Монголоор аялсан амьтад буюу Цэлмэгтээ бичсэн захидал
Хамгийн түрүүнд чамд үлгэр ярьж өгөх бололтой. Хүн болж төрөөд анх сонсдог түүхийн нэг нь үлгэр байдаг. Ямар ч сургуульд суугаагүй хэрнээ дэлхийг тойрон нисч чаддаг нэгэн шувууны түүхийг хэлье.
ЗОРИГТ КИКИ ШУВУУ
Хүндэт Цэлмэг минь, Сайн байна уу?
Хамгийн түрүүнд чамд үлгэр ярьж өгөх бололтой. Хүн болж төрөөд анх сонсдог түүхийн нэг нь үлгэр байдаг. Ямар ч сургуульд суугаагүй хэрнээ дэлхийг тойрон нисч чаддаг нэгэн шувууны түүхийг хэлье. Тэр шувуу мод сөөг, хана туурганд үүр засдаг бөгөөд амьдрах газраа олоод сонихноор жиргэнэ. Жиргэх дуугаар нь түүнийг Кики гэж нэрлэе. Кики жил болгон дэлхий тойрон нисдэг шувуудын нэг. Өвөл ч ниснэ, зун ч ниснэ. Галапагос хэмээх халуун оронд сүргийн хамт амьдардаг. Олон мянган жил өвөг дээдэстэйгээ амьдарч ирсэн хуучны өвөрмөц амьтад ч тэнд бий. Өөр олон төрлийн амьтад бас байна. Зундаа их халдаг учир хойд зүгийг чиглэн Швед рүү дэлхийг хөндлөн гулд туулан ниснэ. Швед дэлхийн бөмбөрцгийн дээхнүүр оршдог улс. Өвөлдөө Швед чамгүй хүйтрэвч, зундаа налгар дулаахан болдог учраас шувууд сайхан амарч, наранд биеэ шаран, чимчигнэсэн хүйтэн ус уунгаа мөчирт асч, элсээр наадан, бие биедээ сонирхолтой түүх хуучилна. Ихэнх түүх хүүхдэд сонирхолтой боловч зарим нь жоохон том болохоор чинь л ярьж өгөх хэрэгтэй гэдгийг дашрамд хэлье.
Нэгэн зун Галапагосын шувууд чуулж, амралтаараа хаашаа явах талаар ярилцаж гэнэ. Шувуудын ахлагч дассан сурснаараа Швед явахыг санал болгов. Харин Кики шинэ аялал хийж, урьд өмнө нь очиж байгаагүй газарт хүрэхийг хүсчээ. Далайн хав, аварга яст мэлхий, сахал ихт далайн морь (далайн морь том биетэй ч хадан цохион дээр өдөржин амтат загас, дэлгүүрийн бараа ярьж хэвтдэг залхуу амьтад) зэрэг ховор сонин амьтдыг үзэх гэж арал дээр ирсэн жуулчид олон улсын амралтын газрын сурталчилгаа бүхий аяллын товхимол үлдээсэн байж таарав. Энэтхэг, Бразил, Испани, Араб, Австрали гээд олон янзын өвөрмөц, сонирхолтой газар орны зураг, мэдээллийг Кики үзэв. Гэхдээ нүдэнд хамгийн содон туссан нь Монгол байлаа. Өндөр сайхан уулс, өргөн сайхан хээр тал, хөх тэнгэр, тэмээ, үхэр дүүрэн бэлчсэн говь, морьтон ардын зураг үзэгдэнэ. Бас чимээ шуугиан ихтэй машин тэрэг холхилдсон олон олон барилга бүхий цаг завгүй хотын байдал ч харагдана. Тиймээс ч хөдөө нутагт очоод, шувууны цагаахан үүр шиг санагдах жижигхэн монгол гэрт сууж, орон гэртээ байгаа юм шиг тухалж чадмаар бодогджээ.
Швед улс гэхээр ч давгүй санагдаж болох юм. Гэхдээ л тэндэхийн хүмүүс “Монгол руу хэзээ явж үзэх бол доо” хэмээн санааширсаар орондоо ордог гэнэ. Тиймээс ч Кики Монгол руу явсан нь зөв гэж үзжээ. Харин бусад шувууд “Монгол хэтэрхий хол, зундаа халуун, өвөлдөө нэн хүйтэн. Тийшээ очиж юугаа хийх вэ” хэмээн шоолжээ. Өөрийнхөөрөө байх зантай Кики маань юу хийхийг хүсч байгаагаа сайн мэднэ. Самар, амттан зэрэг дуртай хоол, зүг чиг баримжаалах газрын зураг сэлтээ цүнхэндээ зэхэж аваад замдаа гарав. Амьдрал бол гайхалтай шинэ зүйлсийг үргэлж суралцах их адал явдал хэмээн боддог тэрээр үнэхээр зоригтой шувуу.
Манай Кики эгэл нэгэн шувуу биш учраас л ийм зам сонгожээ. Сайн яривал тэрээр алдарт Үүкла-Дүүклагийн үр сад бөгөөд аугаа уулын бүргэдийн удамтай ажгуу. Аугаа бүргэд сүргээрээ нисдэггүй бөгөөд шонхор адил ганцаараа тэнгэрт дүүлдэг. Тэд үнэхээр зоригтой боловч өөр амьтдаар хооллодог бас л догшин шувуу. Амьтан, амьтнаа иднэ, сайхан санагдахгүй. Гэхдээ л энэ бол хорвоогийн жам юм. Бид ч ялгаагүй амьтад иддэг. Гэхдээ сүүлийн үед олон хүн “бид илүү сайн хүнс олж чадна” гэж итгэн махаар хооллохыг сайшаахгүй байгаа. Бусад амьтадтай харьцуулахад хүмүүс сайн мууг ялгаж шийдвэр гаргах чадвартай байдаг. Үүний учрыг аав ээж хоёр чинь надаас илүү сайн хэлж өгнө дөө.
Одоо Кики шувуугаа ярья. Хэсэг ниссэнийхээ дараа аялал санасан шиг нь амар явдал биш гэдгийг ойлгожээ. Учир нь тэрээр хорвоо ертөнц, эх дэлхийн талаар сайн ойлгоогүй явсан юм. Шувууд нэг л замаараа, юу ч бодолгүйгээр Швед рүү нисдэг байсан болохоор аргагүй юм. Дэлхий бөөрөнхий учраас нэг газар хүрэхийн тулд шууд чиглээд очиж болно. Харин эсрэг тал руу нь яваад бөөрөнхий дэлхийгээ тойрон нөгөө талаас нь очсон ч чадна гэдгийг мэддэггүй байжээ.
Монголд хүрэхийн тулд дорно зүг Африк, Европ, Оросоор дамжиж болохоос гадна, Араб, Энэтхэг, Хятадаар ч дайран нисч болно. Эсвэл өрнө зүг рүү Япон, Хятадаар дамжин хүрч болох нь. Хэрвээ эхнийхээр нь явбал Атлантын далай, харин хоёр дахь чиглэлийг сонгох аваас Номхон далай дээгүүр нисэн өнгөрнө. Хоёулаа үнэхээр том далай. Гэвч Номхон далай арай том. Швед явахаар бол эхний чиглэл нь илүү оновчтой, харин Галапагосоос Монгол руу очихдоо өрнө зүгийг барин нисэх нь хамаагүй дөт. Эхнийхээр нисвэл замдаа олон зогсож буух хэрэгтэй. Үүнийг Кики маань мэдээгүй болов уу. Яагаад гэвэл түүнд хүний мэдлэг байхгүй, шувууны л мэдлэгтэй шүү дээ. Амьдралд олон төрлийн мэдлэг бий. Үүнийг дараа нь тайлбарлаж өгнө өө. Ер нь долоохон сартай байж чи яагаад ийм олон асуулт асуугаад байгаа билээ? Жоохон тэвчээ хө, удахгүй бүх зүйл ойлгомжтой болно!
Дараа нь юу болсон бэ гэвэл, Кики эсрэг зүг ниссэн учраас миний амьдардаг Англи улсын Лондон хэмээх том хотоор дайрах болов. Замдаа алжаасан тул манай цонхны гадаа түр амрахаар буужээ. Майри бид хоёр нам гүм гудамжин дахь жижигхэн байшингийн дээд давхарт амьдраад удаж байна. Гадаа зүлэг, мод бүхий бяцхан цэцэрлэгтэй. Кики цэцэрлэгийн модон дээр буудаллахын оронд манай гал тогооны гаднах буланд амсхийж унтахаар суусан юм. Шувууд мэдээж модон дээр унтаж болдог л доо. Гэхдээ арай удаан нойр авах гэсэн үү, тэрээр манай цонхны тавцанг сонгожээ.
Өглөө босоод хувцаслаж ч амжаагүй байхдаа Майри бид хоёр бяцхан шувууг олж харлаа. Кики ядарсандаа бид хоёрыг ч анзааралгүй Монгол нутгийг зүүдлэн тайван гээч нь унтаж байв.
Энэ захиа арай л урт болчих шиг боллоо. Тиймээс үлдсэнийг нь маргааш, дараагийн захиандаа ярьж өгье.
НЭПКО хэвлэлийн газар
Зочин
Зочин
Зочин