Монгол 2017 оны ДНБ-ийхээ 3 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулжээ. Манай улс 3.1 сая хүн амтай, дундаж нас нь 70 (эмэгтэй 75, эрэгтэй 66) болжээ. Бидний 70 хувь нь хот сууринд, 30 хувь нь хөдөөд амьдарч байна.

Дэлхийн хамгийн бага нягтралтай орон учир эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүртээ хүргэх нь тун амаргүй ч, төр засаг бүх чадлаараа хичээж ирлээ. “Эрүүл мэндийн төвийн” 2016 оны тайлангаар монголд 3,500 эрүүл мэндийн байгууллага (төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв 13, бүсийн оношилгоо эмчилгээний төв 5, аймгийн нэгдсэн эмнэлэг 16, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв 12, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 6, сум дундын эмнэлэг 39, сумын эрүүл мэндийн төв 273, өрхийн эрүүл мэндийн төв 220, ортой хувийн эмнэлэг 234, оргүй хувийн эмнэлэг 1,076) ажиллаж, тэдгээрт 48,173 эрүүл мэндийн ажилтан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Нэг их эмчид 309 хүн, нэг сувилагчид 269 хүн ногдож, эмч сувилагчийн харьцаа 1:1.2 болжээ.

Эмч, сувилагч, эмнэлгийн орны хүрэлцээгээрээ манай улс хөгжиж буй орнууд дотроо толгой цохидог. Гэвч асуудлын гол нь тоондоо биш, чанарт юм. Чанарын хувьд эрүүл мэндийн салбарт хийх ажил маш их байна.

Эрүүл мэндийн үйлчилгээний чанар муу учраас сүүлийн хориод жилд иргэд гадаад явах нь жил бүр өсч байсан бол 2014 оноос буурах хандлага ажиглагдаж байна. Монголбанкны 2015 оны судалгаагаар жилд 50,000 орчим (давхардсан тоогоор) иргэд гадаадад эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж, жилд 70-130 сая ам. долларыг эмчилгээний импортоор алдаж байна.

Монгол Улсын эмчилгээний импортын шалтгаан, бүтэц, хандлагыг нарийвчлан судалж, боломжоороо бууруулах нь иргэдийн хөрөнгө санхүүг хэмнээд зогсохгүй, эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулахад бодитой хувь нэмэр болох ажээ.

АВРАЛ ХАЙСАН “АЯЛАЛ”

Монголд эмчилж чадахгүй өвчин эмгэгээс гадна, эмчилж чаддаг өвчнийг ч эмчлүүлэх гэж чанар, тав тух, эрсдлээ тооцон монголчууд гадаадад “эмчилгээний аялалд” явсаар байна.

1990 онд монголд эмчилж чадахгүй 40 өвчин эмгэгийн жагсаалт гарч байсан бол 2017 онд уг жагсаалтад 26 өвчин эмгэг үлджээ. Эдгээр нь өндөр технологийн багаж, тоног төхөөрөмж, нарийн мэргэжлийн ур чадвар шаардсан, манайд ховор тохиолддог мэс заслын аргаар ихэвчлэн эмчлэгдэх өвчин эмгэгүүд юм.

Эмчилгээний импортын шалтгааныг багцалвал:

а) дээрх жагсаалтад орсон ба ороогүй ч манай улсад хийдэггүй шинжилгээ, оношилгоо, эмчилгээ; 

б) ашиглаж байсан техник, технологи нь хоцрогдсон, эрсдэл өндөр оношилгоо, эмчилгээ; 

в) хийж чаддаг ч, үйлчлүүлэх дараалал нь урт оношилгоо, эмчилгээ; 

г) үйлчлүүлэгчийн итгэл алдах - нэг өвчтөнд өөр өөр онош тавих, шинжилгээний хариунууд зөрөх; 

д) тав тухтай үйлчилгээг эрэлхийлэх, халдвар авах эрсдлээс зайлсхийх зэрэг болно.

Харин нутагтаа хийж байгаа ч, хамгийн их гадагшаа явж эмнэлгийн тусламж авч буй үйлчилгээг төрлөөр нь үзвэл:

  • Элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс засал: I эмнэлэг болон ХСҮТ-д (хавдрын) хийдэг боловч дараалал урт, зарим эдийн тохироо таардаггүй;
  • Тархины мэс засал: III эмнэлэгт хийдэг, дараалал урт, мэс заслын дараах нөхөн сэргээх үйл ажиллагаа, хяналт сул; Тархины судсан дотуурх болон зүрхний титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээг нээлттэй бус мэс заслын аргаар оношилж эмчилж байна;
  • Зүрхний гажигийн мэс засал: III эмнэлэгт хийдэг, дараалал урт, мэргэшсэн эмч дутагдалтай, абляци (тэлэлт) саяхнаас хийж эхэлсэн, нээлттэй хагалгаа давамгайлж байгаа; Зүрхний хэм алдагдлын эмчилгээг хийж эхэлсэн байгаа.
  • Гэмтлийн болон үений мэс засал: улсын болон хувийн эмнэлгүүд хийж эхэлсэн. ГССҮТ болон II эмнэлгээс гадна, Интермед, Грандмед, Мөнгөнгүүр эмнэлгүүд хийж байна. Гэвч эмчилгээний чанарт гомдол гардаг;
  • Нөхөн сэргээх эмчилгээ: ихэнхдээ нарийн мэргэжлийн эмчийн зөвөлгөө, эмчилгээний тоног төхөөрөмж, эмнэлгийн орчин, эмийн чанар, тав тухыг харж гадаадыг сонгодог;
  • Гоо сайхны мэс засал: БНСУ руу голдуу явдаг, мэргэшсэн эмнэлгүүдтэй, монголд сул хөгжсөн, чанарын гомдол гардаг;
  • Төрөлт: санхүүгийн боломжтой хүмүүс найдвартай, аюулгүй гэж БНСУ ба АНУ руу голдуу явдаг. Интермед эмнэлэг нээгдсэнээс хойш энэ урсгал харьцангуй татарч байгаа;
  • Төрөл бүрийн хавдрын мэс засал: ХСҮТ гол ачааллыг үүрдэг, хүлээлэг их, орчин муу. Хавдрын дараах хими болон туяа эмчилгээг зөвхөн ХСҮТ-д хийдэг байсан. Саяхан шинээр туяа эмчилгээний хоёр шугаман хурдасгуур суурилуулсан. Одоо Интермед эмнэлэг хими эмчилгээг цээж хэвлийн хөндийн бүх төрлийн хавдрын мэс заслын хамт хийж байна;
  • Урьдчилан сэргийлэх үзлэг: иргэд тав тух, найдвартай байдлыг нь харгалзан гадаад руу их явдаг байсан. Сүүлийн үед Интермед, УБ Сонгдо, Грандмед зэрэг хувийн эмнэлгүүд хийх болсноор энэ урсгал эрс саарч байна;
  • Ургийн гажигийн эрт үеийн оношилгоо: монголд цөөхөн мэргэжилтэн бэлтгэгдсэн. Багаж, программ хангамж дутагдалтайгаас Эх нялхас дээр эхний шатны шинжилгээг хийдэг. Харин Интермед эмнэлэгт эрт, дунд, хожуу үеийн бүх шатны оношилгоог хийж байна;
  • Бага насны хүүхдийн унтуулгатай MRI болон CT шинжилгээ: монголд хийх боломжгүй байсан, Интермед эмнэлэг одоо хийдэг болсон;
  • Нүдний төрөл бүрийн мэс засал: голдуу Энэтхэг болон ОХУ руу зорчдог, үнэ зардал төдийлөн ялгаагүй, технологи болон чанарын хувьд монголоос илүү гэж үздэг зэрэг юм.

Эдгээр шалтгаан, бодит байдлаас болоод манай иргэд ихэнх тохиолдолд БНХАУ, БНСУ, БНЭУ, Тайланд, Сингапур, Тайвань, АНУ, Япон, ОХУ зэрэг улс орнуудад очиж эрүүл мэндийн үйлчилгээ авч байна. Солонгос, Энэтхэгийн томоохон эмнэлгүүдийн төлөөлөгчийн газар УБ хотод олноор байгуулагдаж, 2017 оноос хөдөө орон нутаг руу үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨРТӨГ ЗАРДАЛ

ДЭМБ-ын 2014 оны тайланд монгол хүн жилд дунджаар эрүүл мэндийн боловсрол, хөрөнгө оруулалт, эмнэлгийн үйлчилгээ, эм, спортоор хичээллэх гэх мэт бүх зардлыг тооцоод 200 ам. доллар зарцуулдаг гэжээ. Энэ үзүүлэлтээр бид 216 орноос 134-т Туркменистан, Украйн, Ангол, Египт, Морокко, Болив, Фижи зэрэг улсуудтай ойролцоо жагсжээ. Энэ үзүүлэлт БНХАУ-д 420, ОХУ-д 893, АНУ-д 9402 доллар ажээ.

Монголчууд эмнэлэгт очих “дуртай”, нэг иргэн жилд дунджаар 5.5 удаа эмнэлгийн хаалга татдаг (улсын эмнэлэгт 4.7, хувийн эмнэлэгт 0.7 удаа), сонирхолтой нь зарим нь огт очдоггүй байхад, зарим нь эмнэлэгт бараг л амьдардаг ажээ.

Үйлчлүүлэгч талаасаа бол манай иргэд эрүүл мэндээ тэр бүр үнэлэхгүй, түүнийгээ хамгаалахын тулд зохих зардал гаргахыг хүсэхгүй, мөн боломж тааруу тул улсын болон хувийн эмнэлгүүдийн орлого муу, өрсөлдөх чадвар сул, ажилтнуудын цалин хөлс бага хэвээрээ байна.

Монголд олон тооны эмнэлэг байгаа ч чанарын ялгаа их байна. Эрүүл мэндийн даатгалын (ЭМД) үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байна. Улсын эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд эм тариа, эмчилгээ, хоолыг оруулаад хоногт 35,000 төгрөгөөр зардлыг тооцдог. Хувийн эмнэлэгт түүний талыг нь олгодог. Энэ дүнд зардлаа багтаахын тулд эмнэлгүүд эм тариа, эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл, ариутгалын бодис, дээр нь эмч ажилтны цалин хөлснөөс хэмнэдэг. Үр дагавар нь чанаргүйдлийн тойрог үүсгэдэг.

Эмчилгээ, үйлчилгээг өвчтөндөө биш, санхүүдээ тааруулж хийсээр хориод жил явж ирсний үр дүнд эрүүл мэндийн систем бүхэлдээ суларч, иргэдийн итгэл алдарч буйгаас сэтгэл дундуур болсоор, санхүүгийн боломжтой нь гадагшаа явсаар байна.


ИМПОРТОО БУУРУУЛАХ АЛХМУУД

Улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудын өрсөлдөөн эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд зөв түлхэц болж эхэллээ. Мөн хувийн эмнэлгүүд төрөлжин мэргэших хандлагатай болж буй нь сайшаалтай. Гэсэн хэдий ч энэ салбарт хөрөнгө оруулалт, санхүүжилт ихээхэн шаардлагатай байна.

ЭМД-ын системээ чадавхжуулах, сангаа арвижуулан, өртөг зардлыг тооцоог сайжруулан, нөхөн төлбөрийг улс ба хувийн эмнэлэг гэж ялгахгүй, чанартай эм, хэрэгсэл хэрэглэх боломжоор хангах хэрэгтэй.

Эмчилгээ үйлчилгээний чанарыг нэгдсэн стандарт, бодлого, зохицуулалтаар хангах, чанд хэрэгжүүлэхийг шалгах, сургалт явуулах, чанарын үзүүлэлт ба статистик мэдээллээ зөв тодорхой болгох, эмнэлгийн дэд бүтэц, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг хувийн улсын гэж ялгахгүй адилхан нөхцөлтэй болгох цаг.

Чанартай эм, хэрэгслийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох, тэр болтол АНУ-ын болон Европын холбооны хүлээн зөвшөөрсөн эм хэрэгслийг импортлохыг хөнгөвчилвөл цаг зав, цаас үрсэн явцыг багасгах юм.

Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийг бодитой үнэлэх, үнэлэмжийг нь өсгөх. Иргэдээ гадагш нь явуулах биш, гадаадын чадварлаг эмч, мэргэжилтнийг монголд авчирч хамтран ажиллах, технологи ноу-хаугаас нь суралцах нь зүйтэй.

Эцэст нь гадаадад явж эмчлүүлж буй иргэдийн зардлын тодорхой бага буюу 5 хувийг нөхөн төлөх замаар эмчилгээний импорттой холбоотой бүх мэдээ, мэдээллийг цуглуулан, судалж, дүгнээд, зөв шийдлийг гаргах цаг болжээ.

2018.05.16