Бар болоогүй Монгол дэлхийн эдийн засагт?
Олон улсын харилцаа судлаачийн хувьд би олон улсын эдийн засгийн төлөв байдалд үнэлгээ өгөхөөр зориглолоо. Одоо бол дэлхий хавтгай болсон гэж ярих нь буй. Хэлбэр дүрсээ өөрчилсөн юм биш, мэдээллийн эринд харилцан нээлттэй болж, даяаршлын үр дүнд харилцан хамааралтай болсныг нь хэлээд байгаа хэрэг.
Олон улсын харилцаа судлаачийн хувьд би олон улсын эдийн засгийн төлөв байдалд үнэлгээ өгөхөөр зориглолоо. Одоо бол дэлхий хавтгай болсон гэж ярих нь буй. Хэлбэр дүрсээ өөрчилсөн юм биш, мэдээллийн эринд харилцан нээлттэй болж, даяаршлын үр дүнд харилцан хамааралтай болсныг нь хэлээд байгаа хэрэг.
Дэлхийн эдийн засаг
Тэгвэл дэлхий хаалттайгаар барахгүй, ертөнцийн тухай үнэн зөв байтугай наад захын ойлголтгүй явсан үе бидэнд 20-иодхон жилийн тэртээ байсныг мартаж үл болно. Монгол ухаанаар бол ертөнцийн чихнээ Монгол цууриатаж, ертөнцөд монголчууд гялалзаж, дэлхий дахинаараа монголчуудыг шагшин магтаж баймаарсан. Гэтэл байдаггүй. Мэдээллийн эринд харилцан нээлттэй болсны гайгаар монголын тухай бүх мэдээлэл дэлхийд уудлагдлаа.
“Монгол дэлхийн эдийн засагт хэн бэ?” гэсэн асуулт тавьж хариулт хайж байна л даа. “Дэлхийн эдийн засаг” гэж ярьдаг даа. Тэгвэл 1990-ээд оныг хүртэл энэ ойлголтод бид огтын хүртээлгүй, “Дэлхийн эдийн засаг” гэдэгт хуучин коммунист эвслийн орнууд огтын хамааралгүй явж иржээ.
“Дэлхийн эдийн засаг” гэдэгт эх тивийн-европын-англосаксын орнууд бичигдэж байв. Эх тив гэдэг нь хөгшин Баруун Европ, англосакс гэдэг нь АНУ, Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд. Япон, Израиль хоёрыг “Дэлхийн эдийн засаг”-ийн клубт зарим нэг тодотголтойгоор хамаатуулж байв. Гэхдээ энэ орнууд нийлээд тэр үеийн дэлхийн ДНБ-ий 5-ны 4-ийг бүтээж байсан, тэд л амьдралын хамгийн сайн сайхан хангалуун стандартыг тогтоож, эзэмшиж, хэрэглэж байв.
Дэлхийн эдийн засгийн хямрал, жишээ нь нефтийн шоокууд санхүүгийн хямрал авчрах үед глобал доргилт үүсч, дээрхий орнууд хамрагдаж байсан бол СССР тэргүүтэй коммунист эвслийн орнууд (Монгол ч гэсэн) огтын ажралгүй өнгөрдөг байв. Учир нь тэд (бид гэсэн үг) “Дэлхийн эдийн засаг”-ийн гишүүн биш байжээ.
Азийн барууд
“Дэлхийн эдийн засаг” бужигнаж байх амьсгаа дундуур “Азийн барууд” гэх хэдэн улс гэнэт гараад ирсэн. Тэднийг “Хөгжиж буй ертөнц” (гурав дахь ертөнц) гээд хээв нэг тоохгүй явдаг байлаа. Ази, Африк, Латин Америкт ДНБ нь хүн ам тутамдаа 40 жилийн турш огтоос өсөөгүй, харин ч унасан, ганц нэгхэн улсад өссөн дүнтэй байсан учраас тэднийг өрөвдөх, элэглэх, муу бараагаа шахах явдал хавтгай байв.
Тэгтэл даяаршил гэв гэнэт Өмнөд Солонгос, Сингапур, Малайз, , Тайвань, Таиландыг бүчээд авлаа. “Дэлхийн эдийн засаг”-ийн гол гол аваргуудын хийсэн бүтээснийг тэр чигт хуулбарлаад, түүнийг экспорт болгоод тавьчихсан чинь даяаршлыг пионерууд тэд болж таарав аа. АНУ, Баруун Европ нь коммунист эвслийн орнуудын эсрэг элдэв хориг тавиад хуульчилсан, “Хүйтэн дайн”-ы синдромдоо хөтлөгдөөд байж байтал “Азийн барууд”-ыг өмнүүрээ алдчих нь тэр. “Азийн барууд” бол зөвхөн будаа идэгчид байгаагүй юм. Тэд ажиллах хямд хүч, хямд зах зээл, газар зүйн ашигтай байршил– ирээдүйн хамгийн том зах зээл болох Хятадыг тойрон байршиж байснаараа цаад аваргуудынхаа хөрөнгө оруулалтыг айхтар татаж чаджээ. Барууны санхүүчид “Еmerging markets” (“язганаж буй зах зээл” гэе) хэмээн “Барууд”-ыг өхөөрдөн нэрлээд мөнгөөр цутгав. Зүүн Азид бөөн капитал хуримтлагдаад байх үед нь дэлхийн коммунизм нурав. Монголд ч социалист нийгэм ясаа тавив. Шинээр буй болсон ОХУ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Дорнод Европ, Монгол нь “Дэлхийн эдийн засаг”-ийг бараадахаас аргагүй болж, “Дэлхийн эдийн засаг”-ийн аваргуудын нөмөр нөөлгийг эрэлхийлэв. Харин цаадуул нь маньдаа нөгөөх “барууд”-ын хур туршлагыг санал болгов. Хуримтлал үүсгэхийн тулд гүрийтлээ зүтгэ гэв. “Барууд”-ын туршлагыг судлах, болж өгвөл хэдэн доллар олчих санаатай, ганзагын наймааг хослуулан манайхан ч мөн цувж өгсөн дөө. Дэргэд Хятад маань нэгэн шинэ “бар” болоод босоод ирэх нь тэр.
Барууд балрав
Гэтэл нөгөө “бар улсууд” маань өсөлтийн хэт халалтаа дийлэхгүй захаасаа баларч эхлэв ээ. Анхны түгшүүр 1996 онд Таиландаас хангинав. Бангкокийн Банк тэрбум ам.долларын тун сэжигтэй зээл олгожээ. Үлэмж зальхай этгээдэд зээлээ алджээ. Тэр нөхөр одоо ч хүртэл шоронд сууж байгаа гэнэ лээ. Зээл өгсөн нь авилгалд идэгдсэн, авсан нь эргэж төлөхгүйгээр хугацаагүй өр болгож хувиргадаг жишиг тэгэхэд тогтоосон нь тэр байв. Капитал эзнээ олсонгүй, нүдээ олсонгүй. Таиландын экспортын язганасан өсөлт тэгсгээд зогсчээ. Экспортыг нь гадаад зах зээлд Хятад, Энэтхэг, Бирмийнх орлов. Тэр цагаас хойш Таиландын эдийн засаг өөдлөөгүй байна. Гашуун сургамжийн жишээ болсоор байна.
1997 оны 5 дугаар сар гэхэд “барууд”-ын алтан валютын нөөц эрс хорогдож эхлэв. Сингапурын тусламжтайгаар бага сага цуврал интервенц санхүүдээ хийгээд ч тусыг эс олов. Доллартай харьцах ханшаа босгох санаатай үзээд үзээд нэмэргүй. Хажуугаар нь дамын наймаачид, хар захынхан үндэсний мөнгөн тэмдэгтүүдийг нь 20 хувиар унагав. Гинжин урвалаар цааш хямарлаа. Сарын дотор Филиппин, Индонез, Сингапурын мөнгөний алтан стандарттай харьцах ханш навс унав. ОУВС тэр уналтыг (de-valeo) зогсоохоор хамаг хүчээ барав. ОУВС-гаас Таиланд 17 тэрбум доллар авсан боловч санхүүгийн зах зээлээ хяналтаасаа алдсан байлаа.
Баруудын валют
1997 оны намар, 10 дугаар сар гэхэд санхүүгийн хямрал Хонконг, Өмнөд Солонгост ирж наалдав. “Барууд” дотроо үлэмж аригч хямгач, эдийн засаг нь үсрэнгүй хэмээн тооцогддог Өмнөд Солонгос хямралтай тулгарчээ. Цаад “бар орнууд” нь Солонгосоос үлгэр жишээ сургамж авдаг, 1988 оны Сөүлийн олимпоос хойш “Солонгосын гайхамшиг” хэмээн цоллуулж цоллуулчихсан байсных тэр үү, Өмнөд Солонгосын хямрал Зүүн Ази, улмаар дэлхийд баахан шуугиан дэгдээжээ. 1960-аад онд цэцэглэлийнхээ үндсийг тавьсан, хөлөг онгоц, машины үйлдвэр, электроникоор суурилсан эдийн засагтайн хувьд хэнээс ч, хаанаас ч тусламж горьдохгүй гэж байв. Гэтэл тэр намар үндэсний мөнгөн тэмдэгт вон нь навс унажээ. Зээл, өр нь дийлдэхгүй боллоо. Валютынхаа уналтыг тогтоож чадахгүй болсон учраас ОУВС-д хандлаа. 1998 оны нэгдүгээр сар гэхэд дефолтын ирмэг дээр очсон байв. ОУВС-гийн зээлийн төлөх хугацааг хойшлуулах, мөн эх оронч уриалга гаргаж иргэдийг алтан эдлэл, гоёл чимэглэлээ улсад сайн дураараа тушаалгах зэрэг элдэв арга хэрэглэн дефолтыг тойрч гарч дөнгөв. ОУВС-гийн цуврал зээл валютын нөөцийг нь нөхвөрлөж, вон руу хийж байсан атакийг зогсоож чаджээ.
Энэ завсар Хонконг дахь орон нутгийн хөрөнгийн зах зээл дампуурах дээрээ тулжээ. Тэр жил БНХАУ-д нэгдэж орсныг хэлэх үү, нутаг дэвсгэрээ дахин шинээр томъёолсных санхүүжилт нь жилдээ 300 хувиар өсчээ. Зээлүүдийг зогсоож мөнгөө хэмнэх дээрээ тулав.
“Барууд”-ын дотор хамгийн ядуу “бар улс” нь Индонез гэгдэж байлаа. Бирж дэх савлагаа гудамжиндаа гарч, ядуурсан, хоосорсон, өлссөн иргэд дэлгүүр хоршоо руу халдаж, эцэст нь төр нь дампуурч, цэргийн эргэлтийн босгон дээр тулж очжээ. Тэмцэл хөдөлгөөн тасрахаа больж, үндэсний мөнгө – рупи нь чөлөөт уналтаар ёроол руугаа нисч, нэг сарын дотор ханш нь 5 удаа унаж байлаа.
Энэ мэтээр улс улс болгон дээр бичээд байвал барагдахгүй их баримт байна. Тэгээд эцэст нь юу болсон бэ? 1998 онд бүх “барууд”-ад ДНБ уналаа, мөнгөний ханш дагаж уналаа. Улс орноос нь хамаг капитал гадагшиллаа. Хамгийн хүчирхэг нь гэгдэх Солонгосоос эдийн засгийнх нь 5 хувьтай тэнцэх капитал гадагш гарсан бол бусдад нь түүнээс ч их хөрөнгө алдагджээ.
Барын халдвар
Ингээд Япон руу хямрал халдварлаж эхлэв. 1998 оны адаг гэхэд японы хэд хэдэн брокерын компани дампуурлаа зарлав. Тэд Азийн “бар улсууд”-ад үйл ажиллагаа явуулж байжээ. Гэтэл гай таарч, тэр үед нефтийн үнэ гэнэт унав. Баррель нь 11 доллар хүртлээ зарим газар унажээ. Япон төдийгүй, нефть түүхий эдийн үнэ унамагц Орост хямрал нүүрлэв. Орост экспорт хумигдан, төлбөрийн баланс алдагдав. Рублийн ханшны уналтыг хэдэн сар тогтоож байгаад 1998 оны 8 дугаар сар гэхэд дефолтоо зарлан, рублийн ханш 4 дахин унаж, эцэст нь Засгийн газраа огцруулан, хоёр ч Ерөнхий сайдыг хэдэн сарын зайтай солив. Оросын хямрал Монголд нөлөөлсөн нь мэдээж, гэхдээ тэгтлээ савласан нь үгүй.
Харин тэр үед Бразил, Мексик, Австрали, эцэст нь АНУ, Европт зах зээлүүд дараа дараалан савлаж дампуурах нь дампуурч, нурах нь нурж байлаа. Ийнхүү дэлхийн эдийн засгийн хямрал дэлхийг бүчин авчээ.
Азийн эдийн засгуудын давуу тал тэр үед харагдсан гэж үздэг. Индонезоос бусад нь өөрийнхөө жороор хямралаа засчээ. Ганц Индонез л 2006 он хүртэл ДНБ-ийнхээ хямралын түвшинг бууруулж чадаагүй. Хямралын эсрэг бүсээ чангалах, гүрийх чадварыг эхлээд солонгосчууд харуулав. 1999 он гэхэд ДНБ-ий өсөлт нь 7 хувьтай гарчээ. Араас нь Тайвань, Малайз хоёр хямралаас ажралгүй гараад ирэв. 2000 оны босгон дээр “барууд” шал өмнөө арга барилаар ажиллаж эхэлжээ. Хүн ам ядуурсан ч хамаагүй, тэдний эрх ашгийг нэг хэсэгтээ хязгаарлаад ямар ч л гэсэн валютын асар их нөөцтэй болъё, тэр нөөц нь хөрөнгийн зах зээлийг яаж ч боорлосон байж байх ёстой нөөц, ямар ч атак хийлээ гэхэд хотойхгүй байх ёстой, зэрэгцүүлээд язганасан өсөлт гэдгийг бүх салбартаа хүчээр хийе. Энэ бол ардчилал хүний эрх гэдгээс гадуур Зүүн Азийн загвар жишиг аж.
1997-1998 оны хямралаас хохиролгүй сугарч гарсан хэмээн АНУ-ыг элдвээр шүүмжилдэг. Тэгэхээс ч аргагүй. Азиас зугтаж гадагшилсан асар их капиталын урсгалыг Америк л шингээж чадсан байгаа юм. Хэдэн зуун тэрбумаар яригдах мөнгө АНУ-д очсон.
Цаашаа?
Хоёр жилийн турш биржүүд дээр нь мөнгөний хөөс хөвж хөвж 2000 он гэхэд америкийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлжээ. Америкийн эдийн засагчдын үзэж байгаагаар, хэдийгээр тэр бүхэн нь доллараар илэрхийлэгддэг ч гэсэн АНУ гадаадын мөнгө капиталаас үлэмж хамааралтай болсон нь тэрхүү хямралын нэг үр дагавар аж. Гадаадын тэр капитал сайн муу олон үйлийг америкчуудад авчирч наажээ. Компаниудын өр хуримтлагдах, зэрэгцээд эдийн засгийн өсөлт үргэлжлэх хоёрын зөрчил дээд цэгтээ тулжээ. Зээлдүүлэгчид хувь процентоо өсгөх нь ч дэнджээ. Энэ бүхэн эргээд Зүүн Азидаа нөлөөлжээ. Өмнөд Солонгост богино хугацааны зээл ба капиталын харьцаа 3:1-нээс 5:1 хүртлээ өссөн нь дараагийн хямралын далд үндэс мэт харагдаж байв. Уг нь энэ харьцаа 1:1 байвал эрүүл эдийн засаг гэж онолддог.
Одоо?
2000 онд буруу хэвшээд түр зуур аргацаагаад өнгөрсөн тэр нөхцөл байдал яг одоо Зүүн Ази төдийгүй дэлхийн эдийн засагт илэрлээ гэх үнэлэлт дүгнэлт түгээмэл байна. Энэ удаа 1997-1998 оны хямралыг тойроод гарчихсан БНХАУ-ын эдийн засагт илүү эмзэгээр очиж нялзах байдалтай байх шиг. Харин нөгөө “барууд” нь тойрч гарч мэдэх юм. БНХАУ нь ДНБ-ийхээ 30 орчим хувьтай тэнцэх алтан валютын нөөцтэй. Гэлээ гээд тус орны хөрөнгийн зах зээл, биржүүдэд хувьцааны үнэ унаж, мөнгөний ханш даган унаж, Нью-Йоркийн Воллстрийтэд өндөр байшингаас санхүүчид нисч үхдэг шиг тэр үзэгдэл Хятадад үзэгдэж эхэлсэн нь нэгийг хэлээд байх шиг. Хятадын эдийн засаг хямрах нь тэр жилийн Таиландад хямардаг шиг хөндлөнгийн үзэгдэл огтоос биш. Хөрш зэргэлдээ, тэгээд хамаг юмаа борлуулж байдаг тэр том зах зээл маань хямарлаа гэхэд монголчууд бид яах бол???