Сонгуулийг сонгууль гэхээ болих уу?
Хамгийн үнэтэй эрхээ бид хамгийн хямдаар худалдаж орхив. Төрөө ардчилсан, чөлөөт сонголтоор байгуулах эрхээ бид авлигын мөнгөнөөс худалдчихлаа.
Аль ч улс оронд дундаж давхарга хамгийн “зузаан” нь байдаг жишгээр Монголд ч бас ийм. Гэхдээ хамгийн өргөн, зузаан тэрхүү давхарга хамгийн эмзэг нь. Ажилгүй, орлогогүй боллоо гэхэд баталгаажих төвшнөөс доогуур амьдрал руу гулган унахуйц, нимгэн торгон алчуур шиг. Энэ байдлыг өөрчлөхөд үлэмж нөлөөлөхүйц ямар бодлогыг төр засаг давын өмнө боловсруулж ажлаа эхэлсэн бэ гэдэгт хариу хялбар үл олдоно. Яг энэ асуултад хариулт хялбархан олдож байвал төр маань бидний санаа бодлын илэрхийлэл, бидний тусгал болж чадсан гэсэн үг. Хариу олоход бэрх байгаагийн учир нь гэвэл төрд иргэдийн элч төлөөлөгч болж очигсод нийгмийн дундаж давхаргынхнаас арай өөр амьдралын хэв шинжтэйд оршино. Яагаад гэвэл тэдний ар талд “нам” хэмээх эрх мэдэл дагасан авилга, бизнесийн асар том хэрнээ асар баян сүлжээ байдаг.
Тэрхүү “нам” асар баян гэдгээ дөрвөн жилд нэг болох сонгуулийн үеэр эрээгүй илчилж, ард иргэдийн саналыг худалдан авдаг боллоо. Тэр тусмаа эрх мэдлийн бизнес хэмээх салбарт илэрхий олон жилийн “монополь” эрх эдэлсэн МАХН илүүтэй тодорхой илэрхийлж байна. Сонгогчдын саналыг шууд болон шууд бусаар худалдан авахад зарцуулж буй мөнгө, хөрөнгөөрөө ах нам илүүрхэж байгааг өрсөлдөгчид нь хүлээн зөвшөөрч, энэхүү “давуу” байдлынх нь өмнө гар өргөн буухаас өөр “тактикгүй” болж буйгаа орон нутгийн сонгууль өндөрлөсөн энэ өдрүүдэд илэрхийлж байна.
Бүтээмж, бүтээгдэхүүн нь увайгүй болохоос бус Монголын эдийн засагт шинэ салбар болон орж ирж буй “төрийн эрх мэдлийн бизнес” ийнхүү цэцэглэсээр. Нэг эрх мэдлээс илүү эрх мэдлийн төлөө хөрөнгөө зарцуулж, эрх мэдэлд хүрэхийнхээ хэрээр илүү ашиг олж байгаа нам, улс төрийн хүрээнийхнийг бизнесчид гэхээс өөрөөр оновчтой юу гэх вэ. Гутал үйлдвэрлэгч 100 төгрөгөөр хос гутал хийж, түүнээсээ 200 төгрөг олж буйтай эдийн засгийн агуулгаар яг адилхан байгаа биз дээ. Ялгаатай нь гэвэл тэд нэг ч хос гутал үйлдвэрлэхгүй, халуун талх барихгүй.
“Эрх мэдлээ илүү эрх мэдэл болгох” бизнестээ зарцуулах хөрөнгийнх нь нэг хэсэг сонгогчдыг худалдан авах зардал аж. Аливаа үйлдвэрлэлийн зардал ашгаасаа илүүгүй байх ёстой гэдэг нь бизнесийн цагаан толгой билээ.
Сонгогчдод өрсөлдөгчдөөсөө илүү үнэ, шан харамж амлан саналыг нь худалдаж авна. Энэ бол сонгуулийн зарчим болж хувирав. Ийм зарчмаар төрийг байгуулахаа энгийн, зүй ёсны гэж үзэж байгаа юм бол сонгууль хийж яах юм бэ.
Ийм утга агуулгатай өгүүлэл бичих бүртээ Монголын ардчиллын баталгаа болсон “парламентын засаглал”-ын эрх ашгийг хөндөж, ил далд муушаахдаа эмзэглэдэг юм шүү, сэтгүүлчид. Нэг хүний засаглалаас нийтээс сонгогдсон 76 “ямаа” ч болов эрх баригч байх нь илүү ардчилал гэж бид үнэлдэг. Гэвч төрийн эрх мэдэлд хүрэх зам зөвхөн намуудаар дамжиж байгаа Монголын нөхцөлд намууд нь үзэл бодол, итгэл үнэмшлийн илэрхийлэл бус өнгө мөнгөний хэмжигдэхүүн болж, энэ хэрээр ардчиллыг ганхуулж байгаа учраас гартаа үзэг цаас шүүрэхээс аргагүйд хүрдэг билээ. Уг нь парламентат ёс, ардчиллын төлөө санаа зовох ёстой хүмүүс нь сэтгүүлчдээс илүү улстөрчид, удирдагчид өөрсдөө байх ёстой шүү дээ.
Алсдаа ашиг орлогыг нь авчрах зорилтот зах зээлээ хэзээ ч алдаж болохгүй. Дөрвөн жилийн хугацаанд сонгогчдын сэтгэлийг урвуулж болохгүй. Энэ бол эрх мэдлээр бизнес хийгчдийн эрхэм бодол. Ийм ч учраас “ноолуурын дилер” хийх халхавчаар өнөөх сонгогчдынхоо нэг хэсгийг дам худалдан авч, тал засахаас төр бодлогоо эхэлсэн шүү дээ. Төрийн бодлого, төсвийн зарлагын нэг хэсэг болж томорсоор байгаа “халамжийн” төрлүүд ч дундаж болоод дундаас доогуур давхаргынхны амьдралыг сайжруулах бодлого бус ердөө л худалдааны төлбөр юм.
Сонгууль гэдэг иргэдийн эрх чөлөөт сонголт биш ердөө худалдаа болж, төрийн бодлого гэдэг тэднийг бас дахин худалдан авах маркетинг болж эхлэв. Тэгвэл сонгууль хийсэн нэр зүүгээд яах юм бэ. Зүгээр л зах ажиллуулдаг болчих уу?