(De Facto нэвтрүүлэгт Жаргалсайхантай хөөрөлдсөн ярилцлага)

Сайн байна уу? Хүндэт үзэгчдээ, Өнөөдөр манай нэвтрүүлгт Баабар оролцож байна. Сайн байна уу, та. Та бид хоёр  гучаад жилийн  өмнө Москвагийн Их сургуульд анх танилцсан. Та тэгэхэд эрдмийн ажил хийж байсан. Тэр  ямар чиглэлээр ажиллаж байсан бэ?

Биохими.

Тэр үеэр таны  бичсэн нийтлэлүүдийг орон даяар нууцалж олшруулаад Бүү март, мартвал сөнөнө гэж яриад дараа нь 1990 оны 2 сарын 18-нд Үйлдвэрчний ордонд МоАХ-ны хуралд та “Хаан шалдан байна” гэсэн илтгэл тавьсан. Үүнээс хойш таны хийсэн ажлууд, ярьж байгаа зүйлс хүмүүсийн бодит амьдралыг огцом, зоримог өнцгөөс илэрхийлсэн дуу хоолой болсоор өдий хүрлээ. Тэрийгээ бидэнтэй хуваалцаач ээ гэж урьсан юм. Хувьсгалаас хойш 25 жилийн дараа эргээд  харахад та бид аль зэрэг зорьсон хэрэгтээ хүрч явна гэж  та бодож байна?

Бидний олонх маань ардчилал гэдгийг ямар нэгэн юманд хүрч очдог зам маягаар ойлгодог.  Тиймээс нөгөө ардчилал нь  болохгүй байна гэж их ярьдаг. Энэ бол нийгмийн хөгжлийн талаархи бидний хуучин ойлголтын инерци.  Социализмын материал техникийн баазыг 80 онд байгуулж дуусгана, 2000 онд  социализм барьж дуусна,  тэгээд  коммунизм руу орно гээд үе шаттай,  зогсоолтой замаар урагшлах холын зайн гүйлтийн тамирчин шиг юм ярьдаг. Гэтэл ардчилал нь хэдэн үе дамжсан, магадгүй хэдэн зуун жил дамжсан түүхэн процесс.  Бидний амьдрах арга хэлбэр. Манай ардчилал их залуу. Хамгийн эртний ардчилал тухайн үед эртний Герегт байгаад үгүй болсон бол орчин үеийн ардчилал Францын хувьсгалаас  эхлэсэн. 200 гаруй жилийн л түүхтэй. Одоо ч гэсэн тэр улс орнууд ардчиллын процессоор амьдарч яваа, түрүүлж орсон учраас бид нарыг бодвол ардчилсан тогтолцоонд илүү дассан, илүү төлөвшсөн. Бид энэ шинэ тогтолцоондоо зохицож амжаагүй байна, гэхдээ өөрийнхөө хэмжээгээр туршлага суугаад, алхаад, урагшлаад л явна.

Саяхан Та өнөөдрийн түвшинд Монгол популизм гэхээс ч хэтэрч, дээд шатандаа гарч дээрмийн хэлбэрт очичлоо гэсэн. Та популизм гэдгээ тайлбарлахгүй юу?

Популизм гэдэг нь өргөн олон түмнээс өөртөө оноо цуглуулахын тулд бие хүн болоод улс төрийн бүлэглэл бусад саад, үр уршиг, үнэ өртөгийг нь бодохгүйгээр үг хэл үйл хөдлөлөөр уриалан дуудаж араасаа дагуулахыг хэлдэг нэг талдаа бол их хорлонтой эд л дээ. Гэхдээ дайн, хямарлын үед ард түмнийг итгүүлж дагуулахын тулд тодорхой зорилгоор популизм хийдэг явдал бий. Их хямралын үед Амеркийн ерөнхийлөгч Рүзвэлт, хүйтэн дайны үед Кэннэди, Хятадын их үсрэлтийн өмнө Дэн Сяопин  нар бас л сүрхий популизм хийж байсан. Гэтэл үүний нөгөө төл нь улс орныг сүйрүүлдэг популизм гэж бий л дээ. Үүнд Аргентины, сүүлийн үед бидний харж байгаагаар Венесүэлийн, мөн Африкийн маш баян Нигер улсын жишээ байна. Бид өөрснөө нэг л сүрхий юм шиг “Африкийн замаар ороод” гэж ярих дуртай. Тэнд сайн нь ч бий, саар нь ч бий. Намиби, Ботсвана, Рванда гэх мэт хөгжлийн үлгэр жишээ болсон улс орон Африкт цөөнгүй бий. Харин манайд популизм цаашилсаар дээрэм луйвар болж хувирч байна. Популист гэдэг чинь гадаад нэртэй цол хэргэм биш шүү дээ. Манай нөхцөлд бол луйварчин гэж орчуулмаар.

Таны хэлсэнчлэн Аргетин дайны дараа Канад шиг хөгжилтэй байсан чинь хамаг мөнгийг нь бөөгнөрүүлээд ард түмэндээ популист ерөнхийлөгч гарч ирээд бүгдийг нь тарааж, цацаад… хүүхдийн, хуримын, төрсний, ядуурсны…

Яг бидний өгч байсныг л өгч байсан. Ингэсээр 50-иад оны эхээр Аргентин төлбөрийн чадваргүй болсон. Мөнгө нь дууссан. Тэгээд үүнээсээ гарч чадахгүй байсаар байгаад 2014 оны эцсээр дэфолт болж төлбөрийн чадваргүй болсноо зарласан.

Ер нь дэфолт болсны дараа юу болдог вэ?

Энэ бол барьцаалах ч юмгүй болно гэсэн үг шүү дээ. Ийм орнуудыг харж үздэг  Валютийн сан, Дэлхийн банк гээд  бий л дээ. Энэ мөнгөөр яг ингэнэ шүү, үүнийг ийм юманд зарцуулж болохгүй шүү гээд жолоодоод явахаас өөр аргагүй болдог. Өөрсдөө чадвар байхгүй болчихсон юм чинь.

Манайх 2008 онд тэгээ биздээ?

2008 оны 9 сарын 15 нд Лимон Бразерс компани дэлхийн санхүүгийн хямралын эхийг тавихад хоёр сарын дараа манай олон компани цалингаа тавьж чадахаа больж, зах дээр юм зардаг хүмүүс “Эрээнээс авчирсан үнээсээ  хоёр дахин хямдруулаад өгөх гэхээр авах хүн байдаггүй” гэж зурагтаар гомдоллох болсон. 2009 он их эвгүй жил байлаа. Гэхдээ дэндүү богино хугацаанд хямарсан. Яагаад гэхээр Австралийн нүүрс усанд автаад нүүрсний үнэ гэнэт өсч, бид хямралаас гарах байтугаа  хамаа намбааггүй баяжиж хаданд гараад шинэ баян цээж өвчтэй рүүгээ орсон доо.

Энэ бүхэн нь Аргентиныхантай төсөөтэй байгаа юм л даа. Өнөөдөр тэгээд мөнгөгүй боллоо. Энэ бүхний үр дүнд нөгөө хямрал хүндрэл болох ёстой юм эртхэн болж байгаа юм биш үү?

Нэг талаас бол бид чөлөөт нийгэм, ардчилсан тогтолцоо, дэлхийн жишиг гэсэн юм руу явах гээд байгаам шиг. Яг хөлд орж байгаа хүүхэд шиг гал руу гараа хийдэг бол хийгээд л, онхолддог бол онхолдоод л, тархи толгойгоо хагладаг бол хагалаад яваад байгаа бололтой. Тэгэхгүйгээр ерөөс хүн, тэр дундаа бидэн шиг нүүдийн сэтгэлгээ нь гараагүй улсууд бол заавал бие дээрээ амсаж хүний унасан нүхрүү араас нь унаж хөл гараа хугалж байж “өө энэ нүх рүү орж болохгүй юм байна” гэж ойлгодог юм шиг байна.

Өнөөдөр болж байгаа явдлыг зайлшгүй болох ёстой юм болж байна гэж та үзэж байгаа юм уу?

20, 25 жилийн өмнө би боддог байсаан. Энэ олон улсуудын гашуун туршлага байна. Манай орон бол ингэж болдоггүй, тэгж болдоггүй юм байна гэж ухамсарлаад явчих юм гэж. Өнөөдөр эргээд харахад бүх л ухсан нүх рүү дараалж унаад хөл гараа хугалж байж цаашаа явах юм байна. Ганцхан энэ нь хурдхан л болоосой доо, хурдхан гэдэг нь 40, 50 жилийн хугацаагаар ярьж байна. Хэдхэн сар жилийн дотор биш шүү. Үе солигдох хэрэгтэй шүү дээ, тийм биз дээ.

Энэ үе солигдох гэдэг дээр л хоёулаа маргалддаг шүү дээ. Тэгэхээр энэ үе дотороо засаж  залруулах сэргийлж хийх ажил гэж байдаггүй юм  уу?

Байлгүй яахав. Бид нар угаасаа ингэдэг юмаа гээд суугаад байвал дараа үе нь бас л тэгээд л явна шүү дээ. Тийм учраас 20 жилийг нь бид нар авчлаа, одоогоос 30 жиийн дараа нийгмээ эрүүлжүүлэх хүмүүсийг бид өнөөдрөөс бэлдэх ёстой байхгүй юу. Тийм учраас бид л үглэж байх ёстой, хэлж байх ёстой. Тэгж байж дараа үе чинь арай ухамсартай үе рүүгээ очно. Бид хэдэн мянган жилийн турш энэ нүүдлийн сайхан таатай нөхцөлд амьдарч ирлээ. 1950-иад он хүртэлх гээд бодохоор 3000 жилд хүмүүсийн амьдралийн байдал, түвшин ерөөсөө өөрчлөгдөөгүй. Яагаад гэвэл байгалийн гамшиг болдоггүй, хэзээ ч өлсдөггүй, малынх нь тоо 20-40 саяын хооронд байгалийн байдлаас болоод нэмэгдээд хасагдаад байдаг ийм таатай орчинд өөрчлөөд байх шаардлага үгүй байж. Өнөөгийн дэлхий дээр бид сэтгэлгээний хувьд, иргэншлийн хувьд олон улсын жишиг рүү очихгүй бол музей бол дуусна шүү дээ.

Харин тийм учраас таны саяын түүхээр харж байгаа өнцгөөс биш, өнөөгийн хүмүүс юу хүсч байна, залуучууд ч ямар амьдралыг хүсч байна тэрүүнд нь тохируулсан төрийн институтүүд ягаад ажиллаж чадахгүй байгаа юм бэ?

Төрийн инстүүц гэдэг нь орчин үеийн утгаараа бид нарт байгаагүй. Хоёрдугаарт 200 жил Хятадын, 100 жил Оросын төрийн инстүүцийн удирдлаганд явж  ирлээ. Барьж аваад зодоод байсныг нь тооцохгүй гэхэд ерөнхийдөө чиглүүлээд яваад байсан гадны төрөөр удирдлага юутай ч тасралтгүй үргэлжилсэн. Бид өөрсдийгөө аваад явсан хугацаа ердөө 20 жилийн  л түүх байна. Тэгэхээр чинь ямар ч туршлага байхгүй гэсэн үг, тийм үү.

Таны наад үгэнд чинь болох ёстой юм болж байгаа, давах ёстой гээд энэ үг бол хоногын хоолоо аргацааж байгаа, 1/3 нь дэлхийн банкны тоогоор ядуу байгаа энэ хүмүүст их хүчтэй сонсогдож байгаа юм л даа. Тэгэхээр та бид орчин үеийн хүмүүсийн хувьд тухайлбал та сангийн сайд байсан, төр засгийн олон арга хэмжээтэй холбоотой байсан хүний хувьд “яавал өнөөдрийн синдромноос хурдан гарах вэ?”, “Юуг засах вэ?” гэдэг талаас нь асуудалд хандая л даа. Энэ утгаараа Монгол улсын төрийн тавцанд юу юу хийх ёстой гэж та бодож байна.

Монгол улсыг аваад гэх юмуу чиглүүлээд менежмент хийж байгаа тэр хэсэг маань хууль тогтоох, гүйцэтгэх, шүүн таслах эрхтэй газар. Манай орон бол чөлөөт ардчилсан орон. Энэ орны менежмент хийж байгаа удирдлага нь ард түмний хүсэл зоригоор буй болдог. Тодорхой хугацаагаар, дөрвөн жил тутам. Ийм төртэй болсны анхдагч шалтгаан нь манай ард түмэн болохоос 76 чинь хүч хэрэглэж гарч ирээгүй. Хүмүүс нь өөрсдөө сонгосон.

Тэгэхээр та ингэж  хэлсэн байгаа. Өнөөдрийн улс төр гэдэг бол ард түмний хариуцлага гэж. Гэхдээ ингэж хэлсэнээрээ өнөөдрийн байгаа улс төрчдийг хариуцлагагүй байдлыг өршөөгөөд суугаад байж болох юм уу?

Юун түрүүн сонгогч хүмүүс нь өөрснөө хариуцлагатай байх ёстой. Хаанахын ч  парламентыг ард түмэн сонгодог болохоор алдаа гардаг л даа. Италын парламент цуутай янхан сонгочихсон байдаг. Америкийн Минэсоттогоос нэг бөх сонгочихсон чинь бөөн инээдэм болж, дэлхий даяараа Америкийг шоолсон. Манайд ч гэсэн анх парламент сонгогдоход солио гажуу улс нэг хоёр байсаан, харин энэ тоо удах тусам өсөөд байна. Одоо миний харж байгаагаар, уучлаарай миний бодол шүү, УИХ-ын гишүүдээс 10 орчим нь эмнэлгийн хараанд байх ёстой хүмүүс. Тэдний авирлахыг хараад “энэ одоо эрүүл хүн үү, үгүй юу?” гэж эрхгүй бодогдом. Ийм хүмүүсийг танихад заавал эмч гэлтгүй жаахан хүүхэд хараад таньдаг шүү дээ. “Энэ ахын нүд, яриа нэг л бишээ” гээд л. Яагаад ийм хүмүүсийг дахин дахин сонгоод байгаа юм бэ? Ийм сонголт байнга хийгээд байгаа хүмүүс буруугүй гэж үү?

Тэгэхээр яг энэ асуудал дээр ярья. Улс төрд ягаад ямар нэг аргаар хүмүүс ямар ч хамаагүй амлалтаар гарья гэсэн бол гараад гарсан хойноо өр зээлээ төлж барах гээд төрийг дампууруулах арга хэмжээг улс төрчид гаргаад байна шүү дээ. Үүнд яагаад ард түмэн буруутай байх ёстой юм?

Ард түмэн сонгохгүй байж болоогүй юм уу?

Улс төрийн намууд, төрийн инститүүдийнхээ хувьд хүмүүсийг хуураад байна шүү дээ. Хуурагдсан нь буруу гэж үү?

Бид нар 25 жил сонгууль хийсэн туршлагатай. Янз бүрийн шатны 40, 50 удаа сонгууль хийсэн байх. Тэр болгондоо хуурагдаад явдаг, яасан хандаггүй, дуусдаггүй юм бэ? Байгалиас тэгж заяасан хуурагдагч юм уу? Энийгээ бас бодмоор юм шиг. Миний бодлоор бол энэ болгоны анхдагч шалтгаан нь бид өөрсдөө юм шүү. Сонгоод л маргаашнаас нь тэнэг мангар гээд л хараагаад эхэлдэг. Эхлээд өөрсдийгөө толинд хар л даа. Бид нар толиныхоо тусгалыг л харж байгаа. Бид ямар байна, тийм л төрөө бий болгоно. Энэ хооронд залилсан, сонгуулийн тоо өөрчилсөн, тог унтраасан гэх юмнууд бий. Тэрүүний эзлэх хувь нь бага. Яг үнэндээ хүчээр төрийн эрх авсан нэг ч хүн байхгүй, буу тулгасан нэг ч хүн байхгүй. Хүмүүсийн нэлээн олон хувь нь өөрийн сонгох эрхээ шил архинаас өгчихдөг шүү дээ.

За тэгвэл таны логикоор яръя. Энэ бүхний буруу нь ард түмэн гэж бодъё...

Анхдагч нь ард түмэн гэж би хэлсэн.

За анхдагч нь, гэхдээ уламжлалт үр дүн нь байна шүү дээ. Гараад ирсэн үүнийг засах хэрэгртэй байна шүү дээ. Популист гэж ярьж байна, их хуралд орсон хүмүүс нь баяжиж байна. Төрөөс нь тэрбумтнууд төрж байна

Би ингэж бодож байна. Хувийн хэвшлийнхэн Монголын үндэсний нийт үйлдвэрлэлийн 80 хувийг хийдэг байлаа, сүүлийн үед төр баяжаад улсын юм олдоод арай багассан байх л даа. Энэ хувийн үйлдвэрлэлүүд улс орныг тэжээж байгаа. Засгийн газар улсын төсөв мөнгийг бүгдийг гартаа төвлөрүүлээд эргүүлээд цалин хөлс, хөрөнгө оруулалт болгон тараадаг. Гэтэл төр нь элдэв хууль, хахуул, хүнд суртлаар баялаг бүтээгчдээ хорлоод байдаг. Энэ хорлогчдыг бизнес хийж байгаа хүмүүс мөнгөө нийлүүлж байгаад дээш нь гаргахгүй байж болдоггүй юм уу? Саналаа шил архиар өгчихдөг хүмүүсийг хасч тооцоё л доо. Авдаг архийг нь орноос нь өгөхгүй юу. Энэ хүмүүсийг дэвшүүлээрэй гэж биш, чухам энэ хорлогчийг битгий гаргаарай гээд үзэлцэх хэрэгтэй мэт. Оюутолгойтой шууд хамтран ажилладаг 300  компани байлаа. Туслан гүйцэтгэгчтэйгээ нийлээд 1200 компани байлаа. Тэнд хэдэн арван мянган хүн ажиллаж байлаа, одоо бүгд ажилгүй болсон. Хэдэн өвчтэй солиотой юмнуудаас болоод одоо ажилгүй болсон. Энэ хүмүүсийг би хохино гэж боддог. Увайгүй хэдэн өвчтэй юмнууд болохоор улсын хууль өөрчлөөд бусдыг хорлоод явж болдог. Яг өөрөөрөө ажилгүй мөнгөгүй болчихсон хүмүүс нь чимээгүй суугаад байдаг. Тийм аймхай юмуу? Тийм бэртэгчин юмуу? Эсвэл ингээд тураад үхсэн ч яахав гэсэн шулуундаа гарчихсан унжгарууд уу, бүү мэд. Тэд нар яагаад мөнгөө нийлүүлээд, “энэ луйварчин төчнөөн баялаг үйлдвэрлэгчдийг хорлосон хууль батлуулсан, өчнөөнийг өөртөө авч идсэн, ийм шийдвэрээр ингэж хорлосон” гээд тэмцэж болдоггүй юм бэ? Ийм учраас эднийг дээш нь гаргахгүй гээд цөмөөрөө нэгдээд нөгөө жагсаалаа яагаад хийж болдоггүй юм? Сөрөг өлсөглөн гээд хачин хачин юм бодож олдог л юм байна лээ. Ер нь яахаараа Монголд өвчтэй солиотой нь жагсаж, өлсөж, суулт хийж хүн амьтан айлгасаар өөрснийхөөрөө шийдэж, шийдүүлж болдог, тэдний авираас болж хохирсон тэднээс хавьгүй олонхи нь өөрсдийн эрх ашигийг хамгаалж болдоггүй юм бэ?

 За нэг ийм аргачилал байдаг байж. Нөгөө аргачилал нь та ингэж бодохгүй байна уу? Төр засагт ашиг сонирхолын зөрчилдөөн гарч энэ нь Тавантолгой, Оюутолгой дээр гарч ирж байгаа. Энэ зөрчилдөөнийг нөгөө хүмүүстээ бүрэн зөвөөр нь ойлгуулсан тийм үйл ажиллагаа хэвлэл мэдээллээр явахгүй байна гэж та үзэж байна уу?

Хэвлэл мэдээллийн байгууллага гэхээсээ илүү өөрийн хийж байгаа ажил ач холбогдолыг төр өөрөө тайлбарлаж байх ёстой. Гэтэл манай төр бол хорин хэдэн засгийн газраас нэг нь ч үүнгээ тайлбарлаж байгаагүй. Яагаад гэвэл ашиг сонирхолын зөрчилдөөн тэнд байдаг болохоор баригдчихвий гээд.

Яагаад тайлбарлахгүй байгаагийн нөгөө шалтгаан нь намууд мөнгө авсанаа нуугаад бүх улсын хөрөнгийг тендэр хэлбэрээр тарааж өгөөд дараа нь албан тушаалд өгөөд байгаа энэ циклыг яаж зогсоох вэ?

Улс төрийн нам төлөвшихгүйгээр төрийн бусад инстүүц төлөвшиж чадахгүй. Яагаад  гэвэл төрийн олон инститүцүүдийн боловсон хүчнийг, бодлогыг гаргаж өгчдөг нь улс төрийн намууд шүү дээ. Тэгэхээр эд нар нь төлөвшихгүй бол цаадуул төлөвшихгүй. Нөгөө анхдагч гээд яриад байгаа чинь энд бий.

Яаж төлөвшүүлэх вэ?

Их хугацаа хэрэгтэй гэж хэлээд байна  шүү дээ.

Өлсөж байгаа хүүхдүүд та бид хоёрын хугацааг хүлээхгүй шүү дээ.

Хоёулаа юм болгоныг харлуулж ярьдаг хэдэн сэтгүүлч охид шиг хүн амын 180 хувь нь өлсөж байна гэж яриад яахав. Ядахнаа л 100-аас дээш хувь байж болохгүй шүү дээ. Дэлхийн банкнаас сүүлийн 6 жил манай ядууралд хийсэн судалгааны үр дүн бий. 34, 17, 11 гэсэн уруудсан тоо гарсан. Хоёрдугаарт бид ядуу гэдгээ юугаар хэмжээд байна? Манайд ерөөсөө идэх юмгүй хоолгүй болж унаад байгаа өлсгөлөн огт байхгүй. Үгүй наад зах нь 35-аас дээш насныхны жингийн илүүдэл 64 хувь хүрээд байна. Энхийг сахиулахаар явсан цэргүүдээс асуу. Явж ирээд “манайх шиг баян, тайван, сайхан орон байна уу” гэсээр ирж байгаа юм. Бид дэлхийн адаг биш. Ямар ч байсан 180 хувь нь турж үхэж байгаа юм Монгол улсад байхгүй. Монголчууд түүхэндээ ер нь өлсөж байгаагүй. 2010 оны хүн ам орон сууцны тооллогын дүнг задлаад үзэхэд 200 мянган насанд хүрэгчид ажил хийх сонирхол алга. Яагаад вэ гэвэл сүүлийн 10 жилд бид нийтдээ 4 тэрбум доллар буюу бүхэл бүтэн шинэ Улаанбаатар босгох мөнгийг бэлнээр нь тараагаад өгсөн байна. Энэ нь хүнийг ажил хийх сонирхолгүй болгож байгаа юм.  Шуудуу ухаж суухаар 21 мянгадаа очерлоод, оюутны мөнгөө хүүхэддээ авч өгөөд гэхчлэн.

Тэрийг чинь улс төрийн нам хийсэн шүү дээ?

Үгүй ээ, ард түмэн дуртайдаа тийм хүн сонгож байгаа. Чи сонговол их юм өгнө гэсэн үү, тэгвэл чамайг сонгоё  гээд л. Би анхдагч шалтгааныг яриад байна. Улстөрийн нам гэхээр яг оноох гэхээр эзэн байхгүй шүү дээ.

Намын дарга гээд хүмүүс байгаа биз дээ?

Нийтээрээ бид чөтгөрийн тойрог гээч юм руу орчоод байна. Эндээс ард түмэн дэмждэг, тэндээс нь улстөрийн намууд уухилдаг, ингээд шат дарааллаар явдаг.

Буцаад анхдагч шалтгаан руугаа оръё. Энэ ард түмнийг тийм сонгууль хийлгэхгүйн тулд юунаас эхлэх нь зөв гэж бодож байна?

Бид цаг хугацаа хэрэгцээтэй учраас алхам алхмаар суралцах хэрэгтэй. Сонгуулиар элдэв бэлэн мөнгө амлахыг хоргилсон хууль 2012 онд байна уу гарсан. Хоёр хөлөө гартайгаа хугалж авсны дараа засарч байгаа биз? Ингэхээр хөлөө хугалаад эдгээх хугацаа хэрэгтэй. Одоо бол хүн болгонд 10 сая төгрөг өгөхөөр амлахыг хуулиар хоргилсон юм байна гэж би ойлгоод байгаа. Хууль тогтооход ихэнх орнууд яадаг вэ? Элдэв хууль гаргах гэж байгаа бол заавал парламентын гишүүдийн 10 хувь нийлж санал дэвшүүлнэ, дараагаар нь заавал Хууль зүйн яам, Сангийн яамнаас асууж зөвшөөрөл авна, яагаад  гэхээр Сангийн яам мөнгөний хувьд хүрэлцэх эсэхийг, Хууль зүйн яам хуулийн хувьд бололцоотой юу гэдгийг судлана, тэгэж байж хуулийг өргөн барьдаг. Манайд анх тэмээний хууль гэж орж ирж байсан юм, тэрнээс хойшоо базар дарь эх минь урсаж өгсөн дөө. Энэ олон урамшууллын хууль чинь бүгд гурвуулаа юм уу тавуулаа нийлж ахиухан мөнгө идэхийн тулд оруулж ирсэн луйвар шүү дээ. Ямаанд мөнгө өгнө гээд эхэлсэн, нийт мөнгөний хагас нь ямаанд очоогүй л болов уу.

Үнэ хязгаарлах, үнэ тогтоох талаар та юу гэж бодож байна? Нефтийн үнийг хязгаарлаж болох уу?

Одоо жишээлбэл 400 гаруй сая доллар Төв банкнаас нефть импортлогч компаниудад тараагаад өгчихсөн.

Тэгэж болдог юм уу?

Монголд бүх юм болно шүү дээ. За нөгөөдүүл нь авсан үнэнээсээ хямдруулаад шатахууны үнийг барина гэсэн, бариад л байсан л даа. Тэгэж байтал үнэ уналаа. Занарын хувьсгал болж байна. Том үйлдвэрлэгч нь АНУ, Мексик болж байна. Үнэ 130 доллар хүрч байсан, одоо 50-иас доошоо ороод ирлээ, тиймээ. Бараг гурав дахин хямдарч байгаа биз. Оросууд ч ийм үнээр зарж байгаа. Тэгсэн компаниуд төв банканд мөнгөө төлөх ёстой, төв банк мөнгөө авах сонирхолтой. Ингээд үнэ тогтвортой хэвээрээ л байгаа байхгүй юу. Хэрвээ тогтворжих үнэ байгаагүй бол өссөнд нь өсөөд, буурсанд нь буураад л байх ёстой шүү дээ.

Яагаад ингээд болоод байгаа юм?

Төрийн тогтворжсон инстүүц алга. Энэний анхдагч шалтгаан нь улстөрийн намууд төлөвшөөгүй байна. Үүний цаадах анхдагч шалтгаан болсон ард түмэн шинэ нийгэмдээ зохицож төлөвшөөгүй байна. Хүүхдийг чинь 20 хүртэл нь авч явдаг биз дээ. Тэр болтол робинзон крузо болдог юмуу, тарзан болдог юмуу, тэгэж байж л хүн болноо доо.

Наад хүлээлтээр чинь аль ч үгүй болох нь дээ. Нам ингээд бөөн хөдөлгөөн болоод

Бид сүүлийн 25 жилд эдийн засгийн хувьд ч, нийгэм, эрх чөлөөний хувьд ч асар том дэвшил хийсээн. Бусад нь урагшлаад л, бид л ганцаараа ухраад байсан юм шиг ярьж болохгүй л дээ. Харин бид нарын хийж байгаа алдаа мадагны дооз хэмжээ хэтэрч, нийгмээрээ гэмт хэрэгтэн болох нь. Асар том дэвшил хийж байгаа ч алдаж байгаа нь хэр хэмжээтэй байх ёстой байх.

Энийг яаж хэр хэмжээтэй болгох вэ?

Би цаг хугацаанаас өөр эмчилгээ олж харахгүй байна. Таньд өөрт чинь ямар нэгэн эмчилгээний жор байвал хийгээч дээ. Тэрийг чинь хэн хориод байгаа юм?

Та бид сүүлийн жилүүдэд дандаа ингэж маргалдаж байгаа. Цаг хугацааг хар, хүлээ, бидний үеийхэн өнгөрсөн гэж.

Хүлээ гэж биш, бид хүмүүжүүлэх ёстой шүү дээ. Та бид хоёр ингээд яриад сууж байгаа нь дараа үеэ хүмүүжүүлж байгаа хэрэг бус уу? Энэ хэлж байгаа юмыг маань 30-аас доош насны залуучууд илүү ойлгох болов уу гэсэндээ би ярьж байна. Тийм учраас би өөрийн чинь урилгаар ирсэн. Түүнээс биш, би угаасаа зурагтаар гарах дургүй.

Би тэрийг чинь мэдэж байгаа, баярлалаа. Ойрд зурагтаар гарсныг чинь хараагүй. Ахиад хоёулаа залуучуудад хандаад ийм юм ярья. Жишээлбэл Ноён уулын тухай ярья. Хүмүүс энийгээ хамгаалахгүй бол болохгүй. Эмэгтэй хүн байна шүү. Өлсөж үхнэ гээд сууж байдаг. Энэ ямар учиртай юм?

Бүр зэвсэгт тэмцэл хийнэ гээд нааж байна билээ. Энэ чинь үндсэн хуулиар хориотой. Энэ оронд тэгэж ярьвал дуртай юм аа бичиж, уриалж болдоггүй юм. Дайн байлдаанд уриалах, төрийн эргэлт хийх, зэвсэгт бослого гаргах, арьс өнгөөр ялгаварлах зэрэг нь үндсэн хуулиар хориотой байдаг. Тэгэж ярьж, тэгэж бусдыг уриалж байгаа бол шоронд хийх ёстой, уул нь. Эрүүл газар бол шүү дээ. Манайд бол хамаагүй юм даа. Ноён уулын тухай яриад л байна. Би наадхыг чинь сонссон. Ноён уулыг аль хэзээний ухаад сэглээд хаячихсан. Эхлээд 1923 онд Козлов ухсан, дараагаар нь сүүлийн хэдэн жил нинжа нар ухаад бүр сүйдэлсэн. Алт олох гэж тэр. Ноён уулын булш Төв аймгийн Борнуур суманд байдаг, одоо ашиглах гээд байгаа Гачуурт Сэлэнгэ аймгийн Мандал суманд байдаг. Хоёр өөр аймагт байгаа. Хоёрдугаарт хоорон дахь зай нь их хол, гуравдугаарт архелогийхан хэдийнээ Гацууртад судалгаа энэтэрийг хийчихсэн, түүхийн дурсгалт юу ч олдоогүй гэж мэргэжлийнхэн зурагтаар яриад байгаа. Тэгэхээр энэ бол элдэв эх орон, үндэсний баялаг, ард түмэн, түүх дурсгал гэж ярьж байгаад нинжа нарыг зохион байгуулж дайрдаг дайралтуудад бэлдэж буй юм. Энийг зохион байгулж байгаа улсууд бол ноднин Сүхбаатар аймагт, хоёр жилийн өмнө Хөвсгөлд, тэрний өмнө Баянхонгорт дайралт хийсэн, зарим нь Баянхонгорт бүр эрүү үүсгэгдчихсэн яваа хүмүүс. Ноднин Сүхбаатар аймагт хийсэн дайралтын зургийг нь харсан. Машинуудынхаа нойморнуудыг мултлаад авчихсан олон нинжа алтны жижиг орд руу дайрсан. Нутгийн ардууд өөдөөс нь морьтой хамгаалж байсан. Бүр дайн шиг юм болж байгаа юм. Хүрз жотуу барьчихаад шууд орд руу дайрч байгаа юм. Гэтэл компани ордыг эзэмшээд, улстай гэрээгээ хийнэ гэдэг чинь сэргээх болоод бусад хариуцлагаа үүрч байгаа хэрэг шүү дээ. Нинжа нарт эзэн байхгүй, хаана хэн нь яаж ухсан нь мэдэгдэхгүй. Хөвсгөлийг сүйтгэсэн, Шишигтийн тэр хавийг. Сүүлд нь аймгаас бөө нар авчраад уулын савдагаар айлгаж бариад манай Портууны ярьдаг шиг ёслол хийсэн юм биз дээ. Гэтэл аваачсан бөө нар нь өөрсдөө ухаад эхэлсэн гэж байгаа. Баянхонгорыг бол аймаар сүйтгэсэн дээ. Ер нь бол бодоод үзээрэй, Монгол улсад байгаль орчныг сүйтгэж баллаж байгаа юмыг хэн хийдэг юм? Дандаа манайхан. Дандаа өөрсдөө. Тэнд Ерөөг мөнгөн усаар угаалаа л гэнэ. Орхоныг бол сүйдлээд хаячихсан. Нэг компани ухаж байгаад, дараагаар нь сэргээн босголтыг нь бусдад шилжүүлсэн. Тэгсэн нөгөөдхийг нь нинжануудад зарчихсан. Өөр хэн ч биш, бид өөрсдөө л сүйтгээд байгаа шүү дээ.

Та Занарын тухай ярилаа. Тэр чинь Эрдэнэсантад бил үү, бөөн занар оллоо гэсэн. Тэр юу болж байна?

Одоо занарын хувьсгал болж байна. Нефтиэр, байгалийн хийгээр эрчим хүч хангагддаг байсан бол өдгөө занарыг асар хямд өртгөөр хувиргадаг боллоо. Тийм учраас 2014 оноос дэлхийн хамгийн том нефть, хий үйлдвэрлэгч нь АНУ болчихлоо. Сая Саудын Арабыг гүйцчихлээ. Цаашид улам их үйлдвэрлэнэ. Ийм учраас шатахууны үнэ огцом унаж байна. Бид нар нефть, хийн хувьд гачигдалтай орон. Бүгдийг нь 100 хувь импортлодог. Занарын технологийн лицэнзийг ээмшидэг АНУ-ын компани ирээд Эрдэнэсантад орд олжээ. Хааш хаашаа нэг км занарын ордыг ашиглан боловсруулахад Монгол улсын долоон жилийн хэрэгцээг хангана гэж тооцоолж. Гэтэл нутгийн иргэд нь дээр нь гараад хэвтчихсэн. Сая дээж авч байхад хоёр тугал үхсэн гээд л. Өөрснөө зориуд алчихсан ч юм билүү, бүү мэд. Ингэхээр нь нөгөө Монголын хамтрагч тал нь гуйгаад явж байгаа юм. Нутгийн командлагч нь тэгж байна гэнээ, “2016 онд би аймгийн дарга болох санаатай байгаа. Тэгээд би өөрөө гарч ирээд хийнээ. Одоо муу сайнуудаар хийлгэхгүй ээ” гэж.

Ер нь Монгол улсын газрын баялагийг ашиглах үгүй гэдгийг орон нутаг нь мэддэг юм уу? Нэгдсэн төр засагтай орон юм уу, холбооны улс шиг болоод байна уу? Анзаарагдаж байна уу?

Энэ гажиг Нигерид их тод ажиглагддаг. Нигери нь дэлхийн хамгийн том нефт үйлдвэрлэгч орны нэг, титан, боксит, төмөр үйлдвэрлэлээр дээгүүр орно. Хүн ам ч гэсэн 100 сая байх шүү. Луйварчид, рэкэтчидээ дураар нь тавиад, яг төв захиргаа нь төвлөрч мэдэхээ больсон. Жалга болгонд атаманууд, луйварчин дээрэмчид гарч ирээд байгаль орчин, Нигерийн ард түмэн, үндэсний аюулгүй байдал, Америкийн империализм зэрэг зүйлс ярьж явдаг болсон. Иймээс бүхнийг ард түмэн өөрөө мэднэ гэх болжээ. Тэгэнгүүтээ тэд жалганыхаа хүмүүсийг айлгадаг юм уу, худалдаад авчихдаг юм уу, “бид энэ жалгынхаа баялагийг ашиглахгүй байхаар шийдсэн” гээд суучихдаг. Дараа нь төв засгаас хууль ёсоор лиценз зөвшөөрлийг нь авсан нөгөө компани дээрээ очоод “төдийг өгөх юм бол бид нар зөвшөөрчих гээд байна” гэж дарамтлана. Бүүр ийм байдал ил цагаан тогтчихсон. Төр захиргаа нь тэднийгээ захирч чадахаа болиод алдчихсан. Алдчихсаны гор одоо гарч ирж байна. Боко Харм гэж мэднэ биздээ? Хойд Нигерид байдаг?

Мэдэлгүй яахав. Хүмүүс барьцаалаад л...

Одоо тэд хулгайлаад л, баривчлаад л, алж хядаад л, бүр дийлдэхээ больсон. Дийлдэхгүй аймаар мангас болж байна. Та нар яахыгаа өөрсдөө мэд гэж олон жил гааруулсны хариу байхгүй юу. Манайд ч тийм хандлага илэрсээн. Өмнөговь манайдаа хамгийн их баялагтай аймаг. Тэндээ иргэдийн төлөөллийн хурал хуралдаад Өмнөговь аймгийн нутгаас дусал ус ч уул уурхайд хэрэглэж болохгүй гэсэн тогтоол гаргасан шүү дээ. Тэндэхийн том үйлдвэрүүд усгүйгээр яах юм бэ? Гэтэл яриад байгаа нь 2-3 км-ын гүнд дахь далайн шорвог ус. Өнгөн хэсгийн ус л дээд талынхаа газрыг тэтгэдэг юм шүү дээ. Түүнээс км-ын гүнээс усаа авдаг ургамал гэж хаана ч байхгүй. Усны ийм нөөц олно гэдэг чинь их олз. Тэр нь зөвхөн үйлдвэрийн зориулалтаар хэрэглэж болохоор далайн шорвог ус. Тэр усыг хүнс болон ахуйн бусад хэрэгцээнд хэрэглэх ямар ч боломжгүй. Тэрийг хэрэглэхийг хориглож дээ. Өмнөговь аймгийн дарга өөрөө хэлсэн “Өмнөговь аймгийн нутгаас олдож байгаа баялаг бол өмнөговьчуудын хөрөнгө, өмнөговьчууддаа хамаарна” гэж. Энэ нь сонин дээр гарсан шүү. Одоо ингээд манайд бокохарм үүсэх үүд хаалга нээгдэж байна. Манай төр бол маш сул дорой. Чи энийг хийх ёстой, энийг зохицуулах ёстой гэж ард түмэн сонгуулаар эрхийг нь, мандатыг нь өгсөн. Тэгэнгүүт гурван өвчтэй нөхөр жагсаад л, өлсөглөн зарлаад л хийх гэснийг нь дураараа болиулчиж байгаа юм. Төрийн үүрэг бол гаргасан хуулиа хэрэгжүүлэх. Энэ үүргийн нэг нь Монгол улсын үндсэн хуулинд бичигдсэнчлэн бүх төрлийн өмч, үүний дотор олон нийтийн өмч, төрийн өмч, хувийн өмч, бүгд ижил тэгш эрхтэй бөгөөд бүгдийг нь төр хамгаалах ёстой. Гэтэл төрөөс өмчийг хамгаалдаг уу, манайд? Ийм учраас л дээрэмчид буу шийдэм бариад, энэ тэндхийн компаниудыг айлган сүрдүүлээд явдаг. Төр хүний өмч хамгаалах ёстой шүү дээ. Тэрний тулд бид татвар өгч байгаа.

За тэгвэл Ноён уул дээр ярья. Энэ дээр зөндөө олон зардал гарч байгаа. Энэ хаанаас гараад байна?

Энэ “бослогыг” цаанаас нь санхүүжүүлж байгаа гэсэн. Гачууртад алтны ордтой компани нь өөр газар нэг алтны ордтой байгаа. Дорнод аймагт. Тэрийг булааж авах гэж байгаа их хурлын гишүүн нэг нөхөр байна. Тэрийг булааж авахын тулд энүүгээр нь барьцаалах гэж байгаа хэрэг. Ховд аймгийн харъяат хадам нь Зүүнхараад Ноён уул нэртэй компанитай, тэндээсээ дамжуулаад санхүүжилт хийдэг. Нөгөө талаасаа нинжа нар мөнөөх орд эзэнгүй болонгуут нь дайрах гээд байгаа юм. 70 тонн алттай гээд сонсчихсон. Тэрнийг юу ч үгүй сэндийчээд л хаяна.  Эзэн олдохгүй. Эцэст нь нутгийхан л хохирно. Ямар нэгэн компани гэрээ хийгээд төр засгаас үүрэг аваад хийвэл эзэнтэй дээ, уг нь. Чиний нөгөө тэгж амалсан чинь яасан гээд заргалдахад.

Оюу толгойн урд хэсгээр төмөр зам тавих асуудлаар бас нэг иймэрхүү эрх бүхий мэдэлтэй хүмүүс гараад л эх зөвшөөрлийг нь авлаа гээд яриад байсан та тэр тухай сонссон уу?

Бид ер нь нийтээрээ юм дээрэмддэг өвөг дээдсийнхээ уламжлалыг сэргээх гээд байх шиг. Нэг нь зөшөөрөлтэйгээр байшин барингуут нөгөө хэсэг нь мөнгө нэхээд хэвтчихдэг. Тайлбарлахдаа нар, сар хааж байна гээд л. Тэр нь шал худлаа. Энэ хотод ямар нэгэн хэмжээгээр байшин барих хэрэгтэй биз дээ. Бид нар талд амьдарч байгаа биш шүү дээ.

Гэхдээ саяны та бид хоёрын ярьсан тоо баримтыг, та ингэж ярьж байгаа юм чинь тодорхой нэр зүстэй нь төр засаг мэдэж байгаа шүү дээ. Яагаад холбогдох арга хэмжээг авахгүй, саяны санхүүжүүлж байгаа хүн шиг улс орноо тоглуулаад байгаа юм?

Бид нийтээрээ хялбар аргаар амьдрах дуртай. Насанд хүрсэн 200 000 хүн ажил хийх сонирхолгой байна гэж би түрүүн хэлсэн. Одоо 300 000 ажлын байр байна гэтэл ажиллах хүн олдохгүй байна. Яг үнэндээ. Яг энэ улсад ажил хийгээд амьдрья гээд зүтгэвэл яахаа алдсан газар биш. Гэтэл хамгийн хялбар арга буюу дээрэм, луйвар, залилан гэх юм руу хүний өөрийн гэхгүй автагдаад байна. Жишээлэхэд нэг айл Зайсанд харуул хийгээд байх. Гэнэт нэг компани зөвшөөрөлтэй ч юм уу, зөвшөөрөлгүй ч юм уу барилга барих гээд газар ухаад эхэллээ. Тэгэнгүүт өнөө харуул утасдаад бүлгийнхнээ дуудна. Долоон буудал, Баянхошуунаас бүлэг болсон улс нэг нэг унь чирээд ирж байгаа юм. “Би энд өсч төрсөөн, мөнгөө өгөө” гээд л хэвтчихэнэ шүү дээ. Ойролцоогоор 60 сая төгрөг авдаг гэсэн, нэг байшингаас. Цаадуул нь барилга барих хугацаандаа хавчигдаад. Энэ мэтчилэн шат шатандаа таарсан дээрэм хийнэ дээ.

Тэрийг зохицуулах хууль дүрэм, цэрэг цагдаа байдаг биздээ?

Нүсэр ажил орох байх даа.

Гэхдээ хийх ёстой биз дээ?

Тэгээд чи хэнд хариуцлага үүрүүлэх гээд байгаа юм? Надад уу?

Өнөөдөр байгаа төр засгаас энэ асуудлыг бид нар яаж шаардах вэ?.

“Сонгуульд тэрийг битгий сонгоорой, наадах чинь тэгэж тэгэж ухуулдаг нөхөр шүү, төчнөөн хуулиар баялаг бүтээгдийг хорлосон шүү”. Ингээд нийлээд яагаад жагсаж болдоггүй юм? Дараа үеэ зөв бэлдэж яагаад болдоггүй юм? Дээр байдаг дарганцар болгон машиндаа гэрэлт дохиотой болчихож, хуулиар төрийн гурван өндөрлөг болоод цагдаад л тийм эрх бий. Энэ замын цагдаа нь яагаад хураагаад авдаггүй юм? Ачих ёстой биш үү? Дарга нь ямар хамаатай юм.

Хаан Рисурс компаниас болоод 100 сая доллар төлөх болсон. Тэрний лиценз нь юу болов?

Хаан Рисорсыг хөөсөн захиалга нь гаднаас шүү. Оросын ерөнхий сайд асан Криенко гурван удаа, Путин зөвхөн энэ асуудлаар хоёр дахин ирсэн. “Мардайг хамтарч ашигланаа. Одоо ашиглаж байгаа хүмүүсийг хөөгөөд гарга” гэж шахсан. Тухайн үеийн ерөнхий сайд асан хүн асуусан байдаг, “олон улсын арбетрийн шүүх дээр очоод торгуулна шүү дээ” гэж. Гэтэл “өө айлтгүй бид торгуулийг нь төлнө” гэж хэлсэн. Дараа нь сайн хуульч олж өгнө гэсэн. Тэгээд манайхан цуцлаад хаясан. Цуцалсан эзнийг нь гадагш элчингээр явуулсан. Бултуулж байгаа ухаантай. Харин олон жил их хөрөнгө оруулалт хийгээд хөөгдсөн компани шүүхэд хандлаа. Манайхан сүх далайтал үхэр амар гэгчээр тайван яваад л байсан. Хэд хэдэн шатны шүүх хурал дамжаад, 350 сая долларын нэхэмжлэлийг нь Парисийн шүүх 100 сая болгосон юм. Харж үзсэн нь энэ. Бид монгол зангаараа төлөхгүй яваад байж болно, өгөхгүй гүрийнэ гэж бодоод байх шиг. Тийм юм байдаггүй юм. Олон улсын арбитрын шүүхийн шийдвэр л гарсан бол манай нөөцөөс юм уу, олон улсын худалдаанаас тэрийг чинь суутгаад авчихдаг юм. Энэ бүхэн бол тэгэхээр 3 - 4  засгийн газар дамжсан хариуцлаггүй явдал. За тэгээд үүний үргэлжлэл цаашаа явж байна. Францын Ариаваг хөөх ажиллагаа улам ширүүссээр. 15-20 оод жил хайгуул хийж асар их хөрөнгө үрсэн компани шүү дээ. Хайгуулаас нь болж үхэр мал үхсэн л гэнэ, тийм хортой юм бол хүн нь яагаад ч үхдэггүй юм, бүү мэд. Энэ болгоны угшил шалтгаан гаднаас бий. Биднийг гаднаасаа хаалттай вакуум орчинд байлгах геополитик сонирхол байна. Манай нэг дурак тэгж авдгийн, энэ асуудлаар ярьчих гэхээр улсынхаа геополитик нууцыг задалчих гээд байна гэж. Жижиг улсын геополитик гэж байдаггүй юм. Геополитик бодлогоор дэлхийг болон бүс нутгийг залж явах их гүрний геополитик гэж бий. Америкийн ч гэдэг юм уу. Дайнаас өмнө Японы геполитик гэж байсан, одоо тийм юм байхгүй. НАТО-ийн геополитик гэж байна уу гэхээс Белгийн геополитик гэж байдаггүй. Энэ ухагдахуун өөрөө цаанаа тодорхой утгатай. Тэгэхээр манай орчин дахь бидэн рүү чиглэсэн том геополитик өнөөдөр Монгол улсыг залж явах өөрийн сонирхолоо гаргасаар байна. Хамгийн аймаар нь биднийг вакум орчинд оруулж, гадны хөрөнгө оруулалтаас тасалж хэн ч тоохгүй хаалттай бүс болгох сонирхол байна. “Аргументы и факты” сонинг өөрөө мэднэ дээ?

Мэдэлгүй яахав.

“Огонёк” сэтгүүлийг бас мэдэж таараа. Эртнээс Оросын хамгийн том хэвлэлүүд. “Монголд АНУ болон Японы, өөрөөр хэлбэл гуравдахь орны хөрөнгө оруулалтыг системтэйгээр шахан зайлуулах ажиллагаа амжилттай явагдаж байна” гэж тэнд саяхан бичсэн байна. Иймэрхүү ажиллагааг гадны нөлөө болон мөнгөөр бид өөрснөө гардаж байгаа шүү дээ. Сая Латвийн Ерөнхийлөгч Монголд айлчлах хүсэлт тавьжээ. Путины дургүйг хүргэж магадгүй гээд манай Гадаад яамнаас “чамайг хүлээж авахгүй ээ” гээд хариу явуулчихсан.

Пөөх, үнэн үү?

Үнээн. Би нөгөөдөхийг нь бас хэлье. Сая Азийн хөгжилийн банкнаас 20 сая долларын зээлийн төсөл орж ирлээ. Энэ бол уг нь улсын хэмжээгээр бодоход бага мөнгө л дөө. Гэтэл тааз тулна гээд их хурал хүлээж  авдаггүй. Тэгсэн мөртөө Засгийн газар тэрбум доллар зээлж нисэхийн зам тавихаар нэгэнт шийдэхээр энэ талаар ганц ч үг ганхийсэнгүй. 20 саяыг авахаар тааз тулдаг юм бол тэрбумыг авахаар өнөө тааз нь хэмх дэлбэрмээр л юм?

Авчихсан уу?

Авахаар тогтоол нь гарсан.

Монгол улсын төрийн гурван удирдлага нэг орон руу явчихаар хойноос нь явчаад байх юм энэ ямар учиртай юм бэ? Гадаад харилцаан дээрээ жаахан кординаттай байж болдоггүй юм уу ?

Ер нь нүүдэлчид индвидуал, бодьгалч тоглолттой. Хамтарч юм хийж чаддаггүй, болдоггүй, зохицдоггүй, дургүй. Малчин гэж бодъё. Хөрш 20 км-ын цаана байна. Тиймээс миний үйл, ажил, бодлого хамтарсан бус хувийх байна. Аргалаа өөрөө түүнэ, эмээлээ өөрөө хийнэ, ямаагаа өөрөө самнана. Бүх юмыг өөрөө хийнэ. Хамтрах шаардлага байдаггүй. Энэ зан араншин, авир, тогтсон сэтгэлгээ биднээс мөд салахгүй. Тиймээс хугацаа хэрэгтэй. Дараа үеэ хамтын иргэншилд бэлдэх хэрэгтэй.