Нэг. “Оддын дайн”

Сонгууль болох гэж байна гэсээр яриагаа эхлэх нь ёстой нэг илүү юмны нэг болж, сонгуулиас өөр юм байхгүй байхад. Зурагт асаах, радио долгион барих бүрийд нэг бус, хоёр бус сайн хүн ерөөсөө л биднийг жаргаахаар  төрсөн тухайгаа ярих аж, индүү залгахаас ч аймаар. Заримдаа, ийм олон хүн биднийг хайрлаад байхад яагаад бид ийм тусгүй амьдарч байна аа гэж гайхмаар.

Дургүйцээд хаачих ч юм билээ, ингэдэг л номтойгоос хойш.

Улс төрчид, төрийн зүтгэлтний шалгаруулалт юм аа, уул нь, УИХ-ын сонгууль бол. Харин манай парламентын сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтыг харахад “Бүх оддын тоглолт”, “Бүх ард түмний урлагийн үзлэг”, “Улсын спартакиад” гэхчлэнгийн хэллэг санаанд буух ажээ.  Заримдаа бол өнөө “Би чадна” гэдэг тв шоу ч төсөөлөгдөж байх шиг. Ер нь бол манай зурагтын хамгийн сайн шоуны нэг “Авъяаслаг Монголчууд”-ын менежер ч нэг дор цуглуулна гэж горьдохын аргагүй олон одод сонгуульд чуулж байнам.

Та бүхэн “Жүжигчин, дуучин, попууд, самраачид олноороо нэр дэвшдэг хачин цаг үеийг үзэх ч гэж дээ”  гээд л шагшсаар л  байна уу? Тэдний буруу гэхэд ч хэцүү дээ. Тиймүүд нь л мандаж, “бүтээсэн нь хэрэгт орж, нураасан нь хайрлагдаж” байгаа цагт,  бусадтайгаа л ажилхан хэргээ бүтээх гэж яваа нэгнээ муулах нь зохисгүй.  Оюу толгойн бүтээн байгуулалтыг хөдөлгөсөн нь хэрэгт ороод нэр дэвшүүлэмгүй этгээдийн тоонд жагсаж, харин гацаасан нь олны хайрыг татан хаанаас ч гараад ирэхээр рейтингтэй байгаа гэвэл худлаа хэлсэн болохгүй байлгүй дээ, даанч.

Бидний хандлага, бидний үнэлэмж ийм байгаа цагт иймээрээ л байна. Баабар нэгэнтээ хэлж байсан, сүүлийн 26 жилд, хэнч төрийн эргэлтээр засгийн эрхэнд гарч ирээгүй, бүгд л хууль ёсоор ард түмнээс сонгогдсон гэдгийг. Бас аль ч даргыг  минь Бээжин юмуу, Москвагаас “ажлын хэсэг” ирж томилоогүй, бас ямар ч лидерийг маань  Жунаньхайн ордноос юмуу, Кремлийн  эмнэлгээс ирсэн эмч нар “өвчний учир” ажлаас нь чөлөөлөөд буцаагүй 26 жил.  Ардчилал гэж ард түмэн удирдагчаа өөрснөө сонгохыг хэлдэг бол бид ардчилсан нь л байсан жилүүд. Тийм болохоор овоо босгож хаячихаад “Юун шаазгай, хаанаас гарч ирээд нэр дэвшчихэв” хэмээн гайхах явдалгүй.

Сүсэгтэн ямар байна сүм лам хоёр тэрийгээ дагана гэдэг. Сонгогчид ямар байна, нэр дэвшигчид ч тэднийхээ аясыг дагана. Ямар хүн сонгогдоод байгааг харсны эцэст  л нэрээ дэвшүүлж байгаа шүү дээ. Бид ямар хүн сонгохоо болино, тийм хүн нэр дэвшихээ болино. Бид ямар намыг дэмжихээ болино, тиим нам үүдээ барина.

Хоёр. Прогноз ба төлөг

Сонгуулийн зурхай гэхээр хэн хэн сонгогдох, аль  нам ялах тухай яриа гэж бодсон уу, үгүй юмаа. Хэнч ялсан ялгаагүй юу тосч байгаа тухай яриа юм. Ажиглагчдын үзэж байгаагаар (уул нь судлаач нар л даа. Даанч энэ үгийг хэлэхээр хүмүүс жуумалзаад байдаг болчихсон) манай эдийн засгийн хямрал наанадаж 2020 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа юм байна.  Наад зах нь 2021 оноос Оюу толгойн “жинхнээсээ” ажиллаж эхэлнэ энэ тэр гэхээр бас ортой ч юм шиг.

Учир нь энэ үед хэдэн сонин мөчлөг тохионо. Юуны өмнө 1921 оны хувьсгалын 100 жил болно. Энэ нь эхэндээ ард түмнээ хаад ноёдын дарлал гэдгээс аврах коммунист хувьсгал байгаагүй, харин ч ард түмэн хаад ноёд бүгдийг нь харийн нөлөөнөөс гаргах хувьсгал байсан. Бүх удирдагчдийг устгаад чиг замыг нь өөрчилсөн гэдгийг бид мэднэ.

Бас нэг сонин ой болно.  Энэ бол 1928 онд “Феодалын хөрөнгө хураах” нэрээр эхлүүлээд 1959 онд бүх малыг хураан нийгэмчилснээр дууссан  үйл явц буюу төр нь иргэнийхээ өмчийг булаах процесстой холбогдоно. Энэ үйл явц 31 жил үргэлжээ. Ард түмэн төрөөсөө авцаатай үлдсэн гэсэн үг. Харин 1990 оны ардчилсан хувьсгалтай зэрэгцэн төрд булаагдсан өмчийг эргүүлэх тараах ажил  хууль ёсны өмч хувьчлалаар эхэлж,  хууль бус хулгай луйвраар үргэлжилсэн.  Энэ явцын  31 дэх жил 2021 онд болно. Гучин нэгэн жил төр нь булааж, эргээд гучин нэгэн жил төрөөсөө булаах нь. Ихээхэн мухар сүсэгтэйгээр, бодоход “Ардын засагт хөрөнгөө булаалгасан хүмүүсийн сүнс авцаагаа дуусгаад амирлах хугацаа” ирэх хориод онд дуусах юм биш байгаа! Ард түмэн төр хоёрын аваа өгөөний тооцоо ингэж өндөрлөх юм биш байгаа гэж. Энэ бол хямарсан нийгмийн, хямарсан оюун санааны төсөөлөл шүү.   Харин ажиглагчдын  хэлээд байгаа үг бол прогноз юм шүү.

Гурав. Тайлгын ширээн дээр хэнийг өрөх вэ?

Монголын засгийн эрхэнд гарахыг хамгийн хүсэмгүй үе бол 2016-2020 оны нэгэн сонгуулийн хугацаа. (Өнөөдөр харагдаж байгаагаар шүү) Эдийн засаг сэргэх ямар ч найдваргүй, дээр нь зарим томоохон зээл төлөгдөөд эхэлнэ. Харин ард түмэн төрөөс сонголтынхаа хариуг нэхнэ.

Хямралын буруутныг хайх, хэн нэгнийг гэсгээх замаар эхэн үедээ олон түмний сэтгэлийг амирлуулах байх л даа. Ингэлээ гээд хямралаас гарахгүйгээс хойш яалтай ч билээ. Нэгэнт л юу ч хийгээд амьдрал сайжрахгүй учраас илүү том гэмтэн хайхаас хэтрэхгүй.  Гэтэл хүмүүс нэг үзэгдэлтэй жүжгээс амархан уйдаж эрх баригчдыг өөрсдийг нь буруутгаж эхэлнэ. Ийм үед тэд үүрд  засгийн эрхээс арчигдах аюултай.

Гачлантай нь, сайн хүнээс салах л амархан байдгаас биш муу хүнээс холдох амаргүй.Тэднээс цусаа байг гэхэд нустай салах энүүхэнд.

Тэгвэл яагаад том намууд  нэгэндээ засгийн эрх бэлэглээд хорлоод хаяхын оронд өрсөлдөөд байгаа юм бэ, гэж үү?

Нэгд, тэдэнд (Яалт ч үгүй МАН.АН-д) бага ч гэсэн улс төрийн хариуцлага үүрэх чадамж байгаа. Энэ нь юу вэ гэхээр итгэл үнэмшил, ажил албаны хувь заяа нь намаасаа хамаарах олон арван мянган гишүүнтэй гэдгийг хэлж байна. Намаа ялагдуулж, лааз өшиглөхгүй гэсэн хувь хувийн сонирхлын нийлбэр нь “манай нам  ард түмэндээ таалагддаг  байгаасай” гэх үндэсний сонирхол болж байгаа хэрэг. Өнөө Адам Смитийн хэлдэг  эдийн засгийн сайхны шалтгаан болсон “Үл үзэгдэх гар” шиг л юм даа.

Намын удирдлага аль болох олон хүний хувь заяатай холбогдвол хариуцлага үүрэх чадамжтай болно. Нам нь нэг айлаас, нэг компаниас хамаарахгүй  байхын хэрээр нийт үндэстнийг төлөөлөх чадамжтай болдог. Үндэснээ төлөөлөх чадамжтай байхын хэрээр өөрийгээ урт настай гэдгийг мэдэрч хариуцлагатай болж ирдэг. Манай хамгийн муухай бөгөөд хамгийн хоёрхон нам болох МАН.АН-гийн үндэсний хэмжээний үнэ цэнэ энд л байгаа.

Гэхдээ хариуцлагатай байх чадамжтай л болохоос биш чадаж байгаа  юмаар ч барагтайхан хоёр л доо. Байхгүй юмаа төрөхийг горьдож сууснаас байгаагаа тордох нь онодог гэдэг утгаар л хэлж байгаа юм.

Хоёрт, тэднээр л хамгийн түрүүн сор залж, зүрхээр нь туг тахиж баймаажин хямарсан олны сэтгэлийг хэсэгхэн зуурч болов амирлуулах учраас  биеэ хамгаалах зөн нь ажиллаж байгаа хэрэг.

Нөгөө талаасаа, эдийн засгийн хямрал нь улс төрийн хямралын төрсөн эх байдаг хойно маргаашийн хямралд найдаж засгийн эрхэнд тэмүүлж байгаа хүчирхэг хувь хүн, тэдний бүлэглэл ч бас бий болов уу.  Нийгмийн зүгээс хямралын буруутныг хайж (Шалтгааныг хайж сурахын өмнөх шат)  байгааг, мөн тэднийг гэсгээхийг шаардаж байгааг(гарц хайж сурахын өмнөх шат) далимдуулан улс төрийн өрсөлдөгч нараа гэсгээх боломж  заримд нь гарч л таарна.

Улмаар хүсэн хүлээсэн ургац нь алга байхын хэрээр олон түмэн улам хилигнэнэ. Энэ нь нийгмийн эмх замбараагүй байдалд хөтөлж мэднэ. Эсрэгээрээ эмх замбараагүй байдалдаа залхсан  олон түмэн дэг журам тогтоох хатуу гарыг нэхэж ч мэднэ. Алин ч байсан засаглалын эрхийг гартаа төвлөрүүлж, жолоодогч болох үүд хаалгыг нээж магад. Энэ завшааныг ашиглан өөрийн дэглэмээ тогтоох санаархал байхыг ч үгүйсгэхгүй.

Одоо яах вэ гэж үү, яах ч аргагүй дээ. Хямрах л болно. Харин сонголтоо уураараа биш ухаанаараа хийхийг л уриалмаар байна.  Урьд өмнө нь бид нэр дэвшигчээ өөд нь татах гэж, энэ хүнийг дэмжээд өгвөл зүгээр гэсэн утгаар сонгож байсан.  Бидний өмнөх жаргах хүнээ л сонгож ирснээ болиод бидний өмнөөс махаа идэх, олон түмний уур уцаар, биелүүлэх боломж багатай нэхлийн шуургыг даваад үлдэх нэгнээ л дэмжүүштэй санагдана. Нэр төрөө золиод ч болов шуургыг сөрөх чадалтай хүн л хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл бид гал түймэр лүү итгэж илгээх хүнээ л сонгох гэж байгаа.

Ирэх сонгуульд хэн нь олонх  болохоос үл хамаараад гар нийлсэн төр засаг гарч ирэхгүй бол байдлыг улам дордуулна.  Иймээс хүний эвийг олдог, сөрөг хүчинтэй ч, эрх баригчтай ч үг хэлээ ололцдог төлөөлөл бидэнд хэрэгтэй байгаа цаг гэдэг дээр санал нийлэх байх аа.

Хэрэгтэй цагт нэр төрөөрөө,  карьераараа ч  болов дэнчин тавьж чадах нь 

Бидний өмнөх сонголтуудад уур хилэн, сэтгэл дундуур  байдал давамгайлж байсан. Ерэн оны ардчилсан хувьсгалыг орхиод ярихад 1996 онд МАХН-д сонгогчид уураа гаргасан учраас Ардчилсан холбоо эвсэл ялсан. Харин 2000 онд Ардчилсан хүчинд уураа гаргасны үр дүнд МАХН эрх авсан. Улмаар , МАХН-ын даргад уураа гаргасан ард түмэн МАНАН бүтээсэн. Харин одоо уураа дараад, ухаанаа гаргаад сонголт хийх нь оновчтой. Хэн ч засгийн эрхэнд гарсан байг тэр ард түмний сонголт байж, түүнийхээ хариуг ард түмэн л хүртэнэ.

…Ийм үед “Бурхан биднийг гэсгээхдээ хүртэл ивээж байдаг” хэмээх үг л санаанд их орох юм даа.

2016.06.07