Шинэ хууль төрийн албыг биш намуудыг “цэвэрлэж” эхлэв
“Төр засаг бол МАХН юм” гэсэн ойлголт үеэ өнгөрөөсөн боловч ардчилсан хувьсгалаас хорин жилийн хойно бид бас дахиад л төрийг намаас ангижруулах тухай яриад сууж байна.
2009 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай шинэ хуулийн амин сүнс нь төрийн албан хаагчдыг намын харьяаллаас түдгэлзүүлэхэд оршиж буй. Энэ бол төрийн албыг намуудаас салган сонгодог утгаараа иргэдэд үйлчлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх байгууллага болгох үйл явцын хөрс гэж ойлгож болно.
Гэхдээ энэ бол зүгээр л төрийн албыг төгөлдөржүүлэх гэхдээ цэвэр онолын зүйлийг амьдралд нэвтрүүлж буй хэрэг биш юм. Учир шалтгаан нь нийгэмд хэдийнэ бүрэлдээд байсан хэрэг . Улс төрийн намуудын хэрүүл тэмцэл, намчирхал, улстөржилт төрийн ажилд тээг тушаа болж, түүний иргэний төлөө байх эцсийн зорилгыг нь бүдэгрүүлж эхэлсэн. Эрх мэдлийн их, багаас үл хамааран албан тушаал бүхэн төрийн эрхэнд гарсан намуудын хүртэх “бялуу” болсон. Яагаад үүнийг “бялуу хүртэх” гэж хэлсэн нь цаанаа учиртай. Эрх мэдэл ашиглан төсвийн хөрөнгөөс хувьдаа унагах, хайрт намдаа хандив, санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх, авлига хүртэх, гадаад, дотоодод төрийн мөнгөөр томилолтоор ажиллах, амьтан, ах дүүгээ ажилд авах гээд чухамдаа л баярын ширээний бялууны эзэн болж хувирна. Уг нь төрийн аль ч албан байгууллагад дунд, доод шатны гүйцэтгэгч нарт намын харьяалал нэг их чухалгүй. Ажил, үйлчилгээгээ иргэдэд хүргэхэд нь намын гишүүн байх, эсэх нь нэмэр ч олохгүй, нэрмээс болохгүй зүйл. Гэтэл Монголд тэр бүхэнд нам шургалж, төрийн албан хаагчдыг батлахынх нь улаан, цэнхрээр хувааж орхисон нь үнэн юм.
Улс төрийн голлох хоёр хүчин л төрийн эрхийг нэгээс нөгөөдөө ээлжлэн шилжүүлдэг байдал сүүлийн хорин жилд тогтжээ. Засгийн эрх ийн шилжих зуурт төрийн арван мянган албан хаагчийг намын харьяаллаар нь хоморголон халсан баримтыг намынхан өөрсдөө хэлдэг юм билээ. Тэгэхээр төрийн албан дахь энэхүү зүйл бус намчирхлыг халахад Төрийн албаны шинэ хууль ташуур болох учиртай юм.
Ингэтэл араас нь асуудал үүслээ. Намынхаа эрх барих дээд байгууллагад багтдаг аль шилдэг гишүүд нь төрийн албандаа ажилтай үлдэхийн тулд намын батлахаа хураалгалаа. МАХН-ын эрх барих дээд байгууллага болох Бага хурлынх нь 250 гишүүний 140 нь буюу жараад хувь нь дээрх хуулийн үр дагавраар намаасаа татгалзсан гэдэг тоо байна. Мөн Хяналтын зөвлөлийн 17 гишүүний 50 шахам хувь нь дээрх шалтгаанаар сэлгэгдэх магадлалтай байна. Удирдах зөвлөлийнх нь 24 гишүүний хувьд ихэнх нь өдгөө улс төрийн албан тушаалтай тул намаас татгалзах үндэслэлгүй аж.
Намын бодлого тодорхойлох, шийдвэр гаргах эрх мэдэл бүхий байгууллагынх нь итгэл хүлээсэн 60 хувь сэлгэгдэнэ гэдэг бол мэдээжээр нам доторх маш том хөдөлгөөн. Бараг л шинэчлэлийн дайтай хөдөлгөөн болно гэсэн үг. Нам доторх шинэчлэл, сэлгэлт хөдөлгөөн зөвхөн тэр намын хэрэг бус төр улсын бодлогод дам нөлөөлөх үр дагавартай учраас олны анхаарлыг зүй ёсоор татаж байна.
Учир нь хүссэн ч, хүсээгүй ч төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх механизм улс төрийн намуудаар дамждаг. Тэгэхээр улс төрийн намуудын бодлого, итгэл үнэмшил, төлөвшил ямар байхаас монгол төрийн бодлого шалтгаална гэсэн үг.
МАХН-ын Бага хурлын гишүүдээс тухайлбал, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Л.Амарсанаа, Аудитын газрын дарга Ч.Раднаа, цаашлаад агентлагийн дарга нар, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, хэлтсийн даргаар ажиллаж байгаа МАХН-ын нэр бүхий гишүүд намаасаа татгалзсан байж таарав. Мөн Бага хурлын гишүүний сонгуультай орон нутгийн төлөөлөгчдийн хувьд ихэнх нь аймаг, сумынхаа захиргаа, үйлчилгээний байгууллагад ажил эрхэлдэг аж. Тэгэхээр хөдөө, орон нутгийнхны хувьд хамгийн түрүүнд ажлын байраа хадгалж үлдэх сонголт хийх нь бараг ойлгомжтой биз ээ. Төр, захиргааны байгууллага, эмнэлэг, холбоо, сургууль, цэцэрлэг гээд орон нутгийн тогтмол ажлын байрны хүрээ хязгаартай. Үүнээс үүдээд юун түрүүнд Бага хурал дахь аймгуудын суудал нэлээд суларч буй бололтой.
МАХН-ын удирдлагуудын зүгээс намаас татгалзсан гишүүдийн нэрсийг зарлаагүй ч Бага хурлын 250 гишүүнээс ердөө 17 хүн намаа сонгож үлдсэн гэдэг мэдээлэл байгаа юм. Тэгэхээр энэ том намын эрх барих дээд байгууллагад нэлээн өргөн хүрээтэй сэлгээ өрнөнө. УИХ-ын болон бусад шатны сонгуульд Бага хурлын гишүүд нэр дэвших эрхтэй тул дараагийн сонгуулиар тус намын нэр дэвшигчдийн өнгө ихээхэн өөрчлөгдөнө гэсэн үг.
Ер нь төрийн албыг намаас цэвэрлэх зорилготой хууль маань юун түрүүнд төрийн албыг бус намуудыг “цэвэрлэж” эхлэв. Төрийн албан дахь намын гишүүд батлахаа хураалгалаа гээд итгэл үнэмшлээ гээх нь юу л бол. Намдаа үйлчилдгээрээ үйлчилж, нам нь ч тэдэндээ нөмөр нөөлгөө үзүүлдгээрээ үзүүлсээр байх болно гэдэгт нэг их эргэлзэлтгүй мэт.
DR. UROLOGIST