Луйвар 2
Өнөөдрийн цорын ганц сэдэв Тавантолгойн төсөл болж хувирчээ гэхэд хилс үг болохгүй биз ээ. Чухам ийм үед сэтгүүлч миний бие олны тэрхүү хуйлраанаас холхон сууж, өөр дуулианы мөрөөр алхалж явна. Тэрхүү цувралын маань эхний хэсэг уншигчдад хүрээд чамгүй хугацаа өнгөрч байна.
Өнөөдрийн цорын ганц сэдэв Тавантолгойн төсөл болж
хувирчээ гэхэд хилс үг болохгүй биз ээ. Чухам ийм үед сэтгүүлч миний бие олны
тэрхүү хуйлраанаас холхон сууж, өөр дуулианы мөрөөр алхалж явна. Тэрхүү
цувралын маань эхний хэсэг уншигчдад хүрээд чамгүй хугацаа өнгөрч байна. Ерөөс
сэтгүүлч хүний амьдрал үйл явдлаас үйл явдлын хооронд, баримтаас баримтын эрэл
дунд, олон түмний шүүлтэн дундуур л урсдаг. Бас редакцийг маань зорьж ирдэг
хүмүүсийн ихэнх нь арга мухардсан, хүчинд автагдсан, хохирсон иргэд байдгийг
онцолмоор байна. Бараг энэ байдал амьдралын маань ердийн хэмнэл болон тогтсон
байхыг бодохоор хааяа гуниг төрдөг л юм. Гэлээ гээд би уншигчдаа ялгаварлах,
тэдэнд тулгарсан зовлонгоос ангид биеэ авч явах хээнцэр ангилалд орших
бололцоогүй болсон ч хүн юм шиг. Ийм л юм даа.
Өнөөдөр би уншигчидтайгаа цувралынхаа хоёр дахь хэсгээр уулзаж байна. “Моннис” группийн захирал ноён Б.Чулуунбаатарын нэр холбогдсон луйврын хэргүүдийн талаар олон сар цуглуулсан баримтууд маань цаашлах тусам гайхаш барах нь сонин. Түүний талаар зарим нь бусдын бизнесийг улс төр, хууль хүчнийхэн дамжсан хэлхээ холбоогоо ашиглан “булаадаг” арга барилтай хүн гэж шуудхан хэлэх. Зарим нь бизнесийн ертөнцөд байж боломгүй буруу соёл тээгч ч гэх. Зарим сайтад өөрөө хорвоод төрөхдөө л онцгой содон, нэг үгээр “сайн хүү” байсан гэж бичүүлэх.
Гэхдээ энд хувь хүнийх нь сайн мууг бичих зорилго агуулсангүй. Ингээд түүний оролцсон нэгэн хэргийн түүхийг толилуулъя.
“Моннис” группийн захирал Б.Чулуунбаатар агаарын тээврийн бизнест хөл тавихдаа л мөн л ээдрээн маапаан дагуулсныг Аэромонголия компанийн түүх гэрчилдэг. Хувьцааг нь худалдаж авах гэрээ байгуулан улмаар хувьцаа эзэмшигч болж аваад, дараа нь авсан хувьцааныхаа үнийг төлөлгүй залилж, эцэст нь эзнийг нь чанга дэглэмтэй шоронд хатаасан түүхийг би “Луйвар 1” сурвалжлагаараа бичсэн.
Хариу болгож тэрээр мөн өөрийн байр суурийг илэрхийлэн мэдэгдэл гаргаад байна. Тэрхүү мэдэгдэлдээ сэтгүүлч намайг “Моннис” группийн эсрэг илт гүжир, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааж, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг зөрчин, Моннис групп болон Ерөнхий захирал Б.Чулуунбаатарын нэр хүндийг гутаан, хууль ёсны эрх ашгийг хөндсөн үйлдэл гаргасныг Моннис группийн зүгээс эрс эсэргүүцэж байна” хэмээн өгүүлж компанийн хамт олноос уучлал гуйхыг шаарджээ. Миний сурвалжлаганд тус компанийн хамт олон руу хандсан нэг ч үг өгүүлбэр байхгүй бөгөөд, тэдний нэр хүндэд халдах, гутаан доромжлох өчүүхэн ч санаа агуулаагүй учраас уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байгаа юм.
Мөн ноён Б.Чулуунбаатар нь Монголын шүүхийн “эзэн” нь мэт аашилж, шүүхийнхний нэр төрд халдлаа хэмээн тэдний өмнөөс сэтгүүлч намайг загнажээ. Энэ тухайд эрхэм Б.Чулуунбаатар нь шүүхийнхнийг төлөөлж мэдэгдэл хийх, сэтгүүлч хүний бичиж нийтлэх эрхэнд халдан зандрах эрхгүй хэмээн үзэж байна. Шүүх засаглалын нэр хүндийг хамгаалах үүрэг түүнд байхгүй. Харин ч шүүхэд том сэнтий “худалдан авсан” бол чимээгүй, даруу явах нь зохилтой биз. Монголын шүүх таны хөрш, таны гэрээт ажилтан, таны анд биш. Нэг хоёр шүүгчийн ёс зүйг арилжин авснаа, нэг хоёр мэдээллийн хэрэгслийн талбайг худалдан авснаараа ингэтэл аархах хэрэггүй хэмээн зөвлөмөөр байна.
Ингээд удаах хэргийн мөрөөр явж, цуглуулсан баримтуудаа уншигчдадаа хүргэе. Б.Чулуунбаатарын ээлжит ав хомрогын бай энэ удаа “Эйр сервис нью” ХХК болжээ. Одоогийн байдлаар тус компанийн захирал хатагтай Д.Туул компанийнхаа эд хөрөнгийг булаалгаад зогсохгүй, бие сэтгэлийн асар их зовлонд унан шаналж явна. “Моннис” группийн захирал Б.Чулуунбаатар нь “Эйр сервис нью” компанийн захирал Д.Туулыг 300 000 ам.доллар залилж авсан гэсэн гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж, эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт хамааруулан шалгуулсан ч прокурорын байгууллага хоёр удаа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон байх юм. Гэвч ахин хөөцөлдөж хэргийг сэргээлгээд байгаа юм байна.
Маргалдагч талууд анх хэрхэн яаж учирсан бэ?
“Эйр сервис нью” компанийн захирал Д.Баттулга гэж эрхэм сайхан хүн энэ хорвоод амьдарч явжээ. Олон жил мөрөөдөж явсан ажлаа эхлүүлж, ид хийж бүтээх насандаа гэнэт зүрхний өвчнөөр нас барж энэ гэр бүлийн амьдрал зовлонд унасан байх юм. Талийгаач Д.Баттулга нь МИАТ ХК-д олон жил нисгэгчээр ажиллаж байгаад “Монмет Эйр Сервис” компанийг байгуулжээ. Чингээд хоёр онгоц худалдан авч, агаараас зураг авах ажил эрхэлж байгаад 2002 оноос “Ангар” –ын барилга барьж эхэлсэн аж. (Ангар гэх байгууламжийг уншигчиддаа ойлгуулахын тулд энгийн утгаар тайлбарлавал онгоцны гараж гэж ойлгож болно). Тус барилгыг 2007 онд дуусгаж, улсын комисс хүлээн авсан байна. Захирал Д.Баттулга барилгын ажил ид явагдаж байх үед гэнэт нас барж, түүний эхнэр хатагтай Д.Туул захирлын ажлыг өвлөн авчээ. Хайртай ханиа алдаж сэтгэл санааны хүнд зовлон амссан ч хүүхдээ хөтлөн амьдралын төлөө шантрашгүй зүтгэж, нөхрийнхөө хийж бүтээж явсныг үргэлжлүүлэн ажилласнаа тэрбээр нулимс дуслуулан ярьсан юм.
Тус компани байгуулагдсан цагаасаа аэрофотогеодези, агаарын зураглалын үйлдвэрлэлд хамгийн орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхээр зориглон ажиллаж, стереофотограмметрийн аргаар төрөл бүрийн байр зүйн болон кадастрын зураг хийдэг аэрофотогеодези, газрын зураглалын тэргүүлэх компани байсан аж. “Монмет Эйр Сервис”-ийн түүхийг энэ мэтчилэн олон сайхан ажил үйлсээр нь эргэн сануулж болно. Ийнхүү ажиллах явцдаа Иргэний агаарын тээврийн агаарын хөлгүүдэд “Ангар”-ын техник үйлчилгээ үзүүлэх бизнес рүү орохоор шийдэн “Эйр сервис нью” ХХК нэртэйгээр тусдаа гарч үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
“Ангар” –ын байгууламжийг барих үйл явц бүхэлдээ хүч хөдөлмөр, өндөр өртөг орсон нүсэр төсөл байсан нь холбогдох түүх, баримтуудаас харагддаг. Тус компани олон жилийн зүтгэлээр ард нь гарч, “Ангар”-ын олон улсын стандартын томоохон байгууламж бэлэн болж, гадаадын ба дотоодын компаниудад үйлчилж эхэлжээ. Яг энэ үед нь улсын үйлдвэрийн нэгэн том захирал “Ангар”-ын барилгыг “А жет лимитед” компанид түрээслээч гэсэн санал тавьж зуучийн хувиар ирж уулзсанаар энэхүү луйврын хэргийн эх тавигдсан юм байна. Миний олсон баримтаар бол тэр захирал “Эйр сервис нью” ХХК-ын захирал хатагтай Д.Туулын садангийн хүн бололтой. Том ажлын ард гарахаар зүдэрч явсан өрх толгойлсон эмэгтэйд гэнэт нэр нөлөөтэй хүн түшиг болох санал өвөрлөн ирж уулзах тэр үедээ сайхан л сэтгэгдэл төрүүлсэн байх. Гэвч хэрэг явдал санаанд оромгүйгээр эргэж, өнөөдрийн байдлаар сайн ахын санал болгож авчирсан “А жет лимитед” анхнаасаа “Ангар”-ын байгууламжийг барьсан болоод явж байна. Хатагтай Д.Туулыг байцаахдаа мөрдөн байцаагч нь “А жет лимитед” компанийн барьсан “Ангар”-ын барилгыг та хууль бус баримт бүрдүүлж дээрэмдэн авсан гэж тулгадаг тухай мэдээллийг сонсоод хөөрхий эмэгтэй ямар гээчийн дээрэмчидтэй учирсныг нь би хувьдаа төвөггүй ойлгосон. Том гарын олигархиуд л хууль хүчнийхнийг ийнхүү “захиална” шүү дээ.
Сэтгүүлч миний бие “Ангар”-ын байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн “Кэарол” компанийн ажилтан С.Пүрэвсүрэнг олж уулзаж доорх асуултад хариулт авсан юм.
-“Эйр сервис Нью” компанийн захиалгаар “Ангар”-ын барилгын ажлыг гүйцэтгэсэн гэж сонсоод өөрийг тань олж уулзаж байгаа юм. Миний асууж байгаа зүйл үнэн үү?
-Үнэн. “Эйр Сервис Нью” компани захиалагч компани мөн.
-Одоо нөгөө барьсан “Ангар” тань өөр компани анхнаас нь бариулсан, өөр компанийн хөрөнгө болж хувирчихаад байна л даа. Энэ ажлыг эхлэхээс нь дуустал ажилласан хүний хувьд та хэлж өгөөч. “Эйр Сервис Нью” компанийг төлөөлж хэн та нартай харьцдаг байсан бэ?
-“Ангар”-ын байгууламжийг барих ажлыг манай компани 2002 оноос гүйцэтгэж эхлээд 2007 онд дуусгасан. Захиалагч компани болох “Эйр сервис Нью” компанийн Тулгаа захирлыг бид сайн мэднэ. Тулгаа захирал л харьцдаг байсан. (талийгаач Д.Баттулгыг хэлж байна)
-Ер нь “Ангар”-ын байгууламжийн ажил ямар шатандаа явж байх үед Д.Баттулга захирал нас барсан юм бэ?
-Бараг дуусах шатандаа орсон үед нас барсан. Ер нь л бараг дуусч байсан шүү. Тэгээд Тулгаа захирлыг бурхан болсны дараа түүний гэргий Д.Туул захирал удирдаж 2007 онд дуусгасан. Манай компани эхнээс нь дуустал “Ангар”-ын бүх ажлыг хийж гүйцэтгэсэн.
-Тэр үед “Моннис” ч юм уу, “А жет лимитед” ч юм уу ийм компаниуд та нартай харьцаж байсан уу?
-Үнэхээр байгаагүй.
-Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
Миний олж уулзсан “Ангар”-ын барилгыг барьж гүйцэтгэсэн
компанийн төлөөлөл ийнхүү ярилаа.
Архивын баримтуудад арай луйврын засвар хийгддэг болчихсон юм биш байгаа?
Мэдээж улсын архивт “Ангар”-ын барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн баримт байгаа. Энэ талаар судалж үзэхэд “Эйр сервис нью” компанийн баримтууд архивт байна. Яагаад ч “Ангар”-ын байгууламжийг “А жет лимитед” барьж, хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй нь тодорхой харагдана. Гэвч манай дээрмийн багийнхан улсын комисст хүлээж авах үеийн актад гарын үсэг зурсан зарим хүмүүсийн гарын үсэг асуудалтай байна гэсэн шинэ хувилбар гаргаж ирэх аргачлалыг сонгож луйврын хэргийнхээ төсөлд суулгасан бололтой. Эсвэл тухайн үед уг арга хэмжээнд оролцсон эрхмүүдийн заримыг худалдаж авсан ч байж магад. Хамаг юмаа булаалгахын ирмэгт зогсож байгаа хөөрхий эмэгтэй Д.Туулд ийм нарийн аргачлалтай нүүр тулан сөрөх чадал мөхөсдөж мэдэх л юм. Төрийн албаны шударга ажилчид бас байгаа гэдэгт л найдахаас өөр аргагүй байна.
“Эйр сервис нью” компанид “Ангар” барих эрх олгосон газрын зөвшөөрөл, хамтран ажиллаж байсан “Стройнвест” ХХК, “Кэарол” ХХК, Хан-Уул дүүргийн засаг даргаас 15 жилийн хугацаагаар газар олгосон гэрчилгээ гээд олон баримтуудаас үзэхэд “А жет лимитед”-ийн бараа ч алга. “Ангар”-ын эзэн болох супер төсөл нь архивын баримтад засвар хийснээр үргэлжилсэн байж болох магадлал эндээс харагдаж байна.
Сайн ах сүүлдээ хөрөнгө оруулагч болж хувирсан нь...
Монголын иргэний агаарын тээврийн салбарт нислэгийн үйлчилгээ хийх зорилго бүхий “Ангар”-ын барилгыг “Эйр Сервис Нью” компани өөрийн хөрөнгөөр барьсан ч ийнхүү бусдад булаагдахад хүрсэн түүх өөр нэгэн хачин хувилбараар баяжин хөвөрсөн байна. Мөнөөх “А жет лимитед” гэгч компанийг чирч ирсэн сайн ах одоо Д.Туулын талийгаач нөхөрт их хэмжээний мөнгө зээлж байсан болоод явчихжээ. Их хэмжээний мөнгийг ямар ч баримт үйлдэхгүйгээр өгч авалцсан гэж хээв нэг мэдүүлж суугаа нь хэн ч итгэх боломжгүй явдал. Уншигч та 700-800 мянган ам.долларыг төдийлөн ойр яваагүй садангийн эмэгтэйнхээ нөхөрт нэг хоёрхон уулзаж байсан түүхэндээ түшиглээд өгч чадах уу. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээс нь сонирхоход сайн ах сонгуульд нэр дэвшихийн тулд хөрөнгө мөнгө олох зорилгоор Д.Баттулгыг нас барсныг далимдуулан холын хамаатан бүсгүйнхээ хөрөнгийг бусдад худалдах хууль бус ажиллагаа явуулсан бололтой. Манай цагдаагийнхан хачирхалтай нь гэрчүүдээс мэдүүлэг авахдаа зөвхөн сайн ахын хүрээллээс, туйлын хангалтгүй аман яриа төдийхөн бүрдүүлсэн байх юм. “Эйр Сервис Нью” ХХК-ийн эзэн байх үндэслэл сайн ахад байхгүй атал тус компанийг төлөөлж гэрээ хэлцэл хийх, зарах санал бусдад тавих зэрэг үйл ажиллагаа явуулах боломж байх уу гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байна. “Ангар”-ын барилга босоход ойролцоогоор 1 сая орчим ам.доллар орно гэж талийгаач Д.Баттулгыг өөрт нь хэлж байсан гэж тэрбээр мэдүүлдэг юм байна. Гэвч 2001 оны үед дан ганц “Ангар” 1 сая орчим ам.доллараар босно гэдэг нь байж боломгүй өндөр өртөг үнэ гэдгийг захын бизнесмен хэлэх юм. Гол нь ямар ч гэрээ, бичиг баримт үйлдэхгүйгээр хүнд 1 сая орчим ам.долларын санхүүжилт хэрэгтэй байна гэж хэлэхээр нь л тэр мөнгийг нь гаргаад өгчихдөг улсын үйлдвэрийн захирал гэж байх уу. Энэ ямар үнэнээр чухамхүү батлагдах нь сонин. Сэтгүүлч миний анхаарлыг бүр ихээр татсан нэг баримт сайн ах мөрдөн байцаагчид мэдүүлэхдээ “2005 оны зун Д.Баттулга зүрхний өвчнөөр нас барсан учраас “Ангар”-ын ажил зогссон” гэжээ. Гэвч Д.Баттулга захирал 2005 онд нас бараагүй байдаг. (Талийгаач чухам хэдийд таалал төгссөнийг миний олж уулзсан гэрч С.Дүрэвсүрэнгийн яриа нотолж байна) Хэрэв манай ах “Эйр Сервис Нью” ХХК-ийн барьж байгаа барилгад хөрөнгө оруулах гэж албан ёсны харилцаа үүсгэсэн бол уг хөрөнгөө баталгаатай болгож, дансаар шилжүүлэх нь наад захын ойлголт, бизнест тогтсон дүрэм баймаар.
Хатагтай Д.Туулын гаргасан алдаа сайн ахыг санал тавьж ирэхэд “Ангар”-аа “А жет лимитед” ХХК-д түрээслэхийг зөвшөөрсөн явдал юм. Энэ үе бол “Ангар”-ын барилгын гүйцэтгэл бүрэн дууссан байсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болон фото зургаар нотлогдож байгаа юм. “А жет лимитед” компани нь “Ангар”-ыг сайн ахын зуучлалаар түрээсэлчихээд түрээсийн мөнгөө төлөхдөө байнга луу унжиж зовоож байсан аж. Энэ явцдаа дансаар цувуулж 97,500,000 төгрөг шилжүүлэн авсан гэдгээ хатагтай Д.Туул мэдүүлжээ. Том ахын мэдүүлгээр бол Д.Туул нь “Ангар”-ыг минь зараад та оруулсан 700,000 ам.доллараа аваад, дээрээс нь ашгаа нэмээд “А жет лимитед” ХХК-д 1,5 сая ам.доллараар зар гэж зөвшөөрсөн мэтээр хөвөрч байна. Д.Туулд зовж зүдрэн байж босгосон “Ангар”-аа зарах шаардлага байх уу. Энэ чинь түүний нөхрийн мөрөөдөл шүү дээ. Сайн ах мөрдөн байцаагчид ийнхүү ярьсаар... Би “А жет лимитед” ХХК-д “Ангар”-ын барилгыг 2007 оны 7 дугаар сарын орчимд зарсан санагдаж байна. Би тэр үед улсын үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан ба МАХН-ыг төлөөлөн УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж гарч ирсэн. Сонгуулийн сурталчилгаанд мөнгө хэрэг болж байсан учраас би “Ангар”-ын барилгыг “А жет лимитед” ХХК-д зарахаар болсон. Дээр нь олон жил мөнгө түгжигдсэн байсан. Дүү нарт мөнгийг буцаан өгөх хэрэгтэй байсан учраас уг “Ангар”-ын барилгыг зарсан юм.
Мөнгийг “А жет лимитед” ХХК-иас цувуулан авч байсан. “А жет лимитед” ХХК-иас авсан 1,5 сая ам.доллароос ойролцоогоор 600,000-700,000 ам.долларыг дүү нартаа буцаан өгсөн. Харин үлдсэн мөнгийг 2008 он өнгөрөөд УИХ-ын сонгуулийн сурталчилгаа болон бусад зүйлд зарцуулсан юм./ гэх мэтээр түүний мэдүүлгүүд хөвөрч явна.
Тэрээр дүү нартаа 600,000-700,000 ам.долларыг буцаан өгсөн, үлдсэн мөнгийг нь 2008 оны сонгуульд зарцуулсан гэж байна. Энэ нь сонгуулийн өртгөө дарах гэж бусдын эд хөрөнгийг дур мэдэн зарсан гэмт үйлдэл биш гэж үү. Өр ширэнд ээрэгдэн зовж явсан эмэгтэйг шахаанд оруулах ажиллагаа яваагүй гэж үү.
Д.Туул “Ангар”-аа өөр “эзэн”-тэй болсныг ийнхүү мэджээ
Гэнэт Д.Туулд түүний “Ангар” нь “А жет лимитед” ХХК-д зарагдсан гэх мэдээлэл иржээ. Гайхшаа барсан эмэгтэй сайн ахтайгаа уулзахыг хүссэн боловч олдохгүй байж. Аргаа бараад “Ангар”-ыг түрээслэгч “А жет лимитед” ХХК-ийг Хан-Уул дүүргийн шүүхэд албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Энэ үйл явдлын дараа тун удалгүй сайн ах гарч ирэн Д.Туултай уулзсан байна. Би “А жет лимитед” ХХК-иас мөнгө авсан. Чамд мөнгө өгнө. Харин чи шүүхээс нэхэмжлэлээ татаад аваач гэж сайн ах ятгажээ. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн албан татварын 25 сая орчим төгрөг нэхэгдэж Д.Туул нэлээн сандралд ороод байж. Удалгүй “А жет лимитед” ХХК-ийн захирал Л.Нямбаяр сайн ахын хамт ирж уулзаад шүүхээс нэхэмжлэлээ татаж авахыг мөн л гуйж. Хариуд нь Д.Туул манай “Ангар”-ыг ашигласан төлбөрөө төлөх шаардлагатай байна. Танайх манайд үл хөдлөх хөрөнгийн татвар болох 25 сая орчим төгрөгийг надад өгөх хэрэгтэй. Та энэ компаниас мөнгө авсан юм бол миний түрээсийн мөнгийг өг гэж хэлсэн байна. Сайн ах ч зөвшөөрч “А жет лимитед” ХХК-иар үл хөдлөх хөрөнгийн татварыг нь төлүүлсэн гэнэ.
Д.Туул ч Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаан авч. Гэвч дараа нь “А жет лимитед” ХХК-ийг “Ангар”-аа суллаж өгөхийг шаардсанд тус компанийн захирал Л.Нямбаяр манай компани танай “Ангар”-т 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, мөн сайн ахад өгсөн 1,5 сая ам.доллараа буцаан авмаар байна. Чи манай компанид тэр мөнгийг өгөөд “Ангар”-аа ав, үгүй бол бичиг баримтаа шилжүүлэн өг гэсэн шаардлагыг тавьжээ. Маргаан ийнхүү үргэлжилж байтал сайн ах “Би А жет лимитед ХХК-тай учраа ололцохоор болсон. Чамд өгөх ёстой мөнгөнөөсөө өгье, харин чи “Ангар”-таа Аэромонголия ХХК-ийг оруулаач. Би чамд 300,000 ам.доллар эхний ээлжинд өгье" гэсэн санал тавьжээ.
“Моннис” давхин орж ирлээ
“А жет лимитед” ХХК болон “Моннис” групп хоорондоо тооцоо нийлж хөрөнгө худалдаж, худалдан авах гэрээг 2012 оны 01 сарын 14 өдөр байгуулж, 300,000 ам.долларыг Д.Туулд харин 2,2 тэрбум төгрөгийг “А жет лимитед” ХХК авахаар гэрээ байгуулсан байх юм. Бэлэн “Ангар”-ыг түрээсэлж, түрээсээ төнгөө ч өгөхгүй хэл ам таталж байсан “А жет лимитед” ХХК “Ангар”-т яагаад ч 2,2 тэрбумын хөрөнгө оруулсан болоод явчихдаг юм. Ёстой холион бантан гэдэг л энэ байх. Ямартай ч хөрөнгө оруулсан гэх 2,2 тэрбумыг авахаар “Моннис” ХХК-тай гэрээ хийсэн байдаг.
Яллах дүгнэлтэд: “А жет лимитед” ХХК, “Моннис интернэшнл” ХХК-иудыг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар залилан мэхэлж “А жет лимитед” ХХК-д 3.038.073.400 төгрөгийн, “Моннис интернэшнл” ХХК-д 402.000.000 төгрөгийн, нийт 3.440.073.400 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаах ажиллагааны явцад хавтас хэрэгт цугларсан дараах баримтуудаар тогтоогдож байна / гэжээ. Хэрэгт цугларсан мэдүүлгийн баримтаар “Эйр сервис нью” ХХК-ийн захирал Д.Туул “А жет лимитед” ХХК-иас 1,4 сая ам долларыг аваагүй. Харин сайн ах авсан байдаг. Д.Туул ийнхүү шахагдаж, мэхлэгдэж явсаар онц хүнд гэмт хэрэгтэн болж хувирав. Д.Туул нь тэднд яаж их хэмжээний хохирол учруулсан талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй. Тэгэхээр дээрх толгой эргүүлсэн мөнгөний асуудал нь зөвхөн дээрмийн үйл ажиллагаанд эвсэн нэгдсэн хэдэн хүний хоорондын асуудал болж таарч байна.
“Моннис” ХХК, “А жет лимитед” ХХК хоёр нь 2012 оны 01 сарын 14 өдөр тооцоо нийлж хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэх үйл явдал нь зөвхөн Д.Туулыг хуурч арааных нь шүлсийг гоожуулан байх “Ангар”-ыг нь авах зорилготой хийгдсэн гэрээ гэж харагдана. “Ангар”-ын барилгад хөрөнгө оруулсан гэх сайн ах, “А жет Лимитед” ХХК -ний гаргаж буй үндэслэл, мөнгөний тооцоо нь хий хоосон зүйл бөгөөд тэдний хоорондын үгсэн хэлэлцсэн гүтгэлэг гэдэг нь энэ хэргийн баримтуудыг судлах бүр ил болж байна. Үүнд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх ажиллагаагаар гаршсан “Моннис” -ын Б.Чулуунбаатар давхин орж ирсэн нь ч дээрэмчдийн нарийн төлөвлөсөн ажиллагааны нэг хувилбар. Явсаар энэ хэргийн хохирогч нь хэн болох нь тодорхойгүй байдал одоо үүсчээ. 300 000 ам.доллар залилсан гэх “Моннис"-ын Б.Чулуунбаатарын гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэсэн атлаа уг 300 000 ам.долларыг яаж залилсан талаар Б.Чулуунбаатараас тодруулан мэдүүлэг аваагүй нь бүр ч сонин. Нөхцөл байдал ийм байхад 3.440.073.400 төгрөгний хохирлыг тооцон Д.Туулыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулчихдаг. “А Жет Лимитед" ХХК цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдол гаргаагүй байхад яагаад хохироосон гэж цагдаа, прокурор үзэж яллах дүгнэлт гаргасан нь бүр хачин. Энэ хэрэгт “Моннис” Б.Чулуунбаатарыг холбож буй Д.Туулын түүнээс авсан гэх 300.000 ам.доллар бол байр ашиглуулсны төлбөрт, түрээстэй холбоотой хуралдсан өр ширээс үүдэн арай гэж олж авсан мөнгө. Сүүлчийн мөчид арга тасраад “Ангар”-аа зардаг юм гэхэд арай ийм хэмжээний үнээр зарах гэж үү. Тэгээд бас сайн таних ч үгүй Б.Чулуунбаатараас аман тохироогоор л авч өгөлцөх гэж үү гэсэн асуултууд зүй ёсоор гарч ирж байна.
Одоо Д.Туул хатагтай “Моннис” группийн захирал Б.Чулуунбаатарын захиалгаар энэ хэргийн сэжигтэн болж хувирсан төдийгүй, ноён Б.Чулуунбаатар эд хөрөнгөө шамшигдуулсан хохирогч болчихоод “Түүнийг хорь, шоронд суулга” гэж тушаагаад, мөрдөн байцаагч, прокурорынхныг дохиогоороо залаад байж байна. Д.Туул хууль дуудахад очиж байцаагдан зовсоор, харин тэр ганц ч удаа очдоггүй. Манай цагдаа, прокурорынхон ийм л ялгавартай хандлагаар, захиалгаар ажилладаг болоод удаж байна. Энэ бүхэн эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн хууль бус ажиллагаа болжээ. Энэ хэргийн тухай олон тоо баримт, олон хүний яриа, мэдүүлгүүд миний өмнө байна. Тэр бүхнийг нэгэн дор багтаах боломжгүй тул ийнхүү өндөрлөж байна.
Сул доройг авладаг технологийн эзэн
Иж бүрэн тоноглосон өндөр хурдтай том машины хурц гэрэлд орж ирэн, хөөгдөн туугдан дэгдэж давхих бүжин шиг байдалд нэгэн эмэгтэйг оруулж байгаад, толгой эргүүлсэн хууран мэхлэлт, олон талт ажиллагаа явуулж байгаад мөнөөх “Ангар”-ын эзнээр өнөөдөр “Моннис”–ын Б.Чулуунбаатар суучихсан ийм нэгэн түүхийн нэгэн хэсгийг сийрүүлвэй. Эхний дайралтад бүсгүй “Ангар”-аа алдчихалгүй авч үлдсэн бол одоо завсраас нь Б.Чулуунбаатар од шүүрчихлээ. Хүнд байдалд орсон үед нь мөнгө зээлүүлэн хуурах санааг нэг чөтгөр нь түүнд зөвлөсөн байж болох. Эсвэл тэр маргааныг өндөр уулын бэлээс харж сууж байгаад тохирсон цагт орж ирсэн байж болох. Гэхдээ энэ луйврын гол зохион байгуулагч нь бол тэр биш. Энэ хэргийн гол завшигч нь харин тэр мөн. Ноён Б.Чулуунбаатар хууль бус аргаар агаарын тээврийн бизнестэй болсон, түүнд “Ангар” хэрэгтэй гэсэн хоёр үнэн бол тодорхой. Нисэх онгоцны техник үйлчилгээний бааз болох “Ангар” нь ямархуу хэмжээний байгууламж болох нь тодорхой. Эерэгээр бодоход тэр арай 300.000 мянган ам.доллараар энэ бүхэнд эзэн суучихна гэж тооцоогүй байж болно. Гэхдээ бас л эгдүү хүргэсэн нэг баримт нь алдарт Б.Чулуунбаатар ийм хэмжээний мөнгийг танихгүй эмэгтэйд ямар ч баримтгүйгээр өгчихсөн гэх тулгалт юм. Бас “Ангар”-ыг худалдаж авахаар түүний эзэн “Эйр сервис нью” компанитай хийсэн ямар нэгэн гэрээ байдаггүй. Хэрвээ ийм төвшний наймаа хийхдээ хууль ёсны дагуу ямар ч гэрээ хийдэггүй, мөнгө өгөлцөж авалцахдаа ч баримт үйлддэггүй юм бол тэр ер нь ямар бизнесмен болж таарч байна вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Чухам энэ мэт олон ээдрээний араас Б.Чулуунбаатарыг “А жет лимитед” компанитай сүлбээгүй, тэдний хийсэн луйвартай ямар ч хамаагүй “зөвхөн гэнэдчихсэн шинэ хүн” гэж харах үндэслэл муутай харагдуулаад байгаа юм.
Тэр хувь хүнийхээ хувьд хүмүүсийн ярьдгаас өөр ч нэгэн байж болно. Гагцхүү бизнесийн ертөнцөд тээж буй жишиггүй соёл нь өөрийн эрхгүй анхаарал татсаар...