Бие түүхий Бие болсон
Үлгэрлэбэл, “зүтгэ” гэдэг үйл үгэнд “-л” дагавар залгаснаар “зүтгэл” болдог шиг хичээгч хүмүүний үйл байдлаар “хичээл” гэсэн утга тодордог.
2000 –аад оны эхээр 12 настай нэгэн хүү гурван жилийн дотор дунд сургуулиа төгсч, оюутан болсон нь “Электрон жаал Энхпүрэв” хочоор алдаршиж байв. Тэрбээр өөрөө хурдан шаламгай суралцаад зогссонгүй гэрээрээ бусдад хичээл зааж, олон арван шавьтай болж, сургалтын төв цаашлаад хувийн сургууль байгуулж 16 настайдаа сургуулийн захирал болж, 2014 онд боловсрол судлалын докторын зэрэг хамгаалжээ. МУИС, МУБИС –ын хамгийн томоохон эрдэмтэд түүний арга технологийг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ удаа тэрбээр өөрийн сурсан болон суралцсан түүхээр дамжуулан боловсрол хэмээх ойлголтын талаар олон нийтэд шинэлэг ойлголт өгөхийг зорьж “Электрон жаалын суралцсан тэмдэглэл” нэртэй ном хэвлүүлжээ. Миний хувьд энэхүү номыг редакторлож, хамгийн ойлгомжтой энгийн бичлэгийн хэлбэрт оруулж, бас чиг салбарын хүний хувьд ганц нэг өгүүлбэр нэмэрлэсэн билээ. Ингээд энэхүү номын хэсгээс та бүхэнд цувралаар толилуулая...
... Өнөө үед тухайн улс үндэстнийг хүчирхэг байлгах зэвсэг нь мөнгө ч биш, цөмийн зэвсэгч биш гагцхүү чанартай боловсрол болой. Магадгүй ихэнх хүн “боловсрол” хэмээх үгийг сонсмогц шат шатны сургууль, багш нар, ном, сурах бичиг, төрөл бүрийн мэргэжил санаанд нь буух болов уу. Үүнээс түр хазайж “Боловсрол” хэмээх нэр томьёог задалж жаахан харъя. Үгийн бүр анхны үндэс нь “Бол”, “Болох”, “Болсон” буюу, түүхий гэдгийн эсрэг ойлголт юм. Монгол бичгийн хэлэнд “бие түүхий, бие болсон” гэдэг хэлц бий. Энэхүү утгыг нь өлгөн үзвэл монгол хүний хувьд “боловсрол” гэдэг нь “бол” гэдэг язгуураас гаралтай, цаашлаад боловсон гэсэн үг бүтэж, нийгэмд аж төрөхөд шаардагдах жишиг хэм хэмжээ, зан суртахууныг заасан утга агуулна. Дараа нь үйл үг бүтээх “-р” дагавар залгаснаар, “боловсон болох” гэдэг үйлийг зааж, эцэст нь “боловсрол” гэдэг нэр үг бий болжээ. Боловсрол хэмээхийн язгуур утга бол аливаа хүн өөрийн баталгаат оршихуйгаа бүтээхийн тулд шаардлагатай мэдлэг, чадвар, дадал эзэмшихүйг хэлнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэг чадварын шалгалтын үнэлгээ бидэнд үргэлж таагүй мэдээ өгч байдаг. Тухайлбал, 2012 оны намар үндэсний хэмжээнд 10 дугаар ангийн сурагчдаас 2000 хүүхэд түүвэрлэж, математикийн хичээлийн стандартын хэрэгжилтийг тогтоох гэнэтийн шалгалт авахад дундаж үнэлгээ 100 хувь байхаас дөнгөж 19.1(!!!) хувьтай гарчээ. Энэ нь 10 дугаар ангийн сурагчид эзэмшвэл зохих мэдлэг чадварынхаа тавны нэгийг ч эзэмшээгүй байгааг харуулж байна. Тухайн 2000 хүүхдээс өгүүлбэртэй бодлого бодож чадсан хүүхэд гарын арван хуруунд багтана. Шуудхан дүгнэхэд сурагчид бодлогын өгүүлбэр буюу эх хэлээрээ байгаа бичвэрийн утгыг бүрэн зөв ойлгож чадахгүй байна гэсэн үг. Үндсэндээ математик, монгол хэл хоёр тэс өөр зүйл гэж харсан алдаа. Математикийн хамгийн гол нууц нь тухайн бодлогыг бодохоос өмнө юу асуугаад байгааг нь ойлгох явдал байдаг. Тиймээс математикт гүнзгий нэвтрэхийн тулд монгол хэлээ зайлшгүй мэдэх ёстой гэсэн гаргалгаа тодорч байна. Энд нэг зүйлийг зориуд нэмж хэлэхэд, хүүхэд “монгол хэлэндээ тааруухан” байна гэдэг нь “монгол хэлний хичээлд тааруу” гэсэн үг биш... Миний хувийн зүгээс шүүмжлэлтэй ханддаг нэг зүйл бол дунд сургуульд монгол хэлний “тухай” л заагаад байхаас биш монгол хэлээ хэрэглэхийг заадаггүй. Байц, тусагдахуун, авиа зүй гэх мэт академик онол заахаас биш өөрийгөө илэрхийлэх чадвар, захидал, эсээ бичих талаар бараг заадаггүй. Сурагч үзэж байгаа хичээлүүдээ дарамт биш, “намайг хүн болгож байгаа миний туслагч юм байна” гэж сэтгэлдээ ойр төсөөлж, нэгэнт сурах сэтгэлтэй болсон байхад, юу ч түүнд садаа болж чадахгүй.
Ер нь багш хүн ангид самбарын өмнө зогсож, сурах бичигт бичсэн зүйлийг хүүхдэд цээжлүүлснээрээ “сургалаа, хөгжүүллээ” хэмээн боддог үзлээс татгалзах нь зүйтэй... Мэдлэг бүтээгч гол эзэн нь багш биш, сурагч байя. “Хичээл” хэмээх үгийн монгол хэлний үндсэн утгыг ухвал ангид багштай хамт ном үздэг өнөөгийн хэвшсэн дүр зургаас ондоо өнгө харагдана. Хичээл хэмээх үг нь “хичээ“ гэсэн үйл язгуурт нэр үг бүтээх “-л” дагавар залгасан бүтэцтэй байна. Үлгэрлэбэл, “зүтгэ” гэдэг үйл үгэнд “-л” дагавар залгаснаар “зүтгэл” болдог шиг хичээгч хүмүүний үйл байдлаар “хичээл” гэсэн утга тодордог. “Хичээл”–ийг “Хичээл зүтгэл” хэмээн нэгэн өнцгөөс харваас дээрх санаа улам тодорно. Тэгэхлээр, хичээл дээр хичээх ёстой хүн нь хэн байх вэ? Орчин үеийн хүүхдийн сэтгэхүй, манай улсын сургалтын орчин ахуйгаас харахад багш “машид их хичээвч” ангийн 40–50 хүүхдэдтэй нэг бүрчлэн тулж ажиллах боломжгүй, харин хүүхэд өөрөө аль болох багшийн оролцоогүй бие дааж хичээллэдэг болох нь хамгийн зөв зам, зөв зарчим.. Үүний тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлбэл зохистой юм бол?
Аливаа шинэ мэдлэгийг багш, ном хоёр шууд хэлж өгөхөөс илүүтээ хүүхэд ... өөрөө гүйцэтгэж, мэдлэг бүтээх эрхийг нь олгох хэрэгтэй. Мэдээж хүүхэд зөв хариуг барагтай л бол шууд олохгүй. Багш тухай бүрт буруу гэдгийг нь хэлж өгөөд буцааснаар, хүүхэд биеэ дааж асуудлаа дэвшүүлж сурна, гаргалгаа хийнэ, мэдлэг бүтээнэ. Энэ процесс нь өөрөө амьдралын шууд тусгал бөгөөд дунд сургууль ч төгсөөгүй бизнесмэнүүд өөрсдөө анзааралгүй энэхүү жишгээр амьдралаас суралцан, амжилтад хүрдэг. Тодруулбал, байж болох олон арга замыг хүүхэд өөрөө эрэлхийлсний эцэст, зуун алдааны дараа зөв гарцыг олж сурах хэвшил тогтоно. Харамсалтай нь өнөөгийн сургалтын хэвшсэн тогтолцоогоор багш болон номноос шууд зааж өгсөн ганц зөв хариуг хүүхэд “зажлалгүй зажилж”, “цээжилсэнээр” эцэст нь зуу биш мянган алдаа өвөртөлж үлддэг. Аяндаа энэхүү бэлэнчилсэн сэтгэлгээний үр дагавраас үүдэн хүүхэд юм сураагүйдээ багшийг буруутгаж, өөртөө итгэх итгэлээ алдаж эхэлдэг. Ер нь хүүхэд өөртөө итгэлгүй болсоноос л үүдэж гадуур тэнэх, уцаартай болох, буруу зуршилд автах гэх зэрэг хүмүүжлийн бүх доголдол бий болдог... Эсрэгээрээ өөрийн оролдлогоор зовж олсон зүйлдээ хүүхэд дотно хандана, өөрийнхөө хүчинд итгэж, урамших болно. Нөгөө талаас багш сурагчийн аль аль нь алдаж байгаагаа ичмээр муу зүйл биш, сурах үйл явцын завсрын байдал, сурахад тохиолдож болох хэвийн үзэгдэл гэж хүлээж авах нь зүйтэй юм. Хүүхэд өөрөө ямар нэгэн зүйлийг зорьж сураад амтанд нь орсноор хүмүүжил төлөвшилд гойд онцгой нөлөөлнө. Хүүхэд эрдмээр хүмүүждэг. Эрдэм гэдэг нь харин томьёо цээжлэхийн нэр биш шүү, юмыг өөрөө эрэлхийлж ойлгох чадвар л гэсэн үг. Ер нь хүмүүжлийн тухай мянган хичээл үзсэнээр хүүхэд хүмүүжих нь юу л бол. Хүмүүжил бол зөвхөн сахилга бат биш, хүмүүжил гэдэг зөвхөн сайн хүн байх тухай “ойлголт” биш. “Цөл” гэдэг үгэнд “-ж” дагавар залгаснаар “цөлж”, “цөлжих” гэсэн утга тодорно. Ийм жишгээр бол “хүмүүжих” гэдэг нь “хүнжих”, “хүн болох” буюу хүн байх эрхэм шинжийг биедээ буй болгох гэсэн утга тодорно.
Боловсролтой хүн хэзээд сайхан амьдардаг гэдгийг би баталгаатай хэлж чадна. Дунд сургууль ч төгсөлгүй арилжаа наймаа хөөсөөр чинээлэг амьдарч буй хүн олон байгааг бид мэднэ. Харин тэдний амжилтын үндэс нь нөр их хөдөлмөр, бэрхшээл зовлон байсныг бид барагтай л анзаардаггүй. Тэд бэрхшээл зовлон даван туулахын хэрээр “боловсорсоор” эцэстээ сайн бизнесмэнүүд болсон хэрэг. Боловсролтой гэхээр зөвхөн дипломтой гэсэн үг биш шүү дээ. Боловсрол бол сайхан амьдрах арга, үүнийг яаж эзэмших нь хамгийн гол ухаан. Хэрвээ хүүхдэд “Чи боловсролтой хүн бол. Чи сайн сурах хэрэгтэй” гэж ерөнхий, уйтгартай үг хэлэхийн оронд, “Чи түүхий хоол шиг түүхий хүн болмоор байна уу? Амттай, болгож чанасан сайхан хоол шиг, болсон хүн болмоор байна уу?” гэх мэт асуугаад, боловсрол гэдгийн утгыг цааш нь тайлбарлаад өгвөл, яаж хүлээж авах бол?... “Боловсрол”–ыг энэ мэт илүү оновчтой ойлгосноор бид боловсролын байгууллагуудын уламжлалт гэж хэлж болох, түгээмэл давтагддаг загвараас зайлсхийх боломжтой болно. Харин нэгэнт уламжлалт арга барилаас зайлсхийсэн тохиолдолд түүнээс илүү ямар арга ажиллагаа (технологи), жишиг (стандарт), удирдлага (менежмент) байх вэ гэдгийг тодруулан дүгнэх шаардлагатай...
munguu
зочин
Зочин
doko
doko
doko
Зочин
Зочин
монгол
Багш
Аа
... 10 жилийн багш
... 10 жилийн багш
... 10 жилийн багш
... 10 жилийн багш
... 10 жилийн багш
Уншигч
Зочин
зочин
ХАХАХА
Зочин
demjigch gehdee
Уншигч
боловсрол
shooter