“Чаддаг юм бол”...гэлүү, чадчихлаа шүү дээ
Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулах сайн мэдээ дуулдлаа. Хөгжлийн банкнаас гаргадаг улстөржсөн зээлийн мэдээг бодвол жирийн иргэдэд хамгийн их хамаатай мэдээ энэ байв.
-Сард сая төгрөгийн орлоготой өрх орон сууцтай болох нь нүгэл үү-
Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулах сайн мэдээ дуулдлаа. Хөгжлийн банкнаас гаргадаг улстөржсөн зээлийн мэдээг бодвол жирийн иргэдэд хамгийн их хамаатай мэдээ энэ байв. Гэвч ипотекийн зээл буюу “иргэний” зээл хүртэл улстөрждөгийг саяхан гаргасан Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр, түүнийг хэлэлцсэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн үг, Цэцийн шийдвэрийн дараа хийсэн зохион байгуулалттай шоу хангалттай харуулсан юм.
Үнэндээ 30 хувийн урьдчилгаа төлөөд, найман хувийн хүүтэйгээр зээлэх бүх шалгуурыг арайхийн давж ирээд “Зээл олгохгүй” гэсэн хариу сонссон олон мянган иргэний нулимстай бухимдлыг Японд олон хаустай Д.Сугар тэргүүтэн, “түрээсийн байранд амьдардаг” гэж өрөвдүүлээд өндөр зэрэглэлийн харшид амьдардаг Ц.Нямдорж нар яаж ойлгох билээ. Тэр тусмаа Цэцийн дарга Н.Жанцан, Ц.Нямдорж нар “шатрын найзууд” төдийхөн бус нэр хүндтэй хуульчид мөртлөө иргэний өмчлөх эрхэд дөрөөлөн байгаа хөрөнгөө барьцаалан зээл авах эрхэнд нь халдахдаа “найзархсан”, үзэл бодол нэгдсэн нь хачирхалтай.
Ц.Нямдорж гишүүн банкны асуудлаар хамгийн их “санаа зовдог”, тэр тусмаа төв банкныханд харшилтай нь анзаарагддаг. Харин энэ удаад яагаад арилжааны банкны эрх ашиг, банкны системийн тогтвортой байдлыг хамгаалах бус зээл авч байгаа иргэн нь барьцаалсан хөрөнгөө зувчуулах эрсдлийг сул тавьж өгөхөөр ийнхүү улайраад байгаа юм бол. Энэ нь айсуй сонгуультай холбоотой бол тэрбээр дэндүү өндөр үнэтэй тоглолт хийгээд байгаа юм биш үү.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 2013 оноос л ипотекийн зээл гэгчийг олгоод нүгэл үйлдэж эхэлсэн гэж хэлэх, Барилга, хот байгуулалтын сайд нь урьдчилгаа төлбөрийн 30 хувь, ипотекийн зээлийн найман хувь хоёроо хольж солиод яриад байгаа, Цэц иргэний эд хөрөнгөө захиран зарцуулах, барьцаалан зээл авах эсэх эрхэд халдсан шийдвэр гаргасан зэргээс харахад амжилтад дайсагнах шоу яваад байна уу гэж харагдахаар байна.
Монголбанкны өнөөгийн удирдлагууд 14 хувийн инфляци “хүлээж авсан”. Тэр үед ипотекийн зээл байгаагүй биш байсан. Тэгэхдээ сард дөрвөн саяас дээш орлоготой өрх л энэ зээлийг авч болдог байв. Амаргүй даваа, ёстой л алганы хонхорхойгоо хазах мэт боломж гэж үүнийг л хэлдэг байх.
Гэтэл өнөөдөр инфляци гурван хувь ч хүрэхгүй болтлоо буурсан. Үүнийг дагаад ипотек байтугай зээлийн хүү буурах олон боломжтой ч өмнөх Засгийн газруудын тарьсан балагийг арилгах ажлыг л санхүүжүүлээд байгаа харагддаг. Ингэж “боомилуулсан” ч үндсэн үүргээ биелүүлж инфляцийг тогтворжуулснаар өрхийн орлого 1.5 сая төгрөгт хүрч байвал орон сууцны зээл авч чаддаг болсон. Одоогийн байдлаар орон сууцны зээл авахаар хүсэлт тавьсан иргэдэд нийт таван их наяд төгрөгийн зээл олгочихоод байна.
Хачирхалтай нь Ц.Нямдорж гишүүн “Чаддаг юм бол үргэлжлүүлээрэй” гэсэн. Ямар учиртай өсийг хэнээс авах гэж ийн заналхийлсэн аясаар загнав. Хэн хохирох юм бэ. Лав л Цэцийнхэн болон Ц.Нямдорж гишүүн хохирохгүй юм байж. Харин шалгуураа хангаад арайхийн зээлээ авах гэж байсан өнөөх нулимстай иргэд бол хохирно. Тийм ч учраас банкууд дээр уйлаад гүйгээд яваа юм.
Өнөөдөр ипотекийн зээлийн хүүг таван хувь болгоно гэсэн баяртай мэдээ дуулдлаа. Хэн баярлах вэ. Хауст амьдардаг ипотекийн “дайснууд” биш нэг сая төгрөгийн өрхийн орлоготой, наанадаж 80 мянга, түүнээс хэд дахин олон иргэн баярлана. Тэдэнд орон сууцны зээлд хамрагдаж өрхийн хуримтлал үүсгэж үл хөдлөх хөрөнгөтэй болох нь чухал болохоос “Би орон сууцны зээл авсан ч гэсэн, барьцаалсан байраа өөр газарт давхар барьцаалдаг эрхтэй байх юмсан, зувчуулах боломжтой байхсан” гэж бараг хүсэхгүй дээ. Уг нь орон сууц барьцаалж зээл олгох эрх зүйн үндсийг бий болгоход буюу 2002, 2009 онд Үл хөдлөх хөрөнгийг барцаалах тухай хууль, Иргэний хууль зэргийг батлалцахад Ц.Нямдорж гишүүний хувь нэмэр орсон л байх. Үр дүнд нь ч өрхүүд хуримтлалтай болно, заавал ажлын байртай байх шаардлагатай болно, эдийн засгийн олон үр ашиг бий гэдгийг мэддэг байлтай. Харамсалтай нь босго өндөртэй, хүртээмжтэй л байж чадаагүй болохоос эхлэлийг тавьсан нь сайн хэрэг. Гэтэл мэдэн будилж нүгэлд тооцсоны цаана ямар шалтгаан байсан юм бол. Түүний, эсвэл Цэцийнхний танил, ойр дотны хэн нэг нь орон сууцны зээл авчихаад төлөлтөө хийхгүй байснаас болж үл маргах журмаар банкинд хураалгах гээд байсан юм болов уу. Арай үгүй байлгүй дээ. Жилд 300-400 тэрбумын хуримтлал үүсч, ажилгүйдэл, утаа багасна гээд байгаа нь хэнд муу үр ашигтай юм бэ. Иргэнийхээ гэрээ хийх эрхийг Цэцийн шийдвэрээр хааж боож байгааг коммунист хандлага гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах вэ. Банкны нэг шатны тогтолцоотой, барьцаалах хөрөнгө байвч барьцаалан зээл авч болох эрх нь хаалттай байх тэр үеийнхээс юугаараа ялгаатай гэж???
Одоо цагаан сараас өмнө хаачих вэ гэсэн 3000 гаруй иргэн хаачих вэ. Нийт зээлийнх нь 30 хувь нь орон сууц барьцаалсан зээл байхад энэ зээлийг хаая гэдэг Төв банк байх уу гэдгийг логикийн хувьд хараач. Ипотекийн зээл 2013 онд л Монголд “үүссэн” юм уу гээд тааралдсан иргэнээсээ асуугаад үзээч. Энэ лав тоглож болдог “улстөрийн сэдэв” биш ээ. Хөхөө өвлийн хүйтэнд наанадаж 3000 иргэн, түүний цаанаа багаар бодоход 6000 иргэнийхээ орон байрны асуудлыг улс төр хийхийн тулд бооцоонд тавьж арай л болмооргүй санагдана.
Өнөөдөр мэдээлснээр ипотекийн зээлийн хүү таван хувь болчихвол урьдчилгаагаа төлсөн бол, сард нэг сая төгрөгийн орлоготой байхад л зээлд хамрагдан орон сууцтай болох боломж нээгдэж байна. Дахиад багаар бодоход 100 мянган иргэн орон сууцны зээлд хамрагдах боломжтой. Инфляци 14 хувь байхад, сард дөрвөн сая төгрөгийн орлоготой бол гэсэн босготой байсныг инфляцийг гурван хувьд хүргэн сард сая төгрөгийн орлоготой бол гэж улам хүртээмжтэй болголоо. Муугаар бодоход инфляци өсөөд долоон хувь л болох биз. Энэ олон араг яс шиг каракасууд амь орж үл хөдлөх хөрөнгө болон эзэндээ очиг. Орон сууцтай болох нь мөрөөдөл биш боломж, хариуцлага байг. Сонгуулийн шоу гэж бодох нь бодог. Сонгуультай жилд ажил хийж болдоггүй юм уу. Энэ бүхэн жирийн иргэдийн хувьд “НҮГЭЛ биш БУЯН” билээ. Үүнд улстөрчийн, эсвэл Цэцийн үнэлэлт, дүгнэлт хэрэггүй.