Н.Энхбаяр намын бодлогод, АН С.Баярын сүүдэрт дарагдлаа
Чингэлтэйн сонгуулиас Н.Энхбаяр нэрээ татсан нь МАХН-аас Д.Зоригт нэр дэвшсэнээс илүүтэй олны анхаарлыг татаж байна.
Энэ нь дарга шүтдэг, босоо удирдлагатай МАХН-д намын бодлого унаж байсан түүх үгүйг нотолж буй. Гэтэл үүнийг хамгийн сайн мэддэг, намын бодлогын амт, сүр хүчийг хамгийн олон удаа мэдэрсэн Н.Энхбаяр өөрөө энэ удаа намынхаа бодлогын эсрэг явах гэж будилав. Будилсан дээр нь гэсэн шиг, С.Баяр ч өөрийнх нь технологийг Н.Энхбаярт өөрт нь хэрэглэж бүр хүнд байдалд орууллаа. Эцэст нь Н.Энхбаяр нэрээ татаж, намын бодлогод унаснаас хавьгүй дээр хувилбарыг сонголоо. Үүнд МАХН-ын одоогийн даргын буруу байхгүй. Харин Н.Энхбаяр л МАХН-д тогтоосон өөрийнхөө технологид унаж, өөрийнхөө “бүтээл”-д нэрвүүлчихлээ. Улстөрд мөнх байх мэт авирлах, цөөн хэдхэн лидерийн эрх ашигт нийцүүлж намын дүрмээ дэглэх нь эзэндээ эргээд халгаатайг энэ үйл явдал харуулав. Энийг халж, эрүүл зөв тогтолцоог бүрдүүлэхгүй бол хожмын нэг өдөр С.Баярыг ч гэсэн Н.Энхбаяртай адилхан хувь заяа хүлээж байхыг үгүйсгэхгүй. МАХН шинэчлэгдэж, ардчилалтай болох нь Монгол Улсад л хэрэгтэй.
Улстөр бол байнга давтагддаг процесс. Давтагдахдаа арга нь улам боловсронгуй болдог. Улстөрд ой санамж чухал байдаг нь үүнтэй холбоотой. Н.Энхбаяр 2005 онд намын даргын сонгуульд С.Баярыг намын Их хурлын шатанд бодлогоос хасч байв. Тэгвэл энэ удаа С.Баяр нөхөн сонгуульд Н.Энхбаярыг хамаагүй наана буюу удирдах зөвлөлийн төвшинд бодлогын гадна үлдээх жишээтэй. Юутай ч энэ үйл явдал нэг талаас нөхөн сонгуулийн нэр дэвшигчийг тодруулж нөгөө талаас Н.Энхбаярыг буцааж улстөрд идэвхтэй оролцуулах бодлого МАХН-д одоохондоо байхгүйг нотлов. Н.Энхбаяр, С.Баяр хоёрын дунд угаасаа байдаг зөрчлийн ан цав ч ангал болж тэллээ
Одоо өрнөх нөхөн сонгуулийн кампани МАХН-ын бодлогоос ч илүү “сонирхолтой” юм. Хуулиар бол нэр дэвшигчид хувийн мөрийн хөтөлбөр дэвшүүлэхгүй. Зөвхөн намынхаа мөрийн хөтөлбөрийг сурталчилж өрсөлдөнө. Гэтэл МАХН, АН хоёр бол нэг Засгийн газартай. Засгийн газар нь хоёр намын сонгуулийн амлалтуудыг багтаасан ганц мөрийн хөтөлбөртэй. Өнөөгийн МАХН, АН хоёр бол багтах нэг “малгай”, нөмрөх нэг “хөнжил”-тэй, хоёулаа л эрх баригчид шүү дээ. Нэг мөрийн хөтөлбөр ярьж яваа хоёр хүнийн дунд өрсөлдөөн, ялгаа гарах уу. Зарим хүн Ерөнхийлөгчийн сонгуульд ч энэ хоёр нам тусдаа өрсөлдсөн гэх байх. Энд том ялгаа бий. Ерөнхийлөгчийн сонгууль бол эрх мэдэл нь тусдаа институцийн төлөөх өрсөлдөөн. Тийм учраас намууд, нэр дэвшигчид Засгийн газрынхаас огт өөр мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг, ялсан нь намаасаа түдгэлздэг. Харин Чингэлтэйн нөхөн сонгууль бол хүчний харьцааг өөрчлөхгүй, ердөө л парламентад байгаа кнопны тоогоо л нэгээр нэмэгдүүлэх уралдаан юм. Сонгуулийн гол өрсөлдөгчид болох Р.Бурмаа, Д.Зоригт нар нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс өөрөөр, солгой ярих эрхгүй. Иймд хоёулаа л хамтарсан Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг ярьж, эцсийн дүндээ жинхэнэ хувь хүнийхээ фактороор өрсөлдсөн сонгууль болж таарах нь. Тэр талаас нь харвал МАХН-ын нэр дэвшигч Д.Зоригт давуу тал арай ихтэй. Бас үүрэх дарамт нь ч илүү. Сайдынхаа хувьд Д.Зоригт хамтарсан Засгийн газрын нэр хүндийг танадах “амьд барометр” болж энэ сонгуульд орж байна. Хэрэв ялагдвал түүний ялагдалтай хамт хамтарсан Засгийн газрын нэр хүнд унана. МАХН гэхээсээ илүүтэй хамтарсан Засгийн газар ялагдлаа ч гэж болох юм.
Д.Зоригт залуу ч, төрийн ажлын туршлагатай, улстөрийн албан тушаал хашиж ажил хийж явааг нь долоон жил сунжраад сая нэг юм хөдөлсөн Оюутолгойн гэрээнээс харж болно. Харин Р.Бурмаа бол 1990-ээд оноос л олон нийтэд танил болсон хэдий ч, улстөр гэхээсээ иргэний нийгмийн байгууллагад явсан. Иргэний нийгмийн байгууллын дуу хоолой болж сөрөг хүчний байр сууринаас улстөрчдийг хянаж ирсэн билээ. Тэгэхээр хөндлөнгөөс шүүмжилж хэлэх, ажилд хутгалдан хийхийн ялгаа бол энэ хоёр нэр дэвшигчид бий.
Д.Зоригт улстөрд шинэ генерацийн төлөөлөл болох гэж эр зориг, эрсдэл гарган МАХН-д төдийгүй, Монголын улстөрд нэр нөлөө, зангарагатай улстөрчтэй нэр дэвших эрхийн төлөө өрсөлдлөө. Харин Р.Бурмаа бол өмнө нь нэр дэвшиж байсан учраас “даагаа нэхэх” замаар нэр дэвших эрхээ олж авлаа. Д.Загджав, Д.Идэвхтэн хоёр шиг ялалтын нэг мандатаа булаацалдан шүүхдэлцэж явсан түүх Р.Бурмаад ч бий. Тэрээр 2008 оны сонгуулийн дараа нэг тойрогт өрсөлдөөд ялсан нам нэгтэй Г.Баярсайханыг сонгууль луйвардлаа хэмээн шүүхэд өгч байсан юм.
Улстөрчид өөр хоорондоо ялгарах юмгүй байж болох л байх. Харин улстөрийн гол намуудын дунд зарчмын ялгаа, бодлогын өрсөлдөөн байхгүй болчихвол олон намын тогтолцоотой байсны хэрэг юунд байна аа. Хэрвээ 2012 онд парламентын сонгууль болж нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөрөөр өрсөдлөх нь үнэн л юмбол МАХН, АН хоёрт ялгаа байх ёстой. Одоо бол алга. Ер нь С.Баяр АН-ынхнаас хоёроор илүү харж улстөр хийж чадаж байна. Тэрээр улс орынхоо эрх ашгийг ч, ирэх сонгуулиа ч давхар харж байна. Сонгуулийнхаа ялалтын хагасаас татгалзан сөрөг хүчинтэйгээ эвсч Засгийн газар байгуулсан нь С.Баярын улстөрийн эр зориг юм. Хамтарсан Засгийн газрын хүчээр Оюутолгойн төслийг хөдөлгөсөн нь түүний гавьяа. Үүгээр хамтарсан Засгийн газрын түүхэн үүрэг дуусч, хүчтэй хяналт бүхий сөрөг хүчний бодитой хэрэгцээ бий боллоо. Одоо Монголын улстөрд, С.Баярт сайн хамтрагчаас илүү шударга хяналт хэрэгтэй. Учир нь уул уурхайг дагаж хэмжээгүй их мөнгө орж ирнэ. Түүнийг хянах ганц боломж сөрөг хүчинд л бий. 2008 оны сонгуулийн дараа, Оюутолгойн сунжирсан гэрээг батлахаас өмнө Монголын улстөрд эв нэгдэл чухал байсан. Одоо бол гарын үсэг зурж хөдөлгөсөн гэрээнийхээ биелэлтийг хянах хяналтын үүрэг чухал боллоо, Монголын улстөрд. Хамтарч, хувааж идэх гээгүй л юм бол сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх сонголтын өмнө АН ирлээ. Хааяа Ерөнхий сайдын эзгүйд танхим орлохоос илүүтэй, 2008 оноос эзгүйрсэн сөрөг хүчний орон зайг тэргүүлэх нь Монгнолын улстөрд чухал боллоо, Н.Алтанхуяг дарга аа. Угаас таны, таны намын байх газар нь тэнд гэж 2008 оны сонгуулиар сонгогчид зааж өгсөн шүү дээ. Засагт хамтрах урилгыг МАХН-ын дарга илгээсэн бол, засгаас гарах саналыг АН л гаргахгүй бол, С.Баяр танхимын гишүүдээ зажлаад дууссан бохь шиг замын дунд гээхгүй. Тэгээд ч ялалтыг, алтан медалийг хэзээ хоёр хуваадаггүйг тэр сайн мэдэж байгаа. Хамтарсан Засгийн газрын нэр хүндийг Ерөнхий сайдын тэргүүлсэн нам л хүртэнэ. Иймд 2012 он хүртэл АН-ыг сүүдэртээ байлгах сонирхлоо хадгалах нь С.Баяр зүйн хэрэг. Хамтарсан Засгийн газар яван явсаар сонгуулийн ямар үр дүнд хүрдгийг өчигдөрхөн дүн нь гарсан Германы сонгууль харууллаа. Засгийн эрхийг хамтран барьж байсан канцлер А.Маркеллийн Христосын ардчилсан холбоо, канцлерийн орлогч бөгөөд Гадаад хэргийн сайдынх нь тэргүүлдэг Христосын социал демократ намуудын өмнөх сонгуулиар авч байсан саналын хувь буурч гарлаа. Эцсийн дүндээ канцлер байсан А.Маркеллийн нам ялж, засагт хамт байсан социал демократууд навс ялагдав. Эвслийн Засгийн газартай улс оронд нөгөө нам нь Ерөнхий сайдынхаа намын сүүдэрт даргаддагийн жишээ энэ бололтой. Ер нь Герман, Япон гээд олон оронд ардчиллагчид ялж, социал демократууд царцаж байхад манай Ардчилсан намынхны баримжаагүй савлалт улам л зүүн тийш автаад байх юм даа.