Нутгийн хүн ба “нутгархсан хүн”
Энэ жилийн сонгуульд намаасаа илүү хүний хүчин зүйл голлож байх шиг байна, ялангуяа орон нутагт. Угаасаа сонгууль нь намынхаа нэрийг барьж хүн сонгуулах, эсвэл хүнийхээ нэрийг барьж намдаа суудал авах хоёр үндсэн чиглэлээр л явдаг ба түүнийгээ пропорцианаль ба мажоритар хэмээн нэрлэдэг билээ.
Энэ жилийн сонгуульд намаасаа илүү хүний хүчин зүйл голлож байх шиг байна, ялангуяа орон нутагт. Угаасаа сонгууль нь намынхаа нэрийг барьж хүн сонгуулах, эсвэл хүнийхээ нэрийг барьж намдаа суудал авах хоёр үндсэн чиглэлээр л явдаг ба түүнийгээ пропорцианаль ба мажоритар хэмээн нэрлэдэг билээ.
Энэ онцлогоос болоод орон нутгийн тойргуудад нэр дэвшигчдийг “Нутгийн хүн”, “Нутгархсан хүн”, “Нутаг царайлсан хүн” хэмээн хувааж болохоор байна.
Нутгийн хүн нь мэдээж ээж аав ах дүүс нь тэндээс угтсан, ижий бололцсон улс байх ажээ.
Харин манай өвөө, эмээ уг нь эндхийнх гэсэн хэмээх яриатай, олны мэдэх хэн нэгний нэрийг барьж “тэр хүн манай төрөл”, “ энэнтэй бид садансаж явдаг” гэхчлэнгийн юм ярьж яваа нутгархагсад ч харагдана.
Гэтэл хэнийхний хүн бэ гэж асуухаар бараг л Хүннү, Сүннүгийн үеийн юм ярьж, өнөөх “Сэрэлт” кинонд “Галзуу Бумаа та хоёр хэдийдээ эгч дүүс болчихоов” гэдэг шиг мөн ч гэхийн аргагүй, биш ч гэхийн ч аргагүй “нутаг царайлсан хүн” ч бас байх жишээний.
Харин орон нутгийнхан өөрснөө хүнээ сонгохдоо хэд хэдэн зарчмыг барьж байх шиг байна. Юуны өмнө эргэж ирэх нүүрээ бодох, энд суудаг амьтан ах дүү нарынхаа нэрийг баастаад явчихгүйг хичээх тийм хүнийг орон нутагт онцгойлон үзэх төлөвтэй байна.
Нөгөө талаасаа, нутагтаа төрж өссөнөөс гадна төвдөө нөлөөтэй, аймаг орныхоо өмнөөс хэнтэй ч таван үг солилцож чадах, хүний эвийг олдог байх нь чухал гэж үзэж байгаа бололтой. Энэ нь бас учиртай юм байна. Сонгоод л явуулахаар баахан зовлон тоочоод, эрх баригчдаас боллоо, нөгөө намынханд ингэж чадуулчихлаа хэмээн ханилж яваа нөхдөө зүхсээр ирдэг нөхдүүд нэгэнт хэрэггүй болохыг таньсан шиг байна. Тэд нөгөө муулаад байсан улсынхаа шийдсэн, бүтээсэн юмыг болохоор “Би ингээд хийлгэчихлээ”, “Миний тавиулсан зам” гэж ичгүүргүй ярьсаар байгаад нүүрээ барсан тал ч байна.
Ийм болохоор нийслэлдээ нүүрээ барчихаагүй, хүний эвийг олоод явдаг хүн эрэлттэй харагдана. Өөрөөр хэлбэл, юманд явуулахаар ганзага хоосон ирчихээд “тэрнээс боллоо”, “энэнээс гайтлаа” хэмээн буруугаа бусдад чихдэг хүн хэрэггүй болж. Харин аль ч намынхны эвийг олдог, аль ч хүний аргыг олдог, шалтаг хайхын оронд шалтгааныг олж засахыг хичээдэг хүнийг хайж байна. Мэдээж, янз янзын юманд нэр холбогдож нүүрээ барчихаагүй, төрд очоод тэрбумтан болох гэж алийгаа алдахгүй хэмжээнд “биеэ болоод гэрээ зассан” байх нь чухал бололтой байна.
Жишээлэхэд манай Булганыхан Лхамсүрэнгийн Энэбиш даргаа их ярих дуртай юм. Л.Энэбиш гуай бол Улаанбаатар хотыг удирдаж эхэлсэн цагаасаа л хот улсын хэмжээнд, нийт үндэстний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, улс төрийн аль ч бүлэглэл үгийг нь сонсдог байсан төрийн зүтгэлтэн.
Түүнээс хойш улсын хэмжээний тийм улс төрч Булганаас төрсөнгүй гэлцэнэ. Энэбиш гуайгаас хойш Улаанбаатар нийслэлд буюу Монголын их улс төрд Булганы дуу хоолой сонсдохоо больсон гэж гэж үздэг юм байна.
Спорт, урлагийн зүтгэлтнүүдийнх нь нэрийг хэлэхээр Монгол улс байтугаа манай дэлхий алга ташдаг энэ нутгийнхны нэр нөлөө улс төр дээр ирэхээрээ иймэрхүү. Ийм учраас Булганыханд Л.Энэбиш дарга шигээ л нийслэлдээ, улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнтэй болохыг их мөрөөдөж, сонголтынхоо бараг л тэргүүлэх хүчин зүйл болгосон харагдана лээ.
Өнөө жил Их хурлын сонгуульд АН-аас нэр Булган аймагт нэр дэвшсэн хүн бол О. Амартүвшин билээ. Тэрбээр нутгийн Зөвлөлийн даргын хувьд Булган аймгаа зорьдог байсан бол энэ удаад нутгаасаа УИХ-д нэр дэвшигчийн хувьд очиж байгаа юм байна. (Нутгийн Зөвлөл бол нийслэл хотод нутаг орноо төлөөлдөг иргэний байгууллага. Тэд нутгийн зөвлөлийн даргаа аль л болох “Энэ хүнд л нутаг орноо гэх сэтгэл байгаа” хэмээн итгэсэн хүнээрээ томилдог онцлогтой)
Амартүвшин өнгөрсөн жил байхаа, уржнан ч бил үү, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Энэ танхим бол Улсын нийслэлийн хөгжлийн төлөөнөө манай улс төр, бизнесийн хамгийн нөлөөтэй эрхмүүдийн үүсгэсэн байгууллага. Дарга удирдлагыг нь ямар ч байсан улсын нийслэлдээ хүлээн зөвшөөрөгдсөн, хэнтэй ч ажил ярихаар очиход нь үүдэндээ хүлээлгээд байхааргүй, хүлээн зөвшөөрөгдсөн хүнээр хийлгэдэг билээ.
Байдал нэг иймэрхүү…