Эзэн нь морио сургадаг, Төр нь иргэдээ хүмүүжүүлдэг
...Зурагтаар мөнгө тоолоод эхлэв. Тийм их мөнгө надад олдох биш. Баярхаж байна гэж гоморхоод сувгаа солилоо. Бас ижилхэн мөнгө яралзтал тоолж байна. Хуруу нь мөнгө тоолохдоо гайхалтай сурмаг ажээ. Өөр суваг руу орлоо. Мөн л тоолсоор. Энэ олон суваг төгрөг, доллар, юань тоолно. Гараараа, машинаар тоолно.
Хуруугаа хөдөлгөвөл 2 жилд тавьчих байсан төмөр замаа 6 жил маргаад чадаагүй гэж МТЗ-ын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо халаглав. Таван толгой төслөө хөдөлгөж чадалгүй 5-6 жил алдлаа гэж үнэт цаг хугацаандаа харамсаж байсан чинь 5-6 жил хоосон маргасны хохирол нь бас 700-800 сая ам. долларын өрөнд унагасан гэж М.Энхсайхан сайд мэдэгдлээ. Эрх баригчид ард түмнээ давхар хохироожээ. Шийдвэр гаргагчид шийдвэр гаргахгүй хэрэлдэхэд мөнгө үр ашиггүй сул урсдаг байх нь. Юутай тэнэглэл бэ. Зурагтаа асаа. Мөнгө л тоолоод байгаа.
...Ач зээ нар “Өвөө цугаараа үдшийн үлгэр үзье” гээд зурагтаа нээвэл занданшуулсан хувилгаан гэх айдас хүйдэс харуулаад дотор арзгануулчихав. Яах нь вэ тийм муухай хүүр дахин дахин үзүүлж. Ач зээ нар минь надаас зуурч “Өвөө яана аа, энэ муухай хүн шөнө өвөрт ороод ирэх вий” гэж айцгаав. Би ач зээ нараа тайтгаруулж, “Энэ шарил та нарын өвөрт орохгүй” гэж тайтгаруулбал тэд “Тэгвэл энэ аймаар муухай хүн хэний өвөрт унтдаг юм бэ” гэж тал талаас шалгаав. Би тэдэнд “Энэ аймаар шарил Пүрэвбаатар ламын өвөрт унтдаг юм” гэлээ. Тэд нэг л олигтой тайвширч өгсөнгүй. Тэгтэл маргааш нь нөгөө хөх үдээр болж бөгтийсөн шарилаа зурагтын олон сувгаар харуулж, хэдэн зуун саяын үнэтэй нандин шүтээн тул гадна дотны шуналтнууд хулгайлчих вий гэх эх оронч сэтгэл гаргаад сүйд. Хүн амьддаа гоо үзэсгэлэнтэй. Үхэхээрээ маш үзэмжгүй хүүр болдог тул шалавхан нүднээс далд оруулж арилгаад сүнсийг нь, бүтээсэн үйлийг нь, зөв үзлийг нь мартахгүй дээдлэн шүтдэг учиртай. Итгэлт хамбад би яасан ч мөргөхгүй.
...Нүүдэлчид хээ угалзаар сууринчуудаас дутахгүй баян. Тохилог урлангүй нүүдэлчин малчид янз бүрийн хээ угалз зохиосон л байгаа юм даа. Өлзий, хаан бугуйвч, хатан сүйх, алхан хээ, үүлэн хээ, усан хээ, хуяг угалз, түмэн наст гээд тоочвол олон. Ер нь хил залгаа үндэстнүүдийн хээ угалз бие биедээ дэлгэрээд чухам аль улсаас ямар нь эхтэйг тогтооход хэцүү. Заавал тогтоох шаардлага ч алга. Бүгд л манай үндэсний хээ угалз гэнэ биз. Тэгвэл тэгж байг. Тэгсний хор гэж юу байхав. Хятад Солонгос Япон Монголын хээ угалз төстэй. Зарим нь бүр ижил.
Хас бол түмэн наст угалзны эх болдог. Хасын дөрвөн үзүүрээс түмэн наст хээг цааш хязгааргүй үргэлжлүүлж болно. Тиймээс ч түмэн наст гэж нэрэлсэн байх. Гэхдээ би энэ тухай өгүүлэх гэсэнгүй. Хас ардчиллын буянд од болсныг ярих гэж байна. Хас тэмдэг бол Гитлерийн сүлд. Гитлер хас тэмдгийг зохиохдоо манай түмэн наст хээнээс будаа идсэн гэж онгирдог гэнэхэн хүнтэй би санал нийлдэггүй. Юм аль давхцахыг тэр гэхэв. Гитлер барималч хүн тул логоо товчхон оновчтой сэтгэжээ. Харин манай “Босоо хөх монгол”, “Даяар монгол” ч гэл үү төрийн бус байгуулгынхан хасыг түмэн наст хээнээс таслаж аваад ямар зорилгоор сахиус болгон хүзүүндээ зүүж, тугандаа хасыг түмэн наст хээг санагдуулахаар бус харин яг фашист Гитлерийн тугийг хуулбарлан мандуулав аа. Чингис хааныхаа талбайд Төрийн ордныхоо өмнө фашист логотой туг мандуулан жагсдаг хэтэрч байна. Тэгээд зогсохгүй бүгд хүзүүндээ түмэн наст хээний бус Гитлерийн хасыг сахиус болгон зүүжээ. Түмэн наст хээний хас бол дөрвөн сэртгэрээс нь үргэлжлэл эхэлсэн ул мөртэй байдаг. Гитлерийн хас бол үргэлжлэл зураасгүй зөвхөн хас байдаг. Хүчирхийлэл, фашизм, садар самууныг сурталчилсан зохиол бичихийг хуулиар хорьсон. Тэгтэл ийм логотой залуус цагдаагийн толгой дээгүүр харайгаад Ерөнхийлөгчөө ирүүлд дуудах дэндүү ёс зүйгүй авирлал бус уу.
Хоолойдоо хас сахиустай, Гитлерийн туг мандуулж, том жийп хөлөглөсөн хэсэг булиа эрс эзгүй талын хувиараа бизнес эрхлэх бядгүйхэн аж ахуйн нэгж дээр очоод байгаль сүйтгэлээ гэж муухай хялайгаад Гитлерийн ёсолгоогоор ёслон мөнгө нэхвэл юу байдгаа сэгсрэхээс өөр яахав. Эв нэгдлийн холбоосыг билэгддэг хатан сүйхээс хас тэмдэг сүртэй, бүр аймшигтай харагдахыг тооцсон болохоос байгальд ээлтэй гэж хас тэмдэг сонгоогүй байх аа. Үүний ялгаа заагийг мэдрэхгүй тэднийг дэмжин гарын үсгээ зураад намирч буй масс өрөвдөлтэй. Байгалиа жинхэнэ хамгаалдаг эх орончдыг хас тэмдэгтнүүд хорлож гүйцлээ. Бурхан халдунд мөргөж явсан өвөрлөгч нартаа харцага Ганхуяг сүрийг үзүүлж, бяраа амсуулжээ. Хэвлэл мэдээлэл Ганхуягийг “Эх оронч үзлээ буруу илэрхийллээ” гэж дүгнэж байх юм. Илэрхийлсэн арга нь соёлгүй болохоос Ганхуягийн хэнхдэгт эх оронч үзэл буцалж буй гэж өмөөрөгч олон гарав. Эх орондоо үнэн хайртай бол эх орныхоо нэрийг ингэж санаатайгаар хорлохгүй байх аа. Энэ үйлдэл бол ард түмнийхээ алдрыг жорлонд хутгахыг өчүүхэн ч тоодоггүй тэнэгүүдийн тарьдаг шившиг. Энд юун эх оронч үзэл. Сүрдүүлж байгаад халаасыг нь сэгсэрье гэсэн арчаагүй дээрэм. Зарим улс төрчдийн ёргиогоод байдаг хас тэмдэгтнүүд даанч дэндүү давраад явсан юм. Ингэж л таарна. Хазаарлахгүй аваас тэд явж өгнө. У.Хүрэлсүх нарыг Бээжинд зочлоход ХКН дээгүүр зиндаанд сануулсныг мартаагүй байна. Тэд юу гэлээ. Аль ч улсад танхай балмад этгээдүүд байж л байдаг. Харин тэднийг нам засаг нь яагаад дэврээгээд байна? гэсэн асуулт тавьсан байсан.
...Хос бичигтэн болох гэлээ гэж бухимдагч нар цөөнгүй тодров. Тэдний дунд эрдэмтэн, зохиолч, улс төрчид байгаа нь содон. Төрийн ордон өөдөө салаавч гарган гуугчиж зогссон нэгэн улс төрч “Монголчуудад үндэсний гэх үсэг байх ёсгүй. Монгол бичиг гээд байгаа босоо үсэг чинь араб үсэг” гэж байна. Түүнтэй ярилцагч сэтгүүлч бүсгүй “Монгол бичгийг хэвтүүлчихвэл араб үсэг болдог гэсэн биз дээ” гэж улс төрчийн ам хамрыг долоочих шахав. Кирилл үсгийг орхивол нэг найрагчийн хит болсон дууны амт шимт, нугалаа айзмыг монгол хүн мэдэрч чадахаа болино гэж гомдоллов. Түүний шавь шүлэгч залуу “Үндэсний бичиг хэрэглэвэл үндэстэн хоорондын хагарал жалга довоороо даамжирна гэсэн биз дээ” гэж саймшрахад багш нь “Тэгэлгүй яахав. Кириллийг орхиж, орос ахаас холдуулах улс төр араар нь яваад байгаа юм” гэж анхааруулжээ.
Миний бодлоор хос бичигтэн бус бүр гурван бичигтэн болчихоод байгаа юм биш үү. Сошиал ертөнцөөр монголчууд латин үсгээр харилцдаг болсон. Үүнийг хэн ч зогсоож чадахгүй хэмжээнд тархжээ. Гар утас, интернетээр харилцъя гэвэл латин үсгээр уншиж сурахаас өөр аргагүйд хүрэв. Яваандаа кирилл, үндэсний бичиг хоёр хоорондоо тэмцэлдэж нэг нь үлдэх бус кирилл, латин хоёр өрсөлдөж нэг нь давамгайлах ирээдүй тулгарлаа. Казахстанаас эхлээд зүүн, зүүн өмнөд ази нилэнхүйдээ англи хэлтэн болж эхлэв. Ийм нөхцөлд Монголд кириллийг латин үсэг удахгүй ялж л таарна. Тэгвэл бид эртхэн кирилл үсгийнхээ дүрэм дээр латин үсгийн дүрмийг тохоон тааруулж амжих нь шулуун. Латин үсгээр монголчууд ямар ч дүрэмгүй дур дураараа бичээд дор дороо гүжирдэн уншиж байна. Англи хэл латин үсгээс бултъя гэхэд лав л хөрш Казахстан хань болохгүй болсон.
...Төрийн минь сүлд морь! Морио монгол хүн хэрхэн сургадаг вэ? Эмнэг үрээг хөөж эцээж бахардуулаад, уургалж боож ногтлоод, чихдэж цоровдож, шээсийг нь гоожуулж чарлуулаад, эмээллэж мордуут дөрвөн зүггүй ташуурдаж булгиулна. Хүний гарт баригдаж үзээгүй төрөхөөс хээрийн хангал үрээ айсандаа тонгочвол зодож өгнө дөө. Багтарсан үрээний уушиг дэлбэрч хоёр самсаанаас нь цус садардаг.
Гэтэл америк адуучин дэвхэрч цовхорсон хангалаа аргадан аргадсаар ойртож, тохмоо үнэрлүүлсээр зөөлрүүлж буйг телевизээр харлаа. Дөхөн дөхсөөр илэн илсээр дасгаад авч байна. Эмнэг хангал тэгсгээд эзэндээ дасаж, эзнээ үнэрлэн “дайсан биш миний эзэн юм байна” гэж ойлгов. Айсандаа чичирсэн бие нь тавирсаар тавирсаар номхорч харагдана. Хэн хэндээ яасан амар юм бэ. Монгол хүн мориноосоо ойчвол морь нь эмээлээ дэрвүүлэн алга болж, эзэн нь эзгүй хээр явгардаг. Европ хүн мориноосоо унавал морь нь эзнээ сахиад байдаг. Ялимгүй холдсон тохиолдолд эзэн нь нэрээр нь дуудвал давхиад ирдэг. Тэгж сургажээ. Монгол хүнд дэлхийд бардам тэргүүлэх ганц мэргэжил бий, тэр нь мал маллах арга бөгөөд энэ мэргэжлээрээ гадаадад уригдан валют олно гэж бодож явсан минь үүгээр бол үгүй л янзтай.
Адуучдын баяр гэж адуу айлгаж тамалсан цэнгүүн хийдэг болжээ. Адуун сүргээ тал талаас нь чоно шиг гууглан үргээж сандруулаад, айж зүрх нь хагарахаа шахсан сүрэг дундаас нэгийг нь уургаар уургалж, нөгөөг нь бугуйлаар урхидаж гулд татан хэмхэртэл чанга унагаад зайдан мордож булгиулж хөөр бах болгоно. Тэгж жигшээсэн адуу дараа нь аймшигт хүнд дасаж номхрохгүй дээ. Малаа эдэлгээнд хэрхэн сургаж, яаж баараагүй номхруулдаг арга барилаараа уралддаг ч болоосой. Манайх сүлдэндээ агсам хүлэг дүрсэлсэн. Сүлднийхээ аранзал хүлгийн дүүлж яваа байдал төрхийг сонжвоос эзнээсээ айж жигшсэн, явгалж мэдэх адуу л харагддаг. Эсвэл булгиж эзнээ шидчихээд эмээлээ дэрвүүлэн хулжиж яваа хүлэг ч юм шиг. Жигшсэн ажнай яаж ч мэднэ. Буруу эрхэлсэн ард түмэн ч адилхан. Сургууль хүмүүжил хоёуланд нь чухал.
Урд монгол
Урд монгол
Урд монгол
төрөө
Гана
Гана
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Bata
Bata
bata
suren
suren
Bold
иргэн
иргэн
Базараа
Зочин
Зөнөг нь хэтэрждээ
Зөнөг нь хэтэрждээ
Зочин
Дэмжигч
Зочин
Зочин
zochin
Уулын өвгөн
ББ
bb
Иргэд
Овоо
Овоо
zochin
zochin
zochin
hottie
догмид
ГАНАА
Ганаа
ЦОЛМОН
Зочин
өгөр
шулам
өвөр монголчууд бидний ах дүү
Зочин
ok
Зочин
hanuul
Зочин
Зочин