В.Ганзориг: Улс даяар эрт илрүүлгийн шинжилгээ явагдаж байна. Урьдчилсан дүн гарсан болов уу? Монголчуудын эрүүл мэндийн гол асуудлууд юу байна, тэрхүү эрсдэлтэй хэрхэн тэмцэх ёстой вэ?


Б.Доржмягмар: Манай ТББ төрд байгаа дата мэдээлэл дээр дүн шинжилгээ хийж олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой ажилладаг. 2024 оны 8 сарын 14-ний байдлаар авсан мэдээллээр 1,475,000 хүн эрт илрүүлэгт хамрагджээ. Энэ бол 2023 оны 5 сараас хойшхи тоон мэдээлэл гэсэн үг. Эдгээр хүмүүсийн 57% нь эмэгтэйчүүд, 43% нь эрчүүд байна. Хотын иргэдийн 51%, орон нутгийн иргэдийн 49% хамрагдаад байна. Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй улсын хэмжээний эрүүл мэндийн хамгийн том арга хэмжээ гэж үзнэ. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага энэ арга хэмжээг сайшааж өргөмжлөл шагнал өгсөн. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!


Эрт илрүүлгийн дүн шинжилгээг хуваалцвал хүүхдүүдийн хувьд шүдний өвчлөл маш ихээр илэрлээ. Насанд хүрэгчдийн хувьд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд өндөр хувьтай гарсан. Дээрээс нь сахар, бодисын солилцооны хямралын өвчлөлүүд түгээмэл буйгаас гадна насанд хүрэгчдийн дунд шүдний өвчин их байна. Эр, эм гэлтгүй нийт иргэдийн дунд халдварт бус өвчний тохиолдол өндөр хувьтай илэрлээ. Эрт илрүүлгийн зорилго нь өвчин, эмгэгийг илрүүлээд сэжиглэн тогтоогоод орхих биш дараа дараагийн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад аваачин оношийг баталгаажуулах, хяналтанд авч эмчлэн эрүүл болгоход оршино.

В.Ганзориг: Эрт илрүүлгийн шинжилгээг Монгол Улсын иргэн бүр үнэ төлбөргүй хийлгэж байгаа юу? Эсвэл зөвхөн ЭМД төлдөг хүмүүс хамрагдаж байгаа юм уу?

Б.Доржмягмар: Санхүүжилтийг Засгийн Газраас, Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраар дамжуулж олгож байгаа. 0-18 насны хүүхдүүдийн хувьд харъяа дүүргийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд дээр үнэ төлбөргүй хийж байна. 18-аас дээш насны иргэдийн хувьд лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэн хамтран багц үүсгэн ажиллаж байна. Эрүүл мэндийн хяналтанд байдаг, эмчлүүлж буй иргэд давхар эрт илрүүлэгт орох нь зардал өсгөдөг тул аль болох ажил хийдэг, завгүй, тогтмол эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй иргэдийг зорилтот бүлэг гэж тусад нь ялгаж аваад ажиллаж байна. 

Г.Анар: Эрт илрүүлэг зөв зүйтэй арга хэмжээ. Улс төрийн шийдвэр гараад энэ ажил эхэлсэн нь маш сайн. Гэхдээ эрт илрүүлэг өмнө нь хэдийнэ үүссэн өвчнийг илрүүлнэ. Тэгвэл Эрүүл Мэндийн Яам өвчин үүсэхээс өмнө ямар арга хэмжээ авч, ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг ярих хэрэгтэй байна. Үүнийг ярихын тулд улс төрийн зориг шаардагдана. Манайд энэ зориг байна уу, үгүй юу гэдэг нь ярилцах ёстой асуудал болсон. Өвчин үүсгэхгүйн тулд таргалалт, тамхи, архи, сахартай тэмцэж, эрүүл хооллодог болох хэрэгтэй. Энэ тал дээр манай ЭМЯ ямар бодлого баримталж байгааг ярих ёстой. 

Тамхитай тэмцэж чадахгүй байна. Жишээлбэл, тамхины татвар ямар бага байгаа, сургуулиудтай ямар ойрхон зарж байгаа, хүүхдүүд хэр их татаж байгаа, Тамхины хяналтын хууль УИХ дээр хэр удаж байгаа билээ гээд ярих хэрэгтэй байна. Архи бол нийгэмд хамгийн хортой бодисуудын нэг. Архины үнэ, хүртээмж, чанарыг бас заавал ярих ёстой. Эдгээрийг шийдэж чадвал монголчуудын зүрх судас, сахарын өвчин багасч, нас баралт, өвчлөлт тал хувиар буурч хяналтад орох боломжтой. Үүнийг бид ер ярьж чадахгүй байна. Нэгэнт үүссэн ходоодны хавдрыг дурандах нь бүр дараагийн асуудал юм. 

В.Ганзориг: Монголчуудын эрүүл мэндийн хамгийн том асуудал бол хоол боловсруулах эртхэн тогтолцооны өвчин юм байна. Бид ер нь зөв хооллож чаддаг юм уу?

З.Маргарита: Бид уламжлалт монгол хоол гэж ярьдаг. Энэ бол хэдэн зуун жилийн өмнөх амьдралын хэв маягт таарсан хоол байсан. Гэтэл өнөөдөр бид тэр хэмжээний хөдөлгөөн хийж байна уу, тэр үеийнх шиг агаараар амьсгалж чадаж байна уу гэвэл өөр. Олон зуун жилийн өмнөх амьдралын хэв маягт таарсан манай уламжлалт хоол хүнс орчин цагийн суурин амьдрал ба хүмүүсийн хөдөлгөөн, агаарын дутагдалтай нийцэхгүй болсон. Хэдхэн алхам алхахыг хүсэхгүй залхуураад машинтайгаа хаалга дээр очихын тулд зогсоол хайгаад яваад байна шүү дээ. Түүчлэн амттаны сонголт өргөн болсон. Эрүүл зөв хооллолт гэхээр ярьдаг чанасан тахиа, брокколиг тоохгүй тосонд шарсан гахайн мах, маш их амтлагч орсон хоол сонгодог болсон. Гэтэл монголын уламжлалт хоолонд ийм амтлагчууд байгаагүй. Хуучин ийм олон конвенинс дэлгүүр байгаагүй. Хүн өлсөөгүй байж маш их зүйлийг хөнгөн зууш байдлаар иддэг болсон. Тэгээд таргалдаг. Тэрийгээ гайхаад байдаг. 

Харвардын их сургуулийн саяхны судалгаагаар буруу хооллолтоос үүдэлтэй хамгийн том эрсдэл бол зүрх судасны өвчин гэж батлагдсан. Хоёр дахь асуудал нь чихэрийн шижин, гурав дахь эрүүл мэндийн асуудал нь хорт хавдар гэж гарсан. Тэгэхээр бид буруу хооллолтын улмаас эрүүл мэндээ хохироогоод байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зөв хооллохоо мэддэггүй. Иймээс гэр бүлийн соёлоо өөрчлөхөөс бүх юм эхэлнэ. Хөргөгч, гал тогоо зөв хүнсний бүтээгдэхүүнээр дүүрсэн байхад хүн илүү дутуу юм иддэггүй. Хүүхдүүддээ багаас нь зөв хооллох соёлыг суулгах ёстой. Хүүхдээ хайрлаж байна гээд та бид чихэр авч өгдөг. Энэ бол хайр биш! Сахар, амтлагч, химийн бодис өгч хүүхдээ хордуулж байна гэсэн үг. Эцэг эхчүүд үүнийг маш сайн анхаарах ёстой. Үгүй бол өнөөдрийн CU, гоймонгийн хүүхдүүд ирээдүйд ходоодны шарх, өвчин, хавдрын эрсдэлд орж байна гэсэн үг. 

В.Ганзориг: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн гастроэнтерологийн төв хэр ачаалалтай ажилладаг вэ? Иргэдэд ямар зөвлөгөө өгдөг вэ?

Г.Анар: Монгол Улс элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг. Нас баралтын тал хувийг хоол боловсруулах замын өвчнүүд буюу улаан хоолой, ходоод, элэгний хавдар эзэлдэг. Энэ бүхэн бидний амьдралын хэв маягтай холбогддог. Дээрээс нь олон жил удамшиж ирсэн вирус, хеликобактерын халдвараас шалтгаалдаг. Шат дараатай олон арга хэмжээг авч байж энэ эрсдлийг бууруулах боломжтой. Энэ дундаас В вирусын вакцинжуулалт, ходоодны шархны эрт оношилгоо, хелокобактерийн эмчилгээг хийж чадвал бид ходоодны хавдар, түүнээс үүдэлтэй нас баралтыг 50 хувиар бууруулж чадна. 

Монгол Улс ходоодны хавдрын тохиолдлоор дэлхийд хоёрт жагсдаг. Нэгдүгээр байранд Солонгос байдаг. Гэтэл нас баралтаараа манайх нэгт, Солонгос улс тээр хойно байдаг. Яагаад гэвэл тэд эрт илрүүлээд эрт арга хэмжээ авч чаддаг. Бид эрт илрүүлсэн ч гэсэн цаг тухайд нь эмчлэх асуудалтай байсаар байна. Жишээлбэл, ходоодны ур авах дурангийн ажилбарын оочер дугаар хоёроос гурван сар хүлээгдэж байна. Хувь, төрийн эмнэлгүүдийн хүртээмж гурван саяхүнд үнэхээр хүрэхгүй байна. Иймээс эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлж, хөдөө орон нутагт ийм ажилбаруудыг хийдэг болох хэрэгтэй. Эрт илрүүлэг дууссаны дараа илэрсэн өвчин, эмгэгийг эмчлэх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээжийг нэмэгдүүлж, ачааллыг бууруулах тал дээр яаралтай ажиллах ёстой. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд улаан хоолой, ходоод, элэг, цөс, нойр булчирхай, бүдүүн ба нарийн гэдэс ордог. 

В.Ганзориг: Улсын ЭМД-аас гадна хувийн эрүүл мэндийн даатгалууд гарсан. Түүчлэн монголчууд гадаадын улс орнууд руу ихээр очиж эмчлүүлдэг болсон. Улсын эрүүл мэндийн байгууллагуудын даахгүй байгаа ачааллыг хувийн хэвшлийнхэн даатгалаар дамжуулан хуваалцдаг. Хувийн эрүүл мэндийн салбарт тулгарч буй гол сорилт юу байна вэ?

Д.Дөлгөөн: Хувийн эрүүл мэндийн даатгалд эрт илрүүлгийн багц орсон байдаг. Өөрчлөлт гарвал нарийвчилсан шинжилгээ, үзлэг, оношилгоо, эмчилгээтэй холбоотой бүх төлбөрийг даатгалаас нөхөн төлбөрөөр буцаан авдаг. Хувийн эрүүл мэндийн даатгалын давуу тал нь улсын болон хувийн эмнэлгүүдээс сонголт хийн үйлчилгээ авахаас гадна хүсвэл олон улсын багцыг аваад гадаадад эмчлүүлэх боломжтой. 2023 онд манай “Бодь Даатгал” компанид олон улсын эрүүл мэндийн даатгалаар 3 тэрбум төгрөг нөхөн төлбөр хийгдсэнээс 1 тэрбум нь гадаад улсад эмчлүүлсэн зардал байсан. Хувийн даатгалтай хүмүүс зөвхөн Монгол гэхгүй гадаад орныг, ихэвчлэн Солонгос, Хятад, Тайландыг зорьж эмчлүүлдэг. Улсын эмнэлгүүдийн ачааллыг бид хувийн эрүүл мэндийн даатгалаар дамжуулан хуваалцаж байгаа ч хүртээмж, хамрагдалт гээд ярьвал чамлалттай тоо гарна. Гэхдээ ажил олгогчид сүүлийн үед ажилчдынхаа эрүүл мэндэд ихээр анхаарч байгууллагын багц бүтээгдэхүүн авдаг болсон.

Г.Анар: Сүүлийн жилүүдэд манай эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлтүүд явагдаж байгаа. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулагдаж, үзүүлсэн үйлчилгээний дагуу санхүүжүүлдэг зарчим руу шилжсэн. Хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд хувийн болон улсын эмнэлгүүдийг хамруулж, төвлөрөлийг задлах их том бодлого явагдаж байгаа. Үүнийг сайшаахгүй байхын аргагүй. Гэхдээ улсын эмнэлгүүдийг зөвхөн улсын эрүүл мэндийн даатгалаас санхүүжилтээ ав гэдэг нөхцөл тавиад байгаа нь учир дутагдалтай. Энэ нөхцөлд нэмэгдэхүүний байрыг сольж байгаатай адил үр дүн гарна. 

Эрүүл мэндийн салбарт ДНБ-ний 2,5% зарцуулагддаг. Энэ нь нэг хүнд жилд улс ба хувийн салбарын төсөв нийлээд 500 ам.доллар гэсэн үг. Ийм мөнгөөр чанартай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хүнд. Эрүүл мэндийн салбарт зарцуулагдаж буй мөнгөний тоог нэмэх хэрэгтэй. Бусад улсуудад энэ хувь 5, 10, түүнээс ч өндөр байдаг. Халамжаа багасгаад эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах хэрэгтэй. Ингэж байж асуудал үүссэний дараа гал унтраах биш гал гарахаас өмнө төлөвлөгөөтэй, шат дараалсан ажлыг хийх боломжтой. Үүний тулд улс төрийн зориг хэрэгтэй. Гэтэл манай сонгогчид намуудаас, улстөрчдөөс энэ зоригийг нэхэж чадахгүй бас мэдэхгүй байна. Бид нэхэх ёстой. Нэхэхгүй бол шийдвэр гаргагчид энэ асуудлыг шийдэхгүй.

В.Ганзориг: Уьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоо дээр яагаад эрэгтэйчүүдийн идэвхи эмэгтэйчүүдтэй харьцуулахад бага байна вэ?

Б.Доржмягмар: 2021 оноос хойш эрүүл мэндийн салбарт өөрчлөлт шинэчлэлийн үе эхэлсэн. Хуучин зөвхөн эмнэлэг суурьтай байсан санхүүжилтийг хүн, үйлчилгээ рүү шилжүүлж, чанар ба гүйцэтгэл гэсэн суурьтай болж байгаа. Даатгалын систем шинэчлэгдэж байна гэсэн үг. Хуучин бид нэг том хуультай, тэр дотроо нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэж хуваасан, нийгмийн зарим хэсэг нь сул зохицуулалттай байсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохицуулалтаас хамаараад Гуравдугаар эмнэлэг зүрх, судасны өвчнөөс урьдчилсан сэргийлэх үзлэгийг жил бүр зохион байгуулдаг. Үүнийгээ байнга Люксенбургийн төслөөр хийдэг. Зэрэгцээд Халдвар судлалын үндэсний төв энэ үзлэгийг хийдэг. Халдварт өвчин судлалын үндэсний төв тандалтын тогтолцоог бүрдүүлэх зорилготой ажилладаг байв. Энэ тогтолцоо хүн амын эрүүл мэндийн үйлчилгээний эрэлт хэрэгцээнд нийцдэггүй байсан. 

Харин өмнөх УИХ “Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль”-ийг баталсан. Энэ хууль манай салбарт маш том өөрчөлтийг авч ирнэ. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх концепц явж байгаа гэсэн үг. Хүн амын эрүүл мэндтэй холбоотой том дата мэдээллийг үүсгэж авч буйгаараа эрт илрүүлэг онцгой ач холбогдолтой. Эрт илрүүлэгт тогтмол хамрагдаж сурснаар хүн өөртөө анхаарч, аливаа өвчин эрсдлээс урьдчилан сэргийлж чадна. 

20 хүртэлх залуусын авто ослоор нас барах магадлал эмэгтэйчүүдтэй харьцуулбал харьцангуй өндөр. 30 хүртэлх насны залуучуудын нас баралт эмэгтэйчүүдээс 2 дахин, ажил эрхэлж буй залуусын амиа хорлолт эмэгтэйчүүдээс 4 дахин, 55-65 насны эрчүүд зүрхний шигдээс, тархинд цус харвалтаар нас барах нь эмэгтэйчүүдээс хэд дахин өндөр байна. Иймээс эрт илрүүлэгт хамрагдаж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн харьцаа илт зөрүүтэй байна. Эрчүүд идэвхгүйдээ биш эрт илрүүлэгт орох хүмүүсийн тоо нь цөөрчээ гэсэн үг.

З.Маргарита: Эрчүүд маань эрүүл мэнд дээрээ хариуцлагатай байгаач ээ. Авто осол, амиа хорлолтоос бусдаар бүх эрсдэл хооллолттой холбоотой байна. Эмэгтэйчүүд хүүхэд тээж, өсгөх явцдаа эрүүл мэндийн үйлчилгээг авч өөртөө анхаардаг бол эрчүүд тэгж чадахгүй байна. Атгасан хоёр гар шиг жижигхэн хэмжээтэй ходоод руу хоёроос гурван таваг хоол, гурваас дөрвөн литр хүнсний бүтээгдэхүүн чихэж яах юм бэ? Үүнээс болоод хоол боловсруулах эрхтэн тогтолцоо зөв ажиллаж чаддаггүй. Дээрээс нь архи, тамхины хэрэглээг ярьвал эрчүүд өөрсдийгөө зориудаар хорлоод байдаг юм уу гэмээр. 

Г.Анар: Монголын нийгэм хүндээ, ялангуяа эрэгтэй хүнд бүр их хатуу. Монгол хүмүүс эр хүн ийм л байх ёстой гэдэг буруу үзэлтэй. Үүнээс болоод эрчүүд эмнэлэгт хандах дургүй байдаг. Над дээр үзүүлэхээр ирж байгаа эрчүүдийг ээж, эхнэр нь чихдэж авч ирдэг. Энэ зан үйлийг өөрчлөх ёстой. Монгол хүний эрүүл мэндийг доройтуулаг нийгмийн сөрөг дадал болох эрчүүд их идэж, хоолоо заавал дуусгах ёстой, хоол нь заавал өөхтэй тостой байх ёстой, архи ууж, тамхи татдаг байх ёстой гэдэг орчинг алга болгох ёстой. Үүнийг өөрчилж болно. Үүний тулд хэвлэл мэдээлэл, урлаг, шашны байгууллагуудын үүрэг, оролцоо хэрэгтэй байна. Зөвхөн эмч нар яриад дийлэхгүй. 

Нөгөө талдаа эрэгтэй хүний оролцоо ярих хэрэгтэй. Эрэгтэй хүн яагаад өөрөө хоолоо бэлдэж идэж болохгүй гэж. Эрэгтэй хүн хүүхдээ өсгөж, спортоор хичээллэж болдоггүй юм бэ? Эдгээр нийгмийн дадлыг өөрчлөх ёстой. Эрүүл байхын тулд хөдөлгөөн маш чухал байдаг. Долоо хоногийн таван өдөрт зүрхний цохиолтоо 100-с дээш болгож, өдөрт хагас цаг хөдөлж, спортоор хичээллэн хөлсөө гаргаж, ачаалал авч заншаарай гэж хэлмээр байна. 

В.Ганзориг: Хүн эрүүл байж, өвчин эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд фитнес клуб, усан сан, йогт явах төлбөрийг эрүүл мэндийн даатгал хариуцдаг уу?

Д.Дөлгөөн: Хувийн эрүүл мэндийн даатгал Монгол үүсээд ердөө 10 жил болж байна. Энэ хугацаанд нэг зүйл анзаарагдсан. Даатгалын нөхөн төлбөрөөр эм тариагаар хангах тусам хүмүүс эрүүл мэнддээ бага анхаардаг. Нөхөн төлбөрийн зардал жил бүр нэмэгдэж, өвчин эрсдлийн түвшин улам хүндэрч байна. Эрүүл мэндийн даатгалаар эмчдээ үнэгүй үзүүлж, эмийн сангаас үнэ төлбөргүй уут дүүрэн эм авч гэртээ ороод буцаад л эрүүл мэнддээ халгаатай хоол идэж, эрүүл бус зан үйлээ хийдэг. Иймээс эрүүл мэндийн даатгалын байгууллагууд нөхөн төлбөр биш иргэдийн эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх тал дээр анхаарч, хувь хүний хариуцлага дээр ажиллах хэрэгтэй.

Олон фитнесс клубтэй хамтран ажиллаж, хөнгөлөлт авч эрүүл мэндийн даатгалын багцдаа хамруулдаг. Харамсалтай нь эдгээр финтесс клубт нөгөө даатгалтай харилцагчид маань очдоггүй. Иймээс бид нэмээд сэтгэлзүйч, хоолзүйчидтэй хамтраад танхимын сургалт хийж, видео контент үйлдвэрлэн харилцагчиддаа хүргэж эхэлсэн.

В.Ганзориг: Эрүүл хоол гээд ховор байдаг, үнэтэй жимс, ногоо ярихаар санхүүгийн хувьд илүү зарал гарна гээд хүмүүс айгаад дадал болгож чадахгүй байгаа санагддаг уу?

З.Маргарита: Эрүүл хооллолттой холбоотой хүмүүс жимс, ногоог үнэтэй гэж ярьдаг. Яг үнэндээ хоёроос гурван кг ногоо нэг уут боорцогны үнэтэй адилхан байдаг. Гэвч ихэнх хүмүүс амттай гээд сахар, глютен, нэмэлт уртасгагч, химийн хольц, тостой, шим тэжээлгүй бүтээгдэхүүнийг сонгодог. Ийм хүнс идэхээр эргээд амархан өлсдөг. Улмаар дахин дахин хоол идэх дур хүсэл төрдөг. 2012-2016 оны хооронд Монголд хийгдсэн судалгаагаар амьтны гаралтай мах, тосны өдрийн хэрэглээ 500 гр гэж гарсан. Японд энэ үзүүлэлт 100 гр байдаг. Мах заавал идэх ёстой гэдэг уламжлалт ойлголт байсаар байна. Гэтэл буруу боловсруулсан мах уураг болж задрахгүй эсрэгээр хүний биед сөргөөр нөлөөлдөг. Иймээс идэж буй махаа зөв боловсруулах, хэмжээгээ тохируулах шаардлагатай. Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэт их идэхээр үрэвсэл явагддаг. 

Хүнсний бүтээгдэхүүний тэнцвэртэй таваг гэдэг ойлголт бий. Ногоо идэх тусам өтгөн хатахгүй. Хоол боловсруулах процесс явагдахгүй байгаагийн илрэл нь өтгөн хаталт юм. 10 хүний 6 нь ийм асуудалтай явж байна. Хоёроос гурван хоног өтгөн гадагшладаггүй. Зүй нь хүн өдөр бүр 400-500 гр өтгөн гадагшлуулж байх ёстой. Бүх өвчлөл хоолтой холбоотой. Иймээс ногоо, жимс хэрэглэх ёстой. Шим тэжээл, витамин, эрдэс бодис тэнд байгаа шүү. 

Г.Анар: Хүн багаасаа идэж сурсан зүйлээ л иддэг гэдэг нь анзаарагдсан. Нэмээд хэлэхэд хоол хүнснээс гадна хоол идэх дадал буруу байдаг. Тухайлбал, хэт их иддэг, унтахаасаа өмнө иддэг гэх мэт. Арвайн гурил гээд үнэтэй биш, элбэг олдоцтой сайхан хоол бий. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжихээс гадна хүнд энерги өгч, өтгөн гаралтыг сайжруулдаг. Махны хэрэглээг багасгаж, лууванг түүхийгээр нь, төмсийг чанаж амтлан идэхийг бид өвчтөндөө зөвлөдөг. Махны хэрэглээг өөр зүйлээр нөхөж болно. Үүнийг хүмүүс сайн ойлгуулмаар байна. 

В.Ганзориг: Улсын эмнэлгийн эмч нар нарийн үзлэг оношилгоог заавал хувийн эмнэлэг рүү явуулдаг. Тэр нь тухайн эмчийн өөрийнх нь байж таардаг. Эм тариаг бас заавал тэр эмийн сангаас ав гэж явуулдаг гэж ярьдаг. Ийм ашиг сонирхлын зөрчил эмч нарын дунд үнэхээр бий юу? Бий бол үүнийг яаж засах вэ?

Г.Анар: Эрүүл мэндийн үйлчилгээ эрэлт хэрэгцээтэйгээс гадна үнэтэй үйлчилгээ. Хүн болгон бас хүртэж чаддаггүй. Эрэлт ба нийлүүлтийн энэ зөрүүнээс болоод иймэрхүү гажуудал доголдол үүсэх гээд байдаг. Энэ асуудал зөвхөн Монголд байдаггүй, хуучин социалист нийгмийн улсуудад түгээмэл ажиглагддаг. Тухайлбал, Хятадад улаан дугтуй гэдэг нэршилтэй байдаг. Унгарт нэмэлт цалин гэж ярьдаг саарал тогтолцоо бий. Үүнийг өөрчлөх ганц арга бол үйлчилгээний төвлөрөлийг задлаж, санхүүжилтийг нээлттэй, ил тод болгох юм. 

Манай нэг асуудал бол хүн болгон нарийн мэргэжлийн эмчид шууд үзүүлэх гээд байдаг. Уг нь бол эхлээд өрхийн эмчдээ үзүүлээд цаашаа явах ёстой. Манай энэ систем алдагдсан. Хүүхэд нь халуурахаар, даралт ихсэхээр шууд түргэн дууддаг. Гэтэл энэ түргэн тусламж осолд орсон, цус харвасан, зүрхний шигдээс болсон хүмүүс дээр очих ёстой шүү дээ. Ийм учраас эмнэлгийн үйлчилгээнйи ачаалал нэмэгддэг. Ингэж ачаалал нэмэгдэхийн хэрээр саарал зах зээл идэвхждэг. Эрүүл мэндийн салбарт нэг ба хоёрдугаар шатлалдаа хангалттай үйлчилгээ үзүүлж чаддаг болбол хүн бүр заавал гуравдугаар шатлал руу явахаа болино. 

В.Ганзориг: Шаардлагагүй хүмүүс эмнэлгийн орыг ихээр дүүргэдэг гэдэг яриа сонсогддог.

Г.Анар: Тийм хүмүүсийг эмнэлэг авахгүй гэхээр гомддог. 

Д.Дөлгөөн: Даатгал дээр ч гэсэн ялгаагүй. Би ээлжийн амралтаа авсан юм чинь даатгалаараа 10 хоног эмнэлэгт хэвтэнэ гээд хүмүүс ярьдаг. 10 хоног гэдэг хатуу тогтсон ойлголт үүссэн. Ямар ч хэрэгцээгүй байхад ингэж ор дүүргэж буй нь нөгөө талдаа эрүүл мэндийн системд хиймэл ачаалал үүсгэж, яаралтай түргэн тусламж хэрэгтэй хүмүүст саад болдог.

Г.Анар: Монгол хүний тариа тариулж, антибиотик ууж, эмнэлэгт хэвтэх магадлал дэлхийн дунджаас арван хэд дахин өндөр байдаг. Ганц дусал хийлгэе гэж ярьдаг. Надад өнгөгүй дусал хийлээ гэж хүмүүс гомдоллодог. Ямар ч шаардлагагүй хиймэл хэрэгцээ гэсэн үг. Энэ хэмжээгээр эрүүл мэндийн салбарыг зардал, эрсдэл өсөхөөс гадна иргэдийн дунд халдварт өвчин, В, D, С вирусийн тархалт нэмэгддэг. Элэгний вирус, хавдрын тархалт энэтэй холбоотой. Энэ гажуудлыг засах ёстой. 

З.Маргарита: Витамины комплекс дээр бас хүмүүс яг ингэдэг. Тос ба усанд уусдаг гээд витаминууд хоорондоо ялгаатай. Усанд уусдагууд нь 24 цагийн хугацаатай. Ийм витамин мянга судсаараа шахуулаад тэр дороо шээсээр гарна. Эрүүл гэхээс илүү үнэтэй шээстэй л болж байна гэсэн үг. Үүний оронд зөв хооллож, хүнсний бүтээгдэхүүнээс витаминаа өдөр тутам тогтвортой, зардал багатай авах хэрэгтэй. Витамин комплекс дусал хийлгэнэ гээд яриад явдаг хүмүүс их болсон. Ингэх шаардлагагүй ээ! 

Д.Дөлгөөн: Эрүүл мэндийн даатгал эмчийн зөвлөсний дагуу тухайн хүний шинжилгээн дээр суурилсан эрдэс бодис, витамины тунг нөхөн төлбөрөөр олгодог. Гэтэл иргэд нэмэлтээр дархлаа дэмжих бэлдмэлүүдийг даатгалаас гаргуулж авах гээд байдаг. Зүй нь үүнийг хоол хүнсээр авах ёстой. Энэ дээр даатгуулагчидтай ойлголтын зөрүү бас үүсэх гээд байдаг.

Г.Анар: Монгол хүн тариа хийлгэж, эмнэлэгт хэвтэж, антибиотик хэрэглэх хүсэлтэй. Хүүхдийн хоолой өвдөхөөр шууд антибиотик хэрэглэх гээд байдаг. Энэ бол буруу шүү дээ. Австралид байдаг монголчууд хэлнэ дээ. Анх очоод хүүхэд нь халуурахаар түргэн тусламж дууддаг. Нөгөө хэд нь ирээд парацетамол бичээд 400 долларын төлбөр нэхэмжлээд яваад өгдөг. Энэ бол бид буруу дадлаараа яваад байгаагийн жишээ юм. Ингээд харахаар манай эрүүл мэндийн үйлчилгээний хэрэгцээ өндөр мэт боловч зарим хэрэгцээг нь өөр аргаар шийдэх бүрэн боломжтой. Заавал эмнэлэгт хэвтэж, тариа тариулах шаардлагагүй гэсэн үг. 

В.Ганзориг: Улсын ба хувийн эрүүл мэндийн даатгалын байгууллагууд хоорондоо өрсөлдөх ёстой юу, эсвэл хамтрах ёстой юу?

Д.Дөлгөөн: Хувийн эрүүл мэндийн даатгал улсын үйлчилгээтэй огт өрсөлддөггүй. Учир нь хувийн эрүүл мэндийн даатгал иргэдийн чөлөөт сонголт байдаг. Энэ бол зардал биш хүн өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт юм. Улсын ачааллаас хөнгөлөлцөхийн тулд улс ба хувийн даатгал хамтран ажиллаж, даатгуулагчид сонголт өгөх ёстой. Жишээ нь, зарим хувийн эмнэлгүүд улсын эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг. 5 сая төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авлаа гэхэд улсаас 2 сая, хувийн даатгалын компаниас үлдсэн 3 сая төгрөг нөхөн төлбөрөөр авдаг тогтолцоог иргэд хүсдэг. 

Г.Анар: Бид нар ч гэсэн хувийн эмнэлгийн эмч нарыг өрсөлдөгч гэж хардаггүй. Харин ч эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж буй хүмүүс гэж хардаг. Яагаад гэвэл манай улсын эрүүл мэндийн үйлчилгээний хэрэгцээ дуусашгүй их байгаа. Бидний ачааллаас хуваалцаж байдаг хувийн эрүүл мэндийн даатгалын байгууллагуудад ч баяртай байдаг. Учир нь эрүүл мэндийн салбарыг цэвэр бизнес гэж харж болохгүй. Зарим залуучууд улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд сэтгэл ханамжгүй байдгаас болоод үүнийг зардал гэж хараад төлөх ёстой юу үгүй гэж ярьдаг. Энэ бол буруу. Энэ даатгалын цаана асар том тогтолцоо явж эрүүл мэндийг салбарыг ажиллуулж байдаг. 

В.Ганзориг: Эмчлүүлэх ёстой гэдгээ мэдэж байгаа атлаа танай хувийн эрүүл мэндийн даатгалыг аваад бүх эмчилгээний зардлаа нөхөн төлбөрөөр авч болдог юм уу? Эрт илрүүлэгт нэг сая гаруй хүн хамрагдсан. Асуудалтай гарсан хүмүүс бүгд эмчлүүлэх гээд судалж байгаа байх.

Д.Дөлгөөн: Манай компанийн хувьд жил бүр 7 тэрбум төгрөг эрүүл мэндийн нөхөн төлбөрт зарцуулдаг. Үүний 1 тэрбум төгрөг гадаадын улс орнуудад, 6 тэрбум нь Монголдоо эмчлүүлсэн зардал байдаг. Бидэнд ханддаг хувь хүмүүсийн 90% нь гадаадад эмчилгээ хийлгэх зорилготой ирдэг. Онош, эмчилгээ тодорхой тул одоо гялс даатгалаа хийлгээд төлбөрөө төлье, тэгээд эмчилгээндээ явъя гээд хүмүүс ирдэг. Энэ бол буруу ойлголт. Өвдөхөөсөө өмнө манай харилцагч болсон байсан бол асуудалгүй буюу ирээдүйд гарах өндөр хэмжээний зардлыг манай компани даана гэсэн үг. Даатгалын үндсэн зорилго ирээдүйд учрах эрсдлээс харилцагчаа хамгаалахад оршдог. Иймээс хувь хүмүүс дээр ийм гэрээнүүд хийгдэх боломжгүй гэсэн үг. Харин байгууллагууд дээр бид уян хатан хандаж, хэдийнэ үүссэн эрүүл мэндийн зарим эрсдлийг бид өөр дээрээ шилжүүлж аван гэрээ хийдэг.

В.Ганзориг: Хэрэв та Эрүүл мэндийн сайд байгаад, хангалттай төсөв мөнгөтэй байсан бол хамгийн түрүүнд ямар шийдвэрийг энэ салбарт гаргах байсан бэ?

Б.Доржмягмар: ДНБ-ний 5%-ийг эрүүл мэндийн салбарт зарцуулах хэрэгтэй. Ингэж чадвал иргэдийн эрүүл мэндийг урьдчилан сэргийлж, ирээдүйд учрах санхүүгийн эрсдлээс хамгаалах боломжтой. Одоо манай төсөв 2,4 ихнаяд төгрөг, харин ДНБ 70 ихнаяд төгрөг байдаг. Эрүүл мэндийн салбар хувь хүний төлбөр, улсын төсөв, даатгал, хандив, тусламж гэсэн орлогын эх үүсвэрүүдтэй. Цаашид хувийн даатгал дээр илүү их мөнгө төвлөрүүлж, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх шаардлагатай. Иргэдийн авч буй үйлчилгээн дээр эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал бий болгоод эрсдлийн сан үүсгэж хохиролыг барагдуулдаг байвал зүгээр санагддаг. Жишээ нь, автобусны билетийн 5 төгрөг нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой эрсдлийг даатгадаг байж болно. Өөрөөр хэлбэл, маш бага зардлаар гэнэтийн эрсдлээс үүдэлтэй эрүүл мэндийн нөхөн төлбөрийг шийдэх иргэнээ хамгаалсан энэ мэт боломжууд бий. 

Эрүүл мэндийн салбар 10 гаруй бие даасан хуультай. Тухайлбал, даатгал, халдварт өвчин, ариун цэврийн хууль гэх мэт. Үүнээс болоод маш олон толгойтой, зохицуулалт ихтэй, хоорондоо давхцалтай, бие биенээ үгүйсгэсэн байдаг. Үүнийг өөрчилж, тогтолцоог шинэчлэх замаар даатгал, эрүүл мэндийн үйлчилгээг хүнийхээ төлөө ажилладаг болгох ёстой. Хувь хүн өөрөө эрүүл мэнддээ анхаарч байж л манай эрүүл мэндийн салбар өөрчлөгдөнө. Нөгөө талдаа дээр хэлсэнчлэн эрүүл мэндийн салбарыг төвлөрөлийг задлах ёстой. Нэмээд олон нийтийг соён гэгээрүүлэх хэрэгтэй байна. 

1990 оноос өмнө Монголд Улсад халдварт өвчний эрсдэл өндөр байсан бол 1990 оноос хойш нийт өвчлөлийн 80% халдварт бус болж том шилжилт явагдаж байна. Цусны даралт, өөх тос, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчин бидний амьдралын хэв маягаас шууд шалтгаалдаг бол нөгөө талдаа гэнэтийн осол, золгүй явдал ирээдүйд эрүүл мэндийн салбарын хоёр том эрсдэл байх болно. Иймээс энэ салбарт хувийн даатгалын оролцоо чухал байгаа.

З.Маргарита: Хороо болгон эрүүл хооллолт, чийрэгжүүлэлт, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх эрүүл мэндийн төвүүдтэй болоосой гэж хүсдэг. Ингэж чадвал халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилсан сэргийлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, одоо байгаа соёлыг өөрчлөхөд том түлхэц болно. 

Г.Анар: Гал гарсны дараа биш гал гарахаас өмнө арга хэмжээ авдаг тогтолцоо байгаасай гэж хүсдэг. Үүний тулд эрүүл мэндийн судалгааны Тинк Танк буюу Бодлого судалгаа төв байх ёстой. Нэг хүн нэг өглөө гэнэтийн шийдвэр гаргах биш энэ салбарт бүх шийдвэр судалгаан дээр суурилан гарах учиртай. Ингэж байж бодлого, төлөвлөлт, гүйцэтгэл амжилттай хэрэгжинэ. 

Д.Дөлгөөн: Эрүүл байх нь хоолтой шууд холбоотой. Иймээс ерөнхий боловсролын сургуульд хоолзүйн хичээл ордог, сэтгэлзүйн мэдлэг олгодог байгаасай гэж хүсдэг. Анхнаасаа зөв мэдлэг, боловсрол эзэмшиж хүмүүжсэн хүүхдүүд ирээдүйд өөрсдийгөө эрсдлээс хамгаалахаас гадна эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулна. 

Хувийн эмнэлгүүд дээр улсын эрүүл мэндийн даатгалын санхүүжилт ажилладаг болох ёстой. Даатгуулагчид сонголттой болох тусам улсын эрүүл мэндийн салбарын ачаалал буурч, хүртээмж нэмэгдэж, чанар сайжирна. Энэ хэрээр олон хүний амь нас аврагдаж, шаардлагатай эмчилгээг цаг тухайд нь шуурхай хийлгэх боломж бүрдэх болно. Иймээс улсын болон хувийн эрүүл мэндийн үйлчилгээний ачааллыг тэнцүүлэх хэрэгтэй. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ АУДИО ХЭЛБЭРЭЭР СОНСОХЫГ ХҮСВЭЛ ТА ЭНД ДАРНА УУ!