Мисир фельетон
-Хоёр монгол ирнэ гэсэн.
-Хоёр монгол ирнэ гэсэн. Та хоёр юм уу? гэсэн асуултыг Египетийн Элчингийн ажилтан бус тэнд хүлээж байсан цагаан толгойтой хөнгөн шингэн орос бидэнд тавиад “хамтдаа явах юм байна” гэж мэдээллээ. Тэгээд
-Очирхүүг таних уу? гэхэд нь
-Ямар.. .
Сэтгүүлч Мягмарсүрэн
-Яруу найрагч уу? хэмээвэл
-Яг. “Чи онц сайн” дүгнэж, надад муу тавиад “Очирхүү бол миний дүү” гэж танилцууллаа.
-Манай улсад олондоо алдартай Очирхүү зөндөө л дөө. Ухаандаа парламентад нэг Очирхүү байх жишээтэй. Тийм учраас л би танаас “Аль Очирхүү билээ” гэж асуусан гэж дүнгээ засуулах санаа цухалзуултал “Алтай нутгийн чулуу: хэмээн алдаршсан найрагч Т.Очирхүүгийн шар толгойтой ах хэрвээ эрхэм гишүүн өөрөө сонссон бол нэг их баярлахааргүй үг хэлээд цааш нь “шалгаж” гарлаа.
-Танайх Чойбалсангийнхаа хөшөөг нураасан уу.
-Үгүй. (Надад онц дүн тавив)
-Тэгвэл Сталиныхыг.. .
Энэ удаа дахиад муу авлаа. Мэнд солилцохын зуур маньд хоёр муу, нэг онц тавьсан “чанга багш” бол Оросын зохиолч Игорь Л гэгч амьдаараа явсан нь тэр ажээ. Ийнхүү “зөвлөлт” ахын тавьсан хоёр муу, нэг онцыг тээсээр Каир хотыг зорих боллоо.
Египетийн элчин сайдын яамнаа визийн асуудлаар очихдоо хальт мульт танилцсан хэдэн оростойгоо (тэдний хоёр нь татар байсныг сүүлд мэдсэн) “дрис браас” бололцон Африк тив рүү нисэх онгоц хүлээх зуур нүүрнийхээ зохих хувьд үстэй бараан эр хоёр хүүхэд бас сэлэм агсаагүй л болохоос бус Нинжа л гэмээр бүсгүйгээ дагуулан орж ирсэн нь арабын ертөнцтэй танилцахын эхэн байжээ. Лалын ертөнцийн ёс жаягийг нарийн мэдэхгүй хүнд бол энэ эхнэр нэг бол дэндүү гоо, эсвэл хүнд харуулахад санаа зовмоор, энэ хоёрын нэгэн болов уу гэмээр гэх сэтгэгдэл төрмөөр. Даавуу нэвт харж чадаггүй учраас тэд нүдээ боодоггүй аж. Харин “тэрхүү хар боодолтой бүсгүй хил гаалийн шалгалтаар яаж нэвтэрдэг бол” гэсэн асуулт толгойд эргэлдэв. Паспорт дээрээ гавлын ясныхаа рентген зургийг наасан байх ба хил дээр өөрийг нь рентгент харж зурагтай нь дүйлгэн шалгах, эсвэл ачаа тээш шалгадаг фильмсейф гэдэг багажийг ашиглах зэрэг сэжиг таавар төрж байсан боловч Тажик сэтгүүлч Турсуны хэлснээр тэрээр байцаагчид заавал нүүрээ харуулах учиртай гэнэ. Удсангүй онгоцноо суухад сахалтай үйлчлэгч нар осол аваарын үед хаашаа яаж гарах, хүчилтөрөгчийн багийг яаж хэрэглэх зэргийг “энэ бүхнийг хэрэглээд амь гартал лай ч бий, зай ч бий” гэх аятай хам хум тайлбарлаж дуустал онгоц хөөрлөө. 1991 оны зун Аэрофлотын “ИЛ-86” онгоцоор Лондон-Москвагийн чиглэлд зорчих зуур “Аэрофлот бол дэлхийн хамгийн найдвартай агаарын тээврийн байгууллага юм. Гэвч бид олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг ёсоор ослын үед ажиллах зааврыг танд толилуулж байна. Аргагүйн эрхэнд танд ийм муу ёрын юм үзүүлж байгаа юм” гэсэн утгатай хуудсыг анх үзэж байснаа санав.
Бид нэлээд халуун газар очно гэсэн бодолтой байлаа.
-Чи шоорт авсан уу?
-Үгүй. Лалын ертөнцөд хөлөө гаргах нь бүү хэл, нүүрээ гаргах нь хориотой гэж дуулсан.
-Ямар ч байсан аваад явахад илүүдэхгүй дээ.
-Гай болж чамайг хагас нүцгэн явахыг завдсан гэж шийтгэвэл яана.
-Арай ч үгүй байлгүй. Онигоонд гардаг шиг л юм болох нь ээ. Цагдаагийн байгууллага нэг айлын гэрээс самогон нэрэх аппарат олжээ. Тэгээд гэрийн эзнийг хууль бусаар архи нэрэх гэсэн хэрэгт татах болжээ. Үүнд гайхсан гэрийн эзэн:
-Би архи нэрэх гээгүй шүү дээ.
-Танд нэрэх аппарат нь байна. Тэгэхээр нэрэхээр завдсан нь эргэлзээгүй гэсэн үг.
-Тэгвэл намайг хүчин хийхээр завдсан гээд шийтгэсэн ч болох нь ээ. Надад “аппарат нь” байгаа юм чинь гэсэн гэдэг.
Ийнхүү ниссээр нэг л мэдэхэд Каир хотын онгоцны буудалд бууж, манай үндэсний гадаад паспорт дээрх “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” хэмээсэн худам монгол бичгийг хөндлөнгөөр нь хойноос урагш унших гаалийн нэгэн ажилтан оролдсоныг эс тооцвол онцын явдал бололгүй хил нэвтэрлээ. Манай монгол бичиг хөндөлдүүлээд харвал араб бичигтэй нүгэлтэй төстэй гэдгийг дашрамд хэлье.
“Москвич”-ээс “Бенц” хүртэл, Чехийн улаан “Ява”-гаас “Харлей Дэвидсон”-ыг дуустал хорвоогийн хамгийн хямдаас, хамгийн үнэтэйг нь оролцуулсан төрөл бүрийн унаа тэрэг багтаж ядсан их замаар хотын төвийг зорилоо. Бидний урд гуравдугаар зам дээр явж байсан такси гараа өргөсөн зорчигч харангуутаа ямар ч дохио, зангаагүйгээр шууд тормозоо гишгэн араасаа мөргүүлэн алдсанаар Египетийн “өөрийн онцлогтой” замын хөдөлгөөний дүрэмтэй танилцаж эхлэв. Эргэн харвал таксины жолооч гуравдугаар зам дээрээ зогсоо зорчигчоо даллах ба цаадах нь олон машины дундуур сурмагаар сүлжин очиж яваа харагдав.
Египет хэдийгээр цаасан дээр бичиж хуульчлагдсан замын хөдөлгөөний дүрэм байгаа хэдий ч жолооч, зорчигч нар өөрсдөө тогтоосон бичигдээгүй хууль үйлчлэх ажээ. Эргэхдээ дохио өгч байгаа машин өдрийн од шиг, зөрж болон ирж яваа тээврийн хэрэгслийг хаашаа эргэхийг гагцхүү тэндэхийн жолооч, зорчигч хоёрт заяасан гайхамшигт зөн совингоор л мэддэг юм байна. Хүн, техник хоёрын ийм гайхамшигт ойлголцол зөвхөн Египетэд байдаг байх. Тус улсын жараад сая хүн ам нутаг дэвсгэрийнхээ дөрөв орчим хувь буюу Нил мөрнийхөө хөвөөнд шавааралдан суух тул замын бөглөрөл маш их. Хачирхалтай нь Анвар, Садат парадан дээр буудуулснаас хойш цэргийн хууль үйлчилж байгаа, гудамжны ам болгон дээр эвхдэх, хуйлдаг пулемёт, автомат барьсан цэргүүд зогсох боловч, замын цагдаа гэхээр юм бараг байхгүй. Замынхаа багтаамжид тааруулан зарим газар явган хүнээс арай хурдан, морьтой хүнээс арай удаан явах нь олонтаа тул авто осол гарлаа гэхэд гэрэл дохиогоо хагалах, шүргэлцэхээс төдий л хэтрэхгүй. Ийм тохиолдолд хавь ойрноос баахан хүн цуглараад явуулын парламентархуу юм байгуулаад шийдчих нь зөндөө гэнэ. Манай элчингийн нэг ажилтан дээхнэ үед тэндэхийн жолооны дамжаанд сууж онц дүнтэй төгсгөсөн байна. Шалгалтын дараа багш онц төгсөгчдөө баяр хүргээд чихэнд нь “Найз минь чи энд заалгаснаараа явбал нэг ч их хол явахгүй дээ” гэж тоглох шоглохын завсарт хэлсэн гэдэг.
Арабын бусад орнуудыг бодвол Европын соёлын нөлөөнд египетүүд нэлээд оржээ. Олон эхнэр авах үзэгдэл харьцангуй цөөрч, зарим бүсгүйчүүд үсээ задгай тавьсан төдийгүй, янжуур зуух нь ч үзэгдэх болжээ. Ер нь өөрсдийнх нь хэлсэнд үнэмших юм бол олон эхнэр авах ёс нь цаанаа бол нарийн дэг журамтай ажээ. Ухаандаа эхнэртэйгээ жаахан түр тар хийгээд ч юм уу, эсвэл хэдүүлээ бааранд сууж байснаа сэтгэл нь хөдөлж, “дараагийнхаа эхнэрийг авдаг хэрэг ээ!” гээд гүйж гарах мөртлөө тааралдсан бүсгүйгээ хөтлөөд харьчихдаггүй гэнэ.
Эхлээд орлогч эхнэр авах тухай саналаа авгайдаа ил ба далд хэлбэрээр гаргана. Эхнэр нь нөхрийнхөө горимын саналд хориг тавихгүй бол орлогч эхнэрийг гэрээ авчрах ёстой. Хоёр ч бай, хорь ч байж бүхий л эхнэрүүдээ идэх уух, өмсөх зүүхээс эхлээд ижил нөхцөлд байлгах учиртай. Эхнэрүүд ижил орон дээр адилхан хөнжил нөмөрч унтах ба үүлэн борооны явдлынх нь тоо ч тэнцүү байх учиртай гэнэ. Рамзис II гэдэг фараон 600 орчим эхнэртэй, 200 гаруй хүүхэдтэй байсан гэж бодоход египетчүүд эр хүний хугархай гэдэг нь мэдэгдэнэ.
II.Багшийс ба халаасЕгипетэд хулгай байхгүй гэж хэлж бараг болно. Эс өгснийг минь авагчидтай олсон долсноо хувааж “сурсан” бидний хувьд энэ үг “чихэнү чимэг” болон сонсогдох нь лавтай. Гэхдээ хулхидах луйвардах нь улаан цайм ингэж “тоносонд” орвол буу тулгаж байгаад мулзалсан нь хамаагүй шулуун ч юм уу гэж бодогдмоор. “Орчин үеийн мэдээллийг сүлжээ чиг хандлага” сэдэвт семинарт оролцогч олон улсын сэтгүүлчдийн буусан “Сафир” (элчин гэсэн араб үг гэнэ) буудлаас хогүй газар “Гиза зуу” хэмээх амьтны хүрээлэн байсан нь бидний очих дуртай газрын нэг байв. Амьтны хүрээлэнд хоёр хүн зургийн аппараттайгаа ороход 75 пиастр (египетийн задгай мөнгө) төлдөг.
Бид амьтны хүрээлэнгийн үнэ хямдтайг гайхан, өдөр бүр үдийн их завсарлагаар энд ирж нүд хужирлах юм шүү гэлцэж явтал “бадарчин баярлах болоогүй” байжээ. (Манай семинар халуун бүсийн онцлогоос хамаараад үдийн 12.00-оос оройн 06.00 цаг хүртэл завсарлаад шөнө дөл болтол үргэлжилдэг байлаа)
Амьтны хүрээлэнгийн гол хаалгаар ороод тав алхаагүй болтол эгэл ядуу египетүүдийн олонхийн өмсдөг хувцастай, манайхны нүдээр харвал урт палааж өмсч, нүүр гарын алчуураар толгойгоо боожээ гэмээр өвгөн “төөрсөн хүү эргэж ирэхийг” харсан мэт даллан дуудан айсуй. Тэрбээр англи, орос, япон болон бусад хэлний дундаас гаргаж авсан шинэ сортын “интернэшнл” хэлээн “Хүрээлэн хаах гэж байгаа тул хамгийн гол гол зүйлийг эхлээд үз. Намайг дагаад яваарай” хэмээн командлав.
-Та нар япон уу гэснээ хариулт өгөхийн завдалгүй “Коничива. Жаваан гүүд” (япон бол сайн) гээд эрхийгээ гозойлгов. Бид толгой сэгсэрлээ.
-Тэгвэл Кореа (Солонгос) уу, Кореа ч бас гүүд.
-Аа, Чайна (Хятад) байна. Хятад бол бүүр гүүд. Эцэст нь “Бид орос” гэж нохойтвол “Оросууд бол гүүдийн гүүд” гэлээ. Ер нь Монгол гэхээр гол төлөв “Ангол” гэж ойлгоод болдоггүй. Нарийн тайлбарлахаар эгэл египетчүүдийн газар зүйн ойлголт, бидний араб хэлний мэдлэг ойролцоо төвшинд байх тул амжилт олох нь бага байлаа. Ингээд нэг мэдэхэд бид дэлхийн бүс улсыг “гүүдэлдэг” өвгөн арабын мэдэлд орчихсон байлаа. Энэ зуур манай нэрт зохиолч Д.Маамын нэгэн өгүүллэг санаанд буув. Д.Маам гуай Каир хотноо дипломат алба хашиж байхдаа олон сайхан өгүүллэг туурвисныг монгол уншигчид сайн мэднэ. Тэнд нэгэн таксины жолоочийн тухай гардаг.
Зохиолч таксичтай хууч хөөрөнгөө монгол хүн гэдгээ ярьтал цаадах нь
-Би хэдэн өдрийн өмнө Лаосын дипломатчид үйлчилсэн. Лаосчууд бид нэг тивийнхэн (Египет Африкт байдаг) болохоор хоорондоо их сайн гэж ирээд л хуучилж гарчээ. Зохиолч түүнийг цаашлуулж
-Монгол орон ч Африкт байдаг шүү дээ гэвэл мань эр бүр халж
-Харин тийм. Өвөг эцэг маань жин тээж Монгол орж байсан хэмээн хэнэггүй залсан тухай уг өгүүллэгт гардаг нь жинхэнэ амьдралаас авсан сэдэв бололтой. Ийнхүү бид газарчнаараа матар, мар аль нь ч байсан “корокодайл”, салаа тууртныг бүгдийг нь “Антилоп” хэмээн тайлбарлуулсаар явлаа. Уул нь амьтан болгоны нэр, латин нэр, хаана амьдардаг зэрэг нь торон дээрээ бичээстэй байсан л даа.
Харин нэг удаа
-Тэнд мистер Кеннеди гэсээр нэгэн тор руу чирэв. АНУ-ын Ерөнхийлөгч бэлэглэсэн амьтан байдаг юм болов уу гэж бодсоор очтол Капучино хэмээх бяцхан сармагчин байх ба пинтүү үстэй юм шиг толгой нь үнэхээр Жон Кеннедитэй адил байсан шүү.
Амьтны хүрээлэнгээс гарахын өмнө “Энэ өвгөн лав “багшийс (өглөг, шан) нэхнэ. Таван фунт өгөхөд болох байх. Энэ бол 20 хүнд амьтны хүрээлэн үзүүлэхэд төлөх мөнгө” гэж тохиролцлоо. Гэтэл мань өвгөн 20 фунт нэхлээ. Бид 10 гэж үнэ хаяв. Харин танай оросууд “гүүд” учир 20 фунт авч байгаа юм хэмээн элдэвлэсээр байгаад 80 хүний билетийн үнэ салгаж дөнгөсөн билээ. Бид буцах замдаа мань газарчинг манай банкны өр барагдуулах албанд ажиллуулбал юм дуулгана даа хэмээн санал нэгтэй дүгнэсэнсэн. Түүхийн өлгий болсон Египет орон ертөнцийн хүн бүхнийг ирээч гэж даллан дууддаг гайхамшигт нутаг. Гизагийн пирамид, Хаадын хөндий, Корнакийн туурь, Луксорын сүм, цэнхэр Нилийг амьддаа үзэхийг хэн эс хүсэх билээ. Гэвч хүслийг хясал дагадаг нь үнэн аж. Энэ нь египетчүүдийн нэхдэг “багшийс” хэмээх өглөг юм.
Дэлгүүрт ороход чинь тэнд хямд үнэтэй бараа байна гэж чирнэ. Машинаа зогсоод тавихад чинь “Зүүн тийшээ дар, Ухайс! Жаахан ухар” гэж зохицуулна. Сүмээс гарч ирэхэд чинь гутлаа өмс хэмээн мэхийнэ. Эцэст нь “башийс” нэхнэ. Зогсоолд тавьсан машинаа авахаар ирэхэд цэрэг хувцастай этгээд
-Машинаа буруу газар тавьсан тул торгууль төл! Эс тэгвэл номерыг чинь бичиж авна гэж сүрдүүлнэ. Пирамад үзэхээр очиход чинь “Тэмээ уна!” гэж шахаад амар заяа үл үзүүлнэ. Ганц нэг дурсгалын зураг дарвал
-Миний тэмээ зурагт чинь орсон тул төдий фунт өг! хэмээн санаандаа орсон тоог хэлнэ. Манай нэгэн албан хаагч ганц бөхтэй тэмээгээр жаахан зугаалахаар шийджээ. Тэгээд бяцхан гүвээ давтар газарчин” нь тэмээнээсээ буулгалгүй ”багшийс” нэхэж гарч. Нутагтаа ирсэн хойноо “СNN” харж байтал Египетэд жагсаал болж байна. Жуулчид пирамидыг үзэж, 4000 жилийн тэртээ аялахдаа нам, амгалан орчинг хүсдэг боловч “багшийс” нэхэгчид садаа болдог ажээ. Иймээс тэднийг пирамид хавиас хөөх шийдвэр гаргасныг эсэргүүцэж жагссан нь тэр аж. Орлогын эх үүсвэл болсон пирамидаас жуулчдыг үргээх, хэдэн хулхидагчийг багшийсаас салгах хоёрын аль нь улс оронд хэрэгтэй вэ гэдгийг эрх баригчид шийдсэн нь тэр аж. Нэгэнтээ Луксор хотод гадна дотны хэсэг сэтгүүлчид шөнийн захаар жаал явсан юм. Нөхөд маань нэлээд тэнэх сонирхолтой, би харьж унтах хүсэлтэй байсан тул ганцаараа буцлаа. Тэнд элбэг байдаг морин тэрэгнээс хөлсөлж таван фунт өгөхөөр тохиров. Гэтэл тэрэгчин буудлаас жаахан хол зогсоод, түүгээр явахад тусгай зөвшөөрөл хэрэгтэй байдаг. Надад тэр нь байхгүй хэмээн тайлбарлалаа. Тохиролцсон ёсоор таван фунтээ өгөөд явган алхтал араас дуудаж байна. Тэгээд 25 пиастр үзүүлж
-Та надад таван фунт өгнө гэчихээд 25 пиастр өглөө. Худлаа гэвэл Аллах харсан гээд цамнаж гарах нь тэр. Шөнө дөлөөр эзгүй зам дээр яалтай билээ. Түүнд дахин таван фунт өгч салав. Хэн нь шударга байсныг ёстой Аллах харсан даа.
Энэ бүхэнд хэрэг болдог нэг араб үг байдгийг сүүлд мэдсэн нь “халаас” болой. Энэ үг “боллоо, гүйцээ, өөр яриа хөөрөө байхгүй” гэсэн утгатай юм байна. Хэл ус, зан заншил, муу зуршлыг нь мэдэхгүйгээр далимдуулан хулхиддаг хүмүүс энэ үг яг таардаг. Түүнийг мэдсэнээс хойш монжуулах маань үндсэндээ “халаас” болсон доо.
III.Гурван зовлонгийн гадна оршихуй
Мисир орны газар даахгүй баян нь ч, газраас хийсмээр хоосон нь ч ялгаагүй бүгд амьдралын баяр баясгалан нэвт гэрэлтсэн улс. Гадаадын хүнийг хараад налиглах нь дээхнэ үед бидний монголчууд Зөвлөлтийн мэргэжилтийг үзээд хөл алддаг байсантай төстэй. Энэ нь холын хүмүүс мөнгөтэй, бас “багшийс” (өглөг) их өгдөгтэй холбоотой. Манай буудлаас холгүй “эл Урман” (“Ой”) нэртэй сайхан цэцэрлэг бий. Дээхнэ үед нийслэлээ үзсэн хөдөөний хүн “Улаанбаатар хотын машины олныг яана. Лав зуу хүрэх байх?” хэмээн дуу алдсан гэдэг шиг Африк тив дэх энэ “Ойн” мод лав зуу гарна. Тэрхүү “ой хөвчөөр” оройн цагаар Каир хотын түмэн янзын улс амьтан эргэлзэнэ. Баруухан талд нь Каирын их сургууль байх тул оюутан болов уу гэмээх залуус ч олон. Тун даруухан байдалтай зэрэгцэн суугаад нэгийнхээ гараас бархаас үл хэтрэх янаг хосууд ч, гуйлгачин түүлэгчин ч зөндөө. Жижигхэн примүүс маягийн зүйл дээр ус буцалгаад цай хийж наймаалагчид ч олон. Тэд ихэвчлэн гэр бүлээрээ ирчихсэн том алаг нүдтэй, хөөрхөн хүүхдүүд нь эргэн тойрон тоглож байна. Зарим нь машин зам руу бөмбөгнийхөө хойноос мөлхөөд орсон нь харагдана. Харин хэдэн хүүхэд, өмссөн зүүснээс өөр баялаггүй эцэг эх хоёр нь үнэн сэтгэлээсээ инээд алдан байх нь Ерөнхийлөгчийн хүлээн авалтаас сая гараад шүдээ чигчлэн алхаж яваа баян эрхмийн дүртэй. Хувь заяандаа сэтгэл хангалуун байх нь тэдний ихэнхийнх нь үндсэн шинж. Учир нь түүний ямар амьдрахыг Аллах шийдсэн болохоор зовлон жаргал аль нь ч дээрхийн тааллаар болсон хэрэг юм. Талхны үнэ л нэмэгдчихгүй бол нийгмийн идэвх нь барагтай бол хөдөлдөггүй энэ ард түмэн амьдралын хэв маяг, ахуй орчноо өөрчлөх гэж оролдвол Аллах “гарын үсгээ зурж” батламжилсан тэнгэрийн төлөвлөгөөг өөрчлөх гэсэн нүгэлт оролдлого гэж үзэх явдал ч бий бололтой.
Дээхнэ үед манай элчингийн нэг жолооч “Яамныхаа хашаанд гарааш барина” гэсэн үүргийг социалист уралдаанд авчээ. Ингээд түүнийгээ барихад шаардлагатай банз мод авахуулсан байна. Гэхдээ л бүхий социалист уралдаанд үүрэг авагчдын адил гараашаа барьсангүй байсаар нутаг буцжээ. (Ер нь бид социализм байгуулж чадаагүйн буруу нь уралдаанд авсан үүргээ биелүүлдэггүй байсантай маань нэлээд холбоотой байх шүү) Баахан банз элчингийн хашаанд хэвтээд байж. Гэтэл хөршүүд нь “Танай энэ их хуурай мод халуун орны наранд аяндаа шатахгүй гэх газаргүй. Шатвал түймэр асахгүй гэж газаргүй. Түймэр алдвар бид бас түлэгдэхгүй гэх газаргүй. … . гэх газаргүй. … гэх газаргүй” хэмээн гомдол гаргажээ.
Ингээд модоо устгах болтол дажгүй сайн ажилтай хашаач араб санаанд нь оржээ. Түүнийг Октябрийн баяраар Алтан үсгийн үнэмлэхээр шагнатал цаадах нь учиргүй гомдож “Би үнэхээр л сайн ажилласан юм бол мөнгө өгөхгүй дээ. Намайг яасан гэж цаас өгч байгаа юм бэ” гэсэн нь бодогдож.
Ингээд банзнаас өгсүүлээд баахан акталсан хөнжил дэвсгэр зэрэг “социализмын буян”-г мань хүнд өгчээ. Хөөрхөн амбаар сав барихаар модтой бол түүнийг манайхан “ёстой хаданд гарлаа” гэлцэн, цаадах нь баярласандаа МАХН-д элсч, НАХЯ-ны мэдээлэгч болохын дайны санасан байж таарна. Тун удалгүй хашаачны хүүхэд хөлөө хугалжээ. Тэр үед “хамгийн хүнлэг энэрэнгүй нийгэм” байгуулж байсан Монголын элчингийнхэн хашаачийнхаа өвчтэй хүүхдийг эргэж очив. Гэтэл хаалгачийнх нь хуучин нүхэн гэртээ хүүхдүүдээ орон доогуураа унтуулаад өөрсдөө одоо ба ирээдүйн дүүтэй нь дээр нь нойрсдог хэвээрээ байж гэнэ. Харин гэрийн эзэгтэй юу ч болоогүй юм шигээр алаг нүдээ эргэлдүүлэн инээд алдаж “Тивийнхээ миссээр шалгарсан бүсгүй л ийм байдаг болов уу” гэмээр баясгалантай байжээ. Өнөөх социализмын бэлэг хаачсаныг бүү мэд. Аллахын тааллаас гадуур ирсэн их баялгаас татгалзсан шинжтэй, өгсөн юмнаас нь үртэс ч үзэгдэхгүй байсан гэдэг.
Каирт гуйлгачин ядуус тун олон. 1001 шөнийн үлгэрт “Багдадын хулгайч, Мисирийн гуйлгачин” гээд л гардаг даа. Ядуусын нэлээд нь “үхмэл хот” хэмээх шарилын газартаа амьдардаг. Гэхдээ урьд нь үзээгүй хүнд төсөөлөгддөгчлөн бурхан болоочийг авснаас нь гаргаж чулуудчихаад хайрцагных нь ёроолд гудас хаяад хэвтчихдэггүй юм байна. Мянганытүүхтэй Каиртайгаа нас чацуу чимээгүй хот нь лал мөргөлтнүүдийн хөрөнгө бэлээсээ хамаарч байгуулсан том бага бунхан, хэрмэн хашаанаас бүрдэнэ. Энгийн нүдээр ажвал ижилдүү загварын хашаа, байшинтай хороолол гэмээр. Эзэн нь босч ирээд хөөж туух нь нэгэнт өнгөрсөн тэр хашаа байшинд үй олон ядуус орогнож, тийшээ автобус унаа үйлчилж, бэлтэй шиг нэг нь үүдэндээ машин сойж, ТҮЦ нээсэн нь үзэгдэнэ. Амьд нь сэжиглэхгүй, үхсэн нь босоод ирэхгүй тул энд хоёр өөр ертөнц үнэхээр энх тайвнаар зэрэгцэн орших ажээ. Амьд нь “гэрийн эзний” төлөө залбирч, бүрлээч нь үхсэн хойноо ч орон гэргүй амьтанд тус болж байна гэж бодвол муу нь ч юу байх билээ.
Барагтай л бол уурлахгүй, нэг уурлавал бөмбөг дэлбэлж, террор хийдэг энэ хүмүүс зодоон хийдэггүй шахуу гэнэ. Ажилтан С-ын ярьснаар
-Гай болж хоёр араб зодолдвол хавийн амьтан оролцдог аж. Хүн болгон нэг өрсөлдөгч олж аваад хэсэг нанчилдсаны эцэст хоёр талын төлөөлөгчид хэлэлцээр хийж, нударгалдааныг зогсооно. Зодолдогч хоёр эвлэрээд явчихсаны хойно үлдэгсэд маргалдаж.
-Тэрний зөв
-Тэрэн дээрээ тулбал энэнийх нь зөв байсан гэлцэн маргалдаад үргэлжлүүлэн зодолдох нь ч бий гэнэ. Гэхдээ энэ нь тун ховор бололтой.
“Мянга нэгэн шөнийн үлгэр”-т “Арабын их цөлд удын дунд хаягдсан” хэмээн гардаг нүүдэлчин бидиун (бядан явагч)-ууд их цөлийнхөө гүнд эрхшээлийг дагасан нүүдэлчин амьдрал хөгжил, дэвшлийг тойрч нүүх хандлагатай болохоор тэдний амьдрал үлгэрт гардгаасаа нэг их өөрчлөгдсөн нь юу л бол. Тэмээндээ мотор тавихгүйгээс хойш ганц нэг гайгүй механикжсан худаг, радио хүлээн авагч зэргээр л ХХ зууны техникийн дэвшил хязгаарлагдаж байгаа болов уу?
Египетэд өрөөсөн бөхтэй (ёгор тэмээ гэх нь ч бий) тэмээ байдгийг уншигчид мэднэ. Харин ямаа нь илжиг шиг урт чихтэй, түүнээс нь аргамждаг, хониных нь сүүл нь үнэгнийх шиг газар шүргэсэн байдгийг сонирхуулахад илүүдэхгүй байх. Нэгэнтээ бид Луксор хотын хавьд Нил мөрний хөвөөгөөр 7-8 хонь “багширтал” бэлчиж байгааг харсан нь тэнд үзсэн хамгийн олон мал байв.
Египетүүд Африк болон Арабын ертөнцийн цэргийн боссын хувьд АНУ-аас жил бүр гурван тэрбум орчим “ногоон” авахын зэрэгцээ чихрийн нишингэ тарьж, нефть олборлож, аялал жуулчлалыг хөгжүүлж амь зуух тул мал аж ахуй хавсарга төдий. Нэгэнтээ Каир хотын төвд орших Замалик арлын хавьд завьтай хоёр хүн уснаа тор хаяж дэгээ чулуудаж байсныг ойртон үзвэл тохь томоотой улс, ер тоглосон шинжгүй харагдах тул Нил загас арвинтай юм байна гэж дүгнэсэн юм.
Араб ертөнцийн бүсгүйчүүл ариун журамтай гэлцдэг. Араб бүсгүйд нөхөр нь энэ хорвоогийн анхны болоод сүүлчийн эр хүн болно. Эрчүүл нь олон эхнэр авах боловч түүнээсээ хальдаггүй. Харчуул хүүхэн эргүүлбэл эргүүлсэн шиг эргүүлж албан ёсны .. . дугаар эхнэрээ болгоно, эсвэл огт үгүй.
Бэлэвсэрсэн эмэгтэйчүүд насан туршдаа “өрх толгойлсон эмэгтэй” хэвээр үлдэнэ. Гэхдээ нүгэлт хорвоод хүн болсны үй лай ч юм уу 60 сая хүнтэй Египетэд 4000 орчим хууль бус хүүхэд байгаа тухай хатагтай др.Амани Кандиль ярьж байсан. Аливаа улс үндэстний аз жаргалыг үнэлэх үнэлэмж хэмжүүр нь үлгэр домгоосоо их харагддаг. Яагаад гэвэл сайн сайхан, аз жаргалын тухай мөрөөдөл нь тэнд шингэсэн байдаг. Араб дахины үлгэр домогт нэгэн үзэсгэлэнт залуу, эсвэл ханхүү олон зовлон элээсний эцэст “нүхлээгүй сувд”, “унуулаагүй гүү” лүгээ учирч төгсөх нь олонтаа. Харин гай зовлонгийн дээд нь “засуулах”, “хөнгөлүүлэх” явдал болгон дүрслэх нь олон. Өнөөгийн Араб ертөнц дэх олон эхнэр авах ёс нь үүнтэйгээ ч холбоотой байх.
Харин Монгол ардын үлгэр их төлөв “хундага тавилгүй архи ууж”, “80 жилийн найр” хийж төгсөнө. Монголчуудын аз жаргалын тухай ойлголт нь дайснаа дарж аваад зад нийлж, нохойн толгой гурав харагдтал уух явдал юм уу гэмээр.
Египетчүүд архи уухгүй. “Сайн дураараа галзуурах” сонирхолтой хүндэт зочдод зориулсан “галт усыг” цөөхөн тогтоосон газар худалдана. Харин тамхийг архи уугаагүйнхээ хариуг авч байгаа юм шиг адтай их татна. Том жижиг уулзалт, семинар дээр ямагт үнсний сав тавиастай. Орой үдшээр цайны газруудад сахалтай харчуул цуглараар амтат ундаа шимэн, Шишиэ хэмээх усан гаансаа тааламжтайяа сорж суух нь амьдын жаргалыг эдэлсэн байдалтай.
Харин Монголд элбэг байдаг гэр бүлийн хэрүүл атаа жөтөө тэнд байхгүй. Эрчүүл нь архидаж алга болоод эхнэрээ зовоохгүй. Хэн нэгнийгээ хардах сэрдэх явдал гарахгүй. Дээр нь хүн болгон Аллахын заасан хувь заяаны замаар яваа гэж итгэх тул “Махмудынх өнгөт зурагт авчихаж, гэтэл манай байж байгааг”, “Селимийн шинэ “бенц” онхолдоосой” хэмээн хорсон тэчьяадахын зовлонгүй.
Манайхны бараг айл болгоныг “идэж” байдаг энэ зовлонгоос ангид тэднийг аз жаргалгүй гэхийн аргагүй.
IV.Зам хөндөлдсөн муур
Олон давхар цэрэгжсэн хамгаалалтыг нэвтрэн АБНЕУ-ын Гадаад харилцааны яамны үүдээр нэвтэрвэл гурав, дөрвөн залуу сууж байна. Тэдний нэг нь дээш утасдаж “ийм тийм улс ирлээ оруулах уу? Яах вэ” хэмээн асуух ажлыг дангаараа хариуцаж байхад нөгөө нь “Тэр этгээд тэр мөн” эсэхийг шалгах үүрэгтэй. Гурав дах нь “Тэдэнтэй уулзах тэр мөн” гэдгийг шалгасан дүнг шалгаад дараачийнхдаа өгөхөд сүүлчийнх нь цахилгаан шатны хаалга хүртэл замчилна. Цахилгаан шатны дотор мөн нэгэн “төрийн албан хаагч” сандал тавьчихсан суух ба утсаа залгаж биднийг ойрхон очиж байгаа тухай “маш чухал албан мэдээг” дамжуулж байх юм. Хэрвээ тэр “би сайн ч муу ч албан хаагч хүн шүү” гээд ширээ, сейф хоёроо оруулаад тавьчихсан бол бидний хэдэн нөхөд 32 дугаар давхар руу аваарын шатаар өгсөх байв. Зохих давхарт гараад иртэл мөн л өөр нэг албан хаагч тосон аваад дагуулан тэртээ булан хүргэх ба тэндээс өөр газарчин авна. Нэг газарчин нөгөөгийнхөө “нутаг дэвсгэрийн” хилийг үл зөрчинө. “Еgyptian duty free” гэдэг дипломатуудад зориулсан их дэлгүүрийнх мөн адил. Нэгэнтээ тэндэхийн хоёрдугаар давхраас цүнх авах болов. Худалдагч нь миний авах цүнхийг барьсаар зохих шатны дарга дээрээ очиж “дэлгүүрээс нь нэг цүнх зарагдах болсон” тухай “албан ёсны баярт мэдээг” эхлээд уламжиллаа. Мөнгөө төлөхөөр кассанд очвол шилний цаана хоёр хүн сууж эхнийх нь паспорт үзээд чек өгөх юм. Нөгөөх нь кассчнаас нүд салгалгүй ажиглаад суухыг үзвэл тэндэхийн Жавзмаа (Төрийн хянан шалгах хорооны) даргын нэг цэрэг, өмч идэх явдал гаргуулахгүйн тулд Египет төрийн хурц хараагаар ширтэн суугаа нь бололтой. Дараа нь доод давхарт бууж мөнгөө тушаагаад дараагийн ажилтнаар чек дээрээ тэмдэг даруулав. Нэг булангаас гялгар уут барьсан, нөгөө булангаас ойрын ирээдүйд “минийх” болж тун магадгүй цүнхийг сугавчлан хоёр этгээд зэрэг гарч ирээд замын гол уулзмагц гуравдагч ажилтан барааг савлах ба дөрөв дэх нь морилж ирэхийг урина.
Энэ бүхэн нь “хүндэт” намайг онцгойлон үзэж Халифын зиндаанд үйлчилсэн хэрэг бус ажлын байраар хүн амыг хангах, Египет маягийн арга барилын нийтлэг дүр зураг юм. Өнөөгийн Египет орны хөгжлийг саатуулж буй үндсэн чөдөр тушааны нэг нь энэхүү “Насерын социализмын үлдэгдэл” гэгдэх төрийн хүнд суртлын механизм юм. Ерөнхийлөгч Насерын үед Египет орон социалист системд, ялангуяа ЗХУ-тай ихэд ойртож социализмын пирамад барин алдсан юм. Одоо ч гэсэн түүний ул мөр тод. Каираас Улаан тэнгис руу чиглэсэн цөлийн замаар гармагц ЗИЛ-130, УАЗ-469 зөрөлдөн бүс оросын зэвсэглэлд үзэгддэг танк хүртэл тааралдах юм билээ.
Хэдийгээр төрийн байгууллага орон тоогоор хичнээн тэлсэн ч бараг эрчүүд нь нярайлан алдсан гүрнийхээ хүн амын өсөлтийг гүйцдэггүй аж. Нөгөө талаар авилгал хээл хахууль боломжийн хөгжсөн энэ оронд дарга даамал язгуургүй л бол дээш ахихад бэрхтэй гэдэг. Каирын нүх сүв бүрээр олби оготно шиг сүлжилдэх хар таксийг жолооддог англиас гадна бас бус хэлний зах зухтай харчуудыг “дээрээ татаасгүй дээд боловсролтонгуудын арми” хэмээн учир мэдэх хүн ярьж байсан нь оргүй үг биш байх. Сүүлийн үед оюутнуудын дунд ихээхэн хүчтэй дэлгэрсэн ирээдүйдээ үл итгэх үзлийг хоёр жилийн өмнө Луксорт болсон алан хядах ажиллагаатай холбон тайлбарлах хүн ч гарах юм билээ.
40 гаруй жуулчныг газар дээр нь алаад сүүлд нь амиа хорлосон залуус цөм оюутан байжээ. Засгийн газрын зүгээс сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах талаар алхам хийлгүүлэхийн тулд улс орныхоо бизнесийн гол суваг аялал жуулчлалын амин судал дээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан байх гэлцдэг.
Египетийн албаны хүмүүс энэ сэдвээр ярихдаа их эмзэг. Маймид 20-30 хүн алуурчны гарт өртөхөд тоогоогүй мөртлөө манайд хэдэн солиотой амьтан хүн буудчихаар их юм болгож байна. Ер нь дэлхийд хаа сайгүй алан хядагчид байдаг гэж ирээд л мэтгэнэ. Тэгэхэд нь алан хядах нь дэлхийг хамарсан үзэгдэл биш. Тухайлбал манайд ийм юм байхгүй хэмээн маргаж суухдаа ердөө хоёр хоногийн дараа УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг гэртээ аллагад өртсөн тухай мэдээ дуулна гэж хэний маань ч санаанд ороогүй.
Египет-Израилын дайныг зогсоож чадсан Ерөнхийлөгч Анвар Садатыг ч хэт үндсэрхэг үзэлтнүүд буудан хороосон юм. Зөвлөлт маягийн цэргийн парат тэр үед моодонд орж байжээ. Каир хотын төвд танк бүү хэл тахиа ч цухалдам нарийн гудамж олонтой тул зориуд “хөдөө” газар өргөн зам засуулан бунхангүй индэр бариулахдаа замын нөгөө талд өөрийнх нь жинхэнэ бунхан сүндэрлэнэ чинээ санаагүй буй заа. Уул параданд жагссан цэргүүд сумгүй явах учиртай боловч алан хядагчид яаж ийгээд цэнэгтэй буутай нэвтэрч дөнгөжээ. Индрийн өмнө нэг машин зогсоод офицер болон цэргүүд өөр рүү нь гүйлдэн ирэхийг харсан Садат, рапорт өгөх нь гэж бодоод босч номхон зогссон гэдэг. Алан хядагчид тэр даруй “босоо” бай руугаа гал нээж индэр рүү гурван гранат хаяжээ. Анвар Садат алагдаж, түүний орлогч, одоогийн Ерөнхийлөгч Хосни Мубарак хөнгөн шархджээ. Азаар гранатууд дэлбэрсэнгүй. Индэрт байсан зочид төлөөлөгчдийн дунд Монгол Улсын “ус уух хувьтай” элчин сайд хүртэл байжээ.
Энэхүү аллагад ЗХУ, КГБ оролцсон гэсэн таамаг их байсан юм. Оросууд өөрсдөө зохиосон онигоо ч байдаг.
Брежнев хатагтай Садат руу утасдаж
-Таны нөхөр Анвар Садат харамсалтайгаар амь үрэгдсэн гүн эмгэнэл илэрхийлье гэжээ. Хатагтай ихэд гайхаж,
-Та юу ярина вэ. Манай нөхөр параданд явна гээд хувцаслаж байна шүү дээ гэсэн гэдэг. Мань Брежнев Москва, Каир хоёрын цагийн зөрөөг мартчихсан хэрэг. Гэвч хожмоо Египетийн өөрийн үндсэрхэг үзэлтнүүд түүнийг Израилын өмнө буулт хийлээ хэмээн хорлосон гэдэгт олон нийт илүү итгэх болжээ. Лалын ёс заншил ба Египет Израилын дайнтай холбоотой нэгэн сониныг хуучилъя.
Лал мөргөлтнүүд ялангуяа их мацгийн сард үдийн мөргөлийг тасалдуулахгүй учиртай. Гэтэл нэг удаагийн мөргөлөө дуусгаад хартал Израилын цэргүүд Синайн хойг дээр ирчихсэн байжээ. Энэ цаг мөчөөс “цэргийн албан хаагчид үдийн мөргөл хийхгүй байж болох тухай” Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ.
Түүхийн өлгий Мисир оронд Буддын шашин түгж амжаагүй тул лал ба христын мөргөлтөн голлоно. Лалын шашинтнууд мөргөлийн цагаар бүгд ажлаа орхиод шууд Аллахтай холбоо бариад унахгүй. Мөргөх нэг нь мөргөж, үгүй зарим нь ажил төрлөө хэвийн үргэлжлүүлж л суух юм. Харин Рамадан хэмээх их мацаг сард мөргөлдөө идэвхтэй оролцдог ажээ. Энэ сард нарны гэрэлтэйд хоол идэх ёсгүй. Нар жаргамагц хооллож, ядуусаа дайлж цайлна.
Харин хушуу амаа арччихаад юу ч болоогүй юм шиг өглөөний нартай золгоно. Наран авгай “мань Египетүүд бүтэн сар хилэн дээрээ юм тавьсангүй” гэж боддог байх. Харин энэ сард албаны ажил ёстой лөөлөө болдог гэнэ лээ. Өлссөн өлсөөгүй хоёр ч юм уу? Хоёр өлөн хүн ажил ярих гэхээр ямар л олиг байв гэж.
...Каир хот амьтдын хүрээлэнгээсээ гадна олон тооны муураараа сонирхол татдаг. Очсоныхоо маргааш буудлаас гарч явтал цагаан муур зам хөндлөн гүйлээ.
-Түй, Базар дарь! Гээд эргэж алхтал жинхэнэ хар муур зам хөндлөн гардгаа гарчихсан тавлангуй хүрхэрч байна. Баруун тийшээ горьдон хартал хар цагаан зүс нийлсэн хэдэн муур. Санаагаар унан газар шагайтал хоёр бяцхан муурын зулзага хөл түшээд юм горьдсон царайтай өлийн харж байсав. Дээшээ харлаа. Нисдэг муур харагдаагүй боловч тагтан дээр муужгай тэвэрсэн хүн харагдлаа. Египетүүд мууранд онцгой байдлаар хандаж анхаарал тавихгүй юм аа гэхэд саад хийхгүй ажээ.
Сүүлдээ мууранд даслаа, муур гүйснээс болоод надад болон Египетэд ийм юм болчихлоо гэхээр юм гарсангүй. Тэд гүйдгээрээ гүйж, түмэн жуулчин цувдгаараа цуван, цэнхэр Нил гольдрилдоо мэлтийж, амьдрал жамаараа үргэлжилсээр авай. Харин Мисир орны хөгжлийн зам дээгүүр хөндлөн гүйж буй хэдэн “хар муурны” тухай эл тэмдэглэлийн эхэнд өгүүлсэн билээ.
V.Уурга ба антенна
“Нэг тогооноос хооллож явлаа” гэдэг монгол үг туйлын дотно нөхөрлөсөн гэсэн утга агуулдаг. Мисир оронд нэг гуанзанд хооллож явсан (тэр гуанз бидний хоолыг нэг том тогоонд чанав уу, эсвэл олон жижиг кострюлд хийдэг байв уу гэдгийг тодруулаагүйдээ хүлцэл өчье) сэтгүүлч нөхдийнхөө тухай өгүүлье.
Харин анх удаа үзэж байгаа хүнд гайгүй сайн “ориг” (оригиналь) гаргаж аваад “Канон” машинаар олшруулчихсан аятай хоорондоо төстэй, гурвантаа харуулдаж уналаа ч монхор хэвээрээ л үлдэх хамартай, сайхан алаг нүдтэй охид бүсгүйчүүл түүнчлэн “босох ба үл босох” бүх хөрөнгөө урт “палаажныхаа” цаана багтаасан ядуу харчуул, эгэл жирийн египетчүүдийн тухай дараа өгүүлэх болно. Иргэнээс эх орон нь харагддаг гэж үг буй. Хэдийгээр монголчууд биднээс Отгонтэнгэрийн хөх салхи үлээж, Дорноговийн элс манарч, сартуул хонины зунгагтай ноос ханхалж, ташаанд маань Чингисийн сэлэм санжигнахгүй ч гэлээ хэр хэмжээгээрээ зүтгэл идэвхтэй явснаа хэлэн юун. Наад зах нь лекц болгон дээр “Монголын сэтгүүлчдийн асуулт” сонсогдуулж, хамгийн сонирхолгүй хичээлийг ч гэсэн “дараа дараагийн улсдаа шавар болж мэднэ” гээд эс тасалдуулж, дэлгүүр хоршоонд ч “юм үзсэн хүний” дүртэй явснаа хуваалцъя.
Оюутан ахуй цагтаа ихэвчлэн “агаар таардаггүй” учир гадаадын дээд сургуулиас шилжин ирсэн олон залуустай тохой залган суудаг байлаа. Харин манай ганзагачин, наймаачин “Колумбууд” дэлхийн өнцөг булан бүрээс шинэ шинэ лангуу “нээх” болсон өнөө цагт “агаар таарахгүй” явдал ер гарахаа больсон нь дэлхийн цаг уур ерөнхийдөө “сайжирсаных” юм болов уу даа.
Хэр баргийн агаар таардаггүй тэр залуус хаанаас ирсэн нь асуултгүй мэдэгддэг. Ухаандаа архийг стаканаар залгилчихаад дараа нь боорцог үнэрлэж байвал ЗСБНХУ-д байсных, оймсных нь тоо хөлийнхөө тооноос олон байвал Германаас ирснийх, хүний эрх, энэ тээр хэрэгт ормоор юм ярьж байвал Польшид суралцсаны тэмдэг байдагсан.
Тажик сэтгүүлж Турсун хамт ирсэн хар нүдтэй бүсгүйгээ өөрөөсөө 99 см-ээс илүү холдуулдаггүй, бусдыг 100 см-ээс дотогш ойртуулдаггүй байсан нь туркменчүүд бүсгүйчүүлээ хэрхэн хямгаддагийн жишээ гэлтэй.
Харин түүнтэй нэг өрөөнд орсон азербейжан хархүү гэж “зовсон” амьтан байх. Гол төлөв буудлын хөлийн өрөөнд, Турсуны өгсөн мөнгөөр авсан болов уу гэмээр ундаа мундаахантай тороо дэргэдээ тавиад оройг өнгөрүүлдэг байв. Их л хэцүү байсных болов уу даа. Нэг удаа “Египет дэх эмэгтэйчүүдийн эрх” сэдэвтэй лекц дээр танайд “Эмсийн хүрээлэн байдаг уу” гэж асуусансан. Үүд хавиар тааралдвал биднийг дуудаад хуучлах дуртай. Тэрээр ганцхан сэдвийг л сонирхон асууна. Оросын нэрт найруулагч Никита Михалковын “Уурга” киноны үндсэн сэдэв болох залуу хос уурганд алчуур уяж босгочихоод “сүүдэрт” нь учирдаг гэсэн домог байв. Эхлээд бид үнэн санаанаасаа,
-Яг одоо ийм зүйл байдаггүй. Өвөрмонголд тэгдэг эсэхийг мэдэхгүй. Н.Михалков хаанаас олж мэдсэн нь ч бүү мэд гэлээ. Гэтэл мань хүний “хобби” сэдэв нь байсан юм уу өдөр бүр өнөөхөө асууна. Болж өгвөл “Би нэг удаа уургаа гозойлгоод байтал…” гэж ирээд л яриулчих санаатай.
-Танай Монголчууд гэртээ амьдарсаар байгаа юу?
-Тийм ээ,
-Тэгвэл гэртээ үр хүүхдийнхээ дэргэд арай үгүй биз дээ. “Уургаа” хэлчих л дээ.
-Чамд итгэсэндээ л нууцаа дэлгэе. Одоогийн монголчууд хээр телевизийн парабол антенна зоогоод дэргэд нь Азербайжаны далбаа хатгаад юу яадаг даа. Хүнд битгий хэлээрэй.
Мань эр нэг том харснаа дахиж энэ сэдвээр яриагүй билээ. “Уураг” киног анх үзээд гүн сэтгэгдэл төрж анх түрүүн “Дэлхийг шуугиулсан уурга” нэртэй зүйл сонинд нийтлүүлж явахдаа ийм “асуудалд” орооцолдоно чинээ санаагүй явсансан. Сайны хажуугаар саар гэдэг шиг монголчуудын эр эмийн ёсны тухай нэгэн “гаж” ойлголтыг энэ кино гадаадынханд өгчээ.
Хамгийн оновчтой товчхон асуулт тавьдаг, Интерфакс агенлагийн сурвалжлагч Сергей К, “Монгол архи ч мөн сайн шүү. Та нарт бий юү?” гэж мэндэлдэг Вадим К, Соцреализмын үнэр танар ханхалсан “Пегас” тамхиа цахилгаан шатанд хүртэл татдаг зохиолч Игор Л.
-Танай Цэдэнбал манай хүргэн байв гэж ирээд л “дээрэлхэж”, Оросын нөмөр дэх тусгаар тогтнолоо Мадагаскарын арлын хувьчилж аваад төвхнөчихсөн аятай ханддаг киргиз бүсгүй Гульнара, дэлгүүрт орох бүрдээ л “мөнгөө орхиод гарснаа” санадаг Молдав сэтгүүлч Ребека гээд олон сайхан танилтай болов. Манай сургалт семинарыг зохион байгуулагч нь “АБНЕУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх ТУХН, Европын лал шашинтай орнууд, шинээр тусгаар тогтносон орнуудтай хамтран ажиллах техникийн сан” юм. Монгол Улс дээрх үзүүлэлтэд хамаардаггүй байсныг араб ертөнцийг сайн мэддэг хэл устай элчин сайд К.Сайрааны хөөцөлдлөгөөр жил гаруйн өмнөөс манай хүмүүсийг янз бүрийн чиглэлээр сургаж эхэлсэн юм.
-Танай элчин манай сангийн дүрмийг өөрчлөхөд хүргэсэн шүү гэж тус сангийн захирал ярьсан юм.
Манай сонсогчдын төгсөлтийн үдэшлэг дээр хамгийн богино үг хэлсэн нь Монголын сэтгүүлчид байлаа. Зохиолч Игор Л, Пирамид, Луксар хот, арабчуудын ололт амжилт, биднийг сургасан Египетийн сан зэргийг бүгдийг нь оруулсан шүлэг зохиосноо сонсгов. Азарбайжин сэтгүүлч эмэгтэй ном сониноос эхлээд баахан юм гуйсны дотор арай л хувцас хунар ороогүй байх. Харин бид,
-Монголын сэтгүүлчид бид баярлаж талархсанаа та бүхний төрөлх хэлээр “Шюкрен” (баярлалаа гэсэн араб үг) хэмээн илэрхийлье гээд бяцхан морин хуур дурсгасан билээ.
VI.Түүхийн тохууЭртний Мисир орны гайхамшиг, гай гамшиг хоёул цаг хугацааг хүртэл айлгасан сац бунхан (пирамид)-аасаа эхтэй. “Хүний гараар бүтээгдэшгүй” пирамид, спинкс тэргүүтэн нь энэ ард түмнийг хүний түүхнээ мөнхөлсөн бол түүнд зарцуулсан их хөрөнгө, хүч нь энэ орныг доройтуулан мөхөөжээ. Өөрөөр хэлбэл, бүх төсөв, ажиллах хүчээ булш бунхан барихад зориулсан хэрэг. Хэн нэгэн нь Фараон болмогцоо өөрийн пирамид спинкс сэлтээ барьж эхэлнэ. Хэрвээ эцэг нь бунхнаа дутуу орхисон бол түүнийг гүйцээхгүй орхиод, шууд л өөрийн хойт төрлийн асуудлыг барьж авна. Эртний Египетийн Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр нь өөртөө дажгүй бунхан бариулахад л зуун хувь зориулагдсан байжээ. Хожмын эрх баригчид хөрөнгө хүч дутагдаж эхлэхээр арай жижгэвтэр бунхан бариулж эхэлж. Сүүлийн үеийн нэгэн хатан хаан арга барагдахдаа өөрийнх нь суваргад нэг том чулуу гаргаж тусалсан эртэй нэгэн шөнийг хамтдаа “хууч хөөрч” хонохыг зөвшөөрсөн болзол хүртэл гаргаж байжээ.
Хүн төрөлхтний “анхны мэргэжил” гэгдэх энэ ажлыг төрийн хэмжээнд ашигласан эхний тохиолдол бараг л энэ болов уу? Хүний сүнс хойт төрөлдөө чулуун хөшөөндөө шингэж мөнхөрдөг гэж итгэдэг эртний Египетчүүдийн энэ насны зорилго, утга учир нь “дараачийн амьдралдаа” чиглэдэг байж. Харин боол зардас нь хаан эзнийхээ сүнсийг хаана төрнө, тэнд нь байх учиртай байж. Үнэхээр ч тэд хүслээ гүйцээж, хаад ноёд, улс гүрнээрээ, хотоороо чулуун булш бунхандаа шингэж үлдээд амьд ертөнцөөс арилжээ. Мөхсөн улсын нутагт хожмоо араб хэл соёлтнууд нүүдэллэсэн ирсэн. Юм. Өнөөгийн Луксор хотод иртэл олон сайхан барилга байсан угтсаныг нь цөм “Сүм байна” гэж ухаарчээ. (Луксор гэдэг нь сүм гэсэн үг гэнэ) Энэ чинь ийм учиртай гээд тайлбарлах хүн үлдээгүй байсан хэрэг. Нил мөрний хаялгаар элсэнд булагдсан Луксор хотыг өнгөрсөн зууны сүүл үеэс эхлэн малтаж манай нийслэлийн нэгэн хороололтой тус бүр дүйх Корнак, Луксор сүм зэргийг малтаж гаргажээ. “Жон Иохон 1905” гэсэн бичиг Корнакын нэгэн баганы тэртээ дээр үзэгдэх нь Тайхар чулуу зэрэг дээрээ нэрээ сийлэгч манай зарим хүмүүсийн “садан” энэ зууны эхээр Луксорт очиход уг хотын төдий хэр нь хөрснөө ил байсныг гэрчлэн үлдээжээ. Луксор хотноо (ер нь Египетэд) жуулчлан ирэгчдийн үзүүштэй нэгэн зүйл нь хөшөө дурсгалаас гадна тэнд зохиодог шөнийн үзүүлбэрүүд юм. Корнак сумын үүднээ чухам юу болохыг хүлээн шөнийн харанхуйд хүлээн зогстол гэнэт цочин давхийтэл цан цохиж, хөшөө барилга сэлтийг мэлсхийтэл гэрэлтүүлэхэд
-Хүний түүхийн нэгэн алтан номын хуудас таны өмнө дэлгэгдвээ.. . гээд л эхлэх юм. Тэгээд уг хотын гарал түүхээс эхлээд холбогдох хөшөө тус бүрийг жижиг гэрэл хөгжмөөр чимэглэн тус бүрийнх нь “өмнөөс” үүх түүхийг нь өгүүлэх нь үнэхээр л 4500 жилийн тэртээд биеэр хүрэлцэн очсон мэт сэтгэгдлийг төрүүлдэг.
-Би Рамзис II, Хорвоогийн нар зулай дээрээ тусахыг төчнөөн мянга дахь удаагаа үзэж байгаа гэж ирээд л хийсэн бүтээснээ цөмийг нь хуучилж, төгсгөлд нь 600 гаруй эхнэртэй, 200 гаруй хүүхэдтэй байснаа сонирхуулах жишээтэй.
Үзүүлбэрийн төгсгөлд зөвхөн Фараонуудад л хүртээлтэй асан, мөнхийн рашаантай гэгддэг ариун нуурын хөвөөнд үзэгчдийг түр тухлуулаад эртний хотын амьдралыг “чагнуулах” ажээ. Хотын амьдрал хэрхэн өрнөж, найр наадмаа хийж, сэтгэл хөдөлсөн үзэгчид уухайлж, аян дайнд мордож, цэрэг эрс хүүхэддээ захиа сургаалаа үлдээж байгааг сонсоход тэдний дунд байгаа юм шиг бодогоно.
Энэ зуур өөрийн маань орны түүх сэтгэлд бууна. Өвөг дээдэс маань хот балгад сүндэрлүүлэхийн оронд бусдын нэгэнт байгуулсан зүйлийн булааж авахыг эрхэмлэдэг байжээ. Хүний юм ямагт хүнийх байдаг аж. Улс орныхоо бүх хөрөнгө оруулалтыг өнгөрсөн үе рүүгээ чиглүүлсэн эртний Египет мөхжээ. Хүний нутгийг булааж томорсон Монголын их гүрэн ч алга болжээ. Түүх тохуутай ажгуу. Египетийн сүүлчийн хаадууд булш бунхнаа нууцалж, Нил мөрний тэртээх хаадын хөндий хэмээх газарт байгуулах болжээ. Эндээс цөөн хэдийг нээсэн нь Каирын “Египетийн музей”-н сан хөмрөгийг бүрдүүлээд илүү гарсан гэдэг. Рамзс IX-ийн бунхан нь өөрөө гүйцээхэд нэгэн нас нь хүрэлцээгүй, “Совесть”-гүй хүү нь дутуу орхисон байгууламжуудын нэг. Уулын баруун аманд хойшоо харсан үүдтэй энэ бунхны мухарт зурсан нарны бурхан дээр хойт энгэрээс ойсон нарны гэрэл зурвас татуулан тусч байхаар хийжээ. Булшны мухар хүртэл барагцаалбал зуугаар метр хонгилын ханаар домгийн сэдэвтэй зураг бичиг дүүрэн байх юм. Нилийн баруун эргийн агуй, нүхээр дүүрэн энгэрт Хачепсут хатан хааны сүм байх ажээ. Хачепсут хатан хоёр Фараоны хооронд хориод жил төр барьжээ. Түүний нөхөр Фараоныг өөд болоход залгамжлах хүү нь нас балчир байж. Хачепсут эмэгтэй хүн учир тэнгэр гаралтай Фараоны ширээнээ суухад саад бэрхшээл их байв. Сэргэлэн, зальжуу, тэрээр нэгэн сүм бариулж, өөрийг нь урд төрөлд нь болон эхийн хэвлийд байхад нь тэнгэр нар адислан “Фараоны хутгийг” олгож байгааг харуулсан олон үзмэр бүтээн тэндээ тавиад ард олныг ухуулан үнэмшүүлэх ажлыг зохиожээ. Өөрөөр хэлбэл, манайхны сумын “Улаан булан”, “МАХН-ын танхим”, цэргийн “Сүхбаатарын тасалгаа” энэ нэртэй утга нэг зүйл. Насан балчир байсан Фараон эрийн цээнд хүрмэгцээ Хачепсутыг устгаж хаан ширээгээ авсан гэдэг.
Хачепсутын “Улаан булан” Мисир орны олон гайхамшгийн дунд бараг мартагдах шахаж байтал 1987 онд дэлхийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд хэсэг зуур өртөв. Аялал жуулчлалын жирийн нэг өдөр Герман голдуу, дээр нь нэгийн зэргийн болгар хүн хүртэл оролцсон газар газрын жуулчдыг тээж, хоёр цагдаагаар хамгаалуулсан тавиад хүнтэй автобус ерийн байдлаар Хачепсутын сүмийн үүднээ зогсчээ. Гэнэт цагдаагийн хувцастай хоёр хүн хаанаас ч юм гарч ирээд хамгаалалтын хүмүүсийн нь хутгалан алж бууг нь авав. Ойролцоо явсан өөр хоёр цагдааг буудмагц агшин зуур хоёр хүн гарч ирээд зэвсгийг нь авч дөрвүүл жуулчид руу гар нээсэн гэнэ. Балмагдсан хүмүүс тараад зугтаахын оронд автобусныхаа хаалга руу чихэлдсээр байгаад цөм буудуулжээ. Алан хядагчид хүн бүрийн үхсэн эсэхийг нарийвчлан шалгаж, хоолойг нь хэрчсэн байна. Энэ бүх аймшигт үзэгдэл ердөө л “илтгэл унших зуур” болж өнгөрсөн гэдэг. Дараа нь алан хядагчид сүмийн хойд энгэрт ангайлдан харагдах түмэн агуйн нэгэнд ороод бие биеэ буудан хороожээ. Хэдийгээр ийм явдал дахиад гарахгүй хэмээн газарчин маань мянгантаа ярьж “үнэмшүүлсэн ч” гэлээ
-Тэр булангийн цаанаас хоёр алан хядагч гарч ирсэн гэж байгаа.. . хэмээх үгийг сонсох зуур ар гэр, авгай хүүхэд маань агшин зуур бодогдоод өнгөрөх юм билээ. Египет орон том жижиг пирамидаад баян. Манай Монголын нэг согтуу хүний дэргэдээс нөгөө согтуу хүнийг харж болдог шиг тэндэхийн нэг пирамидын хажуугаар нөгөөгийнх нь бараа харагдана гэж хэлж болох. Тэр дундаас хамгийн алдартай нь Каирын Гиза дүүргийн хаяаг дэрлэн орших Хеопс хааных. Хэрвээ тийм пирамидыг дахиад босгоё гэвэл барагцаагаар манай орны бүх хүн тус бүр гурван тонн орчим жинтэй чулуун гулдан нэг нэгийг авчирч, өрөх шаардлагатай гээд бодохоор хэмжээ дамжаа нь ойлгогдох байх.
Хеопсын пирамид пааландмал гадартай, алтан оройтой байсан гэнэ. Пааландмал гадаргыг нь сүм хийд болон бусад барилгад ашиглахаар барилгачид, алтан оройг нь бизнес хийхээр хулгайч нар тус тус “хуваан” авсан байна.
Пирамидыг барихдаа чулуун гулдангуудаа шат маягтай өрсөн нь түүгээр өгсөн тэнгэрийн оронд хүрэх утга санааг илтгэдэг гэнэ. Өөрөөр хэлбэл бурхан руу чиглэсэн тэр шатаар авирсаар суваргын оройд хүрээд дээр нь нэгийн зэрэг матмал сандал тавиад дээш самардахад дунд хуруугаараа тэнгэрт гортон гаргаж байх паянтай юмдаг уу даа. Эгэл хүн ч гэсэн тэр шатаар өсөн тэнгэрт 40 орчим метрээр ойртож болдог байж. Гэтэл сүүлийн үед пирамидын эргэн тойронд “Авирч болохгүй” гэсэн бичиг хадах болсон нь өөрийн намтартай ажээ.
Нэг америк хүн энэ яваа насандаа Гизагийн алдарт пирамидыг үзэж, орой дээр нь түр ч болов дугхийхийг мөрөөджээ. Америкчууд биднийг бодвол зорьсондоо хүрдэг аавын хүүхдүүд болохоор мөнгөө хураасаар байгаад Египетэд жуулчилжээ. Тэрээр санасандаа хүрч пирамидын оройд дугхийсэн боловч нойрондоо эвгүй хөдөлсөн ч юм уу, энэ насны хүсэл гүйцлээ. Өөр юмаар ч яах вэ гэж бодсоных ч юм уу, ертөнцийн долоон гайхамшигийн нэгний оройгоор нисчихжээ. Тэндээс унавал торох юм байхгүй тул манай МИАТ-ын реклам гардаг “Өглөө тэнд, орой энд” гэдгэрхүү, пирамидын “Оройд энэ ертөнцөд, ёроолд нөгөө ертөнцөд” болжээ. Тэр үеэс эхлэн пирамид өөд авирч “тэнгэрт ойртох” явдлыг хориглосон байна.
Энэхүү гайхамшгийг хэрхэн барьсан тухай олон янзын таамаг байдаг. Пирамидын нэг үеийг бариад тал талаас элс асгаж газартай тэгш болмогц дараагийн үеийн чулуун гулданг дээгүүр нь чирч авчирна. Энэ мэт үргэлжлүүлсээр суваргыг барьж дуусахад орой нь газартай чацуу байна. Сүүлд нь элсээ зөөж холдуулахад суварга газар доороос сүндэрлэн гарч ирсэн гэдэг таамаг хамгийн сүүлчийн, үнэмшилтэй нотолгооны нэг болжээ. Гэхдээ энэ нь яг таг баталсан зүйл биш. Тэгэхээр уншигч та ч гэсэн “төчнөөн тэмээгээр элс зөөгөөд” гэхчилэн өөрийн таамгаа дэвшүүлэх эрхтэй байгаа гэсэн үг. Сүүлийн үед бизнес сэтгэлгээтэй Египетчууд өөр нэгэн “пирамид” барьжээ. Алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердигийн мөнхийн бүтээл “Айда” хэмээх дуурийн үйл явдал эртний Мисир оронд өрнөдөг. Уг дуурийг Луксор болон Хачепсутын сүмийн үүднээ хэд хэдэн удаа тоглосон нь амжилтад хүрчээ. Энэ намар Гизад Хеопс хааны пирамидын дэргэд тоглож дэлхийн дуурийн одод оролцсон байна. Гол дүр Айда-д оросын дуучин Мария Гулегина дуулжээ. “Түүхийн гайхамшигт дурсгалуудыг зүгээр нэг үзүүлээд байдаггүй, орчин үеийн шинжлэх ухааны ололт сэлтээс авахуулаад сонгодог бүтээлүүдийг хүртэл юм юмаар чимж байж ХХ зууны үзэгчдэд хүргэдэг юм байна шүү” гэсэн бодол төрж байв. Хархориныг малтан гаргаад, хотыг нь сэргээн босгож, түүхэнд гардаг таван амтай оргилуурыг нь ажиллуулбал ямар байсан бол гэж энэ зуур бодогдсон. Тэрнээс биш манай Чингис хаан ингэж байсан гэж ирээд л Бухар, Самаркандыг шатааж шоу хийлтэй биш дээ.
“Би нурааж чадсан, босгож бас чадна” гэж нэр нь үл мэдэгдэх Фараон хэлсэн гэнэ. Тэр чухам юуг нураачихаад тэгж хэлснийг бүү мэднэ. Харин түүхэнд үлдэх гэж чармайсныхаа хэрээр түүхтэйгээ цуг мянганы тэргээд үлдсэн тэдний газар шороон дээр өнөөдрийг босгох үүрэг араб хэл соёлт өөр хүмүүсийн нуруун дээр ирсэн юм.
Каир-Улаанбаатар. 1998
Зураач
Borrell