Би ингэж бодож байна
БАГШ: “Тэр мөсөн дээгүүр явж байгаа мэт аядуу намдуу. Тэр дайсны нутагт байгаа дайчин адил хянуур сэрэмжтэй.”
НЭГ. БАГШ
БАГШ: “Тэр мөсөн дээгүүр явж байгаа мэт аядуу намдуу. Тэр дайсны нутагт байгаа дайчин адил хянуур сэрэмжтэй.”
БАГШ: “Тэр зөв үйлдэл өөрт бий болтол хөдлөхгүй байж чадна. Тэр үр дүнг бододгүй. Горьдлого найдлага тээдэггүй. Тэр зөвхөн одоогоороо байж бүхнийг хүлээж авдаг.”
БАГШ: “Тэр хорвоод ирэхдээ нумын хөвч адил гарч ирдэг. Дээд хэсэг нь доошоо махийсан. Доод хэсэг нь дээшээ муруйсан. Төгс тэнцвэрийг бий болгохын тулд. Тэр илүү дутуг тохируулдаг.”
Эртний Хятадын Дао-Те-Кинг буюу Бумбын номлолд ингэж хэлжээ.
ХОЁР. ХАЙР
Хүү минь!
“Хүнийг аз жаргалтай байлгахыг хичээ. Тэгвэл чи зовлонгийн үндэсийг тасдана. Хүмүүсийг хайр энэрэлтэй байлгахыг хичээ. Тэгвэл чи бузар үйлийн үндэсийг таслана.
ХАЙР: Тэр хүчээр тулгадаггүй. Тэр үлгэрлэн сургадаг. Тэр шудрага боловч уян зөөлөн. Гэрэлтдэг боловч нүдэнд дулаахан. Тийм учраас хайр бол бүхнээс илүү их хүчтэй. Би ингэж бодож байна. Тиймээ. Хүү минь. Охин минь. Орчлон ертөнц цаглашгүй дээд нэг л хүчтэй. Тэр бол хайрын хүч. Хайр бол зөвхөн хайртай хосуудад байдаг зүйл биш. Тэр бүгдэд тэгш тэнцүү хуваагдсан. Тийм учраас тэр хаа сайгүй оршдог юм. Тэр бидний эцэг эх, хань ижил, үр хүүхэд ах дүү, найз нөхөдтэй хамт амьдардаг. Тийм учраас тэр энэ дэлхийн эцсийн хүн орших хүртэл амьдрах болно. ХАЙР БОЛ МӨНХИЙН ОРШИЛ МӨН. Би ингэж бодож байна. Гэхдээ бид нар хайрын мөн чанарыг ойлгодоггүй. Бас бид нар ойшоодоггүй. Амьдралын утга учир нөхцөл байдал. Шаналгаа өвчин зовлон. Хорон муу санаа хүсэл тачаал. Энэ бүхэн өөр хоорондоо нэг л зүйлээр холбогддог. Түүнийг зөөллөж чадах. Үгүй хийж чадах цорын ганцхан хүч байгаа. Тэр бол хайрын хүч. Ёс зүйт оюунлаг энэрэнгүй сүнслэг чанарт байдаг хүч. Тийм учраас бүх зүйлс хайр энэрэл дотор оршдог. Хувь тавилан амьдрал бүх юмс энэ замаар явдаг. Хайр бол бурханд хүрдэг зам. Би ингэж бодож байна.
Тийм учраас: Хүү минь чи ажил хий. Өөрийнхөө төлөө биш. Хайртынхаа төлөө гээд ажилла. Илүү их аз завшаан ирнэ. Илүү их сайн сайхныг чи бүтээж чадна.
Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
********
1.Хүү минь. Охин минь. Гэр бүлээ хайрла. Үр удмаа хайрла. Сэтгэл зүрхээрээ хайрла. Өр зүрхээрээ хайрла.
Миний хүү. Миний охин. Чи ханийгаа хар. Үрийгээ хар. Сайн хар! Тэгээд чи тэднийгээ хайрла. Сэтгэл зүрхээрээ, өр зүрхнээсээ хайрла. Тэгэж чадаж гэмээнэ: Хайрын эзэн үгүй болсон ч. Хайрласан хайр нь үлдэнэ. Тийм хайр оршихуйгаас гэгээрэл рүү очдог юм. Тийм хайр орчлонгоос тэнгэрт. Ердийн юмнаас ер бусын хэмжээсрүү явдаг юм. Тийм учраас: Миний хүүхдүүд. Гэр бүлээ хайрла. Үр удмаа хайрла. Өр зүрхнээсээ хайрла. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
2. Хүү минь. Итгэлтэй бай. Итгэж бай. Итгэл бол зүрх сэтгэлийн дуудлага.
Жоохон хүүхэд ээждээ шууд л итгэдэг. Ямар ч бодолгүй. Ямар ч эргэлзээгүй итгэдэг. Хүмүүс ээжийгээ аавыгаа хайрладаг. Гэр бүлээ эхнэр хүүхдээ найз нөхдийгөө бас хайрладаг. Ямар ч болзолгүй ямар ч шалтгаангүй хайрладаг. Тийм учраас хайрыг судлах хэрэггүй. Судлавал хайр алга болно. Бас итгэл байвал эргэлзэх хэрэггүй. Итгэл алга болно. Тийм учраас: ХАЙР бол бурхан. ИТГЭЛ бол амьдрал. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
3. Хүү минь. Ээж бол хайр. Эхийн хайр мөнх.
Эх хүний хайр нь гүн. Сэтгэх нь агуу. Сэрэх нь гайхамшиг. Тийм учраас: Тэр хайр юуг ч бий болгож чадна. Тэр хайранд бүх юмс оршдог. Тэр хайраар хүн өөрөө бүтээгдсэн юм. Тэр хайранд бүх зүйл оршдог. Тэр хайраар амьгүй юмс амилдаг. Нар сар од гаригс мод уул ус гол бүгд түүнтэй ярьдаг. Тийм учраас: Ээж бол бурхан. Ээж бол хайр. Эхийн хайр мөнх. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Тийм учраас: Ээжийгээ хайрла. Бие биенээ хайрла. Дотор сэтгэлээрээ хайрла. Энэ бол бурханы хүсэл. Бүгдийн хүсэл. Энэ бол орчлон ертөнцийн жам ёс. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
4. Хүү минь. Ээж нь та нарт: Хөвгүүддээ өөрөөсөө илүү их хайртай гэдэгсэн. Аав нь ч бас адилхан шүү дээ.
Алт шиг үнэтэй үрдээ хайргүй хүн хаана байх вэ? Гэхдээ хүн үрээ зөв хайрлах хэрэгтэй. Ухаантай хайрлах ёстой. Жаргалд ташаарахгүй. Зовлонд сөгддөггүй. Эр хүн болгох ёстой. Юу гэсэн үг вэ? гэвэл. Нас биед хүрсэн хүний талхыг нь олоод аманд нь хийж өгч болохгүй. Өөрсдөө олог. Чадахгүй бол өлсөг. Ингэж хайрла гэсэн үг. Тэгэж гэмээнэ хүн үрээ сайн хүн болгодог юм. Хөдөлмөрч, ухаантай хүн болгодог юм. Зоригтой зорилготой хүн болгодог юм. Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
5. Хүү минь. Ургах нарны шинэхэн туяа. Солонгын долоон өнгийг харж бай.
Миний хүү. Ээжийнхээ зөөлөн дулаан инээмсэглэлийг санаж бай. Ухаарч ойлго. Эцгийнхээ хатуухан шулуун бодлыг эргэн хар. Бодож тань. Ургах нарны шинэхэн туяа, солонгын долоон өнгийг харж бай. Ажиглаж хар. Унтаж байгаа үрийнхээ зулайг үнэрлэж үнс. Зүрхээрээ таал. Халамжит сайн ханийнхаа үгийг бүтэн сонс. Анхаарч сонс. Энэ бол. Эр хүний эрхэм дээд чанар мөн. Энэ бол. Тэнгэр мэт оршихуй зүй тогтол мөн.
Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
6. Хүү минь. Бурхан хүн болоод энэ ертөнцөд ирдэг гэсэн. Бурхан хүн ямар байдаг бол? Яг ээж шиг нь байдаг байх.
Охин минь. Эмэгтэй хүн ээж хүн ямар байх ёстой билээ? Энэрэнгүй зөөлхөн байх хэрэгтэй. Аливаа юмыг зөв талаас нь эхлэж хардаг байх учиртай. Өрөвчхөн нигүүсэх сэтгэлтэй байх хэрэгтэй. Бас зовлонд өвдөг сөгдөж нулимс дуслуулан суудаггүй хатан зоригтой эмэгтэй байх ёстой юм. Бурхан хүн болоод энэ ертөнцөд ирдэг гэсэн. Бурхан хүн ямар байдаг бол. Яг тийм тэнгэрлэг сайхан хүн. Ээж хүн эмэгтэй хүн байдаг байх.
Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
ГУРАВ. ХУВЬ ТАВИЛАН.
Хүү минь. Чи хэрэн хэсэх бодол оюунаа зогсоож анхдагч тэр нэгэн нэгдмэл байранд нь буцаан аваачиж чадах уу?
Хүү минь. Чи өөрийгөө шинэ төрсөн хүүхэд адил. Уян зөөлөн хир үгүй тунгалаг оюун ухаанд дахин сэрээж чадах уу?
Хүү минь. Чи оюун бодол сэтгэлээ юуг ч биш. Зөвхөн гэрлийг харах хүртэлээ цэвэрлэж. Дахин шинээр бий болгож чадах уу? Эртний Хятадын Дао-Те-Кинг буюу Бумбын номлолд ингэж хэлжээ.
Тэгэхээр ийм юм.
Хүү минь. Хүн анх эхээс төрөхдөө. Муу сэтгэл үгүй. Сэдэл үгүй. Муу үйл үгүй төгс цэвэр төрдөг. Энэ бол Бурхан бид бүгдэд өгсөн ХУВЬ ТАВИЛАН. Тэрээр ХООСОН. Гэвч хил хязгаар үгүй үнэ цэнэтэй асар их бодит боломж. Тэрээр сайхан сэтгэл мэргэн ухаан гэрэлтсэн. Тэнгэрлэг сайн хүн. Сайхан хүн орчлон ертөнцөд олон байх хэрэгтэй гээд. Тийм хүн байх боломж бололцоог бидэнд өгсөн. Бурхан үүнийг бид бүгдэд өгсөн юм. Энэ бол ямар нэгэн нууц нуугдмал зүйл биш. Энэ бол чамд надад бүгдэд бурхан өгсөн. Чи бидний төрөлх чадвар. Бас боломж. Өрөөр хэлвэл: Энэ бол Бурхан өөрөө чи бидэнд өгсөн ХУВЬ ТАВИЛАН. Цэв цэвэрхэн. Цав цагаан хувь тавилан. Харин чи түүнийгээ Дэлдэж явах уу? Дэлгэж явах уу? ЧИ ӨӨРӨӨ МЭДНЭ!!!
Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
*****
1.Миний хүү. Чи өөрөө өөртөө итгэ. Хүнд итгэж бай. Хүү минь. Итгэл бол сайхан сэтгэл. Итгэл бол мэргэн ухаан. Итгэл бол хайр халамж. Итгэл бол арга хэрэгсэл. Итгэл бол сэрж сэрээх оюун ухаан. Итгэл бол зориг зүрх үгүй сул доорой байдлаас салах боломж. Итгэл бол зовлон бэрхшээлийг даван туулах тэсвэр тэнхээ. Тийм учраас: Хүү минь. Чи итгэлтэй бай. Хэн итгэнэ. Тэр хожино. Хэн итгэнэ. Тэр дийлнэ. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
2. Хүү минь. Гаслаж суугаа бол. Мунхаг байгаа шинж.
Сэтгэл ариун бол. Оршихуй ариун. Юу гэсэн үг вэ? гэвэл. Гаслаж суугаа бол мунхаг байгаагийн шинж. Гэрах гарц хай гэсэн үг. Гадна талаас биш. Дотор ертөнцөө эхлэж судал. Өөрөөр хэлвэл. Аз жаргалаа чи өөрөөсөө эхлэж хай гэсэн үг. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
3. Хүү минь. Жаргаж буй нарыг бус. Мандаж байгаа нарыг харж бай.
Юу гэсэн үг вэ? гэвэл. Хүмүүс чамайг тоохгүй байж мэднэ. Харахгүй өнгөрч болно. БИтгий тоо. Урагшаа хараад алх. Яаж явсаныгаа биш. Яаж амьдрахыгаа бод гэсэн үг. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
4. Хүү минь. Ухаалаг бай. Мэдрэмжтэй бай.
Миний хүү чи өөрөөрөө бахархаж бай. Амьдралаас таашаал ав. Битгий харуус. Энэ бол чиний амжилтад хүрэх эхний алхам. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
5. Хүү минь. Хүн хорвоод хир удаан амьдрах бишээ. Хүн хорвоод яаж амьдарсан нь илүү их чухал.
Миний хүү. Чи инээмсэглэж яв. Баргар байвал инээ. Багтарч бачимдсан ч инээ. Өвдөж зовсон ч инээ. Өнгөрөснийг бодож бүү гутар. Инээ. Чадаагүй л биз инээ. Дараа чи чаднаа. Болоогүй л биз инээ. Дараа болно. Ээж шигээ инээ! Аав шигээ онгир! Яадгийм!!! Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй шүү. Амжиж чи инээ.
Миний сайхан хүү инээ. Инээмсэглэ. Миний хөөрхөн охин инээ. Инээмсэглэ. Үл ялиг ялдам сайхан инээмсэглэ. Омог бардам энхрий сайхан инээ. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
6. Миний хүү. Зөв зогс. Зөв амьдар.
Хүү минь. Хүнийг бүү гомдоо. Битгий муул. Тэглээ гээд: Чи жаргахгүй. Тэр зовохгүй. Хүнийг бүү доорд үз. Битгий дээрлэх. Тэглээ гээд: Чи томрохгүй. Тэр жижигрэхгүй. Хүнд битгий баярх. Бүү атаарх. Тэглээ гээд: Чи баяжихгүй. Тэр хоосрохгүй. Хүү минь. Хүнд хүрэхийг хичээ. Түүнд ойр бай. Тэгээд чи хэн нэгэн хүнийг сэтгэл зүрхэндээ тээж амьдар. Энэ зөв зам. Эр хүний эрхэм дээд чанар мөн. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
7. Хүү минь. Ертөнцөд чи үгүй болход. Чиний гаргсан мөр тодоос тод зурайн үлдэх ёстой.
Миний хүү. Миний охин. Бүх юм элэгдэн муудаж дуусдаг юм. Энэ биенд ч эцэс төгсгөл гэж байгаа гэдгийг бүү март. Сайндаа л бид нар нэг зуу наслана. Эрт орой хэзээг мэдэхгүй үхэх л болно. Эд хөрөнгө, эрх мэдэл юу ч нэмэргүй. Амьдралаас ганц хоног булааж чадахгүй. Үхэх л болно. Үзсэн мэдсэн дуулсан юу ч тус үгүй. Цаг нь болбол цастын цагаан арслан байгаад ч хэрэггүй. Үхэх л болно. Тийм учраас: Миний хүү. Миний охин. Инээж бай. Инээмсэглэж яв. Эхлээд инээмсэглэ. Эхлэж магт. Эхлээд чи уучил. Эхлэж таларх. Хайр энэрэл баяр баясгалан гэрэл гэгээг цаг үргэлж өөрөөсөө цацруул. Орчлон ертөнцөд чи үгүй болход. Чиний гаргасан сайн мөр тодоос тод зурайн үлдэх ёстой. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
8. Хүү минь. Хэрэггүй юмны. Хажуугаар нь нүдээ аниад өнгөр. Дараа нь чи харамсахгүй байвал дээр шүү дээ.
Миний хүү. Миний охин. Чамд хэрэггүй дэмий юмны хажуугаар нь. Нүдээ аниад өнгөрч чаддаг бай. Хичнээн гоё сайхан. Хөгжөөнтэй зугаатай бай хамаагүй. Чи өөрийнхөө хүслээс татгалзаж чад. Энэ бол чиний агуу чанар болж чадна. Чи итгэ. Зүгээр л хажуугаар нь. Нүдээ аниад өнгөр. Дараа нь чи харамсахгүй байсан нь дээр шүү дээ. Аав нь та дөрвөн хүүгээ. Саравчинд амьдардаг тахиа биш. Хөх тэнгэрт эрх чөлөөтэй. Элэн халин нисдэг Бүргэд байгаасай билээ хэмээн бурхандаа багшдаа залбирдаг юм. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
9. Хүү минь. Чи амьдралд үнэнч ханд. Тэгэхгүй бол чиний амьдрал өөрөө утга үгүй болдог юм.
Миний хүү. Миний охин. Алива юмыг хийхэд хамгийн гол зүйл бол Эмх замбараатай байх. Чи ажилдаа амьдралд аливаа бүх юманд эмх замбараатай байх ёстой. Тэгэхгүй бол чиний амьдрал өөрөө утга үгүй болдог юм. Ажил чинь урагш үгүй. Тэгээд чи өөрөө хэн ч биш болно. Чиний гэр бүл үр хүүхэд удам угсааны чинь ирээдүй их л бүрхэг болно доо. Энэ байдал чиний эцэг эх ах дүү, ойр дотны хайртай хүмүүст чинь бас л нөлөөлнө гэж санаж бай.
Хүү минь. Тиймээ! Арчаагүй залхуу. Тэгээд бас эмх замбараагүй. Ийм хүмүүсийн амьдрал. Зөвхөн өнөөдрөөс маргааш хүрэх төдий тогтдог. Маргааш болговол нөгөөдөр яаж хүргэх тухай л асуудал тэдэнд байдаг юм. Ингэж амьдрах гэж бид нар. Энэ сайхан хорвоод хүн болж төрсөн гэж үү? Дэндүү их гунигтай гутамшигтай хайран байгаа биз! Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
10. Хүү минь. Хувь заяа чинь чний гарт байгаа. Хуйлж явах. Дэлгэж явахаа чи өөрөө мэднэ.
Миний хүү. Чи амьдралынхаа ханийг зөв сонгох хэрэгтэй. Хүн орчлонд ханиа сонгоно гэдэг бол. Амьдралынхаа талыг сонгоно гэсэн үг. Энд: Эд хөрөнгө. Эрдэм чадал. Үндэс угсаа үзэсгэлэн гоо. Ерөөсөө хамаа байхгүй. Ганц л зүйл байхад болно. Чамтай хамт тоост их орчлонгийн сайн мууг туулах бүсгүй тань Чиний төлөө амьдарч чаддаг ёстой юм. Ерөнхийдөө нэг ийм. Хүү минь. Яаж явах чамаас өөрөөс чинь шалтгаална. Хувь заяа чиний гарт байгаа. Хуйлаж явах дэлгэж явахаа чи өөрөө мэднэ. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
11. Хүү минь. Чи цэцгэнд яаж ханддаг билээ? Амьдралд тэгэж ханд.
Миний хүү. Миний охин. Амьдрал бол цэцэг. Хялбар хэврэг гоё өнгөтэй цэцэг. Эрт орой хэзээг мэдэхгүй хагдарч унах цэцэг. Тийм учраас: Цэцгэнд чи яаж ханддаг билээ? Амьдралд тийм ханд. Яагаад гэвэл. Чи цэцэг. Амьдрал цэцэг. Орчлон ертөнц өөрөө бас цэцэг. Юу гэсэн үг вэ? гэвэл. Юм бүхэн мөнх бус гэсэн үг. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
12. Хүү минь. Нүдээ аниад бод. Сэтгэл юугаа шингээж бод.
Миний хүү. Миний охин. Хамгийн гоё сайхан зүйлс хүний нүдэнд биш сэтгэл зүрхэнд үлддэг юм. Тийм учраас: Хүмүүс нүдээ аниад боддог. Нүдээ аниж залбирдаг. Нүдээ аниад тэвэрдэг. Үнсдэг. Хайрлахдаа уйлахдаа бас нүдээ анидаг юм. Тийм учраас: Миний хүүхдүүд. Юм бодож бай. Нүдээ аниад бод. Сэтгэл зүрхээ шингээж бод. Тэр бодол үнэн байдаг юм. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
13. Хүү минь. Чи аливаа юмсыг дээрээс биш. Доороос нь харж ойлго. Юу гэсэн үг вэ? гэвэл. Хэрвээ чи цэвэр шулуун зам дээр зогсож байвал. Шавартай бохир харанхуй гудамж байдаг гэдгийг санаж бай гэсэн үг.
14. Хүү минь. Бардах хэрэггүй. Ихэрхэх хэрэггүй. Бардам зан чамайг сохор болгодог. Их зан чамайг мулгуу болгодог. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
/Хүүдээ бичсэн захидал/
2016.02.28-нд
2016.02.28-нд