У.Хүрэлсүхийн ялыг дагасан айдас
Монгол Улсын түүхэнд анх удаа парламентын гишүүн шүүхээс ял сонслоо.
У.Хүрэлсүхтэй хамт УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийг ялласан нь нийгэмд ойлгомжгүй байдлыг төрүүлж, шүүхийн шийдвэрт сэжиг таамаг дэвшүүлэх шалтаг боллоо. Зарим хэвлэл У.Хүрэлсүхэд шүүхээс ял оноосныг Ерөнхийлөгч Н.Энхбаярын захиалга гэв. Зарим нь тэдний анх танилцсанаас хойшхи харилцааны түүхийг эргэн сануулж, харилцан шидэлцсэн захидал, мэдэгдлийг дахин нийтэллээ. Эцэстээ тэдний “хүйтэн дайн” Н.Энхбаярын ялалтаар өндөрлөлөө гэх хүн ч байна. Эдгээр таамаг нь “У.Хүрэлсүхэд 5.1 жилийн ял ногдууллаа” гэдэг шиг бичгээр үйлдэж дүрс бичлэгээр баталгаажсан баримт биш л дээ. Парламент, хуулийн байгууллага, шүүх гурвын үл ойлголцол, ойлгомжгүй шийдвэрүүд дээр л олон нийт хийгээд хэвлэлүүд хардах эрхээ эдэлж байгаа юм.
Хэрвээ эдгээр хардлагад өчүүхэн боловч үнэний хувь байж, энэ хэрэгт Ерөнхийлөгч Н.Энхбаяр ямар нэгэн байдлаар нөлөөлсөн бол энэ нь У.Хүрэлсүхэд ногдуулсан шүүхийн ялыг дагасан удаахь айдас юм. Өөрөөр хэлбэл, түүнтэй муудалцсан, ам зөрсөн хэнийг боловч хүлээж буй ирээдүйг У.Хүрэлсүхээр жишээлэн мэдрүүлсэн нь айдас юм. Энэ хэрэгт төрийн тэргүүний нөлөөлөл, оролцоо байгаагүй гэж найдахаас өөр баримт одоогоор алга. Яагаад гэвэл хэвлэлүүдээр гарсан иймэрхүү утгатай материалуудад Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албанаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Тайлбар хийх ёстой өөр нэгэн субьект бол МАХН юм. Шүүх У.Хүрэлсүхийг Хадгаламж банкны мөнгөөр “Фургон” машин авсан гэж ялласан. Гэтэл уг машиныг Хөвсгөлийн нөхөн сонгуульд зориулж МАХН-д хандивласан, энэ сонгуульд ашигласан болохыг Ц.Чимэдцэрэн, У.Хүрэлсүх нар шүүхэд мэдүүлж, МАХН-ын дарга С.Баяр, жигүүрийнхэн гээд энэ намын олон албан тушаалтан сонинд ярилцлагаар хэлсэн. Гаалийн Х.Баатарын хэрэг дээр түүнийг намдаа 100 сая төгрөгийн хандив зуучилсан болохыг энэ намын нарийн бичгийн дарга нь албан бичгээр шүүхэд мэдэгдэж байлаа. Харин У.Хүрэлсүхийг намдаа 11 сая төгрөгийн үнэтэй “Фургон” машин зуучилсныг сонины ярилцлагаас өөр “баримт”-аар МАХН нотолсонгүй. Ядаж Х.Баатарын хэрэг дээрх шиг хандив хүлээн авсан тухай албан бичгийг ч шүүхэд гаргасангүй. Уг нь намдаа хандив цуглуулсныхаа төлөө шүүхээс ял авсан МАХН-ын хоёр дахь гишүүн нь У.Хүрэлсүх юм. Х.Баатар болон У.Хүрэлсүхийн шүүхэд мэдүүлснээр бол шүү дээ Гэтэл МАХН ижил үүрэг гүйцэтгэсэн хоёр гишүүнийхээ үйлдэлд хоёр өөр байр суурь баримтлав. Шүүхийн шийдвэрийн дараа тус намын удирдах зөвлөлийн гишүүн Жаргалсайхан “У.Хүрэлсүхийн хэрэг бол хувь хүний асуудал. МАХН-д хамаагүй, намтай холбоод байгаа нь сонгууль дөхсөн улстөр” ухааны юм яриадахав. Шүүх У.Хүрэлсүх гэдэг хувь хүнд ял ногдуулсан ч, түүний зуучилсан хандив МАХН-д зориулагдсаныг намынхаа удирдах зөвлөлд “Шинэ эргэлт” хөдөлгөөний квотоор орж ирсэн энэ эрхэм гэнэт үгүйсгэлээ. Шүүхээс ял сонсмогц түүнийг МАХН-д хамаагүй гэж удирдах зөвлөлийнх нь гишүүн мэдэгдэх нь хүний ёсонд хэр таарч байгаа юм бол доо. У.Хүрэлсүхийг улстөрд орж ирснээс хойшхи түүхийг олон нийт сайн мэднэ. Парламентад хоёр удаа сонгогдсон энэ эрхэм Ц.Нямдорж, Ц.Шаравдорж нар шиг сайн хуульч байгаагүй, Д.Дэмбэрэл шиг ноён нуруутай төрийн түшээ ч байгаагүй, бас ажил хэрэгч нэгэн, тойргийн гишүүн ч байгаагүй. Харин МАХН-ын улаан хамгаалагч, хүнд үед амьдаараа энэ намын “гал хамгаалагч” болж явсныг улстөрийн хүрээнийхэн сайн мэднэ. МАХН-ын хамгийн хүнд хэцүү үе болох 1990-ээд онд намаа хамгаалан өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн зарлаж, 2000-2004 оны нэг хүний засаглалтай МАХН-д ганцаараа сөрөг хүчин болж, намынхаа шатсан тугны тасархайг толгойдоо зүүн жагсч, М.Энхболдын Засгийн газрыг авч үлдэхийн төлөө нөмрүүлэх дээл АН-ыханд ч бас байдгийг сануулж явсан хүн бол зөвхөн У.Хүрэлсүх л юм. Мэдээж, намдаа байгуулсан урьдын гавьяагаар нь түүний үйлдсэн гэмт хэргийг цайруулах учиргүй. Харин гавьяаных нь үр дүнг ямар нэгэн хэмжээгээр хүртсэн нам нь ийм гишүүнээ ядрахад нь үгүйсгэж байгаа бол хүн худалдаалдаг хүний наймаачнаас ялгаа юу байна аа, МАХН. Энэ бол тус намын төлөө зүтгэх, хожмоо хандив цуглуулах олон мянган залууст ирж буй бас нэгэн айдас юм.