцдэг байсан сан. Гэхдээ би их тансаг­лахаараа хуушуур, халуун савтай цайгаа авч, яаруухан гарахаараа хар цай, зүсмэл боорцогтой хөдөл­дөг Туул орох аялалдаа тун дуртай байж билээ. Нэг литрийн жижигхэн халуун савтай цайгаа ах нарын эмээд илүүчилсэн бололтой бор спорт цүнхэнд хийчихээд бид хоёр алхдаг сан. Бас гол дээр очоод өргөх сокны шилэнд хийсэн сүүгээ мартахгүй. 120 мянгатын авто­бусны буудал орчмоос Туулын хөвөө хүртэл одоогийнхоор бол нэг буудал орчим юм уу даа. Гэхдээ Туултай холбоотой дурсамж яриа сонссоор явахад дорхноо хүрчих­дэг сэн. Эмээ өгүүлнэ. “Уг нь Туул голд саяхныг болтол салтай хүмүүс хөвдөг байлаа. Халхын голд олз­логд­сон япончууд Туул голын эхэнд мод бэлтгэж, тэрийгээ салаар нааш нь хот руу хөвүүлж орж ирдэг байсан. Тэгээд л хоол унд муутай нөгөө япончууд хөөрхий пүд хийтэл ус руу унаад л өгдөг байсан гэж байгаам даа” гэдэг сэн.

Гэрээс гараад Туул хүрэхийн хооронд гэдэс өлсч, зугаалганы бор цүнх рүү хуушуур авахаар гараа явуулж, эмээдээ “Хүрэхийн хооронд сувардаад, хүн тэвчээртэй байж сурах ёстой” гэж загнуулж байсан маань өчигдрийнх мэт санагдана. Эмээ бид хоёр очоод суудаг чулуутай. Яг л тэр чулуун дээрээ сууж, бас тэрнээс цаадах мөлгөр чулуунаас цааш алхуулна гэж байхгүй. Хэдийгээр эмээгийн ярьж байсан сал хөвдөг өргөн Туул байхгүй болсон ч урсгал нь хүчтэй, хүүхэд байтугай том хүн хүссэ­нээрээ сэлж болдоггүй л гол бай­сан сан. 

Эмээ бас ярина. “Хүн хэзээ ч усанд ам гарч болдоггүй юм. Ус заавал хариугаа авдаг. Ус руу хамаагүй чулуу шидэж болохгүй, юм хаяж болохгүй, бохирыг бүр ч болохгүй. Туул үе, үе үерлэж хүмүүст анхааруулж байдаг юм. Туул голыг үертэй байхад нь ганц хүн л хөндлөн сэлж байсан юм билээ. Баяраа гэдэг тэр залуу усанд боогдчихоод гарч чадахгүй байгаа хүмүүст туслахаар Туулыг сэлж гарч байсан гэдэг юм” гэж хэлэхдээ эртний домог ярьж байгаа юм шиг бахархангуйгаар хэлдэг байлаа. Хүүхэд залуучуудын усан спорт сургалтын төвийг байгуулаг­даад удаагүй байхад нь сэлж сурахаар очих болсноор өнөөх үлгэр дом­гийн усч Баярааг нь анх харсан сан. Баяраа багш саяхныг болтол хүүх­дүүдэд усанд сэлэхийг зааж, уг төвийн даргын ажлыг хийж байсан юм. Түүнтэй таарах бүртээ эмээ­гийн­хээ ярьсан усчин баатрын тухай домгийг санадаг. Харин одоо Баяраа багш маань бурхан бумбын голд сэлэхээр явсан ч аавынхаа орыг залгаж, хүүхдүүдэд яаж сэлэхийг зааж байгаа охиныг нь харахаар эмээгийн яриа сэтгэлд дахиад л хөвөрдөг юм.

Хүүхэд цагийн сайхан дурсамж, худал үнэний заагийг мэдэж өсдөг тэр л хонгорхон цагт минь Туул надад дэндүү ойрхон байж дээ. Дээд талын айлд маань надаас хэдэн нас илүү Нараа эгч амьдар­даг байв. Миний мэдэхийн Нараа эгчийн хөл муу. Гэхдээ хөл муу гэж түүндээ санаа зовох зүйлгүй. Ёстой л гунихаа мэддэггүй амьдардаг шиг санагддаг сан. Нэг талын өвдөг дээрээ гараа тулаад шатаар доош уруудах юм бол ширэнгэн дундаа дүүлж яваа Маугли л гэсэн үг. Түүний аав нь манай нэртэй эрдэмт­дийн нэг Нямдорж гэдэг хүн байв. Философийн багш, чоно Нямдорж гэхээр хүмүүс андахгүй л дээ. Эмээгийн ярьснаар залуухан багш гурав орчим насны өргөмөл охинтойгоо манай дээд давхарт нүүж иржээ. Гэтэл цахилгаан менин­гит гэдэг өвчин гарч, охин нь өрөөл татанхай болсон гэдэг билээ. Нараа эгч тухайн цагтаа мэдээллийг шуурхай дамжуулагч нэгэн байсан санагддаг. Гэхдээ мэдээлэл баталгаатай эсэх нь мань хүнд ёстой падгүй, сонссоноо л ярина. Бас зохиож ярьж ч байж магад. Түүний яриаг сонсч өссөн олон хүүхэд бий дээ. Тэдний нэг нь лав хүмүүсийн сайн танихаас нэвтрүүлэгч С.Чимгээ. Яг өөдөөс нь харсан хаалганд байдаг байсан юм чинь тархиа овоо “угаалгуулж” байсан байх. Гэхдээ С.Чимгээ надаас хэд эгч бас багаасаа хэрсүү охин байсан учраас наана цаада­хыг нь ялгадаг байсан биз ээ. Харин би багадаа Нараа эгчээс авсан мэдээллээрээ сургуульд ортлоо Туул голыг матартай гэж бодож явсан сан.

Нэг удаа, ерөөсөө анхны бө­гөөд эцсийн удаа би цэцэрлэгээсээ оргож харьсан юм. Гэхдээ гэртээ оролгүй дээд давхрын Нараа эгчийнд орлоо. Хамт яваа доод айлын Төмөрхүүтэйгээ Туул гол орох төлөвлөгөөтэй байгаагаа хэлэв. Нараа эгч ч зөвшөөрч бай­на, гэхдээ “Туул гол саяхнаас матартай болсон гэнэ лээ. Та хоёр явбал явахгүй юу. Гэхдээ битгий хамаагүй дөхөж очоорой. Матар их холоос сордог юм байна лээ. Эртээд би очоод, тэгсэн намайг сорох гээд арайхийж зугтаж гарсан” хэмээж билээ. Ингээд л тэр өдөр би Туул руу яваагүй. Харин сүүлд арван жилийн ангийн­хан­тайгаа зөндөө явсан. Тэр үед эмээ маань тас хорихоо байгаад болгоомжтой байхыг зөвлөдөг болчихсон бай­ж билээ. Ангиа­раа Туулын эргээр зугаалж, хоёр ч хүүхэд усанд унаж урсаад бөө­нөөрөө орилолдон эрэг дагаж гүйсэн дурсамж ч бий. Хүүхэд ахуй цагийн маань олон сайхан дурсамж Туултай холбоотой.

Туулын хөвөө эрэгт олон, олон хүн амьдралаа бүтээсний нэг нь л би.

Туулын хөвөөнд амьдарсан он жилүүд, түүх дурсамжууд гагц на­дад ч бус, олон олон хүнд хамаа­рах билээ. Миний эмээ алс баруун хязгаараас тавиад онд амьдрал хайн хотод ирэхдээ Туулын хө­вөөнд гэрээ анх барьж байсан гэдэг. Хөдөө аж ахуйн дээд сургуу­лийн эмчээр ажиллаж, бага насны хүүхдүүдээ тэндэхийн цэцэрлэгт өгч хотын хүн болох амьдралаа эхэлж байжээ. Ижий минь Туулын тухай олон сайхан дурсамжийг өөртөө хадгалдаг. “Зайсан толгойг хөвөөл­дөөд уулын ширүүн урсгалтай горхи урсдаг байсан сан. Нэг удаа ээж цэцэрлэгээс авахгүй удаад байхаар дүүг дагуулаад  өөдөөс нь тосох гээд явахдаа модон гүүрэн дээр ирээд усны чимээнээс сүрдээд буцсан” гэж ярьдаг. Ээжийг бага байхад байтугай намайг бага байхад одоогийн Бурхан багшийн сэрэг дүрийн харалдаагаар Туул руу уулын горхи урсдаг байсан билээ. Уулаас эх авсан олон горхи Туул руу уралдан жирэлзэн буудаг байв. Одоо суман могой мэт шунги­нан буудаг асан тэр л булаг горхио хатан Туул үгүйлдэг л байх даа, хөөрхий.

Ээжийн ярьдаг түүхүүдээс хам­гийн тод нь 1966 оны үертэй хол­боо­той. 1966 оны үерийн талаар олон хүн ярьдаг л даа. Тэр жил манайх Яармаг руу зусланд гарчих­сан байж. Гэтэл ээжийн сургууль Зайсанд. Хичээлээ тараад харил­гүй ангийнхаа охинтой үер үзнэ гээд Төв цэнгэлдэхийн тийш очсон байгаа юм. Тэр үед Туул халиад цэнгэлдэх хүртэл урссан байжээ. Эмээ харьсан чинь ээж байдаггүй, айл зусч буй ээжийн ангийн хүүхэд үер үзэхээр явсан тухай нь мэдээ дуулгаж, сандарсан эмээ буцаад л наашаа явжээ. Их ус, үймээн шуугиан болж байхад хүүхдийн дураар байх үзмэр шиг үер ч гэж юу байхав. Замаас нь хүмүүс загнаад буцаасан байгаа юм. Тэр үед Цэнгэлдэх тойроод битүү ус, дээд давхарлаг руу нь гарч суусан хэдэн хүний толгой шоволзож байсан тухай ээж ярьдаг билээ. Гэхдээ Богд хааны музейн орчимд ус хүрээгүй тойрсон байсан гэдэг. Хуучны хүмүүс газар усаа судлан байж, орд харшаа босгодог нарийн ухаантай байж дээ. Харин ээж, эмээ хоёр Яармагийн гүүр дээр зөрж, бүүр орой ядарч сандар­сан эмээ минь ээжид багагүй “эрүүний шөл” уулгасан тухай хууч сонстдог. Үнэндээ, тэр үед охиноо үер үзэхээр явсан гэж дуулсан эхийн сэтгэл ямар байхав. Сүүлд хүртэл намайг ус руу ойртуулдаггүй бай­сан нь арга ч үгүй байж. Тэр жилийн үер ч үнэхээр аймаар байсан гэдэг. Өчнөөн олон хүний амийг авч одсон. Баянзүрхийн гүүрэн дээрээс  л гэхэд автобус дүүрэн хүн үерт урсч орхисон гэдэг дээ.

Туул сэтгэлээр ундаалж урсдаг. Туул ирээгүй хаврын тухай бодол гол горойлгоно. Эмээтэйгээ Туул хөвөөлдөж суудаг байснаас нэлээд хойхно доо, нагац ахтайгаа голд сэлэхээр очихдоо Туулыг хөндлөн туулж байх үед төрсөн бодолтой яг ижил гуниг төрнө. Тэр үед бүсэлхийгээр нэлээд дээхнэ татсаар яваад Туулыг хөндлөн туулчихсан билээ. Халгаад ойртдог ч үгүй байсан гол минь ингэж татраад гэсэн олон бодол намайг гуниглуулж байсныг санаж байна. Гэтэл одоо туулах байтугай туучих ч Туулгүй болчихоод байна. Туул руугаа явмаар санагдлаа. Дунд сургуульд байхдаа аман шалгалт­даа бэлтгэж, боловс­руул­сан билетээ уншдаг байсан Ээр­мэлийн үйлдвэрийн спорт талбай хараг­дана. Энд тэндээсээ байшинд шахуулаад, хагарсан дугуй хураа­сан талбай болж дээ. Бага байхад жигтэйхэн том  санагддаг  байв. Би том болсных уу, талбай жижиг болсон юм болов уу. Уг нь энд шувуу шулганалдаад хичээлээ уншихад хамгийн сайхан газар байсан сан. Одоо машин тэрэг сүлжилдээд, шинэ хорооллын гүйцэд засаагүй замын энхэл дон­хол Туул хүрэхэд дэндүү хол бол­го­жээ. Урьд эмээтэйгээ хөтлөлцөөд Туул хүрэхэд дэндүү ойрхон байв. Харин Туул ирээгүй хаврын зэвэргэн өдөр ганцаар алхахад үнэхээр хол санагдлаа. Туул усаар биш сэтгэлээр урсдаг ажээ. Туулыг гэсэн, Туулаа гэсэн сэтгэл дут­санаас энэ жил Туул ирсэнгүй. Туул дээр унасан би хүртэл айлын нүүдлээс зугтаж яваа хүн шиг Туулынхаа дэргэдүүр тойрч өнгөрсөөр он жилийг үджээ.

Туул бол их хаадын үүх, түүх  моддын мөчир бүрт нь шингэсэн Хан Хэнтийн уулсаас эхтэй гол. Монголын их түүх, эх орны эх нь, эцэг нь болсон их усан билээ. Монгол хүн бүр Туулын хөвөөнд ирдэг, бас буцдаг. Ирж буцаж байгаа олон хүний сэтгэлийн дээжээр их Туул ундаалж иржээ. Сэтгэл дутахын, гарилдахын ган гачиг нүүрлэснээр Туул шургачиж дээ гэж бодогдмоор. Туул дээр ирэхдээ өргөлийн сүүгээ өвөртөлж ирдэг байсан хүүхэд хонгор сэтгэл шиг минь, гэрээсээ Туулын зүг цайны дээжээ өргөн өргөдөг хайрт эмээгийнх шиг минь олон, олон сэтгэлийн гол горхи тасарснаар хаврын хаварт ханаран ханарах Туул минь дургүйхэн, дуугүйхэн ирдэг болсийм болов уу даа…