Улс төрийн дараагийн үедээ Тэр хэн байх бол?
Манай удирдагчид саявтархан ээлж дараалсан олон мэдэгдлүүд хийлээ. Шууд утгаараа олон салаа талцал дагуулсан мэт үзэгдэх тэдний мэдэгдлүүдийн ард сайн үр дүн гэхээр юм юу байна вэ. Магадгүй уншигч авхай та энэ талаар эргэцүүлж амжаагүй яваа байж мэдэх юм.
Манай удирдагчид саявтархан ээлж дараалсан олон мэдэгдлүүд хийлээ. Шууд утгаараа олон салаа талцал дагуулсан мэт үзэгдэх тэдний мэдэгдлүүдийн ард сайн үр дүн гэхээр юм юу байна вэ. Магадгүй уншигч авхай та энэ талаар эргэцүүлж амжаагүй яваа байж мэдэх юм. Бодож эргэцүүлэх сиймхий бидний шуугиант амьдралын зав чөлөөнд гарч өгөхгүй яваа байх л даа. Гэхдээ энэ асуултын оронд “Муу урхаг юу байна вэ” гэж асуувал тал нутаг даяар дуу дуугаа авалцсан шүүмжлэл өрнөх нь мэдээж юм. Учир нь дуу тасрахгүй шүүмжлэл, ам хуурайгүй агсамнал улс орныг хулдан бүрхсээр удлаа. Бүр хаврыг ч хавар гэж, бороог ч бороо гэж хүлээж авч чадахааргүй болтол улс төрийн хуурай тоосонд булуулжээ, бид.
Гэхдээ энэ зуур нэг чухал өөрчлөлт бууриа засч буй нь тун олзуурхууштай зүйл юм. Төр биднээс тээр хол суудгаа болжээ. Төрийн шийдвэр хананы цаана битүү хатуу гарчихаад бидэн дээр нударга болж ирдгээ больсон байна. Төр хөшгөө хааж байгаад асуудлыг шийддэг үе дууссаныг ямартай ч бид мэдэрлээ. Энэ бол сайн үр дүн.
Удирдагчид гарч ирээд нийгэмтэйгээ нүүр тулж байна. Байр суурийн зөрүүтэй байгаагаа нуухгүй болж. Нэгдсэн шийдвэр гэх ханцуйн доторх тохирооноос тэд зайлсхийж чаддаг болсон байна. Чадаж байгаагаа ил харуулж байна. Тэдний энэхүү ил тод байдал улс төрийн лидерүүдийн яс чанар, соёл, манлайлах чадвар, мэдлэг боловсрол, зангарагийн хэм хэмжээг нүдний өмнө ил гаргаж ирж байгаагаараа ач холбогдолтой. Хэдийгээр эдийн засгийн стратегийн чухал шийдвэрүүдийн өмнө хэт нээлттэй хэрэлдэх нь жишиг болох шаардлагагүй ч өнөөгийн болж буй үйл явдлуудын ард нэгэн том ойлголт бүрэлджээ. Тэр нь юу вэ гэвэл бид бүгдээрээ нэгдсэн шийдэл эрэлхийлэх шинэ агаарт умбасан маань юм. Ийм агаарыг тэд нийгэм рүүгээ гаргаж цацсан байна.
Нэн удахгүй би уншигчидтайгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг уулзуулахаар бэлтгэж байна. Тийм болохоор түүний хэлсэн үгийг алгасч УИХ-ын дарга, ноён Зандаахүүгийн Энхболдын хаврын чуулганыг нээж хэлсэн үгийн талаар санаа бодлоо хуваалцахаар шийдсэн юм. Учир нь миний олзуурхаж буй “Ил тод Төр, Ил тод байр суурь” гэх сэдэвт түүний үг илүү түлхэц өгөв.
Үе үеийн олон спикер чуулгануудыг нээж, хааж байхыг үзсэн. Хууль боловсруулах гал тогоо учраас батлагдах гэж буй хууль тогтоомжуудыг тойрсон санаа л тэдний хэлэх үгийн агуулгыг үндсэндээ бүрдүүлдэг. Нөгөө талаар олон намуудаас бүрдсэн, үзэл бодлын тод ялгарал дүүрэн парламентыг удирдаж буй лидер эвцэлдүүлэх, авцалдуулах тал дээр илүү анхаарлаа хандуулдаг учраас ямар нэгэн чанга дуугаралт, шуугиан тарьсан мэдэгдлүүд бараг хийгддэггүй. Энэ хэв шинж нь үндсэндээ спикерүүдийн нийтлэг талыг илтгэж байдаг юм. Ноён З.Энхболдын энэ удаагийн мэдэгдэл тэр бүх тогтсон загварыг эвдчих шиг ээ.
Энэ удаагийн парламент хэд хэдэн чухал шийдвэрүүдийг гаргах боломжтой бүтцийг агуулж байгаа юм. Он жил явах тусам улс төрийн хямрал тийш төрийг чангааж буй үндсэн хуулийн гацаануудыг засч залруулах, өөрчлөлт оруулах асуудал, сонгуулийн хууль, стратегийн орд газруудыг эргэлтэд оруулж, хөдөлсөн шиг хөдөлж өгөхгүй байгаа хөгжлийн галт тэргээ хөдөлгөх зэргийг нэн тэргүүнд онцолж болно. Их хурлын дарга энэ бүгд рүү зоримогхон оръё гэж шулуухан хэллээ.
Түүний амнаас “Энийгээ яах юм бэ, ингэвэл яасан юм бэ” гэсэн сул дорой гонгиноон унасангүй. Ялангуяа сонгуулийн хуулинд зарим намууд бидний ам уралцан хэрэлдэж байгаа Тавантолгойгоос илүү ач холбогдол өгч, толгойгоо гашилгаж байгаа нь үнэн шүү дээ. Тэдний хувьд хэдийгээр хөдөлгөхгүй гэж хүсээгүй ч хөдлөөд ч өгдөггүй хөшчихөөд байгаа хоёр толгойн асуудал нэгдүгээрт эрэмблэгдэх чухал зүйл биш гэдэг нь харагдаж байгаа юм. Бараг иргэний дажин руу хөтлөх шахтлаа хямарчихаад байгаа орчинд сонгуулийн соёлоо тогтоож авахын төлөө зүтгэхийг тэгтлээ их чармайхгүй байгаа нь нүдний өмнө л үзэгдэж байна. Тэгвэл спикер сонгуулийн хуулийн тухайд тэдний цээжнийх нь хөндүүр дээр дарж байгаад юу хэлчихсэн бэ.
“Сонгуулийн тухай болон улс төрийн намын тухай хуулийн төслүүдийг энэ чуулганаар хэлэлцэж батлах нь улс төрийн чухал ач холбогдолтой болохыг эрхэм гишүүд Та бүхэн ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Миний ойлгож байгаагаар эдгээр хуулиудын үзэл баримтлалыг намууд харилцан зөвшилцсөн тохиолдолд тийм ч олон өөрчлөлт орохгүй. Ялангуяа Сонгуулийн тухай хууль аль болохоор тогтвортой мөрдөгдөх нь төрийн тогтвортой байдалд ч чухал ач холбогдолтой гэж үзэж байна”.
Сүүлийн өгүүлбэрээр тэр сонгуулийн хуулинд хуйгаар нь өөрчлөлт оруулахаар улайран дайрвал хөндлөн хэвтэнэ гэдгээ хоёргүй утгаар хэлчихлээ. Ядаж хоёр удаагийн сонгууль ч явуулж үзэхгүйгээр хууль руугаа дайрдаг улс төрийн шуналын хоншоор дээр тэр чанга няслана гэдгээ ийн илэрхийлэв. Түүний нас залуу, зам урт. Тэр алсын хараатай төрийн хүний байр суурийг баримтлах нь тодорхой болчихлоо. Тэгэхээр одоо яана даа. Улс төрийн капиталийнхаа хувьд элэгдэж муудсан, иргэдийн итгэлийг хүлээх боломжгүй болсон, хүний өөрийн баахан нөхдүүдтэй л тулах болжээ, мань эр. Гэвч түүний замнал тулахаас ер тойрч яваагүй онцлогтой.
Өөр нэг чухал сэдэв төрийн албан хаагчдийн тухай илэрхийлсэн түүний байр суурь анхаарал татаж байна. Тэр энэ асуудал дээр манай намынхан л чигжиж авч байвал танайхан орондоо хэвтэнэ үү, шорондоо заларна уу хамаагүй гэсэн хүйтэн сэтгэл ханхлуулсангүй. Уг нь тэгж чадахаар зан чанар түүнээс гардаг. Үүнийг бичигч миний дотор ч түүнийг хонзонч, юмыг мартаж өгдөггүй хүн гэх дүгнэлт явдаг л юм.
“Сүүлийн үед төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа талаар Улсын Их Хуралд олон арван гомдол, санал ирж байгаад сэтгэл эмзэглэж байна. Төрийн албан хаагчдыг халж солихын тулд намууд хамтарч ажиллаагүй гэдгийг Засгийн газар, салбар хариуцсан сайд нар анхааралдаа авч бүх шатанд халаа сэлгээгээ яаралтай зогсоох хэрэгтэй. Төрийн албан хаагчид бол төрийн албаны хуулиар зохих ёсоор хамгаалагдсан хүмүүс. Тийм учраас Төрийн албаны зөвлөл энэ асуудалд анхаарлаа хандуулж хуулийн хүрээнд хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна” гэсэн түүний үг халаа сэлгээний хөлд талхлагдан буй төрийн албан хаагчдад төрийн хүний зарчмын байр суурь болон чуулганы индрээс ийнхүү очлоо. Энэ байр суурь бол монгол төрийн дархан байр суурь байх ёстой гэдгийг хаа хаанаа, хана ханан дээрээ сийлэх цаг үнэхээр ирсэн билээ. Төрийн албан хаагчид УИХ-ын даргыг энэ зүгт анхаарлаа хандуулж, намаас өөр юм бодох завдалгүй тонгочуулж байгаа нүүдлийн сайд нарт зарчим сануулсанд талархан хүлээж авсан.
Ноён Спикерийн хамгийн шуугиан тарьсан мэдэгдэл Тавантолгойтой холбоотой байлаа. Түүний энэ мэдэгдэл Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийг түр зогсоогоод байгаа юм. Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцыг Монголын олон нийт, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгаа билээ. Улсын Их Хурлын зүгээс ч тун анхааралтай ажиглаж байгаа гэдгийг тэр онцолсон. Тэгэх ч ёстой. Монгол Улсын Үндсэн хуулинд “газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн” гэж заасан. Тэгж хуульчлан заачихсан учраас ч төдийгөөс өдий хүртэл энэ асуудал хэлцэгдэж байгаа. Тийм ч учраас монголын ард түмний өмчийн асуудлыг монголын төрийн эрх барих дээд байгууллагын хаалгыг гаднаас нь дарж байгаад шийдвэрлэх бололцоогүй. (УИХ-аар зайлшгүй оруулах ёстой гэсэн байр суурийг би сэтгүүлчийн хувьд хатуу баримталсан нь зарим хардагчдад ташаа ойлгогдсон талтай. Туйлширсан нэг талын байр суурь шаардах үзэгдэл сүүлийн нэг сард хүчтэй газар авсан. Үүнээс болж зарим нь компанийн улстөрч шиг, аль нэг бүлэглэлийн сэтгүүлч шиг харагдах ч сөрөг тал ажиглагдаж байлаа)
УИХ-ын дарга хэлсэн үгэндээ “Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд” гэдгийг ахин сануулсан. Төр мөнгөө зарж хайгуулаа хийсэн гэдгийг цаашдаа ч бид санаж явах ёстой.
Одоо түүний хэлсэн үгийг уншъя.
“Засгийн газар Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалтыг явуулж байна. Гэтэл Тавантолгойн ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна. Энэ талаар Улсын Их Хурлын удирдлага байр сууриа албан ёсоор илэрхийлж, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Засгийн газарт хүргүүлсэн. Энэхүү хэлэлцээрийг байгуулж байгаа нөхцөлөөс харахад Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бараг бүрэн хамааралтай болох нөхцөл үүсч байна. Энэ нь 2010 онд Улсын Их Хурлаар баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгана гэсэнтэй нийцэхгүй байна. Засгийн газрын байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ, хэлэлцээрийн төслийг өнөөдөр өглөө нэхэж авлаа. Гэрээ, хэлэлцээрийн төслийг эрхэм гишүүд Та бүхэнд хүргүүлсэн. Та бүхэн эдгээр гэрээг уншаад, Засгийн газар яагаад Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр, чуулган нээгдэж байгаа энэ өдөр яаран шийдвэрлэх гэж байгааг ойлгох болно. Өнөөдөр байгуулахаар төлөвлөж байгаа эдгээр гэрээ, хэлэлцээрийн төслийг харахад Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаж чадаагүй байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын үүрэг маш тодорхой хугацаатай байгаа бол нөгөө талын үүрэг нь хугацаагүй, зорилтын шинж чанартай, зорилт биелэгдээгүй тохиролдолд хүлээх хариуцлага байхгүй байна”. Тэр юунаас ч бэргэхгүйгээр энэ бүх баримтуудыг гаргаж тавьлаа. Ойлгосон ойлгоогүй олонлог орилоод л түүн рүү ноцов. Гэсэн ч тэр няцсангүй.
Тийм ээ, энэ төслийг гацаах хүсэл та бидний хэнд ч байхгүй гэдэгт би хувьдаа итгэж байна. Гэхдээ хэдэн жил хэрэлдэж хэрэлдэж хөдөлгөсөн “Оюутолгойн”-хоо гэрээг араас нь өнөөдрийг хүртэл чангаан зуурч, олон улсын тавцанд ойлголцоход бэрх нөхдүүд гэгдэх төвшинд очитлоо самарчихаад сууж байгаа улс шүү дээ, бид. Ийм байдалд орсон улс одоо энэ төслөө хэдхэн хоног эргэж харж, засч залруулж яагаад болохгүй гэж. Ингэтлээ адган хашгиралдах, хашгиралдуулах эрх ашиг хаанаас харин явж байна вэ.
Зарим нь түүнийг хэдхэн хоногийн дотор төрийн дайсан болгож орхив. Байр сууриар хуваагдсан энгийн иргэд хүртэл бие биенээ дуртайяа гадны тагнуул, монголын дайсан болгож амжив. Үүн дээр нь улс төрд ашигтай үедээ эргэж залран жижигхэн босс болж, хямдхан боолын хөдөлмөр эрхэлж байгаа зарим улстөрч бөөн бөөн цучил нэмэв. Ингээд улс төрд түймэр дэгдэх нь тэр. Нөгөө эрлийз хурлийзаа дуудалцдаг цус шинжээчдийн өвчин ч сэдрэв. Үнэндээ ямар ч ач холбогдолгүй хэрүүлд ийнхүү цахимын хэдэн залуусаа автуулав. Угийн шазгануур зантай, хэр баргийн юманд арагшаа сууж өгдөггүй Спикер ч байр суурин дээрээ бат зогсов. Юугаар ч шидээд тэр нугарч өгсөнгүй.
Үнэн хэрэгтээ энэ хэлэлцээр бол бизнесийн хийгээд улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашиг огтолцсон төвөгтэй асуудал. Хожмын үр дагавар нь өнөөгийн спикерт яаж ч тусч мэдэх аюултай.
Аюултайг нь мэдсээр байж аюултай мэдэгдэлдээ тэр өөр юу гэж хэлсэн гэж санана.
“Тавантолгойн ордыг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, Иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тохиролцоо хийгдээгүй, Нэмэлт хайгуул хийгээд нөөцийг нь яах нь тодорхойгүй, 4 тэрбумын хөрөнгө оруулалтад одоо оруулсан “Энержи Ресурс” компанийн хөрөнгө оруулалтыг хамруулсан, Төмөр зам өргөтгөх бол зөвхөн хөрөнгө оруулагч нөгөө тал хийх эрхийг олгосон, төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн зардлыг шалгасны дараа төлөх, нөгөө талын хөрөнгө оруулалтыг үнэлэхгүйгээр байгаагаар нь тооцох зэрэг заалтуудыг оруулж, гэрээг байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч “Шинхуа” компанийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээсэн байна.
Эдгээр гэрээг байгуулахдаа Монголын тал ямар ч хуулийн болон санхүүгийн хөндлөнгийн зөвлөгөө аваагүй, харин хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий ‘’Deloitte’’, ‘’KPMG’’ зэрэг компаниас үйлчилгээ авсан байна.
Ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгой ордыг ашиглах гэрээг Улсын Их Хурал яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье”.
Эдгээр баримтуудыг манай иргэд одоо нухацтай уншсан, танилцсан байгаа. Тийм ч учраас нийт масс бол тэгтлээ яарч адгаж, цамнахгүй харцгааж байгаа юм.
Харин төслийн хэлэлцээрийг удирдаж буй, Монгол Улсын сайд, ноён М.Энхсайхан УИХ-ын дарга З.Энхболдын байр суурийг эрс эсэргүүцэж байгаа. Тэрбээр энэ талаар мэдэгдэхдээ “Тавантолгой төслийн хэлэлцээний нөхцөл байдлыг буруу ойлгуулах тун хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Тухайлбал, "...нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгах" гэсэн аюулгүй байдлын баримтлалын заалтыг зөрчиж байна гэсэн нь бодит үнэнд нийцэхгүй юм. Энэ тооцоог Ажлын хэсэг гаргаж, ҮАБЗ-д танилцуулсан бөгөөд дээрх заалт зөрчигдөхгүй.
Тавантолгой төслийн хэлэлцээний явцыг Ажлын хэсэг болон УИХ, олон түмэнд тухай бүр танилцуулж ирсэн. Консерциумтай эцэслэн тохирсон гэрээг Ажлын хэсэг зөвхөн Засгийн газарт танилцуулж, Засгийн газар хүрсэн үр дүнг УИХ-д танилцуулах төрийн ёс жаягтай билээ. Гэтэл Засгийн газарт танилцуулж амжаагүй асуудлаар "гарын үсэг зурсан сайд нарыг огцруулах асуудлыг тавих болно" гэж З.Энхболд мэдэгдсэн нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын харилцааг эвдсэн, үндсэн хуулийн агуулгыг зөрчсөн гэж үзэж болохоор байна ” хэмээн тэр хэлсэн.
Түүнийг ч гэсэн энэ үгнийх нь төлөө Монголын сайд атлаа хэний эрх ашгийг төлөөлж байна вэ гэх мэт хүчтэй шүүмжлэл нөмөрч байна. Тэр энэ төслийг түргэн явуулахыг хүсч байгаа. Түргэн түргэндээ УИХ-аар ч хэлэлцэхгүйгээр гялалзуулахыг хүссэн. Гэвч Спикер эсэргүүцлээ. Энэ бол улс төрд байдаг л мэтгэлцээн, болдог л дажин.
Ахин хэлэхэд төрийн шийдвэр битүү хатуу, далд гарч явдаг нэг намын үеийн дээрэнгүй жишиг байхгүй болжээ. Энэ л чухал. Ахин дахин онцолмоор чухлыг би хувьдаа энэ гэж үзэж байгаа юм. Бусад дагалдаж гарч ирж буй үйл явдлууд бол байдаг л явдлууд. Лидерүүд хэзээ ч нэг гарын дор зангидагддаггүй. Тэд зөвхөн нэг тугийн дор л зогсдог шүү дээ. Бас тэдэнд очих дүн хэн зарчим дээрээ бат зогссон, хэн ёс суртахууны торгон хилийн манаач байсан, хэн монголын төрийн төлөө мачийсан гэдгээр л хэмжигдэж, цагийн шалгуураар соригддог билээ.
Зөвхөн даргалахыг удирдах гэж ойлгодог манайхны хэвшмэл орчинд З.Энхболд хүнд хэцүү энэ үед, олон олон эрх ашиг тээсэн бүлэглэлүүдийг сөрж удирдагчийн шинэ хэв шинжит дүрийг ийнхүү бүтээж байна. Урьд нь дутагдал нь болж байсан чанаруудаа ч энэ лидер манлайлал болгон хувиргаж байна. Одоо түүний араас “өөрт нь хувь хүртээхгүй явсан тоглоомноос болж ингэж байна” гэх мэт ядарсан хар мөлхүүлэх нэгэнт утгаа алджээ.
Гуйвшгүй зан чанар, ёс суртахуун, мэдлэг чадавх, үнэт зүйл, өндөр зэрэглэлийн боловсрол...энэ бүгд түүнд байна. Энэ бүгд дээр суурилсан манлайллаар тэр зорилгоо биелүүлж, нөлөөлөх чадвараа зузаалах арга замыг сонгож байна. Ерөөс аливаа лидер нь зорилго, зарчим хоёрын нэгдэл болсон цул хүчийг тээгч байдаг. Зарим хүмүүс цаанаасаа гэмээр төрөлхийн удирдан залах авьяастай төрдөг. Чухамдаа тийм лидер бол одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Гэтэл онцгой цаг үе, хүнд бэрх үйл явдлуудын үед зарим хүнээс удирдагчийн зан чанарууд илрэн гарч ирдэг байна. Ялангуяа З.Энхболдын хувьд энэ үед тэр огт өөрөөр тэсэрч харагдана. Түүнд лидерийн төлөөх замнал, хүсэл зориг, тэвчээр хатуужил, нөр их хөдөлмөр байсан. Нөгөө талаар тэр ямагт юу хийж байгаагаа маш сайн мэддэг байлаа. Энэ бол маш чухал үзүүлэлт.
Няцашгүй явж ирсэн түүний чанарууд нь өнөөдөр түүнийг шинэ өндөрлөгт авчирлаа. Улс төрийн сайн менежер, генератор байх үеийнх нь олон жилийн хөдөлмөр АН-д, АН-ын оргилд гарсан олон лидерүүдэд түшиц болж ирснийг нь мэдэхийн хувьд одоо түүнээс харагдан буй зарим өөрчлөлтийг улам ихээр анхааран ажиглах хүсэл төрнө. Улс төрд ийм тод агшин, ийм тод давхцал тэр бүр тааралдахаа байгаад удсан болохоор ч тэр байж мэдэх юм.
Монголын улс төрийн дараагийн үед тэр хэн байх бол оо...ийм нэгэн сонирхолтой төсөөлөл бодогдоно. Учир нь тэр байх нь тодорхой болохоор....