Мацуда эрдэмтний номын өргөө
Нийт 150 ном бичсэн, 60 мянган ном бүхий номын тусдаа сантай, тэр нь монгол судлалын угсаатны зүйн музей болсон, цуглуулгын арвин сантай. Хэдэн өдөр ч тэнд суусан үзэж судалж барах юм биш.
"Мацуда Таданори: Монголын энэ их уудам тал цаг хугацаа байтугайг шингээнэ, зүгээр л хийсгэж одно” гэсэн гарчгаар сонирхолтой ярилцлага "Засгийн газрын мэдээ" сонинд хийж байснаас үүдээд эртний танил тэр эрдэмтнийд зочлох санаа надад төрлөө.
Би 20 гаруй жилийн өмнө танилцаж ярилцлага өгч байснаас эхлэн түүнийг мэднэ. Японы ГХЯ-ны урилгаар тус улсад саяхан зорчихдоо айлчлалын хөтөлбөртөө тусгуулж байгаад хэргээр тэднийхийг зорив.
Тэрээр умард нутгийн Саппоро хотноо төвхнөсөн жирийн сэхээтэн айлын тэргүүн, монгол гэргийтэй, Монголтой эрдэм оюунаар холбогдоод 50 жилийг туулж байгаа, Япон дахь монгол судлалын томхон өргөө-төв-номын ордонг босгосон эрдмийн гэрэл гэгээ цацруулсан нэгэн билээ.
Саппоро олон улсын их сургуулийн анагаахын шинжлэх ухааны салбарт рашаан судлалаар профессороор ажилладаг, монголч, номын зохиогч, хэвлэн нийтлэгч гэдгээрээ Япон байтугай дэлхийн монгол судлал, рашаан судлалд нэрээ мөнхөлжээ.
Нийт 150 ном бичсэн, 60 мянган ном бүхий номын тусдаа сантай, тэр нь монгол судлалын угсаатны зүйн музей болсон, цуглуулгын арвин сантай. Хэдэн өдөр ч тэнд суусан үзэж судалж барах юм биш. Ёстой нэг арвин баян цуглуулга гэж номын энэ ордонг нэрлэмээр санагдлаа.
Ийм нэгэн айлд зочлон дайлуулж, бас сонирхож судалдаг халуун рашаанд нь жин өвлийн цаснаар алжаал тайллаа. Цасан хунгар дунд нүцгэлээд явахад тэр хавьдаа даарна гэж даан ч алга.