Ардчилалд шилжсэнээр анх удаа уралдаж буй дааганууд... зарим нь булхайцна, зарим нь азаар түрүүлнэ, зарим нь гадаад допинг тариа хэрэглэнэ, зарим нь эрлийз гээд хасагдана, зарим нь үнэхээр шандсаараа үзнэ, зарим нь угаас түрүүлэхгүйгээ мэдээд баян ходоод болохын төлөө албаар хойш сууна. Учир нь дааганы уралдаанд баян ходоодыг ч бас шагнадаг.
“Их сургуулиа улаан дипломтой төгссөн ч та нарт муу сурлагатнууд даргалах болно...” гэх мэт агуулгатай онигоо моодонд оров. Амьдралд иймэрхүү юм байдаг нь үнэн л дээ. Ер нь хичээлдээ сайн хүнийг боловсролтой гэж хэлэх аргагүй, боловсролын системийн буруу байж болно, багш худлаа дүгнэсэн байж болно. Товчхондоо томьёонд тоо орлуулж тавьдаг, томьёо ягштал чээжилсэн хүнийг боловсролтой гэдэггүй, харин тэр томьёог гаргаж авдаг хүнийг боловсролтой хүн гэдэг. Угаасаа томьёонд тоо орлуулахыг нь компютер биднээс дээр хийчихнэ. Билл Гейтс, Стиви Жобс, Зукербэрг нар өөрсдийнхөө “томьёог” гаргаад авчихсан. Тэдний ур чадвар их сургуулийн мэдлэгээс хэтийдчихсэн учир голж хаясан юм. Их сургуульд гологдож гарахаас огт өөр. Их сургуулийн хэдхэн хичээл барахгүй, томьёондоо ч тоо орлуулж чадахгүй байж боловсрол хэрэггүй гэж хөөрөх вий. Их дээд сургууль төгссөн мөртлөө худалдагч, хамгаалагч, үйлчлэгч хийдэг хүмүүс зөндөө. Учир нь тэд дээд сургуулийн дипломтой л болохоос дээд боловсролтой хүмүүс биш.
Статистикийн ухаанд хэвийн тархалт гэж бий. Статистик ч гэж угаасаа байгалын зүй тогтол юм. Ангид 30 хүүхэд байлаа гэхэд 3 нь их өндөр, 3 нь их намхан, бусад нь ерөнхийдөө дундаж. Ангид 30 охин байлаа гэхэд 3 нь их царайлаг, 3 нь бүр “матар”, үлдсэн нь ерөнхийдөө дундаж. Хүний IQ –ийн хэмжээ ч тэр, 30 хүүхдээс 3 нь өндөр, 3 нь бага бусад нь дундаж. Сумогийн дээд зиндаа 40 бөхтэй ч үнэхээр тасарсан 2 – 3 нь л ёкозуна болж, бусад нь жигдхэн дундаж статистик үзүүлдэг. Гэх мэт. Энэ зүй тогтлоор хүнийг “Угаасаа эрдэмтэй”, “Эрдэм хурдан сурдаг”, “Эрдэм удаан сурдаг”, “Угаасаа эрдэмгүй” гэж дөрөв хуваадаг гэнэ (Күнз хэллүү? гишүүн Г.Уянга гишүүн хэллүү? Г.Уянга гишүүн ярилцлагадаа Күнзийн хэлсэнийг дурдсан ч билүү, лав л оновчтой үг). Ангийн 30 хүүхдийн 3 нь “Угаасаа эрдэмтэй”, бас ганц хоёр нь “угаасаа эрдэмгүй”. Энэ хоёр төрлийн хүмүүс их сургуулиа хаядаг, гэхдээ огт өөр замаар. Нэгэнт энэ хоёрын алинд ч багтахгүй дундаж, эсвэл дунджаас жаахан дээр доор түвшиний хүмүүст боловсрол зайлшгүй хэрэгтэй. Их сургуулийн диплом гэхдээ боловсрол гэхээсээ стандарт мэдлэг юм (гэхдээ стандарт гэдэг нь “тогтсон” “хэвшсэн” гэсэн үг биш, стандарт өөрөө цаг үеэ дагаж хөгжиж хувьсдаг). Жишээ нь гарын ур дүйтэй, арьс шир элдээд их аятайхан гутал хийчихдэг хүн байж болно. Гэхдээ тэр гуталны стандарт (үнэндээ бол гуталны тухай боловсрол) мэдэхгүй бол хийсэн гутал нь улаараа амархан салчихна, үдээснийх нь хэл гүйнэ, хөл холгоно, улавч нугаларна (ер нь манай үндэсний үйлдвэрлэл тиймэрхүү байгаад байдаг шүү). Вьетнам засварчид манай төр засгаас түй ч хамааралгүй, татаж дэмжих ах дүүгүй, хүний нутагт амьдраад л болоод байна, учир нь тэд “кузов засварын боловсролтой” хүмүүс юм. Монголчууд гэхээрээ л төрсөн нутагтаа амьдарч чадахгүй “туйлдаа хүрээд” тэмцээд байдаг.
Дааганы уралдаанд 200 даага уралдахад 10 –аад даага л айраг түрүүний төлөө үзэж, бусад нь дундаж бөөн давхина. Аан бас ганц нэг нь баян ходоод болдог. Бас л хэвийн тархалт юм даа. Тэр нь ч яахав, гол нь дааганы уралдаанаас Монгол улсын өнөөгийн жинхэнэ төрх буудаг гэнэм. Ардчилалд шилжсэнээр анх удаа уралдаж буй дааганууд... зарим нь булхайцна, зарим нь азаар түрүүлнэ, зарим нь гадаад допинг тариа хэрэглэнэ, зарим нь эрлийз гээд хасагдана, зарим нь үнэхээр шандсаараа үзнэ, зарим нь угаас түрүүлэхгүйгээ мэдээд баян ходоод болохын төлөө албаар хойш сууна. Учир нь дааганы уралдаанд баян ходоодыг ч бас шагнадаг. Зарим нь ч шууд утгаараа үнэхээр баян тарган ходоодтой болж. Баян тарган байгаад барахгүй бүр УИХ гишүүн, сайд болж байна. Баян ходоод нь илүү шагнал аваад байхаар түрүүлэх даага, ер нь урагшаа давхих даага байхгүй болчихож байгаа юм. Ингээд л “ер нь боловсрол хэнд хэрэгтэй юм”, “хөдөлмөрлөх хэнд хэрэгтэй юм” гэсэн үзэл санаа тархаж эхэлнэ дээ, боловсрол гэдгээ ч ойлгохгүй, ойлгохгүй учир эргэлзэнэ. Баян ходоодны төлөө үзээд бас яг ч чадахгүй тэрүүхэндээ эргэлдсэн, наашаа ч үгүй цаашаа ч үгүй, хийж чаддаг юм байхгүй, уурандаа улсаа нураахаас сийхгүй хүмүүс ч бий болж эхэлжээ. Элдэв тэмцэгчид, нацистууд, элдэв оюутны холбоо, залуучуудын холбоо, элдэв ямар юмны үйлдвэрчний эвлэл, хөдөлгөөн, нэгдэл... бүгдээрээ л баян ходоодны шагналын төлөө өрсөлдөж байгаа юм. Гэхдээ “зах зээл нь хахчихаж”, сүүлдээ бүр экстрэмист маягаар үзэж эхлэх шив. Баян ходоодуудыг тэнд нь орхиод урагшаагаа жаахан шогшвол яасан юм дээ залуус минь. Яахав дээ, ходоод жаахан сойгдоо л биз, сайн сойсон морь л ер нь түрүүлдэг бишүү...
Zochin
Zochin
Зочин
Baagii
Зочин
Зочин
Зочин
Уншигч
Зочин
Зочин
666
Зочин
Зочин
Батэрдэнэ
Батэрдэнэ
Батэрдэнэ
yag
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
m_
Зочин