Компютерээ ухаж байгаад ноднин намар ноороглоод орхисон нэг жүжгийн зохиол анзаарлаа.  УДЭТ-ын найруулагч нарт хэвлээд өгч байж билээ, уншсан нь уу шүүгээнийхээ мухарт хадгалсан уу бүү мэд. Ямартай ч өнөөгийн цаг үед тохирсон мэт санагдаад байгаа юм. 40-өөд хуудас юмыг танаж товчлоод 20 хуудас болгоод нийтэлж байгаа нь энэ. Хэрэв хэн нэгэнд таалагдаад тайз дэлгэцэнд амилуулая гэвэл талархан хүлээж авах болно. Зохиогчоос


Гол дүрүүд: 

ЭГЧ: Хэнмэдэхийн ганц охин. 30 – 35 орчим настай. Гадаадаас дөнгөж ирсэн.

АХ: Хэнмэдэхийн том хүү. 25 – 30 орчим настай. Хэт прагматик.

ДҮҮ: Хэнмэдэхийн бага хүү. 20 – 25 настай. Аавыгаа үзэн яддаг. Хэт романтик. 

ХҮҮХЭН: 30 – 35 настай. ДҮҮ-гийн нууц амраг байсан ХҮҮХЭН.


ҮЗЭГДЭЛ 1

Хэнмэдэхийн гэр. Цагаалганы ширээ, зулын цөгц, арц хүж бүхий Хэнмэдэхийн хөрөг... АХ нуруундаа том саарал үүргэвч, хоёр гартаа нэг нэг том цагаан цүнх чирсээр орж ирэхэд цаад өрөөнөөс ДҮҮ гарч ирлээ. 

АХ: Арц хүжээ уугиулахгүй яасан юм бэ?

ДҮҮ: Муухай үнэртээд байна.

АХ нуруунд үүрсэн үүргэвчээ хайхрамжгүйгээр шидэж буулгав.

АХ: Буяны юмнууд шүү.

АХ хоёр том цагаан цүнхээ ихэд нямбайгаар нээж доторхийг нь уудаллаа. ДҮҮ сонирхож харна. АХ том цагаан цүнхнээс үнэтэй сүрчиг гаргаж ДҮҮ-д өгөв.
ДҮҮ өнөөх усыг нь задалж агаарт цацаж үнэртсэнээ ярваганав.

ДҮҮ: Миний дургүй үнэр байнаа.

АХ: Чиний хэрэглэдэгээс үнэтэй, ориг эд дээ уг нь. Дуртай дургүй ямар хамаа байна.

ДҮҮ задалсан усаа буцааж АХ-д өгөв. 

ДҮҮ: Өөрийг өгчих л дөө.

АХ: Одоо мөнгийг нь төлөөд аваа.

АХ өнөөх задалсан усаа ДҮҮ-д эргүүлэн өгсөнөө,

АХ: Өөртөө үлдээ. Задалчихсан юмыг чинь зарж болохгүй.

... Хаалганы хонх дуугарлаа. АХ, ДҮҮ хоёр цүнхтэй юмнуудаа цааш нь оруулав.  ДҮҮ хаалга нээхээр үүд рүү яаран дөхөхөд, 

АХ: Хөөе тайван, хүлээж бай.

АХ цөгцтэй зул, арц хүжийг асаагаад толгой дохив. ДҮҮ хаалга нээхэд бийлэгжүү байрын хувцас, гоёлтой тарган эр (ТАРВАСАН ТОЛГОЙ) орж ирлээ. Ах танихгүй, дүү танимхайрна...

ТАРВАСАН ТОЛГОЙ:  (АХ-д хандаж) Намайг нэг л танихгүй байнаа?

ДҮҮ: (АХ-д хандаж) Яагаав дээ эгчийн ангийн...

АХ: Аан нөгөө тарвасан... (бантасхийж) сайн уу та. Хоол цай идээч.

ТАРВАСАН ТОЛГОЙ: Тийм ээ, тарвасан толгой байна. Таньдаггүй ээ...

АХ: (бантасхийн жуумалзаж) Эгч өглөө онгоцноос буусан, ингэсгээд ороод ирэх байх.

... ТАРВАСАН ТОЛГОЙ цайнаасаа балгалаад ДҮҮ рүү чухал харахад өнөөх нь толгой дохив. ТАРВАСАН ТОЛГОЙ дугтуйтай зүйл ДҮҮ-д өгөөд гарч явахтай зэрэгцэн АХ буяны гарц цайлгах юм авчирч өгөв.

ТАРВАСАН ТОЛГОЙ: Туслуулах юм гарвал хэлээрэй.

ТАРВАСАН ТОЛГОЙ гарч явлаа.

... АХ: Энэ муу амьтан ингээд баяжчих гэж.

ДҮҮ дугтуйн дотроос чек гаргаж АХ-д үзүүлэв. АХ уншаад нэлээд гайхасхийнэ.

ДҮҮ: Манай рестораныг ийм үнээр худалдаж авая гэсэн юм. Үнэлгээний компаний хэлсэнээс хамаагүй өндөр үнэ.
АХ: Чи чинь хэзээдээ үнэлгээний компани энэ тэр сонирхдог болов?

ДҮҮ: Энэ рестораныг харахаар уур хүрч байна.

АХ: Ямар ч орлогогүй. Тэгээд ах нь оригналь сүрчиг, брэндийн дэлгүүр нээх гэсэн юм.

ДҮҮ: Та дэлгүүрээ өөр газар нээчихэж болохгүй юу?

АХ: Ийм өндөр үнэ хэлсэнд нь нэг л учир бий. Ресторанаа зарахыг эгч зөвшөөрөө ч үү.

ДҮҮ: Хоёулаа ятгаж чадвал эгч зөвшөөрнөө.

Хаалганы хонх дуугарлаа. ДҮҮ үүд нээхэд ЭГЧ орж нэлээд ууртайгаар орж ирээд чемоданаа үүдэндээ үлдээж, ДҮҮ түүнийг нь чирч оруулна. ЭГЧ АХ-руу мэндийн зөрөөгүй муухай харж, ХЭНМЭДЭХ-ийн хөрөгний өмнөх арц хүж, зул г.м.-ийг буулгаж хураав. ХЭНМЭДЭХ-ийн хөргийг ч авч ширээнд тавив.

ЭГЧ: Яаж галзуурч байгаа юм та хоёр?

АХ: (гараа сунгаж) Эхлээд ядаж мэндэлдэггүй юм уу?

ЭГЧ ихэд уурлаж АХ-ыг тасхийтэл нь алгадав.

ЭГЧ: Энэ юмнуудаа хураа, би эмнэлэг явлаа.

ДҮҮ: Хэнмэдэх найдваргүй болсоон, эмч аппаратыг нь салгаж болно гэсэн.

ЭГЧ:  (ДҮҮ-д хандаж) Төрсөн эцгээ ингэж хэлэх ч гэж дээ. 

ДҮҮ: Ах бид хоёр аль хэдийнэ зөвшөөрөөд гарын үсгээ зурчихсан.

ЭГЧ: Та хоёр арай ч дээ. (АХ-д хандаж) Чамд жаахан ч гэсэн хүн чанар үлдсэн үү? ...

АХ: Та битгий сүржигнэ. Аавыг хэн асарч байсан юм? Би. Шээс баасыг нь хэн зөөсөн юм? Би. Эмчилгээний аппаратыг хэн хөөцөлдөж олсон юм? Бас л би.

ЭГЧ: Гэхдээ ингэж цагаалга хийх нь яав ч эрүүл хүний санаа биш.

АХ: Үгүй бол та наашаа ирэх байсан уу? Бид эмнэлэгт ямар ихийг төлсөнийг мэдэх үү? 

АХ өврөөсөө А4-ийн бичиг баримт гаргаж ирлээ.

АХ: Энд хурдан гарын үсгээ зур. Аппарат салгахад заавал гурван хүүхдийнх нь зөвшөөрөл хэрэгтэй гэсэн. Дараа нь бүгд жам ёсоороо болно.

ЭГЧ: Та хоёр юундаа адгаад яараад байгаа юм?

... АХ: Рестораны орлогоос шууд эмнэлэгийн төлбөр шилжүүлэх гэрээ хийсэн юм билээ. Эмнэлэг аавын аппаратыг салгахгүй хэдэн сар ч болж магад.

ЭГЧ: Би бууж өгөхгүй ээ, аавыг аварч болно.

АХ: Бодит байдалдаа эвлэрээч, та өөрөө ч мэдэж байгаа биздээ.

Хаалганы хонх дуугарлаа. АХ сандрангуй арц хүж, зулаа асаав. ЭГЧ арц хүжийг буулгах гэхэд ДҮҮ хориглолоо. АХ үүд нээхэд настайвтар ЛАМ орж ирлээ. АХ түүнийг танимхайран мэндэлж ширээнд суулгаж цай цүү өгөв...

ЛАМ: (хэсэг шившээд) Бар жилд танай удамд эргэж төрөх нь ээ.

ДҮҮ: Яасан сүрхий юм. Өөр юу гэж төлөг буув ламаахай?

АХ: (ДҮҮ-г нударч) Дүүг маань өршөө багшаа. Санаагаар унаад үг хэлээ мэдэхгүй яваа. 

ЛАМ: Та хэд ёсонд маруухан биз. Ажил явдалыг нь би гардая. Танай эцэгт би буяны өглөгтэй хүн. Хар багын нөхөрлөл ч бий.

АХ: Гялаалай танд.

ЛАМ: Та гурвын багад ээжийг чинь өөд болоход би бас хойдохыг нь засч явсан юм.

ЭГЧ: Би санаж байнаа. Тэр үед та миний насны, бас туранхай байсан.

ЛАМ: (толгой дохиж) Одоо унших номыг сайн сүсэглээрэй.

АХ: (алгаа хавсран) Жаа.

ЛАМ ном уншиж дамар хонх дуугаргана. АХ нүдээ анин ихэд сүсэглэнэ. ЭГЧ зүгээр л бодлогширч, ДҮҮ харин ярваганаж маасайн ширээн дээрээс юм авч иднэ. АХ ДҮҮ-г хараад муухай харж, алгаа хавсрахыг дохив. ДҮҮ мушилзан алгаа хавсарна. 

... Хаалганы хонх дуугарлаа. ДҮҮ үүд нээхээр очив.  

...  Хайрын романс ая эгшилнэ. ДҮҮ (удаан хараагүй дурласан хүүхнээ харж байна) зогтусна, маш их сэтгэл хөдөлгөсөн төрх илэрч, бантаж сандарна. 

АХ: (нэлээд гайхангуй ХҮҮХЭН-рүү харж) ийшээ суугаач.

ХҮҮХЭН толгой дохиж ширээний ард суулаа. АХ цай аягалж өгөв. ХҮҮХЭН ДҮҮ –тэй харц тулгарахдаа нэлээд сандрангуй байдалтай аж...

ДҮҮ: (ХҮҮХЭН-д хандаж) Цай хоол.

АХ: Сонин сонин хүмүүс ирэх нь ээ. (ЭГЧ-д хандаж) Түрүүхэн бас танай ангийн тарвасан толгойт ирээд явсан. Их баян эр болсон байна лээ.

ХҮҮХЭН: Хүмүүс өөрчлөгдөж л байдаг шүү дээ.

ЭГЧ: Толгойнд нь уснаас өөр юмгүй гээд тарвасан толгойт гэж хочилдог байж билээ. 

АХ: Би толгойных нь хэлбэрээс болсон юм байх гэж бодсон...

ДҮҮ: (гэнэт ам нээж, ХҮҮХЭН-д хандаж) Хэзээ гарсан юм?

АХ: (ДҮҮ-г загнангуй өнгөөр) Ажил явдал болж байхад дэмий үг асуугаад байгаач.

ХҮҮХЭН: (инээмсэглэж) Зүгээр дээ. (ДҮҮ-д хандаж) Тэндээс гараад жил шахуу болсоон.

ДҮҮ: (нэлээд урвуу царайлна) Би мэдээгүй шд.

ХҮҮХЭН: Хэнмэдэх гуай өнгөрсөн гэж дуулаад, тэгээд л хүрээд ирлээ. 

АХ: Аавын минь сүнс чамайг хараад баярлах байсан биз

... ХҮҮХЭН: (Цайнаас балгалж) Заза, би ирэх хэрэггүй ч байсан байж магад.

ХҮҮХЭН босч үүд рүү зүглэхэд ДҮҮ араас нь очлоо. Тайзны гэрэл тэдэн дээр тусна.

ДҮҮ: Аль жилийн өмнө гарсан юм бол яагаад надтай уулзаагүй юм?

ХҮҮХЭН: Чи өмнөх шигээ арван долоотой хүү биш, би ч өөрчлөгдсөн.

ДҮҮ: Бүх эмэгтэйчүүдийн хорих ангиар би чамайг хайсан. 

ХҮҮХЭН: Надтай уулзуулахгүй байхыг зохицуулах амархаан. Тэр нь ч зөв, чамайг над шиг муу хүмүүсээс хамгаалах хэрэгтэй. Ямар ч эцэг тэгнэ шүү дээ.

ДҮҮ: Тэр одоо байхгүй болсоон. Би чамайг ямар их санасан гээч.

ДҮҮ тэсгэл алдан ХҮҮХЭН-ийг тэвэрч авлаа.

ХҮҮХЭН: Хорих ангид гурван жилийг өнгөрөөхдөө би гучин насаар хөгширсөөн. Шоронгийн хүүхнүүд над шиг хэргээр ирсэн хүнийг үзэн яддаг юм. Над шиг завхай шулам өөрсдийнх нь нөхөр, үр хүүхэдтэй садарлах вий гэсэндээ тэгдэг биз. Бүх хүн хайртай хүмүүсээ харамладаг. (ДҮҮ-гийн гараас мултарч түлхээд) Эрх чөлөөнөөс үнэтэй хайр дурлал гэж байдаггүй юм билээ.

ДҮҮ: Би бүх насаараа чамаас уучлал эрэе. Өөрийн байгаа бүхнээрээ өнгөрсөн гурван жилийн шархыг чинь төлөе. Одоо би насанд хүрсэн. Хэн ч саад хийхгүй.

ХҮҮХЭН: Үгүй ээ, миний буруу. Хэдхэн жилийн дараа би дөч хүрлээ. Харин чи залуугаараа л үлдэнэ. Ямар ирээдүй байгаа гэж?

ДҮҮ: Дөч тавь жартай байна уу хамаагүй ээ. Би чамд...

ХҮҮХЭН (үгийг нь таслан): Би хүнтэй суусаан. Зүгээр л Хэнмэдэхийн цагаалган дээр ирсэн юм.

ХҮҮХЭН гарч явлаа. ДҮҮ үг хэлж чадалгүй ихэд гуниглан үлдэв. ДҮҮ ЛАМ –ын дэргэд хүрч ирлээ. Гэрэл тэдэн дээр тусав.

ДҮҮ: (ЛАМ-д хандаж) Би шашинд итгэдэггүй ээ. Хоосон мунхрал гэж боддог.

ЛАМ: Буян хурааж л явбал итгэх итгэхгүйн ялгаа үгүй ээ хүү минь.

ДҮҮ: Би хайранд итгэдэг. Гэхдээ хайр дурлал шашин шиг мунхрал юм болов уу. Хүн хайрласанаараа би буянтан ч юм шиг, зовоосоноо бодохоор нүгэл ч юм шиг. 

ЛАМ: Буян гэдэг хоосон залбиралыг ч, хоосон хайрлахыг ч хэлэхгүй. Өөрт байгаа зүйлсээ бусдын сайн сайханд зориулахыг буян гэж хэлдэг юм.

ДҮҮ: (хэсэг бодолхийлээд) Би их нүгэлтэй хүн байх нь. Харин яаж цайруулах вэ?


ҮЗЭГДЭЛ 2

Хэнмэдэхийн гэр. Хэсэг хүмүүс босоод гарч явна, АХ буяны юм тарааж өгнө. Ширээ ундуй сундуйхан үлдлээ. ЛАМ зулыг сэргээж, арц хүж ариулаад цагаа харав.

ЛАМ: Орой болж, би явая.

АХ, ДҮҮ, ЭГЧ гурав ЛАМ-ыг үдэж өглөө...

ЭГЧ: Олон хүн ирээгүй дээр нь энэ тэнэглэлээ зогсооё.

АХ: Та чинь одоо болтол шийдвэрээ гаргаагүй л байгаа юм уу?

Гаднаас дипломат цүнхтэй ХУУЛЬЧ орж ирлээ.

ХУУЛЬЧ: Та бүхэнд эмгэнэл илэрхийлэе.

ЭГЧ: Суугаад цай уугаач.

ХУУЛЬЧ: (ширээнд суув) Би талийгаач Хэнмэдэх гуайн хуулийн зөвлөх. Түүний гэрээслэлийг та гуравт дуулгах гэж ирлээ.

ЭГЧ: Заавал одоо юу?

ХУУЛЬЧ: Талийгаачийн захисан ёсоор түүний цагаалганы эхний өдөр (цагаа хараад) яааг хорин гурван цаг тэг тэг минут... (цагаа буулгаад) болчихлоо. (ДҮҮ-д хандаж) Уучлаарай, та хэд өнөөдрийн цагаалгаа дуусгаж болох уу?

ДҮҮ толгой дохиод, гайхасхийн босч үүдээ түгжлээ.

ЭГЧ: Энд нэг эргэлзээтэй юм гараад ...

АХ ЭГЧ-ийн амыг таглаж хориглов

АХ: (ХУУЛЬЧ-д хандаж мушилзан) Бид хоёр нэг юм яриадхая.

АХ ЭГЧ-ийг хөтлөн ХУУЛЬЧ-аас холдов. Гэрэл АХ, ЭГЧ нар дээр тусна.

АХ: Дүү бид хоёрыг шоронд орохыг хүсээ юу?

ЭГЧ: Жаахан ичгүүртэй л юм. Гэхдээ хүний цагаалгыг түрүүлж хийсэн гэж хуулиар шийтгэдэггүй юмаа.

АХ: Бид гурав хүний өмнө хоорондоо эвтэй харагдах ёстой. Эхлээд аавын гэрээслэлийг сонсоё. Дараа нь яахаа ярилцая тэгэх үү?

ЭГЧ: Чи яг юунд шунаад байгаа юм бэ?

АХ: Та харин өөрөө юунд найдаад байгаа юм? ...

... АХ ЭГЧ-ийг дагуулан ХУУЛЬЧ-ийн дэргэд ирлээ. ХУУЛЬЧ цүнхнээсээ нэг ширхэг лацадсан дугтуй гаргаж баруун талдаа, давхарласан олон үнэт цаас гаргаж зүүн талдаа тавив. Мөн нотиаратчийн тамга дардас, А4 –ын хэдэн хуудас цаас гаргаж урдаа тавилаа.

ХУУЛЬЧ: (Лацадсан дугтуйг нээж) Энэ гэрээслэлтэй гурвуулаа танилц.

АХ, ЭГЧ, ДҮҮ гурав гэрээслэлтэй танилцаж, дамжуулан уншина.

ХУУЛЬЧ: Хэнмэдэх гуай тус бүрт чинь компанийхаа гучин хувийг өвлүүлжээ. Компаний өмчид ресторан, эзэмшлийн газар, хоёр машин болон бусад эд хогшил багтана.

ХУУЛЬЧ давхарласан үнэт цааснаас гучыг тоолж ЭГЧ-д өгөв, дараа нь мөн гучыг тоолж АХ-д, хамгийн сүүлд үлдсэн гучыг ДҮҮ-д гардуулан өглөө.

ДҮҮ: Яагаад гучин хувь гэж?

ХУУЛЬЧ: Талийгаач маань угаасаа компанийхаа 90 хувийг эзэмшдэг байсан, түүнийгээ л та гуравт тэнцүү хувааж үлдээсэн хэрэг.

АХ: (ихэд гайхангуй) Үлдсэн арван хувийг нь хэн эзэмшдэг юм?

ХУУЛЬЧ: Талийгаач хэдэн жилийн өмнө Рэгжийбуу гэж хүнд арван хувиа бэлэглэсэн. Би гэрээнийх нь бичиг цаасыг боловсруулж байсан.

АХ: Ямар Рэгжийбуу?

ХУУЛЬЧ: Царайг нь харж байгаагүй ээ. Цаасан дээрхи нэрийг нь л санаж байна.

ХУУЛЬЧ нотиаратчын тамга дардасаа гартаа барьлаа.

ХУУЛЬЧ: Та гурав энэ баримтууд дээр гарын үсгээ зурна. 

АХ, ДҮҮ хоёр гарын үсгээ зурчихлаа. ЭГЧ зурахгүй бодлогшроно.

ХУУЛЬЧ: Талийгаачийн нас барсаны гэрчилгээг өгөөч.

АХ: Авч амжаагүй л байна. Шууд ингэнэ гэж ерөөсөө бодсонгүй.

ХУУЛЬЧ: Зүгээр ээ, эмнэлгийн бичиг нь байхад л болно. Талийгч маань бие муу, удаан тэсэхгүй байсаныг бүгд мэдэж байгаа.

АХ: (Бантаж сандрангуй) За байз эмнэлгийн бичгийг нь яалаа...

ХУУЛЬЧ: Нас барсаныг гэрчлэх баримтгүй бол хувьцаанууд та нарт өвлөгдөж очихгүй. Эвгүй ч гэсэн... одоогоор талийгаачийн өмч хэвээрэй гэсэн үг.

АХ: Заавал эмнэлгийн бичиг гэхгүй энүүхэндээ шийдэж болохгүй юу?

ЭГЧ: (АХ-ын үгийг тасалж) Яаж болох вэ дээ, хуулийн юм хуулиараа. (ХУУЛЬЧ-д хандаж) Бид өнөөдөр их ядарчээ, дараа нэг мөр шийдэе.

ХУУЛЬЧ: Би хэзээ ирэх үү?

ЭГЧ: Өөрсдөө тан руу залгая.

ХУУЛЬЧ толгой дохин нэрийн хуудсаа өгч, юмаа хураагаад гарч явлаа...

ДҮҮ: Рэгжийбуу гэнэ үү?

АХ: Түрүүний лам багш юм болов уу? Буяны өглөг энэ тэр гээд байсан.

... ЭГЧ: За яахав. Нэгэнт иймдээ тулсаных та хоёрын ярьдаг хэлээр ярия. Аавын рестораныг үргэлжлүүлэн ажиллана гэвэл би аппарат салгахыг зөвшөөрнө.

АХ: (ЭГЧ-д хандаж) Та гадаадаас дөнгөж ирсэн, учир ойлгохгүй байна. Ресторан явуургүй болсоон.  Хариугүй дампуурлаа. Дампуурвал харин наад хувьцаанууд чинь үнэгүй цаас, бүр өр ч болж мэднэ.

ЭГЧ: Би аваад ажиллуулчихнаа, санаа зоволтгүй. Та хоёр зүгээр л ашгаа аваад явж байхад болно. Хэн хэндээ амар биш үү?

АХ: Би рэстораны оронд брэндийн дэлгүүр нээх гээд банкнаас том зээл авчихсан, хамаг бараагаа ч татаад аваад ирсэн. Намайг бодооч.

ЭГЧ: Би харин ч буулт хийж байна шүү.

ЭГЧ цаад өрөө лүү алхлан одлоо. ДҮҮ АХ-ын дэргэд ирлээ.

ДҮҮ: Хоёулаа өөрсдийнхөө гуч гучин хувийг үнэ хүргээд зарчихая... Эгчид ресторанаа авч үлдэнэ гээд л худлаа амлачихая.

АХ: Ингэхэд чи тэр их мөнгөөр юу хийх гээд байгаа юм?

ДҮҮ: Эхлээд тусдаа гарна, (хэсэг бодолхийлээд) бас нэг хүний өмнө нүглээ наминчилна. Ер нь ямар нэг буянтай үйлс хийнээ.

АХ: Нүгэл буян гэж байдаггүй юм. Ашиг, алдагдал л гэж байдаг юм.

ДҮҮ: Та тэгээд яая гэж?

АХ: Нэгд, эгч амархан залилуулчихгүй, нөхцөл тавьж л таараа. Хоёрт, манай рестораныг авах гээд байгаа тэр нөхөрт би итгэхгүй байна. Гуравт, энэ рестораны байрлал брэндийн дэлгүүр нээхэд маш тохиромжтой, иймээс би зарахгүй.


ҮЗЭГДЭЛ 3

... Хэнмэдэхийн Ресторан. Ганц нэг хүмүүс сууж буйг илтгэсэн манекэн, эсвэл хүмүүс сууж буй рестораны фон. АХ, ЭГЧ хоёр нэг ширээний ард сууцгаана.

АХ: Хоёулаа нэг юмаар ч гэсэн санал нийлж буй нь яамай.

ЭГЧ: Ресторанаа авч үлдэхийн төлөө.

Тэдний дэргэд чемодан барьсан ТАРВАСАН ТОЛГОЙ ирж суув.

АХ: Яг цагтаа ирж байх чинь.

ЭГЧ: Сайн уу. Чи ч сургуульд байсан шигээ биш болжээ.

ТАРВАСАН ТОЛГОЙ: Өмнөх амьдралтайгаа зууралдвал тэндээ л үлдэнэ.

Зөөгч ирэхэд АХ чихэнд нь хэдэн үг шивнээд явууллаа

... ЭГЧ: Манай рестораныг тийм өндөр үнээр авая гэсэн юм уу?

ТАРВАСАН ТОЛГОЙ: Олон үгээр яахав.

ТАРВАСАН ТОЛГОЙ чемоданаа уудалж хэдэн боодол зуутын доллар гаргаж АХ, ЭГЧ хоёрт үзүүлэв. 

ТАРВАСАН ТОЛГОЙ: Энэ мөнгөөр  дахиад өөр компани байгуулсан ч болно.

ЭГЧ: Заавал манайхыг авч яах гээв?

...ТАРВАСАН ТОЛГОЙ: Танай ресторан хүндхэн байгаа биздээ. Их хөрөнгө оруулж, илүү сайжруулах хэрэгтэй. Та гурав гуч гучин хувийг эзэмших болсон гэж дуулсан.

ЭГЧ: Хэнээс олж мэдэв?

Гаднаас ДҮҮ хүрч ирэн тэдний дэргэд суулаа.

АХ: Чи юу хийж яваа юм. Гэрт хүмүүс ирвэл хэн цайлах юм.

ДҮҮ: Лам багш гэрт байгаа, тэр буяны өглөгтэй хүн. 

АХ: Аан муу Рэгжийбуу.

ДҮҮ: (ТАРВАСАН ТОЛГОЙ-д хандаж) Та нар надгүй наймаагаа хийх гэсэн юм уу?

ТАРВАСАН ТОЛГОЙ: Хэн нь ч хамаагүй ээ. Шууд сая доллар, заавал бүгдийг нь гэхгүй, жаран хувиа зарахад л болно.

ДҮҮ: (нүд нь сэргэж) Та миний гучин хувийг заавал аваарай.

ТАРВАСАН ТОЛГОЙ: Тэр болноо.

...Зөөгч том тавган дээр цартай, таглаж бүтээсэн ямар нэг хоол авчирч ширээнд тавив.

АХ: Эхлээд хоолоо идчихэе.

ТАРВАСАН ТОЛГОЙ: (Маасайн инээж) Танай рестораны хоол ч амттай биз.

АХ цартай тавган дээрхий тагийг авахад том тарвас байв. ТАРВАСАН ТОЛГОЙ царай нь огцом хувирч инээд нь ул мөргүй арилав.

ТАРВАСАН ТОЛГОЙ: Надтай тоглох гээд байна уу та нар.

АХ: Эцгийн минь ажил явдал дуусаагүй байхад чи харин яах гээд элдвээр өрвөлзөөд, хүүхдийн толгой эргүүлээд байгаа юм.

ТАРВАСАН ТОЛГОЙ: Би жирийн л бизнесмэн.

ЭГЧ: Чиний ямар баян болсон чинь хамаагүй. Зарим зүйл урьдынхаараа л үлддэг юм.

АХ: Эгч бид хоёр лав чамд нэг ч хувь зарахгүй.

ТАРВАСАН ТОЛГОЙ: Энийг л хэлэх гэж намайг урьсан юм уу?

ЭГЧ: Тийм ээ. Манайх руу өндөлзөхөө боль гэж дахиад тодорхой хэлэе.

ДҮҮ: (ТАРВАСАН ТОЛГОЙ-д хандаж) Та миний бүх хувьцааг худалдаад авчих?

ТАРВАСАН ТОЛГОЙ:  Ердөө гучин хувь уу? Дампуурсан рестораны гучин хувиар би яах юм. (АХ, ЭГЧ хоёр луу ихэд муухай харж) Гашуудлыг чинь бодоод зүгээр өнгөрөе.

ТАРВАСАН ТОЛГОЙ мөнгөтэй чемоданаа хааж түгжээд  ууртайгаар босч явлаа.

ДҮҮ: Та хоёр чинь яасан амиа бодсон юм?

АХ: Чи өөрийгөө хэл. Хүний өмнө өөрсдийгөө доош хийх гэж.

ДҮҮ: Энэ гэр бүлийг чинь үзэн ядаж байна.

ДҮҮ уурлан бухимдаж өөр ширээнд очиж сууна.

ЭГЧ: Бардам омголон хүнийг заавал ингэж доромжлох хэрэгтэй байсан уу?

АХ: Харин ч өөрийг нь эргэн сануулж, бардам занг нь дарж байхад.

ЭГЧ: Бүр илүү мөнгө сарвайгаад эхлэхгүй байгаа.

АХ: Тэгвэл сайн л хэрэг. Ганц сая биш хоёр сая долларын санал тавьбал би лав татгалзахгүй. Даанч тэгэхгүй биз, дампуурахыг нь хүлээж байгаад хямдхан авахаа хүлээнэ. Заза нэг нь гэртээ харихгүй бол болохгүй, би явлаа.

АХ босч явлаа. Зөөгч ДҮҮ-д хундагатай пиво авчирч өгөв. ЭГЧ ДҮҮ-г аргадах гэнэ.

ДҮҮ: Та аавын аппаратыг салгахгүй гэж гүрийгээд байсан яасан? 

ЭГЧ: Би салгахыг зөвшөөрөөгүй л байгаа шүү... Аавын насаараа зүтгэж босгосон рестораныг нь ядаж гурвуулаа аваад үлдчихэе л дээ. Чамайг хамаагүй хүмүүст хувьцаагаа битгий зарчихаасай гэж бодлоо. Чиний л төлөө.

ДҮҮ: Миний л төлөө гээд дандаа надад зовлон авчирдаг биздээ та нар.

ЭГЧ: Чи зовлон жаргал ярихад арай эрт, арай эрх байна.

ЭГЧ босч явлаа. ДҮҮ гөлийж пиво балгална... Төдөлгүй ДҮҮ-гийн хажуугаар ресторанаас гарч яваа бололтой ХҮҮХЭН нэгэн хөгшин хятад эрийн хамт зөрөв. 

ХҮҮХЭН ДҮҮ хоёр харц тулгарлаа.

ХҮҮХЭН: (Хятад эрд хандаж Хятадаар хэлнэ) Чи түрүүлээд явж бай.
 
Хятад эр толгой дохиод явав. ХҮҮХЭН ДҮҮ-гийн ширээний дэргэд очлоо.

ХҮҮХЭН: Ганцаараа сууж байгаа юм уу?

ДҮҮ: (Инээмсэглэн) Тийм ээ. Суугаач.

ХҮҮХЭН ДҮҮ-гийн урд суулаа. ДҮҮ зөөгч дуудаж юм нэмж захиалав.

ХҮҮХЭН: Танай рестораны хоолны амт өмнөхөөсөө мууджээ.

ДҮҮ: Зугаалж явна уу?

ХҮҮХЭН: Болзож явна. 

ДҮҮ: Саяны өвгөнтэй юу?

ХҮҮХЭН: Би чинь өөрөө эмгэн шүү дээ.

ДҮҮ: Хүнтэй суусан гэж үнэн хэлсэн үү?

ХҮҮХЭН: Бараг л үнэн. Намайг суугаач гэж гуйгаад байгаа. 

ДҮҮ: Чи өөрөө хайртай юм уу?

ХҮҮХЭН: (ДҮҮ-гийн толгойг эвийлж) Хайр чухал биш ээ. Гол нь цаашаа амьдрах.

ДҮҮ цүнхээ уудалж өөрийнхөө гучин ширхэг хувьцааг гаргаж ирэв.

ДҮҮ: Хэнмэдэхийн надад өвлүүлсэн хувьцаа. Рестораны гучин хувь. Чамд бэлэглэе. Чиний өмнө би дэндүү их нүгэлтэй хүн.

ХҮҮХЭН: Чи ч аргагүй нялхаараа юмаа.

ДҮҮ: Ингэхэд яагаад цагаалган дээр ирсэн юм?

... ХҮҮХЭН: Талийгаач надад тийм ч муухай хандаагүй ээ. Чамаас салгахыг л хүссэн.

ДҮҮ: Тэглээ гээд шоронд явуулах ёстой байсан гэж үү?

ХҮҮХЭН: Аав чинь асуудлыг арай өөрөөр шийдэх гэж байсан. Надад их мөнгө амласан. Харин ах чинь дэмий зүйлд мөнгө үрж болохгүй, хуулийн дагуу бүхнийг шийдэх ёстой гэж зүтгэсэн юм. Чи ингэхэд яагаад шүүх хуралд ирээгүй юм? Миний төлөө хэн ч дуугараагүй, бүгд намайг буруутгасан.

ДҮҮ: Намайг тоглоомонд хэт улайрсан, архи мансууруулах бодис хэрэглэсэн гээд сэтгэцийн эмнэлэгт хүчээр хэвтүүлсэн. Гараад ирэхэд чи хаашаа ч юм алга болсон байсан. Гэрийнхнээс асуухаар хэн нь ч хариулахгүй. Сүүлд шоронд суусныг чинь аав хэлсэн л дээ. Би түүнийг ямар их үзэн ядсан гээч. 

ХҮҮХЭН: Ямар ч үзэн ядалт хэрэггүй ээ, өөрийгөө л зовооно.

ДҮҮ: Гэтэл хамаг зүйлд ах буруутай байж.

ХҮҮХЭН: Өнгөрсөнийг мартдаа. Хайр ч, үзэн ядалт ч тийм чухал биш.

ДҮҮ: Тэгээд юу чухал гэж?

ХҮҮХЭН: (инээмсэглэн) Хэлсэн ш дээ. Амьдрах нь чухал шүү. Хамгийн чухал.


ҮЗЭГДЭЛ 4

Ресторанд. ДҮҮ, Лам багш хоёр АХ-ын том хоёр цагаан цүнхийг нэг нэгээр нь чирсээр хүрч ирээд хажуудаа чемоданаа тавьж, нэг нэг сандал аван сууцгаалаа. 

ДҮҮ: Лам багшаа би хүмүүст зарлаадхая.

ЛАМ: Тэгээ хүү минь.

Дүү тайзан дээрхи микрофон дээр очино.

ДҮҮ: (Микрофоноор олонд хандаж) Ресторан үүсгэн байгуулагч аав маань саяхан тэнгэрт хальсан юм. Та бүхэнд буяны өглөг болгож жаахан зүйл өгч буйг хүлээн авна уу.

... ДҮҮ тайзнаас бууж чемоданаа уудалж АХ-ын (зарах гэж байсан) брэндийн бараа, оригналь сүрчиг тэргүүтнийг дэлгэж, ойрхон сууж буй хоёр хүүхэнд өгөв. Хоёр эмэгтэй дээр гэрэл туслаа, тэд гартаа нэг нэг брэндийн эд барьжээ. 

ЭМЭГТЭЙ-1: (уснаас цацаж үзээд) Ориг эд юм биш үү? 
ЭМЭГТЭЙ-2: Лам хүн тараагаагүй бол итгэхээргүй л юм.
ЭМЭГТЭЙ-1: Ойрхон таньдаг хүмүүс байвал дуудаач ээ.
ЭМЭГТЭЙ-2: (Утсаа гаргаад) Нээрээ тэгэе.

Хөгжим чангарч дуугарна. Бүжигтэй үзэгдэл. Хүмүүс цувран нэмэгдэж ирцгээнэ, ЛАМ хүмүүст үнэтэй сүрчиг, брэндийн бараанууд гардуулж өгнө. Хүмүүс зарим нь гайхаж, зарим нь баярлаж, зарим нь бүр нэхэж байгаад нэмж ганц хоёрыг авна г.м. олны төрх. ЛАМ, ДҮҮ хоёр хүмүүст юмнуудаа тараасаар. Чемодан 
хоосорно.


ҮЗЭГДЭЛ 5

Хэнмэдэхийн гэрт. Цагаалганы ширээ, зул арц хүж асаасан байдал хэвэндээ. Гурван залуу цай ууж сууна. АХ тэдний дэргэд суух аж.

ЗАЛУУ-1: Чамайг банкнаас зээл авсан гэж дууллаа.

АХ: Та нар яаж мэдэв?

ЗАЛУУ-2: Банкнаас зээлсэн мөнгөөрөө бидний өрийг төлчих юм биш биздээ аан?

АХ: Надад нэг төлөвлөгөө бий.

ЗАЛУУ-2: Ямар төлөвлөгөө юм.

АХ: Би одоохон.

АХ цаад өрөө рүү гүйх шахам оров.

ЗАЛУУ-3: Ажил явдалтай үед нь арай ширүүдэхгүй юу?

ЗАЛУУ-1: Харин ч зөөлөн хандаж байна.

АХ цаад өрөөнөөс нэлээд сандрангуй, цонхийсон царайтай гарч ирлээ.

ЗАЛУУ-1: За яагаад цонхийчихов?

АХ: Яагаа ч үгүй ээ... Юу л даа. Би рестораны оронд дэлгүүр нээх гэж байгаа. Тэгээд ашигтай ажиллана. Мэдээж та нарын өрийг төлнө.

ЗАЛУУ-2: Дандаа ирээдүй цаг дээр ярих чинь дургүй хүргэж байна шүү.

ЗАЛУУ-1: Сарын хугацаа өгөе. Үгүй бол эцгийнхээ хойноос яваарай.

Ширүүн залуус босч явцгаалаа. Зөрөөд ЭГЧ орж ирэв.

... АХ: Та хаагуур яваад байнаа?

ЭГЧ: Эмнэлэг дээр аавыг сахиж байгаад ирлээ. Ухаан ороод хэдэн үг хэлчих ч юм шиг санагдаад. Бас эмч нараас биеийн байдлыг нь их сайн лавлаж асуулаа.

АХ: Тэгээд эргэлзээгээ тайлж чадав уу? 

ЭГЧ: Ингэхэд царай чинь базаахгүй байна. Яагаав?

АХ: Миний хоёр том цагаан цүнхтэй бараануудыг хараагүй биз?
Эгч толгой сэгсрэв. Гаднаас ДҮҮ орж ирэв.

АХ: (ДҮҮ-д хандаж) Чи миний том цагаан чемодантай бараануудыг харсан уу?

ДҮҮ: Хэдэн чемодантай бараа байсан, буяны өглөг гээд лам багш бид хоёр тарааж дуусгаад ирлээ. Нээрээ тэр чинь таных билүү?

АХ: Чи чинь юу солиороод байнаа?

ДҮҮ: Тэрүүгээр чинь хүмүүст буян үйлдчихсээн.

АХ: (дуун нь өндөрсөж) Хар малаа ямар их үнэтэйг нь мэдэх үү?

ДҮҮ мушилзан мөрөө хавчихад АХ уцаар нь чинээндээ тулж ДҮҮ-г цохиж унагаав. ДҮҮ ч бас мөчөөгөө өгөлгүй АХ-тай ноцолдож зууралдав. АХ аргагүй дийлж босоод, ДҮҮ ёолон байж өндийж ядна. ЭГЧ сандран тэдний зодооныг салгав.

АХ: (ДҮҮ-д хандаж) Чи өөрөө бүгдийг нь төлөөрэй мэдэв үү?

ДҮҮ: Ичихгүй бол хүмүүст тараасан бараагаа буцаагаад аваач. Тэгээд ч би биш, лам багш тараасан юм чинь яах юм? Лам багшийг шүүхэд өг л дөө. Та ч шүүх цагдаад дуртай, бүхнийг хуулийн дагуу хийдэг хүн дээ. 

ЭГЧ: Чи яагаад ингэсэн юм?

ДҮҮ: Уурлах хэрэггүй ээ. Бүгдийг (АХ-руу харж) таны төлөө л хийж байна. (ЭГЧ-рүү харж) Бас таны төлөө. (маасайтал инээж) Тийм ээ рестораныхаа төлөө.

АХ: Чи өөрийнхөө хувьцаануудаар төлөөрэй мэдэв үү?

ДҮҮ: Тэрийг чинь ч бас би буяны өглөгд барьчихсаан. Одоо намайг тайван орхи.

ДҮҮ цаад өрөө лүү орлоо.

АХ: Новш новш новш... (ЭГЧ-д хандаж) бүгд танаас болж байгаа юм. Аль дээр л аавын аппаратыг салгачихсан бол энэ бүх бантан болохгүй байсан.

ЭГЧ: Тайвшир аа. Аав нас бараагүй цагт тэр хувьцаанууд зүгээр л хүчингүй цааснууд. Хүсвэл дахиад хэвлүүлчихсэн ч болно. Харин чиний бараанууд л харамсалтай юм... Цаадахыг чинь тайвшруулахаас.

ЭГЧ ДҮҮ-гийн араас цаад өрөөнд орлоо. АХ ихэд нервтэн ширээн дээрхи архинаас хэд хэд балгалав. Төдөлгүй гаднаас ХҮҮХЭН орж ирлээ.

АХ: Яасан сонин хүн бэ? Цаадахыг чинь дуудах уу? 

ХҮҮХЭН: Тэгээч.

АХ: (дуугаа өндөрсгөөд) Хөөе тэнэг бацаанаа, хайртай хүүхэн чинь ирлээ.

ДҮҮ цаад өрөөнөөс гарч ирээд ХҮҮХЭН-г хараад нүд нь сэргэв.

ХҮҮХЭН: Нүүр амаа яагаа вэ?

ДҮҮ: Энэ ч яахав. Би яг чамтай уулзая гэж бодож байлаа.

ХҮҮХЭН: Чамтай салах ёс хийх гэж ирлээ. Би нөгөө хүнтэйгээ суухаар болсон.

ДҮҮ: (ихэд гонсойж) Үүнийг л хэлэх гэж ирээ юу?

... ДҮҮ ХҮҮХЭН-ий үгийг гүйцээлгүй цаад өрөөнд гүйж оров.

... АХ: Чи овоо баян хүнтэй сууж ээ?

ХҮҮХЭН: Чамд хамаагүй ээ. Ингэхэд чи бас наад нүүр амаа яачихаав? 

АХ: Хоолоо хэтрүүлж идээд.

ХҮҮХЭН: Би түрүүн танай ресторанаар ороод гарлаа л даа. Тэнд маш том буяны ажиллагаа болж байна. Хүмүүсийг үнэгүй дайлаад л.

ХҮҮХЭН цүнхээ уудалж брэндийн сүрчиг гаргаж ирэв.

ХҮҮХЭН: Бас иймэрхүү зүйлс тараасан гэнэ.

АХ: (сүрчигийг хараад санаашран) Их үнэтэй эд шүү.

ХҮҮХЭН: Чамайг их өртэй гэж дуулсан. Хэн хэлсэн бэ гэж битгий асуугаарай.

АХ: Юу гэх гээд байгаа юм. Шулуухан яриач.

ХҮҮХЭН: Бас чамд компаний чинь гучин хувь байгаа гэсэн. Түүнийгээ надад зарчих. (боодолтой мөнгө харуулж) шууд бэлнээр.

АХ: (маасайтал инээж) Тэгэхээр чи дүүтэй маань салах ёс хийхээр ирээгүй байх нь ээ.

ХҮҮХЭН: Би тийм романтик хүн бишээ. Тэгээд тохиролцох юм уу?

АХ: Би жаахан бодоодхоё.

АХ хэсэгхэн бодолхийлэв. ХҮҮХЭН ширээнд сууж жимс үмхлэв.

ХҮҮХЭН: Хурдлаарай. Эгч чинь цаад өрөөнөөс гараад ирвэл яриагаа үргэлжлүүлж чадахгүй болно шүү.

АХ: Би бүх хувьцаагаа зарж чадахгүй ээ. Чамд арван хувийг нь л зарая.
ХҮҮХЭН: (хэсэг эргэцүүлэн гараа сунгаж) Ядаж арван тав.

АХ: Тохирлоо. Арван тав. 

АХ (өрөөнөөс гаралгүй хаа нэг газраас) хувьцаануудаа гаргаж ирэн арван тавыг тоолж ХҮҮХЭН-д харуулав.

АХ: Чи хэдийг өгөх юм?

ХҮҮХЭН: Бүх өрийг чинь дарж лав хүрэх байхаа.

ХҮҮХЭН цүнхтэй мөнгөө сарвайхад АХ зөрүүлээд хувьцаануудаа өгөв.

АХ: Ингэхэд чи энэ хувьцаагаар яах гэж байгаа юм?

ХҮҮХЭН: Мэдэхгүй ээ, би чинь урт үст ухаан муутай бүсгүй хүн. 

ХҮҮХЭН халааснаасаа хоёр А4 цаас гаргаж ирээд ганц нэг зүйл бичив. 

ХҮҮХЭН: Албан ёсны жаахан бичиг цаасны ажил. Чи гарын үсгээ зур.

АХ: (гэрээг гүйлгэж хараад гайхангуй) Худалдаж авч байгаа нь хятад нэр байх юм? Чиний сууж байгаа хүн юм уу?

ХҮҮХЭН: Тийм ээ. Надад ийм их мөнгө хаанаасаа байх билээ.

АХ: Заза надад ямар хамаатай биш.

АХ гэрээнд гарын үсэг зурав. ХҮҮХЭН гэрээний нэг хувийг нь өөрөө авч, нөгөө хувийг нь АХ-д өгөөд гарч явлаа. Төдөлгүй эгч цаад өрөөнөөс гарч ирэв.

ЭГЧ: Дүүг арай гэж аргадлаа.

АХ: Солиорч л байг. Тэнэг шаар.

ЭГЧ: Нөгөө муу хүүхэн ирэх шиг болсон. Юу юу гэнэ үү?

АХ: Тийм ээ. Би түүнд хувьцаануудаасаа заримыг нь зарчихлаа. 

АХ цүнхтэй мөнгөө ЭГЧ-д харуулав.

ЭГЧ: Тэр муу яаж ийм их мөнгөтэй байх юм? Арай тарвасан толгой янз бүрийн явуулга хийсэн юм биш биздээ?

АХ: Биш ээ. Гэрээнд нэг хужаагийн нэр байсан. 

ЭГЧ: (АХ-ыг тас алгадаж) Очиж очиж хятад хүнд үү? 

АХ: Өөр арга байсангүй ээ.

ЭГЧ: Энэ чинь залилангийн гэмт хэрэг. Шоронд суух чинь дутаа юу?

АХ: Шорон ч яамай болчихоод байнаа эгч минь, алдагдлаа нөхөх ганц боломж нь оригналь сүрчиг, брэндийн бараанууд байсан юм. Түүнийг нь манай эрхийн тэнэг дүү хүмүүст буяны өглөг болгоод тараачихаж. Тэнэг банзал хүүхнээсээ болоод намайг чадаж байгаа юм байлгүй.

ЭГЧ: (Гүнзгий амьсгаа аваад) Тэгээд хир их хувь зарсан юм?

АХ: Өөрт байсныхаа талыг л.

ЭГЧ: (Хэсэг чимээгүй болсоноо) Нөгөө бичгээ аваад ир.

АХ: Ямар бичиг? 

ЭГЧ: Аавын аппаратыг салгах зөвшөөрлийн хуудас аа, өөр юу байдаг юм.

АХ нэг шургуулганаас бичиг гаргаж ирлээ. ЭГЧ үзэг гаргаж гарын үсгээ зурах гээд хэсэг зогтусан АХ-ын царайг харав.

АХ: Таныг яг ингээд зурчихна гэхээр нэг л эвгүй, харуусалтай ч юм шиг.

ЭГЧ: Аавыг өөд болно гэхээр харуусалтай байна уу? Эсвэл хувьцаануудаасаа сална гэхээр харуусалтай байна уу?

АХ: Танд юу гэж хэлбэл таалагдах юм бэ?

ЭГЧ: Юу гэсэн ч ялгаагүй ээ. Чи миний дүү юм хойно. Би аавыгаа алдсан, одоо чамайг бас залилангийн хэргээр яллуулах гэж үү?

АХ: Бас гэр бүлийн нэр төр гэж нэг юм бий.

ЭГЧ итгэлтэйгээр аппарат салгах бичигт гарын үсэг зурлаа.

ЭГЧ: Тэр хүүхэн хаанаасаа гараад ирсэн шулам бэ? Ядаж бид гурвын нууц бид гуравтайгаа үлдэг. Өнөө хуульчийг хурдан дууд.


ҮЗЭГДЭЛ 6

ХУУЛЬЧ бүх албан бичиг цаасыг гүйцээж, тамгалж байна. ЭГЧ, АХ, ДҮҮ гурав хуудаснуудад гарын үсгээ урвагардуухан зурна.

ХУУЛЬЧ: Та нар яагаад ийм урвагар байна вэ?

АХ: Эцгийн маань ажил явдал болж байна. Баярлах ёстой юу?

ХУУЛЬЧ: Өршөөгөөрэй, дэмий үг хэллээ.

ЭГЧ: Ингээд бүх юм жин тан уу?

ХУУЛЬЧ: Тийм ээ. Одоо миний хэрэг та бүхэнд дахиад гарахгүй. Та гурав хууль ёсоороо талийгаачийн өвлүүлсэн хувьцааны эзэн нь боллоо. Үүнийгээ өсгөж үржүүлэх эсэх нь та нарын бие даан шийдэх хэрэг.

АХ: Нөгөө арван хувийг эзэмшдэг Рэгжийбууг яаж олж уулзах вэ?

ХУУЛЬЧ: Өөрөө ирж өмчийн шинэ эзэд буюу (инээмсэглээд) та хэдтэй танилцах байх.

АХ: Гадаадад байдаг ч юмуу ирэхгүй бол яах уу?

ХУУЛЬЧ: Уг нь дансаар нь хөөгөөд олж болно. Гэхдээ түүний данс болон бусад хувийн хэргийг талийгаач ганцаараа л мэддэг байсан. Магадгүй хувийнх нь нууц байх л даа.

ЭГЧ: Танд баярлалаа, аавын минь төлөө бас бид бүгдийн төлөө хийсэн бүхэнд.

ХУУЛЬЧ гарч явлаа.

АХ: Тэр Рэгжийбууг заавал олох хэрэгтэй.

ЭГЧ: Ядаж аавын дөчин ес хоног нь дуусаг л дээ.

АХ: Үгүй ээ. (ДҮҮ-г зандарч) Алив чи эгчид яаж тэнэгтсэнээ хэлээдхээч?

ЭГЧ: (ДҮҮ-д хандаж аргадангуй) Яасан юм миний дүү?

ДҮҮ: Нүглээ наминчилсан. Буян үйлдсэн. Миний төлөө нэг эмэгтэй шоронд гурван жил зовсон, эцэст нь амьдрахын эрхэнд хайргүй хүнтэйгээ суусан. Түүнд би бүх хувьцаагаа бэлэглэчихсэн. Энэ тэнэглэл биш, буян. Та хоёрын юу гэх нь ч хамаа алга.

ДҮҮ ундууцан, ширээн дээрээс шилтэй архи аваад цаад өрөөнд орлоо.

ЭГЧ: Тэр чиний арван таван хувийг худалдаж авсан. Дүү гучин хувиа бэлэглэчихсэн. Тэгэхээр манай компаний дөчин таван хувийг эзэмшиж байгаа гэсэн үгүү?

АХ: Харин тийм л болж таараад байна. Дүүг арай ч ийм тэнэг гэж мэдсэнгүй.

ЭГЧ: Рэгжийбуу гэж хэн байж болох уу? Ямартай ч түргэн олж уулзах хэрэгтэй.

АХ: Лам багш гэж би хувьдаа таамаглаад байна.

ЭГЧ: Тэгвэл эрх биш аавын минь ажлыг үргэлжлүүлээд хийх байгаа.

Гаднаас ХҮҮХЭН орж ирлээ. ЭГЧ маш ихээр зэвүүцэн харна.

АХ: (цаад өрөө рүү орилж) Тэнэг бацаанаа, хайрт чинь ирлээ.

ЭГЧ: Чи ямар нүүрээрээ дахин дахин манайхаар шагайна вэ?

ХҮҮХЭН: Би яасан юм? (АХ-руу харж) Харин ч зарим хүмүүсийг дампуурлаас аварсан. Та гуравтай нэг чухал юм ярих гэж ирлээ.

ДҮҮ цаад өрөөнөөс гарч ирлээ.

ДҮҮ: (ХҮҮХЭН-д хандаж) Амьдрал ямархуу байна даа.

ХҮҮХЭН: Сайхаан. Ер нь дандаа л сайхан байсан.

ДҮҮ: Жаргалтай амьдрах цаг чинь ирсэн бол баяртай байна.

ХҮҮХЭН: (ДҮҮ-д хандаж) Миний нүд рүү хараач, тийм зовсон эмэгтэй байна уу?

ДҮҮ: Намайг уучлаарай.

ДҮҮ гонсойж цаад өрөө лүү явах гэхэд нь ХҮҮХЭН татаж зогсоогоод уруул дээр нь хүчтэй озов. ДҮҮ ч бас өөдөөс нь үнсэж тэврэлдэв. АХ, ЭГЧ хоёр ярваганана.

ХҮҮХЭН: Цаашдаа миний нууц амраг байж болно шүү.

ДҮҮ: Яагаад нууц амраг гэж?

ХҮҮХЭН: (шоолонгуй инээж) Өрөөндөө нуугдах хэрэггүй. Миний үгийг та гурав гурвуулаа сонсох хэрэгтэй.

ЭГЧ: Сонсох юм байхгүй ээ. Хурдан эндээс тонил.

ХҮҮХЭН: (ЭГЧ-д хандаж) Уураа дарах хэрэгтэй шүү чи минь. (ДҮҮ-д хандаж) Би ерөөсөө зовж байгаагүй ээ. Хэзээ ч шоронд суугаагүй.

АХ: Шүүх хурал...

ХҮҮХЭН: (үгийг нь тасалж) Чи шүүх хурал дээр өөрөө суусан уу? (АХ-д хандаж) Чи намайг шоронгийн торны цаана зогсохыг нүдээрээ харсан уу?

АХ: Гэхдээ аав хэлэхдээ...

ХҮҮХЭН: (үгийг нь тасалж) Насанд хүрээгүй хүнтэй унтана гэдэг тийм ч аймар хэрэг биш. Хэнмэдэх надад уурласан ч шоронд хийж яаж чадах билээ.

ЭГЧ: Яагаад?

ХҮҮХЭН: Би уг нь та нарын хойд ээж болох гэж байсан юм шүү дээ.

АХ, ЭГЧ, ДҮҮ бүгдээрээ: Юууу?????

ХҮҮХЭН: (ДҮҮ-д хандаж) Даан ч чи гэж сахилгагүй бандиас болоод миний хамаг төлөвлөгөө нурсан. (ДҮҮ-рүү нухацтай харж) Залуу халуун насанд ганц нэг гэнэтийн учрал тохиолдож л байдаг. Үүнийг хайр гэж нэрлэх эсэхээ чи өөрөө мэд.

ДҮҮ: Чи тэгээд ерөөсөө шоронд суугаагүй хэрэг үү?

ХҮҮХЭН: Хэнмэдэх өөрийг нь нас бартал намайг Монголд битгий ирээрэй гээд нэлээд мөнгө өгсөн. Тэгээд би хэдэн жил Бээжинд амьдарлаа.

ДҮҮ: Би чамайг буруу таньж ээ.

ХҮҮХЭН: Бээжинд мөнгөөр гачигдахгүй тансаглаж суух нь дээр үү? Эсвэл энд нэг шалдан бандитай орооцолдоод буудал хэсээд явах уу?

ЭГЧ: (ХҮҮХЭН-д хандаж) Ярих юм чинь дууссан уу?

ХҮҮХЭН: Намайг жигших хэрэггүй, харин ч танай рестораныг аврахаар ирлээ. Та гурав лав чадахгүй бололтой байна.

АХ: Чиний талд дөчин таван хувь байгаа. Харин бидэнд одоохондоо тавин таван хувь хэвээрэй. Тиймээс пээдэлзэх хэрэггүй ээ.

ХҮҮХЭН: (ихэд тавлангуй хөхөрч) Тоо бодохоосоо өмнө миний иргэний үнэмлэхийг нэг харахгүй юм уу? 

ХҮҮХЭН цүнхнээсээ үнэмлэхээ гаргаж АХ-д өгөв. АХ хараад ихэд гайхна.

ХҮҮХЭН: Рэгжийбуу гэдэг чинь би. Миний жинхэнэ нэрийг та хэд нээрээ мэдэхгүй билүү? Сонин нэр л дээ, багадаа үнэхээр дургүй байсан. 

ЭГЧ: (үнэмлэхийг шүүрч аваад) Арай ч дээ.

ХҮҮХЭН: Хэнмэдэх намайг гадагшаа явуулахын өмнөхөн арван хувиа бэлэглэсэн. Түүний хувийн хуульч нь хүртэл намайг гэж мэдээгүй. Би та нарын хойд ээж болж чадаагүй ч аавын чинь нууц амраг хэвээрэй л үлдсэн.

ДҮҮ: Энэ хорвоод итгэж болох юм үлдсэн үү?

ХҮҮХЭН: Гэхдээ хүмүүс амьдраад л байна. Чамд хэлээгүй юу, хамгийн гол нь амьдрах. Хайр дурлал, итгэл сэтгэл элдэв зүйл байхгүй ч амьдрал үргэлжилсээр л байна.

АХ: (хэсэг дуугаа хурааснаа) Рэгжийбуу гэж яасан сонин нэр вэ?

ХҮҮХЭН: Тийм шүү. Одоо надад (ДҮҮ-д хандаж) чиний бэлэглэсэн гуч, (АХ-д хандаж) чиний зарсан арван тав дээр өөрт байсан арван хувь. Нийлээд тавин таван хувь, компаний чинь талаас илүү нь минийх болж дээ залуусаа.


ҮЗЭГДЭЛ 7

Хятад ресторан. АХ, ЭГЧ, ДҮҮ гурав ширээний ард сууцгаана. 

АХ: Эцсийн дүндээ хэдүүлээ эвтэй найртай сууж байх шив.

ЭГЧ: Эвтэй байхын тулд заавал хоосрох ёстой гэж үү?

АХ: (ДҮҮ-д хандаж) Хамаг юм чамаас л эхэлсэн.

ДҮҮ: Үгүй шүү, харин ч та хоёр намайг нэг ч сонсч байгаагүй. Уг нь зүгээр л зарчихсан бол хамаагүй дээр байсан юм.

ТАРВАСАН ТОЛГОЙ гэнэтхэн тэдний дэргэд ирэв.

ТАРВАСАН ТОЛГОЙ: Үнэн хэллээ, та гурав ресторанаа надад зарчихсан бол би арай ч хужаа гуанз болгохгүй л байсан.

АХ: Дэлгүүр нээх миний санаа л хамгийн оновчтой нь байсан.

ЭГЧ: (АХ-д хандаж) Тийм ээ. Бүгдээрээ л оновчтой, бас оновчгүй санаанууд. Брэндийн дэлгүүр нээж болно, эсвэл хуучнаар нь ресторанаа аваад явж болно, эсвэл бүүр ашигтай үнээр зарчихсан ч болох л байсан. Хэн нэг нь ядаж өөрийнхөө хүссэнийг хийсэн бол аштай юу. Гэсэн ч тэгсэнгүй. Бид өөрсдөө тэгүүлсэнгүй.

АХ: Таны номлол дутаж гэнэ. Номлол хэлэх хүн цаана чинь ирж явна.

ЛАМ багш тэдний дэргэд хүрч ирлээ.

... ЛАМ: Талийгчийн дөчин ес хоногийг заавал ийм газар хийх хэрэгтэй гэж үү?

АХ: Ийм газар гэж ямар? Манай хуучин ресторан жаахан өөрчлөгдсөн л байна.

ЛАМ: (толгой сэгсрэн бувтнаж) Хоолойгоор давахгүй харь хоолнууд...

Төдөлгүй ХҮҮХЭН тэдний дэргэд ирлээ.

ХҮҮХЭН: Бүгдээрээ манай умгар зоогийн газар цуглараа шив. 

ХҮҮХЭН цаахна тийшээ харж, нөхрөө дуудаж Хятадаар орилов. Нөхөр нь худлаа инээсээр хүрч ирлээ.

ХҮҮХЭН: Бээжинд танилцсан миний нөхөр. Хэнмэдэхээс хойш намайг харж хандах юм. Бас танай рестораныг харж хандана.

ЭГЧ: Танай ресторан гэнээ?

ХҮҮХЭН: Тийм ээ. Танай ч, манай ч. Эргэн тойрноо хараач, энэ хоол, энэ тохижилт, энэ бүгдэд хүмүүс дуртай байна. Одоо бид бүгдээрээ нэг тогооноос хоол иднэ. Бид нэгэн зорилготой, нэгэн гэр бүл болж байна шүү дээ...


*  *   *   *   *   *
2014 он 10-р сар