Халаа сэлгээ дагасан ЭВДРЭЛЦЭЛ
Парламентын сонгууль бол засгийн эрхийн төлөөх улстөрийн намуудын өрсөлдөөн.
Хавар бол дөрвөн улирлын сайхан цаг. Гэм нь аливаа хуучийг сэдрээдэг байгаль цаг уурын онцлогтой. Монголчуудын олонхи чухам энэ улиралд л эмчилгээ сувилгаа хийлгэдэг нь бараг уламж-лал болжээ. Хүн л юм болохоор ийм хууч өвчний сэдрэлт манай төрийн зарим удирдлагыг ч тойрсонгүй. Ерөнхий сайд С.Баяр саяхан Сингапурт эмчилгээ хийлгээд ирсэн. Ажиллах хугацаанаасаа ахадсан амлалт, нийгмийн хүлээлттэй, дээр нь сонгуульд намаа авч орох Ерөнхий сайдын хувьд шаардлагатай болоод л нам, төрийн нөр их ажлынхаа хажуугаар урьдчилсан сэргийлэх эмчилгээнд явсан байх. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт төрийн тэргүүн Н.Энхбаяр мөн л өвчний учир хэдэн өдөр ажилдаа ирээгүй байна. Үүнийг зарим хэвлэлээр Ерөнхийлөгч Н.Энхбаярын нурууны хууч өвчин сэдэрч гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа хэмээн мэдээлэв. Тэрээр Ерөнхий сайд байхдаа Засгийн газраас зардал гаргуулж энэ өвчнөө АНУ-д эмчлүүлснийг хожмоо Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өрсөлдөгчид нь сөрөг РР болгон ашиглажбайв. Аливаа өвчин хэлж ирэхгүй хийсч ирдэг болохоор түүгээр нь улстөр хийх, хэвлэлийн баатар, шүүмж-лэлийн бай болгох нь хүний ёсонд муухай. Төрийн тэргүүн, Ерөнхий сайд л гэж төмрөөр хийсэн биетэй, өвдөх учиргүй бодгаль биш шүү дээ. Харин ч жирийн иргэдээс ялгаатай нь өөрийнхөө буулган дор зүтгүүлж байгаа ийм хүмүүсээ эрүүл байлгахын тулд төр өөрөө санаа тавих ёстой. Харин өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр нарын харилцааны "хууч өвчин" дахин сэдэрчээ. Тэдний харилцааг "хууч өвчин"-тэй зүйрлэснээ Н.Энхбаяр, С.Баяр гэх хоёр хувь хүний улстөрийн түншлэлийн талаархи түүхээр тайлбарлаж болж байна.
Энэ хоёр эрхэм бол хоёулаа Монголын улстөрд хүчтэй лидер. Гэхдээ тэдэнд улстөрд бие биеэ нөхсөн, онь холбосон лидерийн түүх ховор. Харин ч нэг намынх мөртлөө нэг нэгэндээ өрсөлдөгч болж явсан тохиолдол элбэг. Магадгүй тэднийг өнөөдрийнх шиг бие даасан хүчирхэг лидер болоход энэ өрсөлдөөн нь нөлөөлсөн байх. Үйл явдлыг урагш хөөвөл 2000 оны УИХ-ын сонгуулийн дараахь Н.Энхбаяр Ерөнхий сайдын хамгийн хүчтэй өрсөлдөгч МАХН дотор нь байлаа. Тэр нь тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баяр. Намын дарга Н.Энхбаяр өрсөлдөгчөө Москвад Элчин сайдаар томилж өөрөөсөө дөрвөн жил холдуулав. Цаг хугацаа өнгөрч 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаяр, С.Баяр нар нэг хүн болж, М.Энхболдыг намын даргаар сонгодог МАХН-ын их хурлын дараа тэд дахин салав. Үүнээсхойшхоёржилийндараа тэд дахин хүчээ нэгтгэж МАХН-ын бас нэгэн их хурлаар М.Энхболдыг намын даргаас огцруулж дөнгөсөн билээ. Өнгөн талын, М.Энхболдыг л намын даргаас огцруулахад зориулагдсан тэдний энэхүү механик эвлэрэл түр зуурынх байсан бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр нарын үл ойлголцол өнгөрсөн долоо хоногт цав болтлоо сэдэрчээ. Ерөнхий сайд С.Баяр ЦЕГ-ын дарга М.Ганболд, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Б.Уугангэрэл нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улстөрийн хүрээнийхний хэлж буйгаар Ганболд, Уугангэрэл нар нь төрийн тэргүүнтэй найз нөхдийн холбоотой хүмүүс юм байна. Тийм учраас дээрх хоёр эрхмийг ажлаас халсан Ерөнхий сайдын шийдвэр Н.Энхбаяр, С.Баяр нарыгхүйтэн дайны өмнөх байдалд дахин шилжүүллээ гэж ажиглагчид тайлбарлаж байгаа юм. С.Баяр яагаад халаа сэлгээ хийсэн, түүнд нь Н.Энхбаяр яагаад эгдүүцсэн нь албаны хэдэн үгээс цааш нууц үлдэв. Нэгэн агентлагийн, нэгэн газрын даргын халаа сэлгээнээс болж монгол төрийн хоёр "том" албан тушаалтныг тойрсон энэхүү харилцаа нь сонгуулийн өмнөх МАХН-ын эв нэгдэлд нөлөөлж ч мэднэ. Учир нь Н.Энхбаяр төрийн тэргүүний хувьд намаас түдгэлзсэн ч, МАХН-д хүчтэй хэвээр буй. Хүчтэй гэдгээ ч М.Энхболдыг огцруулдаг МАХН-ын их хурлаар харуулсан. Хэрэв тэдний өнгөрсөн долоо хоногийн харилцаа үнэн байж, цааш үргэлжилбэл энэ нь нэр дэвшигчдээ тодруулах намын хороодын болон Бага хурлаар дамжаад, эцэстээ МАХН-ын сонгуулийн гаргаж болох амжилтаас хойш л чангаана. Энэ утгаараа намын даргын хувьд намаа бодоод С.Баяр буулт хийж ч мэднэ. Бас Н.Энхбаяр Ерөнхийлөгч санаачилга гаргахгүй бол энэ үйл явдлыг 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зориулагдсан төлөвлөгөөт ажлын нэг хэсэг гэж тайлбарлах улстөрийн хүчин, улстөрчид олон таарна.