“Open door” сонин энэ удаагийн VIPerson зочноороо Масс агентлагийн ТУЗ-ийн дарга Ч.Даваабаярыг урьсан юм. Ингээд сүүлийн үед олны сонирхлыг ихээхэн татаад буй түүний ярианд анхаарлыг тань хандуулъя.

-Та сүүлийн үед цахим ертөнцөд нэлээн сонирхол татаж байгаа хүний нэг. Уншигчдынхаа хүсэлтийн дагуу өөрийг тань урихаар шийдсэн юм.

-Баярлалаа.

-Яриагаа олны зүгээс дэмжлэг хүлээж байгаа “Баялаг бүтээгчдээ дэмжинэ” төслөөс эхлэе гэж бодож байна. Баялаг бүтээгч гэхээр л том татвар төлдөг, том байшинтай, том нэр хүндтэй, том дуулиан шуугиан дунд явдаг, том эздийг тойрсон нэр хүнд байх ёстой юм шиг зарим нь хардаг. Бээлий, эсгий шаахай хийдэг хүнийг баялаг бүтээгч гэвэл дургүйцэх маягтай ч байх шиг. Минийхээр амжилт босгож, тэр хэрээрээ аз жаргалтай амьдарч, амжилтаа бусадтай хуваалцаж, ажлын байраар хангаж байгаа хүмүүс бүгдээрээ баялаг бүтээгч.  Ер нь бол жижиг, дунд үйлдвэрлэгчдийн талаар төрөөс баримтлах бодлого цэгцгүй явж ирсэн. Та төрийн нэгдсэн бодлогоор цангасан хэцүү салбарыг барьж авсан байна. Төслийнхөө санааг яаж олов. Таныхаар баялаг бүтээгч гэж хэн бэ. Жишээлбэл, та баялаг бүтээгч мөн үү?

-Юуны өмнө танай сонины хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг урьж ярилцаж байгаад баяртай байна. Удахгүй танай нэг жилийн ой болох гэж байгаа гэж дуулсан. Танай сонины хамт олонд амжилт хүсье. Ер нь бол та ч бас өөрөө баялаг бүтээгч шүү дээ. Зовлон жаргалыг хуваалцаад тухайн салбар руу ороод ажиллахаар ойлгоно. Очирбатын Дашбалбар гуай “Амьддаа бие биенээ хайрла” гэж хэлсэн байдаг. “Баялаг бүтээгчдээ дэмжинэ” төсөл хөтөлбөрийн болон угтаа манай “Масс” агентлагийн уриа түүний энэ үзэл санаа юм л даа. Би хэвлэл мэдээлийн салбарт 10 гаран жил ажиллаж байна. Анх 100 төгрөгийн үнэтэй телевизийн мэдээний TV сонинг гаргаж байлаа. Хүүхдүүд, хөгшид тэр сонинг маань зах дээр зардаг байсан. Бизнес гэхээсээ илүү буянтай ажил байсан л даа. Тэр мэдээний 100 төгрөгийн үнэтэй сонин зарж өдөр тутмын амьдралаа залгуулдаг хүн олон байсан юм.  Хүүхэд хөгшдийг ажил, орлоготой залгуулж байсан л даа. Эндээс л хэвлэлийн салбар дахь ажлын гараа маань эхэлж дээ.

-Тийм үү. Мэдээгүй юм байна. Гудамжинд гар дээрээс сонин зарна гэдэг манайд орж ирээгүй соёл байсан байх шүү?

-Баруунд хүүхдүүд гутал тосолж, сонин зараад л гүйлдэж байдаг. Нэг талаараа тухайн хүүхэд бизнесийн талаархи анхны төсөөлөлтэй болох, нөгөөтэйгүүр мөнгөний үнэ цэнийг мэдэх, ойлгох анхны мэдлэгийг олгодог соёл юм болов уу гэж хардаг. Тухайн үед тэгж сонин зарж байгаад “хөөрхөн” томорсон залуус ч байдаг л юм байна билээ.

-Бизнесийн жижиг, дунд хэсгийнхэн төрийн хайр ивээл, бодлогоос хол байдаг. Их зүдэргээнтэй замыг туулдаг. Пал хийгээд төсөл нь дэмжигддэг аз бараг л байдаггүй юм билээ. Хараад байхад бор зүрхээрээ л зүтгээд байгаа нь ажиглагддаг. Таныг ч гэсэн өөрөө зүтгэж байж өнөөгийн амжилтад хүрчээ гэж харж байна.

-Би бизнес хийхдээ ашиг орлого олохыг чухалчилдаггүй. Тухайн бараа бүтээгдэхүүнээ зах зээл дээр брэнд болгохыг л чухалчилдаг. Монголын зах зээл дээр брэнд бий болгоход хоёр жил л хангалттай. Хоёр жил эрчимтэй, шуурхай ажиллахад л болно. Миний ажлын арга барил,   эхлүүлсэн анхны гараа ер нь эхний хоёр жил нь яг гардаж өөрөө ажилласан түүх байдаг юм. Эвээ олсон үед нь яг тэр багийнхаа манлайлагчийг нь олж удирдагчаар томилдог. Надтай хамт нэг баг болж ажиллаж байгаа хүн ахиж дэвших ёстой. Ахиж дэвших боломж олгохгүй, өөрөө л оройд нь суугаад байвал тэгээд л дуусна шүү дээ. Ч.Даваабаяртай ажиллаад эцэст нь амжилтад хүрч, албан тушаал ахуй амьжиргаа нь ахиж дэвшинэ гэх итгэл ажилтнуудад маань байх ёстой. Манай монголчууд ажил хийвэл ам тосдоно гэдэг дээ. Энэ үнэхээр сайхан үг шүү. Хамт олноороо зүтгэж амжилтын захаас атгачихаад, ганцаараа амжуулсан юм шиг суувал унахын л цондон. Унах унахдаа бяц үсрэхийн л цондон шүү дээ. Хүн хөдөлмөрөө үнэн шударга үнэлүүлэх боломжтойд итгэвэл ямар ч ажлыг нугалж гардаг.

-Аливаа байгууллагуудын удирдлагын бүтцийг харахад хамаатан садан, найз нөхдөө л дэмждэг гажиг жишиг газар авсан шиг санагддаг. Энэ их буруу бодлого юм шиг ээ?

-Үнэн, манайхны гол алдаа нь энэ. Миний хувьд удаан жил хамт ажилласан, таньсан хүмүүстээ боломж олгохыг чухалчилдаг. Бас чадавхийг үнэлэх их чухал. Хамаатан садан гэхээсээ илүү хэн нь чадварлаг байна тэр хүн ахиж дэвших ёстой. Энэ бол зах зээлийн зарчим. Хэн ажлаа сайн хийж чадаж байна, тэр хүнд л албан тушаал, боломжийг олгох ёстой. Сүүлийн үед мэдээлэл технологи, хэл хоёр хэрэглээ болчихоод байна. Хэлтэй, дээр нь технологийн мэдлэгтэй байхад онлайн, сошиал медиа ертөнцөөр хил хязгааргүй “алхаж” болж байна. Зөвхөн Монголдоо төдийгүй Герман, Америк, Солонгост байгаа монголчууд бидний тухай мэдээллийг, тэндэхийн мэдээллийг бид хүссэн үедээ хүлээн авч үзэж байна. Би BBC-гийн мэдээллийг дуртай үедээ үздэг.  Хүсвэл CNN-ийн twitter хуудсыг дагаад л мэдээллийг уншаад байж болж байна.  Ямар ч асуудалгүй. Тиймээс хил хязгааргүй онлайн сүлжээ нэвтэрчихсэн энэ цаг үед монголчууд бид технологиос хоцрохгүйн төлөө зүтгэх ёстой. Нөгөөтэйгүүр залуучуудын хэлний мэдлэг өндөр болсон байна. Чамлахааргүй давуу тал шүү. Ямар ч байсан ч бидний монголчууд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж тодорхой хэмжээгээр чадаж байна. Өнгөрсөн намар“Iphone 6”-ийн шинэ загвар гарахад, Монголд хоёрхон сарын дотор 500 мянган ширхэг утас  зарагдсан байх жишээний. Нэг талаас ухаалаг хэрэглээ хэр нэвтэрсний үзүүлэлт. Тэр хэрээр бизнес цэцэглэнэ. Мэдээж “Iphone 6” хэрэглэж байсан хүн өмнө нь смарт утас л хэрэглэж байсан байж таарна. Утсаа шинэчилснээр хуучнаа ах дүүдээ өгөх ч юм уу, эсвэл худалдаж борлуулна. Одоогийн байдлаар сошиал ертөнцөд идэвхтэй ажилладаг сая орчим хүн байгаа. Өөрөөр хэлбэл, смарт утастай хүн гэсэн үг шүү дээ. Facebook-ийн хэрэглэгч сая, twitter-ийн хэрэглэгч 200-аад мянга болчихож. Том зах зээл байгаа биз.



-Энэ тоог бас хөөрсөн тоо гэж хэлэх юм байна лээ?

-Албан ёсны бүртгэлээр гаргасан тоо шүү дээ. Дашрамд сонирхуулахад, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагаас хамгийн анх twitter-тэй албан ёсны харилцаа тогтооосон газар нь манайх. Бид тусгай сошиал медиа хөгжүүлэлтийн хэлтэс ажиллуулж байгаа. Twitter 600 сая хэрэглэгч, Facebook 1.5 тэрбум хэрэглэгчтэй. Манай групп энэ хоёр компанитай хоёулантай нь албан ёсны харилцаатай. Facebook, twitter хариу бичихэд хариу ирдэггүй дээ. Харин манайх албан ёсны харилцааг тогтоосон учраас албан ёсны хариу ирнэ.

-Албан ёсны харилцаа тогтоосны давуу тал нь юу юм бэ?

-Наад зах нь хуурамч хуудас гарч ирэхээс хамгаалдаг. Ямар нэг байдлаар хуурамч хуудас гарч ирвэл тэр дор нь хаана шүү дээ.

-Таны нэртэй хуурамч акаунт гарч ирсэн байсан. Албан ёсны харилцаагаа ашиглаад хурдан зохицуулчихаж болохгүй байгаа юм уу?

-Би бодохдоо, эхний ээлжид Монголдоо зохицуулъя л гэсэн юм. Юу юуны туханд хүрэлгүй төв компанид хандаад яах вэ гээд байдлыг харж байна. Энэ асуудал дээр манай хуулийн зөвлөх ажиллаж байгаа.  Мөн кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хуурамч акаунтын талаар өргөдлөө өгчихсөн.

-Хэн нэгний нэрийг ашиглаад зэвсэгт тэмцэлд уриалах, элдэв бослого, террорист үйл ажиллагаанд турхирах, хэн нэгэнтэй болзоод гэмт хэрэг үйлдэх гэхчлэн аймшигтай зүйл үйлдэх эрсдэл энэ ертөнцөд байна. Аюултай талаас нь харвал эрсдэл өндөр.

-Twitter-ийн хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ бол хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, мэдээж мэдээлэл солилцох суваг. Энийгээ хов баздаг, бие биенээ доромжилдог газар битгий болгочихоосой гэх эмзэглэл төрдөг. Онлайн ертөнцийн хэрэглэгчдийн олонхи нь залуус. Бид залуу хойч үедээ ямар юмаа үлгэрлээд байгаа юм бэ. Залуучууд маань буруу үг хэллэгийг ихээр хэрэглэж байна. Угтаа бид энэ зах зээлээ өөрсдөө л хайрлаж хамгаалж тордож бас хөгжүүлэх ёстой. Хүн болгон хүссэн хүсээгүй twitter рүү ордог. Манай компани 800-аад ажилтантай. Товчхондоо 800 Facebook-чинтэй. Ажилчдын маань 99 хувь нь залуус. Нөгөөтэйгүүр өнөөдөр бараг бүх байгууллага өөрийн Facebook хуудастай болчихсон. Бодоод үз дээ. Манай байгууллага гэхэд л 200-гаад жиргээчтэй. Олон нийтийн сүлжээний хамрах хүрээ өргөсөхийн хэрээр бодлоготой болгоомжтой байхгүй бол болохгүй гэж хэлэх гээд байгаа минь энэ. Бодоод үз, долдугаар сарын 1-нд телевизээр шууд дамжуулаад л хүмүүсийг цуглуулчихсан. Тэр үед телевиз хүчтэй байсан. Хэрвээ twitter байсан бол бүр аймаар байдалд хүрэх байсан. Өөрөөр хэлбэл, цахим ертөнцийн хүчийг басч болохгүй. Зарим улс орон сонгуулийн үеэр цахим ертөнцөд хязгаарлалт тавьдаг болж. Олон нийтийг уриалан дуудаж, турхирч байгаагийн ард хэн байгааг таах аргагүй. Хуурамч акаунттай, хуурамч зураг тавьчихаад ямар нэг байдлаар өөрийн зорилгодоо ашиглаад байна ш дээ. Уг нь монголчууд нэг хүний хүссэнээр хөдлөөд байдаг улс биш. Монголчууд тэнгэр заяатай хүмүүс. Жишээ нь, twitter-т хуурамч акаунтаар тодорхой хэмжээний бодлого, зорилготой нөхөд орж ирдгийг бид бүгд харж байна. Миний хувьд би хэвлэл мэдээллийн хүн учраас тэсч тэвчээд ард нь гарах ёстой гэж боддог. Хэдийгээр телевиз, радио, сонин сэтгүүл хүчтэй ч онлайн ертөнц илүү хурдацтай хүчирхэгжиж байна. Өдрөөс өдөрт. Олон улсын хэвлэл мэдээллийн хөгжил онлайн дээр суурилж байна. Хөрш Орос, Хятадыг хар. Бодит зах зээл дээр 50 хувь явуулаад ихэнхийг нь онлайн дээр ажиллаж байна. Та ч гэсэн тэгж байгаа биз дээ. Захиалагчдадаа 10 мянгыг зараад, twitter дээр дагасан 20 мянган хэрэглэгчдээ жиргээгээр л хүргэж байгаа шүү дээ. Гэх мэтчилэнгээр бид онлайн болон бодит зах зээлийг хослуулахгүйгээр хол явахгүй. Энэ бол хөгжлийн зам. Тэр ч утгаараа манай компани цахим зах зээлд идэвхтэй хандаж байгаа. Гурван жилийн төсөл хөтөлбөр боловсруулчихаад явж байна. Өнгөрсөн жил бэлтгэлээ базаасан. Энэ жил эхлэлээ тавьсан.

-Хэвлэл мэдээлэл бол мэргэжлийн салбар. Өөрийн төрөл, түүх, мэргэжлийн технологитой. Харин твиттер бол олон нийтийн “буу халах” газар. Аливаад хандах нийгмийн  нэг хэсгийн хандлагыг л харна уу гэхээс сонгодог мэдээлэл, түүний ар талд үүрдэг хариуцлагын тухайд эдэнтэй ярьж болохгүй. Шуудхан хэлчихэд хэвлэл мэдээллийн салбарын өөрийн онцлог, түүний ажилтны хөдөлмөрийг гэртээ хэвтээд  хүссэнээ бичиж суугаа эмэгтэйнхтэй ижил төвшинд авч үзэж арай болохгүй биш үү?

-Өөр л дөө. Манай сэтгүүлчид ч идэвхтэй жиргээчид. Үнэндээ манай мэргэжилтнүүд маань олон нийтийн жиргээнд ч хариуцлагатай байдлаараа ялгардаг шүү.

-Twitter-ийн дүрэм нь нарийн юм билээ. Гэхдээ манайхан тал дээр дүрэмгүй тоглож сурсан улс. Харин таны цахим ертөнцөд биеэ авч яваа байдал их тэвчээртэй харагддаг?

-Би өөрөө медиа хүн учраас дайралт, сайшаал магтаал, гүжирдлэг доромжлолтой илүү их нүүр тулдаг. Угаасаа манай хэвлэлийнхэн чинь хэлэх юмаа хэлж, бичих юмаа биччихдэг улс. Өнөөдөр би хэвлэлийн том агентлагийг удирдан ажиллаж байж өөрөө тэнд хэрэлдээд эхэлбэл ажилчид маань миний талд ороод л хэрэлдээд эхэлнэ.  Манайхны зарим нь тань руу дайраад байна. Бид чимээгүй байгаад байх юм уу, эцсийн эцэст энэ чинь манай байгууллага руу хандсан асуудал шүү дээ гэж хэлж л байсан. Манайх 800 гаруй ажилтантай, тэр хэмжээний дуу хоолойтой. Гэлээ гээд бусдын үзэл бодлоо илэрхийлэх боломжид нь халдах эрх надад байхгүй. Хамгийн гол нь энэ зах зээл дээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд соёлтой л баймаар байгаа юм. Twitter гэдэг чинь мэдээллийн том, шинэ тутам урсгал. Би салбараа хайрлаж, хөгжүүлэхийн тулд хүчин зүтгэж яваа хүний нэг болохынхоо хувьд адилхан хүндэтгэх ёстой.



-Twitter-чид таныг 20 мянгаас дээш дагагчтай акаунтуудыг худалдаж авсан гэж их шүүмжилсэн. Энэ талаар та ямар тайлбар хийх вэ. Акуант худалдаж авсан гэх дайралтын үеэр та нэг талаас сонирхол татсан хачирхалтай этгээд нөгөө талаас дүүрсэн тэнэгийн дүрд л хувираад эхэлсэн?

-Бид зах зээлийн нийгэмд шилжээд 25 жил боллоо. Зах зээл дээр ажиллаад сурчихсан. Худалдаа наймаа хийнэ. Оюунаа ч үнэлнэ, хөдөлмөрөө ч үнэлнэ. Би twitter-чид өөрсдөө давхар акаунт хөгжүүлэх, эсвэл өөрийнхөө акаунтыг зарахыг дэмждэг. Зах зээлийн нийгэмд хүн өөрийнхөө юмыг зарна уу, түрээслэнэ үү хэнд хамаатай юм бэ. Би оны өмнө хоёр, он гарснаас хойш хоёр акаунт авсан. 10-20 мянга орчим дагагчтай. Үнэхээр идэвхтэй акаунт мөн үү, дагагчид нь хэд вэ, хэдэн хувь нь монголчууд байна вэ, хэдэн жил ажиллуулсан байна вэ гэхчилэн нарийн судалж байгаад авсан. Наймаа хийдэг л зарчмаар.  Энэ бол хулгай биш. Үе үе акаунт зарна гэсэн зар явж л байдаг. Хүнд мөнгө хэрэглэх гэнэтийн асуудал тулгардаг л биз дээ. Нөгөө талаар би тэр хүний хөгжүүлсэн оюуных нь өмчийг худалдаж авахад юу нь буруу байгаа юм бэ. Хуулиар хориглоогүй л бол хоорондоо тохиролцож болно. Харин ч би акуант худалдаж авснаа хүнд ч тус, өөртөө ч ашигтай ажил хийлээ гээд сэтгэл хангалуун байгаа. Зах зээл учраас ашиг харна. Авсан акуантаа ашиглаж байна. Гэхдээ би хэн нэгнийг гүтгэж доромжлох гэж акаунт аваагүй. Баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор авсан. Бүтээгчдийнхээ ажлыг олон нийтэд өргөн далайцтай хүргэх гэж. Нөгөөтэйгүүр “Масс” бол медиа групп. Радио, телевиз, сонин, сэтгүүл нь байна. Одоо twitter, Facebook-т байр сууриа бататгахыг хүсэх нь зүй ёсны асуудал гэж хэлж болно. Хэрэглэгч хаана байна, тэнд очиж ажиллах ёстой. Бодит зах зээл дээрх хэрэглэгчдийн тал нь цахим ертөнцөд байхад чинь сошиал медиа дээр ажиллахгүй гээд яах юм бэ.  Мэдээж бид өөрсдөө акуант хөгжүүлж, бас хэрэгцээтэйгээ худалдаж авч байна. Гайхах зүйл юу байгаа юм бэ. Олон нийтийн сайн сайхны төлөө л ашиглаж байна ш дээ.

-Танай Масс медиа группын мэдэлд хоёр телевиз бий. Медиа группт хоёр телевиз байх шаардлага байх уу. Олон телевизтэй байхаар өөр зорилго байна уу гэх хардлага төрөөд байгаа юм л даа?

-Би энэ салбарт 10 гаруй жил ажиллаж байна. Ажлын гараагаа 100 төгрөгийн мэдээний сониноор эхэлсэн түүхээ танд ярилаа. Мэдээний сонины зах зээл хумигдаад эхлэхэд, Info, Hotnews сэтгүүлээ гаргасан. Дараа нь тендерт оролцож радио ажиллуулсан. Эхлэл болгондоо би өөрөө л ажилладаг байсан. Сониноо өөрөө зөөж, өөрөө тараагаад л явдаг байлаа. Хоёр гурван машин “тараасан” даа. Сонин чинь хүнд жинтэй болохоор машин тэсдэггүй юм байна лээ. (инээв) За, тэгээд радиогийн хөтлөгч, лавлах утасны оператор хүртэл хийсэн. Хамт олон дотроо орж манлайлж, уриалж, хамтран зүтгэж байж алдаа оноог нь олж хардаг. Түүнээс биш дээрээс заавардчихаад, өөрөө салхинд гарч, билльярд тоглоод, ан хийгээд зугаалаад  байх сонирхол надад байдаггүй. Манай ажилчдын 99 хувь нь залуус гэдэг утгаараа ажлын маш том хүч байна. Залуусаа зөв сургаад, зөв ажиллах дадалтай болгочихвол нэгд, манай байгууллагад, хоёрт улс эх оронд маань хэрэгтэй. Товчхондоо энэ үгээрээ удирдлага их зөв байх хэрэгтэйг хэлэх гээд байна л даа. Сая twitter-т өрнөсөн хэрүүлийн голд нь давхиад орчихвол юу болох вэ. Ний нуугүй хэлэхэд хувь хүнээ гэхээсээ илүү ард байгаа ажилчид, групп компанийнхаа ирээдүй гэх олон зүйл бодож байж хүлээцтэй хандаж байна. Гэхдээ ямар ч юманд хэмжээ хязгаар бий. Хаанаас ирж байгаа дайралт болохыг тогтоочихсон. Одоо мэргэжлийн байгууллага нь бататгаж тогтоогоод асуудлыг цэгцлэхийг хүлээж байна. Хэрвээ зохицуулахгүй бол twitter-ийн төв компани руу гомдлоо гаргана. Амархан л даа. Гэхдээ хүний юмыг хүчээр хаалгах сонирхол надад алга. Мэргэжлийн байгууллага шалгаж тогтоох л учиртай гэж бодож байгаа юм. Тэгээд ч тэр хүнтэй хэрэлдээд гүйж байх цаг зав үнэндээ алга байна шүү дээ.

-Хэвлэл мэдээллийн салбарыг бизнес талаас нь тайлбарлаач?

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хөгжил медиа руу орчихсон.  Нэг телевиз, нэг сонинтой байхаа больчихсон. Нэгдэж, багаараа ажиллаж амжилтад хүрдэг болсон байна. Монголд реклам сурталчилгаа өгдөг хэдхэн компани байдаг.  Тэр компаниудад олон байгууллагатай ажилласнаас нэг медиатай ажилласан нь хялбар гэх сонголт байна.

-Массыг ЕTV-гийн дараа байгуулсан бил үү?

-ЕTV эхэлж байгуулагдсан. Масс байгуулагдаад таван жил болж байна. Хэвлэл мэдээллийн салбарт хүндрэл их л дээ. Энэ цаг үед бүр л хэцүү байна. Контент маш үнэтэй болчихсон. Хуучин интернэтээс хулгайгаар татаж аваад гаргачихдаг байсан бол одоо үгүй. Оюуны өмч гээд л асуудал үүснэ. Тэгэхээр бид одоо контент хийнэ, эсвэл худалдаж авна. Бизнесийн шинэ харилцаа үүсч байгаа биз.

Түүнээс гадна анологи системээс тоон систем рүү шилжиж байна. Энэ жил бүрэн шилжинэ. Тэр хэрээр телевизийн тоног төхөөрөмж тоон системт болох ёстой. Хөрөнгө оруулалт хэрэгтэй болно. Технологи шинэ байхдаа үнэтэй байдаг. Тэр утгаараа сайн ажиллаж, менежмент хийж чадсан нь л зах зээлийн хуулиар үлдэх байх.  Одоо байгаа 50-60 телевизээс цөөхөн нь л үлдэнэ дээ. Зах зээлийнхээ хөгжлийг дагаад чадалтай чансаатай нь үлдэнэ. Түүнээс биш би шуналтайдаа олон юм руу үсчээд байгаа юм биш. Зах зээлд бүдрэхгүй өрсөлдөөнд ялагдахгүйн тулд хичээж мэрийж ажиллаж байна.

-Ингэхэд ЕТV гэх нэрний утга юу юм бэ?

-Толгой компанийн маань нэртэй холбоотой. Анх энтертаймент чиглэлээр гарч ирсэн.

-З.Энхболд даргатай холбоотой гэх хардлага байх юм.

-Сайн муу элдвээр л хэлэх юм.  Гэхдээ юм хийж байгаа хүн л элдвээр хэлүүлдэг. Хийгээгүй бол хэн ч юу ч ярихгүй нь тодорхой. Тэр утгаараа би өөрийгөө олны анхаарлыг татахуйц ажил хийж байгаа хүн гэж ойлгодог. Тэгээд ч манай салбарын онцлог байна л даа. 

-З.Энхболд даргын тухайд?

-З.Энхболд даргын хувьд манай компанид ямар нэг байдлаар хувь эзэмшигч, хөрөнгө оруулагч гэх зүйл үнэхээр байхгүй. Бид зүгээр л нэг нутгийн хүмүүс.

-Би өөрөөс нь асууж байсан л даа?

-Байхгүй ээ л гэж байгаа биз дээ. Хамаагүй юм чинь. Ер нь манай телевизийг олон хүнтэй холбож харддаг ш дээ. Нэг хэсэг ETV-ийн ард Н.Энхбаяр дарга байгаа гээд л байсан. Сүүлд Ц.Энхбат даргыг нэг хэсэг ажиллахад Ц.Энхбатынх байсан байна гээд л байсан. Одоо З.Энхболд даргынх гээд л,“Э” үсгээр эхэлсэн нэртэй хүн болгонтой холбож байна. (инээв) Тэгээд яахав, хардах эрх нь байгаа юм хойно.

-Тийм бол М.Энхболд даргатай ч холбож болно шүү дээ. Гэхдээ түүнтэй холбодоггүй.

-Болно ш дээ. Гэхдээ З.Энхболд даргатай нэг нутгийнх учраас илүү дөхөм гэж хараад байх шиг байгаа юм. З.Энхболд дарга бол улстөрч хүн. Би бол бизнесийн хүн шүү дээ.

-Нэг нутгийнх гэснээс таны бага нас хаана өнгөрсөн бэ. Өвөрхангайн уугуул уу?

-Би чинь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд эмээ, өвөө дээрээ байж байгаад долоон настайдаа сургуульд орохоор хотод ирсэн хүн шүү дээ. Амралт болгоноор л хөдөө эмээ, өвөө дээрээ очдог. Хөгшдийгөө тэнгэрт хальснаас хойш, наймдугаар ангиасаа хойш бараг очихоо больсон доо. Тэр үед их гоё байсан. Аймаг болгон руу онгоц нисдэг. Сум болгон руу голио онгоц нисдэг байлаа. Голио онгоцонд суугаад л явдаг, их л хөдөө амьтай хүүхэд байлаа. Би одоо сумынхаа нутгийн зөвлөлийн даргыг хийдэг. Алслагдсан, дээр нь цөөхөн хүн амтай сум ч гэсэн аймагтаа төдийгүй улс орон даяар ажил үйлсээрээ танигдсан сум болж чадлаа. Ер нь ямарваа нэг юманд маркетинг, менежмент их чухал.



-Таны төлөвлөгөөнд улс төрд орох том зорилго бий бололтой. Тийшээ орох гэж яарч байгаа нь зарим талаар ил тод харагдаж байна л даа?

-Би “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслөө эхлүүлээд явж байна. Том ажил. Нийслэлд, орон нутагт хэрэгжинэ. Хийж бүтээж байгаа монголчуудаа дэмжих ажил. Товчхондоо сурталчилгааны ажил шүү дээ. Хэн хаана юу үйлдвэрлээд хэний хэрэгцээг хангаад ямар асуудалтай тулгараад байгааг хэвлэл мэдээллийнхэн очиж сурвалжлаад олон нийтэд хүргэх үүрэгтэй. Сурталчилгааны хэрээр борлуулалт нэмэгдэнэ. Түүнээс биш жижигхэн сумандаа том үйлдвэрлэл эрхлээд амбан явахгүй. Томрохгүй бол хөгжихгүй. Хөгжилд зар сурталчилгаа чухал. Гэтэл зар сурталчилгааны үнэ өндөр байгаад байдаг. Дөнгөж ажил эхэлж хөл дээрээ зогсох гэж байгаа үйлдвэрлэгчид маань тэр үнийг нь дийлэхгүй байна. Том аж ахуйн нэгж, компаниуд бол маркетингийн төлөвлөгөөндөө оруулж, сурталчилгаагаа явуулдаг учраас тогтвортой ажиллаад, өсч томорч болоод байна. Тийм учраас л жижиг дундынхандаа туслахыг зорьсон. Дуртай ч хүлээж авч байгаа.

-Жижиг дунд бизнес гэх энэ төвшинд бизнес эрхлэгчдийн тоо ер нь хэд орчим байдаг юм бол?

-Монгол Улсын хэмжээнд 40 мянга гаруй үйлдвэрлэгч байна. 800 мянга гаруй хүн ажиллаж байна. Түүнээс гадна бидэнд урд хөрш гэж асар том зах зээл байна. Сонирхуулахад, Хятадын хүн амын 95 хувь нь жижиг дунд үйлдвэрт ажилладаг гэх тооцоо байдаг юм байна лээ. Манайд лангуун дээр нэг л худалдагч байдаг бол Хятадад 2-3 хүн зогсож байдаг. Хүн амаа ажилтай байлгахын тулд засаг төр нь бодлогоор дэмждэгийн бас нэг илрэл нь энэ. Гурван худалдагч ажиллуул, тэгвэл татвараас хөнгөлнө гэх жишээний бодлого хийсэн байдаг. Харин Монголд эсрэгээрээ. Том аж ахуйн нэгжүүд нь жижгийгээ “шахдаг”. Би 20 үнээтэй байлаа гэж бодъё л доо. Том компанид сүүгээ нийлүүлж байтал 200 үнээ оруулж ирээд л ферм байгуулж, надаас сүү авахаа больчихно. Ийм байдлаар л яваад байна даа, манайхан.

-Танай “Баялаг бүтээгчдээ дэмжинэ” төсөл их өргөн хүрээг хамарч байгаа учраас хүмүүсийн анхаарлыг татаж байна. Тийм болохоор таныг улс төрд орох нь гэж хардах үндэслэл байх шиг байна.

-Санал нийлж байна. Монгол орон даяар явж байгаа төсөл учраас нэг талаар хүмүүсийн хардаж сэрдээд байх нь зөв ч юм шиг.  Жиргээчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе гэж их жиргэдэг. Сүүлийн үед жиргэх бус дэмждэг болсон байна. Бид бие биенээ дэмжиж байж л дээшээ гарна. Дээшээ гарах гэснээ татаж унагачихаад байвал яаж хөгжиж дэвших юм бэ. Юуны чинь Азийн бар. Өөрсдөө л бар болно гээд байдгаас барын бамбар ч болоогүй байна. Намайг УИХ-д нэр дэвших гээд бэлдэж эхэллээ гэх хардлагыг би мэдэрсэн. Хардах эрх бий. Гэхдээ манай хамт олны хийж байгаа баялаг бүтээгчдийг дэмжих ажил өөр зорилготой. Улс төрд нэр дэвших гэж буй улстөрчид мөрийн хөтөлбөртөө энэ талаар оруулж бодлогоор дэмжих, урт хугацааны төлөвлөгөөт ажил болгоосой гэсэндээ л эхлүүлсэн ажил. Засаг, төр солигдоход жижиг дунд үйлдвэрлэгчид хохирдог байдлаас салах ёстой.  Өнөөдөр жижиг дунд үйдвэрлэгчдийн байдал бүрхэг байна шүү дээ. Орон нутагт ажиллаж байхад Хөдөлмөрийн яамнаас цалингаа авдаг, Аж үйлдвэрийн яаманд бодлого нь явагддаг учраас ажиллаж байгаа хүмүүс нь хэзээ ажлаа өг гэх бол гээд л хүлээгээд сууж байдаг байдал ажиглагдлаа. Хэдэн том компани нь мэдээлэл сайтай учраас зээл тусламжид нь хамрагдчихдаг юм байна. Гэтэл жижиг дундынхан мэдээлэл дутмаг мөн маш их цаас шаарддаг байдлаас нь төвөгшөөдөг. Банкнаас зээл авахын тулд баахан бичиг цаас бүрдүүлээд сар шахам явах хэрэг гардаг учраас явдал суудлаас нь төвөгшөөдөг. Тэр ч утгаараа өөрсдийнхөө чадлаар л зүтгэдэг. Энэ бүр байдлуудаас болоод өсч хөгжих нь бага өөрөөр хэлбэл, зогсонги байдалтай байгаад байна.

-Жижиг дунд үйлдвэрлэгчдийг үнэгүй сурталчилж байна гэсэн. Үнэгүй сурталчилгаа хэдий болтол үргэлжлэх юм бэ. Мэдээж энэ бол маш их хөрөнгө зарцуулагдах төсөл. Яаж ч харсан Ч.Даваабаяр улс төрд орох гээд л мөнгө хаяад байна гэх бодол төрөөд байгаа юм даа?

-Хардлагын тухайд тийм байж магадгүй. Манай медиа дээр олон хүн ажиллаж байна. Нийт ажилтнуудынхаа 50 хувийг эргүүлчихэж байгаа юм. Өөрөөр хэлбэл нийслэлд сурвалжлага хийх группээ орон нутаг руу явуулж байна.  Зардал, зарлага гарч байгаа. Боломжоороо өөрсдөө ч гаргаж байна. Тухайн орон нутгийн Засаг дарга, жижиг дунд үйлдвэрлэгчидтэй яриад бензин, хоолны мөнгө байрны асуудлыг зохицуулж өгөөч гэх маягаар ч амжуулж байна.

-Бид ч дандаа л гуйлгаар ажиллах юм даа?

-Гуйлгаар явж байгаа. Сая УИХ завсарлах үеэр гишүүд орон нутаг руугаа явахад нь ч бас дайж байна. Сонгууль дөхчихсөн, гишүүдийн чих зөөлөн байгаа энэ үеийг хэрэндээ л  “ашиглаж” байна. Орон нутгийн сурвалжлага ямар маягаар явдгийг манайхан мэднэ дээ. Дөрвөн нэвтрүүлэг хийлээ гэхэд гурвыг нь өөрсдийнхөө бодлогоор нэгийг нь гуйлгаар хийх жишээний. Одоогоор тухайн аймаг, сумын Засаг дарга нараас 30 минутын ярилцлага авч байна. Бүтээн байгуулалтын асуудлаар. Энэ нь нэг талаар тухайн бүс нутгийг сурталчлах ажил. Ийм маягаар л ажиллаж байна. Түүнээс биш бидэнд гаргаж цацаад байх мөнгө алга.

-2012 оны сонгуулийн үеэр ч Ч.Даваабаяр нэр дэвших нь гэх яриа гарч байсан. Харин  та нэр дэвшээгүй. Энэ удаа ч гэсэн дэвшихгүй нь ээ гэж ойлгож болох нь ээ?

-2008 онд, 2012 онд нэр дэвшээч гэх урилга ирж байсан. 2012 онд бүр тойрог өгч байсан. Би яваагүй. Надад эхлүүлсэн ажлаа гүйцээх хүсэл бий. Хөгжил хурдацтай өрнөж байхад жаахан л алгуурбал хоцорчих гээд байна. Минут секундээр хэмжигдэж байна. Ёстой нөгөө саалийн цагаар үнээ малаа хаяад гэдэг шиг юм байж болох уу. Хөдөлмөрлөж байж баялаг бүтээдэг. Ямартай ч өнөөдрийн байдлаар надад нэр дэвших тухай бодсон зүйл алга. Харин нэр дэвших зорилготой нөхөд, мөн улстөрийн намууд баялаг бүтээгчдийг бодлогоор яг одоо л дэмжих ёстойг ойлгуулах шаардлагатайг л харж байна. Одоо л хийхгүй бол хөгжихгүй шүү. Алийн болгон байгалийнхаа баялагт дулдуйдаж алт зэсээ бусдад зараад суух юм бэ. Дуусна шүү дээ.

-Ингэхэд танай Өвөрхангайд яагаад сонгууль дандаа будлиантай болдог юм бэ. 2012 оны сонгууль үнэхээр ойлгомжгүй болсон. Тухайн нутгийнхны зан чанараас болоод байна уу, эсвэл улс төрд явдаг нөхөд нь үл бүтэх нөхөд үү. Та хэрхэн хардаг вэ?

-Би улстөрч биш. Яг ямар учиртайг нь нарийн тодорхой хэлчихэж мэдэхгүй юм. Ядаж л ямар нэг намын гишүүн, үгүй дээ сонгуульд оролцож байсан туршлагатай бол ийм тийм гээд хэлэх үгтэй сууж байж магадгүй. Надад улс төрийн сонирхол огтоос байхгүй. Би гэр бүлээсээ гадна 800-гаад хүний амьдралын асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж зохицуулах үүрэгтэй хүн. Тэр утгаараа надад улс төр рүү орох шаардлага байхгүй. Ер нь хүн өөрийнхөө дуртай ажлыг л хийх ёстой. Улстөрчид нь улс төрөө, бизнесмэн нь бизнэсээ хийгээд явж байвал л нийгэм эрүүл байна. Түүнээс биш бизнес хийж байгаа нөхөр улс төр рүү давхиж ороод, самраад байж болохгүй л дээ. Зохисгүй харагддаг.

-10-аад жил бизнес хийсэн гэж байна. Төдийгөөс өдийг хүртэл өөрийнхөөрөө зүтгэж компаниа өсгөж өндийлгөж өдий зэрэгт хүргэж чаджээ. Таны хувьд олон нийтийн анхаарлын төвд орох болсон гол учиг нь яах аргагүй МҮОНТ-ийн дарга болсон явдал. Энэ саналыг аль нам, хэн танд тавьсан юм бэ. МҮОНТ-д ажиллах ямар байв. Телевизээс дуулиантай л гарах шиг болсон?

-МҮОНТ-ийн захирлын албыг хашна гэдэг нэр төрийн хэрэг. Миний хувьд арилжааны телевизийн даргаар ажиллаж байсан, улсынхыг нь ч хийж үзлээ. Энэ хоёрын хооронд асар их ялгаа байдаг юм байна лээ. Улсын телевиз тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг авдаг. Нөгөөтэйгүүр MNB-ийн түүх 47 жилээр яригдана. Тэр хэрээр уран бүтээлчид нь чадварлаг, туршлагатай. Гологдох зүйл нь технологийн хувьд хоцрогдсон, мөн үзэл суртлын хувьд нэлээн хуучинсаг. Гэтэл арилжааны телевиз хурдтай ажиллаж, цөөн хүнээр их бүтээмж хийлгэдэг. Техник технологийн давуу талыг сайн ашигладгаараа ялгаатай. МҮОНТ-д сайхан хамт олонтой, сайхан ажилласан. Цөөхөн хэдэн хүний хууль бус үйлдлээс болоод л асуудал үүссэн шүү дээ. Дунд шатны цөөн хэдэн дарга нар бол байсаан байсан. Тэд чинь болох болохгүй юмаа сэтгүүлчдээр хийлгэчихдэг.  Асуудал үүсэхээр өөрсдөө үлдээд сэтгүүлчид нь ажилгүй болдог. Дор хаяж шүүх цагдаагийн хаалга татаж, торгууль төлдөг. Ийм байдалтай нь эвлэрч чадаагүй ээ. Хэд хэдэн сэтгүүлч ажилгүй болохыг харсан. Би захирлын зөвлөлд нь багтдаг юм. Тэгээд үндэсний телевиз дотоод аудиттай. Шалгаад зөрчлийг нь илрүүлэхээр дунд шатны дарга нь үлдээд, сэтгүүлч хохироод гарахыг хараад суух хэцүү юм билээ. Би чинь удирдлага нь шүү дээ. Тийм учраас хүнээ хамгаалах ёстой, үүрэгтэй. Тэр болгоныг хэлээд болохгүй болохоор нь хэрэлдээд л гараад ирсэн ш дээ.

-Н.Наранбаатар захирлын тушаалаар халагдсан уу?

-Н.Наранбаатар бид хоёр нэг нутгийнх байх нь хамаагүй. Тухайн үед нэг баг болж ажилласан. Багийн системээр ажиллаж байхдаа хууль дүрэм, хүний эрх зөрчигдөөд байнаа гэж хэлдэг л байсан. Ер нь олон жил нэг байгууллагыг удирдахаар найзан дундаа орчихдог юм байна гэж ойлгосон шүү. Уг нь нэг хүн нэг байгууллагыг дөрвөн жил удирдахад л хангалттай гэж үнэн. Тэр хүнээс гарах юм нь хангалттай гарах л хугацаа.  Дахиж дөрвөн жилээр улируулахад үлдээсэн юмаа хийчихнэ. Харин дахиад улирааж хэрэггүй. Ерөнхийлөгчийг сонгодог зарчмаар л явмаар юм билээ. Олон улсын судалгаагаар нотлогдсон асуудал л даа, уг нь. Гэтэл манайхан гурав дөрөв улираад бараг тэндээсээ тэтгэвэрт гарах юм болдог.  Энэ нь нэг талаар тухайн байгууллага, хувь хүнийх нь ч гэсэн хөгжих боломжийг хаачихдаг. Задлахад их хэцүү. Өөр юмаар нэгдчихсэн учраас тэр л дээ.

-Та тэгээд л өөрөө гарахаар шийдсэн хэрэг үү?

-Энэ хүнтэй хамт ажиллаж чадахгүй гээд хэсэг уран бүтээлчид нь өргөдөл гаргасан гээд баахан шуугисан даа.  Үнэндээ намайг хөдөө томилолтоор явах үеэр гар бөмбөгийн тэмцээн зохиогоод, тэнд хүмүүсээ очиход нь хоосон цаасан дээр гарын үсэг зуруулаад л авчихсан юм байна лээ.  Юун дээр зурж байгаагаа ч мэдээгүй, тоглохыг л бодож очсон улс чинь. Тэгсэн тэр нь дараахан нь өргөх бичигт гарын үсэг зурсан болоод явчихсан гэж олон хүн надад хэлсэн. Уг нь манай МҮОНТ-ийн хамт олон их сайхан.  Өөрөө ажиллаж байсан болоод ч тэр үү, сэтгэлд ойр байдаг юм.

-Өөрийг чинь хүнтэй нийц муутай, дураараа нөхөр юм болов уу гэж бодогдохоор яриа ч бас сонсогдох юм байна лээ?

-Би өөрийгөө дайчин хүн гэж боддог. Ажил хийхээрээ заавал тултал хийхийг эрмэлздэг. Удирдлаган доороо ажиллаж байгаа хүмүүсийг ч ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал хий гэж шаарддаг. Үүрэг даалгавар өгөхөөр уусгаад алга болгочихдог явдалд би үнэхээр дургүй. Өнөөдөр хуучин нийгэм шиг урсгалаараа явдаг байж таарахгүй. Цаг хугацаа хүлээхгүй. Нөгөөтэйгүүр би хамт олон дотроо орж, дунд нь ажиллахыг чухалчилдаг. Зарим талаар ядаргаатай санагддаг байсныг үгүйсгэхгүй. Дунд нь орж ажиллахаар хүмүүсийн идэвх хандлага ч өөр болдог. Багаар ажиллаж байж л амжилтад хүрнэ. Өөрөө юу ч мэдэхгүй байж хүнийг ингэ тэг гээд элдэв зүйл нэхээд байх нь утгагүй санагдаад байдаг юм.

-Сониноос телевиз тэс өөр. Сонины эрхлэгч шүүхэд дуудагдах болоход сэтгүүлчээ явуулахгүй өөрөө л туугаад очно шүү дээ?

-Надад шүүмжлэхдээ доромжилдоггүй, илчлэхдээ гүтгэхгүй, эрэн сурвалжлахдаа хүний ул шагайж болохгүй гэдэг Ц.Дашдондов гуайн үг их таалагддаг. Сэтгүүл зүйн ажил гаднаасаа тодорхой харагддаггүй онцлогтой ажил. Би л хувьдаа ул шагайх гэдэг үгэнд үнэхээр дургүй. Түүнээс гадна сүүлийн үеийн залуу сэтгүүлчид бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихсонд шүүмжлэлтэй ханддаг. Twitter, Facebook-ээс мэдээ аваад л биччих санаатай. Эрэн сурвалжлах, асуудал хөндөх өөрөөр хэлбэл, хоёр хөлөөрөө явж байж хоолоо олж иддэг сэтгүүлчийн хөдөлмөр байхгүй болчихсон юм шиг санагддаг. Манай төсөл хөтөлбөрийн тухайд өөр. Жинхэнэ сэтгүүлчийн хөдөлмөрөөр бүтэж байгаа. Сэтгүүлчдийн маань ур чадварыг шавхаж бүтэж байгаа. Нэг ёсондоо баялаг бүтээгчдээ ч дэмжээд сэтгүүлчдээ ч сориод сэтгэл хангалуун байна. Манай орон нутгийн бизнесмэнүүдийн зарим нэг нь эхнээсээ Улаанбаатарт ирчихсэн, тоног төхөөрөмж авна гээд явж байна. Сурталчилгааны тань ачаар захиалга нэмэгдээд, үйлдвэрлэлээ өргөтгөх шаардлага гарч ирлээ гээд ороод ирж байна. Нутагтаа манлайлагч гэж мандаад ирэхээр илүүг хүсч үүрэг хариуцлага нь хүртэл өндөрсдөг юм байна гэж өөрсдөө хэлж байна.  Энэ хүмүүсийг л сайн дэмжиж, зээл авах боломжийг нь нэмэхийн төлөө бид ажиллаж байна.

-Таны сэтгүүлд өгсөн ярилцлага, зураг хөргийг тань харахаар их чинээлэг дүр төрх харагддаг.  Яг ярилцаад суухаар их чамбай хүн шиг. Бусдаас асууж сураглахаар архи ууж, тамхи татдаггүй. Хэвлэл мэдээллийн удирдагчдын дунд ховор л “сонин” хүн гэх юм?

-Залуудаа савдаг л байсан. Оюутан байхдаа олонхи монгол оюутнаас онцгойрох юмгүй л нөхөр байсан шүү дээ. (инээв) Нийгэм цаг үе өөр болчихоод байна. Архи ууж, тамхи татдаггүй энэ Ч.Даваабаяр их муу санаатай нөхөр гэж ойлгодог үе өнгөрсөн. Хэрэглээний зохистой хэлбэр гэж нэг юм байна. Огт уухгүй байна гэж юу байхав. Хааяа баяр ёслолоор 100 грамм татна шүү дээ. Сэтгэл тавгүйтээд байвал тамхийг ч ганц нэг сорчих юм байлгүй л яахав. Гэхдээ байнгын хэрэглээ биш. Архи ууж, тамхи татсаны ашиг тус хаана байна вэ.  Элэг уушгиа л гэмтээнэ биз дээ.  Архиар дамжиж ажил амждаг гэх ярианд би л лав ач холбогдол өгдөггүй.  Архигүйгээр ажиллаж болоод байгааг би өөрөө мэднэ. Харин ч эсрэгээрээ архиар дамжуулж ажил ярьдаг байдал багассан. Үүгээрээ би хэрэглэдэг хүмүүсийг муу муухай амьтад гээд байгаа юм биш. Жор ихэдвэл хор болдог гэдэг.

Ямар ч л байсан миний найз нөхөд намайг архи уудаггүй гээд зайгаа барьсан тохиолдол л лав алга. Уудаггүй гээд ганцаардаж гунисан тохиолдол ч байхгүй. Хэрэглэлээ гээд муу болчихгүй, хэрэглэсэнгүй гээд гэгээнтэн болчихгүй л дээ.



-Зожиг, нөхөдгүй хүн гэх гээд байдаг нь анзаарагддаг. Ялангуяа эрчүүд дээр. Гэхдээ би энэ үгээрээ уух ёстой гээд байгаа юм биш шүү.

-Таны наадахь чинь асуулт. Та намайг л таньж мэдрэхийг зорьж байна. Би ойлгож байна. Ер нь манайхан хуучны дарга гэх ойлголтыг одооноос халж эхэлж байна. Ажлыг холоос, дээрээс хийх гээд байдгийг халж байна. Дунд нь орж ажилладаг, өөрөө манлайлагч байх зэргээр хуучны дарга гэх хэв маягт шинэ өнгө төрх орж ирж байгаа. Дарга гээд л нэг том машин унаж, архи тоглоом эргүүлсэн нөхдүүд байдгийг халах ч ёстой.

-Ингэхэд таны үндсэн мэргэжил юу юм бэ. Аав ээж тань ямар хүмүүс байдаг вэ?

-Манай аав хуучин Шүүх яамны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, хуульч хүн. Хууль сурталчилдаг, 21 аймгаар их явдаг ажилтай хүн байсан юм. Би чинь аавынхаа мэргэжлийг өвлөж, хамгийн анхны хувийн хуулийн сургуулийг төгссөн юм. Дараа нь өөрийнхөө хүсэлтээр Хан-Уул гэж хувийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сүүлд Москвад эдийн засгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Мөн гурван жилийн өмнө Вашингтонд мэргэжил дээшлүүлэх сургалтад мөн л эдийн засгийн чиглэлээр хамрагдсан. Харин одоо Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн магистарантурт сурч байна. Энэ сарын сүүлчээр төгсөх санаатай. Эхний хамгаалалтаа хийчихсэн байгаа. Манай ажилтнуудын 99 хувь нь залуучууд гэж хэлсэн дээ. Залуустай ажилладаг хүн чинь өөрийгөө байнга хөгжүүлэхгүй бол хоцорч хөлд нь чирэгдчих гээд байна шүү дээ.

-Ингэхэд өөрөө хэдтэй юм бэ. Залуусаасаа хоцорчих гээд байна гээд л их ахархуу яриад байхаар чинь?

-Ид насандаа л яваа ш дээ. 40 гараад л явж байна. Дөрөө дарсан ат гэдэг шиг.../инээв/  Аав маань бурхан болоод 10 гаруй жил болж байна. Аав маань хуулийн хувиараа эрхлэх аж ахуй одооныхоор хуулийн фирмтэй байсан юм. Би аавыгаа бурхан болсны дараа ажлыг нь үргэлжүүлж байгаад л бизнесийн салбар руу орчихсон хүн. Дөрвөн хүүхэдтэй айлын том хүү нь л дээ. Аав маань "Хууль тогтоомжийн системчлэгдсэн эмхэтгэл" гэдэг ном гаргадаг байсан юм. Эхний үед би тэр ажлыг үргэлжлүүлж хоёр гурван жил Хуульзүйн яамтай хамтраад гаргасаан гаргасан. Сүүлдээ яам ч өөрчлөгдөөд хувиараа хууль тогтоомжийн эмхэтгэл хийдгийг болиулж яам дэргэдээ агентлагтай болсон. Тэр үеэс л сонин гаргаж эхэлсэн.  Харин ээж маань эмч хүн. Сүрьеэгийн эмнэлэгт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.

-Нэгэнт хувийн сэдэв рүү хальтирсных гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Би хоёр хүүтэй. Гэхдээ одооны хүүхэд сонголтоо өөрсдөө л хийнэ шүү дээ. Надаар заалгахгүй. Миний зүгээс боловсрол олгох асуудал дээр нь анхаарна. Гэр бүлийн хүнээсээ бол шүүмж сайн сонсдог ш дээ. Цаг наргүй ажилладгаасаа болоод үнэндээ ч унтах гэж очдог болчих гээд байх юм. Гэр чинь буудал юм уу гэж зэмлүүлэх үе ч гарч байна.

-Сэтгүүлүүд чинь бүгд гялгар хавтастай. Гялгар хавтасны нүүрэн дээр бүсгүйчүүд л их байдаг. Харин сүүлийн үед таны зураг л залрах боллоо. Сонин харагдаад байгаа юм. Эсвэл хийж байгаа төслөөсөө болоод тэгэх шаардлага гараад байна уу?

-Төслийн хүрээнд л элдэв ярилцлага өгч байна. Ярих, таниулах шаардлага байна.Төсөл эхлүүлэх гэж бүтэн жил бэлдсэн. Бизнесийн бус ашгийн бус ажил хийж байгаа учраас Төрийн бус байгууллага ч байгуулсан. Холбоогоороо дамжуулж, хүсэлтээ явуулж байна. Бидэнд бодлогоос гадна санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна гэж төр засагт хандсан. Бүтэн гурван сар өөрсдийнхөө чадлаар зүтгэлээ.

-Худалдаа аж үйлдвэрийн танхим хэр дэмжиж байх юм бэ?

-Цөөхөн том аж ахуйн нэгжид үйлчилдэг байгууллага юм байна л гэж харсан. Тийм дээ ч УИХ-аар шийдвэр гаргуулахын тулд ажиллаж байна. Гуравхан сая хүнийг аятайхан амьдруулахад хэцүү биш. Монголчуудад боломж хангалттай бий. Бодлогын дэмжлэг л дутаад байна. Иргэдээ амьжиргаатай амар амгалан, элбэг хангалуун амьдралтай болгочихвол төр засагт ч амар болноо доо. Ажилтай орлоготой хүн талбай дээр жагсаал хийхээр очих уу. Жагсаад цуглаад байна гэдэг ажил орлогогүй байгаагийн л илрэл шүү дээ.

Редакцынхаа өөдөөс харсан даруухан өрөөнд суух Ч.Даваабаярыг манай удирдлагын орчинд тогтсон хуучин хэв шинжийг сөрсөн шинэ “дарга” гэж би хувьдаа харав. Ажил...ажил...бас дахин ажил. Тэр зогсоо зайгүй ажиллаж байна.

Өнөөдөр түүний санаачилж эхлүүлээд буй “Баялаг бүтээгчдээ дэмжинэ” төслийг нийгэм хүндэтгэн, хүрээлэн дэмжиж эхэлжээ. Тэр ажлыг оромдож хийдэг, бэлгэдлийн дарга биш болохоор өөрөө дотор нь орж хөдөлгөж ажиллаж байна. Тэр хэрээрээ өөрийгөө хатуу, хүйтэн ч юм шиг, бас ганцаараа ганцаардмал ч юм шиг харагдуулж байх шиг ээ.