Ирэх сонгуулийн дүн нэг хүнээс хамаарах нь үнэн үү?
Улстөрийн намууд, тэрчлэн хувь улстөрчид яг өдийд зав чөлөөгүй судалгаа, ажиглалт хийж, ирэх сонгуулийн уур амьсгал, үр дүнг тооцоолон толгой гашилгаж суугаа цаг.
Улстөрийн намууд, тэрчлэн хувь улстөрчид яг өдийд зав чөлөөгүй судалгаа, ажиглалт хийж, ирэх сонгуулийн уур амьсгал, үр дүнг тооцоолон толгой гашилгаж суугаа цаг. Өөрийн болон хүний намын чансаа, сонгогчдын хүлээлт, тодорхой тойргийн онцлог гээд олон зүйлийн “гэдэс дотор”-ыг онгичин уудалж байгаа ч оношийг нь одоогоор нууцалж байна. Судалгааны байгууллагууд ч нууцыг хадгалах үүрэг хүлээжээ. Сант Марал сангийн цахим хуудаст хамгийн сүүлд 2015 оны дөрөвдүгээр сарын судалгааны дүн л нийтлэгдсэн байна. Үүнээс өөр бусад судалгааны эх сурвалжууд мөн л шинэ мэдээллийг хараахан дэлгээгүй байх аж.
Хэдийгээр эх сурвалж бүр өөрсдийн хэрэгцээ, захиалгаар ижилгүй судалгаанууд хийж байгаа ч судлагдахуун нь нэг л учраас үр дүнгийн олон үзүүлэлт нэг цэг дээр давхцаж байгааг улстөр ажиглагчид онцлон тэмдэглэж байгаа юм байна. Тэрхүү “онцлох цэг” нь ГУРАВДАГЧ хүчин гэж нэрлэж болох МАХН буюу Намбарын Энхбаяр.
Дараагийн сонгуулийн үр дүнд УИХ дахь хүчний харьцаа яг өнөөдрийн хэвээр хадгалагдах магадлал өндөр байгаа бөгөөд ялгаа нь гэвэл давуу эрх мэдэл Ардчилсан намаас МАН-д шилжиж болзошгүй дүр зураг цөөнгүй судалгааны үр дүн дээр давхцаж буй ажээ. Гэхдээ ийм шилжилт явагдах эсэхийг МАХН л шийднэ гэж тактик боловсруулагчид төсөөлж байна. Нэг үгээр хэлбэл, МАХН-тай аль эвсч чадсан нь илүү санал авна гэсэн үг юм. Тэгэхээр энэ удаагийн сонгуулийн өмнөх орчныг “Н.Энхбаяр үнэд орох цаг” гэж тодорхойлж болно.
Н.Энхбаярыг Засгийн газрын Шадар сайдад МАХН-аас санал болгож байгаагаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан бичгээр хүргүүлэхээс арай өмнөхөн МАН болон МАХН нэгдэж ажиллах ёстой гэдэг саналыг тус хоёр намын ахмад зүтгэлтнүүд намуудынхаа удирдлагад бичгээр хүргүүлсэн юм.
Энэ санал тун зөв зүйтэй, хоёр нам эргээд нэгдэж нийлэх талаар яриа хэлэлцээ эхлүүлье гэдэг хариуг МАН-ын дарга М.Энхболд ч тэр, МАХН-ын дарга Н.Энхбаяр ч тэр уриалгахан өгчээ. Засгийн газарт хамтарч байгаа Ардчилсан намыг айлгах, “аятайхан байхгүй бол бид МАН-тай нэгдэж бас болохюм” гэсэн дохиог өгөхийн тулд зориуд дэглэсэн арга хэмжээ гэж улстөр сонирхогчид харж байв.
Одоо бол МАХН бүр ч үнэд орж, Н.Энхбаярыг МАН ба АН-ын хэн нь илүү тойглон татаж авна, тэр талд сонгуулийн хожил очих нөхцөл нэгэнтээ бүрдсэнийг судалгаанууд нотолж эхэлжээ. Н.Энхбаярыг энэ нөхцөл байдал бүр ч хүчтэй болгож, тэрбээр юу хүссэнээ авах, хатуухан хэлэхэд хүссэн бүхнээ аваад ч ханаж цадахгүй “бэрд” болгох нь ээ.
Ардчилсан намын ҮЗХ өчигдөр товлосон ёсоороо хурлаа хийж чадсан бол намын даргын зүгээс “Засгийн газраа огцруулахгүй, заавал авч үлдэнэ” гэдэг байр сууринд гишүүдийнхээ саналыг нэгтгэн баталгаажуулахаар тооцоолж байв.
Үнэндээ гэвч Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувь заяаг Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо шийдэж чадах хөг нь хэдийнэ өнгөрч, аль эрт Н.Энхбаярын гарт яваад орчихсон гэдгийг З.Энхболд дарга ойлгож байгаа болов уу. Ардчилсан намын Засгийн газрын зураг төөргийг, цаашлаад сонгуулиар унах, босохыг Ардчилсан нам биш Н.Энхбаяр л шийднэ гэхэд болохоор. Түүнд юу хэрэгтэйг нь, цаашилбал юу дуртайг нь өгнө, гэвч хаа хүрч ханахыг нь мэдэхгүй. Хамгийн сүүлийн байдлаар лав л түүнд Мэргэжлийн хяналтын байгууллагыг өгчихлөө.
Даргаар нь Н.Энхбаярын шадар Ц.Шаравдорж томилогдлоо. Тэгэхээр юутай ч Ардчилсан бүхэл бүтэн нам байна, арга ололгүй дээ, сонгуулийн өмнө лав л МАХН Ардчилсан намаас урвахааргүй байдалд оржээ гэсэн. Ч.Сайханбилэгийн Засаг тийм амархан задрахгүй байж мэдэх нь.
Уг нь ч МАХН-ын сүр хүч нь өнөөхөндөө Засагт сайдтайдаа оршиж байгаа бөгөөд энэ хүчээрээ сонгууль хүргэх нь тэдэнд ч бас чухал байх. Мэргэжлийн хяналтын байгууллагыг авсан шигээ орон нутагт цаашлаад Онцгой байдлын албаар дамжуулан эрх мэдэл, хөлөө бэхжүүлэх нь тэдний хувьд сонгуулийн ажилд ихээ нэмэртэй. Мөн МАХН-д яг одоогоор улс төрийн өмгөөлөл, хүч, мөнгө хэрэгтэй байгаа. Энэ бүхэн өнөөхөндөө сайн ч муу ч эрх барьж буй намд л бий. Тэгэхээр МАХН сонгуулиас өмнө Ардчилсан намыг хаяад МАН-тай эвсч чадахгүй л болов уу гэх ажиглалт байна.
МАН ба АН ээлжлэн засгийн эрх барьж ирсэн мөчлөгтэй гэж тооцоолбол ирэх сонгуулийн ялалт МАН-ын талд ирэх учиртай. Гэхдээ уг намын саналыг хуваадаг гол хүчин зүйл болох МАХН-тай нэг талд гарч чадвал ээлж ирэх магадлалтай гэсэн үг. Хоёр намын ахмадуудын шаардаад байгаа нэгдэж, нийлэх асуудлаар яриагаа дуусгаагүй гэж үзэн Н.Энхбаярыг хэлэлцээрийн ширээнд дуудахыг МАН хүсч байж мэднэ. Гэвч хүссэн ёсоор бүтдэг зүйл, бүтдэггүй зүйл гэж бийг хашир туршлагатай МАН-д сануулах нь илүүц биз. Энд гашуун түүх сануулахад 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаяр МАН-тай тохиролцон гарын үсэг, тамга бүхий баримт үйлдэн “Б.Бат-Эрдэнэ аваргыг нэр дэвшүүлсэн тохиолдолд сонгуульд МАН-ыг дэмжиж оролцоно” гэж тохиролцож байсан гэдэг.
Гэвч Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дуусахаас ердөө зургаан цагийн өмнө МАХН Б.Бат-Эрдэнийг дэмжинэ гэснээ мартаад бие даан өрсөлдөхөөр шийдэн нэр дэвшигчээр Н.Удвалыг бүртгүүлчихэж байжээ. Бэлтгэлгүй явсан Н.Удвал уйлах, инээх хэцүү болж, бүх барьцаа алдсан МАН-ын экс дарга Ц.Энхтүвшин хаашаа харахаа мэдэхгүй хүнд байдалд орсон гэдэг. МАН яг одоо энэхүү сургамжаа санах цаг. Ирэх оны сонгууль хүртэл хэчнээн “зургаан цаг” байгаа билээ?!
Ирэх сонгуулийн үр дүн жинхэнэ утгаараа гуравдагч хүчин болчихоод байгаа Н.Энхбаярын ийшээ юу, тийшээ юу гэдгээс л хамаарахаар байгаа бол Ардчилсан нам ч тэр, Ардын нам ч адилхан айхавтар шалаанд оржээ.