Хүний алтан амийг аврах боломж эмч эсвэл шүүгчид л оногддог  юм гэсэн. Эмч бол аврагч,  шүүгч бол цаазаар авахуулах  ялтай хүний ялыг өөрчлөх чадалтай.  Тэгвэл хүний амь аврах  эрх Д.Амарбаясгаланд бас байсан юм. Үгүй ээ, байгаагүй боловч тэр байлгаж бүр  шийдвэр гаргуулж чадсан билээ...  Энэ бол гайхамшигтай түүх.

2012-2016 оны  НИТХ дахь МАН –ын бүлгийн ахлагч Дашзэгвийн Амарбаясгалан. Одоо бол тэрбээр эрх баригч МАН –ын Ерөнхий нарийн бичгийн дарга.  Түүний тухай сэтгэл хөдлөм, бас элэг эмтрэм энэ түүхийн тухай би  өмнө нь товчхон нэг удаа бичиж байсан.  Гэхдээ нэг л тухтай нухацтай бичнэ дээ гэж бодсоор явтал цаг хугацаа довтлон өнгөрчээ.  Хүн гэдэг амьтан угаасаа хүний тусыг авсан тэр мөчдөө л талархаад тэгэсхийгээд умартдаг бололтой. Харин би  тэгмээргүй байна.  Нийгэмд сайн сайхан сэтгэл хөдөлгөм түүхийг заавал сануулж байх учиртай гэж бодном.  Ингээд энэ тухай бичсүү....



Хурц шийдэмгий магадгүй бага зэрэг түрэмгий ч байж мэдэх  энэ залуугийн чин сэтгэлийн илчээр олон монгол хүний амийг аврах боломж нээгдсэн юм.  Юу болсоныг одоо өгүүлье. Монголд элэгний  хорт хавдраар өвдсөн хүний элгийг шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэггүй  юм. Гэтэл элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт байр орсон эмгэнэлт мэдээ бий.  Хавдраар өвдсөн хүмүүс элгээ солиулах гэж гэр орноо зарж үрж,  байгаа бүхнээ ломбарданд тавьж,  ах дүүсээсээ мөнгө цуглуулан арай аргатай зарим нь хандивын тоглолт хийж мөнгөө цуглуулаад харийн орныг зорих нулимстай цуваа  жилээс жилд нэмэгдэн хөвөрч байгаа нь гашуун үнэн. Гадаадад элэг солиулахад хамгийн хямдхандаа 80 мянган ам.доллар.  Хэрэв мөнгөгүй бол хувь заяатайгаа чимээгүйхэн эвлэрч өдрөөс өдөрт ойртон ирж буй үхлийг хүлээн сууна. Энэ бол өнөөгийн нийгмийн үнэн дүр төрх. Ард түмэн энэ гашуун үнэнийг үүрч явахад  эрх баригчид мэдэхийг ч хүсдэггүй билээ. Иймийн учир Монголдоо Хавдар судлалын үндэсний төвд хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгэхийн тулд тоног төхөөрөмж авах шаардлагатай нэг тэрбум төгрөгийг бүрдүүлэх зорилгоор  ”Элэг нэгт монголчууд сан” байгуулагдаж гүйцэтгэх захирлаар нь сэтгүүлч миний бие сонгогдсон юм. Тэрбум төгрөг. Энэ бол олонхи монголчуудын амьдралдаа харж ч үзээгүй их мөнгө. Надад ч мөн адил. Ингээд эхлээд хаачихаа мэдэхгүй байлаа  бидний  хэдэн нөхөд.   Бид Фэйсебүүкээр 10 ,000 төгрөгийн хандивын аян зарлаж, улсын тодотголтой Урлагийн байгууллагууд 21 аймаг болон Улаанбаатар хотод хамгийн шилдэг уран бүтээлүүдээ тоглов. Тэглээ гээд эгэл ардаас цугласан мөнгө 50 сая төгрөг боллоо. Гэтэл бидэнд итгэл тавьж Монголд хийгдэх мэс заслыг хүлээн өвчиндөө шаналан буй хүмүүсийн тоо нэмэгдэж эхнээсээ бие нь муудаж эхэлсэн аймшиг  зовоож эхэллээ.  Хэрэв тэдний амийг аварч чадахгүй бол...гэсэн бодол өр нухаж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болсон. Харин энэ үед бидний ганц итгэл найдвар бол НИТХ-ын МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан байсан юм. Түүнд хамаг үнэнээ тоочиж Нийслэлийн  төсвөөс тэрбум төгрөгийг гаргах тогтоол гаргахад туслахыг гуйж албан ёсоор хандсан юм. Тэр уриалгахан хүлээн авч тэр өдөртөө намынхаа бүлэгт танилцуулж дэмжихээр боллоо. Цээж жаахан ч гэлээ хөнгөрч  итгэл төрж байлаа. Гэвч МАН бол НИТХ хуралд цөөнх шүү дээ. Тэд шийдвэр гаргадаггүй. Олонхи шийдэхгүй бол яаж ч чадахгүй өнгөрлөө л гэсэн үг. Гэвч Д.Амарбаясгалан маань олонхийн бүлэгтэй тулж ажиллаа. НИТХ –ын хурлын дарга Д.Баттулгаас авахуулаад, тэргүүлэгч гишүүдтэй ч уулзаж Элэг нэгт монголчууд сангийн хүсэлтийг  эрүүлээр хүлээн авч олон хүний амь насыг авраач гэсэн ойлголцлыг санал болгож явсан юм. Ингээд 2016 оны тавдугаар сарын 12 ны өдөр НИТХ- аас   “Элэг нэгт монголчууд” сангийн   хүсэлтийг хүлээн авч Монголд хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгэхэд  шаардагдах тэрбум төгрөгийг шийдвэрлэв. Үүн шиг баяр, үүн шиг сайхан мэдээ тэр өдөр байсангүй.... Гэтэл яг энэ шийдвэрийг хэлэлцэх өдрийн өмнөх шөнө  Д.Амарбаясгалангийн маань аав бурхны оронд морилсон байлаа. Ийм гуниг,  ийм зовлон гэж хаана байх билээ.  Гэхдээ би боддог юм. Сайн хүүгийн сайхан аав  бурхны оронд морилохдоо олон хүний амийг аврах шийдвэр гаргуулсан хүүгийнхээ буяны сүүн замаар инээмсэглэн одсон биз ээ  гэж.  Эгэл түмнийхээ алтан амьны төлөө өдөр  шөнөгүй хөөцөлдөж олон мянган гэр бүлийг элэг бүтэн  жаргаах замын  дөтөлж өгсөн хүүгийнх нь зүтгэл  аавдаа зориулсан буяны хөшөө болон сүндэрлэсээн. Ард түмнийхээ нулимсан зам татуулж гадагшаа хөвөрдөг жимийг  хаасан  тэр шийдвэр   эгэл хүн бүрийн амь насыг аврахын төлөө  чин сэтгэлийн ухаанаар урласан мөнхийн хөшөө юм.   Энэ алдрыг Д.Амарбаясгалан хүртэх эрхтэй. Төрийн хар хүн гэдэг  төмөр нүүртэй  яхир байхыг хэлдэггүй. Үнэний төлөө, ард түмнийхээ төлөө бүхнээ умартан,  биеэ золин зүтгэхийг  хэлдэг.   Бие нь муу аавынхаа дэргэд байх цаг хугацаанаас нь бид хичнээнийг нь хумслан элэг   шилжүүлэх мэс заслын  тэрбум төгрөгийг яриулан дээгүүр доогуур гүйлгэсэн бол гэж хаяахан би эх хүний хувиар харамсан санааширдаг аа . Гэхдээ энэ бол түүнд өгсөн өгөгдөл, төрийн хүнийх нь  үүрэг билээ. Д.Амарбаясгалан ийм л хүн.  Элэг имэрч, сэтгэл дотогшоо урсдаг энэ залуу одоо МАН хэмээх том намын гал тогоог барьж суугаа. Төрийн хүн хатуудаа хатуу, зөөлөндөө байх ёстой. Төр ханцуйдаа илд, сүү хоёрыг зэрэгцүүлэн барьж явдаг юм гэсэн.  Улс төрийн намуудын хувьд  Д.Амарбаясгалан  залуугаараа том албан тушаалд очсон мэт харагдавч  түүнд хат суусан хашир яхир юм шиг атлаа эгэл түмний зовлонг элэг зүрхэндээ ухаарч мэдэх сэтгэлийн тэнхээ бий. Олон мянган хүний амь насны үнэтэй энэ шийдвэрийг гаргуулж асан тэр цаг үе сонгуулийн дүйвээнд дарагдаад  өнгөрсөн учраас энэ цаг үед дахин нэгэнтээ ач санаж бичмээр санагдав би. Тэгээд  л бичив.