МҮОНТ-ийн “ММ” агентлагийн захирал асан, сэтгүүлч М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Ярилцлагаа сэтгүүлч мэргэжлийг яагаад сонгосноос эхлэх үү?

-Сэтгүүлч болох хүсэл минь бүр багаас эхэлсэн. Телевизийн мэдээг их шимтэн үздэг байлаа. Энэ үеэс л сэтгүүлч болох мөрөөдөл минь эхэлсэн байх. Намайг аравдугаар ангиа төгсдөг жилээс сэтгүүлчийн мэргэжлээр конкурс өгөх хүүхдүүдээс ур чадварын шалгалт авдаг болсон юм. Өмнө нь энэ ангид дандаа сайд, дарга нарын хүүхдүүд явчихдаг байсан учраас шалгалтаа ингэж чангатгасан хэрэг. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дарга байсан Т.Баасансүрэн, ардын уран зохиолч Т.Галсан гуай нар биднээ ур чадварын шалгалт авч таарсан. Тодорхой сэдэв өгөөд ярилцлаганд оруулсан. Зуу гаруй хүүхэд өрсөлдсөнөөс би хамгийн өндөр оноог авсан. Т.Галсан гуай тэр үед “ За, хамрынхаа үзүүрт мэнгэтэй нэг мундаг сэтгүүлч нэмэгдлээ” гэж хэлж билээ. 17 настай жаахан охин тэр “том” хүнээс ийм урмын үг сонсоод хөөрчихсөн, бараг тэр оройдоо л “сэтгүүлч” болчихсон. Хэдхэн хоногийн дараа конкурс өгөөд гадаадад сэтгүүлчийн мэргэжлээр сурах хоёр хүүхдийн нэгд жагссан би хагартлаа баярлаад шууд л хүссэн мэргэжлээ сонгоод Орос орныг зорьсон доо.

-Төгсч ирээд л шууд телевизэд орсон уу?

-Тэгсэн. Би жаахан хэнхэг талын оюутан байсан учраас тэр үеийн сэтгүүлзүйн мундагчуудтай ямар нэгэн хэмжээнд танилцсан, танигдсан байсан. Оюутан байхдаа зуны амралтаараа ирэхээрээ дадлага хийдэг байсан. Нэг удаа алдарт сэтгүүлч Ц.Балдорж ахын Далай ээжээ хамгаалах багт багтаж Хөвсгөл явж байсан юм. Ленинградын их сургуулийг онц төгсч, мастерын зэргийг шууд авч байсан. Гадаадын оюутнуудаас анх удаа олон улсын сэтгүүл зүйн мастер хамгаалсан оюутан боллоо гэх үгийг сургуулийнхаа удирдлагаас сонсох сайхан л байсан.

Олон улсын аль ч сургуульд очсон сэтгүүл зүйн чиглэлийн хичээл заах бүрэн эрхтэй гэсэн дагалдах бичигтэй, диплом гардан авсан. Энэ дипломоо бариад очиход “Сүрхий л дипломтой юм, гэхдээ энэ чухал биш, амьдрал чамайг сайн сэтгүүлч эсэхийг чинь шалгана” гэж хэлээд телевизэд ажилд авч байлаа. Одоог бодвол шалгуур өндөртэй, чанга ч үе байж дээ. Гурван сарын турш бэлдэж байж анх удаа эфирт гарсан. Биднийг сайн мэргэжилтэн ч болгож сургасан, биднийг сайн хүн ч болгож хүмүүжүүлсэн.

-Өөрийг чинь эдийн засаг, бизнесийн чиглэлээр дагнасан сэтгүүлч гэдгийг олон нийт мэднэ. Анхнаасаа л энэ чиглэлийг барьж ажилласан уу?

-Эдийн засгийн сэдвийг түлхүү сонгоход миний нөхөр их нөлөөлсөн байх. Байгалийн шинжлэх ухаан, тоо математик сонирхдог хүн л дээ. Бид оюутан байхдаа гэрлэж, бага залуудаа нэг бүл болсон. Тэгээд ч тэгдэг юм уу, ямар ч асуудлыг бие биетэйгээ их зөвлөдөг. Нөхөр маань төгсч ирээд хувийн бизнес хийж эхэлсэн юм. Орой гэртээ ирээд л сонин сайхнаа их ярина. Тэгэхэд  манай нөхөр, Монголд хувийн хэвшил хөгжих ёстой, төрийн компаниуд явцгүй байна гээд л ярьдаг байсан. Энэ яриа нь ч надад их нөлөөлж, эдийн засаг бизнесээр дагнасан сэтгүүлч болох ёстой юм байна гэж бодож эхэлсэн. Тэгээд энэ чиглэлээр мэдээ, сурвалжлага, тойм, бэлтгэж эхэлсэн. Тэр хэмжээндээ эдийн засагчдын хараанд ямар нэгэн хэмжээгээр  өртсөн юм болов уу. Нэг өдөр  Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат гуай утасдаад амжилт хүсч, эдийн засгийн бие даасан тогтмол нэвтрүүлэг хийхийг зөвлөсөн. Сонин шүү, О.Чулуунбат гуайн тэр зөвлөгөөг би бүгдийг нь хэрэгжүүлсэн байдаг юм. Голландад, Дойч Велл-ийн  эдийн засгийн сэтгүүлчид бэлтгэдэг сургалтуудад хамрагдсан. Бас АНУ-ын Охлахомагийн их сургуульд сэтгүүл зүйгээр мастер хамгаалсан. АНУ-ын Freedom форумын сургалтад сууж төгссөн гурван монгол сэтгүүлч байдгийн нэг нь би. Нөгөө хоёр нь Л.Энх-Амгалан гишүүн, Батсуурь ах. Гурвуулаа Ленинградын их сургууль төгссөн хүмүүс шүү.  Freedom-д сурч ирснийхээ дараа бизнес эдийн засгийн чиглэлийн бие даасан цуврал нэвтрүүлгүүд хийж эхэлсэн. Энэ далимд хэлэхэд өнөөдөр манай сэтгүүлчид өдөр тутмын үйл явдалдаа түүртээд олон улсын ийм сургалтад явах, өндөр хөгжсөн  оронд мэргэжил дээшлүүлэх цаг завгүй болсон байна. Энэ буруу, маш  муу хэрэг. Манай багшийн хэлснээр хэрвээ сэтгүүлч хүн цагийн зүү мэт байх ёстой юм бол нийгмийг хаашаа, юунд хөтлөхөө урьдчилан мэддэг байх ёстой. Тэгж мэдэх, боловсроход гадаад, дотоодын давтан сургалтууд маш их хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, цагийн зүү мэт сайн сэтгүүлч байхын тулд сайн ажиллахаас гадна өөрийгөө тасралтгүй боловсруулж, боловсролдоо цаг гаргаж байх ёстой. 
 
-Сэтгүүлчээрээ ажиллаж байх үед өөрийн чинь улс төрийн үзэл бодол, баримжаа аль талдаа байсан бэ. Барууны эсвэл зүүний гээд. Сэтгүүлчийн ажлаа, мэргэжлээ нэгд тавьж ажлаа хийж чаддаг байсан уу. Улс төрийн үзэл бодолдоо хөтлөгдөж ажлаа хоёрдугаарт тавьж байсан үе бий бол нуулгүй хуваалцаач...

-Энэ талаар төдийлөн бодож байгаагүй юм байна. Гэхдээ сэтгүүл зүйгээ нэгд тавьж л ажиллаж байсан гэдгээ итгэлтэй хэлнэ. Яагаад гэвэл би улс төрийн ажилтан биш, сэтгүүлч байсан. Хувь хүний үзэл бодол бол хувь хүний л асуудал. Хувь хүний үзэл бодлыг хүндэтгэх нь сэтгүүлчийн үүрэг. Тийм учраас болж байгаа үйл явдлыг үнэн бодитоор мэдээлэх нь сэтгүүлчийн ажил, бас үүрэг. Гэхдээ  заримдаа үнэхээр  шударга бус үйлдэл таарвал “ийм шударга бус байж болохгүй” гэдэг ч юм уу үзэл бодлоо шингээх, эмоциорооо дайрах үе байдаг л байсан. Одоо ч надад тийм зан бий.

-Үүнээсээ ч юмуу, сэтгүүл­чийн ажлаасаа болж дарамтад орж байсан тохиолдол байсан уу?
-Байна аа. Ер нь үнэнийг бичсэнийхээ, мэдээлснийхээ төлөө загнуулж, янз бүрээр хэлүүлж байгаагүй “цагаан гар”-тай сэтгүүлч бидний үеийнхэн дунд цөөхөн дөө. Тэгэхдээ бид шантардаггүй, буцдаггүй л байсан. Тухайлбал, би тусламжийн цагаан будааны булхайг дэлгэснийхээ төлөө Монголын банк санхүүгийн салбарт үүсээд байгаа булхай, хууль бус мөнгө угааж байсан тухай, төрийн албан тушаалтнуудын авлигатай холбоотой асуудал гээд эрэн сурвалжлах чиглэлээр амь өрссөн олон сурвалжлага хийсэн.  Үүнийхээ төлөө цөөнгүй удаа олон ч удаа дарамт шахалтад өртөж байлаа. Гэсэн ч би няцаагүй . Харин  надад дарамтаас илүү сэтгүүлчийн мэргэжлийн ур чадвар, үнэнийг  үнэлээгүй, ойлгоогүй загналт хамгийн хүнд тусдаг.

-Сэтгүүлчийн ажил үнэндээ амаргүй ч авч чадсан мэдээлэл, ярилцлага маань эргээд бидэнд гайхалтай мэдрэмж, бахдлыг төрүүлж байдаг. Харин яаж яваад сэтгүүлчийн ажлаа орхиод улс төр рүү орчихов оо. МАН-д хэзээнээс элссэн юм бэ?

-2010 онд С.Батболд дарга Ерөнхий сайд болчихсон үе, ЗГХЭГ-ын даргаар Ч.Хүрэлбаатар гишүүн , Сангийн сайдаар С.Баярцогт ажиллаж байсан. Эдийн засгийн өсөлт уначихсан, зуд турхан болсон нэлээд хүнд үе байлаа шүү дээ. 2008 онд моргейжийн зээлийн хямрал дэлхийн зах зээлийг нөмөрсөн, түүхий эдээ экспортод гаргах асуудал нэлээд хүнд болчихсон байсан үед  С.Батболд дарга Ерөнхий сайд болсон. Тэгээд танхимаа авчихаад эдийн засгийн реформ хийнэ, тийм болохоор багаа ч эдийн засгийн мэдлэг боловсролтой мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлье гэж зорилго тавьсан юм билээ. Хэвлэлийн албаа ч гэсэн энэ чиглэлийн сэтгүүлчдээс бүрдүүлье гэсэн. ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэл­баатар утасдаж Ерөнхий сайд С.Батболд даргатай уулзах хэрэгтэй байна гэж хэлэх болтол би сэтгүүлчээ хийгээд л явж байсан. Намд элсэх тухай бодоо ч үгүй байсан. Сургуулиа төгсч ирээд 15 жилийн турш сурвалжлагчаас эхлээд ерөнхий редактор хүртэл ажилласан. Аав ээж маань олон нийт хүндэлдэг ийм сайхан ажлаа солих хэрэг байгаа юм уу гээд, харин манай нөхөр чи сэтгүүлчийнхээ хувьд гадна талаас нь сурвалжлага хийж зөндөө явлаа, энэ үйл явдал дотроо ямар байдгийг үзэх хэрэгтэй. Засгийн газар бол их том газар, бүхэл бүтэн улс орны бодлого эндээс гардаг, тийм болохоор өөрийгөө сориод үз, бас өөрийгөө хөгжүүл гэж зөвлөсөн. Ингээд Ерөнхий сайдад долоо хоногийн дараа хариугаа өгсөн. Зөвшөөрөхдөө бас Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээллийг дамжуулаад суух биш, эдийн засгийн чигэлэ­лээр сэтгүүлчийнхээ хувьд бие даасан нэвтрүүлэг  хийж болох уу гэж асууж байлаа. Засгийн газрын бодлогыг ч олон нийтэд таниулах үүрэг хүлээж байгаа учир Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчийг ч хамтад нь хий гэсэн дээ. Ингэж л төрийн ажил руу орсон. Хасах үзүүлэлттэй байсан улс орны эдийн засгийг 17 хувь хүртэл өсгөн, реформ хийж чадсан Ерөнхий сайд С.Батболдын багт орж ажилласандаа би хувь заяандаа талархдаг.  МҮОНТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь ярилцлагандаа “Мэргэжлээрээ албан тушаалд очих боломж Монголд байхгүй байгаа учраас мэргэжлийн хүмүүс албан тушаал ахихын тулд улс төрийн намыг ашигладаг. Би АН-ыг ашигласан бол, М.Оюунчимэг МАН-ыг ашигласан” гэж хэлсэн байна лээ. Зарим хүний тухайд тийм байж магадгүй. Миний хувьд  хамтарсан  Засгийн газарт би уригдан ажилласан. Тэдний тавьсан саналын дагуу. Дараа нь МАН-д элссэн. Яагаад гэвэл Ерөнхий сайд бол намын дарга байдаг. Тийм үед хэвлэлийн төлөөлөгч нь хүссэн, хүсээгүй намын ажилд оролцох хэрэг гардаг юм билээ. Тэгээд үзэл бодол, итгэл үнэмшлээ бодсон ч зөв гэж үзээд МАН-д элссэн. Энэ сонголтоо би “буруу болчихлоо” гэж хэзээ ч  харамсч байгаагүй. Харин ч миний амьдралын том дэвшил, амьдралд гарсан өөрчлөлт гэж хүлээж авдаг.

-Та Ц.Оюундарь захирлын ярилцлагыг дурдлаа.  Та МАН-ыг ашиглаж албан тушаалд очсон гэдгийг үгүйсгэхгүй биз дээ. Хамгийн сүүлд “ММ” агентлагийн захирал болсон...

-Миний сонголт, сэтгүүлчээс төрийн ажилд очсон нь жаахан ялгаатай юм аа. Нэгдүгээрт би намаар дамжиж Засгийн газрын албанд очоогүй. Харин Засгийн газрын хэвлэлийн албанд байхдаа МАН-д элссэн. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллах миний сонголт ганц намаас хамааралтай байгаагүй. Тэр үед хамтарсан Засгийн газар ажиллаж байсан. Өнгөрсөн жил мөн л хоёр нам хамтраад засаг барьж байх үед би “ММ” агентлагийн захирлаар томилогдсон. Хийж чаддаг ажил дээрээ очиход татгалзах юу байхав дээ. “ММ”- гэж бараг миний овог шахуу болсон газартаа ажиллах саналаас, ажиллах боломжоос татгалзана гэвэл хувь заяа гомдох байлгүй дээ. Надад ажиллах санал тавьсан, бас би өөрөө ч “ММ”-дээ очъё гэж дарга нартаа хэлсэн нь үнэн юм. Сүүлийн гурван жилд мэдээллийн тэнцвэртэй байдал МҮОНТ дээр эрс алдагдсан. Тэр тусмаа эрх баригчдын мэдээллээс гадна сөрөг хүчний мэдээлэл дутмаг байгаа талаар олон нийт, олон нийтийн байгууллагуудаас шүүмжлэлтэй хандах болсон. Гэтэл үүний нөгөө талд олон нийтийн үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл авах эрх зөрчигдөж байсан.  Тиймээс  МҮОНТ-д жинхэнэ утгаар нь, мэргэжлийн хүнийг тавих нь зүйтэй гэж үзсэн  МАН-ын  удирдлагад би талархаж явдаг.

-Мэргэжлийн байгуул­лагын гал тогоо байдаг, сэт­гүүл­чээрээ ажиллах сонирхол байдаг, гэтэл нөгөө талаас намын томилгоотой очсон. Энэ бүхэн  бэрхшээл үүсгэж байв уу?

-Намайг өнөөдрийг хүртэл ММ-ийн Оюунчимэг гэдэг нэр үргэлж дагаж явдаг. Би үүгээрээ ч бахархдаг. Миний өдий зэрэгтэй явж байгаа минь ММ агентлагтай холбоотой. Даргын цүнх барьж яваад албан тушаал дээр оччихсон хүмүүсийн хажууд Ц.Оюундарь  бид хоёр бол мэргэжлийн сэтгүүлчид. Бид хоёр хоёулаа гадны, мэргэжлийн бус хүн байгаагүй. Тийм учраас эхэндээ бид хоёр  гар нийлж ажиллаж байсан. Гэтэл гэнэт л ярьсан тохирсноосоо буцаж,  бүтцийн өөрчлөлт нэрээр бүхэл бүтэн ММ агентлагийг  байхгүй болгож, мэдээллийн суваг нэрийн дор баахан бужигнуулж эхэлсэн. Ийм мэдээ их гаргалаа, тэр хүн олон гарч байна гээд л асуудал ч үүсэх жишээтэй. Гэтэл үнэндээ гарч байгаа мэдээллийн 80 хувь нь эрх баригчдын мэдээ л байсан. Товчхондоо мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах сэтгүүл зүйн зарчмыг барих гэсэн нь АН-ын удирдлагад, зарим хүнд таалагдаагүй бололтой юм билээ.

-Тэр нь ажлаа өгөх шалт­гаан болсон гэж үү?

-Ерөнхийдөө тийм гэж болно. Бас намайг ажлаа өгүүлэх далим болсон. Бусдын завин дээр суучихаад өөрийн, бас үнэний дүрмээр тоглох гэсэн нь миний алдаа болсон юм болов уу даа. Би хувьдаа ажлын үр дүнг илүүд үзэж, тэр ч утгаараа хүчирхэг хүчтэй багтай байх ёстой гэж үздэг. Сайн удирдагч хэн бэ гэдгийг түүний бүрдүүлсэн багаас хардаг гэдэг. Үүнийг би маш чухал гэж үздэг. Би өөрөө ч гэсэн Засгийн газрын хэвлэлийн албанд ажиллаж байхдаа маш хүчтэй, чадварлаг багтай ажиллаж байлаа. Би сэтгүүлч байхдаа ч нэвтрүүлгээ хийхдээ хамгийн сайн зураглаач, найруулагч, графикчинг авдаг байсан. Ямар сайндаа намайг “ММ”-ийнхэн тарчлаагч гэж нэрлэдэг байхав дээ. Толгой нь ажилладаг хүмүүсээр багаа бүрдүүлдэг байлаа. Ийм сайн хүмүүсээр багаа бүрдүүлэхээр сайн нэвтрүүлэг гардаг. Чанарын өндөр үнэлгээ авч урмын үг сонсч, уран бүтээлийнхээ тухай хөгжилдөн ярьж суух нь ямар жаргалтай гээч. Тэр утгаараа сайн баг байгуулах, ажлын арга барилаа өөрчлөхөөс эхлээд зөрчил гарсан л даа. Гэхдээ энэ бол шалтгаан байгаагүй, шалтаг л болсон. Хамгийн гол нь Ц.Оюундарь захирал намайг хянаад, шахаад эхэлсэнтэй адил зовлон тэр хүнд томилсон намаас нь бас ирсэн юм болов уу л гэж бодсон. Би хамтарсан Засгийн газрын үед МАН-ын улс төрийн дэмжлэгтэйгээр захирлаар томилогдсон шигээ улс төрийн шалтгаанаар ажлаа өгсөн. Гэхдээ очсондоо, очоод амжуулсан ажилдаа, сүүлд ажлаа орхисондоо харамсдаггүй. Хэн нэгнийг ч буруутгадаггүй. Харин мэргэжлийн хүчирхэг, үндэсний хэмжээний мэдээллийн байгууллага нэг намын Хэвлэл мэдээллийн хэлтэс мэт болж байгаад харамссан. 

-ММ-ийн захирлаар очоод хэр их ажил амжуулсан бэ?

-Богино хугацаанд ч гэсэн тодорхой ажлуудыг хийж чад­сан. ММ TODAY гээд ямар гоё нэвтрүүлэг байлаа, тэрийг сэргээсэн. Сүүлдээ энэ нэвтрүүлэгт орох гэж Элчин сайд нар цаг авдаг болсон. ММ-ээс гарч байгаа нэвтрүүлгийн өнгө үзэмж, мэргэжлийн ур чадвар, тэнцвэрт байдал дээр дорвитой өөрчлөлт үзүүлэхээр тодорхой ажлуудыг хийсэн. Хотын төвд мэдээний өрөө бий болгох, HD руу шилжих, чухал үйл явдлыг газар дээрээс нь дамжуулах, хийсэн ажлаа олон нийтэд илүү их түгээх зорилгоор онлайн, Twitter, facebook, youtubе-д  хаяг нээж сурталчлан таниулах ажлуудыг хийж байсан. Зарим нэвтрүүлэг, шуурхай сурвалжлагыг газар дээрээс нь шууд мэдээллийн хөтөлбөртэйгөө холбон дамжуулдаг болсон. Зарим айлчлалын шуурхай мэдээллийг газар дээрээс нь шууд дамжуулдаг болсон. Манайхан Ялалтын баярыг гэхэд Улаан  талбайгаас аваад 4-5 газраас нэгэн зэрэг  шууд дамжуулсан. Хэрвээ галавлит маягийн шууд бус хяналт, шууд удирдлага нь нөлөөлөөд байхгүй бол олон нийтийн телевизийн ажил илүү өөдрөг, илүү мэргэжлийн байх бүрэн бололцоотой. Тийм баг, мэргэжилтэн, удирдлагын түвшинд ч тийм хүмүүс бий. Одоо уран бүтээлээс гадна уран бүтээлчдийнхээ амьдралыг, орчныг харах үнэхээр болсон байна лээ. Сая очоод харахад хүнээ хөгжүүлэх тал дээр бараг цаг зогчихсон юм уу даа гэмээр байсан. Ө.Энхтүвшин дарга, Б.Ганболд дарга, М.Наранбаатар даргын үед хүнийхээ төлөө их ажилладаг, хүмүүсээ боловсруулах чиглэл дээр их анхаардаг байсан. Одоо энэ орхигдсон байна лээ. Энэ хэмжээгээр тэдний маань ур чадвар доголдоод эхэлсэн юм уу гэж анзаарсан. Үеийн үед мэргэжлийн сэтгүүлч, хамт олныг бэлтгэсэн маш том гал тогоо бол үндэсний Олон нийтийн телевиз шүү дээ. Харамсалтай нь бид тэр хүмүүсээ харж хандаж чадахгүй зүгээр дараад л дуусч байна даа. Тийм учраас МҮОНТ-ийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй юм. Систем нь буруу байна. Үндэсний зөвлөлд нь улс төрийн захиалгат хүмүүс ирээд ажиллах биш бусниулах ажил хийж байна. Үндэсний зөвлөлийн гишүүдэд нэр дэвшүүлэх зарим эрхийг сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллага МСНЭ-д өгөх хэрэгтэй юм шиг харагддаг. Тэгэхгүй бол сэтгүүл зүйн талаар ямар ч ойлголтгүй хүмүүс очихоор тэнд утга алдагдаж байна, хор найруулах л ажилд оролцдог.

-Өөрөө одоо цаашид мэргэжлийн ажлаа хийх үү, улс төрөөрөө дагнах уу?

-Нэгэнт улс төрийг сонгосон учраас орхих боломжгүй. Монголын хөгжилд МАН чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Энэ цаг үед ч  хэрэгтэй нь үнэн юм бол, МАН-д сэтгүүлч мэргэжилтэй намын гишүүн ямар хэмжээнд хэрэгтэй, тэр бүх төвшинд нь ажиллана. МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед маань Ерөнхийлөгчийн сонгууль таарч байлаа. Тэр үед бид багаараа бүхий л боломжоо дайчлан ажиллаж, нэр дэвшигчийнхээ рейтингийг богино хугацаанд чамгүй өндөр хувьд хүргэж чадсанаа эргэж санахад сайхан л байдаг юм. Мэдээж, би улс төрийнхөө хажуугаар мэргэжлийн ажлаа орхихгүй. Эдийн засгийн чиглэлийн нэвтрүүлгүүдээ хийнэ. Эхний ээлжинд эдийн засгаар бичдэг сэтгүүлчдээ нэгтгэсэн нэг клуб байгуулж ажлаа эхлээд байна. Бид олон сэдвийг барьж авахгүй. Эхний ээлжинд зөвхөн Бондын асуудлаархи бодит үнэнийг дэлгэсэн цуврал нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байгаа. Ард түмний нэрээр авсан бондын мөнгө ямар ч хяналтгүйгээр, ямар ч үр ашгийн тооцоогүйгээр үрэгдэж дуусч байна. Бонд өөрөө дэлхийд бол  эзэнтэй. Өгсөн улс, компани байгаа. Авсан эзэн нь Монгол Улс. Харин Монгол дотроо бондыг зарцуулж байгаад хяналт тавих эзэн алга. Бондын зарцуулалт, буцааж төлөх, бондоор хийсэн үр дүн ч эзэнтэй байх ёстой. Манай клуб эхний ээлжинд бондын мөнгө дагасан эдгээр “эзэд”-ийг олж тодруулж үнэнийг дэлгэнэ. Одоо бол улс төр биш, эдийн засгаа ярьдаг цаг. Эдийн засгийн хямралаар улс төр хийдэг цаг ч биш.

-Эдийн засаг, бизнесийн чиглэлээр дагнасан сэтгүүлчээс асуухад  манайх шиг ийм тооны бонд гаргаад үр дүнд хүргэж ашиглаж чадсан нь бас дампуурч өрөнд орсон орны жишээ хэр олон бэ?

-Дэлхийн улс орнуудын түүхээс харахад өрийн хямрал нь эдийн засгийн хямралын хамгийн хүнд хэлбэр, өвдсөн хүнтэй зүйрлэвэл сэхээнд орсон гэсэн үг юм. Өнөөдөр манай улсад өрийн хямралын бүх шинжүүд бүрдчихээд байна. Ийм үед  дараалан өндөр хүүтэй их хэмжээний валютын зээл аваад байх нь бид нөгөө Аргентин, Таджик, Грекийн гашуун түүхийг давтах аюултай. Аргентин бол бүр тод жишээ. 1998-2005 он хүртэл үргэлжилсэн Аргентиний их хямралын бараан сүүдэр одоо ч арилаагүй, олон улсын санхүүгийн зах зээл дээрх зээлжих зэрэглэл нь буурсан хэвээр байгаа. Цагтаа энэ улс байгалийн баялгийн нөөцөөрөө дэлхийд эхний 15-д орж, нээлттэй эдийн засгийн бодлого явуулж эхэлсэн 1990-ээд оны эхэн үед гадаадын хөрөнгө оруулалт ихээр орж ирсэн. Энэ нь эхэн үедээ төлбөрийн балансыг эерэг гаргаж байсан ч үнэн хэрэгтээ Аргентиний Засгийн газар ч, хувийн хэвшил нь ч гадаадын хөрөнгө оруулалт нэрийн дор  их хэмжээгээр  олон зээл авсан нь эцэстээ өрөнд унагаж  хямралын хэмжээнд  хүргэсэн. Одоогийн манай эрх баригчдын яриад байгаа шиг л өрийг дахин өр зээл тавьж  төлж эхэлсэн нь нэг талаас том алдаа болсон гэдэг юм билээ. Нөгөөтэйгүүр байдал бишдэнгүүт Аргентиний Засгийн газар мөнгөний ханшаа, песогийн ам доллартай харьцах ханшийг хатуу тогтоосноор дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн нь гадаад зах зээлд ямар ч өрсөлдөх чадваргүй болсон. Энэ мэт алдаатай олон бодлогоос нь болж хөрөнгө оруулагчид Аргентинаас хөрөнгөө шууд татсан нь зэвсэгт мөргөлдөөнд хүрч, улмаар 2001 онд Аргентиний Ерөнхийлөгч огцорсон байдаг юм. Саяхны жишээ гэхэд Тажикстаныг хар. БНХАУ-д өрөө төлж чадахгүй оронд нь газар нутгаа тасдаж өглөө. 1500 гаруй км газрыг Бээжин мэдэлдээ аваад одоо иргэдийг нь нүүлгэж уул уурхайн бүс чөлөөлөх ажиллагаа явагдаж байна. Саяхан МАН-ын дарга М.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа гадаад өрийг нь ДНБ-тэй харьцуулж 108 орныг эрэмбэлэхэд манай улс нөгөө хямарсан Грекийн өмнө, Исландын дараа 2-т орсон тухай олон улсын байгууллагын судалгаанаас дурьдсан байна лээ. Ер нь бол эдийн засгийн бодит байдалдаа дүгнэлт хийж яаралтай эмчилгээ хийх ёстой. Гэхдээ энэ Засгийн газарт тийм чадамж байхгүй юм шиг байна. Манай улсыг дефолтод ойрхон 14 орны нэгээр  нэрлэж дэлхийд зарлахаас өөр ямар бодит мэдээлэл, олон улсын байгууллагын судалгаа хэрэгтэй юм бэ, мэдэхгүй.

-Ярилцлагаа өөдрөг мэдээллээр төгсгөе өө. Өр аваад түүнийгээ сайн, зөв  ашиглаж хөгжсөн улс орнууд байгаа биз дээ. Тийм жишээг хэлээч..

-1990-ээд оны сүүл үед өрийн хямралд орсон байсан Зүүн Өмнөд Азийн орнууд, Турк, Энэтхэг Хятад зэрэг орнуудын жишээ байна. Эдгээр орнууд ихэнхдээ  өр зээлээ хяналтандаа авч хумих, өрийн менежментийн хууль гаргаж,ханшийн уян хатан бодлого явуулсан байдаг юм. Өрийн хямралыг давахад хүчтэй ухаалаг төрийн зохицуулалт чухал гэж олон мундаг эдийн засагчид санал нэгтэй хэлсэн байдаг юм билээ. Гэтэл манай дахиад бага хүүтэй бонд босгож өрөө төлнө гэж байна. Энэ бол муу хувилбар. Грек, Аргентиний араас явах гэсэн л хувилбар. Тэгээд ч өмнөх өр, Чингис бондын өрөө төлөөгүй байхад түүнээс бага хүүтэй бонд босгоно гэж байхгүй. Эдийн засаг, зах зээлийн хуулиараа тийм боломжгүй. Үүний оронд дотооддоо зохион байгуулалт хийх хэрэгтэй.

-Жишээ нь ямар боломж байна гэж?

-Бид бондын өр л гээд байна. Түүнээс илүү нэг муу мэдээ гэвэл, зээлийн хүүний дарамт гэж зүйл бий. Ядаж энэ дарамтад орохгүй байх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байх. Жишээ нь, аж ахуйн нэгжүүдийг ажлаа байраа хадгалж үлдэхэд нь туслах, Хөгжлийн банкны арилжааны шинжтэй зээлүүдийг төсөвт нэгтгэх, зарцуулалтыг нь ил тод болгох  ёстой. Бондын мөнгөнөөс хэн, хэдийг яг ямар зорилгоор авсан, юунд зарцуулсан гэдгээ үнэн мөнөөр нь гаргаад хариуцлага тооцохыг шаардъя. Зээл авсан зам, гудамж, төмөр зам, ноолуур, зайрмаг, хүлэмжийн компаниудад шалгалт оруулахыг хэвлэлийнхэн, олон нийт шахаж шаардах хэрэгтэй санагдаж байна. Энэ бол нэг талаар хариуцлагатай сэтгүүл зүй гэж бодож байна.  УИХ-ын ажлын хэсэгт орсон эрх баригч намын  гишүүд хүртэл гарын үсгээ зурахаас бултаж байгаа энэ үед бондын бодит байдлыг олон нийтэд дэлгэх үүрэг зөвхөн сэтгүүлчдэд үлдэж байна.  Мөнгийг хариуцлага дагадаг юм. Тэр хариуцлагыг бий болгох нь бондын зарцуулалтыг эзэнтэй болгож байгаа хэрэг юм. Бас нэг зүйлийг бид шаардана. Энэ бол төр бизнесээс зүгээр л савраа татах хэрэгтэй байгааг ойлгуулна. Мөн бондын зарцуулалт, хяналтыг эзэнтэй болгох нь манай клубын эхний ажил болох болно гэдгийг энэ ярилцлагаараа дуулгая.