Д.Оюунболд: Өндрийн цуваанд үүлэн дээгүүр явах л сайхан
“Open door” сонин хоёр нас хүрч байна. Бид энэхүү ойн дугаарын зочноороо Бойнг онгоцны капитан, ноён Д.Оюунболдыг сонгож урьсан юм.
“Open door” сонин хоёр нас хүрч байна. Бид энэхүү ойн дугаарын зочноороо Бойнг онгоцны капитан, ноён Д.Оюунболдыг сонгож урьсан юм.
-Хориод жил ярилцлага хийхдээ ганцхан удаа нисгэгч хүнтэй ярилцаж байжээ. Тэр зочин маань Монгол Улсын гавьяат нисгэгч Тамирын Батбаяр байлаа. 60 минутад 60 асуулт тавьж, үг унагах гэж мөн ч зүдэрч байж билээ.
-Тийм үү.
-Та миний хоёр дахь нисгэгч зочин болж байна. Онгоцны дарга Оюунболд гэх алдрыг олон аяллын замд сонсч байсан ч анх удаа нүүр тулж байна. Та надад бас л их чимээгүй хүн шиг санагдаад байх юм.
-Магадгүй ээ, би тийм ч яриа хүн биш.
-Хөвгүүдийн их хүчтэй мөрөөдөл нисгэгч юм шиг санагддаг. Үүнээс болоод их онцгой хүмүүс нисгэгч болдог ч юм шиг бодогддог. Таны хувьд ямар тохиолоор энэ мэргэжлийг сонгосон бол?
-Яг л үнэн дээ. Эрэгтэй хүүхэд болгон нисгэгч болно гээд л мөрөөддөг. Бараг бүгдээрээ л багадаа тэгж ярьцгаадаг. Бүх мөрөөдлөө тийшээ чиглүүлдэг байсан л даа. Энэ байдал ч надад нөлөөлсөн байх. Өөр нэг шалтгаан нь би Дорнод аймгийн Чойбалсан хотод ЗХУ-ын баатар нисгэгч Н.Ф.Гастеллогийн нэрэмжит 10 жилийн 1-р сургуулийг төгссөн хүн л дээ.
-Сонин тохиолдол юм.
-Тийм. Николай Францевич Гастелло гэж баатар нисгэгч. Тэр хүний нэрэмжит сургуульд суралцаж төгссөн маань миний мөрөөдөлд бас нөлөөлсөн байх.
-Социализмын үед аймгийн сургуулиуд бүгд ямар нэгэн орос домогт хүний нэрэмжит байсан бололтой. Манай сургууль гэхэд Петр Ефимович Щетинкиний нэрэмжит байсан.
-Гэхдээ нисгэгч хүний нэрэмжит сургууль ховор байх аа. Нэг их дуулдаггүй. Энэ хүн чинь 1939 онд манай Халх голын дайнд байлдаж байсан, сүүлд эх орны дайнд байлдаж яваад амь үрэгдсэн нисгэгч л дээ. Агаарт байлдаж байхад нь онгоц нь гэмтээд, тэгээд өөрөө онгоцтойгоо унах нь тодорхой болмогц зориуд унагахдаа германы шатахуун татаж байсан галт тэрэгний цувааг мөргөж хамт дэлбэлж устгаад, амиа өгсөн ЗХУ-ын баатар нисгэгч. Маш хүчтэй домогтой нисгэгч шүү дээ. Залуухан хорин хэдхэн насандаа тэгж амиа өргөсөн. Яагаад ч манай сургууль тэр хүний нэрэмжит болсон юм. Ямартай ч түүнийх нь нөлөөгөөр бид энэ нисгэгчийн тухай тодорхой мэдлэгтэй болсон. Сайхан тохиол шүү.
-Тийм байна.
-1975 онд миний сургууль төгсөх жил Иргэний нисэхийн төв газраас олон аймгуудаар явж, тэр жил төгсөж байгаа хүүхдүүд дунд судалгаа хийж ажилласан юм билээ. Багш нартай ч уулзсан, бүх төрлийн л судалгаа явуулсан байдаг. Тэгээд хэдэн хүүхэд сонгосон байдаг л даа.
-Хэдийгээр бүх хөвгүүд мөрөөддөг ч нисэхийн сургуулийн хуваарийг сурлага сайтай, ялангуяа математикийн чиглэлийн хичээлүүдэд сайн хүүхдүүд л авдаг байсан.
-Би арван жилд сайн сурдаг л хүүхэд байсан. Нисэхэд бас биеийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд бас чухал байдаг. Хүүхдүүд чинь аймаг аймагтаа конкурс өгдөг ш дээ. Тэгэхэд би аймагтаа конкурст ороогүй. Хотод ирж элсэлтийн шалгалтаа өгсөн. ЗХУ-аас комисс ирчихсэн байсан. Тэд шалгалтаа авсан. Бидний тэр үе бараг анхных нь байж магадгүй. Анх удаа аймгуудаас хүүхдүүд шалгаруулж авсан юм. Өмнө нь цөөхөн хүүхдүүд явж байсан. Харин бид нар азтай. Тэр жил хөдөөнөөс хүүхдүүд элсүүлээгүй бол бид мэдэхгүй л өнгөрөх байсан байх.
-Тэгээд хэдүүлээ явж байв, аль хотод сурав?
-Тэр жил 15 нисгэгч, 15 онгоцны техникч бэлтгэнэ гэж элсэлт авсан л даа. Манайх чинь Батлан хамгаалах яамны харъяа цэргийн байгууллага байсан. Эрүүл мэндийн үзлэг гэхэд л цэргийн госпиталь дээр орж байлаа. Их ч нарийн үзлэгт оруулдаг. Яг ЗХУ-д очоод зарим нь Эрхүүд Их сургуулийн хэлний бэлтгэлд, зарим нь үндсэн ангидаа гээд хоёр хуваагдаад явцгаасан. Би Эрхүүгийн бэлтгэлд суралцсан. Бэлтгэлд нэг жил сураад Омск хотод очсон. Омскийн Нисэхийн сургуульдаа очсон. Сурч байх үедээ бол бараг цэргийн дэглэмтэй орчинд суралцсан. Дэглэм гэхэд бас хаашаа юм. Зун амардаггүй байлаа.
-Яагаад?
-Зун нисэхийн дадлагаа хийнэ. Оюутнууд амраад явчихна. Бид нар майхантайгаа хөдөө гарна. Омскоос нэлээн зайтай, хөдөө л зуныг өнгөрөөдөг байлаа даа.
-Орон орны залуучуудтай хамт л сурч байв уу?
-Үгүй. Омск бол социализмын үед хаалттай хот гэдэг байлаа шүү дээ. Цэргийн маягтай, жуулчин энэ тэр авдаггүй, тийм өвөрмөц өнгө төрхтэй хот байсан. Тэгээд яахав, манайх чинь ах нартай ойр харилцаатай болохоор зөвхөн монголчуудыг авсан. Ер нь өмнө нь ихэвчлэн Сасово хотын Нисэхийн сургуульд нисгэгч нарыг бэлтгэдэг байсан. Манай хууччуул бүгд Сасовод төгссөн байдаг. Тэнд ер нь олон улсаас элсэлт авдаг байсан.
-Ер нь манай нисэхийн үндсэн боловсон хүчнийг бэлтгэж байсан л он жилүүд биз дээ?
-Тийм.
-Таны ярианаас “Ах нар” гэдэг үг сонссон чинь сонин байна. Мартагдах шахсан нэршил орж ирж байна.
-Тэгэлгүй яахав. (инээв) Ах нар байлгүй яахав дээ. Анхны багш маань орос хүн байлаа. Арван хэдтэй анхны найз залуучууд маань бүгдээрээ орос залуучууд байна. Хүүхэд насандаа очоод эр хүн болох замыг хамт туулалцсан, хамт бүтээлцсэн тэр сайхан эрчүүд, багш нар маань оросууд байлаа. Бид чинь өглөө оройгүй нэг их гимнастик хийдэг. Өглөө бүгдээрээ цээж нүцгэн усанд орцгоогоод л, хоорондоо булчингаа гайхуулцгаагаад л амьдарсан. Тэр үед одоогийнх шиг фитнес клуб, тоног төхөөрөмж гэж байх биш. Зузаан сунадаг резин юмнаас уячихаад л дасгал хийдэг. Ингэж л нисгэгч болох бүх замаа хамт туулцгааж байлаа. 17-той хүүхэд л нисэхийн мэргэжлийг сонгосон. Өнөөдрийг хүртэл нисэх хүчиндээ л ажиллаж байна даа. Хажуугаар нь янз бүрийн төвшний сургалтуудад суралцсан. Нислэг бол ерөөсөө завсардаагүй.
-Эргэж Омскоороо, сургуулиараа очсон биз дээ?
-Сургуулиараа бол очоогүй. Нислэгээр бол Омскт очиж байсан. Нэг хэсэг бид чинь Омскт нэг буугаад Москва гэж нисч байлаа.
-Та хэдэн жил нисч байна вэ?
-38 жил нисч байна.
-38 жил агаарт “амьдарч” дээ.
-Тэглээ. 38 жил нислээ. Таван төрлийн онгоцоор ниссэн байна. АН 2 онгоцоор эхэлж ниссэн. Царцаа ногоон гэдэг дээ. Өөрөө бол мэднэ. Танай Булган чинь царцаа ногоонтой байлаа шүү дээ. Нэлээн хэдэн сумандаа нислэг үйлддэг байсан.
-Тэгэлгүй яахав.
-Хоёр гурван сумынхаа зорчигчдыг нийлүүлээд нисчихдэг байсан. Яг тэр онгоцоор чинь л анх эхэлж байлаа даа. АН 2 онгоцны хоёрдугаар нисгэгч, дэслэгч цолтой анх тушаал гарч байсан. Анхны дадлагаа одоо энэ Түргэний гол дээр хээрийн талбайд хийж байсан юм.
-Оюутан байхдаа нисээд үзчихнэ биз дээ?
-Оюутан байхдаа бие даагаад нисчихсэн. 200 гаруй цаг нисчихсэн, нисгэгч дипломтой төгсөнө шүү дээ.
-Хэддүгээр курсээсээ нисч эхлэх үү?
-Хоёрдугаар курсээс эхэлдэг. Зуны нислэг, өвлийн нислэг гээд ондоо. Өвөл бид нар чинь Сибирьт цанатай нисдэг байлаа. АН 2-ын чинь дор цана угсарчихдаг юм. Монголд бид ер нь цанатай нисээгүй. Дээрээс нь шөнийн нислэг гээд бүгдийг л оюутан байхдаа хийнэ.
-Ер нь онгоц л бол онгоц, нислэг л бол нислэг байдаг уу. Эсвэл өөр үү. Эрчүүд ярьдаг даа, Лексус 570 унаад явж байх ч өөр шүү гэж. Түүн шиг Бойнг жолоодоод нисч явах ч өөр гэх ойлголт байх уу?
-Ер нь нислэг л бол нислэг. Ажлын хариуцлага талаасаа, нисгэгч хүн гэдэг талаасаа. АН 2 онгоцоор нисэх үү, Бойнг 737-800-оор нисэх үү гэдэг сургалтын л жаахан ялгаа байхаас адилхан л нислэг.
-Хувь нисгэгчдийн түүхээс иш татвал Т.Сугар гуайг их авьяастай нисгэгч байсан гэж ярихыг олон сонсч байсан. Нисгэгч хүнд мэдлэг чадавхиас гадна мэдрэмж хэр хэрэгтэй вэ. Хэрэв үнэхээр хэрэгтэй бол тэр мэдрэмж гэдэг зүйл нь нисгэгч хүнд ер нь юу юм бол?
-Нисгэгчийн мэргэжлийн бүтэн агуулга хариуцлага. Нислэгийн дүрэм журмууд маш нарийн хийгдсэн, байнга шинэчлэгдэж хүчирхэгжиж ирсэн байдаг. Ягштал мөрдөгддөг дүрмүүд. Тэрнээс гадуур байх боломж байхгүй. Дээрээс нь нислэгийн мэдрэмж гэдэг бол нарийн мэдрэмж, тодорхой хэмжээний авьяас гэж байдаг юм шиг санагддаг. Нислэгийн мэдрэмжтэй, авьяастай гэдгийг хэн мэдэж шалгаруулж анх элсүүлэх вэ дээ. Явцын дунд хөгждөг ойлголт. Нисгэгчид хоорондоо жаахан жаахан өөр байдаг. Тэнд л мэдрэмж, авьяас хоёр байдаг болов уу. Төрөлхийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө барих чадвар, ачаалал даах чадвар өөр өөр байдаг л даа. Энэ ажил өөрөө завсардаж болдоггүй ажил байхгүй юу. Чаддаг, мэддэг гэж бодъё. Гэхдээ л сар завсарлаад ниснэ гэхэд өөр.
-Тэр ямар учиртай вэ?
-Тийм л хэмжээний мэдрэмж, чадвар шаардаж байна л гэсэн үг. Би бас сонсч байсан. Төгөлдөр хуурчид чинь бас тэгдэг гэнэ. Өдөр болгон л давтаж, дасгалаа хийж байхгүй бол төсөөрчихсөн байдаг гэх юм билээ. Нисгэгч нар яг л тийм байдаг. Тогтмол бүх талын бэлтгэлтэй л байхыг шаарддаг. Нислэг болгон өөр байдаг. Тухайн онгоцны хүндээс, хөнгөнөөс, салхины чиглэлээс гээд олон хүчин зүйлсээс шалтгаалдаг. Тийм учраас бүх нислэг нэг хэмнэлд байдаггүй.
-Хүмүүс морин дэл дээр давхиж явахад исгэрмээр санагдаад л сайхан байдаг гэж ярьдаг. Зүгээр машин жолоодоод нутаг ус руугаа явж байхад ч сайхан мэдрэмж эдэлдэг. Тэгэхээр тэр хурд гэдэг зүйл бас ямар нэгэн сэтгэл хөдлөл авчирч байдаг ойлголт юм шиг байгаа юм. Нисгэгчийн амсдаг тэр сэтгэл хөдлөл чухам юу юм бол?
-Нислэг гэдэг бол хүн төрөлхтний анхны чухал мөрөөдлүүдийн л нэг. Манай түүх дурсамж, уран зохиолуудад ч байдаг шүү дээ. Хөвсгөл аймгийн Гэлэнхүү гээд л, Шүхэрч Буниа гээд л. Тэр Гэлэнхүү гэхэд өөрөө далавч малавч хийгээд, хадан дээрээс ниссэн байдаг. Дажгүй ниссэн байдаг ш дээ. Хураасан хонин дээр буусан гээд л түүх байдаг. Гадаадад ч тиймэрхүү гэнэн үеийн туршилтууд их байдаг. Мөрөөдөл нь огторгуй руу тэмүүлж байсныг л илтгэж байгаа юм. Шинжлэх ухаан ч анхны нээлтүүд, туршилтууд газар дээрх хүмүүс дээшээ л тэмүүлж байсныг харуулдаг. Тэр үүднээсээ нисэхийн шинжлэх ухаан хамгийн өндөр төвшинд хөгжсөн. Өнөөдөр бидний нисч байгаа Бойнг 737-800, Бойнг 767-300 бол хамгийн сүүлийн үеийн, хамгийн гайхалтай онгоцууд. Бусад бүх хөгжилтэй орнууд энэ онгоцоор нислэг үйлдэж байна. Бид хоцроогүй, адилхан тэр онгоцуудаар нисч байна гэдэг том ололт.
-Онгоц хөөрөх үе шат гэж байдаг байх. Хурдаа авах, хөөрөх, өндрөө авах, газардах гэх мэт. Танд аль нь илүү хүчтэй мэдрэмж төрүүлдэг вэ?
-Өндрөө авчихсан, чиглэлээ авчихсан, өндрийн цуваанд үүлэн дээгүүр явж байх л сайхан даа.
-Өндрөөс харагдах хамгийн гоё юм юу вэ?
-Өндрөөс шалтгаалаад бүх зүйл жижиг харагддаг. Ихэнх хүмүүс үүлийг дороос нь хардаг. Надад үүлийг дээрээс нь харах л илүү мэдрэмж төрүүлдэг. Цав цагаан, ариун дагшиныг мэдрэх бол тэр л мөч.
-Одоо та Бойнгоос өөр онгоц жолооддог уу?
-Үгүй, нислэгийн дүрмээр сүүлийн үед ер нь тэгж нэг их хольж нисгэдэггүй. Аюулгүй байдал талаасаа ч нэг өдөр өөр онгоц, маргааш нь өөр гэх онц биш. Аль болох хориглодог.
-Оюутан болчихоод ер нь түргэн л агаарт гарахыг, нисч үзэхийг л хүсдэг байв уу?
-Тэгэлгүй яахав.
-Айдсыг яаж давах вэ?
-Энэ нисгэгч нарын ар гэрийнхэн ер нь нэлээн айдастай байдаг юм шиг санагддаг. Манай эхнэрийн ураг төрлийнхөн амралтын үед уулзаж учрахад байнга л “Одоо ер нь нисэхээ больж болохгүй юм уу” гэх үгийг олон хэлдэг. (инээв) Бидэнд бол тийм бодол орж ирдэггүй. Надад бол онгоц л хамгийн найдвартай унаа санагдаад байдаг. Бусад техникийг бол ёстой мэдэхгүй. Осолтой санагдах тал руугаа. (инээв) Ер нь тэнгэртээ явах л жаргалтай.
-Хажууд тань хоёрдугаар нисгэгч сууж явдаг байх. Өөр хэдэн хүн явах уу?
-Ерөөсөө л хоёулхнаа ш дээ.
-Нисгэгчид мэргэжлээсээ болоод улам яриа муутай болдог юм шиг ээ?
-Магадгүй. Бүх юм хязгаартай шүү дээ. Хоёр нисгэгч хоорондоо хамаагүй ярьж болохгүй. Доошоогоо байнга холбоотой байна. Чихэвч хийчихсэн байна. Тэндээс ирж байгаа дохиолол, мэдээллийг алдаж болохгүй шүү дээ. Бидний өнөөдөр нисч бууж байгаа буудлууд бол дэлхийн хамгийн ачаалалтай, нэр хүндтэй буудлууд. Нарита, Инчон, Бээжин Капитал, Франкфурт, Тегель, Шерметьево гээд. Цаг хугацаа минут секундээр хэмжигддэг. Маш нарийн цагийн хуваарьтай. Тийм болохоор анхаарал сарних боломжгүй.
-Ясны гэж ярьдаг даа, тийм төвшний хариуцлага, чадавхи шаарддаг юм байна л даа.
-Хүний амь нас хариуцаж явдаг хүмүүс. Амарч байхдаа ч хариуцлага шаардагддаг алба. Нислэгт бэлдэх гэдэг утгаараа. Хэдэн цаг унтах, хэзээ босох гээд бүх зүйл өөрөөс хариуцлага, дэглэм шаардаж байдаг. Бусад ажил бол дандаа хоёрдугаарт. Өөрөө өөрийгөө нислэгт сойгоод л, өөрөө өөрийгөө хариуцаад амьдраад сурчихсан улс юм даа.
-Нисгэгч нар ямар хугацаанд шалгалт өгч нисэх эрхээ сунгуулж байгаа вэ?
-Зургаан сар тутам. Зургаан сар тутам шалгалт өгч байна гэсэн үг. Одоо бол бид АНУ-ын Сиетль, Маяамид хийж байна.
-Орост төгссөн нисгэгчдийг дэлхийд сайн үнэлдэг юм шиг билээ?
-Ер нь манайхан гайгүй үнэлэгддэг шүү. Монголчуудыг авьяастай гэдэг үнэн ч юм шиг.
-Та үнэхээр даруу хүн юм. Манайхан гологдож үзээгүй ээ гээд бардамначихаач.
-(инээв) Би тэр бардамнах энэ тэр дээр жаахан маруухан хүн л дээ. Бид чинь анх оросын онгоцоор л нисч үзсэн. 1992 онд л анхны Бойнгоо авч ашиглаж эхэлсэн шүү дээ. Бүгдээрээ сураад л, дэлхийн төвшинд нь шалгалтаа өгөөд л явцгаасан.
-Экипажийнхны буугаад гарч явааг харахад онгоцны даргынхаа урд хэн нь ч орж явдаггүй юм шиг харагддаг. Багаараа алхаж яваа нь гоё харагддаг. Нислэгийн өмнө орж байгаа нь, буугаад гарч ирж байгаа нь нэг тийм сүрлэг мессеж өгдөг юм.
-Тийм үү.
-Хичнээн гаднаасаа гоё ч, байнгын хүнд нерв, ачаалал тээж амьдардаг хүмүүс юм даа. Би Т.Батбаяр нисгэгчээс асууж байсан. Буухад хамгийн гоё буудал тань ямар буудал вэ гэж. Хичнээн ядуу даржин, навсгар ч “Буянт ухаа”-даа газардах л хамгийн сайхан нь юм даа гэж хариулж байсан. Таны хувьд?
-Эх орондоо ирж байна, гэртээ ирж байна гэдэг утгаараа яалт ч үгүй өөрийн маань буудал л сайхан даа.
-Яг газардаад, буугаад хамгийн эхлээд та юу хийдэг вэ?
-Ер нь сэтгэл хөдлөл багатай хүмүүс л дээ. Гэхдээ “Чингис хаан” буудалдаа буугаад алхах л сайхан. Нислэгийн үүргээ амжилттай гүйцэтгэчихээд алхаж явах. Өөр салбарынхан шиг ажлынхаа талбар дээр омогшиж амжихгүй. (инээв) Тийм юм байхгүй л дээ.
-Таны аав мундаг хүн байсан юм билээ. Төрсөн гэр орны тань талаар сонирхож болох уу?
-Миний аав Мөрийн Дамбаравжаа гэдэг хүн байсан. Дорнод аймгийн Булган суманд 1917 онд төрсөн хүн л дээ. Ардын хувьсгалаас өмнө. Тэр үеийн Монгол орны амьдрал ямар байсныг та сайн мэдэж байгаа. Тэгсэн хэрнээ манай аав чинь их сүрхий. Бага сургуульд сурсан байдаг юм. Тэр үеийн хүмүүс голдуу л бичиг үсэггүй байдаг ш дээ. Тэгэхэд Хэнтий аймгийн Дадал суманд, гэрээсээ бүр тийм хол очиж дунд сургуульд суралцсан байдаг. Тэндээс нь цөөхөн хүүхэд ЗХУ- руу Рабфакд явуулна гэж байсан юм байна. Тэрэнд тэнцээд ирж байсан гэдэг. Ээжийнхээ эрүүл мэнд тааруугаас болоод явж чадаагүй юм билээ. Сумын зарлага нь байн байн аваад явна гэж ирдэг, аав явж чаддаггүй. Өөрөө тэгж хуучилдаг байсан. Тэгээд 18 настай цэрэгт явсан. Дорнодод алба хаасан. 1936 оны цэрэг. Яг дайны өмнөх цэрэг л дээ. Тэгээд л хил дээр байж байгаад 1939 оны зүүн талын дайнд, 1945 оны чөлөөлөх дайнд орсон. Дайны дараа Батлах хамгаалах яаманд ажиллаж байгаад, бэлтгэл хошууч халагдсан. Тэгээд л нутаг руугаа буцсан байдаг юм. Армид 15 жил алба хаагаад халагдахад нь тэр үеийн бодлого айхтар байж дээ, шууд энд Намын дээд сургуульд сургаад нам төрийн ажил руу шилжүүлсэн байдаг. Аав маань бид нарыг инженер болгох их сонирхолтой. Хэзээ ч биднийг дарга болоорой, нам дагаарай гэж сургаж байсангүй.
-Эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Бид есүүлээ. Гурван хүү, зургаан охин. Миний дээд талын ах барилгын инженер, багш хүн байдаг. Эрэгтэй дүү Ленинградад усны инженерээр төгссөн, доктор Ph . Цаг уурт насаараа ажиллаж байна.
-Дорнод гэхээр танайхан буриад айл уу?
-Бид нар халхууд. Ерөнхийдөө Хэрлэнгийн урд талынхан нь халхууд байдаг.
-Нисгэгчдийг сархад нэлээн хүртчихдэг гэх юм. Та уудаг уу?
-Би ч уухгүйтэй адилхан хүн дээ. Манайханд 100 гр татчихаад ниснэ гэх ойлголт байхгүй. Тийм боломжгүй. Амралтын үед найз нөхөдтэйгээ ганц нэг 100 гр татчихаад амрах юм хүний амьдрал юм чинь байдаг л биз. Түүнээс биш ажил албаа алдталаа, эрүүл мэндээ алдталаа уух гэж юу байх вэ дээ. Тийм тохиолдолд нисэх боломж байхгүй л дээ.
-Нисэхээс өөр таны сэтгэл зүрхийг булгилуулдаг зүйл юу вэ?
-Агаарт алхах, бас нэг жижиг төвшинд ан гөрөөнд явах сонирхолтой. Багадаа шатар тоглодог байлаа. Манай аавын ганц эгч шатар зааж өгч байсан. Аав ганц эгчтэй. Эгч нь хөөрхий хүүхэдгүй, манайх есөн хүүхэдтэй. Тэгээд бид нар хуваагдчихна. Тал нь тэнд. Хичээл амарсан үед бүгд л хөдөө байж байдаг. Бид нар тэр эгчийгээ Амбаа гэж авгайлдаг. Амбаа маань намайг сургуульд ороогүй байхад шатар зааж өгч байсан юм.
-Танай нисгэгчид “Мөнгөн цагаан хөлгөөрөө дүүлж явнаа би...” гээд л жинхэнэ гоё дуулдаг юм билээ. Та дуулах уу?
-Дуу байхгүй. (инээв) Ёстой паг шүү. Мэдээж сонсох дуртай байлгүй яахав. Сайхан дуу сонсох сайхан.
-Онгоцныхоо бүхээгт дуу сонсох уу?
-Нэг секунд ч өөр юм сонсож болохгүй. Тийм боломж байхгүй. Ер нь ажил мэргэжлийнхээ онцлогоос болоод нисгэгч нар чинь нэлээн бөх бат рааман дотор л ажиллаж амьдарч сурсан хүмүүс байдаг юм шүү дээ. Тэгээд нэгэнт тавилан юм чинь тэрэндээ захирагдаж амьдардаг. Бид битгий хэл гэр бүл тийм болчихдог.
-“Буянт ухаа” гэдэг нэртэйгээ манай нисэх буудал их олон жил явсан. Харин одоо “Чингис хаан” гэдэг нэртэй. Энэ нэрэндээ одоо дасчихсан уу?
-Дасах юм аа. “Буянт ухаа” гэдэг маань өөрөө их гоё нэр шүү дээ. Хөгшчүүд их гоё дурсамж ярьдаг. “Буянт ухаа” гэдэг маань байршиж буй газрын нэр. Морин толгой гэдэг нэртэй байсан гэдэг. Тэгээд аль нэрийг нь өгөх вэ гэж ярилцаж байгаад “Буянт ухаа” гэдэг нэрийг нь сонгож байсан юм гэсэн. “Буянт ухаа” гэдэг чинь ер нь буянтай газар шүү. Манай буудал эзэн Чингис хаанаараа овоглосон нь төрийн бодлогын ч асуудал байх. Хүндэтгэлтэй, сайхан байдаг. Ататурк гээд Туркийн нисэх буудал байна. Туркийн л нэг баатар. Гэвч туркууд нь л мэдэхээс дэлхий даяараа мэдэхгүй. Чингис хааныг бол бүх дэлхий мэддэг. Энэ утгаараа том бахархал.
-Манай нисгэгчдийн цалин амьдрал ахуйдаа хэр хүрэлцдэг юм. Төрөөс хэр харж ханддаг вэ?
-Ганцхан манайх ч биш дэлхий нийт нисгэгч нарын цалин нэлээн өндөр байдаг. Манайх ч харьцангуй гайгүй. Биднийг анх төгсөж ирж байхад, социализмын үед ч тийм байсан. Одоо ч сайн. Цалин гэдэг бол ажиллах бололцоо. Нислэгийн аюулгүй байдлын нэг талын баталгаа.
-Удам дамжсан нисгэгчид их байдаг. Таны хүүхдүүдээс энэ мэргэжлийг сонгосон хүн байгаа юу?
-Би хоёр охин, нэг хүүтэй. Миний хүү нисгэгч. Одоо нисч байгаа. Өөрөө сонирхлоороо л сонгосон. Яахав өссөн орчин бас нөлөөлдөг байх л даа. Би хүүгээ багад чи нисгэгч л болох ёстой шүү гэх мэтийн хандлага нэг ч илэрхийлж байгаагүй. Хүүхдээ шахаад л, ямар нэг даалгавраар хязгаарлаж хүмүүжүүлэхийг би таашаадаггүй. Хүү маань математикийн 11 дүгээр дунд сургуулийг төгссөн. Төгсөөд КТМС-ын программын анги авсан. Төгсөөд Сингапурт хэлний сургуульд явсан. Тэгээд Шинэ Зеландад нисгэгчийн сургуульд элсэж төгссөн.
-Хүүтэйгээ хамт нисч үзсэн үү?
-Үгүй. Манайд энэ талын дүрэм хатуу. Ах дүү, төрөл садан, ойр нисгэгч нар байлаа гэсэн ч хамт нисэхийг зөвшөөрдөггүй.
-Уг нь хүүгийнхээ хажууд суугаад нисвэл гоё байх л даа?
-Нисэхэд нь зорчигчоор сууж явж үзсэн. Амраад явахдаа тийм тохиолдол үзэж байсан.
-Нисгэгч нарын буулт нь жаахан өөр өөр байх шиг санагддаг. Та тийм яриа сонсч байсан уу?
-Техникийн маш олон элементүүд байна шүү дээ. Тэрний маш эмзэг, торгон үе байхгүй юу. Онгоц бууж байна гэдэг. Буултуудаас нисгэгчдийн мэдрэмж их харагддаг. Ер нь муу нисгэгч гэж байдаггүй гэж би боддог. Байж болдоггүй гэдэг утгаараа би энэ үгийг хэлж байна л даа.
Ийм нэгэн эгэл, даруугийн туйл болсон эрхэм нисгэгчтэй хөөрөлдөв. Хамгийн сүүлд хэзээ би ийм чимээгүй, намуухан хүнтэй уулзсан юм бол гэж санахыг хичээв. Эрж хайн өөрөөсөө сураглав. Санаанд дурайтал ороод ирэх дүр бараг л алга шиг. Үнэхээр бидний араншин асар их өөрчлөгдсөн төдийгүй нийтээрээ хөөрсөн, хашгирсан, бухимдсан улсууд болцгоожээ.
Ийн би шинэхэн зочныхоо тухай бодолхийлж сууна.
Ийн би шинэхэн зочныхоо тухай бодолхийлж сууна.