Н.Энхбаярыг тойрсон гурав, С.Баярт үлдсэн ганц сонирхол
Ирэх баасан гаригаас Монголын улс төрд “намрын халуун өдөр”-үүд эхэлж байна.
Үндсэндээ 2008 оны сонгуулиас хойшхи их улс төр С.Баярын дэглэсэн сценариар яваа. Голлох хоёр нам Засгийн газрын нэг малгайд багтаж, парламент сөрөг хүчингүй болсон нь МАХН-ын даргад ийнхүү “ерөнхий найруулагч” байх боломж олгосон. С.Баярыг, Засгийн газрыг эсэргүүцэх хэсэг МАХН, АН-ын аль алинд байдаг ч хэт олонхийн өмнө хүчгүйддэг. Дээр нь санхүү эдийн засгийн хямралтай орчинд засгаараа тоглох улс төр хэчнээн “шударга” байлаа ч нийгмийн дэмжлэгийг тэр бүр авдаггүй бололтой.
Ашигт малтмалын ордууд дагасан эд баялгийн хуваарилалтад нөлөөгөө тогтоох “цусгүй дайн”-д одоогоор мөн л С.Баяр ба түүний нөхөд ялалтын тугаа хатгаад байгаа. Улс төрийн эрх мэдэл, эд баялгийн хуваарилалтад давхар тогтоосон тэдний нөлөө, ялалтын буухиаг зогсоохын тулд Н.Энхбаярыг улс төрд оруулж ашиглах сонирхолтой хэсэг МАХН, АН-ын аль алинд бий. Ийм хүмүүсийн ихэнх нь хуучин эрх мэдлээ санагалзсан, алдсан эрх мэдлийг нь дагаад улс төр дэх нөлөөллөл нь суларсан, суларсан нөлөөллөөс нь болоод бизнес нь төрийн хамгаалалтгүй, зах зээл дээр давуу эрхгүй болсон хэсэг юм. С.Баярын эсрэг сөргүүлэх хүчтэй улстөрч тэдэнд одоогоор Н.Энхбаяраас өөр байхгүй юм. Энэ бол экс Ерөнхийлөгчийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх хөндлөнгийн сонирхол.
Н.Энхбаярыг Чингэлтэйн тойрогт хүчээр авчирч байгаа гурав дахь сонирхол нь түүний бүлгийнхний шахалт юм. Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр сонгуулахын төлөө чадах бүхнээ зориулсан хүмүүс бол түүний бүлгийнхэн. Гэвч ялагдлын дараа улс төрд “кран”-гүй боллоо гэж үзсэн зарим нэг нь С.Баярыг бараадах болсон гэдэг. Харин гандан буураагүй хэсэг нь Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр зүтгэж байгаа бөгөөд У.Барсболд нөхөн сонгуулийн менежерээр томилогдсон нь хардлагыг бүр лавшрууллаа. Хэрвээ Н.Энхбаяр ялбал тэд хамтдаа урагшилна, ялагдвал улс төрийн тавцангаас бүр арчигдах ч аюултай. Тэгэхээр Чингэлтэйн нөхөн сонгууль бол Н.Энхбаяр ба түүний нөхдийн хувьд аз сорьсон, “амь дүйсэн” л улс төрийн акц юм.
Н.Энхбаяр яллаа гэхэд нөлөөтэй, эрх мэдэлтэй байхын тулд түүнийг тойрон эргэлдэгчид наад зах нь МАХН-ын бүлгийн даргад зүтгүүлэх магадлал өндөр. Эрх мэдэлтэй байж гэмээнэ дээрх гурван сонирхлыг хэрэгжүүлнэ. Дангаараа засгаа бүрдүүлье, хүлээх хариуцлагатайгаа дүйцэх эрх мэдлийг МАХН дангаараа эдэлье гэх зэргээр улстөржилт явна. Нэгэн цагт Н.Энхбаярын эсрэг дэвж байсан жигүүрийнхнээс жижүүрийн ийм үгс цуурайтаад эхэлчихсэн л байна лээ. 2008 оны сонгуульд амласан амлалтаа биелүүлэхэд төрийн нүсэр бүтэц, данхайсан Засгийн газар саад болж байна, төсөв хэмнэж ард иргэддээ хүртээе гэх “эх оронч” мэдэгдлүүд ч хөврөх биз. Гэхдээ л энэ бүхний цаад зорилго нь улс төрийн эрх мэдэлд хүрч, эд баялгийн хуваарилалтад идэвхтэй, нөлөөтэй оролцоход л оршиж байгаа.
С.Баярын танхим тийм ч амар ганхчихгүй. Хэрвээ УИХ саяхан ээлжит бус чуулганаа зарлаж хуралдуулаагүй бол Засгийн газар ганхах нь битгий хэл, өөрөө унахад бэлэн байв. Ээлжит бус чуулган хуралдаж Оюутолгойн гэрээнд гарын гарын үсэг зурах болсон нь хурдгүй, хувийн сахилга бат султай энэ засагт “амь тариа” боллоо. Гэрээнд гарын үсэг зурах сургаар Монголын эдийн засагт итгэл сэргэж байгааг санхүүгийнхэн хэлж байна. Сүүлийн үед Монгол Улсын гадаад валютын нөөц хямралгүй, бас эдийн засаг 10.6 хувь өсч байсан үеийнхээс ч давж 1.036 тэрбум ам.долларт хүрэв. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш 1700-гаас 1413 төгрөг болж буулаа. Нефтийн үнэ өсч байгаа ч, төгрөгийн худалдан авах чадвар сайжирч байна. Дээр нь удахгүй арваад том ордын гэрээ батлагдах ээлжээ хүлээж байгаа, АН доторхи олонхи засгийн зөөлөн суудлаа хадгалах сонирхолтой зэрэг нь С.Баярын танхимд бат тулгуур болж байна. Хэрвээ хямралын орчинд улс төр тогтворгүйтвэл эдийн засаг даган хямарч, магадгүй бүр Оюутолгойн гэрээ ч буцаж болзошгүй тул улс төрд гэнэтийн “газар хөдлөлт” үүсэхийг олон нийт ч дэмжихгүй .
Гэтэл Чингэлтэйн нөхөн сонгуульд заавал ялах шаардлага МАХН-д бас бий. Ардчилсан хүчний ялалтыг зогсоох, намын нэр хүнд илүү байгаагаа харуулах нь МАХН-ын зорилго. Ардчиллынхны Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг буухиа болгон үргэлжлүүлүүлэхийг МАХН хүсэхгүй. Тус нам нөхөн сонгуульд ялах нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлаа цайруулах, алдаагаа засах боломж болно. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээхэд МАХН, нэр дэвшигч Н.Энхбаяр хоёрын хэнийх нь фон амжилтаас хойш чангаав аа. Энэ хайныг МАХН-ын нөхөн сонгуульд үзүүлэх амжилт тодорхой хэмжээгээр хагална. Хэрвээ нөхөн сонгуульд ялбал Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын гол шалтгаан МАХН-д биш, Н. Энхбаяр гэдэг нэр дэвшигчид байж. Нөхөн сонгуульд харин ялагдвал Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал Н.Энхбаяраас бус, МАХН-ын нэр хүндээс шалтгаалж. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярын Ерөнхийлөгчийн сонгуульд авсан 47 хувийн саналын гол фон нөхөн сонгуулиар тодорно. Нөгөө талаар байр суурийг нь ганхуулах сонирхол бүхий бүлэглэлүүдэд цохилт өгөхийн тулд нөхөн сонгуульд ялахаас өөр сайн хувилбар С.Баяр ба түүний нөхдөд байхгүй. Ялах магадлалтай нэр дэвшигчдийн нэг нь Н.Энхбаяр яахын аргагүй мөн. Бүр бусдаас илүү магадлалтай ч, улс төрд ороод ирлээ гэхэд С.Баярт өөрт нь халгаатай нь бас л Н.Энхбаяр юм. Харин нөхөн сонгуулийн дүн Ерөнхийлөгчийнх шиг эсрэгээр гарвал Н.Энхбаярын улс төрөөс завсарлага авах хугацаа улам л сунана. Тэгэхээр Н.Энхбаяр С.Баяр хоёрын хэн хэн нь хүнд сонголтын өмнө зогсч байна. Түвэгтэй нөхцөлд зөв шийдвэр гаргаж чадах, ашиггүйг ашигтайгаар өөртөө эргүүлж сайн улстөрчийн чадвараа үнэлүүлэх их сорилын өмнө иржээ, тэд.
Гэхдээ энэ бүхэн зөвхөн харилцааны л улс төр. Олон нийт бол том зургаа харж улс төр хийхийг улстөрчдөөс хүсч хүлээж байгаа. Ц.Элбэгдорж, С.Баяр хоёрыг хүнийхээ хувьд биш, тэргүүлж байгаа төрийн байгууламжийнхаа хувьд хамтарч ажиллахыг хүлээж байна. С.Баяр, Н.Энхбаяр хоёрыг “хүйтэн дайн” үүсгэж бус, МАХН-ын шинэчлэлийн төлөө л нэг тэрэгний хос дугуй шиг хамтарч зүтгэхийг хүсч байна. Жишээ нь, Оюутолгойн гэрээг сайн боллоо л гэж байна. Гэтэл ийм зэргийн гэрээг долоон жил сунжруулсны гол шалтгаан нь манай улстөрчид, улс төрийн лидерүүдийн “эв нэгдэл”-ээс л болсон. Хөрөнгө оруулагчдын өмнө Монгол Улс гэсэн “нэг ам”-аар ярьж чадаагүй нь л гацаа үүсгэсэн шүү дээ. Монголчууд бид байгалийн баялаг дагасан их мөнгөн дунд орж эхэллээ. Нэг талаар энэ сайн ч, нөгөө талаар их эрсдэл дунд орлоо. Оюутолгойн гэрээний араас Тавантолгойн нүүрс, уран гээд арваад ордын гэрээг байгуулна. Гэтэл шийдвэр гаргагчид урьдын адил эрх мэдэлтэйгээ үлдэх, нөлөөллөө алдахгүйг хичээх, бизнесийн хамтрагчдаа өмгөөлсөн нөгөө л улс төрөө хийвэл Африкийн ирээдүй биднийг тосч байж ч болох. Энэ тухай З.Энхболд болон зарим гишүүн дуугарч эхэлсэн нь сайшаалтай. З.Энхболд гишүүн “муу засаглал дээр ашигт малтмалыг нэмбэл дампуурал гэсэн хариу гардаг аксиом бий. Аксиом бол батлах шаардлагагүй теорем шүү дээ” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ. Баялгаа хуваарилахаас өмнө засаглалаа сайжруулах талаар хэлсэн түүний үг Монголын улс төрд реформ хийх шаардлагатайг сануулсан хэрэг. Хэрвээ төрийн эрх мэдлийг амь зуух, баяжих хэрэгсэл гэж үздэг улс төрийн орчин хэвээр л байвал хэчнээн ардчилсан Ерөнхийлөгчтэй, стратегич Ерөнхий сайдтай байгаад, олон улсад танигдсан экс Ерөнхийлөгчөө улс төрд буцааж оруулаад ч нэмэргүй. Өмхөрсөн модыг сийлж үл болъюу, өгөршсөн ханыг шавардаж үл болъюу гэдэг мэргэдийн үг ч энэ утгыг илэрхийлэх байх аа.
Энэ цаг үед улс төр-эдийн засгийн бүлэглэлийг задалж, тойрог өмчилсөн сонгуулийн тогтолцоог халж, намуудын ил тод байдал, дотоод ардчиллыг хуулиар дэглэж ардчиллын дутуу шинжүүдээ гүйцээх нь баялгаа хуваарилахаас ч дутуугүй чухал боллоо. Ийм шинэчлэлийг Чингэлтэйн нөхөн сонгуулиас эхэлж яагаад болохгүй гэж. Энэ сонгуулийн тойрог нь том ч, эрх ашгийг нь жижиг улс төрд бүү зориулаг. Тойргоос хараат сонгуулийн сүүлчийнх нь энэ болог.