Үнэндээ л хөгийн юм болж байна. УИХ-ын сонгуульд  нэр дэвшиж (дэвшүүлж )  байгаа нөхдүүдийн жагсаалт гарчээ. Ийм байдлаар бид  хэр  удаан тэсч, хэр удаан явах бол. Төр, улсыг жолоодох, удирдах гэдэг зүгээр л хэн дуртай, захын нэгний бардаг,бараадаг  зүйл мөн гэж үү? Эрх чөлөө, хүний эрх энэ тэр гэж  “том,том” ангалзсан, чухам түүнийгээ ойлгох ч чадваргүй  усан тэнэгүүд  тэрхүү  “эрх чөлөө”-гөө эдлэж байгаа юм гэнэ ээ. Махан толгойлж, мантуу царайлсан бөхчин гарууд, хоногийн зугаа, хов живээр  амьсгалсан  эмс  л  мянган жилийн түүхтэй Монгол төрийн  бодлого боловсруулахад  л  дутаж  гэнэ. Цагаан цамц  өмсөж, зангиа зүүхээрээ тэд ухаантай болчихдог юм уу? Бүр байтлаа, гэмт хэргийн ертөнцөд рецетивээрээ цоллогдсон хулгайч, шоронгийн овгорууд  ч  төр  барилцах  “уралдаан”-ы зам дээр гараад  ирлээ. Аяа, ямар агуу билээ,бидний энэ их “эрх чөлөө”.

Их хурлын танхимаас өөр  орчинд  амьдрах чадваргүй болсон  “буг”, “хог ургамал”-ууд ч  хагдарч,  хавь ойрыг  цэвэршүүлэн  цэлийлгэх  янз алга.

Аа, яаая яа! Баавар нийтлэлч  “Монголын парламент  хулгайч, луйварчин, авилгач, сэтгэл мэдрэлийн  хурцын тасгийн өвчтнүүдээр  дүүрчихжээ” гэж  бичиж билээ. Бичсэн  нь  л тэр  болохоос  биш, бүгд  л  эл оношийг  аль  эрт  хаана  хаанаа  хүлээн  зөвшөөрсөн  байсан. Тиймээс энэ удаа тэд бүхнээс сална, ангижрана  хэмээн горьдсон юмсан. Эмчлэгдэшгүй  нь  ээ, бүр  ч дэндлээ. Муу  дээр  муухай  болж, мулзан дээр нь улцан нэмж Монголын парламентэд  оюуны  бус  биеийн хийгээд дуу хоолойныхоо булчингаа хөгжүүлэгсэд, бусдыг  дээрэмдэгч,дарамтлагч, хоосон чалчигч, хуурамч  “эх орончид”  пиг дүүрч  шавааралдан байх  юм  байна л даа. Сонгуульдаа  идэвхтэй оролцьё  гэдгийг  зарим  нэгэн  маань  нэрээ  дэвшүүлэх  гэж  ойлгоцгоосон  тууж  явах  шиг байна.  Дур  эзнээ  голдоггүй ч, хүн өөрөө өөрийнхөө  рааманд  жайжигнаж  байхдаа л арай эгэл  хийгээд зохимжтой харагддаг  билээ.

 ***

Монгол хүнд үнэлэмж гэдэг зүйл огт байхгүй болчихсон юм уу, хаашаа юм бэ? гэж бодогдох юм. Бид  аливаад  арай дэндүү туйлширч хандаад, нөгөө  тунгаадаг, нягтладаг гайхмшигт “монгол  ухаан”-аа гээчихээ  юү?

Аажуу, дөлгөөн, нухацтай  монгол  хүн, хаврын тэнгэр лүгээ  хуйсгануур, муйхар, өнөөдөр  бурханчилж  байснаа  маргааш хог,шороотойгоо хутган дэвсэлсэн монгол болон ямар  хурдан“мутаацлагдах”юм  бэ? Бүхнийг сэтгэлийн  хөөрөл, бухимдлын сэвэлзүүрээр шийдвэрлэдэг болсноороо  алдах  маань  дэндүү  ихэслээ. Бид  нэгэн  цагт  яг  ийм  байгаад  юутай  их  хохирсноо мартах цаг  болоогүй  байлтай. Хэт туйлшрал, эрх  мэдэл, эд  баялгийн төлөөх  хязгааргүй шунал, атаа, жөтөө өнөө  цагийнх  лугаа  дүрэлзэн, сэхээтэй, сортоолог, оюунлаг болгоноо барьж “идсэн” хэлмэгдүүлэлтийн түүх давтагдах гээд  ч  байх шиг  анзаарагдах  боллоо. Магадгүй гаднын тодорхой хүчний бодлого  энэ  бүхнийг  өгдөөдөг  байх  магадлал ч  бий  гэлцэнэ. Монголд улс  төр захиалгаар  өрнөх  болсон  нь нууц  биш. “Панамын оффшор”  хэмээх үнэн  худал  нь үл нотлогдох  “хэргийг” ямар  ихээр  хөөрөгдөж  байна  вэ? Сонгуулийн мөчлөгтөө  зэрэгцэн заавал  нэг дуулиан  дэгддэгийн жишээ биш  гэж  үү? Монголын улс  төр  хэн ч  гарч, тоглолт  хийж  болдог  шигээ хэнийгээ  ч  хэдийд  ч  “устгахаасаа” сийхгүй  хэт хэрцгий, хэт увайгүй болон төлөвшиж  байгаа  нь  юутай  аймшигтай. Хаана  ашигтай  байгаа  руу  хамтрагчаа, найзаа,нөхрөө, үзэл  бодлоо, намаа худалдан  янхан  лугаа  биеэ  үнэлэгсэд  өнөөдрийн  улс  төрийн хүрээнд  ил  тод  болж, эрээ  цээрээ  алдлаа л даа. Одоо  бүр байтлаа улс  төрд  орохын тулд өлсгөлөн хүртэл зарладаг боллоо. Ийм гутамшиг, доройтол  гэж  байх уу?

“Миний  бие сонгуульд  нэрээ дэвшүүлж  байгаа, мөнгө  зээлдүүлээч, гишүүн болмогцоо буцааж  өгнө” хэмээн дэмийрч  байгаа  “гарууд” ямар  олон  болж  байна вэ?  УИХ-ыг  хууль, цаазаас зугтаагсдын  хоргоддог, хоосон  нэгний  мөнгөждөг, хөлждөг  газар  гэж ойлгочихоод  байна.  Чааваас гэж, ийм ойлголт  төрөхөөс  ч аргагүй. Үнэн байдал  тийм л байгаа  хойно. Яг үнэндээ дарга  гэдэг мэргэжил болохын адил улстөрч, хууль тогтоогч, бодлого тодорхойлогч ч  бас  боловсрол, туршлагад тулгуурласан нарийн мэргэшлийг тухайн  хүнээс  шаарддаг  агаад  баргийнх  нь тэнд  тэнцдэггүй юм. Тэнцэхгүй  “тэнэмэлүүд” олноор  цугларснаар төрийн бодлого  дампуурахад  хүрдгийг, бид бишгүйдээ  харж  байна.

УИХ  дахь элий, балайчуудын  эгнээ  энэ  байдлаар  улам  өргөжиж  бололтой. Төрийг  ийм  сул  байлгах  хүсэл  эрх  баригч  намууд  хийгээд  тодорхой  бүлэглэлүүдэд  асар  их  байдаг  болохыг  нэр  дэвшүүлэгчдийнх  нь  жагсаалтаас  гадна  оффшортой  холбоотой  өрнөсөн улс төрийн  махинацаас харагдлаа. С.Баярцогт, Э.Бат-Үүл, Х.Баттулга,  Сү.Батболд, Д.Цогтбаатар... нарын дөч гаруй эрхмүүдтэй холбоотой  оффшорын асуудлыг сайн  анзаарвал, энэ  дуулианаар шалтгаалан  хэн  нэгний өрсөлдөгчөө  “намнах” гэсэн  бодлого, өнөөх  л  “чөтгөрийн  тогооны” атаа, хорсол   Монгол Улсын эрх ашгаас  давж  халиад  байгаа нь  анзаарагдаад  байна. Зарим  нэгэнд  нь  энэ  бүхэн  тун ч  ашигтай  популизм  болж  байгааг  бүгдээрээ  харлаа  шүү дээ. Арай  гайгүй  нэгнээ  алдаан  дээр  нь дөрөөлөөд  бүрмөсөн “алах”-ыг  ёс зүйтэй байна  гэж  ойлгож болох  уу? Зүгээр л  үзэн  ядалт, хардалт, өш хонзонгоор  нийгмийг цэнэглэж, өөдтэй нэгнээ, хэрэгтэй  нэгнээ  хэрэгтэй  газраас  нь  зайлуулаад  байвал  бид  яаж  урагшлах  болж  байна. Монголын  төр  зүтгэсэн  хүндээ  халтай, зуурдын  мануухайнуудад  ээлтэй  байж  ирсний  учрыг  ойлгоход  бэрх юм. Монголд  хэрэгтэй  нэгнээ  ямар  нэгэн  байдлаар “шантаажилсаар” улс  төрийн тавцнаас  зайлуулж, улмаар  устгадаг бодлого  хаанаас  үйлдвэрлэгдээд  байна вэ? Төр, түмний “түмэн  нүд” –нүүд  тэгээд  харж  л  байдаг  байлгүй. 

Шуудхан өгүүлэхэд  Монголын  төрд  бөх барилддаг, дуу дуулдаг, нийгмийг турхирч ашиг хонжоо хайгчид, хуурамч эх орончид  биш бодлоготон  хүн  хэрэгтэй  байна. Бодлоготон хүн гэж үнэлэмжтэй хүнийг  хэлдэг. Бодлоготон хүний үнэлэмж  биеийн болон булчингийн хэмжээгээр  биш оюуны, мэдлэгийн, боловсролын хэмжээгээр илэрхийлэгддэг  гэдгийг  монголчууд  минь  “монгол  ухаанаар”-аа  биш  хүний  ухаанаар  тунгааж  энэ  удаагийн  сонгуульд  саналаа  өгөөрэй дээ  хэмээн  учирлан  гуйх  байна.