Сэтгүүлчид ээ, миний бичиж нийтлэх эрх хязгаарлагдаж, дарамт шахалтад өртлөө. Намайг дэмжиж өгөөч
Өчигдөрхөн би улсынхаа Эмирийг шүүмжилж твиттер хуудсаараа байр сууриа илэрхийлснээсээ болж 11 жил өргөст торны цаана суух хатуу цээр амссан,алс холын гивлүүрт бүсгүй Худу Аль Ажмигийн тухай бичиж суулаа.
Өчигдөрхөн би улсынхаа Эмирийг шүүмжилж твиттер хуудсаараа байр сууриа илэрхийлснээсээ болж 11 жил өргөст торны цаана суух хатуу цээр амссан,алс холын гивлүүрт бүсгүй Худу Аль Ажмигийн тухай бичиж суулаа. Өөртөө, өөрийнхөө эх оронд байгаа алтанхан эрх чөлөөгөөр бахархаж, үнэ цэнээр нь ханатлаа бялууран амьсгалж байгаа монголчуудынхаа тухай бодож, сониныхоо арын нүүрэнд жижигхэн зурвас тэрлэчихээд гэр лүүгээ цээж тэнэгэр алхаж явав. Энэ бол миний эрх чөлөө. Надад байгаа цорын ганц баялаг. Мэдээж би сонины эзэн биш болохоор миний эрх жаахан хязгаарлагдмал нь үнэн. Гэхдээ би Худу бүсгүйн дэргэд хэтийдсэн гэмээр эрх чөлөөтэй, цэнхэр тэнгэр, уужим талынхаа дунд иргэд нь эрх дархаа эдлэх шиг болдог ардчилсан Монгол орны иргэн. Хэдийгээр би эзэн биш ч гэлээ эзнээ шүүмжлэх, өөрийн байр сууриа хамгаалж үгээ хэлэх эрхийг эдэлдэг. Дарамтлуулах, арга буюу арагшаа ухрах, зарим үед зогсох “эрх”-ийг ч бас хангалттай эдэлдэг. Энэ мэтийг бүгдийг нь эргэцүүлсэн ч миний эрх чөлөө хангалттай л санагдаж байлаа, өчигдөр орой. Харин өглөө иртэл байдал бишиджээ. Бахархаад, бардамнаад байсан эрх чөлөөг маань захаас нь эвхэж эхэлдэг байгаа. Шалтгаан нь миний үйл ажиллагаа МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ аваргад таалагдахгүй байгаагаас үүджээ. Сэтгүүлч Б.Ганчимэг нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжихгүй байгаа нь тус намын өнөөгийн зарим удирдлагуудын уур унтууг ихэд бадрааж байгаа юм байх. Тэрнээс нь болж манай сонины эрхлэгч цаашид миний нийтлэлүүдийг хэвлэхгүй гэж “лүндэн”-дэх нь тэр. Лүндээдээд л, Лүндэндээд л ер нь энэ нам юу болж байна вэ. Улс үндэстнээ яс угсаа, нутаг жалгаар нь талцуулсан жавартай завхай үгсийг тус намын зарим нөлөө бүхий эрхмүүд Дорнод аймгийн иргэдтэй хийсэн уулзалт дээр унагасан талаар би нэгэн нийтлэлдээ шүүмжилсэн юм. Уншигчид ч хэдэн өдрийн турш хангалттай сэтгэгдлүүдээ бичив. “Алслагдмал, хязгаар нутгийн иргэд маань цэвэр цусны монгол биш юм уу. Төв нутгаараа тархан суугаа түмэн маань цэвэр биш юм уу” гэсэн бухимдалтай үгсийг тэд маань нисгэж байна. Хажуугаас нь захиалгатайгаар бөөн бөөнөөр нь доромжилсон, гүтгэсэн, дайрсан comment-уудыг ч нэгэн хэвлэлийн албанаас зохион байгуулалттай явуулж байна. Гэхдээ энэ мэт явдлууд нь над шиг хориод жил сэтгүүл зүйн гал тогоонд чанагдсан, ажил мэргэжил маань амьдралын минь цорын ганц утга учир болчихсон, мянга мянган уншигчдынхаа дунд хангалттай хүндлэгдсэн сэтгүүлчийг сөхрүүлж чадахгүй. Тийм болохоор би тэр мэтийг авч хэлэлцэхгүй. Гагцхүү төрийн хүмүүсийн үг нь цэгцэрч, үзэл нь тогтворжиж, зүрх сэтгэл нь угаагдсан баймаар даа гэсэн гайхширлаа дарахад хэцүү байна. Тус нийтлэлийн дараа зарим дарга нар нь над руу ярьж байр сууриа хамгаалсан. Дургүйцлээ илэрхийлсэн. Энэ бол байдаг л зүйл. Би бас л тоогоогүй. Дараа нь би УИХ-ын гишүүн асан, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Энэбишийн Мөнх-Очирыг олж ярилцлагынхаа зочноор урьсан. Э.Мөнх-Очир намынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулсан арга барилыг шударгаар шүүмжилж, одоогийн намын дарга Ө.Энхтүвшинг зарчмын хувьд нэр дэвших ёстой байсан. Намын даргаа дэвшүүлээгүйд сэтгэл дундуур байна гэдгээ илэрхийлсэн. Улс төрийн нам гэдэг институц улс төрийнхөө тогтсон дэг жаяг, зарчмаа гишгэсэн шийдвэр гаргалаа гэдгийг л хэлсэн. Эхний өдөр нь энгийн зүгээр сайхан ярьж сууцгаасан. Уулзаагүй их ч удсан байсан. Хоёр хоногийн дараа би ярилцлагаа авсан. Уулзахаар очихдоо би Б.Бат-Эрдэнийн сурталчилгааны сонинг авч очсон. Тэр сонин дээр Булган аймагтай анх холбогдсон түүх нь байсан. Гэхдээ самбо бөхийн холбоог олон жил авч явсан, энэ нам төрийн том зүтгэлтэн байсан, хуурай ах нь байсан Л.Энэбиш даргын талаар “А” үсэг ч байгаагүй. Увс аймагт гэхэд хөл тавьж үзээгүй гэж байх жишээтэй. Би сэтгэл зүйн үүднээс энэ хачирхалтай баримтуудыг ярилцах зочиндоо үзүүлсэн. Тэр хүн тэр сонинг үзээгүй явсан. Үзээд маш эмзэглэсэн. Миний ярилцлага бүтсэн түүх ердөө л энэ. Энэ бол миний техникийн л шийдлүүд. Үүнээс болж би яагаад сониндоо адлагдах, бичих нийтлэх эрхээ хязгаарлуулах ёстой юм бэ. Би монголчууд өнөөдөр ямар нэг спорт заалны даргыг сонгох гээгүй ээ, улсын Ерөнхийлөгчийг сонгох гэж байна гэж ярилцлагадаа хэлсэн. Энэ бол миний хувийн байр суурь. Хувь хүний маань байр суурь. Энэ бол миний эрх. Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжих нь миний өөрийн эрх. Сүүлийн үеийн улстөрчид их сонин болжээ. Сэтгүүлч хүн нэг л шүүмжлэлтэй үг дуугарвал өсөрхөөд унадаг. Хуучны, мэргэшсэн, тулхтай улстөрчид бол тэгдэггүй. Би Ерөнхийлөгчийг ч шүүмжилдэг. Тэр хүн эргэж уулзахдаа ямар нэг гомдол, дарамт шахалт үзүүлдэггүй. Хүрэлсүхийг би зөндөө л шүүмжилж байсан. Эргээд таарахад инээж л байдаг. Бат-Эрдэнэ гэдэг хүн бол дэндүү хорон, чимээгүй айхтар дарамт явуулдаг хүн байна. Би бол шууд л тэгж харж байна. Бөхчүүдийг хагалж хуваадаг шигээ олон түмнийг хагалж хуваах гэж байна. Дэндүү далд муу санаатай хүнээс л Сэцэн хааны хүн одоо Ерөнхийлөгч болох ёстой гэсэн эвгүй мессеж гарна гэдэгт одоо итгэж байна. Энэ хүний өс хонзонд өртвөл юу ч болж мэдэх нь. Зүгээр ажлаа хийж байгаа би хүртэл ажилгүй болох дээрээ туллаа. Тийм болохоор би мэргэжил нэгтнүүддээ хандаж, миний нийтлэлүүдийг хэвлэн нийтлэхийг уриалж байгаа юм.