Ч. ЖАРГАЛ: Монгол дахь Цөмийн эрчим хүчний үйлдвэр
Энэ онд миний хэвлүүлсэн сонин хэвлэл сайтуудад (“Өдрийн сонин”, Sonin.mn, LinkedIn гэх мэт…) “Цөмийн эрчим хүч, цөмийн техник технологийн Монголд тулгамдсан зарим асуудлууд ба Монгол улсын үндэсний эрх ашиг” нийтлэлд тавигдсан зарим асуудлуудыг үргэлжлүүлэн тайлбарлаж таниулах зорилгоор энэ нийтлэлийг бичлээ. Олон Улсын Атомын Энергийн Агентлагm Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хяналтын НҮБ-ын Байцаагч 30 жил ажилласан, Физик-Математикийн ухааны доктор Балчин овогтой Чимэдбазарын Жаргал
Ч. ЖАРГАЛ: Монгол дахь Цөмийн эрчим хүчний үйлдвэр
Цөмийн эрчим хүчний үйлдвэр анх удаа барьж байгуулахаар сонирхож байгаа улсууд болон энэ үйл хэрэгт оролцох бүх талууд Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА) - аас тусгайлан зориулж боловсруулан гаргасан “Цөмийн эрчим хүчний үндэсний дэд бүтэцийг хөгжүүлэхэд эрхэмлэх хүчин зүйлс” (“Milestones in the Development of a National Infrastructure for Nuclear Power” No. NG-G-3.1 (Rev.1), сүүлчийн хувилбар) зөвлөмж удирдамжийг удирдлага болгон ажилладаг жишиг тогтсон. Энэ удирдамж нь үндэсний дэд бүтэцийн тодорхой 19 асуудал тус бүрийг 3 эрхэмлэх хүчин зүйлс тус бүрээр нь 3 үе шаттайгаар яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг бэлээхэн загварчлан тодорхой зааж өгсөн “замын зураглал” юм.
Энэ талаарх Монгол улсын өнөөгийн байдал бол энэ баримт бичгийн зөвхөн эхний 1-р үе шат буюу “Цөмийн эрчим хүчний хөтөлбөр эхлэх шийд гаргахын өмнөх үе”- д хамаарч байгаа юм. Энэ удирдамжийн дагуу бол үндэсний дэд бүтэцийн тодорхой 19 асуудал (Үндэсний байр суурь, Цөмийн аюулгүй байдал, Удирдлага, Санхүүжүүлэлт, Хууль эрхийн хүрээ, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, Дүрэм журамын хүрээ, Цацрагын хамгаалал, Хүчдэл дамжуулах шугам сүлжээ, Хүний нөөц, Оролцогсодын бүтэц, Байршил ба туслах байгууламжууд, Байгал орчны хамгаалал, Осол ба онц байдлын төлөвлөгөө, Цөмийн халдлагаас хамгаалах, Цөмийн түлшний дамжлага, Цацраг идэвхит хаягдал зохицуулалт, Үйлдвэрүүдийн оролцоо, Худалдан авах) тус бүрт 1- р эрхэмлэх хүчин зүйл болох “Цөмийн эрчим хүчний хөтөлбөрийн үүрэг хариуцлагыг ухамсартайгаар хүлээнзөвшөөрөхөд бэлэн” -ийг эхний 1-р үе шатны үед хэрхэн хэрэгжүүлж болох талаар дүн шинжилгээ хийж нэгдсэн дүгнэлт гаргасаны дараа энэ дүгнэлтэндээ үндэслэн тухайн улсын засгийн газар “Цөмийн эрчим хүчний хөтөлбөр”-т орох эсэхээ эцэслэн шийдэхийг зааварчилсан байдаг. Үндэсний дэд бүтэцийн эдгээр 19 асуудалыг шийдвэрлэхдээ тухайн улс өөрийнхөө өвөрмөгц нөхцөл байдал бололцоо “үндэсний эрх ашиг”-ын зарчмаа удирдлага болгох нь зайлшгүй бөгөөд эдгээр 19 асуудалыг зохих шаардаганд нь нийцүүлэн шийдвэрлэн хэрэгжүүлж чадахгүй бол цөмийн эрчим хүчний үйлдвэр барьж байгуулах асуудлаар шийд гаргах нөхцөл бүрдэхгүй юм. Засгийн газрын шийд бол “зөвшөөрөл”- ийн төдий бус, харин жинхэнэ“үүрэг хариуцлага” байх ёстой гэдэгийг энэ баримт бичиг онцолсон.
Улс төрчид, ажил мэрэгжил албан эрх үүрэг хариуцлага буюу нийгмийн идэвхи сонирхолоороо “Цөмийн эрчим хүчний үйлдвэр”-ийн асуудлуудтай ямар нэг маягаар холбогдогдсон нийт хүмүүс дээрхи үндсэн баримт бичигтэй юу юуны өмнө нэн түрүүнд танилцсан байх шаардлагатай. Албаны болон энэ асуудлыг ойлгодог гэж өөрсдийгөө тооцдог зарим хүмүүс өнөөдөр олон нийтэд мэдэгдэж, сурталчилж, ишлэл хийгээд байгаа цөмийн эрчим хүчний үйлдвэр барьж байгуулах тухай Монгол улсын засгийн газрын 2009 оны шийдвэр нь дээр дурдсан удирдамжийн эхний 1-р үе шатны үеийн арга хэмжээнүүдийг гүйцэт хэрэгжүүлэлгүйгээр, урьдичилж, мэрэгжлийн ул суурьтай үндэслэлгүйгээр гарсан ба чухам ямар учир шалтгаан баримталж гаргасан нь тодорхойгүй.
Харин дээрхи удирдамжийн дагуу эхний 1-р үе шатыг нь хэрэгжүүлж үр дүнг нь боловсруулахаар одоо ажиллаж байгаа холбогдох салбар салбарын зохих мэргэжлийн хүмүүс, төрийн хариуцлагатан, харьяалах албан байгууллагууд улс эх орныхоо “үндэсний эрх ашиг”-ийг илэрхийлсэн шинжлэх ухаанч бодлогын үндэслэл болохуйц иж бүрэн баримт бичиг дүгнэлт энэ чиглэлээр гаргана гэдэгт итгэж байна.
Ганц нэг нийтлэлийн хүрээнд Цөмийн эрчим хүчний үйлдвэр барьж байгуулах асуудлын эргэн тойрон дахь эерэг олон сайн сайхан талууд болон дэлхий дахинд шийдэгдээгүй байгаа сөрөг талуудыг тоймлоно гэдэг нь боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Гэвч, дээр дурдсан үндэсний дэд бүтэцийн 19 асуудалын 17 дахь нь болох “Цацраг идэвхит хаягдал зохицуулалт”-ын ангилалд хамаарах зөвхөн хоёр зүйлийн талаар энд товчхон авч хэлэлцэгээе:
- Цөмийн эрчим хүчний үйлдвэрийн “Ашигласан түлшний асуудал”
- Хэдэн мянган жил өнгөрсөн ч бүрэн устаж үгүй болохгүй өндөр цацраг идэвхт онц аюултай хаягдал цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдийн ашигласан түлш хэлбэрээр гардаг ба их хэмжээгээр хуримтлагдсан.
- Өнгөрсөн хугацаанд ажиллаад хугацаа нь дуусаж татан буугдсан, одоо ажиллаж байгаа, ойрын ирээдүйд ажиллах, ирээдүйд ашиглалтаас гарах цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдийн ашигласан түлшийг зөвхөн зуун жилээс цаашгүй түр хугацаагаар тусгай зориулалтын байгууламжуудад л хадгалж байна.
- Ашигласан түлшийг задлан ялгаж нэг удаа дахин хэрэглэх өндөр өртөгтэй технологи цөөхөн хөгжингүй орнууд хэрэглэж байгаа нь хуримтлагдсан ашигласан түлшний хэмжээг тодорхой хэмжээгээр багасгах боловч мөн л хадгалах булшлах шаардлагатай өндөр цацраг идэвхт онц аюултай хаягдал дагалдуулан гаргаж энэ асуудлыг бүрэн шийдэж чадахгүй байгаа юм.
- Ашигласан түлшийг урт удаан хугацаагаар өөрчлөлтөнд ороогүй газрын гүний геологийн тогтоцондэцэслэн үүрд оршуулах өндөр өртөгтэй төхөөрөмж байгуулж ашиглах арга нь дөнгөж эхлэл нь тавигдах шатандаа байгаа ба хуримтлагдсан ашигласан түлшний хэмжээг багасгахад одоогоор шийдвэрлэх нөлөө үзүүлэхүйц бус байгаа боловч ирээдүйд асуудлыг бүрэн шийдэх гол шийдэл болж болох магадлалтай.
- Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын зохицуулалт аюулгүй ажиллагааны тухай 1997 оны олон улсын нэгдсэн конвенцын удиртгал хэсгийн 6 ба 11-т “газар нутагт нь ашигласан түлш үүссэн улс ашигласан түлшээ зохицуулах, нутаг дэвсгэртээ булшлах талаар бүрэн хариуцлага хүлээх ба энэ талаар хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж болно” гэж тодорхой заасан байдаг, өөрөөр хэлбэл, Цөмийн эрчим хүчний үйлдвэр нийлүүлэгч улс бус харин ашиглагч тухайн улс л бүрэн хариуцлага хүлээнэ гэсэн хэрэг.
- Ашигласан түлшээ цөмийн эрчим хүчний үйлдвэр нийлүүлэгч улс худалдан авсан улсаасаа буцааж авч байсан тохиолдол дэлхийн түүхэнд одоо хүртэл гараагүй байгаа ба зөвхөн судалгааны жижиг реакторын шарагдсан түлшийг л буцаан авч дахин боловруулалт хийж байсан тохиолдол бий. Сүүлийн үед баригдаж буй цөмийн эрчим хүчний үйлдвэрийн гэрээ хэлэлцээрт ч гэсэн ашигласан түлшээ буцааж авч өгөлцөх тухай тодорхой заалт орохгүй байгаа (Жишээ нь Арабын Нэгдсэн Эмират, БНСУ).
- Ураны түлш хэрэглэдэг Цөмийн эрчим хүчний үйлдвэрийн эрин үе эхлээд олон жил өнгөрч эхний үйлдвэрүүд нь татан буугдаж эхэлсэн боловч“Ашигласан түлшний асуудал” нь дэлхий дахинд шийдэгдэж чадалгүй явсаар Халуун Цөмийн Урвалд үндэслэсэн дараачийн Цөмийн эрчим хүчний үйлдвэрийн эрин үетэй золгож магадгүй нөхцөл байдал үүсээд байна. “Ашигласан түлшний асуудал” яваандаа ингэж хурцдана гэж Цөмийн эрчим хүчний анхдагч хөгжингүй улсууд болон хожим нь тэдний замналд нэгдэн орсон улс гүрнүүд анхнаасаа тооцоолж том ач холбогдол өгч байгаагүй. Харин Цөмийн эрчим хүчний үйлдвэр шинээр барьж байгуулж байгаа улсуудын хувьд“Ашигласан түлшний асуудал” бол сургамж, зайлшгүй авч хэлэлцэх ёстой том хүчин зүйл мөн.
- Өнгөрсөн хугацаанд ажиллаад хугацаа нь дуусаж татан буугдаж байгаа, одоо ажиллаж байгаа цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдээс хуримтлагдсан ашигласан түлшний асуудлыг эцэслэн шийдэхэд ямар их хэмжээний санхүү эдийн засаг, аюулгүй байдал хангах, байгаль орчин, техник технологийн хүчин чармайлт Цөмийн эрчим хүчний үйлдвэртэй улсуудаас цаашид гарахыг төсөөлөхийн ч аргагүй.
- Үндсэндээ “Ашигласан түлшний асуудал” буюу өндөр цацраг идэвхт онц аюултай хаягдалаа олон арван жилээр түр хадгалах, цаашид олон мянган жилээр хадгалах төхөөрөмжинд оршуулан булшлах явдал бол Цөмийн эрчим хүчний үйлдвэр шинээр барьж байгуулж байгаа улс хойчийн хойч үедээ өвлүүлэн шийдвэрлүүлэхээр ухамсартайгаар үлдээж байгаа санхүү эдийн засаг, аюулгүй байдал, байгаль орчин, техник технологийн хүчин чармайлтын асар том дарамт юм.
2. Ашиглах хугацаа нь дууссан Цөмийн эрчим хүчний үйлдвэрийг татан буулгах асуудал
Олон жилийн Цөмийн эрчим хүчний үйлдвэрүүданх байгуулагдаж эхэлсэн тэр үед анхнаасаа тусган тооцоолж том ач холбогдол өгч байгаагүй, тийм боломж ч байгаагүй нэг чухал хүчин зүйл бол ашиглах хугацаа нь дууссан Цөмийн эрчим хүчний үйлдвэрийг татан буулгах асуудал юм.
Эхний үйлдвэрүүд татан буугдаж эхэлсэн энэ үед одоо ажиллаж байгаа, шинээр баригдах цөмийн эрчим хүчний үйлвэрүүдийг ирээдүйд татан буулгах явдал ихээхэн анхаарал татах болсон.Энэ ажиллагаа нь голчлон эд ангиуд нь цацраг идэвхит чанартай болсоноос улбаалан өндөр өртөг, дэвшилтэт техник технологи, урт удаан хугацаа шаарддаг болох нь тодорхой болсон. Жишээ болгоход, АНУ-ын Висконсин мужид оршдог 556 МВ чадалтай Кеваюни гэдэг цөмийн үйлдвэрийг 2013 онд зогсоож татан буулгах ажиллагаанд оруулсан бөгөөд зардал нь 1 тэрбум орчим доллар болох ба энэ ажиллагаа 2073 он хүртэл үргэлжлэх ажээ. Ихэнх тохиолдолд нэг үйлдвэрийг татан буулгах өртөг 300 сая-аас 5.6 тэрбум доллар дотор хэлбэлзэх ба АНУ-ын татан буулгах ажиллагаанд оруулсан арван хэдэн үйдвэрүүдээс аль нь ч татан буулгах ажиллагаагаа дуусгаагүй байна. Харьцуулахад, Арабын Нэгдсэн Эмиратад БНСУ одоо барьж өгч байгаа АPR-1400 дөрвөн нэгжтэй шилдэг үйлдвэр нь нийт 24.4 тэрбум долларын өртөгтэй, нэгж бүр нь 6.1 тэрбум доллар. Англи улс цөмийн үйлдвэрүүдээ татан буулгах зардалаа 73 тэрбумаас илүү фунт болно гэж баримжаалж байна.
Цөмийн эрчим хүчний үйлдвэр шинээр барьж байгуулж байгаа улсын хувьд ирээдүйд учрах энэ зардлыг эхнээс нь тооцоолон тусгахад зарчмын чанартай хүндрэл орчин үед байхгүй болсон боловч энэ нь хойч үедээ өвлүүлэн шийдвэрлүүлэхээр ухамсартайгаар үлдээх гэж байгаа бас нэг асуудлын нэг мөн юм.
Төгсгөлд нь: Эрсдэлийн чанартай гэж үзэж болох ямар хоёр зүйлийг хойч үедээ өвлүүлэн шийдвэрлүүлэхээр ухамсартайгаар үлдээж байгаа тухай, ямар хоёр зүйл дээр хойч үеийнхээ өмнө урьдичилан хариуцлага хүлээж байгаа тухай заавал мэдэж байх учир шаардлагатай шинжлэх ухаан техник технологи мэргэжлийн баталгаат бодит үнэн мэдээлэлийг Цөмийн эрчим хүчний үйлдвэр барьж байгуулах эсэх шийдвэр гаргах эрхтэй энэ улсын жинхэнэ эзэд болох 3 сая гаруй иргэдийн болон тэдний төлөөлөл болох төрийн түшээдийн танин мэдэхүйд нээлттэй хүргэж байна. Өөрийнхөө“үндэсний эрх ашиг”-т зохицсон шинжлэх ухаанч бодлогын үндэслэлийг өөрсдөө бие дааж боловсруулан гаргах нь дараа дараачийн, холбогдох бүх шийдвэр ирээдүйд гаргахад ишлэх үндсэн суурь баримт бичиг болохоор барахгүй, эцэс төгсгөлгүй үргэлжилж магадгүй маргаан шүүмжлэлд өгөх хариулт, хойч үедээ нүүр бардам үлдээх тайлбар болох ач холбогдолтой.
2022 оны 6 сарын 17