Цэц: Харанхуй дээрээ дарангуй
Монголчууд “долоо дордох” гэж ярьцгаадаг. Өнгөрсөн хэдэн өдрүүдэд УИХ, болон Үндсэн хуулийн Цэцийн хооронд болсон маргаанаас үүдээд манай Цэц яаж “долоо дордож” болдогийг энэ байгууллагыг удирдан чиглүүлж буй нөхөд харин ч нэг “утгаар нь” үзүүлж байна.
Монголчууд “долоо дордох” гэж ярьцгаадаг. Өнгөрсөн хэдэн өдрүүдэд УИХ, болон Үндсэн хуулийн Цэцийн хооронд болсон маргаанаас үүдээд манай Цэц яаж “долоо дордож” болдогийг энэ байгууллагыг удирдан чиглүүлж буй нөхөд харин ч нэг “утгаар нь” үзүүлж байна. “Үндсэн хуулийн Цэц хэдхэн хүний хувийн компани болсон. Хувьцаат компани ч ийм байхгүй” гэж хэлсэн Х.Тэмүүжин гишүүний үг үнэн мэт.
Өнгөрөгч лхагва гариг буюу 2016 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр УИХ Цэцийн тухай хуулийн өөрчлөлт болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан билээ. Энэ хоёр хуульд өөрчлөлт оруулснаар Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох, төвийг сахих, Цэцийн гишүүд талуудын аль нэг талд орж урьдчилсан дүгнэлт хийхгүй байх, Цэцийн гишүүдийн тэгш эрхийг хангах үүднээс олонхийн шийдвэрээс ялгаатай байр суурь илэрхийлсэн Цэцийн гишүүн тусгай санал бичих, Цэцийн гишүүнээр ажиллах насны дээд хязгаарыг төрийн албаны хуульд заасанчлан 65 насаар тогтоох зэрэг зарчмуудыг хуульчилж өгсөн билээ.
Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүдийн зүгээс хамгийн их маргаан дагуулсан сэдэв нь насны дээд хязгаар бөгөөд Цэцийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, Цэцийн гишүүн нь маргааныг шийдвэрлэхдээ төвийг сахисан байр сууринаас хандах, тусгай санал бичих зэрэг заалтууд харин ч их дэмжлэг авсан гэж болно. Монгол Улсын Үндсэн хуульд “Цэцийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байна” гэж заасан боловч сүүлд гарсан Цэцэд маргаан хянан шийдвэрлэх журмын тухай хуулиар “Хуралдааны тэмдэглэл байгууллагын нууцад хамаарна” хэмээн зааснаар зөвхөн маргалдагч хоёр тал болон маргааныг шийдвэрлэсэн Цэцийн гишүүдээс бусдад уг мэдээлэл хаалттай болсон юм.
Харин хаалттай хаалганы цаана чухам юу яригддагийг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Цэцийн хуралдаанд оролцсон Х.Тэмүүжин гишүүн зах зухаас нь дэлгэсэн билээ. “Lexus-570”-ийн үнэтэй гэгдээд байгаа “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах эрхгүй” гэдэг дүгнэлтийг Цэцээс гаргасан /үүний дараа сайд С.Баярцогтыг огцруулах тухай О.Баасанхүү гишүүний саналыг УИХ авч хэлэлцээд ”хуулийн үндэслэлгүй” хэмээн үзсэн билээ/ уг хуралдаан дээр хуралдаан даргалагч нь УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг “Танай Засгийн газар ийм бодолтой байхад асуудлаа нам дотроо ярихгүй наашаа ирж маргалаа” хэмээн загнасан байдаг. Өөрөөр хэлбэл тэр өдөр Цэц гуай Засгийн газрын захиа даалгаврыг гүйцэлдүүлжээ гэсэн үг. Үгүй ядахдаа л маргалдагч талуудад тийм ойлголт өгөхийг чармайсан байх нь. “Миний ард АН, Засгийн газар байгаа шүү” гэж. Гэвч уг мэдээллийг шалгая гэхээр “Цэцийн хуралдааны тэмдэглэл байгууллагын нууцад хамаарна” гээд журамдаа заачихсан учраас үзэх боломж байдаггүй.
Уг нь бол манайхаас бусад орны Үндсэн хуулийн шүүхүүдийн хуралдааны тэмдэглэл болон бусад мэдээлэл нийтэд үйлчилдэг номын сангуудад нээлттэй тавигдаж, энэ чиглэлээр суралцдаг оюутнуудад гарын авслага, судлаачдын хувьд ач холбогдол бүхий судлагдахуун болж, эргээд Үндсэн хуулийнхаа хөгжилд маш том түлхэц болдог аж. Тиймээс сая шинээр батлуулсан хуулийн өрчлөлтөөр Цэцийн хуралдааны тэмдэглэлийг ил болгож, сонирхсон хувь хүн болон маргаандагч талуудад нээлттэй гаргаж өгөхөөр хуульчилсан байна.
Гэвч уг хууль батлагдсаны маргааш буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр иргэн Д.Ламжавын гаргасан мэдээллийн дагуу Цэц УИХ-аас баталсан гурван хуулийн өөрчлөлт /Цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, УИХ-ын хуралдааны дэгийн тухай/-ийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж маргаан үүсгэснээ УИХ-ын даргад албан тоотоор мэдэгджээ. Ингэхдээ “Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай уг хуулийг хэрэглэж аливаа шийдвэр гаргахгүй байхыг” УИХ-ын удирдлагад давхар анхааруулсан байна. Өөрөөр хэлбэл, хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Цэцийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээгүй байхад Цэцийн дарга “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг урьдчилсан дүгнэлт хийчихээд түүнийгээ УИХ-д тулгасан байна.
Уг нь бол хуулиараа маргаан үүсгэсэн тухай мэдэгдлийг уг маргааныг үүсгэж байгаа Цэцийн гишүүн албан тоотоор УИХ-д ирүүлдэг. Цэцийн дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хэлэлцээд “Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэний дараа л хуулийн үйлчлэлийг зогсоодог. Гэтэл дунд суудлын хуралдаан зарлагдаа ч үгүй байхад Цэцийн дарга Ж.Амарсанаа юуны учир ийнхүү яаран сандран УИХ луу албан бичиг чулуудах болов? “Долоо дордоно” гэж үүнийг л хэлдэг байх, Үндсэн хуулийн Цэц /эсвэл түүний дарга/ өөрөө ил цагаан зөрчөөд эхэлчихлээ. Хаалттай хаалганы цаана хэрхэн яаж хууль зөрчиж байсныг нь бүр хаяя л даа.
Маргаан үүсгэсэн үндэслэл юу байв?
УИХ-аас батлан гаргасан хуулиа ёсчлоогүй буюу бүрэн гүйцэд албажаагүй, Ерөнхийлөгчийн хориг тавих 14 хоногийн хугацаа ч дуусаагүй байхад хуулийг хэрэгжүүлэхгүйн төлөө яаран сандран хөдлөх шалтгаан Ж.Амарсанаа даргад ч бас байсан л байж таарна. Уг хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлбэл Цэцийн гишүүд дотор хуульд заасан насны хязгаараар ажлаасаа чөлөөлөгдөх гурван хүн бий. Гэхдээ Ж.Амарсанаа биш. Мөн “Цэцийн хуралдааны тэмдэглэлийг нийтэд ил болгох” хуулийн заалт хэрэгжвэл Цэцийн нэрээр хэн нэгний эрх ашгийг хамгаалж, улс төрийн захиалга гүйцэлдүүлж ирсэн нөхдүүдийн өнгөрсөн бүх хугацаанд хийсэн үйлдэл ил болно. Магадгүй энэ хамгийн том айдас байсан биз. Гишүүдийн сүр бадруулаад байгаа “Lexus-570” бол зүгээр л “мөсөн уулын орой”... Хорин хэдэн жил энэ суудалд шигдсэн нөхдүүдээс энэ битгий хэл юм гарах нь дамжиггүй.
“Иргэн” хэмээх Д.Ламжав УИХ-аас батлан гаргасан дээрх гурван хуулийн нэмэлт өөрчлөлтүүд Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргахдаа гурван үндэслэл дурдсан байна.
Эхнийх нь, хуулиудыг баталсан өдрөөс дагаж мөрдөнө гэсэн нь ҮХ-ийн 26.3 /“Монгол Улсын хуулийг УИХ албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно/, 33.1.1 /Ерөнхийлөгч нь УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих эрхтэй. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ/, 50.3 /Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй/ зэрэг заалтуудыг зөрчсөн гэж үзжээ. Тэгвэл ҮХ-ийн 26.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол” гэж байгаа биз. Энэ нь хууль тогтоогчид хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг “өөрөөр” буюу тусгайлан зааж өгөх эрхтэй гэсэн үг. Ихэнх тохиолдолд “баталсан өдрөөс” гэх буюу эсхүл “... оны ... сарын ... өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заадаг. Харин УИХ-ын тухай хуулийн 43.3-т энэ “тусгайлан заасан хугацаа” болон Ерөнхийлөгчийн хоригийн тухай “Тухайн хуулийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг УИХ хянан хэлэлцэж дуусах хүртэл уг хууль бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, хуульд Ерөнхийлөгч хориг тавиагүй нөхцөлд хууль хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн үг. Ерөнхийлөгч хориг тавиагүй байхад урьтаж тайлбарлаад яваа “иргэн” Д.Ламжав болон Цэцийн дарга нар “Алаагүйн байвгайн арьсыг хуваагаад” яваа болж таарах нь.
Харин 50.3 буюу “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” гэдэг заалтын тухайд хэлэхэд сая УИХ-аар баталсан Үндсэн хуулийн Цэцийн тухай болон бусад хоёр хуулийг Дээд шүүх болон бусад шатны шатны шүүхэд хэрэглэдэггүй, зөвхөн Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагаа, түүний шийдвэрийг УИХ-аар хэлэлцэхтэй холбоотой хуулийн зохицуулалт. Тэгэхээр Үндсэн хуулийн 50.3-тай ямар ч холбоогүй юм. “Тэнэсэн сум тархинд” гэж үгтэй ч энэ удаа ч бас л байгаа оносонгүй.
Хоёрдугаарт, Цэцийн гишүүнийг зургаан жилийн хугацаатай томилж, зөвхөн нэг удаа улируулан томилохоор хязгаарласан, Цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 65 насаар тогтоосон нь Цэцийн гишүүний бүрэн эрхийг зургаан жилээр тогтоосон Үндсэн хуулийн 65.1 /Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно/ заалтыг зөрчсөн гэж үзсэн байна. Өмнөх хуульд Цэцийн гишүүнээр ажиллах насны доод хязгаарыг тогтоосон мөртлөө дээд хязгаарыг тогтоож өгөөгүй, мөн Цэцийн гишүүнээр хэдэн удаа томилж болох хязгаарыг заагаагүйгээс Цэцийн гишүүд дотор төрийн албаны хуульд заасан тэтгэврийн наснаас хэтэрсэн, 3-4 удаа томилогдоод 18-24 жил ээлуж халаагүй суучихсан хүмүүс ч байж л байна. Уг нь бол Үндсэн хуульд “Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна” гэснээс биш бүх насаар нь томилно гээгүй. Бас улираан томилохыг хориглосон заалт ч байхгүй. Үүнийг л тодорхой болгож Цэцийн гишүүнээр ажиллах хугацаа болон насны дээд хязгаарыг тогтоож өгсөн хэрэг. Тэр нь одоо байгаа Цэцийн есөн гишүүний хэнд нь яаж тусах вэ гэдэг бол харин хоёрдугаар зэргийн асуудал. Лав л Цэц дээр маргаан үүсгэх сэдэв бол биш.
“Иргэн” Д.Ламжавын Цэцэд хандсан гурав дахь үндэслэл нь УИХ-аас баталсан хуулиуд “Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна” /64.2/, “Цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль болон бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана“ /64.3/ гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзжээ. Өөрөөр хэлбэл хуульд оруулсан;
-Үндсэн хуулийн Цэц УИХ-д дүгнэлтээ танилцуулахдаа дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг холбогдох байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулна,
-Зөвлөлдөх тасалгаанд гаргасан гишүүний санал Цэцийн шийдвэрийн үндэслэл болсон бол шийдвэрийн үндэслэл хэсэгт бичигдэх бөгөөд тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргана,
-Маргагч тал Цэцийн хуралданы тэмдэглэлийг авах эрхтэй,
-Цэцийн гишүүнийн асуулт урьдчилсан дүгнэлтийн агуулгатай, мэтгэлцэх хэлбэртэй байж болохгүй... гэсэн заалтууд Цэцийн хараат бус байдалд нөлөөлнө гэж үзжээ. Өмнө үйлчилж байсан хуулиар Цэц УИХ-д зөвхөн дүгнэлтээ танилцуулдаг, хэрхэн яагаад ийм дүгнэлтэд хүрсэн үндэслэлээ танилцуулдаггүй, үүнээс үүдэн гарах үр дагаврыг ч ярьдаггүй. Үүнээс л болж найман хувийн зээлийг зогсоосонтой яг адил үр дагавартай олон шийдвэрүүд Цэцээс гарч байв. Тиймээс ч Үндсэн хуулийн судлаачид Цэцийг “зөвхөн үг хөөж хууль тайлбарладаг, утга агуулгыг нь огт анхаардаггүй. Мэдлэггүй, боловсролгүй” гэж шүүмжилсээр ирсэн хэрэг.
Нөгөө талаас Цэцийн үйл ажиллагаа, шийдвэр гаргах процессийг ил болгож хуульчилснаар харин ч Цэцийг өөрийг нь хэнээс ч хараат бус, зөвхөн хуулийн дор ажиллах боломж нөхцлийг нь бүрдүүлж өгч байгаа хэрэг. Харамсалтай нь Цэцийн гишүүд, түүнийг удирдан чиглүүлж байгаа зарим нөхдийн хувьд “хуульгүй байх нь хулгай хийх боломж” гэж хараад, хуулийг өөрсдийн эрх ашигт таацуулах гэж улайрсаар байна. Гэвч Цэц бол хууль тогтоогч биш, хууль тогтоох эрх мэдэл зөвхөн УИХ-д байдаг. Харин Цэц бол УИХ-аас баталсан хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг л хянан шийдвэрлэх үүрэгтэй. Тэгээд ч “Шийдвэр гаргах процесс нь ил байж, гаргасан шийдвэрийнхээ үндэслэл, үр дагаврын талаар УИХ-д танилцуулах нь Цэцийн хараат бус байдалд нөлөөлж байна” гэх нь илт нэг байгууллагын эрх ашгийг хамгаалсан, тэндээс гарч байгаа шийдвэрийн үр дагаврыг нуруун дээрээ үүрч байгаа иргэдийн хувьд харин ч шударга бус хандаж буй хэрэг.
Харанхуй нь дарангуй болов
“Өдрийн сонин”-ы өчигдрийн дугаарт “иргэн” Д.Ламжав нэгэн сонирхолтой ярилцлага өгсөн байна. Тэр “УИХ-ын гишүүд бол хаанаас ч олдоно. Харин Цэцийн гишүүн бол их цөөхөн. Цэц гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг УИХ-д тайлбарлах албагүй. Цэцээс гаргасан шийдвэрийнх нь талаар тайлбар шаарддаг байсныг 2010 онд Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд хүчингүй болгосон” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Цэцийн дээр хөх тэнгэрээс өөр зүйл байдаггүй, хэнд ч хянагддаггүй, дархлагдсан амьтад болж таарах нь. Гэтэл үнэн хэрэгтээ хөх тэнгэр байтугай “Lexus 570” Цэцийн дээр гарчихаад байгааг дээр дооргүй л ярьцгааж байгаа шүү дээ. Ард түмнээс мандат авч сонгогдоогүй хэрнээ хууль тогтоох гэж оролддог, эцэстээ бүр Үндсэн хуулиасаа ч давсан тайлбар хийгээд, Үндсэн хуулийг өөрийг нь тогтоогоод эхэлсэн нөхдүүдийн дээр хөх тэнгэр биш юм гэхэд хууль байх ёстой биз дээ. Цэцийн шийдвэр хууль болдог, харин хуулийг иргэд дагаж мөрддөг. Энэ утгаараа Цэцийн үйл ажиллагаа ч бас хууль тогтоож буй байгууллагатай яг адил ил тод, нээлттэй байх ёстой. Энэ бол зарчим. Түүнээс биш УИХ Цэцийг хянах гээд байгаа асуудал биш.
Өнгөрөгч долоо хоногт Цэцийн даргаас УИХ-ын даргад ирүүлсэн албан тоотыг аваад “Цэц шийдвэрээ гаргаагүй асуудлаар урьдчилан байр сууриа илэрхийлж, хууль тогтоох байгууллагын эрхэнд халдсан таны энэ үйлдэл хууль зөрчиж байна” гэсэн сануулга бүхий албан тоотыг УИХ-ын дарга хариу илгээжээ. Ердөө маргааш нь Үндсэн хуулийн Цэц УИХ дахь МАН-ын бүлгээс “УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хууль зөрчсөн” тухай мэдээлэл хүлээж аваад уг мэдээллийн мөрөөр дахин маргаан үүсгэснээ өчигдөр зарлав. Мөн Цэцийн дарга Ж.Амарсанаа УИХ-ын даргад явуулсантай адил утга бүхий албан тоотыг Улсын дээд шүүх рүү явуулж, Цэцийн гишүүнд шинээр нэр дэвшүүлэхгүй байхыг анхааруулсан байна. Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх эрх бүхий өөр нэг субект болох Ерөнхийлөгч харин энэ талаар албан тоот хүлээж авсан эсэх нь хараахан тодорхойгүй. /Харанхуй байлаа гэхэд арай ч ийм дарангуй байж болохгүй биз дээ!/
Ямартай ч Цэцийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулахыг улайран эсэргүүцээд байсан нөхөд ингээд бүгд нэг талдаа гарчихлаа. Одоо энэ тэмцэлд хэн нь дийлэхийг харж хүлээх л үлдэв.
Эхний гаргалгаа нь, Цэц өмнө шийдвэр гаргаж байсан яг тэр зарчмаараа “УИХ-ын баталсан хууль Үндсэн хууль зөрчсөн“ гэдэг дүгнэлтийг дунд суудлаараа гаргуулаад, УИХ үг дүгнэлтийг нь хүлээж авахгүй бол их суудлаараа шийдвэр гаргаад УИХ-ын баталсан хуулийг хүчингүй болгоод явна. Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагаа өнөөг хүртэл яаж явж ирсэн яг тэр арга барилаараа дахиад арав, хорин жил үргэлжилнэ. Хаалттай, хуульгүй, хэнд ч захирагддаггүй, тайлбар тавьдаггүй, гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээдэггүй тэр хэвээрээ үлдэнэ.
Хоёр дахь нь, УИХ Үндсэн хуулийн Цэцийн даргыг хууль зөрчсөн хэргээр /УИХ-ын дарга болоод УДШ рүү түүний илгээсэн албан тоотууд нотолгоо болно/ шүүхэд өгч, шүүхээр шийдвэр гаргуулаад ажлаас нь чөлөөлнө. Тэгээд УИХ-ын баталсан хуулийн дагуу Цэцийн үйл ажиллагаа одоогийнхоосоо арай илүү нээлттэй, ил тод, хариуцлагатай болно. Цэц ямар учраас ийм шийдвэр гаргасан, энэ шийдвэрийн үр дагавар хуулийг хэрэглэж байгаа иргэд, нийгмийн хэсэг бүлэгт хэрхэн тусах гэх мэт илүү ойлгомжтой болно. Эс тэгвээс манай Үндсэн хуулийн шүүх хаалттай, харанхуй дээрээ дарангуй болж байна. Үндсэн хуулийн Цэц өөртөө зориулж хууль батлуулдаг нь үнэн юм байна. Үүнийг өөрчилж чадахгүй нь ч бас үнэн болох уу?
/Яаж тийм байгууллагыг ийм болтол нь “долоо дордуулж” чаддаг байна аа?/
Зочин
Зочин
Зочин
Зочин
Уншигч
Уншигч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bi l bna
showman
showman
зочин
зочин
зочин
зочин
jaa lam
Зочин
Гэрэл
sanaa
Зочин
Зочин
Хуульч
Зочин
зочин
Зочин
Zochin
Зочин
хол очиж гийна
zochin
zochin
zochin
Ajaa taij
Chimgee
Зочин
Зочин
Зочин
хуульч
Зочин
Зочин