Нүд харах зүйл хоёрыг гэрэл холбож өгдөг. Харин ухамсар ахуй хоёрыг хэл холбох аж. Гэрэлгүй бол нүд ертөнцийг харахгүйтэй адил хэлгүй бол оюун ухаан ертөнцийг "харахгүй" юм.  20 дугаар  зуунаас ингэж философидох болсон. Хэл,ахуй,ухамсрын энэ шүтэлцээг Витгенштейн "Миний ертөнцийн хязгаар бол миний хэлний хязгаар" гэсэн ахул Хайдеггер "Ахуйн гэр орон нь хэл юм" хэмээжээ. Харин Деррида бүр цаашилж хэлийг,ерөөсөө текст буюу бичвэр гэж нотлоод "Бичвэрээс цааш юу ч үгүй" хэмээн лүндэгэнжээ. Ингэхээр хүний ухамсар хэлний бүтээгдэхүүн болоод зогсохгүй бичвэрийн ертөнцөд эволюцлэгдэж байх нь ээ!
 
Сайн үйл хийж буй хүн нүүрээ нуудаггүй. Муу үйл хийж буй хүн нүүрээ нуудаг. Лалын улсын террористууд нүүрээ байдгаараа нуудгийн шалтгаан нь энэ. Тэд адгийн зүйл хийж байгаагаа мэднэ. Хөлсийг нь авчихсан учраас л нүүрээ нуугаад хүн алаад байгаа юм. Хамгийн зэвүүтэй нь тэд зүгээр буудчихгүй, хүнийг зовоон байж хөнөөснөөр таашаал авдаг донтой болцгоосон байна. Үүнийг алуурчин нүүрээ нуухаараа бүр садист болдгийн шалтгааныг сэтгэл зүйчид судалсаар байгаа. Одоохондоо, нүүрээ нуухын хэрээр зовж байгаа хүнийг харж таашаал авах дуршил нь улам бүр нэмэгдээд байдгийг л тогтоогоод буй.
 
Энэ зүй тогтлоос нүүрээ нуусан комментчидын садизмын шалтгааныг бас олж харж болно. Ийм учраас барууны орнууд интернэтийг нүүрээ нуусан лалруудын халдлагаас хамгаалахын тулд нүүрээ нууж интернэтэд орохыг хориглосон хуулиуд гаргажээ. Тэд угтаа,нүүрээ нуусан лалруудын  садист, мазохист бичвэрээр дүүрсэн ертөнцөөс хүүхдүүдээ хамгаалсан юм билээ!
 
Барууныхан,солиорлоор дүүрсэн бичвэр дунд хүүхдийн ухамсрын эволюц явагдвал ямар аймшигтай зэрэмдэг оюунтай бодьгалиуд болон төлөвшихийг философичид,сэтгэл зүйчид,социологчид нь анхааруулсан учраас нүүрээ нуухыг хориглосон хууль гаргажээ. Философичид хий хоосон цэцэрхэгчид биш гэдгийг энэ жишээ харуулдаг. Тэд л текстийн ертөнцөд хүний ухамсар өсөн бойждог гэдгийг анхааруулаагүй бол барууны фэйсбүүк, твиттер зэрэг онлайн ахуй хоррорын ертөнц болох байсан юм.
 
Барууныг бодвол Монгол постмодерн ардчилалтай улс болчихоод байгаа.Хүний эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдсан олонхийн засаглал бүхий либерал ардчиллаас ч илүү даваад ,"Үнэн"-ээр далайлгасан "Зүй ёсны" эрхшээлийг оюун бодлын эрх чөлөөгөөр хязгаарласан ардчиллын хэлбэрийг төлөвшүүлж яваа.
 
Ямар ч бичвэр дотроо алдаа агуулдаг гэдгийг бид социализмаас харсан. Тийм учраас өөрийгөө маргашгүй үнэн мэтээр мэтгэх том нарративаас цээрлэдэг болсон. Тэгээд бусдад гай болохгүй л бол солиотой ч байх эрхтэй гэж үзнэ. Хүнд гай болоогүй л бол Ромбу гаригийхантай уулзана л биз! Хүнд гай болоогүй л бол соёлын өргөөндөө цуглаж суугаад,түрийвчээ мөнгөөр дүүргэж баяжихын тулд түрийвчээ эргүүлэн хурайлаа л биз! Хүнд гай болоогүй, тэгээд чадаж байвал дэлхий сөнөхөөс зугтан нуугдаа л биз! Гал түймэр тавьчихгүй л бол тэнгэр өөд галаар мэссеж илгээгээ л биз! Энэ бүхэн солиорол,эрүүл ухааны алин болохыг хувь хүн өөрөө л шийднэ. Төр оролцож хуулиар тогтоохгүй. Энэ бол Монголын постмодерн ардчиллын зарчим.
 
Ийм ардчилалтай учраас манайд Америк шиг эсхүл Европ мэт,нүүрээ нуусан лалруудаас онлайн ертөнцийг хамгаалахаар хууль гаргаагүй. Би ч гэсэн нэг зүйлийг эс тооцвол хууль гаргах хэрэгггүй  гэж  бас үздэг юм. Тодруулбал,хүүхдүүдийг эс тооцвол!
 
Бид томчуудыг өөрийн ухамсраар аливааг шүүн тунгаах чадвартай гээд насанд хүрсэн хэмээн тодорхойлдог билээ. Харин хүүхдүүдийн ухамсар "хорвоотой танилцах" үедээ байдгийг хэн хүнгүй мэднэ.Тэгэхээр хүүхдүүдийнхээ нялх ухамсрыг лалруудын бичвэрийн хорвоод "хаяж өгвөл" тэд маань ирээдүйд хэн болох вэ. Оюун ухаан нь хэр сүрхий гэмтэх бол гэдэг асуултыг нухацтай бодох хэрэгтэй байдаг.
  
Миний мэдэх нэгэн лалрын намтрыг энд өгүүлсүү. Тэр Зөвлөлтөд коммунист намын дээд сургуулийг улаан дипломтой төгссөн нэгэн. Маш их уншина.Гэтэл ардчилсан хувьсгал болчихов. Түүний мөрөөдөл талаар болов. Хайрлаж хамгаалдаг нийгэм нь нуран унав.Түүх бужигнаад л явчихав. Мань эр учраа ч олохоо болив. Үнэндээ Зөвлөлтөд төгссөн сургууль нь түүнд амьдрахад хэрэгтэй боловсрол олгоогүй, зүгээр л үзэл суртлыг ухамсарт нь суулгасан байжээ. Шинэ нийгэмд үзэл суртлаар хоолоо олж идэх боломжгүй. Харин нэг сургууль төгссөн, нэг намынх нь овсгоотой нөхдүүд "урваж" хөрөнгөтнүүд болж байв. Мань эр үзэл суртал хариуцсан дарга болно гэж бодож байсан учраас овсгоотой байх хүмүүжил олоогүй. Учир начраа олохгүй байсаар ардчиллыг үзэн ядахаас өөр зүйлгүй үлдсэн. Өдөржин сонин сэтгүүл эргүүлэх, оройдоо телевизийн дэлгэцтэй хэрэлдэхээс өөр чадах юмгүй "бездельник" болов. Нэг бол ууна, үгүй бол телевизтэй хэрэлдээд суучихна, бүр гайгүй үедээ сонин сэтгүүлээс өө сэв хайна. Өө сэв хайн мэдэмхийрэхдээ өөрийгөө боловсролтой биш идеолог төдийтэй хүн гэдгээ яахан мэдэх билээ. Ажилгүй,орлогогүй,тарчиг амьдралдаа хорссон түүний ардчиллыг үзэн ядах байдал улам хурцлагдаж байлаа. Бараг л хорин дөрвөн цаг ардчиллыг зүхэн орилж хашгирна. Эхнэр, хүүхдүүд нь түүртэн байнга урвайн түгшиж сууна. Сүүлдээ явцгаасан. Ийнхүү орь ганцаараа үлдэж ардчиллыг хараан бүгдийг муучлах зуршилтай болжээ. Тэгж байтал ашгүй интернэт бий боллоо. Коммент бичих зай ч гараад ирлээ.Комментын цаана нэр нүүр нь харагдах зовлон үгүй тул жинхэнэ аазгай нь бургиллаа. Нээгдсэн сайт бүр дээр ардчиллыг гутаан доромжлохдоо таашаал авна. Комментоо бичиж дуусахдаа "дур тавьсан" байдаг. Ийнхүү байнга интернэтэд орон онанизм хийн оргазм болно.
 
Сүүлийн үед тэр маш их урам зоригтой байгаа.Түүний,мөнөөх онанизм нь үнэд орсон. Элдэв нам, улстөрчдийн захиалгаар үнэ хөлстэй ажил болон хувирсан. Одоо улам бүр эрэлтэй,орлоготой болоод байгаа. Хажуугаар нь фэйсбүүк, твиттэрийн зах дээрээс олон дагалдагчид босгон "нуусан нүүрээ" зарж баяжсан байна. Өдөржин фэйсбүүк,твиттэрт салалгүй суух боломжтой, өөр татлаа болох ажилгүй хувь хүн л олон дагалдагчидтай болох боломжтой юм! Миний мэдэх нэгэн лалрын товч намтар ийм бөлгөө.
 
Миний мэдэх лалар бол ийм зүйл хүмүүсийн нэг л төрөл. Бусад төрлийн нүүрээ нуугчид бий. Хувийн дүргүйцэл, үзэн ядалтаа адгийн муухай үгээр илэрхийлэн "өшөө авдаг" бядгүй эрчүүд,аманцар авгайчууд бас цөөнгүй. Ийм хүмүүс нас барсан хүнээс хүртэл өшөөгөө үргэлжлүүлэн авсаар байна.Энэ бол нүүрээ нуусан хүн юу ч хийж мэдэх садист байдгийг нотолсон нэг жишээ юм.
 
Уг шалтгаан нь ямар ч байлаа нүүрээ интернэтээр "гивлүүр"-дсэн 6000 (зургаан мянган) лалрын бичвэрийн ертөнц бол хараалын харанхуй ертөнц. Энэ ертөнцөд алхан орсон балчир оюун ухаан ад зэтгэрийн хүчийг олон өндийх нь дамжиггүй.
  
Нэгэн сэтгүүлч эмэгтэйд тохиолдсон явдал үүнийг харуулдаг.Тэрбээр ээлжит нийтлэлээ бичиж. Сониных нь сайт дээр гарч. Уншигчдын  коммент мэдээж ямар сайн байхав. Бичсэн сэдэвтэй нь ямар ч хамаагүй бөөн хараал доромжлол. Гэтэл тэдэн дотроос онцгой ялгарсан бузартай муухай доромжлол байна гэнэ. Цагдаагийн байгууллагаар хайлган байж бичсэн эзнийг нь олж гэнэ. Тэгсэн нөгөөх нь зургадугаар ангийн хүүхэд! Огт таньж мэдэхгүй хүүхэд шүү! Яагаад огт танихгүй хүнээ, өөрт нь ямар ч хамаагүй асуудал  хөндөж байхад хажуугаар нь орж ирэн доромжилсныг лавлахад фэйсбүүкийг  "Хүн Доромжлох Газар" хэмээн үздэгээ хээвнэг хэлжээ.
 
Ийм хүүхдүүд улам бүр олон болсоор байгаа билээ! Оюуны болоод сэтгэлийн террор хийхээр хөлслөгдсөн зургаан мянган лалар өөрийн бичвэрээр интернэтийн ертөнцийг эзэлчихээд байхад өөр яах билээ! Энэ ертөнцөд,гэрэл гэгээг харах оюунгүй болоод өсөж байгаа хүүхдүүд маань харамсалтай!Тэдний цаг ирэхэд юу болох бол...   Эцэг, эхчүүдээ хүүхдүүдээ хамгаалаарай.