Уран барималч, зураач Даш Намдаков буюу Намдагийн Дашням нь Буриадын Чита хотын ойролцоо орших Укурик тосгонд төржээ. Түүний ээж Бүдханд найман хүүхэд төрүүлсний зургаа дахь нь энэ ярилцлагын гол баатар. Тэд удам дамжсан дархан хүмүүс юм билээ. Бас гэр бүлээрээ Буддын шашин шүтдэг аж. Тэрбээр ихэвчлэн нүүдэлчид, морьтон дайчид, зөвхөн үлгэрт гарч, зүүдэнд нь л үзэгддэг болов уу гэмээр хүн амьтны дүрс зэргийг ихэвчлэн урладаг онцлогтой. Даш Намдаков анх Улаан-Үд хотноо Г.Г.Васильевын урланд ажиллаж эхлээд тэндээсээ Красноярскийн уран зургийн дээд сургууль төгсчээ.

Энэ барималч анхны үзэсгэлэнгээ Эрхүү хотноо 2000 онд анх гаргаснаар алдаршиж эхэлсэн байдаг. Тэрбээр хүрэл цутгамал хийхээс гадна алт, мөнгө, зэс, гууль, үнэт чулуу, зааны яс, тэр ч бүү хэл адуу малын арьс үс зэргээр бүтээлээ туурвина. Түүний бүтээлүүд Санкт-Петербургийн Эрмитаж, Дорно зүгийн ард түмнүүдийн урлагийн музей, Москвагийн Орчин үеийн урлагийн музей, Нью-Йоркийн “Тибет-Хаус”, Хятадын Гуанжоу хотын Урлагийн музей гээд дэлхийн олон орны музейд хадгалагдахын зэрэгцээ Оросын Ерөнхийлөгч В.Путин, Татарстаны Ерөнхийлөгч асан М.Шаймиев, Москва хотын дарга асан Ю.Лужков, тэрбумтан Р.Абрамович, Германы канцлер асан Герхард Шредер, жүжигчин Ума Турман, кантри хөгжмийн од Вилли Нельсон зэрэг нэр нөлөө бүхий маш олон алдартай хүмүүсийн хувийн цуглуулгад бий. Ер нь түүний бүтээлүүд Герман, Франц, Бельги, Швейцарь, Финланд, Япон, Америк, Тайвань зэрэг олон орны цуглуулагчдийн санд хүндтэй байрыг эзэлдэг. 2002, 2003 онд түүний “Багнууд”, “Жүжигчин” зэрэг бүтээл нь Вампиловын нэрэмжит орчин үеийн урлагийн их наадмын шагнал хүртэж, “Эзэн” хэмээх бүтээл нь Оросын урлагийн академийн мөнгөн медаль хүртэж байв. Мөн Сергей Бодровын “Монгол” киноны зураачаар ажиллаж, үүгээрээ “Ника-2008” кино фестивалиас шилдэг зураачийн шагнал болон “Цагаан заан” шагналын эзэн болжээ. Тэрбээр 2003 онд ОХУ-ын Урлагийн академийн сурвалжлагч гишүүн болж, 2009 онд цуврал үзэсгэлэнгээрээ ОХУ-ын Засгийн газрын урлагийн салбарт олгодог шагналыг хүртжээ.. Түүний үзэсгэлэн эдүгээ ОХУ, БНХАУ, АНУ, Итали, Их Британи, Финланд, Чех, Япон, Франц, Тайвань, Сингапур, Хонгконг, Швейцарь зэрэг оронд тогтмол гарч байна. Даш Намдаков 2014 оноос Лондон хотноо амьдран уран бүтээлээ хийж байгаа билээ.


-Та Монголд хэд хэдэн удаа маш цөөхөн хоногоор ирэх шиг боллоо. Бурхны шашин шүтдэг, монгол гарал угсаатай, мөн ихэвчлэн нүүдэлчид, онгод сүнс, тал нутгийн эртний дайчин баатруудын сэдэвтэй уран бүтээл туурвидаг болохоор манай нутгаас уран бүтээлийн шинэ санаа, эрч хүч авдаг байх гэсэн бодол төрдөг юм.

-Би Монголдоо олон удаа ирж байна. 2001 онд анх ирж байлаа. Энд миний  найз нөхөд ч нэлээд бий. Мэдээжийн хэрэг тодорхой хэмжээгээр эрч хүч авалгүй яахав. Ялангуяа тээр жил Бурхан халдунд мөргөснөө дахин тохиолдохооргүй хамгийн их аз завшаан гэж бодож, бас бахархаж явдаг. Ер нь миний амьдралд тохиосон хамгийн мартагдашгүй мөч тэр байсан. Чухам тэнд л Чингис хааны хөшөө хийх бодол анх миний оюун санаанд буусан гэж хэлж болно. Уран бүтээлч хүнд шинэ санаа гэв гэнэт л нэг өдөр харавсан сум шиг ороод ирдэг талтай.

-Энэ удаа та ямар зорилготой Улаанбаатарт аяны дөрөө мултлав гэдгийг сонирхмоор байна. Эсвэл зүгээр л амарч явна уу?

-Надад амрах зав бараг гардаггүй юм даа. (Инээв).  Лондон хотын Гайд паркт босгосон Чингис хааны хөшөөг УИХ-ын гишүүн, миний бас нэгэн хуурай ах Д.Бат-Эрдэнэ Монголдоо авчирсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ удаа түүнийгээ байрлуулах талаар хотын дарга Э.Бат-Үүлтэй уулзаж, газраа сонгох, зарим нэг зүйлд санаа оноогоо нэмэрлэхээр ирсэн. Ер нь энэ хөшөөг удаан хугацаагаар баглаа хүлээтэй хайрцагт хадгалж болохгүй ёстой юм. Чингис хаан өөрөө асар их эрх чөлөөтэй, эрх чөлөөнд дуртай хүн байсан шүү дээ. Хэрвээ энэ чигээрээ удвал бидэнд тун таагүй явдал болно гэдэг нь мэдрэгддэг. Тэнгэр ч намайг шийтгэж магадгүй.

-Газраа сонгов уу?

-Сонгосон. Хотын дарга Э.Бат-Үүл намайг маш сайхан хүлээж аваад, та хаана байрлуулмаар байна, тэр газраа юуны өмнө сонгочих гэсэн юм. Ингээд бид Зайсан толгой энэ тэр гээд нэлээд хэдэн газраар орж үзсэн л дээ. Миний санаанд Сүхбаатарын талбайн өмнөд хэсэгт байх  нэгэн том хонхны хавьцаа л тун зүгээр юм шиг санагдсан. Тэнд хэсэг хүн шатар тоглоод сууж байна билээ.

-Анх таны бүтээсэн Чингис хааны хөшөөг Лондонгоос авчрахад Сүхбаатарын хөшөөг нурааж байгаад оронд нь байрлуулна гэсэн цуу тарж, манайхан хэсэг шуугисныг та лав дуулсан байх. Тиймээс янз бүрийн хэл амнаас болгоомжлоод талбайн өмнөх цэцэрлэгийг сонгожээ гэж бодож болох уу?

-Жанжин Д.Сүхбаатарын хөшөөг зөөгөөд түүний буурин дээр миний урласан Чингис хааны хөшөөг байрлуулахыг би хэзээ ч зөвшөөрөхгүй байсан. Яагаад гэвэл Д.Сүхбаатарын хөшөө нэг талаас түүхэн хүнийх. Нөгөө талаасаа урлагийн бүтээл. Харин энэ газрыг яагаад сонгов гэхээр төрийн ордны өмнө сууж байгаа Чингис хаан, миний урласан Чингис хааны хөшөө хоёр бие биедээ хэзээ ч харагдахааргүй байгаа. Түүнийг хөндлөн байрлалтай Д.Сүхбаатарын хөшөө хаачихна. Ер нь тэр аугаа хүний суугаа болоод морьтой хөшөө нэг дор байх нь яаж ч бодсон зохимжгүй. Түүхэн талаас нь аваад үзсэн ч хөшөөнүүдийн байрлал бас утга учиртай байх ёстой. Төрийн ордны өмнө байгаа Чингис хаан гэртээ тайван амгалан суугаад улс гүрнийхээ хэргийг шийдэж байгаа дүр. Харин миний урласан хөшөө 800 гаруй жилийн дараа эх нутагтаа дээд тэнгэрээс дахин заларч байгааг илтгэсэн бүтээл л дээ. Ямартай ч энэ удаа Д.Бат-Эрдэнэ ах өөрийнхөө хийж чадах бүхнийг хийлээ. Одоо Улаанбаатар хотын захиргаа л асуудлыг шийдэх үлдлээ дээ.

-Та Э.Бат-Үүл даргатай уулзав уу?

-Чадсангүй. Хятад руу ажлын уулзалт хийхээр явчихаж. Маргааш буцах ёстой болохоор энэ удаа амжихгүй бололтой.

-Нээрээ тийм байна. Тэгэхээр өнөөдрийн Монголын нийгэмд Чингис хаан шиг хүн хэрэгтэй байгааг давхар илтгэсэн санааг энэ хөшөөнд шингээжээ дээ.

-Түүн шиг хүчтэй хүн үгүйлэгдэж байж магадгүй юм шүү. Чингис хаан дэлхийн талыг эзлээд үүнээс цааш хуурай газар алга гээд зогссон байдаг шүү дээ. Тэгвэл би энэ бүтээлдээ их далайг гатлан Английн нутагт 800 гаруй жилийн дараа хөл тавьж байгаа санааг багтаасан юм. Гэхдээ ямар ч дайн дажин хийх бодолгүйгээр бууж буйг харуулсан. Түүнд ямар ч зэр зэвсэг байхгүйг манайхан анзаарсан байх. Ер нь Чингис хааны хөшөөг Лондонгийн төв цэцэрлэгийн гол хаалганы өмнө, наран мандах зүгийг харуулан босгосондоо бахархаж явдаг. Энэ бол зөвхөн минийх бус бүх монголчуудын бахархал гэж бодож байна. Хэдийгээр ганц нэг шүүмжлэх хүн гарч байсан ч дэлхийн хүн гэдгээр нь англичууд тун хүндэтгэлтэй хандаж байсныг хэлье. Ямар ч байсан уг хөшөөг Гайд паркт босгосон 2012 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр миний сэтгэл зүрх, оюун санаанд мөнх орших болно.

-Их хааны хөшөөг бүтээх хэр амархан байсан бол?

-Маш хүнд байсан. Их ч айж байсан. Их ч юм бодсон.

-Ер нь таны бүтээлүүдийг хараад гайхсан, айж цочирдсон тухайгаа гадаадын маш олон урлаг судлаачид өгүүлсэн байдаг юм билээ. Тэгэхээр ямар нэгэн далдын хүч, ер бусын увдис таны бүтээлүүдэд шингэсэн байдаг юм болов уу?

-Тухайн үзэгчид, судлаачид яаж хүлээж авдагийг сайн мэдэхгүй байна. Би өөрийн оюун санаанд буусныг л дүр, дүрс болгон хувиргадаг  хүн л дээ.

-Ингэхэд та сюрреализм, авангард, импрессионист ч гэдэг юм уу, ер нь урлагийн ямар урсгалыг баримталдаг вэ?

-Алийг нь ч биш. Би юмс үзэгдлийг өөрийнхөө харж байгаагаар л буулгадаг.

-Тэгвэл далдын ямар нэг хүч танд тушаал өгдөг гэж ойлгож болох нь ээ?

-Бас яг тийм гэж хэлж чадахгүй байна.(Инээв).

-Уран бүтээлийнхээ гарааг анх яаж эхэлж байв? Монголд 2001 онд үзэсгэлэнгээ гаргаж байсан гэж дуулсан юм байна. Тэр талаараа сонирхуулахгүй юу?

-Сургуулиа төгссөний дараа 1990-ээд оны эхээр жижигхэн дархны газар нээсэн. Урлан маягийн юм гэх үү дээ. Эндээс олсон мөнгөн дээр эхнэрийнхээ цалингийн талыг нэмээд хүрэл худалдан авдаг байлаа. Эхнэр маань тэр үед банкинд ажилладаг байсан юм. Ингэхэд хүрлээр цутгамал хийх арга ажиллагаа маш нарийн шүү дээ. Ганцаараа барахааргүй ажил байдаг. Тиймээс хүмүүс хөлсөлж, тэдэндээ цалин өгнө. Хэрвээ хүрлээр цутгамал хийх арга хялбархан байсан бол манайд одоогийнхоос хамаагүй олон уран барималчид төрөх байсан болов уу гэж боддог.  Ингээд 2000 онд Эрхүү хотноо анхныхаа үзэсгэлэнг гаргалаа. Сэтгэл догдлоод л. Гэтэл энэ үзэсгэлэн миний хувьд үнэхээр гэнэтийн бэлэг болсон юм. Яагаад гэхээр миний бүтээлүүдийг зөвхөн буриадууд, монголчууд л сонирхох байх гэж боддог байлаа. Тиймээс Чита, Улаан-Үдийнхэн л ирэх байх гэж бодож байсан. Гэтэл уг үзэсгэлэнг үзэхээр Оросын олон алдартай уран бүтээлчид ирснээр миний амьдралд огцом өөрчлөлт гарч, улмаар тун удалгүй Москва руу шилжсэн дээ.  Монголд 2001 онд Д.Занабазарын нэрэмжит уран зургийн галарейд үзэсгэлэнгээ гаргаснаа маш их билэгшээж, бас шүтэж явдаг. Өндөр гэгээн Занабазар гуайн бүтээлүүд үнэхээр гайхамшигтай. Бүтээлүүдэд нь ер бишийн увдис шингэсэн байдаг. Дэлхий гайхдаг юм шүү дээ.

-УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өндөр үнээр энэ хөшөөг авчирсанд манай төр засгийн томчууд талархаж буйгаа илэрхийлж байна билээ. Мөн Д.Сүхбаатарын хөшөөний оронд байрлуулах тухай хэний ч юм бүү мэд тараасан цуурхлыг сонссон монголчууд өөр газар босгох тухай саналыг л их хэлж байлаа. Тэгэхээр манайхан ямар ч байсан орчин үеийн урлагийг ойлгодог болжээ гэж бодож байв. Түүнээс биш өмнөх нийгэмд иймэрхүү талын урлагийг огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй байлаа шүү дээ. Хэмх цохиод хая л гэх байсан биз.

-Энэ тухай сонсоод маш их баярлаж байлаа. Ер нь маш олон хүн талархал илэрхийлсэн. Өнөөдөр ч маш олон уран бүтээлч ирж уулзлаа. Ер нь Монголд олон танилууд бий гэж дээр өгүүлсэн шүү дээ. Тиймээс цаг зав л гарвал наашаа зүглэхийг хичээдэг.

-Ингэхэд эрхэм гишүүн Д.Бат-Эрдэнэтэй хэрхэн танилцсан талаараа товчхон хуучлахгүй юу?

-Оросын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу миний хуурай ах байгаа юм. Ёстой за гэвэл ёогүй эр хүн. Маш шударга. Түүнд ямар ч илүү дутуу, эргэж хургасан зан байдаггүй. Миний амьдралд хамгийн их тус хүргэж байгаа хүн л дээ. Одоо бас нэгэн хуурай ахтай болоод байгаа нь УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ. Тэрбээр Батлан хамгаалах яамны сайд байхдаа ОХУ-д ажлын уулзалт хийхдээ С.Шойгугийн өрөөнд байсан миний нэгэн бүтээлийг маш их сонирхсон юм билээ. Тэгээд л хэн хийсэн энэ тэр болоод, С.Шойгу ч намайг дуудан бид хоёрыг танилцуулсан юм. Эдүгээ энэ хоёр хуурай ах маань маш дотно харьцаатай байдаг. Тэр үеэс хойш байнгын холбоотой байсан бөгөөд дараа зун нь биднийг урьж, монгол наадам үзүүлсэнд туйлын их баярлаж явдаг.



-Манай үндэсний наадам хэр таалагдсан бол?

-Гайхамшигтай, гайхамшигтай. Тувад үзсэн наадам мөн л ямар нэгэн ер бусын эрч хүч мэдрүүлж байсан. Монгол наадмын бөх, хурдан морь, сурын харваа үнэхээр сэтгэл хөдөлгөсөн шүү. Жинхэнэ гайхалтай өдрүүдийг энд л өнгөрөөсөн дөө.

-Д.Бат-Эрдэнэ ахын чинь онцлог гэвэл?

-Ихээхэн дуугүй хүн дээ. (Инээв).

-Таны бүтээсэн Чингисийн хөшөөг эрхэм гишүүн юуны учир, хэрхэн авахаар болсон түүхээс сонирхоё. Та эхлээд санал болгосон уу, эсвэл ерөөсөө л авъя гэж хуурай ах чинь хэлсэн үү?

-Монгол Улс, монголчууд ийм хүүгээрээ, ийм хүү заяаснаар бахархах хэрэгтэй. Яагаад гэхээр миний энэ хөшөөг авъя гээд Хятадын Ордос, АНУ-ын хэд хээн тэрбумтан, Оросын манай буриадууд гээд нэлээд хэдэн газраас хүмүүс санал тавиад байсан юм. Яагаад ч юм миний хувьд болж өгвөл их хааны төрсөн нутагт авааччих юмсан гэж боддог байлаа. Гэтэл нэг л өдөр Д.Бат-Эрдэнэ ах утасдаад, наад хөшөөг чинь авчирч эх орондоо босгоно оо л гэсэн. Өөр юу ч хэлээгүй. Би ч их баярласан. Тэрбээр 800 зууны дараа тэнгэрээс буун ирж буй Чингис хааныг төрсөн нутагт нь залж, түүхийн өнгөрсөн ба одоо цагийг холбон, нэг ёсондоо гүүр нь болж байгаа хүн гэж хэлэх байна. Хөшөөний тухайд товчхондоо ийм л түүхтэй.

-Та яриандаа “манай монголчууд...”, “би монгол хүн учраас...” гэсэн үг байнга хэлэх нь ихээхэн содон сонсогдох юм.

-Би монгол хүн шүү дээ. Бид нэг л үндэстэн. Би гадаадын аль ч оронд өөрийгөө монгол хүн гэж хэлдэг. Гагцхүү бид нэг хэсэг нь Орост, нөгөө нь Хятадад амьдардагаараа ялгаатай л гэдэг юм.

-Монголоор хэр ярих бол?

-Ярина аа. Гэхдээ буриадаараа илүү сайн. Монголоор жаахан түргэн ярьчихвал зарим үгийг ойлгодоггүй. Орос хэлийг найман нас хүртлээ огтхон ч мэддэггүй байсан юмдаг.  Өвөө эмээ, аав ээж маань намайг бага байхад маш олон монгол үлгэр ярьж өгдөг байсан. Энэ нь ч миний уран бүтээлд тодорхой хэмжээгээр тусгалаа олдог.

-Таныг багадаа нэлээд өвчлөмтгий, бие султай хүүхэд байсан. Тэгээд нэгэн удган дээр очоод зүв зүгээр болсон тухай дуулсан юм байна.

-Үнэн, үнэн. Түүнээс хойш өвдөхөө больсон юм гэнэ билээ.

-Одоо нөгөө дуулиан шуугиан тарьж асан Сергей Бодровын “Монгол” киноны тухай хэдэн зүйл асууя. Та зураачаар нь ажилласан байх аа?

-Би урьд өмнө нь найруулагч С.Бодровыг таньдаггүй байсан. Тэр л надад ийм кино хийх гэж байгаа, зураачаар нь ажиллаач гэсэн саналыг тавьсан юм. Би ч шууд л татгалзсан л даа. Яагаад гэхээр чадахгүй байх гэж өөрөөсөө айсан юм. Тэгээд ч урьд өмнө нь киноны зураачаар ажиллаж байсан туршлага байх биш. Гэтэл С.Бодров гуай шууд л, “За би өөр зураач авна аа. Харин маш муу кино болох байх. Гол буруутан нь чи шүү” гэсэн. Тэгээд л зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон доо.

-Энэ киноны зургийг Монголд аваагүйд жаахан харамсдаг юм.

-Би ч ялгаагүй. Уг нь би кино зохиолоо монголчуудад битгий үзүүлээрэй гэж С.Бодров гуайд хэлсэн юм. Гэтэл мань хүн бүр орчуулаад өгчихсөн байхгүй юу. Тэгээд л нөгөөдүүл нь үзээд зөвшөөрөөгүй, аргагүйн эрхэнд Өвөрмонголд зургийг нь авсан юм шүү дээ.

-Бидний монголчуудаас хэн нэгэн нэр алдартай хүн гэхээр ер бусын хүүхэд байсан, ер бусын хүн байсан гэдгийг л харуулах ёстой мэт социализмын үеийн сэтгэхүй хараахан салж одоогүй үед дэлхийд нэртэй энэ найруулагч саналаа дэмий тавилаа даа гэж манай зарим урлаг судлаачид үздэг юм. Тийм ч байх гэж боддог. Ном зохиолдоо ч тэгж л дүрсэлдэг. Тэгсэн хэрнээ нөгөө хүмүүсийнхээ зураг хөргийг хамаа намаагүй юман дээр нааж, зурна. Нөгөөх нь хаана ч хамаагүй хэвтэж байхад огтхон ч тоодоггүй тал бий.

-“Монгол” киног Европын үзэгчид маш өндөр үнэлсэн. “Оскарын” шагнал хүртлээ шүү дээ. Энэ кинонд Чингис хааныг их эзэн хаан, дэлхийн талыг эзэлсэн гэдгээр нь биш хүн гэдэг өнцгөөс нь харуулсан юм. Италид энэ киног үзүүлэх үеэр би тэнд байлаа. Хүмүүс маш өндөр сэтгэгдэлтэй гарч ирж байсан. С.Бодров гуайн хувьд “Монгол” киног хийснийхээ ачаар Холливудад 120 сая долларын өртөг бүхий “Долоо дахь хүү” гэдэг кино хийлээ. Энэ кинонд Жефф Брижес, Жулианна Мур нарын одод тоглосон шүү дээ. “Монгол” киноны зургийг Монголдоо авсан бол жинхэнэ монгол “агаар” тэндээс үнэртэх байлаа. Ядахдаа л жинхэнэ монгол мал сүрэг зурганд орно шүү дээ.

-“Монгол” кино гурван ангитай байх тухай сонссон. Дараачийн ангийн зургандаа таныг урих болов уу?

-Одоо бид нэг багийнхан. С.Бодров гуайн гэргий ч энэ кинонд ажилласан, маш ухаалаг эмэгтэй байдаг.

-Аль нэг ангийн нь зургийг манайд аваасай. Эрхтэн дархтангууд энүүхэн дов дошоо бус дэлхийн хэмжээнд хараасай гэж бодох хүн олон байгаа.

-Би ч бас тэгж бодож байна. Эцсийн эцэст манай монголчууд, Монгол орныг л гадаадынханд илүү сурталчилна шүү дээ.

-Та дэлхийн нэн нэр хүнд бүхий олон хүн, тэр дундаа төрийн тэргүүнүүдтэй тун ойр дотно харьцаатай байдаг гэнэ билээ. Дуртай цагтаа тэд нар руу утас цохино биз?

-Өө яалаа гэж. Тэд чинь асар завгүй хүмүүс байдаг юм. Хүссэн үедээ над руу л залгадаг.

-Тэр хүмүүст таны ямар ямар бүтээлүүд хадгалагддаг вэ?

-Ерөнхийлөгч В.В.Путинд “Байгалийн хүчин”, М.Ш.Шаймиевт “Морьтон”, Ю.М.Лужковт “Орой”, Р.А.Абрамовичид “Өвгөн дайчин” гэх зэргээр нэлээд хүний хувийн цуглуулгад миний янз бүрийн үед хийсэн бүтээлүүд хадгалагддаг.

-Танд хүнд өгөлгүй өөртөө хадгалдаг байж гэж бодогддог бүтээл бий юу?

-Байхгүй. Сонирхуулаад хэлэхэд миний урланд одоо ямар ч бүтээл байхгүй. Ер нь байл­гахыг ч хүсдэггүй. Миний хийсэн бүхэн асар богино хугацаанд бусдын хүртээл болох ёстой.

-Тэгэхээр та маш сайн менежмэнт хийдэг гэсэн үг үү?

-Үгүй. Урлагийн зах зээл өөрөө энэ бүхнийг зохицуулж байна. Өнөөдөр миний бүтээл дэлхийн зах зээл дээр нэлээд эрэлт хэрэгцээ ихтэй байна гэсэн үг л дээ.

-Та ингэхэд хэр баян хүн бэ?

-Би мөнгө олдог. Бас байнга мөнгөөр гачигддаг. Гэхдээ цаг үргэлж мөнгөний тухай бас бодоод байдаг хүн биш. Мөн сэтгэлээрээ баян хүн үү, үгүй юу гэдгээ ч сайн мэдэхгүй байна. (Инээв). Ерөнхийдөө маш олон хүний бүрэлдэхүүн бүхий багтай. Тэднийхээ цалин энэ тэр гээд зардал их гардаг. Лондонд байгаа гэр бүл, төрөл төрөгсдөө харна.

-Нэрт жүжигчин Ума Турманд гоёлын зүйл бэлэглэсэн тухай Барууны хэвлэлд бичсэн байна билээ. Та хоёр сайн найзууд уу?

-Түүний аав Роберт Турмантай  маш дотно харьцаатай байдаг. Би тун их хүндэлдэг юм. Буддын шашин шүтдэг, судалдаг, Ричард Гир, Филипп Гласстай хамт Америкт Буддын сүм байгуулсан хүн. Мөн бурхны судар орчуулдаг, гэрийнхээ ханаар дүүрэн ном судар өрсөн хүн байдаг юм. Тэрбээр эрдэмтэн зохиолч төдийгүй нийгмийн маш идэвхтэй зүтгэлтэн. Түүнд америк амьдралын хэв маяг огтхон ч таалагддаггүй байсан тул залуудаа Фидель Кастрогийн армийн цэрэг болох шахаж байсан гэдэг. Тэрхүү донсолгоонт жилүүдэд өрөөсөн нүдээ алдсан юм билээ. Далай ламын тун ойрын хүний нэг. Энэтхэгт хоёулаа 20 гаруйхан настай байхдаа танилцсан байдаг юм. Р.Турман бурхны шашны талаар дэлхийг тойрон лекц уншсан цорын ганц хүн байх шүү. 1960-аад оны эхээр Харвардын их сургуульд элссэн ч нэг жил болоод хаяж, харин бүүр хожуу дахин орж суралцаад санскрит хэлээр докторын зэрэг хамгаалсан юм билээ.  Одоо Колумбын их сургуульд багшилдаг. Ер нь Америкт асар их нэр хүндтэй. 1997 онд “Тайм” сэтгүүл түүнийг нөлөө бүхий 25 америк хүний нэгээр тодруулж байлаа. Тэрбээр Энэтхэгт нэлээд хэдэн жил болоод эргэж ирэн эцгийнхээ оршуулганд оролцож байхдаа халимаг лам Геше Вангьялтай танилцсан байдаг. Энэ хүн ч түүнийг өөрийн багш Агваандорж шигээ хүлээж авсан төдийгүй Роберт Турманыг багшийнхаа үйл хэргийг залгамжлагч гэж үздэг юм. Ер нь Роберт Турманыг Далай ламаас авшиг хүртсэн цорын ганц америк хүн гэх нь бий.  Агваандорж ламын жанч халсны 150 жилийн ойгоор Санкт-Петербургийн Буддын сүмд миний урласан хүндэтгэлийн самбарыг байрлуулахад ирж байлаа. Би энэ айлд байнга зочилдог. Тэгээд л охинд нь жижигхээн гоёлын зүйл хийж бэлэглэсэн юм.

-Филипп Гласс гэж хэн юм бол?

-Америкийн бас л алдар­тай хөгжмийн зохиолч. “Филипп Гласс ан­самбль” хамтлаг нь нэг хэсэг шуугиулж байсан юм билээ. Түүний бичсэн киноны хөгжмүүд гурван ч удаа Оскарын шагналд нэр дэвшиж байсан шүү дээ. 
 
-Өөр хэн нэгэнд гоёлын зүйл хийж өгч байв уу?

-Өгсөн, өгсөн. Тухайл­бал, “Глюкоза” хамт­лагийн­ханд хүзүүний зүүлт хийж өгсөн юм байна.

-Аварга том хөшөө, жижигхэн гоёл чимэглэлийн зүйл хийх хоёрын аль нь хэцүү вэ?

-Том хөшөөг өөрөө гардаж хийдэг учраас маш их ядардаг. Тэрхүү ядаргаагаа гаргахын тулд жижиг зүйл урладаг юм.

-Шүүмжлэлд хэр эмзэглэдэг вэ? Таны урласан Чингис хааны хөшөөг хараад шүүмжлэх хүн мэр сэр байсан шүү.

-Хийсэн уран бүтээлийн маань талаар хэн нэгэн огтхон ч дуугарахгүй бол тэр бүтээл биш. Хийгээгүйтэй адил гэсэн үг. “Монгол” кино л гэхэд түүнийг тойроод маш их шуугиан дэгдсэн. Энэ л уран бүтээлчдэд үзэгчдийн өгч байгаа хамгийн том шагнал.

-Таны амьдралд ямар нэг азгүй явдал тохиолдож байв уу?

-2008 онд миний урланд хулгай орж, таван жилийн турш хийсэн бүтээсэн зүйлээс гадна хамаг хэвийг маань нэг л шөнө аваад явчихсан. Магадгүй хэсэг хүн маш их баяжсан байх. Бурхан тэднийг эрүүл энх байлгаасай гэж бодож байлаа. Эхлээд бид жаахан сандарсан боловч удалгүй тайвширсан. Ингэхэд тэнд зөвхөн миний бүтээлүүд  бус хамт ажилладаг уран бүтээлчдийн маань үнэт чулуугаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлүүд байсан юм. Ингээд бид өөрсдөдөө хатуу үүрэг өгч, мөн яг тэр хугацаандаа алдсан бүх зүйлүүдээ дахин шинээр хийж байлаа. 

-Таны авсан хамгийн хүндтэй шагнал юу вэ?

-Бүгдээрээ л хүндтэй. Хамгийн сүүлд л гэхэд дөнгөж сая Венецийн Урлагийн Академийн жинхэнэ гишүүн болсон тухай мэдэгдлээ. Энэ эрхэм хүндтэй цолыг Оросоос 150 жилийн өмнө Николай хаан хүртэж байсан юм билээ.

-Яг одоо таны бүтээл хэн нэгэнд бэлэг болон очиж байгаа болов уу?

-Очиж байгаа. Сая бид нар Бээжин хотноо болж буй чөлөөлөх дайнд ялсаны цэргийн жагсаалыг зурагтаар харлаа шүү дээ. Энд оролцож буй Оросын Ерөнхийлөгч В.В.Путин БНХАУ-ын дарга Си Зинпинд миний хийсэн баримлыг бэлэг болгон гардуулж байгаа гэж туслахууд нь утсаар хэлсэн. 

-Ямар бүтээл байгаа бол. Хэмжээний хувьд хэр том бэ?

-Бага, бага. Буриад нутгийн цагаан хашаар хийсэн далавчтай морь байгаа.

-2001 онд хэнд ч танигдахгүй шахам байхдаа Улаанбаатарт үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Тэгвэл дэлхийн хэмжээний хүн болсныхоо дараа  хоёр дахь удаагийнхаа үзэсгэлэнгээ гаргах цаг болсон юм биш үү?

-Бодолгүй яахав. 2001 онд амар байсан л даа. Хэдэн найз нөхдийнхөө хамт хийсэн урласан зүйлээ хувааж үүрээд л Уран зургийн галарейд үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Санасныг бодоход маш олон хүн ирж үзсэн шүү. Их ч урам өгсөн. Харин одоо зардал мөнгөнөөс авахуулаад хүндрэл ихтэй. Тухайн улс орон л зардлаа гаргаад хүлээж авахгүй бол хэцүү. Санкт-Петербургийн Эрмитажид үзэсгэлэнгээ гаргахад том оврын нэлээд хэдэн ачааны КАМАЗ орж байсан бол сая Ордост хэдэн ч вагон ачаа болж байгаа юм бүү мэд.

-Ордост гэхээр Хятадын тал үзэсгэлэн гаргах бүх зардлыг дааж байна гэсэн үг үү?

-Тийм. Миний бүтээлийн үзэсгэлэн бүх Хятадыг тойрох юм билээ.

-Танаар олон улс орон төв талбайдаа өөрийн үндэстнийхээ онцлогийг харуулсан бүхэл бүтэн цогцолбор бариулсан юм билээ. Казахстан, Татарстан гээд. Одоо ямар улс гүрнээс захиалга аваад байгаа вэ?

-Шанхайд маш том цогцолбор босгох гэрээтэй. Жаал жуул юмнаас болоод жаахан саатаад байгаа.

-Оростоо?

-Нэг аварга том төсөл хэрэгжиж эхэлсэн. Одоогоор төрийн нууц учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй байна.

-Төрсөн хот Читад ямар нэг хөшөө байгаа юу?

-Одоохондоо байхгүй. Ярьж буй зүйл бий.

-Тэгвэл хуурай ах С.Шойгугийнхаа нутагт ямар хөшөө босгож өгөв?

-Нэлээд хэдэн хөшөө бий. Томоохноос нь нэрлэвэл Кызыл хотын хойд хэсэгт яг Енисей мөрний эрэг дээр Азийн төв цэгийг тэмдэглэсэн хуучин хөшөө байдгийг очиж үзсэн хүмүүс мэдэх. Түүнийг аваад оронд нь огт өөр хөшөө босгосон. Төв музейн өмнө нь бас нэг хөшөө босгосон. Кызыл хотын ойгоор “Хаадын ав хоморго” гэсэн хөшөө хийж бэлэглэсэн юм байна.

-Ингэхэд та манай олон уран бүтээлчидтэй танил гэсэн. Урлангуудаар нь орж үзэв үү. Залуус маань хэр ирээдүйтэй харагдаж байна даа?

-Мундаг авьяастай залуус олон байна шүү. Тэднийг маш сайн дэмжээд өгөх хэрэгтэй. Төрийн тамгыг гангаар сийлсэн, мөнгөөр огтхон ч сур оруулалгүйгээр цул сийлбэр болсон эмээл хазаар хийж байгаа залуугийн урлангаар орлоо. Биширмээр сайхан зүйл хийсэн байна билээ. Би монгол дархадууд, уран барималчид дэлхийд нэрээ гаргах цаг тун удахгүй ирнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.

-Таны мөнхийн мөрөөдөл гэвэл юу байх бол?

-Байгаль нуурын эрэг дээр зураач урчуудын маш том урлан бүхий эко тосгон байгуулахыг мөрөөддөг.

-Ойрын ирээдүйд таны уран бүтээлийн үзэсгэлэн хаана, хаана гарахаар төлөвлөгдөж байгаа вэ?

-Эрхүү, Флоренц, Нью-Йорк, Лондон.

-Танд амжилт хүсье. Үнэт цагаас тань нэлээдийг хороосондоо хүлцэл өчье.

-Зүгээр. Та нартай танилцаж, ярилцахад маш таатай байлаа.
 
Бид гурвын яриа ерөнхийдөө өндөрлөж, дахин уулзахын ерөөл тавин салцгаалаа. Түүний уран бүтээлийн хэв маяг, арга барилыг дэлхийн нэртэй урлаг судлаачид Италийн сэргэн мандалтын үеийн гайхамшигт уран барималч Микеланджело Буонарротитай адилтгасан байдаг, мөн дэлхийн томчуудтай ойр дотно байдаг гэхэд тун ч даруухан нэгэн ажээ. Гэхдээ л түүний харцнаас ер бусын эрч хүч, хүсэл тэмүүлэл, нууцхан увдис ч гэмээр юм мэдрэгдэж асныг хэлэх хэрэгтэй. Тэрбээр өөрийгөө, “Би нүүдэлчин. Гэхдээ гэртээ заавал эргэж очдог хүн” хэмээн нэгэнтээ тодорхойлсон байна билээ. Магадгүй уран барималч буриад хүү Даш Намдаков, УИХ-ын эрхэм гишүүн Д.Бат-Эрдэнэ нарын ачаар Их эзэн Чингис хаан найман зууны тэртээгээс гэртээ эргэн ирж ч байгаа юм бил үү, хэн мэдлээ. Ингээд түүний өөрийнхөө тухай өгүүлсэн үгээр энэ ярилцлагаа өндөрлөе. “Миний ертөнц онгод цалиг, үлгэр домгийн амьтас зэргээр дүүрэн байлаа. Намайг анх сургуульд ороход тэрхүү онгод шүтээн маань, “Ертөнц алга дарам талбайд л багтдаг юм. Тиймээс өөрийн толгой дотор байгаа хэрэггүй бүх зүйлийг гаргаж хаях хэрэгтэй. Энэ бүгд чиний  сэтгэлийн л зовлон болно” хэмээн хэлснээс хойш энэ ертөнц нээрээ л алга дарамхан талбайд багтдагийг мэдэрч эхэлсэн дээ. Тэгээд л миний бие бүхий л амьдралынхаа туршид гагцхүү энэ алга дарам талбайгаас гарах гэж оролдож, тэмүүлж, тэмцэж ирлээ”.