Женко, MCS хоёр
Х.Баттулга гишүүн одоо өрнөж байгаа Тавантолгойн хэлэлцээрийг ил гарч илт эсэргүүцэж байгаа юм үнэндээ алга. Албан тушаал, албан бичгээр нь харвал нэг талаас Засгийн газрыг төлөөлсөн ажлын хэсэг буюу сайд М.Энхсайхан, нөгөө талаас УИХ-ын дарга хийгээд түүний зөвлөхийн дундахь ажил хэргийн маргаан мэт.
Х.Баттулга гишүүн одоо өрнөж байгаа Тавантолгойн хэлэлцээрийг ил гарч илт эсэргүүцэж байгаа юм үнэндээ алга. Албан тушаал, албан бичгээр нь харвал нэг талаас Засгийн газрыг төлөөлсөн ажлын хэсэг буюу сайд М.Энхсайхан, нөгөө талаас УИХ-ын дарга хийгээд түүний зөвлөхийн дундахь ажил хэргийн маргаан мэт. Гэтэл А.Гансүхийг УИХ-ын даргын зөвлөхөөс гадна гишүүн Х.Баттулгын байр суурийг илэрхийлж байна, МоАХ-ын хүн гэх. Сайд М.Энхсайханы ард ч тендерт шалгарсан MCS бий гэх. Хэрвээ тийм бол дахиад л гишүүн Х.Баттулга ба MCS хоёрын зөрчил. Тэд гурван жилийн өмнө буюу 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө бас л талцан маргаж байжээ. Тэр үеийн сэдэв нь Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын царигийн маргаан байв. Одоо Тавантолгойн ордын тендерийн маргаан болж өөрчлөгдөв. Тэр үед мөн л МАН, АН хоёр засагт хамтарч байжээ.
Гурван жилийн өмнөх энэхүү маргааны үеэр нь ийм нэгэн нийтлэл бичиж байснаа өчигдөр эргэн уншиж үзлээ. Онгирч, өөрийгөө ихэд тоосонгүй, нийтлэлийн маань агуулга, өгүүлбэр бүр нь ч үнэ цэнээ алдаагүй мэт санагдав. Сонгуулийн цикль эхлэхэд байж л байсан, дуусахад бас байж л байгаа энэ талцлын дундаас Монгол Улс, монголчууд хожих ёстой гэх ганц ялагчийн тухай өгүүлсэн энэ нийтлэлээ дахин нийтэллээ.
Зундаа олон хүн “Цонжин болдог”-т очдог. Очих бүртээ эзэн Чингисийн морьт хөшөөг хараад сүрддэг. Их хааны бага залуудаа ташуур олсон гэх түүхэн газар нь босгосон энэ байгууламжийг “дэлхийд хамгийн том морьт хөшөө” гэдгээр хэн хүнгүй бахархдаг. Монгол хүн бүр их түүхээрээ омогших, гаднын жуулчдад гайхуулан үзүүлэх түүхийн дурсгал бүтээснийх нь төлөө Женко \Х.Баттулга\-д талархдаг, баярладаг.
Өвөлдөө “Скай резорт” цанын баазыг зүглэх олны хөл бараг л тасардаггүй. Нэг хэсэг нь хотын утаанаас дайжиж, нөгөө хэсэг нь цанаар гулгах гэж долоо хоногийн зургаан өдөр ажилладаг тус баазыг зорьдог. Олон улсын стандарт үйлчилгээтэй, очоод чөлөөт цагаа өнгөрөөчих орчин үеийн жишигт нийцсэн, Монголдоо анхны ийм иж бүрэн цогцолбор байгуулсных нь төлөө “MCS”-ийнхэнд баярладаг, талархдаг.
2008 оны наймдугаар сарын 14-нд Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн аваргатай болов. Олимпод оролцсоноос хойш 44 жилийн дараа авсан энэ медаль Монгол Улсыг бүрэн эрхт тусгаар тогтносон улс болохыг дэлхийд дахин зарлан нотолсон юм. Олимпийн алтан медаль сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хоёр тийшээ харчихсан намуудыг хүртэл зөвшилцлийн ширээний ард суулгаж, монголчуудыг бүхлээр нь ангаж цангаж явсан эв нэгдэлд нь дуудсан билээ. Ингэж олимпийн тэнгэрт тусгаар Монголын төрийн далбаа мандаж, дэлхий дахинд монгол төрийн дуулал эшиглэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн гол төлөөлөгчдийн нэг нь Женко байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүний хүзүүнд олимпийн алтан медаль гялалзаагүй ч, энгэрт нь монгол хүн бүрийн талархал багталцаж ядаж байлаа.