Хоцрогдол
Японы Хонда корпорацийг үүсгэн байгуулагч Хонда гуай аврага компаниа олон жил удирджээ. Нас нэлээд дээр гарсан хойноо ТУЗ-ын хурал дээр ялангуяа залуучуудтай санал их зөрөлдөж байгаагаа өөрөө ажигласан байна.
Японы Хонда корпорацийг үүсгэн байгуулагч Хонда гуай аврага компаниа олон жил удирджээ. Нас нэлээд дээр гарсан хойноо ТУЗ-ын хурал дээр ялангуяа залуучуудтай санал их зөрөлдөж байгаагаа өөрөө ажигласан байна. Ингээд тэрээр өөрийгөө өмөөрөхийн оронд, өөрийгөө хоцрогдож байна гэсэн дүгнэлт хийгээд шууд тэтгэвэртээ гарчээ. Үүнээс хойш компанийн ажилд нэг ч удаа оролцоогүйгээр барахгүй нас барах хүртлээ хуучин ажил дээрээ ердөө ганц л удаа очижээ.
“Тамирын мөсийг долоож байж” босгож ирсэн энэ аврага корпараци нь дангаараа дэлхийн олон арван улс гүрнээс ч том юм. Хоцрогдсон мөртөө шийдвэр гаргалцаад явах аваас компанид хортой, улам эрчимтэй болж буй зах зээлийн өрсөлдөөнийг Хонда даахаа болино. Чингэвэл аврага “байгууламж” хар аяндаа нуран унаж таарна. Иймээс өөрийн буй болгосон аугаа хөдөлмөрөө өөрөө нурааж унагаж яаж болох вэ. Америкчуудын үлдээсэн эвдэрхий машиныг засаж сэлбээд улам сайжруулан өөрчилж анх зах зээл дээр гарсан Хонда гуайд эрч хүч зориг золбооноос гадна идей санаа нь цээжинд багтаж ядаж байв. Үндсээрээ өөрчлөгдсөн шинэ ертөнцөд өвгөн Хонда гуай толгой дүүрэн хуучны туршлагатай боловч идей санаа нь ихэд дундарчээ. Аугаа гайхамшиг нь тэрээр үүнийгээ өөрөө мэдрээд өөрөө зайгаа тавьж өгсөн аж.
Шинэ үе хуучнаа түрдэг нь байгалийн жам. Энэ нь хүний төдийгүй амьтан, ургамалын аймагт ч хамаатай. Шинэ үе нь хуучнынхаасаа илүү эрчимтэй, мэдээлэлтэй, мэдлэгийн хуримтлалтай, туршлагатай байдаг нь харин хүний нийгмийн хууль. Хүн нь биологийн бусад биесээс юугаараа ялгардаг вэ гэвэл туршлагыг зөвхөн хар биеэрээ туулж мэддэггүй, түрүү үеийн өвлүүлсэн туршлагыг соёлоороо дамжуулан мэдээлэл мэдлэгийг хуримтллаас олж мэддэг. Өнөө үеийн залуус өөрсдийн биеэр туулаагүй боловч хүн төрлөхтний туршлагын хуримтлалыг өвөлсөн учир жишээ нь коммунист нийгэм бол бүтэшгүй зүйл гэдгийг цээжээрээ мэднэ.
Хоцрогдсон үеийнхэн зайгаа тавьж өгөхийн тухайд бол энэ нь нэлээд харьцангуй ойлголт. Шууд нас сүүдэртэй холбоотой ч эд биш бололтой. Хэрэв ордны хуйвалдааны эргэлт л биш юм бол үе үеийн хувьсгалын хөдөлгөгч хүч нь ихэнхдээ залуучууд байдаг. Хувьсгал нь нэгэнт тогтонги болсон цөөрмийг бужигнуулахтай адил. Эндээс ихэнхдээ цөөрмийн ёроолд живсэн хог новш юун түрүүн хөвдөг боловч булагдсан, тунасан эрдэнэс цөөн боловч дээш гарч ирдэгийг нь ялган авч нийгмийн жолоонд олж тавьдагаараа л хувьсгалын үр дүн гарч нийгмийн дэвшил буй болдог. Францын хувьсгалын удирдагчид гучаад насны залуучууд байлаа. Хувьсгалаар өвчилсөн тэд ялзарсан нийгмийг түлхэн унагасан боловч цөөрмийн ёроолоос хөвж гарч ирсэн хог шаарууд олонхи нь байсан тул Франц орныг эгээ л түймэрдээд хаях шахсан. Гучаад онд Германы төрийн эрхэнд гарсан нацистууд мөн л гучаад насныхан байлаа. Дэлхийг түймэрдчих шахсан даа. Ингэхээр хоцрогдсон гэхээсээ угаасаа хоцронги төрсөн олонхи массаараа түрэн гарч ирэхээр гамшиг болдог бололтой. Иймээс хувьсгалын дараах эхний зорилго бол хувьсгалчдаасаа үтэр түргэн салж бужигнуулсан цөөрмөөс ялдгарч гарч ирсэн эрдэнэсээ олж бөөгнөрүүлэх шаардлагатай байдаг бололтой. Эс тэгвээс хувьсгалчид дараагийн хувьсгалчдаа төрүүлэн үржиж салж өгдөггүй хорт хавдар болно.
Дарангуйллын тогтоцод хоцрогдлыг “илрүүлж”, “шахан зайлуулах нь” хавьгүй хялбар эд. Дарангуйлагчид таалагдахаа болиут л золиосны этгээд янз бүрийн нэр хоч авч болохын нэг нь “хоцрогдол”. Дамба, Лоохууз, Цэнд, Төмөр-Очир, Жалан-Аажав зэрэг олон хүн Цэдэнбалд таалагдаагүй учраас л ээлж дараалан “хоцрогдсон” гэсэн үнэлгээ авч нийгмээс шахагдаж байв. Үнэндээ өөрийн амьдарч буй нийгмээс Цэдэнбал өөрөө бүхнээс илүү хоцрогдсон байсан нь түүхийн өндөрлөгөөс ил тод харагдана. Ийм дүрийг уран зохиолд Гарсиа Маркюз “Патриархийн намар” романдаа гайхалтай бүтээсэн.
Гэтэл нээлттэй нийгэмд асуудал нэлээд өөр. Дээр өгүүлсэн Хонда гуай өөрөө ойлгож л зайгаа тавихгүй бол баялагийн эзэн, бүтээгч түүнийг өөрийнх нь эзэмшлээс хэн шахах юм бэ? Нээлттэй нийгэмд хоцрогдогчийг улс төрийн хүрээнээс шахагч нь ард түмэн байдаг. Мэдээж өөрөө сайн дураараа зай тавьж өгөхгүй буг оргиод байвал шүү дээ. Үүний эцсийн илрэл нь сонгуулийн үр дүн.
Нээлттэй нийгэм болгоны ардчилсан сонгуулийн эцсийн дүнг шудрага буюу ухаантай гэж дүгнэх аргагүй. Ямар л ард түмэн байна, тийм засаг байна гэж Достоевский хэлжээ. Төрийн дээд эрх барьж буй төлөөлөгчдийн бие бүрэлдэхүүн нь ард түмний ухамсрын төвшингийн шууд тусгал байдаг. Ухамсар дорой нийгмийн сонгуулийн үр дүн гол төлөв субъектив шинж чанартай. Иймээс ийм нийгэм хоцрогдсон хэсгээ шахаж чаддаггүйгээр барахгүй улам хөөрөгдөж суудаг аж.
Орчноо зөв ухаарсан, ухамсартай нийгэм удирдагчдын хоцрогдсон эсэхийг тун ч мэдрэмжтэй тодорхойлж чаддаг. Иймээс удирдагч бие хүний бүхий л чадамж мэдлэгийг эцэст нь хүртэл сорон хэрэглэж нийгмийг урагшлуулахад ашиглачихаад, цаг нь болохоор “элдэн” хөөдөг. Дэлхийн дайныг удирдаж Британчуудыг үндэстний хувьд нь аварсан аугаа Чөрчиллийг дөнгөж дайн дуусангуут англичууд улс төрийн тавцангаас шахаж орхижээ. Дайн дууслаа, шинэ үе ирлээ, шинэ удирдагч хэрэгтэй гэж тэд үзсэн хэрэг. Гэтэл германчууд дайн дууссаны дараа дал гарсан Адэнауэрийг орой дээрээ заллаа. Түүнийг бараг ер хүртэл нь удирдагчаараа байлгасан. Адэнауэр нас дээр гарсан боловч дайнд сүйрсэн Герман орныг босгож ирэх цээж дүүрэн шинэлэг идей санаатай, түүнийгээ хэрэгжүүлэх мянган арга чаргатай байсан тул германы ард түмэнд хэрэгтэй байжээ. Америкийн түүхэн дэхь хамгийн аугаа ерөнхийлөгчийгн нэг нь Рональд Рейган. Түүнийг дал хүрчээд байхад нь үндэсний удирдагчаар сонгосноор америкчууд их хожсон. Бүр дахин сонгосон. Рейганомикаар АНУ-г эдийн засгийн хувьд дахин босгосон төдийгүй хүйтэн дайныг амжилттай дуусгаж чадсан түүнийг түүх хүндэтгэнэ.
Тетчер Английг аварсан, Коль Германыг нэгтгэсэн, хийдгээ хийсэн, харин хожим нь үеэ өнгөрөөсөн гэдгээ ойлгохгүй чаргуулдаж нэлээд шившгээ дэлгэсэн. Шиллерийн хэлснээр “Мавр хийдгээ хийсэн бол мавр явах л ёстой”. Хорвоогийн хууль ийм, үүнд л хүний иргэншлийн дэвшлийн мөн чанар оршино.
Монголын нийгэм нээлттэй болоод дөнгөж арван таван жил болж байна. Нялх ардчилал. Гэвч удирдагчид нь хэзээний хөгшрөн хоцроход хангалттай хугацаа. Энд ардчилсан нийгмийн удирдлагын тухай ярьж байгаа болохоор МАХН, АН гэсэн голлох хоёр улс төрийн намд хоюуланд нь холбоотой. Удирдлагын хүрээнд хэнд нь ч шинэ санаа идей алга. Идей нь идээ бээр болтлоо хоцорчээ. Өнгөрсөн арван жилд ганц ном сөхсөн хүн ховор. Ихэнхи нь компютерээс бараг л айна. Их сайндаа л хөзөр тоглоно. Байгалийн ухаатай хүн цөөн. Суурь мэдлэгээр түүнээ зузаатгасан ч ховор, хэрэв тэгсэн бол өнгөрсөн хугацаанд тэр нь шарлаж ноорсон. Мэдээлэл нэлээдтэй, гэхдээ тэр нь өөр зорилгод чиглэсэн учир хөгжил дэвшилд ашиглах бололцоогүй.
Мэдлэг дунд гээгдсэн мэргэн ухаан минь хаа байна?
Мэдээлэл дунд гээгдсэн мэдлэг минь бас хаана байна?
Ингэж Томас Элиот шүлэглэсэн байх юм. Суурь нь ухаан, түүнийг мэдлэгээр баяжуулдаг. Үүнээ мэдээллээр хангадаг. Эцэст нь энэ бүхэн ухааныг тэжээх гэж буй хэрэг. Шийдвэрийг ухаан гаргана. Харин манай нийгэмд хэсэг бусаг салангид, системчлэгдээгүй мэдээлэлтэй хүмүүс нийгмийн менежмент хийх гэж өөрөө ч тарчлан, бусдыг ч зовооно. Хамгийн гол нь үеэ өнгөрөөсөн, эсвэл түүний үе нь өнгөрсөн, угаас суурь ухаан байгаагүй, тэр нь мэдлэгээр аривжаагүй, одоо тархинд нь байгаа мэдээлэл системчлэгдээгүйгээс гадна хоцорсон байна гэдгээ өөрснөө мэдэхгүй байгаа нь эргээд нийгмийн эмгэнэл болж хэрэг юм. Мэддэгүйгээ мэдэж байна гэдэг ухаан, мэддэггүйгээ мэдэхгүй байна гэдэг тэнэглэл. “Бүү мэд, мэдсэний үгэнд бүү ор” гэдэг хамгийн муухай хараал юм гэнэ билээ, манай нийгмийн менежмент хийж буй хүмүүс ийм хараал хүртсэн бололтой.
Хоцрогдол нийгмийн дээд хүрээг эзэгнэхээр юу болдог вэ? Мэдээж нийгэм нь хоцорч эхлэнэ. Харин хоцрогдсон хүмүүсийн зорилго өөр болж эхэлдэг. Өөрийнх нь ойлгосон зөөлөн суудал, амар хоол гэгдэх албан тушаал нь нэгдүгээр зорилго болж хувирна. Нэгэнт энэ нь нэгдүгээр зорилго юм бол тийм газар хуйвалдаан, ичгэвэргүй тэнэглэл, авилга, аргацаасан байдал, шившигтэйгээр өөрийгөө болон хамсаатнаа магтах дон, хууран мэхлэлт ердийн үзэгдэл болно. Цадахаа мэдэхгүй хүн бол улам сувьдаглан хууль ёсоор өөрт нь оногдох учиргүй юм руу үхэн хатан тэмүүлнэ. Үүний төлөө юу ч хийхээс үл буцна.. Хэнд ч идей санаа байхгүй. Байдаг юмаа гэхэд тэр нь идээ бээр. Үүнийгээ арай зөөллөн “хор найруулах” гэж өхөөрдөн нэрлэнэ. Өөрөөр хэлбэл ердийн л ялзрал. Байгаль ялзмагийг шинэ организм өсөж босож ирэхэд нь тэжээл болгон хаяж өгдөг. Энэ бол байгалийн хууль. Хүний нийгэм ялзрахаараа халдвар үүсгэн нийт нийгмээ хордуулдаг. Харин энэ бол нийгмийн хууль.
Достоевскийн үгийг дахин ишлэхэд “ямар л ард түмэн байна, тийм л засаг байна”. Өтөж муудсан хэсгээ тайрч хаяж чаддаггүй, тийм ухамсарт хүрээгүй нийгэм энэ ялзралдаа автаж л таарна. ХХI зуун гарчихаад байна. Зөвхөн энэ үг л хүн төрлөхтний иргэншил соёл аль зэрэг өндөрт хүрснийг нэг үгээр илэрхийлэх товчилсон анхааруулга болжээ. Шинэ зуунд манай нийгмийн менежментийг “хийж” байгаа хүмүүсийнхээ царайг нэг хар даа. Сонины шаралсан хуудас шиг болсон тэдний амнаас гарах хувьсгалч, шинэлэг, эх оронч, нийгэмсэг “шинэ мэдээллүүд” идей шиг сонсогдож байна уу, идээ шиг үнэртэж байна уу? Хоёр нь хоосон сандаалга булаацалдаж нүүрээ маажилцана, гурав дахь нь үүнийг өөрийн “шинэ идээ” оноо болгох гэж мальс мальс инээн манай зурагтаас салахаа болино. Гурвуулаа л уулын орой руу мацаж буй бололтой юм, чааваас.
Хөгшин Раблье “Комеди дууслаа, хөшгөө бушуухан хаагаарай” гэж хэлээд үхсэн юм гэнэлээ. Таминь ээ, хөшгөө бушуухан хаагаач!
2005.01.04