Солино гэсэн ч үзэл “бааку”[i]

Бид бие, биенээ “Үзэл санаанаасаа урвалаа”, “Итгэл үнэмшлээ солилоо” гэж үндэсгүй зэмлэх юм. Хэдийгээр, үзэл санаанаасаа урвах нь муухай явдал мөн боловч бидний хувьд хээнцэрдэх доромжлол. Агсам тавих хүн “архиа байг гэхэд уксус уусан байх учиртай” гэдэг шиг урваж, солихын тулд ядахнаа, сайн муу зөв буруу хамаагүй нэг “үзэл бодол” маягийн юмтай болсон байх нигууртай. Ухаандаа, гулууз алтаа хулгайд алдахын тулд сорьц муутай ч хамаагүй нэг шар цутгамалтай болоод авсан байгууштай шиг.

     Тэгэхээр, манайхан хэн нэгнээ “Үзэл бодлоосоо урвалаа”, “Итгэл үнэмшлээ солилоо” гэж дайрах нь хаанаасаа ч харсан “бузар гүтгэлэг” мөөн. Сольсон, урвасан тухайд биш, солих урвах үзэл санаатай мэтээр гөрдсөн явдал болох учраас тэр. Үзэл санаагүй байгаа нь муухай юм биш зүгээр л бодит байдал. 

   Учир иймд, гишүүнд үзэл бодол байхгүй юм чинь санаа нийлсэн гэгдэх улс төрийн намынх нь баримтлал ч эргэлзээтэй. Ардчилсан нам барууны баримжаатай, Ардын нам зүүний чигтэй гэдэг бол бие биенээ өхөөрдөж өгсөн хоч. Ардын намынхан АН-ыг үзэн яддагаараа нэгддэг бол, АН-ынхан Ардын намд дургүй байдлаараа холбогддог. Гол үзэл нь энэ. Даанч энийгээ мөрийн хөтөлбөртөө тусгаж “Ирэх жилүүдэд АН-д дургүй байдлаа 10 хувь нэмж чанарын шинэ шатанд гаргана” гэхчлэн бичиж болохгүй нь гачлантай. 

     Манай аль ч намын гишүүдийг нэгтгэдэг үзэл санаа бол нөгөө намдаа дургүй байх явдал. Ийм учраас намынхаа мөрийн хөтөлбөрт заасан зүйлийг дэмжих гэж цаас ухахын оронд нөгөө намынхаа хийсэн юмыг буруутгаад явчихад л жанжин шугамаа алдахгүй гэсэн үг. Одоо энэ, МАН-ын гол тулгуур болдог, “хорооны авгайчуул” хэмээгдэх, нам-төрийн анхан шатны зүтгэлтнүүдээс “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гаргасан “Алсын хараа:20-50”-ыг асуухад юу гэж хариулах бол доо? Эрхбиш, Спирт-балбурамын “Хараа”-наас бол ялгаж байдаг л байлгүй гэсхийгээд орхихоос. (Уг нь хэн хийснээсээ үл хамаараад, улс орон нэг тийм юмтай байх ёстой юм л даа)

   Олон түмэн нь ч тэр мэт. Манайхан заримдаа Хятадыг магтаад байдаг нь тэдэнд хайртайнх гэхээсээ илүү Их Оросын бодлогод дургүйцлээ илэрхийлэх сэжим байдаг. Хятадыг учир зүггүй хараадаг улс ч тэр мэт. Синофобидоо автсан юм биш зүгээр л тодорхой учир шалтгаанаар Москвад үнэнчээ илэрхийлж байдаг. Бидний хувьд үзэл санаа, байр суурь гэдэг бол юмыг дэмжихэд биш, харин эсэргүүцэхэд зориулсан багаж хэрэгэслэл. 

   Хэрвээ, гай болоод АН-ынхан социализм байгуулна, Оростой аяндаа нэгдэнэ гээд эхэлбэл МАН шиг капитализмыг дэмжигч, Америкийг баримтлагч агаад Оросын эсрэг нам байхгүй болно.

    Улсаараа ч нэг их ирээдүйн баримжаатай байгаад байсан юм байхгүй. 1921 онд Ардын хувьсгал ялж одоогийн, нэг ийм наргианы хүн (ХҮН нам биш шүү) “үүсэх”-ээс өмнөх Монголчуудын стратегийг “Халхын(Монголын гэдэг утгаар) заяа их юм гэнэ лээ”, тактикийг “Тэгж байгаад болчих байлгүй дээ”гэдэг хэллэгээр тодорхойлох байх.

    Социализмын үед ч “Хэтдээ нэг коммунизмд орж бүх юм үнэгүй болно” гэдэг нэг бүрхэгдүү юмтай. Тэрэндаа ойртох гэж таван жилийн төлөвлөгөө зохиох боловч нөгөөх нь “таван жилээр ойртох тутам арван жилээр цаашилсаар” байгаад социализмтайгаа хамт нурсан л даа. (Хамгийн сүүлчийн төлөвлөлтөөр бол 2000-аад онд Зөвлөлт ба зүүн Европ энэ тэртэй хамтдаа коммунизмд орохоор байсан санагдана. Тэр номлолоор бол бид бүх бараагаа үнэгүй авдаг нийгэмд ороод 20 гаруй жил өнгөрсөн байх нь. Төсөөл дөө, Е-март руу ороод хүссэн бараагаа хэрэгцээнийхээ хэрээр аваад гарч байна гэж. Гэхдээ эвгүй ч прогноз бас байна. Өнөөгийн Орос-Украйны дайн “дэлхийн нэгдүгээр коммунист дайн” болох байсан хэрэг. Коммунизмд ороод Москватай нэгдэх учиртай тул бид цэрэгт татагдаад фронт явах байсан гэхчлэн

     Социализмийн жилүүдэд ч гэсэн биелэх, биелэхгүй нь хамаагүй, нэг зорилго маягийн юмтай байхад зүгээр гэж л үзсэн хэвээр байжээ. Зохиогчийг бичиг үсэгт тайлагдахаас эхлээд 90 –ээд онд мал хувьчлах хүртэл жил бүр “9,8 сая төл бойжуулж, малын тоог 24 саяд хүргэх” хувиршгүй зорилготой байсан.  Арваад саяыг нэмж байж 24 саяд хүрнэ гэхээр тогтмолдоо 15-16 сая л малтай байсан юм биш үү?  (“Ардчилал манай улсыг балласан” гэж ярьдаг улс “Хэрвээ өнөөдөр 24(14?)-хөн сая малтай үлдвэл юу болох”-ыг төсөөл дөө)

 Хэдхэн өдрийн өмнө Аудитын газраас намуудын мөрийн хөтөлбөрийг шалгаад л биелэх боломжтой гэж үзээд л, бүүр МАН-ын хөтөлбөрийн 70 хувь нь урьдчилаад биелчихсэн ч байсан гэсэн гэв үү? За яахав дээ, зүгээр л ёслол шүү дээ. 

-Хаантай газар заантай байх ёстой юм гээд Богд хаандаа заан авч өгч байсантай л агаар нэг үзэгдэл. Намтай газар мөрийн хөтөлбөр байх нь зүгээр л гэж үзсэн хэрэг. Нэг их шалгаад, дүгнээд байгаа ч юм биш. Шинээр зурсан бурхны хөргийг аравнайлахтай агаар нэг үзэгдэл. Мөрийн хөтөлбөрөө Аудитаар аравнайлуулж, намынхаа хийморь лундааг (мань Лундаажанцан санаанд орж байна уу, тэгдэг юм) сэргээж байгаа л хэрэг. 

   Сонгогч олон түмэн маань сонгуулиар эрх баригч намын хөтөлбөрийг дүгнэхгүй. Түүний оронд “Эрх баригчид дургүй хүргэж амжсан эсэх”, “Саналаа өгөөгүй нам нь дургүйг нь хүргэсэн хэвээрээ эсэх” гэхчлэнгийн өөр хэмжүүр ашиглана.

   Нэр дэвшигчийн намаас нэг их үзэл баримтлал нэхээд, тэрийгээ дэмжээд сонгоод байгаа юм үгүй. Сонгогчид хоёр хуваагдана . Нэгд: Дургүйцлээрээ дамжин илэрсэн байр сууриараа санал өгдөг, хоёрт: “Юу өгөх юм бэ”, “хэдийг өгөх юм бэ” гэж шууд л гар луу хараад өгдөггэж. Сүүлийнх дээр сонгуулийн өглөө шар тайлсан талын нэр дэвшигчийг дугуйлдаг хэсэг нэмэгдэнэ. 

 Тэр, байр суурь гээд байгаа хэсэг нь нэг их барууны үзлийг шүүмжилсэн, зүүний хандлагыг жигшсэндээ ч биш. Зүгээр л МАН-д дургүй хүрсэн бол АН-д, АН-д дургүй бол МАН-л гэхчлэн өгнө. Ийм учраас эрх барьсан намаас мөрийн хөтөлбөр нэхэхгүй, зүгээр л дургүй намыг нь хэр хашрааж, бах тавыг нь хангаж өгсөн эсэхийг үнэлнэ. Ийм учраас сонгуулийн дараа саналаа өгсөн намынх нь хөтөлбөрөөс юу таалагдсныг асуухад хэн ч тоймтой хариулт өгөхгүй.

    Ингээд харахаар, манайхан бие, биенээ “үзэл бодлоо солилоо” гэж зэмлэх нь утгагүй. Бид үзэл бодлоо солидоггүй, зүгээр л дургүйцлээ сольдог. АН-аас гарч МАН-д орж байгаа бол Ардчилалд дургүй болсон юм биш. Зүгээр л МАН-д дургүйцэхээ больсоон л гэсэн үг.

   Манайд “дургүйцэл” бол хамгийн том үзэл бодол. Монголчуудын улс төрийн чиг баримжааг дур сонирхлоор нь биш, харин дургүйцлээр нь тодорхойлж болно. Чи АН-д дургүй бол МАН-ны гишүүнд 100 хувь тэнцэнэ. МАН-д гомдсон бол АН-ны гишүүний кондицийн шаардлага хангана гэсэн үг.

   Гэхдээ АН-д орох хэмжээний дургүйцэл арай түвэгтэй сорилтод тулна. Тэнд зөвхөн МАН-д дургүй байх багадна. Залуухан хүн МАН-д дургүй нь хүрээд, АН-ын босгоор алхлаа гэхэд дор хаяж гурван сорилттой тулна. Жишээлэхэд

А.“Хэрвээ чи Жэнко-д дургүй бол...

Б Хэрвээ чи Эрдэнээд дургүй бол...

В. Баярцогтод дургүй бол... гэсэн сонголтын өмнө ирнэ. Ингээд ч зогсохгүй. “Эрдэнээ, Баярцогт хоёрт дургүй” хувилбарыг дагалаа гэхэд 

А.Женкод дургүй эсэх...

Б.Алтанхуягт дургүй эсэх... гээд дор хаяхад хоёр тээст бөглөх хэрэг гарна. Аль нэгийг нь сонголоо гэхэд дараа дараагийн “дургүй эсэх”-үүд тоссоор байна. 

Нарийндаа бол “Юмыг яаж мэдэх вэ гэж лам хүн хүртэл хэвийн ажиллагаатай боожгойтой явдаг” гэдэг шиг “нам юм чинь хэрэг болохыг хэн байг гэх вэ” гээд сонгуулийн хөтөлбөртэй, бүүр дүрэмтэй хүртэл байдаг гэж байгаа. 

      Монголчуудын улс төрийн сонголтод “Дуртай бол”, “Дэмждэг бол” гэсэн асуулт огт байхгүй. Харин “дургүй бол” гэсэн ганц шалгууртай байгааг анзаараад үлдээрэй.

 Тэрнээс биш барууны хөтөлбөртэй, зүүний баримжаатай нам үгүй. Харин баруун аймгийнхан нөлөөтэй, зүүн аймгийнхан хүчтэй нам бол байгаа, байгаа.

Ийм л байсан, бас байгаа. Гэхдээ, энэ сонгуулиар өөрчлөгдөхийг хэн байг гэх вэ?

                                                                                                                                                                                                                                                             2024.04.03



[i] Байхгүй, үзээд өгнө гэхнээ ч алга гэсэн утгатай этгээд хэллэг.