Б.Ринчен: Өндөр их соёлтой хэлнийхээ чадлыг гүйцэд хэрэглэж сурахыг үнэхээр эх оронч зохиолч, орчуулагч, найруулан засагч хүн бодууштай
Энэ үгийг Конгрессын Номын Сангийн хананд хүндэтгэлтэйеэ залсан байдаг. Шотландын гүн ухаантан Томас Карлайлын хэлсэн үг л дээ. Халин одогсдын сүнс онгодыг дууддаг бөө олширч, ном унших нь багасаад буй өнөө үед бол учрыг нь ухан ойлговоос нэн хэрэгтэй үг.
“Өнгөрсөн бүх цаг үеийн сүнс гагцхүү номд оршмуй”
Энэ үгийг Конгрессын Номын Сангийн хананд хүндэтгэлтэйеэ залсан байдаг. Шотландын гүн ухаантан Томас Карлайлын хэлсэн үг л дээ. Халин одогсдын сүнс онгодыг дууддаг бөө олширч, ном унших нь багасаад буй өнөө үед бол учрыг нь ухан ойлговоос нэн хэрэгтэй үг. Их хаан маань эргэж ирээд ингэж хэллээ л гэнэ, Ринчен, Дамдинсүрэн байсан бол ингэх байсан л гэнэ, хэн мэдлээ. Гэтэл үнэн хэрэгтээ их эрдэмтэд маань үг сургаалаа хангалттай хэлээд, бичээд, ном судраа хэвлүүлээд үлдээчихсэн байгаа. Түүнийг нь харин унших хүн бараг үгүй. Энэ мэтийг бодож суутал харин орчин үеийн хойргодуухан уншигчдад их мэргэдийн ном сургаалыг хүргэх нэгэн арга байж болохоор санагдав.
“Өнгөрсөн бүх цаг үеийн сүнс гагцхүү ном оршмуй” хэмээх уриан дор эрт эдүгээгийн эрдэмтэн мэргэдийн ном өгүүллээс түүвэрлэн, асуулт хариултын хэлбэрт оруулан залууст хүргэвэл яах сан бол? Угаас асуултаа зөв тавиад анхааралтай уншиж чадваас хариулт нь олдох л учиртай. Нөгөө талаас өнөөгийн хурдтай нийгэмд ард иргэд том том ном унших цаг зав үгүй болсон, хүүхэд залуус сэтгүүл зүйн “ярилцлага” хэмээх төрлийг л илүүтэй сонирхох болоод байгаа билээ. Тэгээд ч ингэж хэлжээ гэж тоочсоноос, асууж ярилцсан маягтай байвал хүнд илүү дотно сонстож, хэлсэн үгс нь олон жилийн өмнө бичээд үлдээсэн дурсгал гэхээсээ илүү, одоо ч үнэ цэнтэй, ухаж бодмоор санаа гэж бодогдох магадлалтай юм. Ингээд туршилт болгон эхний дугаартаа их эрдэмтэн Бямбын Ринчен гуайг “урин” оролцууллаа. Та яг л над шиг их Ри багшийг эргэн ирээд, өнөөгийн бидэнд сургаалаа хайрлаж буй мэтээр төсөөлөн уншаарай.
Юуны өмнө танаас эх хэлний тухай асууя. Таны үзлээр эх хэл гэж юу вэ? Эх хэл гэхээс гадна төрөлх хэл гээд байдаг, аль нь зөв юм бэ?
Тухайлсан үндэстэн улсын хүн бүр хоорондоо харилцахдаа хэрэглэдэг хэл нь эх хэл болно. Манай монголоор эх нутаг, эх түүх, эх орон, эх хэл гэж “эх” гэдэг үгтэй холбон хэрэглэдэг эл нарийн зүйлд эх гэсэн үг нь “өөрийн” бөгөөд “эх мэт дотно” болсон, эх мэт хайрлан энхрийлэх гэсэн санаа бүхүй нэр болно. Орос хэлнээ манай эх хэл гэдгийг орос хэлний сэтгэхүйн үүднээс “родной язык” гэдэг нь “родной” гэсэн үгийн утга нь “род” гэсэн үндсэн үгээс үүдсэн бөгөөд тэр “род” гэдгээс орос хэлнээ өдий төдий нэр үүдсэн нь: на+род гэж ард түмэн, род+и+на гэж эх орон, по+род+а гэж үүлдэр, при+род гэж байгаль, у+род гэж муухай, гау буруу төрхтэй амьтан, у+рож+ай гэж Д нь Ж болон сэлгэж ургац гэх зэргийн маш олон ганц -род” гэсэн “үүдэх, төрөх” гэсэн үндсэн үгнээс гарчээ. Орос хэлнээ “род” гэсэн үндсэн үгнээс дор хаяхад таван салаа утгатай “родной” гэсэн үг үүсэн гарсан нь Зөьвлөлтийн нэрт академич Щербын эрхлэн гаргасан орос-франц толинд тэр үгийг орчуулахдаа: 1. Ойр төрөл бүхүй гэсэн санаагаар нэр үгийн өмнө хэрэглэнэ: родной сын гэхэд төрсөн хүү гэж төрлийн хувьд нэг утга бий. 2. Зүйрлэсэн утгаар дотно гэсэн утгатай. 3. хүн харыг элэгслэх санаа, францаар түүнийг орчуулбал даруй mon bon ami буюу монголчилбол нөхөр минь гэсэн утгатай. 4. төрсөн нутгийн, эх орны, өөрийн, бүдүүн өвс багтахгүй ойр дотно гэсэн утгаар родная страна, родной город гэж хэдийгээр тэр орондоо эс төрсөн, мөн тэр хотод эс төрсөн боловч нэн дотно хайртайн сэтгэл илтгэн хэрэглдэх утгатай гэж заасан нь манай орчуулагчид нарийн учрыг мэдээгүйн улмаас родная страна гэхийг төрөлх орон, родной язык гэхийг төрөлх хэл хэмээн ташааран орчуулдаг нь тэр оронд төрөөгүй, өөр гадаадад төрсөн хүн ч өөрийнхөө орныг эх орон, эх нутаг гэсэн утгаар хэрэглэж байгаа үг болохоос заавал төрсөн газар гэсэн санаа биш юм.
Ингэж буруу орчуулан тогтсон үг, нэр томьёо олон биз? Жишээ татвал…
Манай Монгол-Европ толь, Европ-Монгол толь бичгийн зүйл зохиогчид монгол-европ хэлний үгийг оноон дүйлгэхдээ тухайлсан монгол үгийн утга нь тухайн европ хэлнээ юутай дүйхийг нь гүйцэд мэдээгүйн учраас үлэмж төөрөгдөж байна. Тухайлбал АРМАНА гэпдэг монгол бичгийн хэлний үг орос хэлнээ бегемот буюу гиппопотам (англиар hippopotamus) гэдэгтэй яг дүйх нэр атал түүнийг мэдээгүй тольчин “усны үхэр” гэдгийг “бегемот - хиппопотамус” гээч нь байлгүй дээ хэмээн гэж таан оноочихжээ. “Усны үхэр” гэдгийг Монгол -Ази толиор хөөн үзэхэд хятад, япон, вьетнам, солонгос хэлнээ байдаг. Тэр нь хятад, япон, солонгос, вьетнам, энэтхэг үгийг Европын хэлнээ дүйлгэсэн толинд үзвэл оросоор тэр бүх хэлнээс цөм “буйбол” гэдэг нэгэн зүйл үхрийн нэр болдог байна. гэтэл орос-монгол, монгол-орос тольчин сүүлийн хэдэн жилд арманыг усны үхэр болгочихжээ. тэгээд манай сурах бичигт ойрноос буюу 1968 оноос тэр хөглөснийг нь дагаж армана-бегемотыг усны үхэр -буйбол болгожээ.
Орчуулга, орчуулагч гэж тэгэхээр чухам ямар байх ёстой вэ?
Залуу бага наснаасаа үсэн буурал болтол Марк Твенийг би
маш бахархан үздэг байлаа. Анх оросоор үзээд, сүүлээр уг англи хэлээр нь үзэж,
сайн орчуулагч сайхан ч орчуулж дээ гэж орос орчуулгы нь үзэхэд, зүйрлэвэл
таньдаг сайхан уул усаа өнгөт шил зүүж үзсэн шиг, зарим юм нь улам ч тодрон
сүртэй харагдах шиг, зарим юм нь тунарсан униар дундуур сүндэрлэн харагдаж
байгаа юм шиг үзэгдэхтэй адил хачин сонихон санагдаж, хэл хэлний үг нь гол утга
нийлэвч, салаа олон утга нь харилцан адилгүй учир, оросоор үзэхэд орос үгний
олон утгын зүйл Оросын соёлыг агуулсан олон нарийн утга нь хамт тэр орчуулгын
үгэнд бараадан дагалдаж, Твений зохиолд бас нэг өвөрмөц сонин амт оруулдаг шиг
байж билээ.
Орчуулагч хүн эх хэлнийхээ үг бүтээх, өгүүлбэр бүтээх, үйлийн урьд өмнө болсон, одоо болж байгаа, болсоор байгаа, болох гэж байгаа алстаа болох байдлыг цөм сайн бодож боловсруулан, аятайхан эвлүүлбэл, унших ухаарахад ч эвтэй болох ёстой. Манай хэл маш баян үгтэй, бас үг бүтээгч олон дагавар нь тун нарийн, сонин утгатай тул хэрэглэх гэсэн утга санаандаа сайхан зохицсон дагавар залган хэрэглэвэл, бодсон сэтгэснийг гүйцэд нэвтрүүлж, ямар ч юм орчуулахад манай хэлний үг дутахгүй, найруулга мөхөсдөхгүй гайхамшиг чадал бүрдсэн өндөр их соёлтой хэлнийхээ чадлыг гүйцэд хэрэглэж сурахыг үнэхээр эх оронч зохиолч, орчуулагч, найруулан засагч хүн бодууштай байна.
Та өөрөө орчуулах, найруулах эрдмийг хэрхэн эзэмшсэн юм бэ? Сайхан орчуулж найруулж сурахын тулд яах хэрэгтэй сэн бол?
Ардын засаг мандаад, ЗХУ-ын хэл бичгийн дээд сургуульд явуулсан анхны 18 оюутны нэг нь болсон миний бие зөвлөлтийн нэрт эрдэмтэн есөн академичаар багшлуулан заалгах хувь заяа олдож, монгол бичиг үсгээ Монгол сайн багш нараар заалгасныхаа дээр эх хэлээ шинжлэх ухааны ёсоор ухааран танихын ховор завшаан тохиолдсон билээ.
Үүнд Монгол хэл бичгийн зузаан мэдлэг бүхий хоёр академич багш Владимирцов, Козин нараар заалгаж байхад, эдгээр багш нар минь монгол бичиг зохиолд нэгэн онцлог сонин зүйл бий гэдэг сэн. Юув гэвэл, монгол утга зохиолын уламжлалд үг найруулгыг маш эрхэм болгох нэгэн сонин уламжлал бий. Улс төр, шинжлэх ухаан, түүх судар, ерийн албан бичигт хүртэл үг найруулгыг тун эрхэм болгодог ёс бий. Түүнийг анхааран үз гэж монгол ном судар, албан бичиг тэргүүтэн үгийг сонгон хэрэглэж сул үггүй найруулга сайтай болгодгийг ажин сурч танин мэд гэдэгсэн.
Монгол ардын билиг гэдэгт үлгэр, тууль цөм энэ зарчмыг баримталдаг ёс бий гэж Владимирцов академич, Монгол ардын баатарлаг туульсийн зүйлийг үг найруулгын хувьд судлуулж, маш их анхааруулдаг байсан. Тэгээд сургуулиа төгсч Судар бичгийн хүрээлэнд хүрч ирэхэд минь Сүхбаатар жанжны багш Онход Жамъян гуай, тэр үеийн Судар бичгийн хүрээлэнгийн эрхэлсэн сайд гэдэг тушаалтай, дэргэд нь монгол бичиг зохиолд сүрхий эрдэмтэй өвгөд байдаг сан.
Цөмөөрөө залуу оюутан хүрч ирлээ гэж монгол бичгийн хэлний найруулгыг эзэмшиж ав гэж их анхаарал тавьдаг байлаа. Намайг Оросын нэрт сайхан зохиолоос орчуулж, найруулгаа биднээр засуул гэдэг сэн. Тэгээд миний орчуулсан зүйлийг үзээд ингэвэл санаа нь тодорхой болно. Энэ үг уг утганд нь таарахгүй, илүү сул үг байна. Энэ өгүүлбэрийг үзвэл ийм үг байвал зохих юм шиг байна. Цаад их бичигт бодоход ийм санаа гармаар санагдаж байна гэхэд нь эх бичгийг нь үзэхэд нээрээ л тэр үг илүүдсэн буюу дутсан байдаг сан.
Одоо монгол хэл, бичигт сүүлийн үед гарч буй маргаан, өөрчлөлтийн талаар асууя. Таргаар бялуу хийдэг болсон. Түүнийгээ “тараган бялуу” гэх үү, “тарган бялуу” гэх үү гээд л маргалддаг боллоо. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд тэр Н гарч ирэх боломжтой юу? Хэзээнээс ингэж угаас Н-гүй үгэнд Н бичдэг болчихсон юм бэ?
Гэгээрлийн яамнаас “Цэцэрлэгийн хүмүүжүүлэгч нарын номын сан”, Сүүдэр жүжгийн тоглолт гэж 1963 онд нийтэлсэн номдоо “ГурилАН өнхрүүш” гэж орос ардын нэгэн үлгэрийг орчуулан нийтлэхдээ “гурил өнхрүүш” гэвэл зохихыг бас л “бичгийн хэлээр, “үсгийн дүрмээр” болголоо гэж, улсын хэмжээний олон цэцэрлэгийн хүмүүжүүлэгчээр багацуулыг “гурилАН” гэж хазгай хэлүүлэхийг журамлуулжээ. Орос ардын энэ “Колобок” гэдэг үлгэрийг урд монгол хэлэнд академич Дамдинсүрэн тун аятайхан буулгасан нь түүний зохиолын түүвэрт бийг энд тэмдэглэж болно. Тэр орчуулганд нь “гурилАН” гэж гийгүүлэгчээр төгссөн нэрийн айт үгийг эгшгээр төгссөн нэрийн айн байдалд хэлзүйнхээ зүй тогтоолыг зөрчин мушгиж оруулсан зүйл байхгүй. Мөн, Гүржийн нэрт яруу найрагч Руставелт Шотын “Барс нөмөргөт баатар” гэдгийг 1965 онд монголоор зохиолч Гомбожав орчуулсан нь сайшаалтай боловч орчуулгы нь найруулсан зохиолч Пэрлээ “БарсАН хэвнэгт баатар” “барс” гэдэг түрэг, монгол нэр гийгүүлэгчээр төгссөн айн нэр тул -Н дагавар дагуулдаг хуули монгол хэлнээ байдаггүй гэдгийг... үсгийн дүрмээр самууруулж, ...хэдэн мянган уншигчдыг, ялангуяа багацуулыг төөригдүүлэхэд нэмэрлэсэн нь, тэр ёозоор нь “монгол хүн” гэдгийг “гурилАН” гэдгийн адилаар “монголОН хүн” гэж, “барсАН” гэдгийн жишээгээр “орос хүн” гэдгийг “оросОН хүн” гэх зэргээр бичиж хэлэхийн зам нээж байна.
“Зүй” гэдэг үгийг өмнөх үгтэй нь хамт эсвэл тусад нь бичих талаар бас маргаж байна. Үүнд та ямар тайлбар өгөх сөн бол? Одоо баримталж буй дүрэмд бол тусдаа бичихээр заасан байгаа.
Найруулгазүй гэж нэгэн юмын нэрийг нэг нийлбэр үг болгон бичих нийтийн бөгөөд манай монгол бичгийн зарчимд нийцүүлэн хам бичих нь зүйтэй… Үүнд манай хэлнээ “зүй” гэдэг үг одоо судлал ухааны нэр бүтээгч дагаврын үүрэг гүйцэтгэдэг нь европын герег хэлний -графия гэж орос бичигт хэрэглэдгийн утгатай: география - газарзүй, этнография - угсаатнызүй, гидрография - усзүй… хэмээн хам бичих нь нийтийн зарчимд нийцтэй болж байна. Зүй гэсэн үг бас биеэ даасан, “учир” гэсэн утгатай тул, “зүй нь тэгвэл таарна” гэх мэтэд хэрэглэдэг утга бүхүйн учир салангид бичихэд тэр биеэ даасан утгын байдалтай хутгаж төөригдүүлэх газар буй тул, “Монголын газар зүй нь судлууштай байна, Монголын газарзүй нь судлууштай байна” гэж хам салангид хоёр янзаар бичсэн өгүүлбэрт салангид бичсэн утгаар зүй нь гэж биеэ даасан утга бүхүй тул, “зүй нь Монголын газар судлууштай байна” гэсэн утга байж болно, нөгөө утга нь “Монголын газарзүй” гэдэг ухаан шинжлэлийг өгүүлсэн байж, Монголын газарзүй гэдгийг судлууштай гэсэн утга байж болно.
Та “нэгэн юмын нэрийг нэг нийлбэр үг болгон бичих нийтийн бөгөөд манай монгол бичгийн зарчим” гэж хэллээ. Үүнийгээ тодорхой тайлбарлаж өгөөч. Нийтийн ямар зарчим манай монгол бичгийн зарчимтай нийцэж байна вэ?
[Жишээ татсу]. Францад 1657 онд Дю Канж гэдэг эрдэмтэн “дундадъэртэн” (аргын улирлын 395 оноос 1453 он) гэж латин хэлний үг хослон хэрэглэж зохиосон нь орос хэлнээ хожим орчуулан хэрэглэхдээ хоёр үгийг нийлүүлэн, нэгэн нэр болгосон зарчмыг нь нэгэн адил хэрэглэж, “средневековье” гэж средный век гэсэн хоёр үгийн үндэс залган бүтээжээ. Англи хэлнээ мөн латин үгийн үндэс хэрэглэн медиус гэж дундад, + аевум гэж үе гэсэн хоёр үгийн үндэс залгаж mediaeval гэж нэг үг болгон хэрэглэх болсон, үүнд, манайханд монгол бичигт чингэж хоёр нэр залгаж нэгэн үг болгон хэрэглэх зарчим байсан уу гэвэл англи, орос, франц, герман зэрэг улсаас санаа сэдэв авалгүйгээр өөрсдөө Лувсанбалдан, Төмөртогоо, Улаанбаатар, Алтанбулаг гэж бичдэг заншил уламжлалтай байсан маань, монгол бичгийн хэлний боловсрол өндөр байсныг гэрчлэн, бусад улсаас дууриалгүй, өөрсдөө бичигтээ Лувсан Балдан гэж бичвэл хоёр хүн, нэг нь Лувсан, нэг нь Балдан гэж ухаарч болох юм. Лувсанбалдан гэвэл нэг л хүн гэдэг нь бичгээс тодорхой мэдэгдэж байна гэж, бас улаан баатар гэвэл улаан зүс царайтай нэг баатар гэж, “улаан” гэдэг нь хар баатар, шар баатар, зоригт баатар гэх мэтэд ямар баатар болохыг тодорхойлсон зүйл болно. Улаанбаатар гэж хам бичвэл нэг нэр болж, тухайлбал манай улсын нийслэлийн нэр гэж бичигт үзүүт учир байдал нь тодорхой болно гэж хам бичих ёс өөрсдөө уг хэрэгцээнээс үндэслэг боловсруулж гаргасан зарчим нь мөн хэрэгцээнээс бүх Европын олон улсад нэгэн адил гарсан журам, зарчимтай яг нийлсэн байна.
Үсгийн дүрмийг та ҮД, ДҮД, ЛҮД ёсоор гэхчлэн бичиж, ихэд шүүмжлэх юм.Яагаад тэр билээ?
Хэлбэрсудлал, зөвбичихзүйн үүднээс үзвэл “эвдрэх” гэж -вдр- хэмээн гурван гийгүүлэгч нэгэн дор бөөгнөрөх ёс монгол хэлний авианзүйн тогтолцоонд огт байдаггүй үзэгдэл. Авианзүйн хөгжлөөр тийм болж ирсэн гэж нутлахын аргагүй зүйл. ЭвдЭх, эвдЭлцэх, эвдЭгч, эвдЭрхий гэж ҮД бичиж байгаа нь эВДР- гэдэгтэйгээ нийцгүй болж байгааг гэрчлэм бөгөөд монгол бичгээр эб + дэ гэсэн -дэ дагавар, түүнээ -рэ гэсэн дагавар даган бүтсэн… -дэ- дагавар авианзүйн хөгжлөөр -д боллоо гэсэн үзэгдэл орчин үеийн монгол хэлнээ гараагүйг монгол хэл судалсан бүх монголч эрдэмтний шинжлэлээс үзэн мэдэж, амид монгол хэлний баримтаас мэдэж болно. Иймэд, зөвбчичхзүйг монгол хэлнээ шинжлэх ухааны үүднээс боловсруулах үес ҮД-ийн хоорондоо авцалдаагүй зүйлийг засан шулуутгах нь зайлшгүй хөгжлийн шаардлага болох бий.
Монгол хэлнээ нэр үгийн зүйлд эгшгээр төгссөн үгийн ай, гийгүүлэгчээр төгссөн нэрийн ай гэдэр хувиар ялгавар нь үйл үгийн үндсэнд мөн нэгэн адил тов тов үзэгдэж, … ав- гэдэг гийгүүлэгчээр төгссөн үндэснээ ав + ч, ява- гэдэг үндэснээ хэрхэвч яв + ч гэдэггүй, ява + ж гэдэг хуульзүй байгаа нь одоо ч монгол хэлтэн бүхнээ хүчин төгөлдөр хуули ажаам. Гагц манай ҮД эл зүйтогтоолыг танин аждаггүйгээр энэ тухай будлиан гаргахад хүрч байна. Монгол хэлтэн ард түмний дотроос Зөвлөлтийн халимаг-ойрад, буриад хоёрын бичгийн хэлний зөвбичихзүйд энэ ялгааг маш тодорхой гаргаж чадсаныг дурдалтай байнам…
Манай үсгийн дүрэм юунаас болж ийнхүү төгс төгөлдөр болж чадсангүй вэ? Цаашид хэрхвээс зохилтой вэ?
Үсэг өөрчлөх үес, тухайн хэлний авианзүй, хэлбэрсудлал зэргийг шинжлэн, урд хэрэглэж байсан үсгийн бичлэгийн журам дүрмийг сүрхий нягтлан судлах нь орчин үеийн хэлнийшинжлэлийн үүднээс тун чухал болох нь, хэлнийшинжлэлтэн хүн бүрийн өмнө илэрхий байгаа хэрэг. Энэ талаар бид кирил үсгийг авахдаа асар нягтласангүйн учир одооны энэ дүрэмд дутагдалтай зүйл байгаагий нь хэлний шинжлэлтэн хүн биш ч гэсэн мэдээд байгаа хэрэг. Энэ тухай дүрмээ засахдаа одоо цагийн хэлнийшинжлэлийн ололт мэдлэгийн дээд хэмжээгий нь барин засвал таарах юм… Наад захын жишээнд нэрлэхийн тийн ялгалын олон тооны “худалдагчид”, өх оршихын тийн ялгалын “худалдагчид” гэдэг хоёр тийн ялгал манай хэлэнд байгаа нь, бичигтээ ялгаагүй болоод байна. Гэхэд, энэ мэт бол, кирил үсгийн муугийнх огт биш. Бичиг үсгийн тогтолцоог хэлнийхээ тогтолцоонд оноон нийцүүлж чадаагүйн л дутагдал байгаа юм.
Монгол бичгээ суръя хэмээн ярьж бичиж уриалж байна. хууль гарлаа. Гэтэл зарим нэг хүн, тэр бүү хэл УИХ-ын эрхэм гишүүн хүртэл монгол бичгийг хоцрогдсон, сурах хэрэггүй гэж хэлэх юм. Энэ талаар?
Хэл бичгийнхээ дурсгалыг зүйлийг судлан үзэж танин мэдэх нь орчин үеийн боловсролтой хүний соёлын хүрээнд багтах зүйлийн нэг нь даруй мөн болохыг жишээлбэл, энэтхэг-европын хэлтэн улсын орчин боловсролт хүн, эртний латин герег хэлийг үзэж, тэдгээр хэлний дурсгалт бичгийг судлан уншдаг нь соёлын хүрээгий нь агуутган, гүйцэд ерөнхий боловсролтой хүн гэж үзэх хэмжээнд хүргэдэгтэй зэрэгцүүлбэл, Монголын гүйцэд ерөнхий боловсролтой хүн монгол ардынхаа хэл бичгийн дурсгалыг шинжлэхүй ухааны үүднээс мэдэх нь соёлын зайлшгүй шаардлага болох учиртай байна.
Монгол бичгийн үсэг цөөхөн, гаднын авиаг тэмдэглэж чадахгүй, харин кирил бичиг илүү олон үсэгтэй гэсэн шүүмжлэл гардаг. Монгол бичгийн үсэг тэмдэгт үнэхээр цөөндөө орох уу?
Энэтхэг, төвд, нангиад зэрэг хэлний үг үсгийг нарийвчлан тэмдэглэх тусгай галиг үсэггүй, … хэлний шинжлэлийн нарийн галиг гэдэг тусгай зорилготой үсэг орохгүй... [тийм монгол] цагаан толгой гэвэл бүгд хорин долоон үсэг, орчин үеийн дэлхийн олон боловсон улсын юугий нь ч монголоор тэмдэглэхэд бололцон, огт үсэг дутахгүй, хэрэгцээнд тохируулсан [буй]… Үүнд авианы үсэгт олон улсын үсгийн тоотой харшуулбал, латин үсэг гэдэг даруй хорин гурван үсэг бөгөөд түүнээ франц нар нэмэн хорин зургаан үсэг болгосон нь анагаах ухаан, техник зэрэг зүйлд европоос эхлэн дэлхий даяар латинаар хэрэглэдэг нэрийг энэхүү латины хорин гурван үсгээр болгодог байна. Европын нөгөө сонгодог нэг хэл гэж үздэг эртний герег цагаан толгойн бүгд үсэг нь хорин дөрөв байдаг байна. Тооны ухаан, од гаргийн судлал, техник зэрэг зүйлд герегийн үсэг хэрэглэдэг нь энэ л хорин дөрвөн үсэг болно. Монгол үсгийн цагаан толгойн хорин долоон үсэг бол латины хорин гурван үсэг, герегийн хорин дөрвөн үсгийг цөм нэгэд нэгэнгүй тэмдэглэх үсэглэвэртэй ажээ. Англи бол мөн латин үсгээс үндэслэсэн үсэгтэй бөгөөд цагаан толгой нь хорин зургаан үсэгтэй байдаг байна. Мөн латин үсгээр үсэг хийсэн германы цагаан толгой нь бас л хорин зургаан үсэгтэй, иймэд монгол цагаан толгойн хорин долоон үсэг латин, герег, мөн латин үсгээр өөр өөрийн үндэсний үсэг хийсэн англи, герман, франц зэрэг Европын бүх олон улсын үсгийн цөмийг нэг ч үсэг дутаахгүйгээр тэмдэглэх үсэг ажээ.
Гэтэл бидний оросоос авч, хоёр үсэг нэмэн хэрэглсэн кирил цагаан толгой гучин таван үсэгтэй байна. Яагаад ийм олон үсэгтэй юм бэ? Угаасаа гучин гурван үсэгтэй байсан юм уу?
Герег үсгээс үлгэр авч слав үндэстний номч их багш Кирилийн зохиосон үсгийг орос, болгар, украйн, белорус зэрэг слав үндэсний улс түмэн хэрэглэж байгаа үүнээ Оросын хэрэглэдэг цагаан толгойд гучин үсэг байдаг байна. Европын бусад улсаас үсэглэвэрийн тоо нь арай илүү байгаагийн учир нь гэвэл … өөрөө одоо дуудлагагүй, гийгүүлэгч үсгийн дараа е, я мэт үсгийн тохиолдолд халхлан орж, зөв дуудахад туслах үүрэг гүйцэтгэдэг, үг үсэг ялгадаг Ъ байна. Нөгөө Ь тэмдэг бол гийгүүлэгч авиа тагнайшсан байдалтайг заан үзүүлэхээс одооны орос хэлэнд өөр үүрэггүй тэмдэг. Түүнд одоо тийм эгшиг гэсэн оноолттой эгшиг байхгүй, тийм гийгүүлэгч авиа юм гэж оноон дуудах гийгүүлэгч байхгүй, зөвхөн урдах гийгүүлэгчээ тагнайшуулан дууд гэсэн заалтын үүрэгтэй тэмдэг гэвэл таарах юм. Хэрэв үсэг гэвэл, асуух анхаарах тэмдгийг ч үсэг гэвэл болом байна. Ингээд хоёр тэмдгийг хасахад орос хэлнээ хэрэглэдэг кирил үсэг хорин найм болно... Чингээд ажаад үзэхэд тэр хорин найман үсэг дотор бас учир бий… Кирил үсэгт “йа”-гийн аймгийн гурван үсэг бий: Я, Е, Ю гэдэг үет үсэг. Латин үсгээр, мөн латины адил авианы үсэг болох монгол үсгээр, бас кирил үсгээрээ ч гэсэн, [үе бус] авиа тэмдэглэх үсгээр тэмдэглэвэл - я, ю, ё гурав йа, йу, йо болох боловч, эртний уламжлалаар үет үсэг кирил цагаан толгойд ороод явж байгаа нь мянга гаруй жил хэрэглэсэн орос, болгар хүн тийнхүү авианы үсэг дотор үет үсэг орсныг заншаад, эвтэйхэн шиг санагдах болжээ. Чингээд олон улсын ёс дагаж, цагаан толгойдоо Е үсэг буй тул түүний дээр хоёр цэг тавьсан Ё -г өнөөх Е-гийн аймаг гээд цагаан толгойн дэст оруулдаггүй ч ёс бий. Ё-г оруулбал гучин нэгэн тоотой үсэг болж байгаа юм. Чингээд одоо Ъ, Ь хоёрыг, үет үсгийг хасвал кирил цагаан толгойн үсэг нь орос түмэнд хэрэглэдэг байдлаар нь үзэхэд, авиа тэмдэглэгч үсгийн тоо нь хорин зургаа болж ирнэ. Тэр хорин зургаа дотроос гийгүүлэгч үсгий нь нягтлан байцааж үзвээс Щ гэж, даруй Ш - Ч хоёр үсгийн утгыг нэгтгэж нэг үсэг болгосон нь, чухам нарийвчилбаас бас заавал байх үсгийн зүйл биш, түүний утгыг ШЧ хоёр бардаагаар гүйцэтгэж болох байжээ... [Ингээд] цөмий нь хасвал орос түмний хэрэглэдэг кирил үсэг нь чухамдаа нижгээд авиа тэмдэглэсэн хорин таван үсэг болно.
Тэгэхээр авиа тэмдэглэдэг цагаан толгой бүхий аль ч хэлний үсгийн тоо ойролцоо, хориос гуч дотор хэлбэлздэг, тэр үсгээр эх хэлнийхээ ч тэр, бусад улс орны ч тэр үг үсгийг тэмдэглээд байж болдог байх нь ээ?
Дэлхийдэхний олон улсын авианы үсгийн ер дундын хэрэгцээт үгсийн тоо нь орчин үеийн шинжлэх ухааны нэр томьёонд ордог латины хорин гурван үсэг, герегийн хорин дөрвөн үсэг нь хэрэгцээт үсгийн доод хэмжээ нь болж, латин үсэгт Европын улс тэр хорин гурван үсэг дээр хэдийг нэмээд, хорин зургаагаар хамаг хэрэгцээгээ бүтээдэг. үүнд, тэд бүгдий нь Оросын кирил үсгийн хорин тав нь бардаагаар бардаагаар гүйцээж, орос ардын уламжлал заншил ёсоор үет үсэг, тэмдэг үсэг нэмэн гучаад үсэг болгосон байхад олон улсын нийтээр хэрэглэдэг латины хорин зургаан үсгийн авиаг монгол үсгийн хорин долоон үсэглэвэр нь элбэг бардаагаар тэмдэглэн гүйцэтгэх тул, Европын үг үсэг, олон улсын нэр томьёог монгол үсгээр тэмдэглэж болохгүй гэдэг үг хэлнийшинжлэлтэн эрдэмтний амнаас гарч болохгүй үг бөгөөд монгол үсгийн цагаан тоглойг бусад улсын цагаан толгойтой дүйлгээд үзэхэд үнэн байдал аяндаа тодорхой гарч ирнэ.
Монгол хэлний зүй тогтол, учир утгыг яг чухам монгол хэлнийх нь сэтгэхүйн үүднээс анхлан тайлбарласан хүн бол та билээ. Монгол хэлний ганц –олон тоо, үгсийн аймаг, тийн ялгал гэх мэт айг танаас өмнө орос хэлэнд тэдгээр хэрхэн авч үздэгээр нь, энэтхэг-европ хэлний онцлогоор тайлбарладаг байсан. Энэ талаар?
Миний бие, монгол хэлний олон үзэгдлийг Зөвлөлтийн нэрт эрдэмтэн багш нараар удирдуулан ажиж, судлан оролдож байхдаа герег-латин соёлын хүрээний олон улсын хэлзүйд маш их нөлөөлсөн латин гэдэг номын хэлний хэлзүйн эрхшээлээс салаагүй байсан учир тэр хэлзүйн ёсзүйг дагасан зохиолыг баримтлан, түүний хэмжээ дүрмээр монгол хэлзүйн учир утгыг тайлбарлах гэж оролдон боддог байлаа.
Чингээд нягталж үзсээр байтал, түүнлүгээ үл нийлэх баримт зүйл ч маш олон болж, латин хэлзүйн хэвшсэн Прокрустын оронд монгол хэлээ албаар хэвтүүлэхгүй, өөрт нь байгаа зүйтогтоол, учир зүйгий нь олж мэдэхийг эрмэлзэн хүсдэг болж ирлээ. Чингэдэг болсон минь нийтийн хэлний шинжлэлийн хөгжил, олон улсын хэлзүйд латин хэлзүйн Прокрустын оронд хэвтүүлдэг гэмээ буруушаан бичих болсны улам бөгөөд сонгодог номын хэлнээс гадна сүүлийн үес бас урд огт судлаагүй буюу сонгодог номын хэл судалдаг хүний огт тоодоггүй байсан угсаатны хэлийг судлах болсны улмаас тэдгээр хэлнээ латин хэлзүйн хэмжээ дүрмийг хэрэглэж болохгүй нь илэрч, өөрт нь өвөрмиц сонин дүрим зүй нээгдэн олдсон сонин шинжлэл бий болж ирсний улмаас, бусад хэлний ёсонд шахаж оруулахад болж өгдөггүй, тэр ёсны үүднээс тайлбарлан ухаарах гэхэд ухаанд орж өгдөггүй үзэгдлийг монгол хэлний сэтгэхүйн үүднээс, монгол хэлзүйн өөрийн зүй тогтоолын үүднээс үзвэл учир байдал, утга шалтгаан нь тодорхой болохын зам гарч ирсэн, үүнд, монгол хэлзүйн олон үзэгдлийг заавал латин хэлзүйгээс үндэслэн гаргасан дүримд аваачин чихихгүй, уг монгол хэлэнд ямар байна гэдгийг олох асан гэж оролдсоор, аргын талаар Европын хэлний шинжлэлтэн монголч олон эрдэмтний бичсэн шинжлэлийн зохиол, жич монгол хэлтэй ойр төс хэлний ёс зүйгий нь судалсан зүйл үлэмж болсныг ажин нягталж, монгол хэлнийхээ үзэгдлийг монголоороо бодоод үзэхэд учир нь юу болох байна, тэдгээр үзэгдлийг олон эрдэмтэн, олон хэлээр бичин тайлбарласан нь хоорондоо нийлэх юу байна, зөрөх юу байна, зөрөхийн шалтгаан юу байна гэж ажин шинжиж, нэхэн бодох, нэмэн тайлбарлах баримтын зүйлийг хэл бичигтээ хайж оролдсон билээ.
Та монгол хэлийг өөр харь хэлний онцлогт хүчээр тааруулан, шахахыг “Прокрустын оронд хэвтүүлэх” гэж олонтоо зүйрлэлээ. Энэ ямар учиртай хэлц вэ?
Прокрустын ор гэж эртний Герегийн домогсудлал дотор гардаг нэгэн сүрхий дээрэмчин эрийн нэрээр герег-латин соёлын хүрээний бичиг зохиолд үлэмж дэлгэрсэн зүйрлэл болой. Түүгээр бол, Прокруст гэдэг эр, замын уулзарт буурчийн газар байгуулан, худалдааны гийчин хүнийг оруулахдаа нэг ор зааж, гийчин нь бие намхан учир ор уртадвал, нугасы нь тасартал орондоо тааруулах гэж сунаан алдаг байжээ. Гийчин хүн нуруу өндөр учир, ор нь богинодох аваас орондоо тааруулан, илүүдсэн чацы нь тас цавчин алж, эдий нь авч эзэгнэдэг байсан гэдэг домгоор зүйрлэж, ямар нэгэн юмыг түүнд огт тааран нийцэхгүй байдалд албаар хавчин оруулахыг Прокрустын оронд хэвтүүлэх гэж нэрлэдэг зүйр үг бий болжээ.
хэмээсэн энэхүү “ЯРИЛЦЛАГА”-ыг бэлдэхэд миний өөрийн нэмж оруулсан, зохиосон өгүүлбэр байхгүй, бүгд их эрдэмтний өөрийнх нь хэлж бичсэн зүйл болох бөгөөд бөө нар онгод сүнсийг дууддаг бол миний бие бичсэн өгүүлэл ном судрыг нь уншин, их эрдэмтний хэлж үлдээсэн гэрээс санааг гаргасан бөлгөө. Үүнд, Монгол бичгийн хэлний зүй хэмээх дөрвөн боть номыг голчлон, “Найруулгын зүй ёс”, “Эх хэлэндээ эзэн болъёо” зэрэг өгүүллүүдийг нь ч ашигласан болно. Гурван цэг хатгасан нь товчлон, утгыг нь алдагдалгүйгээр дундаас нь багахан хассан гэсэн үг, дөрвөлжин хаалтанд харин утгын холбоос болгон нэмсэн үг буй. Мөн өнөөгийн зөв бичих дүрмийн үүднээс бол алдаатай мэт харагдах үг олон байгаа, их эрдэмтэн алдсан бус, би ч андуурсан хэрэг биш, гагцхүү Ри багш өөрөө чухам хэрэг болгон тийн бичдэг байсныг нь хүндэтгэн, гар хүрч үл зүрхлэв.
“Өнгөрсөн бүх цаг үеийн сүнс гагцхүү номд оршмуй” хэмээх мэргэн үгийг ахин давтаад өндөрлөсү.