Хотоос гараад зүүн урагш 200 гаруй км хар замаар давхиад Дэлгэрцогт сумын төвөөс зам салж 100 гаруй км явсаны дараа Дундговь аймгийн Гурвансайхан сумын төв дээр ирэв. Өнгөрсөн жил хучсан асфальтан замаар сумын төвийг хойноос нь урагш өнгөрөөд хэдхэн хоногийн өмнө ашиглалтад өгсөн спорт цогцолборын өмнө ирж буув. Цогцолборын үүдэнд нутгийн иргэд хадаг, сүүр барин хотын зочдыг угтлаа. Шинэ цогцолборын нээлтэд зориулсан сагсны тэмцээнд оролцохоор зэргэлдээ сумдаас залуучууд цуглаж, өнгө өнгийн хувцсаар ижилссэн нь задгай талд суулгаж орхисон өнгийн цэцэгс адил сонихон. Тэр дундаас уугуул сумын залуучуудын баг “Шинэ Гурвансайхан” гэсэн бичигтэй футболкоор ижилсжээ. 



Цогцолборын оройд байх гурван “S” үсэг нь Соёл Спортын Суугаант цогцолбор гэдгийн товчлол. Сумын төв буюу суурингийнхаа нэрээр “Суугаант” гэж цогцолбороо нэрлэсэн аж. Сууриараа 36мх25м хэмжээтэй, хоёр давхар барилгын өндөртэй уг цогцолборыг Гурвансайханчууд 550 сая төгрөгөөр барьж босгожээ. Сумын иргэд өөрсдөө дундаасаа 50 саяыг босгож /айл бүр эрвийх дэрвийхээрээ хөдөлж, 80 мянгаас нэг сая төгрөгийн хандив өргөсөн гэнэ/, Салхитын мөнгөний уурхайгаас 250 төгрөгийн хандив өгчээ. Үлдсэнийг нь TIKA-гаас тусламж үзүүлжээ. Одоо барилгын гадна зам талбай, орчны тохижилтын ажилд дахиад 300 саяын хөрөнгө шаардлагатай. Энэ мөнгө ч бас хандивлагчдын халааснаас гарах юм. Улаанбаатар хотод бол иймэрхүү багцааны барилга дор хаяж гурван тэрбумаар босно л доо гэлцэж байна. Үнэний ч ортой. Хойдхон талд нь 300 хүүхдийн гурван давхар сургуулийн барилга баригдаж байна. Үүнийг харин яалт ч үгүй төсвийн хөрөнгө оруулалтаар шийджээ.

“Сумын шинэчлэл эхэлснээс хойш суурингийн оршин суугчдын тоо нэмэгдсэн үү?” гэж асуухад “Ямартай ч хасагдаагүй” гэж орон нутгийнхан хариулж байна. Ерээд оноос хойш хязгаар нутгийн хүн ам хот хүрээ рүү олноороо зүтгэж зүдэж, хөдөө нутаг эзгүйрч эхлээд байсан их нүүдлийг энэ хэсэг газарт ямар ч байсан тогтоон барьж чадсан нь илт. Хүн амынх нь бүтцийг хараад үзсэн ч залуучууд голдуу. Нэг үе сумын дэлгүүрийн үүд сахисан согтуу хөлчүүү голдуу харцуул, хаа нэг явган ганхсан хөгшид, хүүхдээс өөр хүнгүй эзгүйрээд байсан эл хульхан суурингийн дүр зургийг энэ сумын төвөөс лав олж харахгүй юм. Гурвансайхан сум хойшоогоо Дэрэн, Дэлгэрцогт, урагшаа Өндөршил, Өлзийт, зүүн тийшээ Баянжаргалан сумдтай хил залгадаг. 12 жилийн сургалттай дунд сургууль ашиглалтад орчихвол зэргэлдээ сумдаас ч хүн ам төвлөрөх боломжтой. 

Өнгөрсөн жил Гурвансайхан луу явах замд, сумын төвөөс 100 гаруй км-ын наана хоёр том тарактор зоочихсон шанагаар хар шороо хутгаж байхтай таарсан сан. Сумын төвийн зургаан га цэцэрлэгт хөрс суулгах гэж тэндээс хар шороогоо ачиж байсан нь тэр. Далан машин шороо зөөж, сум даяараа хөдөлж байж хар шороогоо дэлгэсэн ч тэр нь хар шороо биш, шавар байж таарсан тул энэ жил хотоос хоёр “Шалаанз”-аар хар шороо ачиж цэцэрлэгээ зүлэгжүүлжээ. Өнгөрсөн зуны суулгасан нялх улиаснуудын 80 хувь нь ургасан нь мэргэжлийн хүмүүсээс “Онц” гэсэн үнэлгээ авчээ. Гэлээ гээд нийслэлийнхэн шиг өндөр өндөр ёрдгор төмөр хайсаар цэцэрлэгээ хүрээлсэнгүй. Тэгж илүү зардал гаргахын оронд оршин суугчид өөрсдөө сэтгэл гаргаад сумын төвийнхны бүх малыг хөдөө гаргасан байна. Гурвансайханы төвд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын бүх ажлын явцыг Барилга хот байгуулалтын сайдын өрөөнөөс 24 цагийн турш камераар хянаж байдаг учраас Р.Эрдэнбүрэн төрийн нарийн Засаг дарга руу нь утас цохиод “Цэцэрлэг дотор хэний үхэр яваад байгаа юм бэ, Малаа хурдан гаргаач ээ” гээд л гүйцээ!

Сумын төвийг хөндлөн гулд хоёр км гаруй урт цардмал замыг тавьж, зам дагуух тэмдэг тэмдэглэгээ, явган хүний зам, гарц, гэрэлтүүлгийг ч хамтад нь шийдсэн байна. Зам дагуу айлуудын хуучин банзан хашааг буулгаж, блокоор өндөрлөсөн хайсан хашаануудыг барьж эхэлжээ. Энэ хэсэгт инженерийн шугам сүлжээ буюу цэвэр бохир, дулааны шугамыг тавьж эхний айлуудыг цэвэр бохирын шугамтай холбосон байна. Гудамж уруудуулан тавьсан төв шугамыг НҮБ-ийн тусламжийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд харин айл өрхүүд өөрийн хашаа руугаа татуулахдаа өөрсдөө мөнгөө гаргажээ. Нийслэл хотод ч хүрэлцээгүй хэвээр байгаа гэр хорооллын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудлыг говийн жижиг суманд ингэж шийдээд эхэлчихэж.

Төв замын уулзвар дээр том самбар байрлуулж, сумын төвд шинээр хийгдэх дэд бүтэц, шаардлагатай барилга байгууламжийн план зургийг тавьсан байна. Сумын сургууль, цэцэрлэгийг шинээр барьж, сургуулийн дотуур байр, Засаг даргын тамгын газар, соёлын төв, цэцэрлэгийг цэвэр бохир усны шугамд холбон дулаанаар хангах аж. Мөн гэр хорооллын айл өрхүүдийг холбох боломжийг бүрдүүлж, хяналтын худгийг төлөвлөжээ. Дулаан хангамжийн шугам гэхэд 1623 м, дулаан хангамжийн худаг 11 ширхэг, ариутгах татуургын шугам 2355 м, ариутгах татуургын худаг 73 ширхэг, 100 тоннын багтаамжтай цэвэрлэх байгууламж нэгийг барьж байгуулахаар төлөвлөсөн байна. Нэг ёсондоо өнгөрсөн 70-80 жил нүүдэлчин хэв маягаар амьдарч ирсэн энэ сумынхан одооноос орчин үеийн соёлт хүний жишгээр амьдрах боломж бололцоо бүрдэж эхэлжээ. Хөдөөгийн буйдхан суурингийнхан ирсэн гийчдийг тэгтлээ хөл алдан угтсан шалтгаан энэ.

Шинэчлэлийн Засгийн газрын үед Барилга хот байгуулалтын яамнаас аймгуудын ерөнхий төлөвлөлтийг хийж эхэлсэн. Дөрвөн аймгийн 16 суманд сумын төвийн шинэчлэлтийн төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд нэг суманд дунджаар таван тэрбум, нийт 80 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэдэг тооцоог хийсэн байна. Үүнээс эхний 250 мянган ам.долларыг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс санхүүжүүлж, сумын хөгжлийн сантай хамтран нэг суманд дунджаар 600-800 орчим сая төгрөгийн ажил хийгдээд байгаа тухай өнгөрсөн зун Гурвансайхан суманд болсон хандивлагч байгууллагуудын уулзалтын үеэр танилцуулж байсан.

Дээр хэлсэн 80 тэрбум төгрөг гэдэг бол зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт дээр тавьсан тоо. Гурвансайхан сумын хувьд үүнд багтаагүй. Зэргэлдээ Өлзийт, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумд харин сумын шинэчлэлтийн хөтөлбөрт багтаж, цаасан дээр ч болтугай хөрөнгө нь төсөвлөгдөөд явж байгаа. Гэвч Гурвансайханчууд өөрсдийн нөөц боломж хийгээд хандивлагчдын дэмжлэгээр сумандаа таван тэрбумын хөрөнгө оруулалтыг өнгөрсөн хоёр жилийн дотор татаж амжаад байгаа гэнэ. 12 жилийн сургалттай ЕБС-ийн барилгын ажлыг эс тооцвол төсвөөс нэг ч төгрөг аваагүй гэдгийг дээр хэлсэн. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх шинэ сумдын төвийг ч гэсэн иймэрхүү хэмжээнд хийчихэж яагаад болохгүй гэж. Гурвансайханд одоо хийгдэх ёстой ажил нь сумын нийт өрхийг халуун хүйтэн усаар хангах, цэцэрлэгжүүлсэн талбайгаас бусад талбайн шороон “шал”-ыг чулуугаар шаллах явдал.  

Гурвансайхан сумын бүтээн байгуулалтын гол онцлог нь сумын иргэд өөрсдөө энэ ажилд гар бие оролцож байгаа явдал. Гэрэл цахилгаантай, халуун хүйтэн устай, харилцаа холбоо, интернетийн орчинтой байх нэг хэрэг. Гэвч шинээр бий болж байгаа энэ амьдралын өртгийг яаж төлөх вэ, орлогоо яаж нэмэгдүүлэх вэ гэдэг хоёр дахь асуудал. Сумын хөгжлийн хоёр дахь үе шат ч гэж болно. Амьдралд үнэ төлбөргүй юм гэж байдаггүй. Хэдий их тав тух, хөгжил хөдөлгөөн бий болно, тэр хэрээр амьдралын өртөг өсдөг. Хэдийгээр дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг нь үнэ төлбөргүй хийгээд өгсөн ч ашиглалтын зардлаа иргэд өөрсдөө төлж таарна. Үүний төлөө иргэд өөрсдөө ажилтай, орлоготой байх хэрэгтэй.

Эхний ээлжинд энэ нутгийнхны олж харсан зүйл бол аялал жуулчлалын шинэ маршрут гаргах явдал. Өөрийн аймгийн Өлзийт, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал зэрэг сумдтай хил залгадаг энэ суманд улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Их газрын чулуу”, “ Ярхийн уул” зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд олноороо бий. Сумын төвөөс 30-аад км давхиад хүрэх “Их газрын чулуу”-нд хүрнэ. Энд хэдэн жилийн өмнө хээрийн задгай театр байгуулж, “Туурайн төвөргөөн” олон улсын хөгжмийн наадмыг зохион байгуулснаар гадаад, дотоодын олон зочин гийчин ирдэг болсон. Олон улсын донор байгууллагуудыг нэг дор цуглуулсан өмнөх удаагийн уулзалтын үеэр ч бас нутгийн иргэд задгай театрт ардын урлагийн тоглолт зохион байгуулж, морио уралдуулж, бөхөө барилдуулан бэсрэг наадам хийсэн шиг ирсэн гийчдийнхээ нүдийг хужирлаж, сонорыг мялааж байлаа. Сумын төвөөс 30 км-ын зайд шинэ уурхай нээгдэхэд анхандаа эсэргүүцэн шүүмжилж байсан нутгийн иргэдээс олон хүн одоо тэнд ажиллаж, орлогоо нэмэгдүүлэх, амьдралаа өөд татахыг илүүд үзэх болсон байна.
Энэ нутгийнхан гэрийн модон хийц, модон эдлэл, морин хуур урлалаараа алдартай. Харин сүүлийн үед замын хашлага цементэн хавтан, барилгын блок шахдаг жижиг үйлдвэрүүд сумын төв дээр бий болж, тэдний нэлээд хэсэг нь одоо өрнөж буй бүтээн байгуулалтын ажилд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болчихсон байна. Харин хөдөөгүүр бол вакуум цонх, төмөр хийцтэй нүүдлийн амбаар “моод” болж байгаа гэнэ. Нэг айлын зургаан ам бүл өлхөн багтчих энэ “гэр тэрэг”-ийг отрын малчид 4-6  сая төгрөгөөр дуртайяа авдаг аж. Гүний худгаа түшиглэн хүнсний ногоо тариалдаг иргэд ч цөөнгүй. Хаа очиж яавал ажилтай, орлоготой болох вэ гэдэг дээр хэн хүнгүй л сэтгэлээ чилээж, хараа бэлчээж байгааг энэ бүхнээс харж болно. Харин тэдэнд санхүүгийн багахан дэмжлэг хэрэгтэй.

Өнгөрсөн жил уг суманд хийгдэж байгаа шинэчлэлийн ажилтай танилцахаар ирсэн хандивлагчид, Дэлхийн зөн, Жайка, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхөн өөрсдийн үзүүлсэн тусламжийг үр дүнтэй, тогтвортой байлгахын тулд Засгийн газраас гадна орон нутгийнхантай санал солилцон хамтарч ажиллах, шаардлагатай тусламж дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэх болно гэдгээ хэлцгээж байсан. Энэ жил ирсэн TIKA-гийн төлөөлөгчид, тус байгууллагын тусламжтайгаар Гурвансайханд хөрөнгө оруулсан Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар ч сумынхны хийж бүтээсэн зүйл, өөрсдийн үзүүлсэн хандив тусламжийн үр дүнд сэтгэл өндөр буцна лээ.