(Тегеран-3)

Ираныг сонирхох шалтаг шалтгаан надад өмнө нь байсан талаар би дээр цухас дурдсан. Монголчууд Ираныг захирч байснаас үүдэлтэй түүхэн шалтгаан гэж байна. Ямар ч монгол хүн татагдахаар даа. Энэ чинь хэнсэн билээ гэж андуурмаар монголжуу, хөрслөг бор царайтай онигор нүдтэй хүмүүс Тегеранд зөндөө тааралдаж байсан нь монголын дайнчдын удам хазарууд (хазар - azōra) хэмээн Иранд үздэг аж. Тэд лалжаад, перс-тажик хэлийг өөриймшүүлж авчээ. Эрчүүд нь толгой дараалан Чингис нэртэй монголжуу тосгон Тегераны ойролцоо бий хэмээн тийшээ очоод ирсэн манай албаны нэг нөхөр ярьж байсныг би сайн санаж байна. Болдогсон бол очиж үзмээр л санагдаж байна.   

Ираныг сонирхох бас нэг шалтгаан, магадгүй гол шалтгаан нь миний мэргэжил, судалгааны ажилтай холбоотой. Миний бие "Евразийн геополитик, олон улсын харилцаа: Өнгөрсөн, одоо, ирээдүй", "Геополитикийн лекцүүд" зэрэг судалгааны зохиолууддаа Ираны геополитикийн хувьсал, хэтийн төлөвийн талаар нэлээд дэлгэрэнгүй бичиж, тэр хэрээрээ тэр орныг сонирхох болсон. Чингэхдээ америк профессор С.Хантингтон, З.Бжезински, Оросын философич А.Дугин, эрдэмтэн В.А.Русаков, футурлогч В.Феллер нарын зохиолоос эшлэж, XXI зууны дэлхийн хөгжил, дэлхийн бодлогод Ираны гүйцэтгэх үүргийг урьдчилсан төсөөлөхийг хичээсэн. Лалын маш хүчтэй иргэншил бүхий Иран төвтэй хүчний төв бүрэлдэж буй тухай тэд нэгэн зэрэг шахуу тэмдэглэсэн байдаг юм билээ. Үүний үнэн мөнийг очин байж нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэе гэх бодол олон жилийн өмнөөс намайг тийш нь татан дагуулсан гэх үү дээ. 

Ажаад байхад Иран нь хөгжлийн дардан замаар жирийлгээд өнөөгийнхөө өндөрлөгт хүрчихээгүй юм билээ. Энэ талаар баримт сөхөж ажиглалт дүгнэлт хийснээ уншигчиддаа сонирхуулъя.

Ираны хөгжил дэвшил 1978-1979 оны лалын хувьсгалаар нэг саатаж зогсоод, дараа нь Иран-Иракийн дайны балаг сүрхий нөлөөлж, 1990-ээд оноос хөгжил нь жигдрээд, одоо бол сэргэлт явагдаж байна хэмээн үздэг.

Шинэ зуун гараад аялал  жуулчлал бүрэн сэргэжээ. Шинэ зууны эхээр жилдээ жуулчны 300 мянган виз олгож, 2004 он гэхэд 1.7 сая гадаадын жуулчин хүлээн авч байж. Хэдэн жилийн өмнө жуулчлалаас 2 тэрбум ам.долларын орлого олсон гэж байна. Хилийн боомтууд дээр жуулчны виз шууд олгодог нь ч ихээхэн хөнгөлөлт болжээ. Виз олгоход ямар ч саад байхгүй, хил дээр 70 ам.доллар төлөөд хэн бэ гуай ч  хоёр 7 хоногийн виз авч болно хэмээн ГХЯ-ных нь албаны хүн ярьж байсан. Мөн интернэтээр анкет бөглөөд онлайн виз авчихаж болох юм билээ.

Гадаадын жуулчдын ихэнхи нь хөрш лалын орнуудын мөргөлчид байсан бол бүтэц нь аажмаар өөрчлөгдөж байна. Лалын жуулчид Мешхед, Кум хот, Хомейнийн бунхан руу зүглэдэг бол европын жуулчид археологийн олдвор, хуучны уран барилга, туурь цайз, музейд нь татагддаг ба Иранд жуулчдыг татан дууддаг түүхэн, дагшин газар 68 байдаг аж. Египеттэй харьцуулахад Иранд груп жуулчлал (багийн) төдийлөн хөгжөөгүй, харин бие дааж амь амиа бодсон жуулчид гэр бүлээрээ, ганц нэгээрээ очих нь түгээмэл байх шиг.

Жуулчлал эрчтэй хөгжихгүй байх шалтгаан нь дэд бүтэц султайнх гэж өөрсдөө тайлбарладаг. Хүн амынх нь 1.8 хувь жуулчны бизнес эрхэлдэг гэхлээр нийт хүн амд нь хуваагаад үзвэл (74 саяын 1.8 хувь) үнэхээр чамлалттай.  Хэдийгээр ойрын жилүүдэд жуулчлалын бизнесийг 10 хувиар өсгөнө гэсэн бодлого барьж байгаа ч лалын хувьсгалын мөн чанар, лалын хувьсгалын сургаалиас үүдэлтэй, өрнөдийнхний эсрэг хатуу байр суурь нь энэ салбарын бизнесийг чөдөрлөж байх талтай. Эмэгтэйчүүдийн хувцаслалтад тогтоосон жишиг, исламын ёс жаягийг зөрчвөл гадаадын хэн бэ гуайг ч цээрлүүлчихдэг (ер нь Иранд гэмт хэрэгтнийг маш хатуу цээрлүүлдэг) зэргээс үүдээд гадаадын жуулчид тийшээ тэгтлээ цувахгүй байж болох юм.

Аялал жуулчлал бол улс орны тэргүүлэх салбар байж, тэр нь орчин үеийн стандартаар, хэрэг дээрээ барууны стандартаар хөгжиж байж л үр дүнд хүрэх учиртай. Аялал жуулчлалын гол нөхцөл нь зочид буудлын бизнес байдаг. Тегеранд бидний буусан  Parsian Esteghlal International Hotel гэдгээр жишээ авч болохоор. Уг нь 1979 оны хувьсгалаас өмнө Hilton зочид буудал байсныг хувьсгалчид нийгэмчлээд нэрийг нь өөрчлөөд “Тусгаар тогтнол” болгочихож, Esteghlal гэдэг нь перс хэлээр тусгаар тогтнол гэсэн үг юм байна. Ингээд Hilton-ыг Esteghlal-аар солиод, менежментийг нь өөрчлөөд лалжуулаад, хувьсгалжуулчихаж. Таван одтой гэхэд бусад орны ийм зэрэглэлийн буудлын дэргэд (би бол Hilton-той нь харьцуулмаар санагдлаа) үйлчилгээ нь эрс ялгарч байна лээ. Адаглаад л бялдаржуулах танхим, усан сан нь төд дэх өдөр эрчүүдэд, төд дэх эмэгтэйчүүдэд үйлчилнэ гэсэн хатуу журамтай. Өглөө эрт онгойно гэж байхгүй. Сархадыг хорьсноос үүдэн баар, ресторан гэхээр юм байхгүй, ингээд өөлөөд байвал  монголчуудад төсөөлөгдөмгүй. Энэ ч яахав, гол биш. Цаг хугацааны асуудал.

Ираны жин нөлөө, Иран дэлхийд ер нь хэн юм бэ гэдэг талаас нь бичвэл уншигчдад сонин байж магад. Иран бол нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр манайхаас том (1.648 сая хавтгай дөрвөлжин км, Европтой харьцуулж үзвэл, тэр чигтээ Британи, Испани,  Франц, Итали ба Швейцарийг нийлүүлээд байж байна гэсэн үг), стратегийн болон геополитикийн маш ашигтай, чухал байршилтай орон юм. Каспийг Персийн булантай холбох хуурай газрын цорын ганц гарц Иранд л байна. Өмнөөс хойшоо гэсэн тэнхлэг дээр ийм давуу талтай юм гэхэд баруунаас зүүн гэсэн тэнхлэг дээр Турк, Ойрхи Дорнодыг Төв Азитай холбох хуурай газрын гарц бас тэнд байна. Хэрэв Турк нь Европын Холбоонд нэгдчихвэл (цаг хугацааны асуудал л үлдсэн) газар зүйн хувьд Еврази нь Иран-Туркээр зааглагдаж, Азийн баруун хязгаар нь Иран болох мэт төсөөлөгддөг юм.  

Хүн амын өсөлтөөр (эдүгээ 74 сая) байнга тэргүүлж байна. 1979 оноос хойш хүн ам нь хоёр дахин өссөн. Энэ бол хүний хүчин зүйл, хүний нөөц гэдэг утгаараа тэр орны том давуу тал юм. Хүний хөгжлийн индексээр хэмжвэл Иран нь манай Египетийг бодвол хол ахисан улс юм уу гэсэн ажиглалт надад төрсөн юм. “Аллахдаа л үнэнч байвал бусад нь ч яамай”, “Мөргөлөө л үйлд, ажлаа дараа нь бол!” гэсэн хандлага Египетэд түгээмэл байх шиг санагддаг. Тийм үзэл бодолтой албан тушаалтан, дарга нар бишгүй нэг тааралддаг. Харин Иранд мөргөл, шашны зан үйлээр албан ажлаа ацагладаггүй бололтой. Тиймдээ  ч Туркийн урд гартлаа хөдөлмөрлөж, үйлдвэрлэж, бүтээж байх шиг санагдлаа.       
 
Эдийн засгийн талаасаа бол Иран нь үндэсний үйлдвэрлэлээр дэлхийд 15 дугаарт, эдийн засгийн гол гол үзүүлэлтээр дэлхийд 16 дугаарт яваа, Баруун Ази, лалын ертөнцөд Турктэй зэрэгцэх (2007 дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр Туркийг ардаа орхисон, 852.6 тэрбум ам.доллар), бүс нутагтаа бол технологийн хувьд үлэмж хөгжсөн орны тоонд зүй ёсоор орж байна. Ази тивээр авч үзвэл Иран нь ДНБ-ний хэмжээгээр Япон, Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгосын дараа орж байна.  

Газрын тос, байгалийн хийн нөөцөөрөө Евразидаа дээгүүрт орно. Нефть экспортлогч орнуудын байгууллагын (ОПЕК) гишүүд дотор нефть олборлолтоор Саудын Арабын дараа хоёрдугаарт,  нефть экспортоор 4 дүгээрт явж байгаа. Дэлхийн зах зээлд 2000 оноос хойш нефтийн үнэ байнга өсч байгаа ба Иран үүнээс маш их ашиг олсон. Нефтийн нөөц нь 18 тэрбум тонн, дэлхийн нефть бүтээгдэхүүний худалдааны 5.5 хувь Иранд ногддог, хоногт 4.2 сая баррель олборлодог, түүнийхээ 2.7 саяыг экспортолдог гэхлээр бидний шагшаад байдаг Булангийн орнуудыг хэдийнээ ардаа орхисон мэт. Мөн дэлхийн байгалийн хийн нөөцийн 16 хувийг Иран эзэмшдэг ба энэ салбарт толгой цохих нь ойрын ирээдүйн асуудал юм.

Иран нь зөвхөн байгалийн баялгаараа эдийн засгаа босгодог гэж үзэх нь өрөөсгөл.  1970-аад оныг хүртэл Иран нь хөдөө аж ахуйн орон байсан юм билээ. Энэ байдлыг өөрчилж барууны, америкийн компаниудыг түлхүү оруулж аж үйлдвэржүүлэлтийг 1970-аад оны турш хийжээ. Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээний үйлдвэржүүлэлт явуулж, эдийн засгаа шинэчилж чаджээ. Харин сүүлийн үед эдийн засагтаа тэргүүлэх чиглэлийн салбарыг нь түлхүү хөгжүүлж байгаа. Энэ нь суурь  машины ба автомашины, пуужин-сансрын, мэдээллийн технологийн үйлдвэрлэл гэнэ. Мэдээж уламжлалт – персийн алдарт хивсний үйлдвэрлэлээр толгой цохисоор ирсэн. Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг нь энд нарийвчлаад байх шаардлагагүй.

Шилжилтийн гэх бүлэг улс орнууд дэлхийн гуравны нэгээс давсан тухай “Хүйтэн дайн”-аас хойш бид бишгүй нэг ярьж байна. Ираныг эдийн засгийн талаас нь авч үзвэл яалт ч үгүй шилжилтийн орон гэхээр надад санагдлаа. Лалын хувьсгалаар нийгэмчилсэн салбаруудаа эргээд аажмаар хувьчилж байна. Төр мэдэх юмаа мэдэх нь зүй. Нефть-химийн үйлдвэр, эрчим хүч, хүнд машины үйлдвэр, банк, гадаад худалдаа, даатгал, мэдээлэл харилцаа холбоо, тээвэр, шуудан холбоо төрийн мэдэлд нэг хэсэгтээ байх нь зөв гэж тэд үзэж байгаа юм билээ. Харин барилга, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, үйлчилгээний салбарыг хувьчилж дууссан гэж байна.               

Ямар ч атугай аль ч талаас нь аваад үзэхэд Иран нь ойрын ирээдүйд бүс нутгийн  их гүрэн болох амбицтай гэдэг нь харагдсаар байна.  Ираны өнөөгийн дэглэм олон улсын тавцанд хэрхэн авирлах нь тэдний өөрсдийнх нь хэрэг юм. Харин энэ дэглэм нэг өдөр солигдоход л дараа нь бүс нутагтаа цэцэглэн хөгжсөн, харьцангуй европжиж соёлжсон, хэтдээ өрнөдийнхөнтэй түншилж чадах бэлээхэн хөрстэй, нөлөө бүхий нэгэн гүрэн аажмаар төлөвшиж байна гэж үзэх үндэстэй юм. G-20, БРИК-т хэтдээ нэгдэх бүх нөхцөл нь тэр улсад аажмаар бүрдэж байна.

Биднийг Ливанд айлчилж явахад  жижиг улс жижиг улсаа ойлгож дэмжих хэрэгтэй хэмээн улс төрчид нь бидэнд хэлж байсан шиг Ази тивийн улс орнуудын хамтын ажиллагаа, нөхөрлөл амин чухал бөгөөд Азийнхан бид бие биенээ дэмжих ёстой хэмээн Ираны удирдагчид байнга тэмдэглэх ажгуу. Намайг ГХЯ-ндаа хүлээн авч уулзсан Зүүн Ази-Номхон далайн газрын Ерөнхий захирал нь дараахи саналыг тавьсан юм. Үүнд “ Бид Зүүн Азийн орнууд болох БНХАУ, ОХУ, Япон, БНСУ-тай маш сайхан харилцаатай. Монгол Улстай ч сайхан харилцаа тогтоохыг эрмэлзэж байна. Бид Монголд техникийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Ялангуяа газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолт, зам, гүүр барих асуудлаар бид Монголд төсөл хэрэгжүүлж болох юм” гэсэн юм.

Хэтдээ, тэгэхдээ нэг их холгүй дээ, бүс нутгийнхаа хүчирхэг гүрэн болох бүрэн магадлалтай энэ улсыг монголчууд бид  анхаарлынхаа гадна үлдээж хэрхэвч болохгүй бөгөөд найрсаг харилцааны бодитой суурь, хамтын ажиллагааны оновчтой механизмыг эртнээс бодож, боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.