ЭХ ОРОН – сайхан үг. Эх болсон нутаг минь гэсэн агуулгатай. Эх оронч гэхээрээ эх болсон нутагтаа элэг зүрхээрээ дотносодог, үүнээ дайснаас өмгөөлөн хамгаалдаг, бусдад булаалгах дургүй, төрүүлж өсгөсөн эх шигээ хайрладаг бие хүн.

Ийм үг урьд нь монгол хэлэнд байгаагүй. Юутай ч өнгөрсөн зууны эхэн үе хүртлэх ном сударт тааралддаггүй. “Ес зүй”, “ёс суртахуун”, гэх мэт 2-3 үгээр хэлэгдэн нэршсэн орчуулгаар буй болсон үг болов уу. Гэхдээ эх орноо нэрэлдэг үг монгол хэлэнд байгаагүй гэвэл алдас болно. Үүнийг “нутаг” гэж нэрлэж байсан байх. Нацагдоржийн эх орноо магтан дуулсан шүлэг Миний эх орон биш “Миний нутаг” нэртэй. Энэ шүлэгт зохиогчийн төрсөн нутгийн тухай биш, Далан хар уул, Байгал нуурыг дурдаагүйг бодоход нийт монгол үндэстний тухай ч биш болж таарах нь. Тусгаар тогтносон Монгол улсын хил хзгаар, газар нутгийг хамруулсан байдаг. Бараг л газар зүйн сурах бичиг маягтай. Зохиогчоос хожим алдагдсан Саяаны нурууг хүртэл оруулсан байдаг шүү дээ. Ингээд дахилт дээр нь “Энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан орон”.

Магадгүй 30-40-өөд оны үеэс орос хэлний “отчество”, “мать Россия”, “родина” гэх мэт үг орчуулагдсан болов уу. Хэлний хөгжилд ийм тохиолдол тун элбэг байдаг. Тухайлбал монголчууд салахдаа тухайн тохиолдлоос хамаарч “сайн яваарай” , “Сайн сууж байгаарай” гэх мэт ерөөдөг байж. Дөчөөд оны үеэс орос хэлний “до свидания” буюу “дараа уулзтал” гэснийг ”дараа баяртай уулзъя” хэмээн орчуулан хэрэглэх болжээ. Энэ нь цагийн явцад товчлогдсоор нэг хэсэг ”дараа баяртай” гэдэг байснаа жараад оны үеэс бүр товчхон “баяртай” болон хувирсан байна. Нийтийн хэрэглээнд орж ирэхээс өмнө “Ардын цэргийн албанд, Амар сайн яваарай, Баяртай, Баяртай” гэж дуулж байсан нь хөг ая, үгээ нийцүүлэх гэж товчилсан байх.

Эх орон, эх оронч гэх мэтийн хэллэг социализмын үед голдуу цэрэг армитай холбогддог байв. Эх оронч гэвэл хаа нэгтэй байлдаж нас барсан эх оронч Аюуш, Тэгшээ, Матрасов, Космодеская гэх мэт. Гэхдээ байлдаж байсан авч баатар цол хараахан хүртээгүй амьд мэнд зарим дайчид офицерийг эх оронч гэж цоллож байсан явдал бий. Тэр үеийн нам засаг хүүхэд залуусийг эх оронч болгохоосоо илүү пролетарийн интернациональч хүмүүжлээр хүн болгоно гэдэг байлаа. Ямар үндэстнээсээ үл хамаараад дэлхийн бүх ядуу хүмүүстэй нөхөрлөнө гэсэн үг юм болов уу. Харин нэлээд сүүлд пролетарийн интэрнациональч, эх оронч хүмүүжил гэж хоршуулах болсон. Гэхдээ энэ хоёр үгийн аль нь ч энгийн яриан хэлэнд тархаагүй байв. Цэрэг юмуу намын ажилтан биш байж өөрийгөө интернациональч, эсвэл эх оронч гээд унах юм бол жаахан юмтай л харагдана шүү дээ. 

Ерэн оноос эх орон эх оронч гэх үгс тодорхой хүмүүст хамаарах боллоо. Санахаас “281 холбоо” гэх эзэн нь мэдэгдэхгүй хүн ч юм уу, бүлэг гарч ирж өөрийгөө эх оронч гэх болсон. Эх орон аюулд орсон учир эх орончид нийлж байгаад эх оронч бишүүдийг устгах тухай сураг гарах боллоо. Аяндаа зарим эх оронч нэр усаараа тодорч эхлэв. Эх оронч бишүүдэд шинээр гарч ирсэн ардчилсан хүчнийхэн, гадны цус нөж судсандаа агуулсан хүмүүс, шүд нь түрэнги, нүд нь бүлцгэр хүмүүс, Сэлэнгэ зэрэг аймгийн харъяатууд гэх мэт. Яваандаа эх орончид Монгол нутагт эх оронч бишүүдээсээ тооны хувьд давсан байхаа. Бүх төрлийн гэмт хэрэг “эх орон”, “эх оронч” гэсэн хаягийн цаана нуугдах болов. Шүүх цагдаа болон бусад хүчний байгууллагууд ч энэ нэрнээс жийрхэн аль болох зугтах болжээ.

Эх орон, эх оронч, эх оронч үзэл гэх мэт эдгээр ухагдахуун хэзээ буй болсон, хэрхэн өргөжин хөгжсөн, ямрыг нь ингэж нэрлэдэг, эх орны дайсан гэж хэнийг тодорхойлдог талаар бичиг судар, түүх цадигаас хайлаа.

Эх орон гэдэг нь эцэг өвгөдийнх нь нутаглаж байсан газрыг хэлэх ба эх оронч гэхээрээ тэр нутагтаа хайртай байхыг нэрлэдэг хэмээн ихэнх толь бичигт тодорхойлсон байна. Христийн шашинд “эцэг, хүү, ариун сүнс”-ийг гурвалсан эрдэнэ хэмээн сүсэглэдгээс өвөг дээдсийн нутгийг “эцэг орон” гэх болжээ. Энэ нэр томъёо дундад зууны үед Европт буй болжээ. Гэхдээ өөр олон хэлэнд “эх орон” гэж нэрлэдэг, (жишээ нь англиар “мазэрлэнд”) аж. “Эцэг орон” ч бай, “эх орон” ч бай яг адилхан утгатай, тухайн хэлэнд алингаар нь эвтэй гэдгээс болно. Зарим хэлэнд төрлөх орон (жишээ нь слав хэлэнд “род ина) гэнэ. Япон, солонгос, хятад, вьетнам зэрэг ханз үсгийн соёлтой хэлэнд “Өвөг дээдсийн улс” гэдэг гэнээ. Монгол хэлээр эцэг гэлгүй эх гэсэн нь тун оновчтой орчуулга. Учир нь эцэг гэсэн үг заримдаа сөрөг утгатай (эцэггүй хүүхэд, эцэг мал гэх мэт) бол, “эх” үргэлж эерэг.

Эцэг орон буюу манайхаар эх орон гэх нэршил XVII зуунд буй болоод тэр үед орос хэлэнд “отчество” гэж орчуулагдан орж ирсэн гэж хэл шинжээчид нотолж байна. Францын хувьсгалын үеэр “эх оронч” гэсэн нь франц хэлээр “хувьсгалч” гэх утгыг илэрхийлэх болжээ. Хувьсгалыг эс зөвшөөрөгчид мэдээж хэрэг эх оронч биш гэгдэх, удахгүй тэр нь “ардын дайсан” гэсэн илүү тодорхой нэршилтэй болсон гэдэг. Үзэл бодлын зөрөөнөөс болж үй олноор нь алж хядах явдал Октябрийн биш, Францын хувьсгалаас анх үүссэн юм. Толгой авдаг гильтон тэр үед завгүй ажиллаж байлаа. Энэ маягийн хийрхэл улам газар аван энд тэндгүй халдварласан учир Оросын эзэн хаан Павел “эх орон” гэдэг үгийг үгсийн сангаас хасан “төр” гэсэн үгээр орлуулахыг тушааж байжээ. Нацист Германд энэ үгийг үндэсний үзлийн суртал нэвтрүүлэгт хэт хэрэглэж байсан учир жишээ нь англичууд үүнээс зугтан “хөүмлэнд” гэсэн нэршил хэрэглэх болсон гэдэг.

Гэхдээ тэр чигээрээ муу юмны нэр болчихсон гэсэн үг биш. Дайн байлдаанд энэ үг хамгийн өргөн хэрэглэгдэж, эх орноо аврах гол уриа болж байв. Францын хувьсгалын үеэр “Эх орон аюулд учирлаа” гэсэн уриа байв. Наполеоны эсрэг Оросын дайныг “Эх орны дайн” гэж байсан бол нацист Германы эсрэг дайныг ч мөн албан ёсоор ингэж нэрлэж байсан. Зөвлөлтийн цэрэг “Зөвлөлт холбоот улсын төлөө зүтгэе” гэж тангаргалдаг байснаа ЗХУ тарсны дараа “Оросын холбооны төлөө зүтгэе” гэх болжээ. Харин саяхнаас Путин үүнийг “Эх орны төлөө зүтгэе” болгон өөрчилсөн гэнэ.

Эх оронч үзэл гэдгийг өөрийн орны соёлоор бахархах, тэр онцлогийг хадгалан үлдээх хүсэл, тухайн оронд харъяалагдаж байгаагаараа бахдан хэл, заншил уламжлалыг хайрлах сэтгэлийн хөдөлгөөн, өөрийн орны бусад гишүүд болон эх орныхоо эрх ашгийг хамгаалах тэмүүлэл зэргийн нийлбэрийг хэлнэ хэмээн ихэнх толь бичигт тайлбарлажээ. Гэхдээ жишээ нь Британника нэвтэрхий толь бичиг энэ үгийг тайлбарлахаас татгалсан байна. Харин “эх орноосоо урвах” (treason) гэсэн эсрэг утгыг нь “өөрийн улсын төр засгийг түлхэн унагахыг оролдох,дайны үед тус улсын дайсанд туслах” гэж тодорхойлжээ. Дэлхийн хамгийн анхны Үндсэн хууль зохиогчид “эх орноосоо урвах” гэсэн ойлголтыг хамаагүй хавтгайруулан өргөн утга, ноёрхогчдын үзэмжээр хэрэглэдэг байсан урьдын бурангуй ёст уламжлалаас болгоомжлон үүнийг зөвхөн дайн байлдааны болоод төрийн эргэлтийн үед хамааруулахаар тогтсон аж.

Социологичид эх оронч үзлийг цаад сэдлээс нь хамааруулж нэлээд хэд ангилдаг аж.

-Төрсөг эх оронч үзэл (төр улсаа хайрлах)

-Эзэнт улсархаг (эзэлсэн газар нутгийг өөртөө хамруулах) 

-Уухайлах эх оронч үзэл (өөрийн төр улсыг бусдын дээр тавих)

-Уламжилархаг (амьдралын хэв маяг, уламжлал, соёлын онцлогийг өргөмжлөх) 

-Хэтэрхий эх оронч үзэл (эх орноо хайрлах нь эрүүл ухаанаас халих)

-Түүхчирхэг (өнгөрсөн түүхийн тодорхой үеийг дөвийлгөн өөрсөддөө хамааруулах)

-Үндсэрхэг эх оронч үзэл (үндэс угсаагаараа илүүрхэх) гэх мэт. Энэ бол судлаачдын л ангилал. 

Эх оронч үзэл бол үе үеийн турш хүн төрлөхтнийг дагасан, өдгөө ч утгаа алдаагүй сэдэл юм. Чухам ийм үзэл байсны хүчээр улс, үндэстэн оршин тогтноно. Эх оронч үзэл үгүй бол түүний төлөөх хариуцлага үгүй болно. Хэрэв хүн өөрийн ард түмний төлөө хариуцлага хүлээхгүй бол түүнд гэр орон ч үгүй, үндэс суурь ч үгүй. Гэр орон гэдэг бол зүгээр л амьдран суудаг газар төдий биш. Энэ бол гэр орныхоо эмх замбараа, түүн дотор амьдарч буй үр хүүхдийн өмнө хүлээх хариуцлага. Эх оронч үзэлгүй хүн өөрийн улс оронгүй гэсэн үг. Энэ бол үе үеийн ухаантнуудын үзэл бодол, тэгэхээр миний ч үг.

Английн зохиолч Клайв Луис эх оронч байхыг дөрөв ангилахдаа:

-Гэрээ хайрлах (хуучны найз нөхөд, танилууд, танил харууц, үнэр, чимээ зэрэг)

-Өөрийн орны өнгөрсөн түүхэнд хандах онцгой мэдрэмж

-Өөрийн үндэстэн, өөрийн ард түмнийг бусдаас дээр гэж үзэх бүдүүлэг үзэл

-Өөрийн үндэстэн бусдаас дээр учир бусдыг захирах эрхтэй гэх харгис үзэл

Европт нийтээр хэрэглэх болсон “эх орон” гэсэн ойлголт ялангуяа 1848 оны хувьсгалаар ихэд үгсэн юм. Энэ хувьсгал ямар нэг утгаараа ардчилалыг шаардаж баййсан авч гол нь бүх Европыг захирсан хэдхэн орны ноёрхолыг түлхэн унагаж үндэстэн бүр өөрийн гэх улс оронтой болох гэж тэмцсэн. Энэ үеэс эх оронч үзэл нь үндэсний болоод үндсэрхэг үзэлтэй холилдож эхэлсэн байна. Иймээс төрсөн газар нутаг үндэс нэгт ард түмнээ хайрлах гэдэг утгаасаа даван бусад улс орон, үндэстнийг үзэн ядах байдал руу ч хальтарсан. Эх орноо хайрлъя гэвэл бусдыг үзэн яд. Иймээс эх оронч үзэл гэх нэршил нь түрэмгийлэл, дайн байлдаан, бусдын газар шороог булаан авах зэрэгт өргөн хэрэглэгдэх болсон байна.

Мөн бүх сэтгэл зүрхээ эх орондоо зориулж байхад улс төрийн сөрөг хүчин бол тэгдэггүй, тэд бол хуурамч эх орончид, нууц дайсан гэсэн тодорхойлолт ч улс төрийн хүрээнд гарах болжээ. Үзэл бодол нийлээгүй нэгнээ яллах шүүхийн тогтоолорхуу юмаа даа. Ялангуяа сэхээтний хүрээнд элдэв маргааныг тас цохьдог зэвсэг нь “эх орон” болж өргөжив. Буруутаад эхэлбэл “эх орон” гэдэг үгээр бамбай хийнэ. Иймээс ч Толстой “Адгийн шаар аргаа барахаар эх оронч болж жүжиглэдэг” гэжээ. Энэ үгийг анх Английн улстөрч Самүэл Жонсон парламентийн сөрөг хүчиндээ зориулж хэлсэн ч гэдэг. 

Явсаар эх оронч үзэл, эх оронч байх гэдэг нь адгийн шаарууд гэмт үйлдлээ нуухын тулд араар нь ордог халхавч, хуульчлагдсан хулгайч нарын бусдыг айлгаж ичээн дарамталдаг рэкэтийн хэрэгслэл болж хувирсан нь ганц Монголд биш. 

Нийгмийн хамгийн хог шавхруунууд “ЭХ ОРОН” гэсэн сайхан үгээр тоглож, эх орны нэрийн өмнөөс эх орны эсрэг үйлдэл хийн, эх оронч ард түмнийг манай ба танай хэмээн өөрсдийн увайгүй үзэмжээр ангилан салгаж, эх орны нэрийн өмнөөс өөрийн дайсныг илрүүлж, эх оронч үзлийг өөрийн үзэмжээр тайлбарлан эх оронч хүмүүст сургах болжээ. Коммунст нийгэм хувь хүнээс үнэнч коммунист байхыг л шаарддаг, гэмт хэрэгтэн, адгийн амьтан байх нь өршөөж болох явдал гэж үзнэ. 58 хүн хороосон алуурчин Чикатило баривчлагдсан боловч намын гишүүн хүнийг сэжиглэж болохгүй хэмээн тавьж явуулж байжээ. Өнөөдөр Монголын нийгэм хар аяндаа иргэдээсээ адгийн шаар, хүний оронцог, хууль зөрчигч, хулгайч дээрэмчин байх нь хамаагүй, гол нь “эх оронч” байхыг шаарддаг тогтолцоотой болоод ирлээ. Эх оронч байх гол шалгуур нь цээжээ дэлдэж бусдыг дарамталж, хүмүүсийг ангилан гадуурхаж, гэмт үйлдлээ энэ нэрээр халхлах болой. 

Эх оронч үзлийг хүн эхийн сүүтэй хамт эх эцгээсээ, нутаг уснаасаа, газар шорооноосоо, багш сургуулиасаа олж аван хүмүүждэг. Бүх л хүмүүс иймээс эх орончид байдаг. Эх орон гэдэг бол надад, манайд, бидэнд хамаарч байгаа бүх юм. Үүнийг хүмүүс нүдээрээ, зүрхээрээ, элгээрээ, үнэр амтаар, мэдэрхүйгээрээ хайрладаг. Яг л эхийгээ, үр хүүхдээ, гэр орноо хайрладаг шиг. Энэ хайр бол зарлалын самбар биш, зодоон цохионы хэрэгслэл биш, тэр дундаа бусдыг үзэн ядах зэвсэг бүр биш. Эхийгээ хайрлаж байна гээд бусад эхчүүдийг үзэн ядвал, энэ хайр мөн үү?

2018.3.18