АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяртай ярилцлаа.


-Таныг одоо ерөнхий нарийн бичгийн дарга гэх үү, үүрэг гүйцэтгэгч гэх үү?

-Ерөнхий нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгч гэж яваа.

-Жинхлэх үү?

-Жинхлэх эсэхийг Үндэсний зөвлөлдөх хорооны олонхи л мэднэ.

-ҮЗХ-ноос сонгогддог албан тушаалд таныг үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь намын дарга З.Энхболдын сонголт уу, эсвэл фракцуудын тохироо юу?

-Сүүлийн жилүүдэд манай намын дарга нь “Алтан гадас”-аас байхад генсек нь МҮДН юмуу, МоАХ-оос байж ирсэн. Сая намайг тэр зарчмаар, МоАХ-оос санал болгосон. Намын даргын сонголт ч бас нөлөөлсөн л дөө.

-Та уг нь “Алтан гадас” фракцынх биз дээ?

-Тийм байсан. 2000 оноос хойш Н.Алтанхуяг даргатай нэг баг болж явсан. 2012 оны УИХ-ын сонгуулиар, манай тойрогт болсон хоёр дахь санал хураалтын дараа нэг асуудал гарсан л даа.

-Нууц биш бол ямар…?

-Манайхан намайг мэднэ дээ. Би бол зарчимдаа үнэнчээр зүтгэдэг, урагшаа явдаг зантай хүн. Гэтэл 2012 оны сонгуулийн дараа нэг л биш болоод явчихсан.Хувь хүний амьдралд, улс төрийн амьдралд олон саад, бэрхшээл, үл ойлголцол гарна л даа. Би энд хувь хүний тухай ярихгүй. Хэрвээ хувь хүн ярина гэвэл төгс төгөлдөр хүнийг олохгүй. Ямарч өөгүй, үргэлж өөрийнх нь санаанд таардаг, эрх ашигт нь үйлчилдэг тийм хүнийг хайж олно гэж байхгүй. Тэрийг би ойлгоно, мэднэ. Тийм учраас би хувь хүний ноён нуруу, зарчимтай нь нөхөрлөдөг. Тэр өнцгөөс харахад 2012 оны сонгуулиар, манай тойрогт Д.Сумъяабазар бид хоёрын дундхоёр дахь санал хураалт болох гэж байхад ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэдэг шиг юм болчихсон. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд улстөрд, ялангуяа манай намд ямар нэгэн фракцгүй хүн хол биш юмаа гэхэд урагшаа нэг их явдаггүй.

-Танай намын нэг гишүүний хэлснээр Р.Амаржаргал гишүүн шиг төвийг сахиад, бас Р.Амаржаргал гишүүн шиг амжилтад хүрдэггүй гэж үү?

-Р.Амаржаргал гишүүн төвийг сахидаг үгүйг, бас амжилтад хүрсэн хүрээгүйг би тодорхойлохгүй л дээ. Ерөнхийдөө л төвийг сахиж, улс төрийн болон үзэл бодлын эрсдэлгүйгээр улс төрд урагшаа явдаггүй л гэж байна.

-Та ялагдлаа хүлээн зөвшөөрч хэвлэлийн хурлаар Д.Сумьяабазарт баяр хүргэж байсныг санаж байна. Гэтэл үүний цаана, сэтгэлдээ “юм”-тай үлдсэн учраас л “Алтан гадас”-аас гарсан байх нь. Тэрийгээ хэлж болохгүй юу л гэж асуугаад байна. Яагаад вэ?

-Ялалт, ялагдлын тухайд ярих юм бол байхгүй, ялагдсан. Ялагдлынхаа төлөө хэн нэгэн хүнд гомдох, туних асуудал надад байхгүй. Харин “Алтан гадас”-аас гарсан гэх үү, орхисон гэх үү, мэдэхгүй байна. Ямарч гэсэн тэр санал хураалтын дараа ч би Эрхэмбаяр гэдэг хувь хүний ноён нуруу, улс төрийн зарчимтайгаа үлдсэн. Тэгээд би тэр “хуучин дээл”-тэйгээ МоАХ фракц руу орсон. Юу болсныг чи ухаж асуугаад, би бултаж зугтаад байх нууц юм энд байхгүй ээ. Хүний сав хоосон буцаадаггүй монгол зангаар асуултыг чинь хариултгүй үлдээхгүйн тулд зарчмын нэг л юм хэлье. Хоёр дахь санал хураалт болохын өмнө МАН-ынхан Д.Сумьяабазарыг тухайн үеийн миний намын албан тушаалтай дүйцүүлж дүүргийн Ардын намын даргаар томилсон. Улмаар нийслэлийг хариуцсан МАН-ын нарийн бичгийн дарга болгосон. Гэтэл манайхан санал хураалтын өмнө Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын албан тушаалыг надаас авсан. Хамгийн гол нь АН-ын дүрмийн бус аргаар, хулгайгаар авсан. Тэр үед манай “Алтан гадас”-ын тэргүүн маань АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд байлаа. Одоо дараагийн сонгууль бараг болох гэж байхад энэ сэдэв бусдад тийм сонин биш байх аа. Намын л дотоод асуудал.