Хөлбөмбөг бол улс орныг нэг талаар тодорхойлдог аугаа спорт. Сүүлд 2006 оны Дэлхийн аваргаар олон ч хүн Того, Гана, Тринидад Тобаго, Кот Д’Ивуар гэдэг нэрнүүдийг тогтоож авсан. Тринидад Тобаго, Англитай тоглох гэж байхад манай Английг 2-уулаа нийлж байгаад хожих нь гэсэн хошин яриа ч гараад байлаа. Харин манай шигшээ баг гадаад биднийг хэрхэн төлөөлдөг талаар сонирхоод үзье.


Анхны наймаа

      Монголын хөлбөмбөг Ази, Олон улсад албан ёсны данстай болсоны дараа Бангкокт зохиогдсон 13 дахь удаагийн Азийн наадамд оролцлоо. Тэр үед Монголдоо шилдэг гэгдэж байсан Б.Буман-Учрал, С.Пүрэвсүх, Мөнхгал, Болдбаатар тэргүүтэй тамирчид Тайландыг зорьж эхний тоглолтоо Кувейттэй хийн 11-0-ээр хожигдов. Аргагүй ээ анхны гэдэг утгаараа, дээр нь Азийн хүчтэй багтай эхний тоглолт хийнэ гэдэг амаргүй ажил байсан байх. Мөн халуун оронд, хиймэл зүлгэн дээр, шөнийн тоглолт хэдэн талаас нь гэрэл тусчихсан сүүдрээ өрсөлдөгч гэж эхэндээ хараад эвгүй байсан гэх мэтчилэн анхны гэх юм зөндөө байсан гэж ах нар маань ярьж билээ. Кувейтийн шигшээ цааш явсаар Азийн наадмын мөнгөн медалийг хүртсэн. Харин Монголын шигшээ багийн дараагийн учраа Узбекистан байлаа. Энэ тоглолт наймааны тоглолт байсан гэдгийг тэнд очсон ахмад тамирчид бүгд хэлдэг. “Ийгл” телевизээр Монголын шигшээ багийн тамирчид, лигийн дасгалжуулагч нар нэвтрүүлэгт орж байхдаа ч энэ талаар ярьж л байсан. Өмнө нь Кувейт – Узбекистан 3-3 тэнцсэн учир 11-ээс олон бөмбөгөөр хожсон тохиолдолд Узбекууд хэсгээс нэгээр гарах ёстой байлаа. Тиймээс бага Азийхан Монголын Хөлбөмбөгийн холбооны удирлагуудтай хэл амаа амархан ололцож, одоо л нэг тоглолтоо гаргана даа гэж бодож байсан тамирчдын гарааны бүрэлдхүүнийг тоглолт эхлэхийн өмнө удирдлагууд нь дасгалжуулагчийн зөвшөөрөлгүйгээр хувцас солих өрөөнд өөрчилсөн гэдэг. Хожигдсон ч гэсэн сайхан тоглоно доо гэсэн тамирчид нэг л итгэл муутай тоглосоор 15-0 –ээр хожигдсон. Тэр үед мөнгө төгрөгөөр тохиролцсоныг батлаж чадахгүй ч, удалгүй Узбекистаны талаас бүх зардалыг нь дааж Монголтой хамтарсан бэлтгэл хийсэн юм. Тэгэхээр энд ямар нэгэн тохиролцоо байсан болж таарч байна.


Бид гадаадад хэн бэ?

     Азийн наадмын дараа Монголын хөлбөмбөгийн чансаа нэг байраар урагшилжээ. Яагаад 2 удаа олон тоогоор хожигдсоны дараа чансаа урагшилсаныг дэлгэрэнгүй  тайлбарлаж өгье. Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо нийт 207 гишүүн оронтой. Эдгээр улсуудаас чансааны эхний 90-д багтдаг нь Дэлхийн аваргын эрхийн төлөө идэвхитэй тоглолт үзүүлдэг бол 90-150-ийн хоорондох чансаатай улсууд хөлбөмбөг хөгжиж буй орнуудад багтаж зарим тохиолдолд эхний 90 рүү орох тохиолдол харагддаг. Харин 150-иас хойшхи чансаанд ямар улсууд байдаг юм бол. Нэгдүгээрт хүн ам багатай, тоглодог хүн байтугай ажил хийх хүн ч ховор улсууд багтана. Энд Люксембург, Андорра, Монако, Сан Марино, Жибути, Макао, Гуам, Комор, Сэйшел  гэх мэт баахан арал эсвэл газар нутаг багатай улсууд. Олон Улсын Хөлбөмбөгий холбоо хичнээн хаялага хаяад ч нэмэргүй учир эдгээр улсууд зугаа төдий тоглодог. Харин хоёрдугаар ангилалд хөгжих нөөц баазтай, гол юм тоглох тамирчид нь байдаг ч дотоод шалтгааны улмаас хөгждөггүй улс орнууд. Үүний нэг нь яах аргагүй манай улс. Монгол улстай зэрэгцээд Афганистан, Гвинэй Бисау, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Эритри, Нигер, Камбож, Бангладеш, Лаос гэх мэт улсууд нэрлэгдэнэ. Дотоод асуудлаа ахиад задлавал цөөхөн хэдэн улсад дайн байлдаан болж, дотроо мөргөлдөөнтэй байгаа, бусад нь авилгал, хээл хахууль туйлдаа хүрчихсэн улс орнууд. Сүүлд дурдагтсан эдгээр улсууд авилгал, хээл хахуульд идэгдсэнээрээ Дэлхийд тэргүүлж буй нь судалгааны дүнгээс харагддаг. Гэхдээ авилгал ихтэй газар хөлбөмбөг хөгждөггүй гэсэн үг огтхон ч биш шүү. Хөлбөмбөгийн спорт эдгээр улсуудад сүүлд дэлгэрч одоо болтол дотоод асуудлаас нь болоод хөгжиж чадахгүйд гол учир нь оршиж буй. Тэдний нэг нь бид гэхээр өөрийн эрхгүй харамсал төрнө. Бид тэгэхээр нэг жүжигчинтэй театр лугаа адил урсгалаар явж байна. Ийм улсуудыг ОУХБХ, АХБХ-ы сонгуульд нэр дэвшигчид хармааны улсаа болгодог. Бид өөрсдийгөө хүндлэхгүй байхад, тэд юу гэж биднийг хүндлэх вэ дээ. Хэн их хаялга өөрт нь хаяна түүний төлөө кноп дарагчийн байр суурьтайгаар л Монголын Хөлбөмбөгийн холбоог гадаадад мэднэ. Яг л коммунизмын үеийн Зөвлөлтийн дагалдан баясагчид шиг. Одоо яагаад чансаа урагшлав гэдгийг тайлбарлахад: 150-иас хойшхи чансаатай улсууд 1 эсвэл 2 жилдээ нэг тоглолт, нэг тэмцээнд ордог учир хожсон ч хожигдсон ч чансаа нь урагшилж байдаг. Харин 150-иас урагш орно гэдэг ховор. Эндээс урагш жинхэнэ хэн нь хэн бэ гэдэг нь мэдэгддэг учир хожихгүй л бол урагшлахгүй. Тиймээс 200-150 хооронд бид эргэлдээд л байгаа юм. 160-д орчлоо гэж баярлах хэрэг байхгүй. Манайхыг тоглохгүй жил болоход тоглолтоо хийсэн улсууд урд ороод ирнэ. Ийм л болхи аргаар бидний хуурсаар л байна. Бидний чансаа урагшилсан, Монголд хөлбөмбөг хөгжиж байна гэх мэтчилэн бусдын амыг таглах нь юм мэддэггүй жоохон хүүхэд хуурч байгаатай адил. Хөлбөмбөгчид, үзэгчид, сонирхогчид 12 жил хууртлаа, харж суулаа, бухимдлаа одоо хангалттай. Та бүхэн угаасаа Монголд сайнаар дурсагдахаасаа өнгөрсөн, бурханы шийтгэл хүлээх нь тодорхой болсон. Үр хүүхдийг нь хэн ч сайнаар хэлэхгүй, үзэн ядна гэдэг бурханы шийтгэл биш гэж үү. Одоо бидний цаг ирсэн, Монголын хөлбөмбөгийг өөрчилье.

                                                                                                                     Төгсөв