Өөрчлөх ёстой бол өөрчилье!
Өнгөрөгч Пүрэв гаригт УИХ дахь МАН-ын гишүүд Цэцийн тухай хуулийн өөрчлөлт болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр дахиад л завсарлага авав.
Өнгөрөгч Пүрэв гаригт УИХ дахь МАН-ын гишүүд Цэцийн тухай хуулийн өөрчлөлт болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр дахиад л завсарлага авав. Энэ өдрийн өглөө УИХ-ын нэгдсэн чуулганаар уг хуулийн төслүүдийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг зарласан байсан юм. Гэвч МАН-ын бүлэг байнгын хорооны хуралдаанаас завсарлага авснаар хуулийн төслийн хэлэлцүүлэг энэ долоо хоног руу шилжлээ. Завсарлага авсан шалтгаан нь Цэцийн гишүүдийн тэтгэврийн насны асуудал. Хуулийн төслийг санаачилсан Х.Тэмүүжин гишүүн Цэцийн гишүүдийн тэтгэврийн насыг Хөдөлмөрийн хуулийн дагуу 60 насаар тогтоохоор бичиж УИХ-д төслөө өргөн барьсан ч Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарын гишүүд санал гаргаж, Төрийн албаны хуулийн дагуу 65 насаар тогтоохоор төсөлд өөрчлөлт оруулсан билээ. Гэвч хуулийн төсөл батлагдах дээр ирээд дахиад л гацав. Учир нь, хэрвээ хууль батлагдвал одоо ажиллаж байгаа Цэцийн есөн гишүүний гурвыг нь чөлөөлөхөд хүрэх юм.
Одоо ажиллаж байгаа Цэцийн есөн гишүүний гурвыг нь Улсын дээд шүүхээс, хоёрыг нь УИХ, дөрвийг нь Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж томилсон бөгөөд таван гишүүн нь /Т.Лхагва, Д.Сугар 2012 он, Д.Ганзориг, Ш.Солонго, Ш.Цогтоо 2013 он/ анх удаагаа Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа юм. Харин Ж.Амарсанаа гурван удаа /1998, 2005, 2011 он/ Цэцийн гишүүнээр томилогдож, 2012 оноос Цэцийн даргаар, Н.Жанцан гишүүн дөрвөн удаа /1992, 1998, 2005, 2011/ Цэцийн гишүүнээр томилогдож, 1998 оноос Цэцийн дарга, 2005 оноос орлогч даргаар, П.Очирбат хоёр удаа /2005, 2011 он/, Д.Наранчимэг мөн хоёр дахь удаагаа /2005, 2011 он/ Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.
МАН-ын гишүүдийн “Зургаан жилийн бүрэн эрхээ дуусгах ёстой” гэж хэлээд байгаа 65 нас хэтэрсэн гурван гишүүний нэгээс бусад нь буюу Н.Жанцан 18 жил, П.Очирбат 11 жил Цэцийн гишүүнээр ажиллажээ. Харин Т.Лхагвын хувьд бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, Цэцийн гишүүнээр томилогдоод дөрөв дэх жилтэйгээ золгож байгаа ч Төрийн албаны хуулиар бол мөн л тэтгэврийн наснаас хэтэрсэн байна. /П.Очирбат 1942 онд төрсөн 74 настай, Н.Жанцан 1948 онд төрсөн 68 настай, Т.Лхагвын төрсөн огноо байгууллагын вэб сайтад тавигдаагүй ч 1968 онд Ховдын Багшийн сургууль төгссөн гэхээр мөн л 65 наснаас хэтэрсэн. сурв/
Ингээд харахаар МАН-ын гишүүдийн яриад байгаа “Цэцийн гишүүдийг тогтвортой ажиллуулах, ядаж л бүрэн эрхийн зургаан жилийг нь гүйцээх” тухай яриаг ганц Т.Лхагва гишүүн дээр буулгаж болох юм. Ц.Нямдорж гишүүн чуулган, байнгын хорооны хуралдаан дээр “Хүнд зориулж хууль хийхээ болиод өг. Энэ хэдэн гишүүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөхийн төлөө л ийм хуулийн төсөл оруулж ирсэн байна” гэдэг үгээ маш олон удаа давтсан. Бусдаар бол хуулийн бүх заалтыг дэмжинэ гэдэг юм. Ингээд харахаар хүнтэй холбоогүй хуулийн төслийг хүнтэй холбож яриад байгаа хүн нь өөрөө ч юм шиг. Гэхдээ энэ хүн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадаагүй нэг хүний төлөө /тэр нь ядаж АН-ын хуучин гишүүнчлэлтэй Т.Лхагва шүү/ ингэтлээ чичрэх нь юу л бол. Цэцийн гишүүнээр 3-4 удаа томилогдсонП.Очирбат, Н.Жанцан нарыг чөлөөллөө гээд Цэцийн хэвийн үйл ажиллагаа алдагдах нь ч бас юув. Хэрэв тийм бол үлдсэн зургаан гишүүний бие даасан, хараат бус, эрх тэгш байдал юу болж таарах вэ. Бодох л ёстой асуудал.
Цэцийн тухай болон Цэцэд хэрэг маргаан шийдвэрлэх процессийн хуулиудыг боловсронгуй болгох тухай асуудлыг анх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Шүүхийн багц хуулийн шинэтгэл дотор багтаасан байж. Дараа нь 2012 онд АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхийг Үндсэн хуулийн шүүхийн журмаар хамгаалах тогтолцоог бүрдүүлнэ” хэмээн амласан байна. Н.Алтанхуягийн Засгийн газар энэ чиглэлээр хоёр том хуулийн төсөл боловсруулсан хэдий ч Ерөнхийлөгчийн зааварчилгаагаар өргөн барилгүй хойшлуулсан аж. Ардчилсан Ерөнхийлөгч хийгээд АН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан энэ асуудал одоо хүртэл хэрэгжихгүй байгаа шалтгаан нь Цэцийн тухай өмнөх хууль тогтоомжуудыг Цэцийн гишүүд өөрсдөө боловсруулж ирсэн явдал. Татварынхан татварын хуулиа, гаалийнхан гаалийн хуулиа өөрсдөө бичээд эхлэвэл мөн ч дампуу юм болно оо доо. Үндсэн хуулийн манаач гэж нэрлэгддэг Цэц маань иймэрхүү л “дампуу” ажиллаж ирсэн байх нь. УИХ өөрийгөө хууль тогтоогч гэж нэрлэхийн ч хэрэг алга.
Цэцийн шийдвэр “570”-ын үнэтэй гэв үү?
Хуулиудын төслийг санаачилж, УИХ-д өргөн барьсан Х.Тэмүүжин гишүүн өнгөрсөн гурван жилийн доторУИХ-ын гишүүдээс хамгийн олон удаа Үндсэн хуулийн Цэцийн маргаанд оролцсон хүн. Тэр утгаараа Цэц дээр хэрэг маргаан шийдэж байгаа процессийн талаар УИХ-ын бусад гишүүдийг дагуулахааргүй туршлагатай. Нямдорж гишүүн ч бас өнгөрөгч аравдугаар сард Цэцийн шийдвэрийг судлуулахаар УИХ-аас томилсон ажлын хэсгийг ахалж ажиллаад УИХ-д дүгнэлтээ танилцуулсан. Энэ дүгнэлтэд “2015 оны есдүгээр сарын 9-ний өдөр Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлт нь илтэд сонирхлын зөрчилд суурилсан, хууль бус, бусармаг шийдвэр байх тул уг шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх нь хууль болон шударга ёсонд нийцнэ” хэмээн тэмдэглэсэн байна. УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хорооны хуралдаан дээр яригдаад байгаа “Цэцийн шийдвэр 570-ын үнэтэй” гэдэг яриа ч УИХ-ын ажлын хэсгийн дээрх дүгнэлтээс үүдэлтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 25.6-д “УИХ нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах эрхтэй” гэж заасан. Харин Үндсэн хуулийн Цэц өнгөрөгч оны тавдугаар сарын 6-ны дунд суудлын, есдүгээр сарын 9-ний Их суудлын хуралдаанаараа “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах эрхгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлтийг гаргахдаа уг маргаанд огт хамааралгүй Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс тайлбар авч, уг тайлбарт тулгуурлан дүгнэлтээ гаргасан нь Цэцийг “хууль зөрчсөн” гэж хэлэгдэхэд хүргээд байгаа юм. Нэгдүгээрт, Цэцэд гомдол гаргасан иргэн нь Ч.Сайханбилэг биш. Цэц зөвхөн уг асуудлаар гомдол гаргасан иргэд болон УИХ-аас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонсож, маргалдагч хоёр талын мэтгэлцээн дээр үндэслэн шийдвэрээ гаргах үүрэгтэй. Хоёрдугаарт, Үндсэн хуульд “УИХ Засгийн газрын гишүүнийг огцруулах эрхтэй” гэж заасан байтал Цэц “Огцруулах эрхгүй” гэж тайлбарлаж байгаа нь өөрөө Үндсэн хуулиас давсан эрх эдэлж байгаа хэрэг юм. Дээр нь энэ талаарх Цэцийн шийдвэр гарахаас хоёр хоногийн өмнө Засгийн газар тогтоол гарч, Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглүүлэхээр Засгийн газрын нөөц хөрөнгөөс 331 сая төгрөгийг Цэцэд шилжүүлсэн, Цэцийн даргад 170 сая төгрөгөөр “Lexus 570” маркийн суудлын автомашин авч өгсөн ньЦэцийн шийдвэрт Засгийн газар нөлөөлсөн гэх хардлагыг төрүүлээд байгаа. Гэвч энэ бол хардлага.
Харин баримт гэвэл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнгөрөгч Бямба гаригт МҮОНТВ-ээр шууд ярилцлагад орохдоо “Цэцийн дунд суудлын хуралдааны үеэр хуралдаан даргалагч нь надад хандаж ”Та нар чинь нэг нам биз дээ. Засгийн газар чинь ийм бодолтой байхад та яагаад энд ирж маргаад байгаа юм“ гэж хэлсэн. Би УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болохоос аль нэг нам, эсвэл Засгийн газрыг төлөөлөөгүй. Тэр тусмаа УИХ Засгийн газрыг огцруулах эрхтэй эсэх асуудлаар маргаж байхад би өөрийнхөө төлөөлж байгаа УИХ-ын эрх ашгийг хаяад Засгийн газрын талд орохгүй. Тиймээс энэ хуралдааны тэмдэглэлийг би гаргуулж авмаар байна гэхэд “Нууц учраас өгөхгүй” гэсэн. Дунд суудлын хуралдаан болохоос өмнө Цэцийн гишүүд урьдчилаад шийдвэрээ гаргачихсан, захиалагч нь ч тодорхой байсан” хэмээн ярьсан байна. Энэ бол нэг л жишээ.
Үүний дараа буюу өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн Цэц “Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ иргэд банк, санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авч байгаа нь иргэний өмчлөх эрхэд халдсан байна” хэмээн дүгнэлт гаргаснаар арилжааны банкууд ипотекийн найман хувийн зээлээ зогсоосон. Үүний улмаас иргэдэд бага хүүтэй, урт хугацааны зээлээр орон сууц худалдан авах боломж хаагдаж, харин барилгын салбарынхны хувьд борлуулалт “0” заасан. Гол буруутан нь дахиад л Цэц. Харин захиалагч нь МАН гэдэг маргаангүй. Тэд “Найман хувийн зээл бол АН-ын арван хар нүглийн нэг” хэмээн мэдэгдэв. Учир нь сонгууль ойртож байгаа шүү дээ. УИХ-ын дарга /бас АН-ын дарга/ МАН-ын энэ мэхний хариуд зөрүүлээд “Ипотекийн найман хувийн зээлийг таван хувь руу буулгаж, урьдчилгааг 20 хувь болгоно” гэдгээ зарласан. Ингээд Цэц гэдэг байгууллага улс төрийн өрөг дээр гарчихлаа.
Үндсэн хуулийн Цэц шүүх мөн үү?
Энэ байгууллагыг манайхаас бусад улс орнуудад “Үндсэн хуулийн шүүх” гэж нэрлэдэг. Манай Цэцийн гишүүд ч өөрсдийгөө шүүх гэж үздэг. Үндсэн хуулийн Цэц нь:
-УИХ-аас батлан гаргасан хууль болон бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
-Ерөнхийлөгчийн зарлиг болон бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
-Засгийн газрын тогтоол, бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
-Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хэлэлцэж шийдвэрлэдэг. Тухайлбал, Цэцийн дунд суудлын хуралдаан УИХ-аас баталсан хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргана. Цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцээд хүлээж авахгүйгээр шийдвэрлэвэл Цэц маргааныг дахин хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргадаг. Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болох бөгөөд “Үндсэн хууль зөрчсөн” гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гарсан даруйд хүчингүй болдог. Яг л хоёр шаттай шүүхийн ажиллагаа шиг. Тиймээс Үндсэн хуулийн Цэц өөрийгөө “шүүх” хэмээн үзэх нь зүйн хэрэг.
Гэвч харамсалтай нь энэ “шүүх”-ийн процесс шүүхийн бусад байгууллага шиг ил тод, нээлттэй байж чаддаггүй. Цэцийн шийдвэр гарсны дараа зөвхөн Цэцийн тогтоолыг “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэж нийтэд мэдээлнэ. Ингэхдээ ямар үндэслэлээр уг шийдвэр гарсан, мэтгэлцээний ямар процессийг туулсан, Цэцийн бусад гишүүд /Цэцийн шийдвэр Цэцийн гишүүдийн олонхи буюу гуравны хоёрын саналаар гардаг/ ямар саналтай байсан зэрэг нь нууц...
Цэцийн тухай хуулийн 2.1 буюу “Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим” хэсэгт “Цэцийн гишүүд эрх тэгш байна, Цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагаа нь ил тод байна” гэж заасан ч Цэц өөрийн баталсан дотоод журмаараа “Цэцийн хуралдааны тэмдэглэл байгууллагын нууцад хамаарна. Цэцийн гишүүний гаргасан тусгай саналыг хуралдааны тэмдэглэлд хавсаргана” хэмээн зохицуулснаас болж ил байх ёстой зүйлс нууц, далд хэлбэрт шилжсэн хэрэг.
Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулиасаа давсан эрх эдэлж байгаа бас нэг жишээ нь Үндсэн хуулийн 66.3-т ”Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн Цэц маргааныг дахин хянан үзээд эцсийн шийдвэр гаргана” гэж заасан байтал Цэц өөрсдийн баталсан журмаар “УИХ-ын тогтоолын үндэслэлийг хэлэлцэнэ” /Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны журмын 36.3/ хэмээн “залруулсан” байна. Гэтэл УИХ нь Цэцийн дүгнэлттэй холбогдуулж тогтоол гаргахдаа хэзээ ч үндэслэл заадаггүй, зөвхөн “хүлээж авна, авахгүй” л гэдэг. Хуулиараа ийм. Тиймээс Цэцийн их суудлын хуралдаан үндсэндээ хэлэлцэх асуудалгүй бөгөөд зөвхөн өмнө гаргасан дүгнэлтээ баталгаажуулах л үүрэгтэй болж байна. Энэ мэт гажуудал бий болж, Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийнхаа дээр гарсан шалтгаан нь Цэцтэй холбоотой хууль, журмуудыг Цэц өөрөө боловсруулж батлуулдаг байсантай холбоотой гэдгийг дээр хэлсэн.
Тиймээс нэгдүгээрт Үндсэн хуулийн Цэцийг Үндсэн хуульд өөрт нь захируулах, хоёрдугаарт шүүх юм бол шүүхэд тавигддаг наад захын стандарт, шаардлагуудыг хуулиар тогтоож өгөхийн тулд Цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж УИХ байна. Цэцийн үйл ажиллагаа ил тод байя, төвийг сахисан байя, Цэцийн гишүүн тусгай санал бичдэг байя, Цэцийн хууль тогтоомжийг Үндсэн хуульд өөрт нь нийцүүлье гэсэн дөрвөн зүйлийг хуулийн төсөлд тусгасан байна. Наад зах нь Цэцийн дүгнэлт болон шийдвэрт үндэслэл, үр дагавраа тайлбарлаж бичдэг байх, УИХ-д шийдвэрээ танилцуулах үед шийдвэрийн үндэслэлтэй холбогдуулан асуулт тавьж авах, шийдвэр үндэслэлүүд бодитой, үр дагавар нь тодорхой, тэрнийхээ дагуу амар тайлбарууд хийх, хуралдааны тэмдэглэлийг их сургууль болон судлаачдад гарын авлага, судлагдахуун болгон хүргүүлэх, сонирхсон иргэн хувилж авах боломжтой байх гэх мэтчилэн нарийвчилсан заалтуудыг хийсэн байна. Нэгэнт Цэцийн шийдвэр хуулийг хүчингүй болгох хүчин чадал, үр дагавартай байдаг учраас хууль батлах үйл явцтай яг адил нээлттэй байх ёстой гэсэн зарчим үйлчилнэ. Бусад орны Үндсэн хуулийн шүүхүүд ч ингэж ажилладаг.
Өөрчлөх ёстой бол өөрчилье!
Хуулийн энэ өөрчлөлтийг УИХ-ын гишүүд бүгд дуу нэгтэй дэмждэг юм. Үндсэн хуулийн Цэц хаалттай байна, улс төрийн захиалга гүйцэлдүүлж байна, арай л биш байна, авлигад автсан байна гэдгийг бүгд л баталцгаадаг. Ц.Нямдорж нь ч, Д.Лүндээжанцан нь ч тэр. Эцэстээ “Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр биш, Lexus-570 байна” гэсэн яриа ч хүртэл гаргаад байгаа. УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь хэлсэн үг шүү дээ. Харин Цэцийн гишүүдийн тэтгэврийн насан дээр хүрээд ирэхээр л “Энэ ер нь Цэцийн бүрэн эрхэд халдаад байгаа юм биш биз. Цэцтэй маргаантай хүмүүс өс хонзонгоор ийм хуулийн төсөл оруулаад ирэв үү. Ер нь энэ есөн гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгачихвал яасан юм” гэсэн болгоомжлол яриад эхэлдэг. Тийм баталгаа гаргаж гэмээн хуулийн төслийг дэмжих юм гэнэ.
Нийтлэг эрх ашиг, хууль, шударга ёсны хэмжүүрээр харах юм бол нэг, хоёр хүний бүрэн эхийн хугацааг дуусгана уу, байна уу юуны хамаатай. Өөрчлөх ёстой бол өөрчилж л таарна. Тэгээд ч хүнтэй холбоогүй хуулийн өөрчлөлт дээр хүний асуудал босгож яриад байгаа нөхдүүд өөрсдөө асуудалтай харагдах нь зүй. Х.Тэмүүжин өс санаж хууль санаачилсан юм бол Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан өрөө төлөх гэж өмгөөлөв үү? Эсвэл хоёр нөхөр хожим УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөөд Цэцийн гишүүнээр үлдэх араа бодов уу?
Харамсалтай нь энэ толхилцоо нэг, хоёр хүний асуудал биш бололтой. “Нас бол тоо юм” гэгчээр Цэцийн гишүүдийн тэтгэврийн нас зүгээр шалтаг юм байна. МАН-ын бүлэг бүхэлдээ хуулийн хэлэлцүүлгээс завсарлага авсанаас үзсэн ч тэр. Ямар ч тэнэг улстөрч “Цэц гоё шүү! Болж байна, бүтэж байна. Битгий давар!” гэж хэлж чадахгүй. Магадгүй энэ хэвээрээ байх нь зарим хэсэг бүлэгт ашигтай ч байж болно. Гэхдээ л хуулийн төсөлд тусгагдсан өөрчлөлтийн зарчмуудыг ил тодоор эсэргүүцэх нь боломжгүй юм. Ингэвэл олон нийтэд муухай харагдана. Тиймээс өөрсдөө “онцын ач холбогдолгүй юм ш тээ” гэж хэлээд байгаа тэтгэврийн насаар шалтаглаж, “Цэцийн хэвийн ажиллагааг алдагдуулж болохгүй” гэдэг үгээр халхавчлан хуулийн өөрчлөлтийг зогсоох атгаг санаа л агуулж байх шиг. МАН бол хэзээнээсээ л ийм ажилдаа гаршсан нам л даа.
zochin
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
өвгөн
pkxny
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Нямдорж
SEREMJLUULEG
Зочин
Зочин
zochin
khuyag
Зочин
Зочин
Содон