УИХ-ын гишүүн Мөнхчулууны ЗОРИГТТОЙ ярилцлаа.


-Та тойргоос сонгогдсон гишүүний хувьд Сүхбаатар аймгийн түймрийн голомтод ажиллаж байгаад ирэх шиг боллоо. Яг өнөөдрийн байдлаар тэнд цагийн байдал ямархуу байна вэ?

-Сүхбаатар аймгийн хэмжээнд 200 орчим км-ийн тойрогт бүслэлт хийж галаа цурманд оруулсан. Энэ нь бүрэн унтраасан гэсэн үг хараахан биш. Есөн давхар байшингийн дайны өндөртэй, 7-8 метрийн өргөнтэй, маш хурдтай ирж байгаа галын өөдөөс хэдэн аврагч тэмцээд нэмэргүй л дээ. Хүний олноор л авч гарахгүй бол дийлэхгүй. Хэрвээ гал унтраах нь Онцгойгийнхны ажил гээд орхисон бол үнэндээ дийлэхээргүй байлаа. Тийм учраас бид хоёр гурав хоногт хүн хүч, техникээ бүрдүүлж, базааж аваад сайн дайрсан л даа. Зохион байгуулалтыг сайн хийсний үр дүнд ард нь гарч байх шиг байна.